Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2019/00121

 

“Транскапитал ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/01276 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1871 дүгээр магадлалтай,                                                                                                           

“Транскапитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г , Э  нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 33,691,546 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн, Б.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Транскапитал ББСБ” ХХК нь Г , Э  нартай 2015 оны 12 сарын 16-ны өдөр 15122390 дугаартай зээлийн гэрээ байгуулж, тэдэнд 37,000,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн барьцаанд 2015 оны 12 сарын 16-ны өдөр 15122390 дугаартай барьцааны гэрээний дагуу Г ын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороонд байршилтай улсын бүртгэлийн 0401659 дугаартай, 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрх, 2015 оны 12 сарын 16-ны өдөр 15122390 дугаартай баталгаат ипотекийн гэрээний дагуу Р.Отгонбаяр, Ж.Алтангэрэл нарын өмчлөлийн Чингэлтэй 9 дүгээр хороо, Дэнжийн 1000-ын 62 дугаар байр, 3 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн 000017364 дугаартай 12 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2015 оны 12 сарын 16-ны өдөр 15122390 дугаартай баталгаат ипотекийн гэрээний дагуу Г ын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Д-100 айлын 62 дугаар байр 4 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн 000017300 дугаартай, 16 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Шарга морьт 22 хэсэг гудамж, 2288 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн 0000459644 дугаартай, 85.2 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, мансардтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан. Зээлдэгч Г , Э  нар нь зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон графикийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой байсан ч авсан зээлээ графикийн дагуу төлөөгүй. Зээлдэгч нар нь 2018 оны 04 сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 25,385,694 төгрөг, хүү 6,904,044 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,380,809 төгрөг, авлага /нотариатын зардал/ 21,000 төгрөг, нийт 33,691,546 төгрөгийн төлбөртэй байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгө хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь зээлийг бүрэн төлж дуусах хүртэл тооцогдож нэмэгдэж байдгийг дурдах нь зүйтэй. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээний дагуу зээлдэгч Г , Э  нараас зээлийн гэрээний төлбөрт 33,691,546 төгрөгийг гаргуулж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбарт: Бид “Транскапитал ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 33,691,546 төгрөгийн дүнг бууруулах хүсэлтэй байна. “Транскапитал ББСБ” ХХК-тай олон удаа зээлийн гэрээ байгуулж, төлбөрөө цаг тухайд нь төлсөн. Энэ удаагийн зээлийн гэрээний үүргийг тодорхой гачигдал, шалтгааны улмаас бүрэн төлж чадаагүй. Маргаан бүхий зээлийн гэрээний зэрэгцээ Г  дангаараа 4,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байсан. 37,000,000 төгрөгийн буюу маргаан бүхий энэ зээлийн гэрээний төлбөрт шилжүүлсэн төлбөрүүдийг Г ын дангаараа авсан 4,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт суутгаж авсан нь буруу гэж үзэж байна. Бидний тооцооллоор зээлийн төлбөрт 25,000,000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй. Нэхэмжлэгчээс гаргасан зээл хүүгийн тооцоололд бидний төлсөн зарим төлбөрийг хасаагүй байна. Тухайлбал, 2016 оны 05 сарын 11-ний өдөр шилжүүлсэн 240,000 төгрөгийн төлөлт, 2016 оны 05 сарын 30-ны өдөр шилжүүлсэн 250,000 төгрөг, 2017 оны 05 сарын 22-ны өдөр “Транскапитал ББСБ” ХХК-ийн ажилтан н.Шинэбаярын хувийн дансаар шилжүүлсэн 260,400 төгрөгийн төлбөрийг маргаан бүхий зээлээс хасаж тооцоогүй, 2017 оны 07 сарын 17-ны өдөр шилжүүлсэн 1,400,000 төгрөгөөс 671,970 төгрөгийг өөр зээлд шилжүүлэн авсан байна гэжээ.                    

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/01276 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Г , Э  нараас зээлийн үндсэн төлбөрт 25,385,694 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 5,731,644 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,146,328 төгрөг, нийт 32,263,666 төгрөгийг гаргуулж хариуцагч “Транскапитал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,472,880 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Г , Э  нар нь төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг хангах барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Зуслан Шарга морьт зориулалттай 700 м.кв талбайтай газар эзэмших эрх, Чингэлтэй дүүрэг 9-р хорооны Д-1000 айлын 62 дугаар байрны 4 тоотод хаягтай 16 м.кв нэг өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын 22 дугаар хэсэг гудамж 2288 тоот хаягт орших 85.2 м.кв хувийн сууц, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 1000-ны гудамжны 62 дугаар байрны 3 тоот хаягт орших 12 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396,608 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 389,468 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1871 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/01276 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “5,731,644” гэснийг “5,481,644” гэж, “32,263,666” гэснийг “32,013,666”, “1,472,880” гэснийг “1,222,880” гэж, 3 дахь заалтын “389,468” гэснийг “318,018” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ2018/01276 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Би гомдлоо дараах 3 үндэслэлээр гаргасан.

