Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2018/01174

 

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2018/01174

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, *******,*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багт байрлах, *******/-д холбогдох

Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг ******* ХХК-д даалгах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ******* ХХК-нд хөдөлмөрийн эдийн засагчийн албан тушаалд томилогдсон. Би тус байгууллагад ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан зөрчил гаргаж байгаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хангалттай сайн биелүүлэн ажиллаж байсан. Гэтэл ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/154 дугаар тушаалаар ажлын байранд тавигдах шаардлага хангагдаагүй үндэслэлээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд намайг ******* ХХК-ийн хөдөлмөрийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг ******* ХХК-нд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ******* нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ******* ХХК-нд хөдөлмөрийн эдийн засагчийн албан тушаалд томилогдож ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/154 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг шийдвэрийг ******* хүлээн зөвшөөрөхгүй ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч байгууллага нь *******гийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийг буцааж өгөхгүй байгаа бөгөөд бид дэвтрийг хариуцагч байгууллагаас гаргуулж судлуулахаар шүүхэд хүсэлт гаргаж, шүүх хуралдаанд судлахад *******гийн тус компанид ажиллаж байсан хугацаа буюу 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дэвтэрт бичилт хийгдээгүй байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар ******* нь тус компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ажилтан тул нийгмийн даатгалд заавал даатгуулах ёстой. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх, мөн хуулийн 16.4 дэх хэсэгт зааснаар шимтгэлийг тухайн байгууллагын нягтлан бодогч тооцож төлөх ёстой. Гэтэл ******* ХХК нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан мөртлөө хуульд заасан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж заажээ. Гэтэл ******* ХХК нь *******г 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн мөртлөө эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийг нь одоог хүртэл хүлээлгэж өгөхгүй, хуульд заасан үүргээ биелүүлэхгүй ажилтныг хохироож байна.

Иймд *******гийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ажилтан ******* 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Ажилтан ******* нь ******* ХХК-д 2017оны 05 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн эдийн засагчийн түр ажлын байранд томилогдсон бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлаас 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/130 дугаар тушаалаар ******* ХХК-ийн ажилчдын ажлын байранд тавигдах шаардлагыг баталж, үүний дагуу дотоод хэвийн хэргийн үзлэг хийгдсэн ба ******* нь хөдөлмөрийн эдийн засагчийн ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй мөн ажлын байрны тодорхойлолтод заагдсан хөдөлмөрийн эдийн засагч байх шаардлагад нийцэхгүй байх тул Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1-т хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх гэж зааснаар гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/127 дугаар тушаалыг хүчингүй болгосон болно. Иймд нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг ******* ХХК-д даалгах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдолыг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ******* ХХК-нд хөдөлмөрийн эдийн засагчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/154 дугаар тушаалаар ажлын байранд тавигдах шаардлага хангагдаагүй үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байна.

*******г ажлаас чөлөөлсөн үндэслэлийг ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй гэж үзсэн боловч ямар шаардлагыг хэрхэн яаж хангаагүй талаар дурьдаагүй.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэхийн тулд ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байх ёстой.

Түүнчлэн зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэний үндсэн дээр нэхэмжлэгч дээрх ажил албан тушаалыг эрхлэж байсан атал Хөдөлмөрийн хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлахгүйгээр түүнийг ажилд авах тухай өмнөх тушаалыг хүчингүй болсонд тооцсоноор түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлагдсан, ажлаас халсан гэж үзсэн нь буруу байна.

Нэхэмжлэгчийг анх ******* ХХК-ны гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/127 дугаартай тушаалаар тус компаны Санхүү, эдийн засгийн хэлтэст хөдөлмөрийн эдийн засагчийн албан тушаалд туршилтын 3 сарын хугацаагаар түр томилсон боловч дээрх хугацаа дуусгавар болоогүй, түүнийг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах эсэх асуудлыг шийдвэрлээгүй байхад өмнөх захирлын тушаалыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулах үндэстэй байна.

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд зааснаар сард 1.202.726 төгрөгний цалинтай байсан байх бөгөөд сарын ажлын дундаж 21.5 хоногт хуваахад өдөрт 55.940 төгрөг болж байгаа бөгөөд түүний 2018 оны 7 сарын 2-ны өдрөөс хойш ажилгүй байсан нийт 105.5 хоногоор үржүүлж нийт 5.901.670 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж хариуцагчаас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 109,377 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 66.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан *******г ******* ХХК-ны хөдөлмөрийн эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-аас ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5.901.670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3.Хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэгч *******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг гаргуулсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 109,377 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН