Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 132

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 207/МА2019/00132

 

Х.Асемгүлийн нэхэмжлэлтэй хариуцагч

Хаан банкны Орхон салбар Гааль дахь

тооцооны төвийн эрхлэгч С.Ариунсайханд

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2019/00826 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.Асемгүлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Хаан банкны Орхон салбар Гааль дахь тооцооны төвийн эрхлэгч С.Ариунсайханд холбогдох,

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэг 22.992.909.77 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунсайханы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунсайхан, хариуцагчийн өмгөөлөгч С.Гантогтох, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* миний хүүхдүүдийн эцэг Б.Арман 2018 оны 12 дугаар сарын 31-нд өвчний улмаас нас барсан бөгөөд Улаанбаатар төмөр замын "Эрдэнэт" өртөөнд ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа Хаан банкны Орхон салбарын "Гааль" тооцооны төвөөс удаа дараа цалингийн зээл авч байсан. Тус банкны салбар нь Б.Арманд цалингийн зээл олгохдоо аавыг нь болон намайг хамтран зээлдэгчээр оруулж байсан бөгөөд одоо надаас зээл төлөхийг байнга шаардаж амгалан тайван байдлыг маань алдагдуулж байна. Б.Арман 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нас барчихаад байхад түүний цалингийн зээлийг надаас нэхээд хүүг нь зогсоохгүй чи зээлдэгч чи төлнө гэдэг шаардлагыг байнга тавьж удаа дараа мэдэгдэл өгч байна. Иргэний хуулийн 240-р зүйлийн 240.1.2-т "үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан" тохиолдолд түүний бусдын өмнө хүлээсэн үүрэг бүр мөсөн дуусгавар болохоор хуульчилжээ. Зээлдэгч Б.Арманы цалингийн зээлийг хамтран амьдрагч надаар төлүүлэх гэж байгаа банкны үйл ажиллагаа хууль бус юм. Зээлдэгч ажлаа хийж байгаа тохиолдолд цалингийн зээл олгогдож, зээлийн төлөлт хийгдэнэ. Түүний ажлыг би үргэлжлүүлэн хийх боломжгүй учир би төлөх үүрэг хүлээхгүй. Тэгээд ч банкны зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус юм. Би ажил хийж цалин авахгүй байхад намайг уг зээлийн хамтран зээлдэгч гэж надаар зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулж байгаа явдал нь хуульд нийцэхгүй үйлдэл юм. Ажил хийж цалин авч байгаа хүнд л түүний цалин орлогыг нь шалгаж түүнд нь тохируулж зээл олгож байгааг цалингийн зээл гэх бөгөөд ажил хийж цалин авдаггүй хэн нэгнийг хамтран зээлдэгч гэж нэрийг нь зээлийн гэрээнд хууль зөрчиж оруулчхаад түүнээс зээл төлөхийг шаардах эрх банканд байхгүй. Банк зээлийн гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн холбогдох зүйл заалтууд, Банкны тухай /Шинэчилсэн найруулга/, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг үндэслэн зээл олгох учиртай байтал хууль зөрчиж зөвхөн өөрийн хууль ёсны эрх ашгийн төлөө гэрээнүүдийг байгуулжээ. Иймд: 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ201642684539 дугаартай барьцаат зээлийн 15.451.623.49 төгрөгийн цалингийн зээлийн гэрээг, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ-2017-42979838 дугаартай 15.700.000 төгрөгийн цалингийн зээлийн гэрээг, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ-2017-43213477 дугаартай 27.554.537.74 төгрөгийн цалингийн зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Зээлдэгч Б.Арман, ******* нар нь Хаан банкны Орхон салбарын Гааль тооцооны төвөөс анх 2014 оны 10 дугаар сарын 20-ний өдөр №ЗГ 14/48 дугаартай зээлийн гэрээ байгуулж зээл авахдаа гэр бүлийн хэрэгцээнд зориулж цалингийн зээл авсан үүнээс хойш уг цалингийн зээлийн үлдэгдэл дээрээ нэмж 3 удаагийн нэмэлт зээл авч байсан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр №ЗГ201642684539 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 15.451.623.49 төгрөгийн зээл авч улмаар 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр №ЗГ201743213477 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан нэмж 13.900.000 төгрөгийн зээл авч нийт 27.554.537.74 төгрөг болсон. Эдгээр зээлүүд нь гэр бүлийн хэрэгцээнд зориулж авсан зээлүүд болно. Уг зээлүүдэд үндсэн зээлдэгчээр Б.Арман, хамтран үүрэг гүйцэтгэгчээр ******* орж зээл судлагдахдаа үндсэн болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн цалин судлагдаж уг зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлого мөн адил судлагдсан болно. Уг зээлийг олгохдоо үндсэн болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэн аль нь орлогоо судлуулж өөрсдөө банкинд бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэж зээл судлагдаж олгогдсон бөгөөд зээл нэмж олгох бүрт үндсэн болон хамтран үүрэг гүйцэтгэгч нарын цалин орлого тогтмол судлагдаж байсан. Зээлдэгч Б.Арман, ******* нар албан ёсны гэр бүл бөгөөд тус зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон, үндсэн зээлдэгч Б.Арман нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нас барсан, нас барснаас хойш зээлийн гэрээний төлөлт тасарч үүрэг зөрчигдөж эхэлсэн. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт гэрээ байгуулах хэлбэрийг хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-дэх хэсэгт хэлцлийг хуульд заасан хэлбэрээр...хийнэ гэж зааснаас үзэхэд хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.4 дэх хэсэгт бичгээр хийсэн хэлцлийг хийсэн гэж үзэх, 196 дугаар зүйлд заасан гэрээг байгуулсанд тооцох үндэслэлийг хангасан тул нэхэмжлэлд дурдсан гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусд тооцох хэлцлийн шинжийг агуулаагүй хүчин төгөлдөр хэлцэл болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хаан банкны Орхон салбар Гааль дахь тооцооны төв сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Зээлдэгч Б.Арман, X.Асемгүль нар нь Хаан банкны Орхон салбарын Гааль тооцооны төвөөс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр №ЗГ201642684539 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 15 451 623.49 төгрөгийн зээл авч улмаар 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр №ЗГ201743213477 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан нэмж 13.900.000 төгрөгийн зээл авч нийт 27.554.537.74 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар хувийн хэрэгцээний зориулалтаар зээлж уг зээлийн барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9 дүгээр баг, Шанд 7-3 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2101003401 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2101004550 дугаартай хувийн сууц зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 6.151.588.89 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6.183.882 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10.240 төгрөг, нийт 12.345.710.89 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /132 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна. Иймд банк зээлийн гэрээнд заасны дагуу 2017 оны 09 дүгээр сарын 04-ний №ЗГ201743213477 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 21.402.948.85 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.542.419.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 27.541.29 төгрөг, нийт 22.972.909.77 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 20.000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох зээлдэгч Б.Арманы өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2101003401 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9 дүгээр баг Шанд 7-3 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний газар, тус хаягт байрлах Ү-2101004550 дугаартай хувийн сууц зэрэг үл хөдлөх хөрөнгөөр тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбартаа:

Банк зээлийн төлбөрт 22.972.909.77 төгрөг гаргуулахаар шаардсан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 240-р зүйлийн 240.1.2-т "үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан" тохиолдолд түүний бусдын өмнө хүлээсэн үүрэг бүр мөсөн дуусгавар болохоор хуульчилжээ. Хуулийн дээрх заалтаас харахад хувь хүний эрхэлж буй ажлыг тухайн хүн өөрөө л хийхээс түүний өмнөөс хэн нэгэн ажиллах хууль зүйн үндэслэл байхгүй, ******* банкнаас зээл аваагүй учир ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д "Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид зээлдэгч" гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, /цаашид зээлдэгч/ гэнэ гэжээ. Мөн хуулийн 21-р зүйлийн 21.4-т "Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэжээ. Хуулийн дээрх заалтуудаас харахад банк хамтран зээлдэгч гэх Х.Асемгүлийн дансанд удаа дараа олгоод байгаа зээлүүдээсээ нэг ч төгрөгийг хийгээгүй учир түүнд зээл олгосон гэж үзэх үндэслэлгүй юм. Банкны тухай /Шинэчилсэн найруулга/, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг үндэслэн зээл олгох учиртай байтал хууль зөрчиж зөвхөн өөрийн хууль ёсны эрх ашгийн төлөө зээлийн гэрээнүүдийг байгуулжээ. Иймд Хаан банкны Орхон салбарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2019/00826 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэгт зааснаар Хаан банктай байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ201743213477 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Х.Асемгүлийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 242 дугаар зүйлийн 242.11., 451 дүгээр зүйлийн 451.1., дэх хэсэгт заасныг баримтлан Хаан банк ХХК, Б.Арман, ******* нарын хооронд байгуулагдсан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ201743213477 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Х.Асемгүлээс үндсэн зээлийн төлбөрт 10.721.474.42 төгрөг /арван сая долоон зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун далан дөрвөн төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөг гаргуулан Хаан банк ХХК-ний Орхон салбар Гааль дахь тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах болон 12.271.435.35 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 272 914.55 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Х.Асемгүлээс 186.493.59 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-ний Орхон салбар Гааль дахь тооцооны төвд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунсайхан давж заалдсан гомдолдоо:

Хаан банкны Орхон салбарын Гааль тооцооны төв нь *******д холбогдуулан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний №ЗГ201743213477 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 22.972.909.77 төгрөг, нотариатын зардал 20.000 төгрөг нийт 22.992.909.77 төгрөг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ иргэний хууль болон бусад хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн байна. Зээлдэгч Б.Арман нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нас барсан бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч мөн бөгөөд мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгүүлэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд гүйцэтгэх хүртэл гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр гэж зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар нь хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Асемгүлээс зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардсан. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх заалтыг үндэслэж, хариуцагч Х.Асемгүлээс 10.721.474.42 төгрөгийг гаргуулж, үлдэх 12.271.435.35 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т дахь заалтын хувьд зөвхөн Б.Арманы хувьд хамаарах зохицуулалт бөгөөд уг зээлийн гэрээний үүрэг нь хамтран үүрэг гүйцэтгэгч *******д шилжсэн бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр байхаар хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх заалтын хувьд үүрэг гүйцэтгүүлэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хооронд үүргийн харилцаа үүсэхэд хамтран үүрэг гүйцэтгэгчдийн өөр хооронд мөн үүргийн дотоод харилцаа үүсдэг бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эсэхээ өөрөө шийдэх бөгөөд энэ тохиолдолд тухайн үүрэг гүйцэтгэгч гүйцэтгэх бөгөөд энэхүү үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь бусад үүрэг гүйцэтгэгчээс шаардах хуулийн зохицуулалт юм. Зээлийн хүүгийн төлбөрийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төлөх үндсэн зээлээр тооцож шийдвэрлэсэн нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүүг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэний хууль болон холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2019/00826 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж хэрэгсэхгүй болгосон 12.271.435.35 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай хуулийн иргэний хэрэг хүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч Хаан банкны Орхон салбар Гааль дахь тооцооны төвд холбогдуулан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч гааль дахь тооцооны төв нь нэхэмжлэгч Х.Асемгүлээс зээлийн гэрээний үүрэг 22.992.909.77 төгрөг гаргуулах зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч гааль дахь тооцооны төв болон нэхэмжлэгч ******* нар шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* хариуцагч хаан банкны Орхон салбар гааль дахь тооцооны төв талийгаач нөхөр Б.Армантай байгуулсан 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 3Г201642684539 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээ 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3Г201742979838 дугаартай цалингийн зээлийн гэрээ 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 3Г201743213477дугаартай цалингийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж хариуцагчтай мэтгэлцжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээрх зээлийн гэрээнүүдэд үндэслэсэн ба Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан бол түүний бусдын өмнө хүлээсэн үүрэг бүр мөсөн дуусгавар болно гэсэн зохицуулалтанд үндэслэн тайлбар гарган мэтгэлцсэн байна.

Банк 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зээлдэгч Б.Арман, ******* нартай № 3Г201642684539 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 15.451.623.49 төгрөгийн зээл, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр №3Г201743213477 дугаартай зээлийн гэрээг байгуулан 13.900.000 төгрөгийн зээл авч нийт 27.554.537.74 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар Баян-Өндөр сумын 9 дүгээр баг, Шанд 7-3 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууцыг барьцаалж авсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Зээлдэгч Б.Арман нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нас барсан болох нь улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар нотлогдсон байна.

Нэхэмжлэгч ******* нь хаан банкны Орхон салбарын гааль дахь тооцооны төвтэй Б.Арманы байгуулсан 3 удаагийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон нь зээлийн гэрээнүүдээр тогтоогдсон байх бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгчээр зөвхөн цалингийн зээлийн гэрээнд оролцсон гэж үзэх боломжгүй байх тул түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно. Учир нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ болон 2017 оны 07 дүгээр сарын 04-ний өдрийн хэрэглээний зээлийн гэрээнд хамтран зээлдэгч үүрэг гүйцэтгэгчээр оролцож зээлийн төлбөрийг сар бүр эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, зээлийн буцаан төлүүлэх мэдэгдэл хүлээн авсан тохиолдолд банкны шаардсаны дагуу зээлийн төлбөрийг заасан хугацаанд гүйцэтгэхээр зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж үүрэг хүлээж оролцсон байх ба зээл авах хүсэлтийг банканд гаргаж, цалингийн тодорхойлолт, зээл хүсэгчийн анкет өгч байсан талаар нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Анхан шатны шүүхэд талууд хүсэл зоригоо илэрхийлж, банкнаас зээл авсан бөгөөд ******* нь хэн нэгний дарамт шахалт, гуйлт ятгалгаар хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, банк иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-т зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй, барьцаа хөрөнгө нь өв залгамжлалын журмаар шийдвэрлэгдэнэ гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь иргэний хуульд нийцсэн үндэслэлтэй байна.

Харин шүүх Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.-т зааснаар зээлийн зориулалт нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг дуусгавар болохоор хуульчилсан тул 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төлөх үндсэн зээлийн 50 хувийг *******д хариуцуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2019/00826 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунсайханы гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Хаан банкны Орхон салбар Гааль дахь тооцооны төвийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 211.292.96 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