1. Иргэний хуулийн 455.4-т “Тодорхой хугацаагаар байгуулсан гэрээг банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас нь өмнө цуцлах эрхгүй.” гэсэн заалтыг зөрчиж, гэрээг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Уг шийдвэрт тусгасан нэмэгдүүлсэн хүү 1,146,328  төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 452.2 дах хэсэгт “ Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй" гэж заасны дагуу “Транскапитал ББСБ”-аас гэрээний хугацаа дуусаагүй байхад бидний авсан зээлийн мөнгөнд нэмэгдэл хүү шаардах эрхгүй байна. Тиймээс шүүхийн шийдвэрт тусгасан 1,146,328 төгрөгийг хасч өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч талаас гаргаж тавьсан баримтаас 2016 оны 05 сарын 30-ны өдөр “Транскапитал ББСБ”-ын дансанд Э ийн регистрийн дугаараар түүний зээлд төлсөн 250,000 төгрөгийг зээл төлөлтөд тооцоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж өгнө үү гэж давж заалдсан. Гэтэл давж заалдах шатны шүүхэд гаргасан дээрх 3 үндэслэлийн 3 дах хэсэгт гаргасан үндэслэлийг хүлээн авч, хасч шийдвэрлэсэн атал 1, 2 дах хэсгийн гомдлыг хүлээн авч, шийдвэрлэж өгөөгүйд гомдолтой байна. Тиймээс миний дээрх гомдлын 1, 2 дах үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авч, дахин хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:

           Хариуцагч Г ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “Транскапитал ББСБ” ХХК нь хариуцагч Г , Э  нарт холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөрт 25,385,694.00 төгрөг, хүү 6,904,044.00 төгрөг, нийт 33,691,546.00 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.           

Хариуцагч нар “...олон удаа зээлийн гэрээ байгуулж байсан. ...энэ гэрээний зэрэгцээ Г  дангаараа  нэхэмжлэгчтэй 4,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байсан, маргаж буй энэ зээлийн төлбөрт шилжүүлсэн төлбөрүүдийг Г ын авсан 4,000,000.00 төгрөгийн зээлд суутгасан нь буруу,...энэ зээлийн төлбөрт 25,000,000.00 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэж маргажээ.

2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Транскапитал ББСБ” ХХК нь 15122390 дугаартай зээлийн гэрээгээр Г , Э  нарт 37,000,000.00 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон байна. Зээлдүүлэгч нь 15122390 дугаартай барьцааны гэрээгээр Г ын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороонд байршилтай улсын бүртгэлийн 0401659 дугаартай, 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрх, 15122390 дугаартай баталгаат ипотекийн гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Д-1000 62 дугаар байр 4 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн 000017300 дугаартай, 16 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, шарга морьт 22 хэсэг гудамж, 2288 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн 0000459644 дугаартай, 85.2 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, мансардтай үл хөдлөх эд хөрөнгийг, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15122390 дугаартай баталгаат ипотекийн гэрээний дагуу Р.Отгонбаяр, Ж.Алтангэрэл нарын өмчлөлийн Чингэлтэй 9 дүгээр хороо Д-1000  62 дугаар байр 3 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн 000017364 дугаартай 12 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон.

Зохигчдын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулагдсан,  гэрээ нь  хүчин төгөлдөр гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт нийцжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй зээлийн гэрээний 3.3.5-д зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр, 3.1.7-д зээл, хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр талууд тохиролцсон байна. 

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, 2017 оны 02 сарын 14, 2017 оны 12 сарын 25, 2018 оны 01 сарын 17-ны өдөр тус тус мэдэгдэл хүргүүлэн, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэмэлт хугацаа тогтоож байсан болох нь нотлогдсон, үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлийн төлбөрийг шаардсаныг буруутгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас шилжүүлсэн 2016 оны 05 сарын 11-ний өдрийн 240,000.00 төгрөг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 260,400.00 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 671,970.00 төгрөгийг зээлийн үүргээс хасч тооцсон нь зөв боловч хэргийн 85 дах талд авагдсан депозит дансны хуулгын 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн гүйлгээтэй холбогдох баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр үнэлээгүй нь буруу гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх дээрх баримтыг “Хаан банк” ХХК-аас хэвлэсэн эх хувь гэж үнэлээд, хариуцагчаас нэхэмжлэгч банкны 5025358669 дугаар дансанд 250,000.00 төгрөгийг хариуцагч нарын төлөх төлбөрөөс хасч тооцсоныг буруутгах үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээний 3.1.7-д “...баталсан хуваарийг зөрчсөн өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүү төлөх”-өөр талууд тохиролцсон байх тул 1,146,328.00 төгрөгийг хасуулна гэсэн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцээгүй байна.

Иймээс хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсэгт “Транскапитал ББСБ” ХХК-ийг “хариуцагч” гэж ташаа бичсэнийг хяналтын шатны шүүхээс залруулав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/01276 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалт, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1871 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “хариуцагч “Транскапитал ББСБ” ХХК” гэснийг ”нэхэмжлэгч “Транскапитал ББСБ” ХХК” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч Г ын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,100.00  /гучин хоёр мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН