Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2019/00826

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2019/00826

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.А

Хариуцагч: С.А

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэг 22 992 909.77 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагч С.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.А миний хүүхдүүдийн эцэг Б.А 2018 оны 12 дугаар сарын 31-нд өвчний улмаас нас барсан бөгөөд Улаанбаатар төмөр замын "ЭРДЭНЭТ" өртөөнд ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа Хаан банкны Орхон салбарын "ГААЛЬ" тооцооны төвөөс удаа дараа цалингийн зээл авч байсан. Тус банкны салбар нь Б.А цалингийн зээл олгохдоо аавыг нь болон намайг хамтран зээлдэгчээр оруулж байсан бөгөөд одоо надаас зээл төлөхийг байнга шаардаж амгалан тайван байдлыг маань алдагдуулж байна. Б.А 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нас барчихаад байхад түүний цалингийн зээлийг надаас нэхээд хүүг нь зогсоохгүй чи зээлдэгч чи төлнө гэдэг шаардлагыг байнга тавьж удаа дараа мэдэгдэл өгч байна. Иргэний хуулийн 240-р зүйлийн 240.1.2-т "үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан" тохиолдолд түүний бусдын өмнө хүлээсэн үүрэг бүр мөсөн дуусгавар болохоор хуульчилжээ. Зээлдэгч Б.А цалингийн зээлийг хамтран амьдрагч надаар төлүүлэх гэж байгаа банкны үйл ажиллагаа хууль бус юм. Зээлдэгч ажлаа хийж байгаа тохиолдолд цалингийн зээл олгогдож, зээлийн төлөлт нийгдэнэ. Түүний ажлыг би үргэлжлүүлэн хийх боломжгүй учир би төлөх үүрэг хүлээхгүй. Тэгээд ч банкны зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх үндэслэлийг би дараах баримтуудаар тайлбарлаж байна.

Үүнд: 1.Банк өнөөдөр надаас 27 554 537.74 төгрөг нэхэж байна. Энэ мөнгийг надаар төлүүлэх гэж байгаа шалтгаан нь гэвэл 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б.А өөрийн төрсөн эцэг Ж.Болотын хамт /цалингийн зээл/ тус салбараас 13 646 000 төгрөгийн зээл авсан байна. Уг зээлийг авахад өмнөх зээлийн үлдэгдэл 1 854 000 төгрөг дээр нэмээд нийт 15 500 000 төгрөгийн зээл олгов гэжээ.

2. 2016 оны 07 дугаар сарын 05-нд Б.А төрсөн эцэг, хамтран зээлдэгч Ж.Болот тэтгэвэрт гарсан учир хамтран зээлдэгч байх боломжгүй гээд өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмээд 2 900 000 төгрөгийн цалингийн зээл олгохдоо Б.А хамтран амьдрагч Х.А намайг хамтран зээлдэгч болгож өмнөх зээлийн үлдэгдэл 12 551 623.49 төгрөг дээр нэмээд нийт 15 451 623.49 төгрөгийн зээл олгов гээд надаар гарын үсэг зуруулсан. Би ажил хийж цалин авахгүй байхад намайг уг зээлийн хамтран зээлдэгч гэж надаар зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулж байгаа явдал нь хуульд нийцэхгүй үйлдэл юм.

З. Б.А банк дахиад 2017 оны 03 дугаар сарын 22-нд дахин цалингийн зээл гэж 2 976 235.66 төгрөгийн зээл олгохдоо 2015 оны зээлийн үлдэгдэл 12 723 764.34 төгрөг дээр нэмээд 15 700 000 төгрөгийн зээл болгон мөн надаар зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулсан.

4. Б.А 2017 оны 09 дүгээр сарын 04-нд 13 900 000 төгрөгийн цалингийн зээл олгохдоо өмнөх зээлийн үлдэгдэл 13 654 537.74 төгрөг дээр нэмээд нийт 27 554 537.74 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан мөн намайг хамтран зээлдэгч болгон зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан.

Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.3-т Банк,төлбөр тооцоо хийх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан хийх төлбөр тооцооны харилцааг хуулиар зохицуулна гэжээ.

