Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01050

 

 Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн

Нхажаад басэхэмжлэлтэй иргэний хэргийн тухайн

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 133/ШШ2020/00587 дугаар шийдвэр,

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 216/МА2020/00034 дүгээр магадлалтай,

 

Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

Б.Арсланбаатарт холбогдох

 

Түрээсийн төлбөр, алданги, бараа материал худалдан авсан төлбөрийн үлдэгдэл, ашиглалтын зардалд нийт 16,598,418.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Б.Арсланбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, С.Оюунбилэг, хариуцагч Б.Арсланбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Одбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Б.Арсланбаатарт холбогдуулан түрээсийн төлбөр, алданги, бараа материал худалдан авсан төлбөрийн үлдэгдэл, ашиглалтын зардалд нийт 16,598,418.93 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 133/ШШ2020/00587 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан хариуцагч Өөлд овогтой Банзай Арсланбаатар /ДЮ73031976/-с түрээсийн төлбөрт 10,784,900 төгрөг, алдангид 5,084,310 төгрөг, худалдан авсан барааны үлдэгдэл төлбөрт 437,664 төгрөг, усны төлбөрт 184,134 төгрөг, цахилгааны төлбөрт 107,410.93 төгрөг, нийт 16,598,418.93 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Арсланбаатараас нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 240,942 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

3. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 216/МА2020/00034 дүгээр магадлалаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 133/ШШ2020/00587 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 гэснийг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.1.2 гэж, 225 дугаар зүйлийн 225.1 гэсний дараа 243 дугаар зүйлийн 243.1 гэж нэмэлт оруулж, шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Арсланбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Б.Арсланбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Тус нэхэмжлэлийг анхан болон давж заалдах шатны шүүх нь гэрээний нөхцөлийг харилцан зөрүүтэй буруу тайлбарлаж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх нь хариуцагч миний шүүх хуралдаанд биечлэн оролцох, тайлбар, хүсэлт, нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх боломжоор хангаагүйн улмаас хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй, уг хэргийг хэтэрхий нэг талыг баримтлан шийдвэрлэсэн байна.

Хэргийн нөхцөл байдлыг тодруулахад ...2019 оны 11 дүгээр сарын сүүлээр 2020 оны Улсын Их Хурлын сонгууль болохтой холбогдуулан Улаанбаатар хотоос Үнэн ба Зөв намын Говь-Алтай аймаг дахь салбарын даргаар Д.Зүмбэрэл гэх залууг томилон ирүүлсэн бөгөөд Үнэн ба Зөв намын байрлах, сургалт, семинар явуулах байргүй байсан учир Д.Зүмбэрэл нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт байрлах Капитал банкны байрыг түрээслэхээр болж 2019.12.02-ны өдөр гэрээ байгуулахаар болсон талаар хэлж намайг хүрээд ир гэсэн. Гэтэл тухайн өдөр Говь-Алтай аймаг дахь Үнэн ба Зөв намын дарга Д.Зүмбэрэл нь би Улаанбаатар хотын хаягтай учир гэрээ байгуулах боломжгүй байна та аймагт хаягтай учир Капитал банкны байрыг бүхэлд нь түрээслэх гэрээнд гарын үсэг зурчих би байрны түрээс төлбөр бусад гарах мөнгө төлбөрийг нь намаас гаргуулчихна гэж хэлээд намайг байр түрээслэх гэрээнд гарын үсэг зуруулсан. Гэтэл Д.Зүмбэрэл нь Үнэн ба Зөв намын үйл ажиллагаанд ашиглана гэж иргэдээс мөнгө болон туулах чадвар сайтай автомашинуудыг худалдан авч, анхнаасаа тэдэнд ямар нэгэн мөнгө өгөх зорилгогүйгээр тэднийг залилсан байх бөгөөд намайг ч мөн адил Улаанбаатар хотын хаягтай учир болохгүй байна хэмээн хууран мэхэлж, миний итгэлийг эвдэж анхнаасаа түрээсийн төлбөр, бусад худалдан авсан зүйлийн төлбөрийг өгөх бодолгүйгээр залилсан... бодит нөхцөл байдал байдаг бөгөөд энэ асуудлаар Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт Залилан мэхлэх, завших гэмт хэргийн шинжтэй байна гэж шалгагдаж байсан. Гэтэл анхан шатны шүүх нь хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцуулж тайлбар мэдүүлэг авхуулах, дээрх нөхцөл байдлыг тодруулсан нотлох баримтыг бүрдүүлэх, гаргаж өгөх, гаргуулах нөхцөл боломжоор хангаагүйгээс болж уг хэрэгт үнэн зөв, бодитой дүгнэлт хийгдээгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт ...Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно... гэж заасан бөгөөд хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй атлаа дээрх заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж анхан болон давж заалдах шатны шүүх нь дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд учир дутагдалтай гэж үзэж байна.

Хэрэв хариуцагч нь анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож өөрийн тайлбараа хэлж, нотлох баримтуудаа гаргаж өгсөн тохиолдолд уг хэргийг үнэн зөв, бодитой шийдвэрлэгдэх боломжтой байсан. Гэвч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд уг нотлох баримтуудыг гаргаж өгөх, эрх бүхий байгууллагаас гаргуулах, гэрч оролцуулах боломж нөхцөл байхгүй учраас уг хэргийг үнэн зөв дүгнэсэн гэж үзэн эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсгээд байгаа.

Анхан шатны шүүх нь Капитал банк болон бидний хооронд байгуулагдсан гэрээг Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан Түрээсийн гэрээ гэж тодорхойлсон бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр байсан эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүх нь уг асуудлыг нягтлан шалгаж, магадлан тогтоох байтал хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох асуудлыг нягтлан шалгалгүйгээр гэрээний зүйлийг Иргэний хуулийн 283 дугаар зүйлд заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээ, мөн хуулийн 243 цугаар зүйлд заасан зарим эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын бусад зүйлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь бодит үнэнтэй нийцэхгүй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд мэтгэлцэх зарчмын талаар тодорхой дурдсан бөгөөд уг зүйлийн 6.1-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.З-т Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 6.4-т Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэж тус тус заасан байхад анхан шатны шүүх нь хариуцагч Б.Арсланбаатар миний 4 хоногийн хугацаанд хойшлуулж өгөх хүсэлтийг харгалзан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зарчмыг алдагдуулсан байна. Анхан шатны шүүхээр хэрэгжээгүй хэргийн оролцогчийн эрхийг давах болон хяналтын журмаар нөхөн хэрэгжүүлэх ямар нэгэн хуулийн боломж байхгүй учир юм.

Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, уг хэргийн анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

6. Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч хариуцагч Б.Арсланбаатарт холбогдуулан түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, худалдан авсан эд зүйлийн үлдэгдэл төлбөр нийт 16,598,424.93 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, би хариуцагч биш гэж маргажээ.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

 

8. Хариуцагч Б.Арсланбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

 

9. Зохигч 2019.12.02-ны өдөр Ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, хариуцагч нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Оргил багт байрлах 155 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Сургалт, хууль зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулах зориулалтаар 5 сарын хугацаатай түрээслэх, түрээсийн төлбөрт сарын 1,650,750 төгрөгийг төлөх, төлбөрийг хугацаандаа төлөхгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5%-ийн алданги төлөхөөр, түрээслүүлэгч нь гэрээний хугацаанд түрээслэгчийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломж нөхцөлөөр хангахаар харилцан тохиролцжээ.

 

Гэрээний дагуу түрээслэгч түрээсийн талбайг ашиглаж, үйл ажиллагаа явуулж байсан үйл баримттай маргаагүй, гагцхүү төлбөрийг Үнэн ба зөв нам буюу намын Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн дарга Д.Зүмбэрэл хариуцна гэж хариуцагч маргасан байна.

 

10. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, гэрээ хэрэгжиж, дуусгавар болсон, зохигчийн хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үйл баримтад нийцсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Гэрээний талууд бие биенийхээ өмнө үүргээ биелүүлэх үүрэгтэй ба Б.Арсланбаатар нь түрээслэгч тал учир үүргээ биелүүлэх ёстой болно.

 

11. Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, анзын гэрээг бичгээр хийнэ, хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6-д тус тус зохицуулсан.

 

Эд хөрөнгийг тодорхой хугацаагаар ашигласан эсэх үйл баримтад хариуцагч маргаагүй, түүнчлэн талууд гэрээний 4.3-т түрээсийн төлбөрт халуун, цэвэр, бохир ус болон ариутгал, хог, утсан холбоо, тог цахилгааны бусад төлбөрүүд багтахгүй, түрээслэгч тал хариуцахаар, 7.2-т түрээслэгч нь төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хожимдуулсан бол хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээгээр алданги төлнө гэж тус тус тохиролцжээ.

 

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон үндэслэлээр хоёр шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, хариуцагчаас эд хөрөнгө ашигласны төлбөр, хэрэглээний зардал, алдангийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

 

12. Энэ хугацаанд буюу 2019.11.27-ны өдөр түрээслүүлэгчийн салбарт ашиглагдаж байсан заалны болон хяналтын камер зэрэг нэр бүхий 15 ширхэг эд зүйлсийг 1,637,660 төгрөгөөр худалдан авахаар тохирч, эд зүйлийг хүлээн авсан боловч төлбөрт 1,200,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрөө төлөөгүй үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийг хариуцагч татгалзсан тайлбар, үндэслэлээ нотлоогүй тул үлдэх 437,660 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

13. Дээр дурдснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцох эрхтэй, 100 дугаар зүйлийн 100.3-т хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно, энэ тохиолдолд шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ, 105 дугаар зүйлийн 105.2-т ...шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно гэж тус тус зохицуулсан.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүх 2020.07.16-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийг гардуулан, эрх үүргийг нь тайлбарлан өгсөн, 2018.08.24-ний өдрийн шүүх хуралдааны товыг шүүх хуралдаанд бэлтгэх боломжит хугацааны буюу 10 хоногийн өмнө 2020.08.14-ний өдөр хариуцагчид мэдэгдсэн, хариуцагч нь шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй, хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй.

 

Иймд ...шүүх хуралдааныг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн... тухай хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2--т зааснаар хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Хариуцагч Б.Арсланбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...2020 оны сонгууль болохтой холбогдуулан Улаанбаатар хотоос Үнэн ба зөв намын Говь-Алтай аймаг дахь салбарын даргаар томилогдон ирсэн Д.Зүмбэрэл намын байрлах, сургалт, семинар явуулах байргүй байсан тул Есөнбулаг сумын Оргил багт байрлах Капитал банкны байрыг түрээсэлсэн, тус аймагт хаягтай учир намайг гэрээнд гарын үсэг зурчих, төлбөрийг намаас гаргуулна гэснээр би гарын үсэг зурсан, ...Намын даргаар томилогдож ирсэн Д.Зүмбэрэл бусдыг залилан мэхэлсэн байхад шүүх хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулж, дээрх нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримт гаргаж өгөх, гаргуулах нөхцөл боломжийг хангаагүйгээс үнэн зөв дүгнэлт хийгээгүй... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, үндэслэлээ нотлоогүй, нотлох баримт гаргах үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Б.Арсланбаатар Ажлын байр түрээслэх гэрээг нэхэмжлэгчтэй байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан, гэрээг цуцлах хүсэлтийг нэхэмжлэгчид гаргасан, улмаар гэрээний хугацаанд нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас нэр бүхий эд хөрөнгийг худалдан авсан баримтад гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдсон, Үнэн ба зөв намын даргаас шүүхэд ирүүлсэн тайлбарт ...Б.Арсланбаатарын нэр дээр түрээсийн гэрээ хийсэн нь хувь хүмүүсийн асуудал бөгөөд Б.Арсланбаатар нь тухайн үед шийдвэр гаргах, нам төлөөлөн гэрээ байгуулах эрхгүй байсан... гэжээ.

 

16. Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул ...шүүх хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй... гэх гомдол үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 216/МА2020/00034 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.Арсланбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгч Б.Одбаяраас 2020.11.17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД                          Н.БАЯРМАА

                                              Б.МӨНХТУЯА

                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                  Х.ЭРДЭНЭСУВД