Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00247

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021           03            23                                          001/ХТ2021/00247

 

 

 

...........ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2019/00826 дугаар шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 132 дугаар магадлалтай,

 

...........ийн нэхэмжлэлтэй

...........д холбогдох

 

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэг 22,992,909.77 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч ...........ь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...........ь миний хүүхдүүдийн эцэг ........... 2018 оны 12 дугаар сарын 31-нд өвчний улмаас нас барсан бөгөөд Улаанбаатар төмөр замын "Эрдэнэт" өртөөнд ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ...........өөс удаа дараа цалингийн зээл авч байсан. Тус банкны салбар нь ...........д цалингийн зээл олгохдоо аавыг нь болон намайг хамтран зээлдэгчээр оруулж байсан бөгөөд одоо надаас зээл төлөхийг байнга шаардаж амгалан тайван байдлыг маань алдагдуулж байна. ........... 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нас барчихаад байхад түүний цалингийн зээлийг надаас нэхээд хүүг нь зогсоохгүй чи зээлдэгч чи төлнө гэдэг шаардлагыг байнга тавьж удаа дараа мэдэгдэл өгч байна. Иргэний хуулийн 240-р зүйлийн 240.1.2-т "үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан" тохиолдолд түүний бусдын өмнө хүлээсэн үүрэг бүр мөсөн дуусгавар болохоор хуульчилжээ. Зээлдэгч ...........ы цалингийн зээлийг хамтран амьдрагч надаар төлүүлэх гэж байгаа банкны үйл ажиллагаа хууль бус юм. Зээлдэгч ажлаа хийж байгаа тохиолдолд цалингийн зээл олгогдож, зээлийн төлөлт хийгдэнэ. Түүний ажлыг би үргэлжлүүлэн хийх боломжгүй учир би төлөх үүрэг хүлээхгүй. Тэгээд ч банкны зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус юм. Би ажил хийж цалин авахгүй байхад намайг уг зээлийн хамтран зээлдэгч гэж надаар зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулж байгаа явдал нь хуульд нийцэхгүй үйлдэл юм. Ажил хийж цалин авч байгаа хүнд л түүний цалин орлогыг нь шалгаж түүнд нь тохируулж зээл олгож байгааг цалингийн зээл гэх бөгөөд ажил хийж цалин авдаггүй хэн нэгнийг хамтран зээлдэгч гэж нэрийг нь зээлийн гэрээнд хууль зөрчиж оруулчхаад түүнээс зээл төлөхийг шаардах эрх банканд байхгүй. Банк зээлийн гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн холбогдох зүйл заалтууд, Банкны тухай /Шинэчилсэн найруулга/, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг үндэслэн зээл олгох учиртай байтал хууль зөрчиж зөвхөн өөрийн хууль ёсны эрх ашгийн төлөө гэрээнүүдийг байгуулжээ. Иймд: 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ201642684539 дугаартай барьцаат зээлийн 15.451.623.49 төгрөгийн цалингийн зээлийн гэрээг, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ-2017-42979838 дугаартай 15.700.000 төгрөгийн цалингийн зээлийн гэрээг, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ-2017-43213477 дугаартай 27.554.537.74 төгрөгийн цалингийн зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлдэгч ..........., ...........ь нар нь Хаан банкны Орхон салбарын Гааль тооцооны төвөөс анх 2014 оны 10 дугаар сарын 20-ний өдөр №ЗГ 14/48 дугаартай зээлийн гэрээ байгуулж зээл авахдаа гэр бүлийн хэрэгцээнд зориулж цалингийн зээл авсан үүнээс хойш уг цалингийн зээлийн үлдэгдэл дээрээ нэмж 3 удаагийн нэмэлт зээл авч байсан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр №ЗГ201642684539 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 15.451.623.49 төгрөгийн зээл авч улмаар 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр №ЗГ201743213477 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан нэмж 13.900.000 төгрөгийн зээл авч нийт 27.554.537.74 төгрөг болсон. Эдгээр зээлүүд нь гэр бүлийн хэрэгцээнд зориулж авсан зээлүүд болно. Уг зээлүүдэд үндсэн зээлдэгчээр ..........., хамтран үүрэг гүйцэтгэгчээр ...........ь орж зээл судлагдахдаа үндсэн болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн цалин судлагдаж уг зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлого мөн адил судлагдсан болно. Уг зээлийг олгохдоо үндсэн болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэн аль нь орлогоо судлуулж өөрсдөө банкинд бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэж зээл судлагдаж олгогдсон бөгөөд зээл нэмж олгох бүрт үндсэн болон хамтран үүрэг гүйцэтгэгч нарын цалин орлого тогтмол судлагдаж байсан. Зээлдэгч ..........., ...........ь нар албан ёсны гэр бүл бөгөөд тус зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон, үндсэн зээлдэгч ........... нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нас барсан, нас барснаас хойш зээлийн гэрээний төлөлт тасарч үүрэг зөрчигдөж эхэлсэн. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт гэрээ байгуулах хэлбэрийг хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-дэх хэсэгт хэлцлийг хуульд заасан хэлбэрээр...хийнэ гэж зааснаас үзэхэд хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.4 дэх хэсэгт бичгээр хийсэн хэлцлийг хийсэн гэж үзэх, 196 дугаар зүйлд заасан гэрээг байгуулсанд тооцох үндэслэлийг хангасан тул нэхэмжлэлд дурдсан гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусд тооцох хэлцлийн шинжийг агуулаагүй хүчин төгөлдөр хэлцэл болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хаан банкны Орхон салбар Гааль дахь тооцооны төв сөрөг нэхэмжлэлдээ: Зээлдэгч ..........., X.Асемгүль нар нь Хаан банкны Орхон салбарын Гааль тооцооны төвөөс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр №ЗГ201642684539 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 15 451 623.49 төгрөгийн зээл авч улмаар 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр №ЗГ201743213477 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан нэмж 13.900.000 төгрөгийн зээл авч нийт 27.554.537.74 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар хувийн хэрэгцээний зориулалтаар зээлж уг зээлийн барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9 дүгээр баг, Шанд 7-3 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2101003401 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ...........дугаартай хувийн сууц зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 6.151.588.89 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6.183.882 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10.240 төгрөг, нийт 12.345.710.89 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /132 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна. Иймд банк зээлийн гэрээнд заасны дагуу 2017 оны 09 дүгээр сарын 04-ний №ЗГ201743213477 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 21.402.948.85 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.542.419.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 27.541.29 төгрөг, нийт 22.972.909.77 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 20.000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох зээлдэгч ...........ы өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2101003401 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9 дүгээр баг Шанд 7-3 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний газар, тус хаягт байрлах ...........дугаартай хувийн сууц зэрэг үл хөдлөх хөрөнгөөр тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Банк зээлийн төлбөрт 22.972.909.77 төгрөг гаргуулахаар шаардсан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 240-р зүйлийн 240.1.2-т "үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан" тохиолдолд түүний бусдын өмнө хүлээсэн үүрэг бүр мөсөн дуусгавар болохоор хуульчилжээ. Хуулийн дээрх заалтаас харахад хувь хүний эрхэлж буй ажлыг тухайн хүн өөрөө л хийхээс түүний өмнөөс хэн нэгэн ажиллах хууль зүйн үндэслэл байхгүй, ...........ь банкнаас зээл аваагүй учир ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д "Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид зээлдэгч" гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, /цаашид зээлдэгч/ гэнэ гэжээ. Мөн хуулийн 21-р зүйлийн 21.4-т "Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэжээ. Хуулийн дээрх заалтуудаас харахад банк хамтран зээлдэгч гэх ...........ийн дансанд удаа дараа олгоод байгаа зээлүүдээсээ нэг ч төгрөгийг хийгээгүй учир түүнд зээл олгосон гэж үзэх үндэслэлгүй юм. Банкны тухай /Шинэчилсэн найруулга/, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг үндэслэн зээл олгох учиртай байтал хууль зөрчиж зөвхөн өөрийн хууль ёсны эрх ашгийн төлөө зээлийн гэрээнүүдийг байгуулжээ. Иймд Хаан банкны Орхон салбарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2019/00826 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэгт зааснаар Хаан банктай байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ201743213477 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч ...........ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 242 дугаар зүйлийн 242.11., 451 дүгээр зүйлийн 451.1., дэх хэсэгт заасныг баримтлан Хаан банк ХХК, ..........., ...........ь нарын хооронд байгуулагдсан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ201743213477 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, ...........ээс үндсэн зээлийн төлбөрт 10.721.474.42 төгрөг /арван сая долоон зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун далан дөрвөн төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөг гаргуулан ...........д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах болон 12.271.435.35 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ...........ь улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 272 914.55 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, ...........ээс 186.493.59 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...........д олгож шийдвэрлэжээ.