БАНК, ЭРХ БҮХИИ ЭТГЭЭДИИН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, ТӨЛБӨР ТООЦОО, ЗЭЭЛИИН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАИ хуулийн 20-р зүйлийн 20.1-д "Банк,мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид зээлдэгч гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, /цаашид зээл гэх/ гэнэ гэжээ. Мөн хуулийн 21-р зүйлийн 21.4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэжээ. Хуулийн дээрх заалтуудаас харахад банк хамтран зээлдэгч гэх Х.Асемгүлийн дансанд удаа дараа олгоод байгаа зээлүүдээсээ нэг ч төгрөгийг хийгээгүй учир түүнд зээл олгосон гэж үзэх үндэслэлгүй юм. Ажил хийж цалин авч байгаа хүнд л түүний цалин орлогыг нь шалгаж түүнд нь тохируулж зээл олгож байгааг цалингийн зээл гэх бөгөөд ажил хийж цалин авдаггүй хэн нэгнийг хамтран зээлдэгч гэж нэрийг нь зээлийн гэрээнд хууль зөрчиж оруулчихаад түүнээс зээл төлөхийг шаардах эрх банканд байхгүй. Банк зээлийн гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн холбогдох зүйл заалтууд, Банкны тухай /Шинэчилсэн найруулга/, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг үндэслэн зээл олгох учиртай байтал хууль зөрчиж зөвхөн өөрийн хууль ёсны эрх ашгийн төлөө гэрээнүүдийг байгуулжээ. Иймд:

1.2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ -- дугаартай барьцаат зээлийн 15 451 623.49 төгрөгийн цалингийн зээлийн гэрээг

2. 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ-2017-№№ дугаартай 15 700 000 төгрөгийн цалингийн зээлийн гэрээг:

3. 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ-2017-: дугаартай 27 554 537.74 төгрөгийн цалингийн зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: X.Асемгүлийн нэхэмжлэлтэй, Хаан банкны Орхон салбарын Гааль тооцооны төвд холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн хувьд хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Зээлдэгч Б.А , Х.А нар нь Хаан банкны Орхон салбарын Гааль тооцооны төвөөс анх 2014 оны 10 дугаар сарын 20-ний өдөр №ЗГ 14/48 дугаартай зээлийн гэрээ байгуулж зээл авахдаа гэр бүлийн хэрэгцээнд зориулж цалингийн зээл авсан үүнээс хойш уг цалингийн зээлийн үлдэгдэл дээрээ нэмж 3 удаагийн нэмэлт зээл авч байсан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр №ЗГ-- тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 15 451 623.49 төгрөгийн зээл авч улмаар 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр №ЗГ2017: тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан нэмж 13 900 000 төгрөгийн зээл авч нийт 27 554 537.74 төгрөг болсон. Эдгээр зээлүүд нь гэр бүлийн хэрэгцээнд зориулаж авсан зээлүүд болно. Уг зээлүүдэд үндсэн зээлдэгчээр Б.А , хамтран үүрэг гүйцэтгэгчээр Х.А орж зээл судлагдахдаа үндсэн болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн цалин судлагдаж уг зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлого мөн адил судлагдсан болно. Уг зээлийг олгохдоо үндсэн болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэн аль нь орлогоо судлуулж өөрсдөө банкинд бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэж зээл судлагдаж олгогдсон бөгөөд зээл нэмж олгох бүрт үндсэн болон хамтран үүрэг гүйцэтгэгч нарын цалин орлого тогтмол судлагдаж байсан. Хамтран үүрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр өөрөөр хэлбэл талуудын хүсэл зоригийн илэрхийлэлийн үндсэн дээр Х.Асемгүлийг зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулсан болно. Зээлдэгч Б.А өмнө нь тус банкнаас цалингийн зээл авч байсан бөгөөд өмнөх зээлийн үлдэгдэл 13 654 537.14 төгрөг дээр нэмж 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээгээр 13 900 000 төгрөг нэмж зээлэхэд хамтран үүрэг гүйцэтгэгч Х.А гэрээнд заасан нөхцлийг зөвшөөрч гарын үсгээ зурсан. Зээлийн гэрээний 2.1.2-т Зээлийн өрхийн хэрэглээний зориулалтаар ашиглана, энэ нь банкны цалингийн зээлийн төрлийн бүтээгдэхүүн болно гэж заасан бөгөөд зээлийг хамтран зээлдэгчид өрхийн хэрэглээний зориулалтаар авсан тул нэхэмжлэгч Х.А хамтран хариуцах үндэслэлтэй болно. Мөн зээл авахад хамтран үүрэг гүйцэтгэгч X А үндсэн зээлдэгчийн нэгэн адил баримт бичгийг бүрдүүлж, гэрээнд заасан нехдлийг зөвшөөрч, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх үүргийг ойлгож, ухамсарласны үндсэн дээр зээлийн гэрээний оролцогч болсон гэж үзнэ. Зээлдэгч Б.А , Х.А нар албан ёсны гэр бүл бөгөөд тус зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон, үндсэн зээлдэгч Б.А нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нас барсан, нас барснаас хойш зээлийн гэрээний төлөлт тасарч үүрэг зөрчигдөж эхэлсэн. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт гэрээ байгуулах хэлбэрийг хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-дэх хэсэгт хэлцлийг хуульд заасан хэлбэрээр...хийнэ гэж зааснаас үзэхэд хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.4 дэх хэсэгт бичгээр хийсэн хэлцлийг хийсэн гэж үзэх, 196 дугаар зүйлд заасан гэрээг байгуулсанд тооцох үндэслэлийг хангасан тул нэхэмжлэлд дурдсан гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусд тооцох хэлцлийн шинжийг агуулаагүй хүчин төгөлдөр хэлцэл болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хаан банк ХХК-ний Орхон салбарын Гааль дахь тооцооны төв сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: 2017 оны 09 дүгээр сарын 04-ний №ЗГ2017: тоот зээлийн гэрээг хугацанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 22 972 909.77 төгрөг, нотариатын зардал 20 000 төгрөг нийт 22 992 909.77 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай.

