Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 40

 

С.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01265/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 141 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Т-од холбогдох

          “149.201.183 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч М.Т-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа, хариуцагч М.Т-, хариуцагчийн өмгөөлөгч Л.Энхтунгалаг шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбатаас:

М.Т- нь өөрийн 5073055823 тоот дансаараа дамжуулан 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 20.000.000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 60.000.000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 13.000.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 7.000.000 төгрөг, нийт 100.000.000 төгрөгийг харилцан тохиролцож сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. М.Т- биднээс ...зээлсэн мөнгийг хүүтэй нь хугацаандаа өгнө гэж хэлээд авсан. Гэтэл зээлээ 2014 оны 06, 07 дугаар сард өгөх, зээлийн хүү 10.000.000 төгрөгөө тохиролцсон хугацаандаа өгч чадаагүй. М.Т-од зээлсэн мөнгөөр 7 дугаар сард мах бэлтгэх байсан юм. Энэ ажлыг гүйцэтгэх мөнгө хэрэгтэй болсон учир арга буюу Хас банкнаас 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр сарын 1,7 хувийн, жилийн 20.4 хувийн хүүтэй 80.000.000 төгрөг зээлж зээл, зээлийн хүүгийн дарамтанд орсон. Зээлсэн мөнгөө нэхэж М.Т- дээр очих бүрт ...хуурсаар зээлээсээ 30.000.000 төгрөгийг цувуулан төлж хугаслан 70.000.000 төгрөгийн авлага дээр бичгээр гэрээ хэлцэл хийж, баталгаажуулан төлж барагдуулах  хоног хугацаа, зээлийн хэмжээ, хүү зэргийг тохирсон боловч бас л төлбөрөө төлөөгүй юм. Энэ үед С.С-ийн нүдний хараа муудаж мөнгө бүтэхээр Солонгос руу эмчилгээнд явах гэж хүлээсээр нүдний хараа тэглэх эмчилгээ оройтож, эмчилгээгүй болж эрүүл мэнд, ахуй амьдрал, сэтгэл санаагаар маш их хохирлоо. 2016.10.28-ны өдөр дахин уулзаж, мөнгөө нэхэхэд 2016 оны 01 дүгээр сараас эхлэн зээлсэн мөнгөнөөс төлөгдөөгүй үлдсэн 70.000.000 төгрөгийн хүүнд сар бүр 2.000.000 төгрөг өгч байхаар болж, зөвхөн хүүнд нь 2017 онд 24.000.000 төгрөг, 2018 оны эхний 04 дүгээр сард 8.000.000 төгрөг, үндсэн зээлтэйгээ 141.300.000 төгрөг өгнө гэж эхний 04 сарын байдлаар тохирч, бичиг үйлдүүлж, гарын үсэг зурсан байдаг. Энэ тохиролцоогоо биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн учир дээрх бичгээр хийсэн удаа дараагийн гэрээнүүдийг үндэслэн Т-ын зээлсэн зээлээс төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийн 70.000.000 төгрөгийг анх эхэлсэн өдрөөс нь орон нутгийн банкны зээлийн ханшинд нийцүүлэн Хас банкны зээлийн гэрээний дагуу сарын 1.7 хувь, жилийн 20.4 хувийн хүү тооцон өнөөдрийг хүртэл төлөөгүй зээлийн алдангийг тус банкны жишгээр бодож хохирлоо гаргуулах нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.3-д нийцнэ гэж үзэж байна. Манай гэр бүл Хас банкнаас 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 80.000.000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй тус тус зээлж авч байсан учраас М.Т-од зээлүүлсэн мөнгийг энэ банкны ханшаар тооцох болно. Хаан банк дахь 5055277687 тоот данс эзэмшигч С.С- нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгат гарсан М.Т-ын эзэмшдэг 5073055823 тоот данс руу 2014 оны 05 дугаар сард удаа дараа шилжүүлсэн 20.000.000 төгрөг, 60.000.000 төгрөг, 13.000.000 төгрөг, 70.000.000 төгрөгийн хамгийн сүүлийн өдөр хийсэн шилжүүлгийн он сар өдрөөр нэхэмжлэх мөнгөний анх зээлээр өгсөн өдөр гэж тооцон зээлийн бодолтыг Хас банкны зээлийн гэрээний аргачлалаар бодож М.Т-оос зээл, зээлийн хүү 136.000.986 төгрөг, алданги 13.200.197 төгрөг бүгд 149.201.183 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн М.Т-оос:

С.С-ээс өөрийн дансаараа дамжуулан ...нийт 105.000.000 төгрөг хүлээн авсан. Гэтэл надаас 110.000.000 төгрөг болгож, илүү 5.000.000 төгрөг нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би С.С-т эхний удаа 30.000.000 сая төгрөг төлсөн ба үүнийг С.С- нь хүлээн зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ энэ талаар дурдсан нь үндэслэлтэй юм. Би дээрх мөнгөнөөс гадна нэмж бэлнээр 50.000.000 төгрөг төлж барагдуулсан ба С.С- нь тэмдэглэлдээ 110.000.000 төгрөгөөс хасах нь 50.000.000 төгрөг, үлдэгдэл 60.000.000 төгрөг гэж бичсэнээр батлагдаж байгаа бөгөөд гараар бичсэн энэ тэмдэглэл нь хавтаст хэрэгт байгаа. С.С-ээс зээлсэн мөнгөнөөс үлдсэн мөнгөө төлөхөөр 2015 оны эхээр иргэн Равдандорж овогтой Ганхуягаас 20.000.000 төгрөг зээлж, өөрөө энэ мөнгийг авалгүйгээр С.С-т иргэн Р.Ганхуягаар өөрөөр нь өгүүлсэн юм. Би С.С-ээс 6 удаагийн үйлдлээр нийт 105.000.000 төгрөг дансаар шилжүүлж авсан байхад үндэслэлгүйгээр 5.000.000 төгрөг нэмж 110.000.000 төгрөг мөн хүү, алданги тооцож мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. С.С-т 30.000.000 төгрөг, 50.000.000 төгрөг, 20.000.000 төгрөг, дансаар 12.000.000 төгрөг нийт 112.000.000 сая төгрөг төлж барагдуулсан тул одоо ямар нэг мөнгө төгрөг төлөх ёсгүй. Мөн бидний хооронд хүү, алданги тооцсон тухай гэрээг хууль ёсны дагуу бичгээр байгуулаагүй тул С.С- нь үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 141 дүгээр шийдвэрээр:

            Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч М.Т-оос 65.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.С-т олгож, 33.604.972 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 904.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Т-оос 482.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Т- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Иргэн С.С-ийн гараар бичсэн гэх хэрэгт авагдсан гэрээ сунгасан бичиг баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн мөртлөө бидний гаргаж өгсөн С.С-ийн гараар бичсэн гэх бичиг баримтуудыг нотлох баримтаар өгсөн боловч хүлээж аваагүй. Мөн  энэ бичиг баримтуудад бичигдсэн төлөгдсөн зээлийн талаарх гар бичмэлд шинжилгээ томилуулах хүсэлт гаргасан бол хүсэлтийг хүлээж авалгүй шаардлага хангаагүй гэж хэлэлцэлгүй орхисон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй С.С-, М.Т-, нарын гарын үсэг зурсан гэх баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэн 2015 оны 08 дугаар сард байгуулсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Мөн иргэн С.С- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хоёр удаа өөрчлөлт оруулсан ба анхны нэхэмжлэлдээ 70.000.000 төгрөгийг нэхэмжилсэн ба 115.000.000  төгрөгөөс 45.000.000 төгрөг хэдийд яаж авсан нь тодорхой бус энэ талаар тайлбарлаагүй ...2015 оны 08 дугаар сарын 10-нд байгуулсан гэрээ хэлцэл 97.000.000 төгрөг авна гээд төлөх ёстой үлдсэн 70.000.000 төгрөг гэж гэрээ хийсэн ба 45.000.000 төгрөгийг зөрүү яаж хасаж тооцсон тодорхой бус гэрээ хийсэн байдаг ба энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй шүүх хурал дээр асууж лавлахад тодорхой тайлбар гаргаагүй мөн төлбөрт 3.000.000 төгрөгийн үнэтэй хашааны шон өгсөн, ...50.000.000 төгрөг бэлнээр төлсөн зэрэг тэмдэглэл С.С-ийн хувийн гар бичмэл дээр бичигдсэн зэрэг баримтуудыг нотлох баримтын хэмжээнд судлаагүй, үнэлээгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд нотлох баримтуудын зөрүүг гаргах шинжилгээ томилуулж, гар бичмэлүүд дээрх мөнгөн дүнг тогтоолгох зэрэг ажиллагаануудыг зайлшгүй хийлгэх шаардлагатай ба энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбат хариуцагч М.Т-од холбогдуулж үндсэн зээл 70.000.000, хүү 66.000.986 төгрөг, алданги 13.200.197 төгрөг нийт 149.201.183 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээлийн үлдэгдэл 65.000.000 төгрөг учирсан хохирол 33.604.972 төгрөг нийт 98.604.972 төгрөг нэхэмжилснийг хариуцагч М.Т- эс зөвшөөрч нэхэмжлэгч С.С-т нэг ч төгрөгийн өргүй, 2014 оны 05 дугаар сард 115.000.000 төгрөг зээлээд 2014 оны 08-09 саруудад 118.000.000 төгрөг төлж барагдуулсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнээд хариуцагч М.Т-оос 65.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.С-т олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч М.Т- анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч С.С-ийн гараар бичсэн гэх хэрэгт хавсаргасан гэрээ сунгасан бичиг баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн мөртлөө бидний гаргаж өгсөн С.С-ийн гараар бичсэн гэх бичиг баримтуудыг нотлох баримтаар өгсөн боловч хүлээж аваагүй, мөн энэ бичиг баримтуудад бичигдсэн төлөгдсөн зээлийн талаарх гар бичмэлд шинжилгээ томилуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж авалгүй, шаардлага хангаагүй гэж авч хэлэлцэлгүй орхисон мөртлөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй С.С-, М.Т- нарын гарын үсэг зурсан гэх баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэн 2015 оны 08 дугаар сард байгуулсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм гэж давж заалдсан гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч С.С- хариуцагч М.Т-од 2014 оны 03-05 дугаар саруудад 6 удаагийн үйлдлээр 105.000.000 төгрөг, Ш.Энхбатаар дамжуулж 10.000.000 төгрөг нийт 115.000.000 зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрч Ш.Энхбатын мэдүүлэг, ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Хариуцагч М.Т- 2014 оны 06-09 дүгээр саруудад 7 удаагийн гүйлгээгээр 14.970.000 төгрөг нэхэмжлэгч С.С-ийн ХААН банк дахь данс руу шилжүүлсэн болох нь банкны дипозит дансны хуулгаар нотлогдох ба бэлнээр 15.030.000 төгрөг, Р.Ганхуягаар дамжуулж 20.000.000 төгрөг буцаан төлсөн болох нь гэрч Р.Ганхуягийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэргийн 18, 28 дугаар талд авагдсан баримтууд нь эх хувиараа хэрэгт авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө....” гэж заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч М.Т-оос гаргасан  ямар нотлох баримтыг шүүх хүлээж аваагүй болох нь баримтаар нотлогдоогүй, мөн нотлох баримтын талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байсан баримт хэрэгт авагдаагүй байна.

Нөгөөтэйгүүр шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагч М.Т- итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдын хамт шүүх хуралдаанд оролцсон байх бөгөөд шинээр гаргаж өгөх нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байгаа эсэх талаар асуусан хуралдаан даргалагчийн асуултад шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй, хүсэлт байхгүй гэж  тодорхой хариулж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах саналтай гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч М.Т- энэ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэг авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

Мөн анхан шатны шүүхийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн дүгнэлт нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, 79.7-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасантай тус тус нийцэж байна.

Иймд хариуцагч М.Т-ын шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж, нотлох баримтуудын зөрүүг гаргах, шинжилгээ хийлгүүлэх, гар бичмэлүүд дээрх мөнгөн дүнг тогтоолгох зэрэг ажиллагааг зайлшгүй хийлгэх шаардлагатай гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 141 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Т-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч М.Т-оос давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ     

                                                                 ШҮҮГЧИД                                    С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                      Л.АМАРСАНАА