Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2018/01276

 

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2018/01276

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т  ББСБ ХХК ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.М,

 

Хариуцагч: Э.Ө-нд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 33,691,546 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Х, хариуцагч Э.Ө, Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Т ББСБ” ХХКнь Э.Ө, Г.Мнартай 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15122390 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 37,000,000 төгрөгийг сарын 2,7% -ийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлүүлсэн.

Зээлийн барьцаанд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15122390 дугаартай барьцааны гэрээний дагуу Г.М-ынөмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороонд байршилтай улсын бүртгэлийн 0401659 дугаартай, 700м.кв талбайтай, зуслан шарга морьт зориулалттай газар эзэмших эрх, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15122390 дугаартай баталгаат ипотекийн гэрээний дагуу Р.Отгонбаяр, Ж.Алтангэрэл нарын өмчлөлийн Чингэлтэй 9 дүгээр хороо, дэнжийн 1000-ын 62 дугаар байр, 3 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн 000017364 дугаартай 12 м.кв талбайтай, орон сууцны зорииулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15122390 дугаартай баталгаат ипотекийн гэрээний дагуу Г.М-ынөмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Д-100 айлын.. дугаар байр .. тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн 000017300 дугаартай, 16 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, шарга морьт ... хэсэг гудамж, ... тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн 0000459644 дугаартай, 85,2м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, мансардтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан. Зээлдэгч Э.Ө, Г.Мнар нь зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон графикийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой байсан ч авсан зээлээ графикийн дагуу төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн болно. Бидний зүгээс Э.Ө, Г.Мнараас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зээлийн гэрээний хавсралтанд заасан зээл төлөх графикийг зөрчиж байсан болно. Зээлдэгч Э.Ө Г.Мнар нь 2018 оны 04 сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 25,385,694 төгрөг, хүү 6,904,044 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,380,809 төгрөг, авлага /нотариатын зардал/ 21,000 төгрөг, нийт 33,691,546 төгрөгийн төлбөртэй байгаа болно.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгө хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь зээлийг бүрэн төлж дуусах хүртэл тооцогдож нэмэгдэж байдгийг дурдах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээний дагуу зээлдэгч Э.Ө, Г.Мнараас зээлийн гэрээний төлбөрт 33,691,546 төгрөгийг гаргуулж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э.Ө, Г.Мбид “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 33,691,546 төгрөгийн дүнг бууруулах хүсэлтэй байна. ”Т ББСБ” ХХК-тай олон удаа зээлийн гэрээ байгуулж, төлбөрөө цаг тухайд нь төлж дуусгавар болгож байсан. Энэ удаагийн зээлийн гэрээний үүргийг тодорхой гачигдал, шалтгааны улмаас бүрэн төлж чадаагүй. Маргаан бүхий зээлийн гэрээний зэрэгцээ Г.Мдангаараа 4,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байсан. Уг нь 37 сая төгрөгийн буюу маргаан бүхий энэ зээлийн гэрээний төлбөрт шилжүүлсэн төлбөрүүдийг Г.М-ындангаараа авсан 4,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт суутгаж авсан нь буруу гэж үзэж байна. Бидний тооцооллоор зээлийн төлбөрт 25,000,000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй. Нэхэмжлэгчээс гаргасан зээл хүүгийн тооцоололд бидний төлсөн зарим төлбөрийг хасаагүй байна. Тухайлбал, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Өлзийдэлгэр гэсэн утгаар шилжүүлсэн 240,000 төгрөгийн төлөлт, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мөн Өлзийдэлгэр гэсэн утгаар шилжүүлсэн 250,000 төгрөгийн төлбөр, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Т ББСБ” ХХК-ын ажилтан Шинэбаярын хувийн дансаар шилжүүлсэн 260,400 төгрөгийн төлбөрийг маргаан бүхий зээлээс хасаж тооцоогүй, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Өлзийдэлгэр гэсэн утгаар шилжүүлсэн 1,400,000 төгрөгөөс 671,970 төгрөгийг өөр зээлд шилжүүлэн авсан байна гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ”Т ББСБ” ХХКнь хариуцагч Э.Ө, Г.Мнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,691,546 төгрөгийг гаргуулах, барьцааны гэрээний зүйл болох газар эзэмших эрх болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдсаны орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, Талуудын хооронд зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан бөгөөд зээлдэгч тал зээлийн гэрээний үүргээ удаан хугацаанд зөрчиж төлбөрөө төлөөгүй тул үндсэн зээлийн төлбөрт 25,385,694 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 6,904,044 төгрөг, нийт 33,691,546 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэстэй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “Т ББСБ” ХХК-тай олон удаа зээлийн гэрээ байгуулж, төлбөрөө цаг тухайд нь төлж дуусгавар болгож байсан. Энэ удаагийн зээлийн гэрээний үүргийг тодорхой гачигдал, шалтгааны улмаас бүрэн төлж чадаагүй. Маргаан бүхий зээлийн гэрээний зэрэгцээ Г.Мдангаараа тус ББСБ-тай 4,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байсан. Маргаан бүхий энэ зээлийн гэрээний төлбөрт шилжүүлсэн төлбөрүүдийг Г.М-ындангаараа авсан 4,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт суутгаж авсан тохиолдлууд байгаа. Үүнийг буруу гэж үзэж байна. Бидний тооцооллоор зээлийн төлбөрт 25,000,000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байх учиртай гэж хариу маргаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримтын үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

