Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 215/МА2020/00034

 

 

 

 

 

 

 

“К банк” ХХК дахь банкны эрх хүлээн

авагчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Т.Ж, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 587 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн гудамж, К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч- Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, 2-р баг, Баяншанд 5-р гудамж 16 тоотод оршин суух, Ө овогтой Б.А-т холбогдох,

түрээсийн төлбөр, алданги, бараа материал худалдан авсан төлбөрийн үлдэгдэл, ашиглалтын зардалд нийт 16.598.418.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, Д.Д /онлайн/, хариуцагч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.О /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

 

Нэхэмжлэгч “К банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар К банкыг албадан татан буулгахаар шийдвэрлэж, А-97 дугаар тушаалаар тус банкинд Банкны эрх хүлээн авагч томилон, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-111 дүгээр тушаалаар эрх хүлээн авах арга хэмжээг сунгаж, банкны удирдлага, хяналт Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагч нь иргэд, хуулийн этгээд болон төрд учирсан хохирлыг барагдуулахаар ажиллаж байна.

“К банк” ХХК нь өөрийн өмчлөлийн Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын, Харзат баг, Батсуурийн гудамжинд байрлах 420 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөөс 155 м.кв талбай бүхий хэсгийг иргэн Б.А-т сургалт, хууль зүйн зөвлөгөө өгөх зориулалтаар сарын түрээсийн төлбөр 1.650.750 төгрөг байхаар харилцан тохиролцож, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр БЭХА-309 дугаар “Ажлын байр түрээслэх гэрээ”-г байгуулсан.

Б.А нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш түрээсийн төлбөрийг огт төлөлгүй өнөөдрийг хүрсэн ба түрээсийн төлбөр 10.784.900 төгрөг болж хуримтлагдсан түрээсийн төлбөрийн алданги 5.034.788 төгрөг болсон мөн үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа К банк ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хэрэглэж байсан тавилга эд хогшилоос 1.637.664 төгрөгийн бараа материал худалдан авсан боловч бараа материалын үнэнд 1.200.000 төгрөгийг төлж үлдэгдэл 437.664 төгрөгийг төлөөгүй, мөн үйл ажиллагаа явуулж байх хугацааны ашиглалтын зардал болох цахилгааны төлбөр 107.410,93 төгрөг, усны төлбөр 184.134 төгрөгийг холбогдох байгууллагуудад төлөөгүй байна. Иргэн Б.А нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дээр дурдсан Ажлын байр түрээслэх гэрээ-г цуцлах хүсэлт ирүүлсэн. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Иймд иргэн Б.А-аас түрээсийн төлбөр, алданги, бараа материалын үнэ ашиглалтын зардал болох нийт 16.598.424,93 төгрөгийг гаргуулж, “К банк” ХХК-д олгож өгнө үү гэжээ /хх-1-2/.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн нийт шаардлага 16.598.418 төгрөг байгаа. Хариуцагчийн хариу тайлбарт түрээсийн гэрээ гэж мэдээгүй байсан гэж тайлбарласан байгаа. Энэ үндэслэл нь Иргэний хуулийн 56, 57, 58 дугаар зүйлд заасан үндэслэлээр яригдах ёстой. Гэвч дээрх үндэслэлийг нотлохыг оролдсон баримт байхгүй. Мөн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/309 дугаартай ажлын байр түрээслэх гэрээ нь иргэн Б.А-тай байгуулсан нотариатаар батлуулсан гэрээ учраас хариуцагчийн тайлбар огт үндэслэлгүй байна. Б.А-т түрээслэсэн 155 м.кв талбайтай өөрөө тусдаа тоолууртай учраас энэ өрөөний усны тоолуурын заалтыг авъя гээд авсан нэхэмжлэхийн дүнгээр нэхэмжилж байгаа. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд нийт 240.569.60 төгрөгийг төлбөр гарснаас 03 дугаар сарын 18-нд 133.156 төгрөгийг хийгээд 107.410,93 төгрөгийн үлдэгдэлтэй байна. К банкны нийт 420 м.кв талбайгаас ганцхан Б.А 155 м.кв талбайг түрээсэлж байгаа. Тухайн талбайдаа Б.А ганцаараа байгаад тухайн зардлыг Б.А ганцаараа төлдөг учир Б.А-ын хэрэглэсэн зардал гэж ус, цахилгааны төлбөрийг нэхэмжилж байгаа. Б.А нь ямар гэрээнд гарын үсэг зурснаа мэдээгүй гэж тайлбарласан байх боловч түүний 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр К банкны эрх хүлээн авагчид гаргасан гар бичмэлээр бичсэн хүсэлтийг үзэхэд тухайн хүн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээг дуусгавар болгох хүсэл зорилго агуулсан хүсэлтийг манайд ирүүлсэн байдаг. Үүнээс Б.А нь түрээсийн гэрээ гэж мэдээгүй бус түрээсийн гэрээ байгуулж тухайн К банкны өмчлөлийн байранд үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдож байна гэж үзэж байна. Гэрээний хугацааг анх 5 сарын хугацаатай байгуулж, гэрээний 3.2-т тухайн гэрээний хугацааг сунгах эсэх асуудлыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Гэрээний хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах тухай санал гаргаагүй бол гэрээг анх байгуулсан нөхцөл хугацаагаар сунгагдсанд тооцно гэсний дагуу 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс дахин 5 сараар сунгагдсан гэж үзнэ. Ингэж сунгагдсан байхдаа 06 дугаар сарын 16-ны өдөр Б.А банкны эрх хүлээн авагчид 06 дугаар сарын 16-ны өдрөөр гэрээг дуусгавар болгоё гэсэн хүсэлт гаргасан. Иргэн Б.А нь барьцаа төлбөр байршуулаагүй гэжээ.

