Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 207/МА2019/00015

 

 

*******гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ******* ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01174 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг ******* ХХК-д даалгах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Энхбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхбат, хариуцагчийн өмгөөлөгч Л.Баасан, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* миний бие 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ******* ХХК-нд хөдөлмөрийн эдийн засагчийн албан тушаалд томилогдсон. Би тус байгууллагад ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан зөрчил гаргаж байгаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хангалттай сайн биелүүлэн ажиллаж байсан. Гэтэл ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/154 дугаар тушаалаар ажлын байранд тавигдах шаардлага хангагдаагүй үндэслэлээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд намайг ******* ХХК-ийн хөдөлмөрийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг ******* ХХК-нд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Хариуцагч байгууллага нь *******гийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийг буцааж өгөхгүй байгаа бөгөөд бид дэвтрийг хариуцагч байгууллагаас гаргуулж судлуулахаар шүүхэд хүсэлт гаргаж, шүүх хуралдаанд судлахад *******гийн тус компанид ажиллаж байсан хугацаа буюу 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дэвтэрт бичилт хийгдээгүй байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар ******* нь тус компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ажилтан тул нийгмийн даатгалд заавал даатгуулах ёстой. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх, мөн хуулийн 16.4 дэх хэсэгт зааснаар шимтгэлийг тухайн байгууллагын нягтлан бодогч тооцож төлөх ёстой. Гэтэл ******* ХХК нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан мөртлөө хуульд заасан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөх үүргээ биелүүлээгүй байна. Мөн ******* ХХК нь *******г 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн мөртлөө эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийг нь одоог хүртэл хүлээлгэж өгөхгүй, хуульд заасан үүргээ биелүүлэхгүй ажилтныг хохироож байна. Иймд *******гийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ажилтан ******* 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Ажилтан ******* нь ******* ХХК-д 2017оны 05 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн эдийн засагчийн түр ажлын байранд томилогдсон бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлаас 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/130 дугаар тушаалаар ******* ХХК-ийн ажилчдын ажлын байранд тавигдах шаардлагыг баталж, үүний дагуу дотоод хэвийн хэргийн үзлэг хийгдсэн ба ******* нь хөдөлмөрийн эдийн засагчийн ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй мөн ажлын байрны тодорхойлолтод заагдсан хөдөлмөрийн эдийн засагч байх шаардлагад нийцэхгүй байх тул Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1.-т хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх гэж зааснаар гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/127 дугаар тушаалыг хүчингүй болгосон болно. Иймд нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01174 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-д заасныг баримтлан *******г ******* ХХК-ны Санхүү, эдийн засгийн хэлтэст хөдөлмөрийн эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт зааснаар ******* ХХК-аас ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5.901.670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэгч *******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг гаргуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 109.377 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Энхбат давж заалдсан гомдолдоо:

Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01174 дугаар шүүхийн шийдвэрт Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэхийн тулд ажилтны энэ байдлын талаар албан ёсны шийдвэр гарсан байх ёстой" гэж тусгасан байх боловч ******* ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/154 дугаар тушаалаар тус компанийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/127 дугаар тушаалыг хүчингүй болгохдоо энэхүү тушаал нь ажлын байр болон бусад холбогдох бичиг баримтын бүрдүүлбэр, ажлын байрны тодорхойлолт зэргийг хангаагүй тушаал байх тул Монгол улсын компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1. хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх, 84.4.3 компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах; мөн хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.1.-т гүйцэтгэх захирал нь хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуй нэгж, байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар тушаал гаргана гэж тус тус заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүднээс өмнө гарсан алдаатай шийдвэрийг хүчингүй болгон залруулж хуульд нийцүүлсэн болно.

Мөн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/154 дугаар тушаал бол ажлаас халсан зохицуулалт биш тул түүний нэхэмжлэл нь хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол' гэж заасны дагуу шүүхийн шийдвэрлэх маргаан биш, нэхэмжлэгч Б/154 дугаар тушаалыг хууль бус эсхүл хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна. Уг Б/154 дугаар тушаал гарснаар хууль зөрчин гаргасан Б/127 дугаар тушаалыг хүчингүй болгосноор *******тай хууль бусаар хөдөлмөрийн хэлэлцээр байгуулсан хөдөлмөрийн үйл ажиллагаа дуусгавар болсон бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 3 сарын хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон талаархи зохицуулалтыг Б/154 тоот болон Б/223 тоот тушаалд дурдан *******г зохих тооцоо хийхийг зохих ажилтан, албан хаагчид даалгасан байна. Шүүх бүрэлдэхүүн тус компанийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/154 дугаар тушаалыг ...ажилд авах тухай өмнөх тушаалыг хүчингүй болгосон тооцсоноор түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлагдсан, ажлаас халсан гэж үзсэн нь буруу байна" гэж үнэлсэн байх боловч энэхүү тушаалаар ямар нэгэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй харин алдаатай шийдвэрийг хүчингүй болгосон бөгөөд хавтаст хэрэгт дурдсан тус компанийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/223 дугаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон тушаалаар ажилтан *******тай байгуулсан түр буюу 3 сарын хугацаатай байгуулсан гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон мөн ажилтан *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.7.-д ... 3 сарын хугацаатай байгуулав гэж заасны дагуу ажил албан тушаалд байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон мөн ажил олгогч үүргээ биелүүлэн ажилтанд тойрох хуудас, мэдэгдэл бусад холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхөөр ажилтан *******д мэдэгдсэн боловч авахгүй хэмээн утсаа салган аваагүй тухай мөн бодит байдалд тус компанийн Б/154 дугаар тушаал хүчин төгөлдөр хэвээр байгаа тул түүнийг ажилд авсан, хөдөлмөрийн гэрээ байгуулсан, цалинжуулсан зэрэг үйл ажиллагаа 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болсонтой холбоотой хавтаст хэрэгт баримт байх боловч шүүх бүрэлдэхүүн уг нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийгээгүй ба ажилтан ******* нь Хөдөлмөрийн эдийн засагчийн ажлын байранд тавигдах Хөдөлмөрийн эдийн засагч байх ёстой шаардлагыг хангахгүйг хувийн хэргийн бүрдүүлбэрийн бичиг баримт болон түүний төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил болон бусад холбогдох баримтаар тодорхойлох замаар түүнийг ажилд авсан тушаалыг хүчингүй болгосон үйл ажиллагаанд шүүх мөн адил үнэлэлт дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн.

Давж заалдах гомдолд дурдсанчлан нотлох баримтуудыг хариуцагч талаас дурдсаар байхад шүүх үнэлэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан журмыг зөрчсөн байна. Иймд иргэн *******гийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01174 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ...хөдөлмөрийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны шатанд ажил олгогчийн гаргасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай тушаал, мэдэгдэх хуудас, тойрох хуудас зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, зохигчдын гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгсийн нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл, тайлбараа нотолж ирүүлсэн тойрох хуудас, мэдэгдэх хуудас нь хэрэгт байхгүй, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай ажил олгогчийн 2018 оны 8 дугаар сарын 22 -ны өдрийн № Б/ 223 дугаартай нотариатчаар гэрчлүүлээгүй тушаалын хуулбарыг шүүх үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.д ...Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно... гэсэн зохицуулалтыг зөрчсөн байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байх тул хариуцагч П.Энхбатын гаргасан ...нотлох баримтыг эх хувиар нь шүүхэд өгсөн боловч хэрэгт байхгүй байсан бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-д заасныг зөрчсөн, нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж шийдвэрлээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү гэх давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01174 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцаг ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.377 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