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 132 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2019/00826 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунсайханы гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Хаан банкны Орхон салбар Гааль дахь тооцооны төвийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 211.292.96 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалуудыг Иргэний хуулийн холбогдох зүйл заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ гэж үзнэ эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх 2019.06.24-ний өдрийн хурлаараа ...........ийн нэхэмжлэлтэй Хаан банкны Орхон салбарт хариуцагдах зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагатай. Хаан банкны Орхон салбарын сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл заалтууд болон зээлийн гэрээний заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдоно. Маргааны гол зүйл болох зээлийн гэрээнүүдийг банктай ........... хийж, барьцаа нь түүний цалин болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байхад шүүх Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.11-д заасан “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэсэн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байхад хэргийг бүхэлд нь хянаж байгаа давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэнгүй. Үүнд: 1.Тус банкны салбар нь ...........д цалингийн зээл олгохдоо аавыг нь болон ...........ийг хамтран зээлдэгчээр оруулж байсан бөгөөд зээлдэгч ........... 2018.12.31-ний өдөр нас барсан. Гэтэл Иргэний хуулийн 240-р зүйлийн 240.1.2-т: “үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан” тохиолдолд түүний бусдын өмнө хүлээсэн үүрэг бүр мөсөн дуусгавар болохоор хуульчилжээ. ...........ы цалингийн зээлийг хамтран амьдрагч ...........ээр төлүүлэх гэж байгаа банкны үйл ажиллагаа болон шүүхийн шийдвэр хуульд нийцсэнгүй. Хуулийн дээрх заалтаас харахад зээлдэгч ........... ажлаа хийж байгаа тохиолдолд цалингийн зээл олгогдож, зээлийн төлөлт хийгдэнэ. Түүний ажлыг түүний өмнөөс хэн нэгэн ажиллаж цалинг нь үргэлжлүүлэн авах боломжгүй учир ...........ь төлөх үүрэг хүлээхгүй. 2. 2016.07.05-нд ...........ы төрсөн эцэг, хамтран зээлдэгч Ж.Болот тэтгэвэрт гарсан учир хамтран зээлдэгч байх боломжгүй гээд өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмээд 2 900 000 төгрөгийн цалингийн зээл олгохдоо ...........ы хамтран амьдрагч ...........ийг хамтран зээлдэгч болгож өмнөх зээлийн үлдэгдэл 12 551 623.49 төгрөг дээр нэмээд нийт 15 451 623.49 төгрөгийн зээл олгов гээд ...........ээр гарын үсэг зуруулсан байна. Банкны цалингийн зээлийн гэрээн дээр өөр бусдаар гарын үсэг зуруулаад байгаа үйлдэл нь хуульд хир нийцэж байгаад шүүх дүгнэлт хийсэнгүй. 3. Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.3-т: “Банк, төлбөр тооцоо хийх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан хийх төлбөр тооцооны харилцааг хуулиар зохицуулна” гэжээ. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийн 20.1-д: “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид “зээлдэгч” гэх/-д олгохыг банк,зээлийн үйл ажиллагаа эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, /цаашид “зээл” гэх/ гэнэ. Мөн хуулийн 21-р зүйлийн 21,4-т: “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэснээс харахад банк хамтран зээлдэгч гэх ...........ийн дансанд удаа дараа олгоод байгаа зээлүүдээсээ нэг ч төгрөгийг хийгээгүй учир түүнд зээл олгосон гэж үзэх үндэслэлгүй юм. Ажил хийж цалин авч байгаа хүнд л түүний цалин орлогыг нь шалгаж түүнд нь тохируулж зээл олгож байгааг цалингийн зээл гэх бөгөөд ажил хийж цалин авдаггүй хэн нэгнийг хамтран зээлдэгч гэж нэрийг нь зээлийн гэрээнд хууль зөрчиж оруулчихаад түүнээс зээл төлөхийг шаардах эрх банкинд байхгүй. Банк зээлийн гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээг банк байгуулахдаа Иргэний хуулийн холбогдох зүйл заалтууд, Банкны тухай /Шинэчилсэн найруулга/, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг үндэслэн зээл олгох учиртай байтал хууль зөрчиж зөвхөн өөрийн хууль ёсны эрх ашгийн төлөө гэрээнүүдийг байгуулжээ. 2017.09.04-ний өдрийн ЗГ201743213477 дугаартай зээлийн гэрээний 4-р зүйлд: 3ээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх үүрэг тусгагдсан байх ба 4.3-т: Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх /энэ гэрээний 4.1.1 болон 4.1.4-т зааснаас бусад/-ийг эдэлж үүрэг хүлээнэ гэсэн байгаагаас харахад ...........