Хариуцагч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие гэрээнд гарын үсэг зурахдаа түрээсийн гэрээ гэж мэдээгүй мөн миний бие тухай үед нэр дээрээ шийдвэр гаргах нам төлөөлөн гэрээ байгуулах эрх байхгүй байсан бөгөөд харин тухайн үед дарга хийж байсан Д овогтой З нь та энд хаягтай юм чинь гарын үсэг зурчих гэхээр нь зурсан хариуцагч нь тухай үед дарга хийж байсан Д.З тул Д.З-тэй гэрээ хийх ёстой би хариуцагч биш юм. Иймд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ /хх-32/.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан хариуцагч Ө овогтой Б.А /ДЮ73031976/-с түрээсийн төлбөрт 10.784.900 төгрөг, алдангид 5.084.310 төгрөг, худалдан авсан барааны үлдэгдэл төлбөрт 437.664 төгрөг, усны төлбөрт 184.134 төгрөг, цахилгааны төлбөрт 107.410,93 төгрөг, нийт 16.598.418,93 /арван зургаан сая таван зуун ерэн найман мянга дөрвөн зуун арван найман төгрөг 93 мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч Б.А-аас нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 240.942 /хоёр зуун дөчин мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж ... шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 133/ШШ2020/00587 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Тус шүүхэд “К банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Б.А надад холбогдуулан түрээсийн төлбөрт 10.784.900 төгрөг, алдангид 5.084.310 төгрөг, худалдан авсан барааны үлдэгдэл төлбөрт 437.664 төгрөг, усны төлбөрт 184.134 төгрөг, цахилгааны төлбөрт 107.410,93 төгрөг нийт 16.598.418,93 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөед анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар намайг оролцуулахгүйгээр миний эзгүйд хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, надаас 16.598.418,93 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн байна. Тус хэрэгт хариуцагчаар оролцож байгаа Б.А миний бие тус шүүх хуралдааны товыг мэдэгдэх үед Улаанбаатар хот руу зайлшгүй шаардлагатай байсан учир тус шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт өгсөн бөгөөд тус хүсэлтийг шүүгч нь хүлээн авахаас татгалзаж, хэргийг шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанаар намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн нь Б.А миний шүүх хуралдаанд биечлэн оролцох, тайлбар, нотлох баримт гаргах, мэтгэлцэх боломжоор хангаагүй байна. Мөн Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “...Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ...”, 318.4 дэх хэсэгт “...Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна...” гэж тус тус заасан. Гэвч К банктай 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан гэх БЭХА-309 дугаартай “Ажлын байр түрээслэх гэрээ”-г нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх бөгөөд энэ талаарх тайлбар, нотлох баримтыг гаргаж өгөх нөхцөл боломжоор хангалгүйгээр хэтэрхий нэг талыг баримталж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь миний шүүх хуралдаанд биечлэн оролцох, хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх, нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 133/ШШ2020/00587 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж миний эрхийг хангаж өгнө үү гэжээ.