Зээлдэгч Б.А , X.А нар нь Хаан банкны Орхон салбарын Гааль тооцооны төвөөс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр №ЗГ-- тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 15 451 623.49 төгрөгийн зээл авч улмаар 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр №ЗГ2017: тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан нэмж 13 900 000 төгрөгийн зээл авч нийт 27 554 537.74 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар хувийн хэрэгцээний зориулалтаар зээлж уг зээлийн барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9 дүгээр баг, Шанд 7-3 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-№ дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-- дугаартай хувийн сууц зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 6 151 588.89 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6 183 882 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10 240 төгрөг, нийт 12 345 710.89 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /132 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд банк зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд: 2017 оны 09 дүгээр сарын 04-ний №ЗГ2017: тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 21 402 948.85 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1 542 419.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 27 541.29 төгрөг, нийт 22 972 909.77 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 20 000 төгрөг бүгд 22 992 909.77 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох зээлдэгч Б.А өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-№ дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9 дүгээр баг Шанд 7-3 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний газар, тус хаягт байрлах Ү-- дугаартай хувийн сууц зэрэг үл хөдлөх хөрөнгөөр тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах.

Зээлдэгч Б.А нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нас барсан бөгөөд Х.А нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч мөн бөгөөд 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгүүлэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр гэж зааснаар Х.А зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбарт: Хаан банкны Орхон салбарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд:

1.    Банк зээлийн төлбөрт 22 972 909.77 төгрөг гаргуулахаар шаардсан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 240-р зүйлийн 240.1.2-т "үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан" тохиолдолд түүний бусдын өмнө хүлээсэн үүрэг бүр мөсөн дуусгавар болохоор хуульчилжээ. Хуулийн дээрх заалтаас харахад хувь хүний эрхэлж буй ажлыг тухайн хүн өөрөө л хийхээс түүний өмнөөс хэн нэгэн ажиллах хууль зүйн үндэслэл байхгүй, Х.А банкнаас зээл аваагүй учир ямар нэган хариуцлага хүлээхгүй.

