Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01871

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01871

 

 

 

Транскапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/01276 дугаар шийдвэртэй, Транскапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Мөнхтуул, Э.Өлзийдэлгэр нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 33 691 546 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтансүх, хариуцагч Г.Мөнхтуул, Э.Өлзийдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Транскапитал ББСБ ХХК нь Г.Мөнхтуул, Э.Өлзийдэлгэр нартай 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15122390 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 37 000 000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн барьцаанд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15122390 дугаартай барьцааны гэрээний дагуу Г.Мөнхтуулын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороонд байршилтай улсын бүртгэлийн 0401659 дугаартай, 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрх, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15122390 дугаартай баталгаат ипотекийн гэрээний дагуу Р.Отгонбаяр, Ж.Алтангэрэл нарын өмчлөлийн Чингэлтэй 9 дүгээр хороо, дэнжийн 1000-ийн 62 дугаар байр, 3 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн 000017364 дугаартай 12 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15122390 дугаартай баталгаат ипотекийн гэрээний дагуу Г.Мөнхтуулын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Д-100 айлын 62 дугаар байр 4 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн 000017300 дугаартай, 16 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, шарга морьт 22 хэсэг гудамж, 2288 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн 0000459644 дугаартай, 85.2 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, мансардтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан. Зээлдэгч Г.Мөнхтуул, Э.Өлзийдэлгэр нар нь зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон графикийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой байсан ч авсан зээлээ графикийн дагуу төлөөгүй. Зээлдэгч нар нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 25 385 694 төгрөг, хүү 6 904 044 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 380 809 төгрөг, авлага /нотариатын зардал/ 21 000 төгрөг, нийт 33 691 546 төгрөгийн төлбөртэй байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгө хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь зээлийг бүрэн төлж дуусах хүртэл тооцогдож нэмэгдэж байдгийг дурдах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээний дагуу зээлдэгч Г.Мөнхтуул, Э.Өлзийдэлгэр нараас зээлийн гэрээний төлбөрт 33 691 546 төгрөгийг гаргуулж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Өлзийдэлгэр, Г.Мөнхтуул бид Транскапитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 33 691 546 төгрөгийн дүнг бууруулах хүсэлтэй байна. Транскапитал ББСБ ХХК-тай олон удаа зээлийн гэрээ байгуулж, төлбөрөө цаг тухайд нь төлсөн. Энэ удаагийн зээлийн гэрээний үүргийг тодорхой гачигдал, шалтгааны улмаас бүрэн төлж чадаагүй. Маргаан бүхий зээлийн гэрээний зэрэгцээ Г.Мөнхтуул дангаараа 4 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байсан. 37 000 000 төгрөгийн буюу маргаан бүхий энэ зээлийн гэрээний төлбөрт шилжүүлсэн төлбөрүүдийг Г.Мөнхтуулын дангаараа авсан 4 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт суутгаж авсан нь буруу гэж үзэж байна.