 

1.    Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХКнь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллага байх ба тус байгууллагатай хариуцагч Г.М, Э.Ө нар нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 37,000,000 төгрөгийг 2.7 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлэх гэрээ байгуулсан үйл баримтын талаар харилцан маргаагүй. Түүнчлэн зээлийн үндсэн төлбөр 37,000,000 төгрөгийг гэрээнд заасан журмын дагуу хүлээн авсан болохоо хариуцагч нар зөвшөөрч байна. Зохигчдын хооронд байгуулсан тус гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байна. /хх-ийн 9-11 дүгээр тал/

 

2.    Хариуцагч нар зээлдүүлэгчийн гаргасан зээлхүүгийн тооцооллыг зөвшөөрч байх хэдий ч уг тооцооллоос гадна тэдгээрийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Өлзийдэлгэр гэсэн утгаар шилжүүлсэн 240,000 төгрөгийн төлөлт, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мөн Өлзийдэлгэр гэсэн утгаар шилжүүлсэн 250,000 төгрөгийн төлбөр, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Т ББСБ” ХХК-ын ажилтан Шинэбаярын хувийн дансаар шилжүүлсэн 260,400 төгрөгийн төлбөрийг маргаан бүхий зээлээс хасаж тооцоогүй, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Өлзийдэлгэр гэсэн утгаар шилжүүлсэн 1,400,000 төгрөгөөс 671,970 төгрөгийг өөр зээлд шилжүүлэн авсан нь буруу гэх үндэслэлүүдийг гарган маргаж байна.

 

Нэг талаас “Т ББСБ” ХХК нөгөө талаас Г.М, Э.Ө нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15122390 дугаартай зээлийн гэрээ /цаашид маргаан бүхий зээл гэх/ байгуулснаас гадна нэг талаас “Т ББСБ” ХХК нөгөө талаас Г.Мнарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 16012414 тоот зээлийн гэрээ байгуулагдаж байжээ. /хх-ийн 144-146 дугаар тал/

 

Хариуцагч Г.М-ынтайлбарласнаар маргаан бүхий зээлийн төлбөрийг хийхдээ төлбөрийн утга дээр Өлзийдэлгэр гэж бичдэг байсан бөгөөд харин 16012414 тоот гэрээний төлбөрийг хийхдээ Мөнхтуул гэж бичдэг байжээ.

 

Нэхэмжлэгч тал 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Өлзийдэлгэр гэх утгаар 240,000 төгрөг шилжүүлснийг Г. Мын 16012414 тоот гэрээний үүрэгт тооцон авсан үйл баримтыг зөвшөөрч байна. Шүүх уг төлбөрийг маргаан бүхий зээлийн гэрээний үүрэгт сонгон шилжүүлсэн нь төлбөрийн утгад Өлзийдэлгэр гэж бичсэнээр тогтоогдоно гэж үзлээ. Иймд тус төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасны дагуу маргаан бүхий зээлийн гэрээний эргэн төлөлтөд оруулан тооцох үндэстэй.

 

Харин 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 250,000 төгрөгийг Ө гэх утгаар шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч хавтаст хэргийн 85 дугаар талд авагдсан банкны дансны хуулга нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул уг 250,000 төгрөгийг дээр дурдсанчлан маргаан бүхий зээлийн төлбөрт шилжүүлсэн гэж дүгнэх боломжгүй байна.

 

Түүнчлэн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагын ажилтан н.Шинэбаярын хувийн дансанд 260,400 төгрөг орж ирсэн үйл баримтын талаар шүүх хуралдаанд гэрчээр оролцсон н.Шинэбаяр хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч байна. Гэвч тэрээр зарим үед зээлдэгч нарын гуйлтаар тэдний нэрийн өмнөөс зээлийн төлбөрийг төлдөг байсан учир 05 дугаар сарын 22-ны өдөр Г.Маас түүний дансруу шилжүүлсэн 260,400 төгрөг нь зээлдэгч нарын өмнөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр түүний төлсөн 260,000 төгрөгийн хариу төлбөр байх боломжтой гэж таамаглаж байгаагаа мэдүүлж байна. Гэвч зохигчдын тайлбараар 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 260,000 төгрөгийн төлөлтийг байгууллагын ажилтан н.Ш биш харин хариуцагч Г.Мхувийн данснаасаа шууд хийснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн болно. Иймд байгууллагын эрх бүхий албан тушаалтан н.Шинэбаярт 260,400 төгрөгийг шилжүүлсэн үйлдлийг маргаан бүхий зээлийн эргэн төлөлтийг хийсэн гэж үзэж уг зээлийн төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй байна.