2.    3ээлдэгч Б.А цалингийн зээлийг хамтран амьдрагч Х.Асемгүлээр төлүүлэх гэж байгаа банкны үйл ажиллагаа хууль бус юм. Зээлдэгч ажлаа хийж байгаа тохиолдолд цалингийн зээл олгогдож, зээлийн төлөлт хийгдэнэ. Түүний ажлыг би үргэлжлүүлэн хийх боломжгүй учир би төлөх үүрэг хүлээхгүй. Тэгээд ч банкны зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх үндэслэлийг би дараах баримтуудаар тайлбарлаж байна. Банк Х.А 22 972 909.77 төгрөг нэхэж байна. Энэ мөнгийг Х.Асемгүлээр төлүүлэх гэж байгаа шалтгаан нь гэвэл 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б.А өөрийн төрсөн эцэг Ж.Болотын хамт /цалингийн зээл/ тус салбараас 13 646 000 төгрөгийн зээл авсан байна. Уг зээлийг авахад өмнөх зээлийн үлдэгдэл 1 854 000 төгрөг дээр нэмээд нийт 15 500 000 төгрөгийн зээл олгосон зээлийн гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 05-нд Б.А төрсөн эцэг, хамтран зээлдэгч Ж.Болот тэтгэвэрт гарсан учир хамтран зээлдэгч байх боломжгүй гээд өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмээд 2 900 000 төгрөгийн цалингийн зээл олгохдоо Б.А хамтран амьдрагч Х.Асемгүлийг хамтран зээлдэгч болгож өмнөх зээлийн үлдэгдэл 12 551 623.49 төгрөг дээр нэмээд нийт 15 451 623.49 төгрөгийн зээл олгов гээд Х.Асемгүлээр гарын үсэг зуруулсан, Б.А банк дахин 2017 оны 03 дугаар сарын 22-нд цалингийн зээл гэж 2 976 235.66 төгрөгийг олгохдоо 2015 оны зээлийн үлдэгдэл 12 723 764.34 төгрөг дээр нэмээд 15 700 000 төгрөгийн зээл болгон мөн Х.Асемгүлээр зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Банк Б.А дахиад 2017 оны 09 дүгээр сарын 04-нд 13 900 000 төгрөгийн цалингийн зээл олгохдоо өмнөх зээлийн үлдэгдэл 13 654 537.74 төгрөг дээр нэмээд нийт 27 554 537.74 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан мөн Асемгүлийг хамтран зээлдэгч болгон зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсанаас үүдэн өөрийн аваагүй төлбөрийг төлөх үүргийг хүлээлгэхээр банк шаардаж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-т "Банк, төлбөр тооцоо хийх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан хийх төлбөр тооцооны харилцааг хуулиар зохицуулна гэжээ. Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д "Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид зээлдэгч" гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, /цаашидзээлгэх/ гэнэ гэжээ. Мөн хуулийн 21-р зүйлийн 21.4-т "Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэжээ. Хуулийн дээрх заалтуудаас харахад банк хамтран зээлдэгч гэх Х.Асемгүлийн дансанд удаа дараа олгоод байгаа зээлүүдээсээ нэг ч төгрөгийг хийгээгүй учир түүнд зээл олгосон гэж үзэх үндэслэлгүй юм. Ажил хийж цалин авч байгаа хүнд л түүний цалин оролгыг нь шалгаж түүнд нь тохируулж зээл олгож байгааг цалингийн зээл гэх бөгөөд ажил хийж цалин авдаггүй хэн нэгнийг хамтран зээлдэгч гэж нэрийг нь зээлийн гэрээнд хууль зөрчиж оруулчихаад түүнээс зээл төлөхийг шаардах эрх банканд байхгүй. Банк зээлийн гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээг банк байгуулахдаа Иргэний хуулийн холбогдох зүйл заалтууд, Банкны тухай /Шинэчилсэн найруулга/, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг үндэслэн зээл олгох учиртай байтал хууль зөрчиж зөвхөн өөрийн хууль ёсны эрх ашгийн төлөө зээлийн гэрээнүүдийг байгуулжээ. Иймд Хаан банкны Орхон салбарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч Хаан банк ХХК-ний Орхон салбарын Гааль дахь тооцооны төвд холбогдуулан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ2017: дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариуцагч түүний төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ2017: дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэг 22 992 909.77 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Нэг.Үндсэн нэхэмжлэлийн талаар:

2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хаан банк ХХК-ний Орхон салбарын Гааль тооцооны төв зээлдэгч Б.А , X.А нартай №ЗГ-- тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 15 451 623.49 төгрөгийн зээл, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр №ЗГ2017: тоот зээлийн гэрээ нэмж байгуулан 13 900 000 төгрөгийн зээл авч нийт 27 554 537.74 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9 дүгээр баг, Шанд 7-3 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-№ дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-- дугаартай хувийн сууцыг зээлийн барьцаанд бариулжээ.

Зээлдэгч Б.А 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 00/001841 дугаартай лавлагаагаар нотлогдож байна.