Бидний тооцооллоор зээлийн төлбөрт 25 000 000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй. Нэхэмжлэгчээс гаргасан зээл хүүгийн тооцоололд бидний төлсөн зарим төлбөрийг хасаагүй байна. Тухайлбал, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 240 000 төгрөгийн төлөлт, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн 250 000 төгрөгийн төлбөр, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Транскапитал ББСБ ХХК-ийн ажилтан н.Шинэбаярын хувийн дансаар шилжүүлсэн 260 400 төгрөгийн төлбөрийг маргаан бүхий зээлээс хасаж тооцоогүй, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 1 400 000 төгрөгөөс 671 970 төгрөгийг өөр зээлд шилжүүлэн авсан байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Г.Мөнхтуул, Э.Өлзийдэлгэр нараас зээлийн үндсэн төлбөрт 25 385 694 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 5 731 644 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 146 328 төгрөг, нийт 32 263 666 төгрөгийг гаргуулж хариуцагч Транскапитал ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 472 880 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Г.Мөнхтуул, Э.Өлзийдэлгэр нар нь төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг хангах барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Зуслан Шарга морьт зориулалттай 700 мкв талбайтай газар эзэмших эрх, Чингэлтэй дүүрэг 9-р хорооны Д-1000 айлын 62 дугаар байрны 4 тоотод хаягтай 16 м2 нэг өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын 22 дугаар хэсэг гудамж 2288 тоот хаягт орших 85.2 м2 хувийн сууц, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 1000-ны гудамжны 62 дугаар байрны 3 тоот хаягт орших 12 м2 талбайтай нэг өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396 608 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 389 468 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Мөнхтуул давж заалдах гомдолдоо: Гэрээний хугацаа байгуулснаас хойш 36 cap байх бөгөөд дуусах хугацаа нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дуусах байсан. Гэтэл Транскапитал ББСБ ХХК нь гэрээний хугацааны дуусахаас өмнө шүүхэд хандаж, гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан нь хууль бус байх бөгөөд Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.4 дэх хэсэгт Тодорхой хугацаагаар байгуулсан гэрээг банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас нь өмнө цуцлах эрхгүй. гэж заасан хуулийн заалтыг зөрчиж, гэрээг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Уг шийдвэрт тусгасан нэмэгдүүлсэн хүү 1 146 328 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна Учир нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй" гэж заасны дагуу Транскалитал ББСБ ХХК-аас гэрээний хугацаа дуусаагүй байхад бидний авсан зээлийн мөнгөнд нэмэгдэл хүү шаардах эрхгүй байна. Тиймээс шүүхийн шийдвэрт тусгасан 1 146 328 төгрөгийг хасч, шийдвэрлэж өгнө үү

Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч талаас гаргаж тавьсан баримтнаас 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Транскапитал ББСБ ХХК-ийн дансанд Э.Өлзийдэлгэрийн регистрийн дугаараар түүний зээлд төлсөн 250 000 төгрөгийг зээл төлөлтөд тооцоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж өгнө үү. Мөн Г.Мөнхтуул миний бие болон Э.Өлзийдэлгэр бид 2 Транскапитал ББСБ ХХК-аас тус тусын нэрээр зээлж авч, 2 өөр дугаартай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд хамтран зээлдэгчгүй дангаараа гэрээ байгуулсан. 15122390 дугаартай зээлийн гэрээг байгуулахдаа Э.Өлзийдэлгэр өөрөө үндсэн зээлдэгчээр намайг хамтран зээлдэгчээр оролцуулсан. Зээлийн төлөлтийг би өөрийн Хаан

Банк ХХК-ийн өөрийн эзэмшлийн 5014110795 тоот данснаас зэрэг хийдэг байсан. Харин дансаар шилжүүлэг хийхдээ 2 гэрээний төлөлтийн утга дээр үндсэн зээлдэгчийн нэрийг бичдэг байсан.

Гэтэл Транскапитал ББСБ ХХК нь миний 2 өөр гэрээний буцаан төлөлтийг өөрсдөө дансандаа хүлээн авч, дур мэдэн 2 гэрээний төлөлтийг хольж, хутгаж будлиантуулдаг байсан. Ингэж будлиулдаг байсны эцэст одоо хэний гэрээний үлдэгдэл хэдэн төгрөг гэдэг нь тодорхойгүй,ойлгомжгүй байдалд хүрч, эцсийн дүнд би шүүхээс тооцоолоогүй хэмжээний мөнгөн төлөлт хийх үүрэгтэй болж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүууль бус гарсан гэж үзэж байгаа тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж, дахин хянан үзэж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэгт авагдсан зарим баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК нь хариуцагч Г.Мөнхтуул, Э.Өлзийдэлгэр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33 691 546 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Транскапитал ББСБ ХХК болон нь Г.Мөнхтуул, Э.Өлзийдэлгэр нартай 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15122390 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 37 000 000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай байх нөхцөлтэйгөөр тохиролцсон. Гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15122390 дугаартай барьцааны гэрээгээр Г.Мөнхтуулын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороонд байршилтай улсын бүртгэлийн 0401659 дугаартай, 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрх, 15122390 дугаартай баталгаат ипотекийн гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Д-100 айлын 62 дугаар байр 4 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн 000017300 дугаартай, 16 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, шарга морьт 22 хэсэг гудамж, 2288 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн 0000459644 дугаартай, 85.2 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, мансардтай үл хөдлөх эд хөрөнгийг, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15122390 дугаартай баталгаат ипотекийн гэрээний дагуу Р.Отгонбаяр, Ж.Алтангэрэл нарын өмчлөлийн Чингэлтэй 9 дүгээр хороо, дэнжийн 1000-ийн 62 дугаар байр, 3 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн 000017364 дугаартай 12 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн, зэрэг үйл баримт хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны, баталгаат ипотекийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 7-13 дугаар тал/

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болох талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1,156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол ...нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээний 3.3.5-д Зээлдэгч авсан зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол Зээлийн гэрээний үүргээ бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө, 3.1.7-д Зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр талууд харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээлийн төлбөрт хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож шаардсан нь хуулийн болон гэрээний дээрх заалтуудыг зөрчөөгүй. Хариуцагч зээлийн тооцоололд маргаагүй болно.

Харин зээлдэгч нар нэмэгдүүлсэн хүү төлөх эсэх, зээлдэгч нарын зээлийн төлбөрт төлөгдсөн мөнгөн хөрөнгө бүрэн тооцогдсон эсэхэд маргасан байна.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөх хуваарьт заасан хугацаа, хэмжээгээр зээлийг эргүүлэн бүрэн төлөөгүй, зээлийн гэрээний 5.2.3-т заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шаардах эрхтэй болно.

Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгч нарт 2017 оны 02 сарын 14-ний өдөр, 2017 оны 12 сарын 25-ны өдөр, 2018 оны 01 сарын 17-ны өдөр тус тус мэдэгдэл хүргүүлэн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэмэлт хугацаа тогтоож байсан болох нь нотлогдсон /хх-ийн 24-26 дугаар тал/ ба үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэж төлбөрөө зохих ёсоор төлөөгүй тул гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлийн төлбөрийг шаардсаныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүх хариуцагчийн төлсөн гэх 2016 оны 05 сарын 11-ний өдөр шилжүүлсэн 240 000 төгрөг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 260 400 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 671 970 төгрөгийг хариуцагчийн үүргээс хасч тооцсон нь зөв бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй.

Харин хэргийн 85 дах талд авагдсан депозит дансны хуулгын 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн гүйлгээтэй холбогдох баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр үнэлээгүй нь буруу байна. Учир нь энэхүү баримт нь Хаан банк ХХК-аас хэвлэж өгсөн эх хувь бөгөөд уг гүйлгээний баримтаар хариуцагч нь нэхэмжлэгч банкны 5025358669 дугаар дансанд 250 000 төгрөг төлсөн нь нотлогдож байх тул хариуцагч нарын төлөх төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй. Талууд зээлийн гэрээнд зээлдүүлэгчийн Хаан банк дахь дээрх дансаар зээлийн төлбөрийг хийхээр тохиролцжээ. Иймээс, зээлдэгч нарын төлөх төлбөрийн дүнг 32 013 666 /32 263 666-250 000/ төгрөгөөр тогтоож, хариуцагчийн энэ талаарх гомдлыг хүлээн авна.

Зээлийн гэрээний 3.1.7-д ... Зээлдэгч баталсан хуваарийг зөрчсөн өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүү төлнө гэж харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийг зөрчөөгүй, хариуцагчийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгөд нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Иймээс шүүхийн шийдвэрт тусгасан 1 146 328 төгрөгийг хасуулна гэх гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/01276 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 5 731 644 гэснийг 5 481 644 гэж, 32 263 666 гэснийг 32 013 666, 1 472 880 гэснийг 1 222 880 гэж, 3 дахь заалтын 389 468 гэснийг 318 018 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Б.НАРМАНДАХ