 

“К банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч Т.Д давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.А-ын давж заалдах гомдолд “...шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт өгсөн бөгөөд тус хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзаж, хэргийг шийдвэрлэсэн байна.” гэжээ. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гэх ганц хуудас хүсэлт нь түүнийг Улаанбаатар хот руу зайлшгүй шалтгаанаар явах шаардлагатай болсон гэдгийг хангалттай нотлохооргүй байсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хариуцагчийн ямар нэг эрхийг хязгаарласан үйлдэл болоогүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасан үндэслэл нь түрээслүүлж буй хөрөнгийг бүхлээр нь түрээслэж байгаа тохиолдолд ашиглагдах тул үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэх шаардлагагүй болно. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 133/ШШ2020/00587 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч “К банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Б.А-т холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан түрээсийн төлбөрт 10.784.900 төгрөг, төлбөрийг хугацаандаа төлөөгүй алдангид 5.084.304 төгрөг, худалдан авсан бараа материалын үлдэгдэл төлбөрт 437.670 төгрөг, түрээсийн талбайд ногдох усны төлбөрт 107.410,93 төгрөг, цахилгааны төлбөрт 184.134 төгрөг, нийт 16.598.418,93 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Б.А нь би хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.  Хариуцагч Б.А миний бие шүүх хуралдааны товыг мэдэгдэх үед Улаанбаатар хот руу зайлшгүй шаардлагатай ажил гарч явах байсан учир тус шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт өгсөн бөгөөд тус хүсэлтийг шүүгч нь хүлээн авахаас татгалзаж, хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гарч, 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 10 цаг 30 минутад товлогдсон хурлын товыг хариуцагч Б.А-т /хх-47/ утсаар мэдэгдсэн байна.

 

Хариуцагч Б.А 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар явах ажилтай тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт шүүхэд гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой тайлбар, нотлох баримтыг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж болохоор заасан бөгөөд хариуцагч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-ийн “хариуцагч уг хүсэлтээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй учир” шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсныг буруутгах үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүх хариуцагчид хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн байна.

 

             Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд маргааныг үндэслэлтэй шийдвэрлэжээ.

           “К банк” ХХК нь Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, Батсуурийн гудамжинд байрлах 420 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөөс 155 м.кв талбай бүхий хэсгийг иргэн Б.А-т сургалт, хууль зүйн зөвлөгөө өгөх зориулалтаар ашиглуулахаар гэрээ байгуулсан, гэрээний зүйлээс ашиг олох зорилгогүй байжээ.

             Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.     

Иргэний хуулийн 288.1.2-т хууль буюу гэрээнд заасан бол хөлслөн авсан эд хөрөнгөтэй холбоотой зайлшгүй зардлыг хөлслөгчид нөхөн төлөх, мөн хуулийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Тиймээс зохигчдын хооронд түрээсийн гэрээ нэртэй боловч агуулгаараа үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ, зарим эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулагдсан байх тул шийдвэрт хууль хэрэглээний хувьд холбогдох өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 133/ШШ2020/00587 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1” гэснийг “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.1.2” гэж, 225 дугаар зүйлийн 225.1 гэсний дараа 243 дугаар зүйлийн 243.1 гэж нэмэлт оруулж шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.А-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240.942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.Э

                             ШҮҮГЧИД                                Т.Ж                                                                              

                                                                              Ш.Б