Зээлдэгч Б.А нас барснаар цалингийн зээл төлөгдөх боломжгүй болж хамтран үүрэг гүйцэтгэгч Х.А зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар батлагдаж байна.

Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч, нэхэмжлэгч Х.А нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: цалингийн зээл нь зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой бөгөөд зээлийн үүргийн гүйцэтгэл нь зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд түүний бусдын өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болно, банк зээлийн мөнгийг Б.А олгосон тул миний бие хариуцан төлөх үндэслэлгүй, зээлийн гэрээнд хамтран үүрэг хүлээх хүсэл сонирхол анхнаасаа байгаагүй, Б.А хамтран үүрэг гүйцэтгэгч төрсөн эцэг Болотыг тэтгэвэрт гарахад үүргээс чөлөөлсөн. Иймд 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ -- дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ2017№№ дугаартай цалингийн зээлийн гэрээ, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ2017: дугаартай 27 554 537.74 төгрөгийн цалингийн зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасан хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй хэлцэл бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Талууд хүсэл зоригоо илэрхийлж, банкнаас зээл авсан бөгөөд Х.А нь хэн нэгний дарамт шахалт, гуйлт ятгалагаар хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон явдал тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Х.Асемгүлийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Хаан банк ХХК-ний Орхон салбарын Гааль дахь тооцооны төв нь нэхэмжлэгч Х.Асемгүльд холбогдуулан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ2017: дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 22 992 909.77 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд Хаан банк ХХК-ний Орхон салбарын Гааль дахь тооцооны төв нь хариуцагч Х.А зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Зээлдэгч Х.А зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, банкнаас зээл буцаан дуудах мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч үр дүн гараагүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар банк гэрээнээс татгалзах эрхтэй.

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ2017: дугаартай зээлийн гэрээний 4.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн адил эрх, үүрэгтэй байхаар зохицуулсан боловч гэрээнд заасан хэмжээний зээлийг авч ашиглах эрхийг хязгаарласан байна. Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар адил тэнцүү эрх эдэлж, үүрэг хүлээдэг бол хамтран үүрэг гүйцэтгэгчийн зээл ашиглах эрхийг банкны зүгээс хязгаарлаж байгаа нь учир дутагдалтай юм.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар зээлийн зориулалт нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг дуусгавар болохоор хуульчилсан байна. Иймд Б.А нас барснаар үүрэг дуусгавар болсон гэж тооцож 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төлөх үндсэн зээлийн 50 хувийг Х.Асемгүльд хариуцуулахаар шийдвэрлэв. Тодруулбал: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11.-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан тул зээлдэгч нарт ижил тэнцүү хариуцуулан тооцсон болно.

Зээлдэгч Х.Асемгүль, Б.А нар хууль ёсны гэр бүл биш хамтран амьдрагчид болох нь тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00138 дугаартай шүүхийн шийдвэрээр нотлогдох бөгөөд барьцаа хөрөнгө нь өв залгамжлалын асуудлаар шийдвэрлэгдэнэ. Өөрөөр хэлбэл зээлийн барьцаанд бариулсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Б.А нас барсан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах үндэслэлгүй юм.

Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Х.А үндсэн зээлийн төлбөрт 10 721 474.42 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-ний Орхон салбар Гааль дахь тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах болон 12 271 435.35 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч Х.А нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа урьдчилан төлөх улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 272 914.55 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Х.А 186 493.59 төгрөг гаргуулан Хаан банк ХХК-ний Орхон салбарын Гааль дахь тооцооны төвд олгохоор заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэгт зааснаар Хаан банктай байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ2017: тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Х.Асемгүлийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

2.    Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 242 дугаар зүйлийн 242.11., 451 дүгээр зүйлийн 451.1., дэх хэсэгт заасныг баримтлан Хаан банк ХХК, Б.А , Х.А нарын хооронд байгуулагдсан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ2017: тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Х.А үндсэн зээлийн төлбөрт 10 721 474.42 төгрөг /арван сая долоон зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун далан дөрвөн төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөг гаргуулан Хаан банк ХХК-ний Орхон салбар Гааль дахь тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах болон 12 271 435.35 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.А улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 272 914.55 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Х.А 186 493.59 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-ний Орхон салбар Гааль дахь тооцооны төвд олгосугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