Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 133/ШШ2020/00587

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь cум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн гудамж, Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Б.А-т холбогдох,

түрээсийн төлбөр, алданги, бараа материал худалдан авсан төлбөрийн үлдэгдэл, ашиглалтын зардалд нийт 16.598.418.93 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Д.Д /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, А-97 дугаар тушаалаар тус банкинд Банкны эрх хүлээн авагч томилон, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-111 дүгээр тушаалаар эрх хүлээн авах арга хэмжээг сунгаж, банкны удирдлага, хяналт Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагч нь иргэд, хуулийн этгээд болон төрд учирсан хохирлыг барагдуулахаар ажиллаж байна.

Капитал банк ХХК нь өөрийн өмчлөлийн Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын, Харзат баг, Батсуурийн гудамжинд байрлах 420 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөөс 155 м.кв талбай бүхий хэсгийг иргэн Б.Арсланбаатарт сургалт, хууль зүйн зөвлөгөө өгөх зориулалтаар сарын түрээсийн төлбөр 1.650.750 төгрөг байхаар харилцан тохиролцож, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр БЭХА-309 дугаартай Ажлын байр түрээслэх гэрээ-г байгуулсан.

Б.А нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш түрээсийн төлбөрийг огт төлөлгүй өнөөдрийг хүрсэн ба түрээсийн төлбөр 10.784.900 төгрөг болж хуримтлагдсан түрээсинй төлбөрийн алданги 5.034.788 төгрөг болсон мөн үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа Капитал банк ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хэрэглэж байсан тавилга эд хогшилоос 1.637.664 төгрөгийн бараа материал худалдан авсан боловч бараа материалын үнэнд 1.200.000 төгрөгийг төлж үлдэгдэл 437.664 төгрөгийг төлөөгүй, мөн үйл ажиллагаа явуулж байх хугацааны ашиглалтын зардал болох цахилгааны төлбөр 107.410,93 төгрөг, усны төлбөр 184.134 төгрөгийг холбогдох байгууллагуудад төлөөгүй байна.

Иргэн Б.А нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дээр дурдсан Ажлын байр түрээслэх гэрээ-г цуцлах хүсэлт ирүүлсэн. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Иймд иргэн Б.Арсланбаатараас түрээсийн төлбөр, алданги, бараа материалын үнэ ашиглалтын зардал болох нийт 16.598.424,93 төгрөгийг гаргуулж, Капитал банк ХХК-д олгож өгнө үү гэжээ /хх-1-2/.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн нийт шаардлага 16.598.418 төгрөг байгаа. Хариуцагчийн хариу тайлбарт түрээсийн гэрээ гэж мэдээгүй байсан гэж тайлбарласан байгаа. Энэ үндэслэл нь Иргэний хуулийн 56, 57, 58 дугаар зүйлд заасан үндэслэлээр яригдах ёстой. Гэвч дээрх үндэслэлийг нотлохыг оролдсон баримт байхгүй. Мөн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/309 дугаартай ажлын байр түрээслэх гэрээ нь иргэн Б.А тай байгуулсан нотариатаар батлуулсан гэрээ учраас хариуцагчийн тайлбар огт үндэслэлгүй байна. Арсланбаатарт түрээслэсэн 155 м.кв талбайтай өөрөө тусдаа тоолууртай учраас энэ өрөөний усны тоолуурын заалтыг авъя гээд авсан нэхэмжлэхийн дүнгээр нэхэмжилж байгаа. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд нийт 240.569.60 төгрөгийг төлбөр гарснаас 03 дугаар сарын 18-нд 133.156 төгрөгийг хийгээд 107.410,93 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Капитал банкны нийт 420 м.кв талбайгаас ганцхан Б.А 155 м.кв талбайг түрээсэлж байгаа. Тухайн талбайдаа Б.А ганцаараа байгаад тухайн зардлыг Арсланбаатар ганцаараа төлдөг учир Б.А ын хэрэглэсэн зардал гэж ус, цахилгааны төлбөрийг нэхэмжилж байгаа.

Б.А нь ямар гэрээнд гарын үсэг зурснаа мэдээгүй гэж тайлбарласан байх боловч түүний 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Капитал банкны эрх хүлээн авагчид гаргасан гар бичмэлээр бичсэн хүсэлтийг үзэхэд тухайн хүн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээг дуусгавар болгох хүсэл зорилго агуулсан хүсэлтийг манайд ирүүлсэн байдаг. Үүнээс Б.А нь түрээсийн гэрээ гэж мэдээгүй бус түрээсийн гэрээ байгуулж тухайн Капитал банкны өмчлөлийн байранд үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдож байна гэж үзэж байна.

Гэрээний хугацааг анх 5 сарын хугацаатай байгуулж, гэрээний 3.2-т тухайн гэрээний хугацааг сунгах эсэх асуудлыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Гэрээний хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах тухай санал гаргаагүй бол гэрээг анх байгуулсан нөхцөл хугацаагаар сунгагдсанд тооцно гэсний дагуу 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс дахин 5 сараар сунгагдсан гэж үзнэ. Ингэж сунгагдсан байхдаа 06 дугаар сарын 16-ны өдөр Б.А банкны эрх хүлээн авагчид 06 дугаар сарын 16-ны өдрөөр гэрээг дуусгавар болгоё гэсэн хүсэлт гаргасан. Иргэн Б.А нь барьцаа төлбөр байршуулаагүй гэв.

Хариуцагч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие гэрээнд гарын үсэг зурахдаа түрээсийн гэрээ гэж мэдээгүй мөн миний бие тухай үед нэр дээрээ шийдвэр гаргах нам төлөөлөн гэрээ байгуулах эрх байхгүй байсан бөгөөд харин тухайн үед дарга хийж байсан Д.З нь та энд хаягтай юм чинь гарын үсэг зурчих гэхээр нь зурсан хариуцагч нь тухай үед дарга хийж байсан Д.З тул Д.Зүмбэрэлтэй гэрээ хийх ёстой би хариуцагч биш юм. Иймд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ /хх-32/.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Б.А-т холбогдуулан 2019-12-02-ны өдөр байгуулсан түрээсийн төлбөрт 10.784.900 төгрөг, төлбөрийг хугацаандаа төлөөгүй алдангид 5.084.304 төгрөг, худалдан авсан бараа материалын үлдэгдэл төлбөрт 437.670 төгрөг, түрээсийн талбайд ногдох усны төлбөрт 107.410,93 төгрөг, цахилгааны төлбөрт 184.134 төгрөг, нийт 16.598.418,93 төгрөгийг гаргуулахаар шаарджээ /хх-1-3/.

Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаар М.А-г Монгол банкны ерөнхийлөгчийн 2019-04-08-ны өдрийн А-97 тоот тушаалаар нэг жилийн хугацаатай томилсон /хх-8/ байх боловч 2020-04-03-ны өдрийн А-111 тоот тушаалаар дээрх хугацааг 6 /зургаан/ сарын хугацаагаар сунгасан байна /хх-9/.

Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-06-30-ны өдрийн 2218 дугаар, 2020-08-19-ний өдрийн 2598 дугаар итгэмжлэлээр Н.Г-Э, М.М-Э, Д.Д нарт олгосон байна /хх-4, 49/.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Капитал банк ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Говь-Алтай аймаг, есөнбулаг сум, Харзат баг, Батсуурийн гудамжинд байрлах 420 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөөс 155 м.кв талбай бүхий хэсгийг иргэн Б.Арсланбаатарт түрээслэн гэрээ байгуулсан боловч түрээсийн төлбөрөө төлөөгүй, 2020-06-16-нд гэрээ цуцлах тухай хүсэлт гаргасан тул 6 сарын түрээсийн төлбөр, сар бүр төлөх түрээсийн төлбөр төлөөгүй тул алданги нэхэмжилж, түрээсийн төлбөрт халуун цэвэр бохир ус болон цахилгааны төлбөр багтаагүй тул ашигласан хугацаанд төлөгдөөгүй, манай байгууллагын нэрээр гарсан нэхэмжлэхийг үндэслэн ус, цахилгааны төлбөрийг шаардаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон тайлбарласан.

Харин хариуцагч гарын үсэг зурсан гэрээг түрээсийн гэрээ гэж мэдээгүй, би нам төлөөлөн гэрээ байгуулах эрхгүй байхгүй, хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр БЭХА-309 дугаартай ажлын байр түрээслэх гэрээг Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч, иргэн Б.А нарын хооронд байгуулагдсан /хх-11-13/ байх бөгөөд гэрээний 3.1-д 2019-12-01-ний өдрөөс 2020-04-30-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаатай байхаар, 3.2-т гэрээний хугацааг сунгах эсэхийг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Хэрэв гэрээний хугацаанд талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах тухай санал гаргаагүй бол гэрээг анх байгуулсан нөхцөл хугацаагаар сунгагдсанд тооцохоор, гэрээний 4.1-т түрээсийн төлбөр 1 сарын 1.650.750 төгрөг байх, уг төлбөрт халаалтын зардал багтсан, 4.2-т түрээсийн төлбөрийг сар бүрийн 20-ны өдөр банкны дансанд төлөхөөр тохирсон байна /хх-11-12/.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 318.3-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж, хуулийн 318.4-т энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр эсэхийг дүгнэхийн тулд гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь эрхийн бүртгэлд хэрхэн бүртгэгдсэн, тухайн эд хөрөнгийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь түрээслэсэн аль нь болохыг тодруулах шаардлагатай бөгөөд нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан улсын бүртгэлийн Ү-0518002570 дугаарт бүртгэгдсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, Батсуурийн гудамж орон сууц, үйлчилгээний зориулалттай 420 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Капитал банк ХХК гэж бүртгэгдсэн /хх-14/ байх бөгөөд хариуцагчид түрээслэсэн 155 м.кв талбай нь дээрх үл хөдлөх хөрөнгийн нэг хэсэг гэж нэхэмжлэгч тал тайлбарласан.

Түрээсийн гэрээний зүйл нь бие даасан бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө бус, харин түүний нэг хэсэг болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 000241673 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна /хх-14/.

Тодруулбал, талуудын түрээслэхээр тохиролцсон 155 м.кв талбай бүхий объект нь Капитал банк ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй 420 м.кв талбай бүхий барилгад хамаарч байх тул үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдэх, ийнхүү бүртгүүлээгүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т заасан зохицуулалт талуудын хооронд үүссэн дээрх харилцаанд хамаарахгүй тул дээрх гэрээг талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний агуулгыг тодорхойлон байгуулсан хүчин төгөлдөр түрээсийн гэрээ гэж үзнэ.

Нэгэнт зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дүгээр зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн тул хэн аль нь нөгөө талаасаа гэрээний үүргийг шаардах, гэрээнээс татгалзах эрхтэй ба хариуцагч 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрээг цуцлах санал нэхэмжлэгчид хүргүүлснээр тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан гэж үзэхээр байна.

Учир нь нэхэмжлэгч 2020-07-03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлд хариуцагчийн гараар бичсэн түрээсийн гэрээг цуцлах агуулга бүхий хүсэлтийг нотлох баримтаар гаргасан /хх-17/ бөгөөд тухайн баримтыг үгүйсгэж, няцаасан тайлбар, баримтыг хариуцагч шүүхэд нотлох баримтаар гаргаагүй.

Түрээсийн объектыг 2020 оны 8 дугаар сарын орчим Говь-Алтай аймаг дахь Монгол банкны төлөөлөгч хүлээн авсан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлаж, түрээсийн төлбөр, худалдан авсан хөрөнгийн үлдэгдэл төлбөр төлүүлэх тухай нэхэмжлэгчийн 2020-05-18-ны өдрийн мэдэгдлийг хариуцагч 2020-05-20-нд хүлээн авсан байна /хх-15/.

Үүнээс үзвэл хариуцагчийн хүсэлтээр түрээсийн гэрээ цуцлагдсан байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн зүйлийг ашигласан хугацааны хөлсийг хариуцагч Б.Арсланбаатар нь төлөх үүрэгтэй.

Хариуцагч тал түрээсийн зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь түрээсийн гэрээг цуцлах тухай хариуцагчийн санал ирүүлсэн 2020-06-16- ны өдрөөр гэрээг цуцалсанд тооцон, 6 сар 16 хоногийн түрээсийн хөлс нэхэмжилсэн нь хуулийн үндэслэлтэй тул хариуцагч Б.Ас түрээсийн төлбөрт 10.784.900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Гэрээний хугацааг хуулиар бус талууд өөрсдөө тохиролцож, тогтоодог бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул гэрээний 7.2-т түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хожимдуулсан, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги төлөхөөр, гэрээний 4.3-т түрээсийн төлбөрт халуун, цэвэр, бохир ус болон ариутгал, хог, утсан холбоо, тог цахилгаан зэрэг ашиглалтын бусад төлбөрүүд багтахгүй бөгөөд түрээслэгч тал хариуцна гэж талууд тохирсон.

Ундарга алтай ОНӨААТҮГ-ын төлбөрийн нэхэмжлэх нь Капитал банкны нэрээр /хх-18/, АУЭХС ТӨХК Говь-Алтай салбарын хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан Капитал банк нэрээр байх бөгөөд 2020-01-20-ны өдрөөс 2020-05-20-ны өдрийг хүртэлх хугацааны эцсийн үлдэгдэл 107.410,93 төгрөг байх тул /хх-19/ алдангийн 5.084.304 төгрөг, усны 107.410,93 төгрөг, цахилгааны 184.134 төгрөгийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн Говь-Алтай аймгийн салбарт ашиглагдаж байсан хөрөнгүүдийг иргэн Б.Ат худалдан борлуулахаар хүлээлцсэн акт нь 2019-11-27-ны өдрийн огноотой байх бөгөөд худалдан авагч Б.А гэж гарын үсэг зурсан /хх-20/, 1.200.000 төгрөг хөрөнгө үнэ Говь-Алтайгаас гэж шилжүүлсэн дотоодын дансны хуулга гэх баримтыг нэхэмжлэгч тал нэхэмжлэлд хавсаргаж шүүхэд нотлох баримтаар гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбар, баримтыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох, нотолсон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй оролцдог тул хариуцагч энэ нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлэх үүрэгтэй ба хариуцагч нь 2020-07-30-ны өдөр шүүхэд тайлбараа бичгээр гаргасан, түүнд 2020-07-16-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх эрх, үүргийг тайлбарлан, уг ажиллагааны баримтыг хэрэгт хавсаргасан /хх-26-29/ байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн 133/ШЗ2020/01957 дугаартай захирамж 2020-08-14-ний өдөр гарч /хх-44/, хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлож, шүүх хуралдааны товыг хариуцагчид утсаар мэдэгдэхэд за ойлголоо гэх хариуг өгсөн байна /хх-47/.

Дээрх хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хянан шийдвэрлэх гэж байгаа талаар зарлан мэдэгдэж, шүүх хуралдааны ирцийг шалгахад хариуцагчаас шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн талаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас танилцуулсан бөгөөд хэргийн бусад оролцогч нараас ирцтэй холбоотой санал, хүсэлт байгаа эсэхийг тодруулахад нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаантай байдал нотлогдохгүй, энэ талаар баримт хавсаргаагүй гэх үндэслэлээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно гэж заасан тул ирцтэй холбоотой саналд нэхэмжлэгч тал хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргаснаар шүүх хуралдаанд үргэлжилсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх тул эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох хураамж 240.942 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан хариуцагч Б.А с түрээсийн төлбөрт 10.784.900 төгрөг, алдангид 5.084.310 төгрөг, худалдан авсан барааны үлдэгдэл төлбөрт 437.664 төгрөг, усны төлбөрт 184.134 төгрөг, цахилгааны төлбөрт 107.410,93 төгрөг, нийт 16.598.418,93 /арван зургаан сая таван зуун ерэн найман мянга дөрвөн зуун арван найман төгрөг 93 мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ас нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 240.942 /хоёр зуун дөчин мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