ь гэрээний 4.1.1-д заасан Зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсноор гэрээнд заасан хэмжээний зээлийг авч ашиглах эрх байхгүй, мөн гэрээний 4.4-т заасан даатгалын нөхөн төлбөр зэргийг шаардах эрхгүй болох нь харагдаж байхад түүнд төлбөр төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунсайхан хяналтын гомдолдоо: Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. ...........нь ...........ьд холбогдуулан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний №ЗГ201743213477 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 22 972 909.77 төгрөг, нотариатын зардал 20 000 төгрөг нийт 22 992 909.77 төгрөг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хууль болон бусад хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн байна. Зээлдэгч ........... нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нас барсан бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч ...........ь нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч мөн бөгөөд мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгүүлэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр” гэж зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар нь хамтран үүрэг гүйцэтгэгч ...........ээс зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардсан. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх заалтыг үндэслэж, хариуцагч ...........ээс 10 721 474.42 төгрөгийг гаргуулж, үлдэх 12 271 435.35 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар зээлийн зориулалт нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг дуусгавар болохоор хуульчилсан тул ........... нас барснаар үүрэг дуусгавар болсон гэж тооцож 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төлөх үндсэн зээлийн 50 хувийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасныг үндэслэн ...........ээс зээлийн төлбөрийн 50 хувийг гаргуулж шийдвэрлэсэн. Зээл авахад хамтран үүрэг гүйцэтгэгч ...........ь үндсэн зээлдэгчийн нэгэн адил баримт бичгийг бүрдүүлж, гэрээнд заасан нөхцөлийг зөвшөөрч, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийг ойлгож, ухамсарласны үндсэн дээр дээрх гэрээний оролцогч болсон гэж үзнэ. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т дахь заалтын хувьд зөвхөн ...........ы хувьд хамаарах зохицуулалт бөгөөд уг зээлийн гэрээний үүрэг нь хамтран үүрэг гүйцэтгэгч ...........ьд шилжсэн бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нъ гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр байхаар хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх заалтын хувьд үүрэг гүйцэтгүүлэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хооронд үүргийн харилцаа үүсэхэд хамтран үүрэг гүйцэтгэгчдийн өөр хооронд мөн үүргийн дотоод харилцаа үүсдэг бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эсэхээ өөрөө шийдэх бөгөөд энэ тохиолдолд тухайн үүрэг гүйцэтгэгч гүйцэтгэх бөгөөд энэхүү үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь бусад үүрэг гүйцэтгэгчээс шаардах хуулийн зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Хаан банкны хувьд хууль буюу гэрээнд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч ...........ээс бүхэлд нь шаардах эрхтэй бөгөөд ...........ь нь нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн биелүүлж өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т зааснаар бусад үүрэг гүйцэтгэгч буюу ...........ы өв залгамжлагчаас нэхэмжлэх хуулийн зохицуулалт болно. Зээлийн хүүгийн төлбөрийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төлөх үндсэн зээлээр тооцож шийдвэрлэсэн нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүүг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны болон давж заалдах шүүхийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэний хууль болон холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж хэрэгсэхгүй болгосон 12 271 435.35 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ...........ь, хариуцагч Хаан банкны Орхон салбар Гааль дахь тооцооны төвд холбогдуулан цалингийн зээлийн 3 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч нь зээлийн гэрээг цуцалж, 22,992,909 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 10,721,474 төгрөгийг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

Хоёр шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнээс үүссэн үүргийн талаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул залруулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн гомдлыг тус тус хангахгүй орхино.

 

1. 2015 оны 10 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл 1 854 000 төгрөг дээр нэмж 15,500,000 төгрөгийг зээлж гэрээнд ..........., хамтран зээлдэгч Болат нар гарын үсэг зурсан, 2016 оны 7 сарын 05-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 12,551,623 төгрөг дээр нэмж 2,900,000 төгрөгийг зээлж нийт 15,451,623 төгрөгийн зээлийн гэрээнд  ..........., ...........ь нар, 2017 оны 09 сарын 04-ний өдрийн гэрээнд 13,900,000 төгрөгийг шинээр зээлж өмнөх зээлийн үлдэгдлийн хамт нийт 27,554,537 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлсэн гэрээнд ..........., ...........ь нар гарын үсгээ зуржээ.

 

...........ь нь нөхөр ...........тай хамтран зээл олгох хүсэлт гаргасан, зээлийн гэрээг хүсэл зоригийн дагуу байгуулсан, гэрээнд зээлийн зориулалтыг гэр бүлийн хэрэгцээнд гэж   заасан байх тул 2016 оны 07 сарын 05, 2017 оны 03 сарын 22, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн цалингийн барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй талаар шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцсэн дүгнэлтийг хийжээ.

 

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэж нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 57-60 дугаар зүйлд заасан аль ч үндэслэлийг заагаагүй байна. Зээлдүүлэгч буюу банкны зүгээс заавал хамтран зээлдэгч оролцуулахыг тулгасан, хүч хэрэглэсэн гэх байдал хэрэгт байгаа баримтын хүрээнд нотлогдоогүй байв.

 

Банкнаас зээл олгох гэрээгээр банк мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд  мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр тул талуудын хэн аль нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

 

Иймд зээлийн үүргийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Зээлдэгч ........... 2018 оны 12 сарын 31-ний өдөр нас барсан, хамтран хариуцагч зээлийг хариуцах үүрэг үүсэх боловч зээлийн үүргийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгөөс гадна ...........ы цалинг барьцаалсан, гэрээний 2.4.2, 3.2.2-т зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр зээлийг шууд суутгахаар тохирсон нөхцөл байдлыг харгалзан хамтран зээлдэгч ...........ийг зээлийн тал хувийг хариуцах ёстой гэж үзсэн шүүхийн бүрэн эрхийн дагуу хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Шүүх Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсан бол түүний бусдын өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болно гэсэн зохицуулалтад хамаарах үндэслэл тогтоогдсон гэж үзжээ. Энэ талаар буюу зээлийн үүргийг бүрэн хангаж өгөхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

2. Хоёр шатны шүүх барьцааны зүйлээс үүргийг хангуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэж залруулах боломжтой гэж үзэв.

 

Зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор 2017 оны 3 сарын 22-ны өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, ...........ы өмчлөлийн Баян-Өндөр сумын 9 дүгээр баг, Шанд 7-3 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууцыг барьцаалсан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д барьцааны эрх дуусгавар болох үндэслэлийг заасан ба зээлдэгч нас барснаар барьцааны үүргийг хангуулах боломжгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуулийн уг зохицуулалтыг зөрчжээ.

 

Барьцааны гэрээ хүчин төгөлдөр, тухайн хөрөнгөд үүрэг ногдсон бөгөөд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдөх, өв залгамжлалаар эрх бүхий этгээдэд шилжих нь барьцааны гэрээнд нөлөөлөхгүй бөгөөд шүүх Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 169 дүгээр зүйлийн 169.3, 171 зүйлийн 171.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг хэрэглээгүй нь буруу байна. Энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

 

Иймд барьцааны зүйлээс үүргийг хангуулах сөрөг нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2. дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 132 дугаар магадлалын 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2019/00826 дугаар шийдвэрийн 2 дах заалтад “...нэхэмжлэлийн шаардлагаас  барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах болон 12.271.435.35 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай....гэснийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцааны зүйл болох Баян-Өндөр сумын 9 дүгээр баг, Шанд 7-3 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийг хангуулахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс даалгаж, нэхэмжлэлээс 12,271,435 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөлт оруулж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч Хаан банк ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 211,292 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.СОНИНБАЯР

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

 

                                ШҮҮГЧИД                                              П.ЗОЛЗАЯА

 

                                                                                               Г.ЦАГААНЦООЖ

 

                                                                                               Д.ЦОЛМОН