 

Хариуцагч 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Өлзийдэлгэр гэх утгаар шилжүүлсэн 1,400,000 төгрөгийн төлөлтөөс 671,970 төгрөгийг 16012414 тоот зээлийн төлөлтөд суутгаж авсан нь хууль бус болсон гэж маргаж байгаа.

 

Нэхэмжлэгч уг төлөлтийг Ө гэх утгаар шилжүүлсэн үйл баримтад маргаагүйуг төлөлтөөс 671,970 төгрөгийг 16012414 тоот зээлийн гэрээний төлбөрт суутган тооцсон үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн. Иймд дээр дүгнэсэнчлэн 671,970 төгрөгийн төлөлтийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасны дагуу сонгон шилжүүлсэн үүргийн төлбөрт суутган тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

Иймд хариуцагчаас 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 240,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 260,400 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 671,970 төгрөг, нийт 1,172,400 төгрөгийг хариуцагч нараас төлбөл зохих үндсэн хүүгийн төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй. Учир нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байх үед эдгээр төлөлтийг хийсэн байна. Ийнхүү хүүгийн төлбөрөөс уг дүнг хасвал хариуцагч нарын төлбөл зохих үндсэн хүү 5,731,644 төгрөг болж байх ба уг дүнгээс Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг тооцвол 1,146,328 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нар төлөх үндэстэй байна.

 

3.    Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үүрэгт 25,385,694 төгрөгийг нэхэмжилж байна. Уг төлбөрийг төлөх үндэслэлгүй талаар аливаа үндэслэл бүхий татгалзал, нотлох баримтыг хариуцагч талаас гаргаагүй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 25,385,694 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

 

Эдгээр үндэслэл, үйл баримтад тулгуурлан хариуцагч нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453.1-д заасны дагуу зээлийн үндсэн төлбөрт 25,385,694 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 5,731,644 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,146,328 төгрөг, нийт 32,263,666 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,472,880 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

4.    Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэг талаас “Т ББСБ” ХХК, нөгөө талаас Г.Мнарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15122390 тоот барьцааны гэрээ байгуулагдсан байна. Тус гэрээгээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Зуслан Шарга морьт зориулалттай 700 мкв талбайтай газар эзэмших эрхийг барьцаалсан байна. Түүнчлэн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дээр дурдсан талуудын хооронд 15122390 тоот Баталгаат ипотекийн гэрээ байгуулагдсан байх ба тус гэрээний зүйл нь Чингэлтэй дүүрэг 9-р хорооны Д-1000 айлын ... дугаар байрны ... тоотод хаягтай 16 м2 нэг өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын 22 дугаар хэсэг гудамж 2288 тоот хаягт орших 85.2 м2 хувийн сууцууд байна.

 

Нэг талаас “Т ББСБ” ХХК, нөгөө талаас Р.О, Ж.А нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15122390 тоот Баталгаат ипотекийн гэрээ бичгээр байгуулсныг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна. Тус гэрээний зүйл нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 1000-ны гудамжны ... дугаар байрны ... тоот хаягт орших 12 м2 талбайтай нэг өрөө орон сууц байна.

 

Шүүх барьцааны зүйлүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу хангах үндэстэй гэж үзлээ. Мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөө заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заажээ.

 

Иймд хариуцагч Г.М, Э.Ө нараас зээлийн гэрээний дагуу төлөх мөнгөн дүнг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Зуслан Шарга морьт зориулалттай 700 мкв талбайтай газар эзэмших эрх, Чингэлтэй дүүрэг 9-р хорооны Д-1000 айлын 62 дугаар байрны 4 тоотод хаягтай 16 м2 нэг өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын 22 дугаар хэсэг гудамж 2288 тоот хаягт орших 85.2 м2 хувийн сууц, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 1000-ны гудамжны 62 дугаар байрны 3 тоот хаягт орших 12 м2 талбайтай нэг өрөө орон сууцыг худалдан борлуулсны орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэстэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396,608 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 389,468 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453.1-д заасны дагуу хариуцагч Г.М, Э.Ө нараас зээлийн үндсэн төлбөрт 25,385,694 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 5,731,644 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,146,328 төгрөг, нийт 32,263,666 төгрөгийг гаргуулж хариуцагч “Т ББСБ” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,472,880 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу хариуцагч Г.М, Э.Ө нар нь төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг хангах барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Зуслан Шарга морьт зориулалттай 700 мкв талбайтай газар эзэмших эрх, Чингэлтэй дүүрэг 9-р хорооны Д-1000 айлын 62 дугаар байрны 4 тоотод хаягтай 16 м2 нэг өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын 22 дугаар хэсэг гудамж 2288 тоот хаягт орших 85.2 м2 хувийн сууц, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 1000-ны гудамжны 62 дугаар байрны 3 тоот хаягт орших 12 м2 талбайтай нэг өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396,608 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 389,468 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

5.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА