Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2020/00073

 

С.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 141 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 40 дүгээр магадлалтай,

С.Сийн нэхэмжлэлтэй

М.Тод холбогдох

149 201 183 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч М.Тод гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Т нь өөрийн 5073055823 тоот дансаараа дамжуулан 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 20.000.000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 60.000.000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 13.000.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 7.000.000 төгрөг, нийт 100.000.000 төгрөгийг харилцан тохиролцож сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. М.Т биднээс ...зээлсэн мөнгийг хүүтэй нь хугацаандаа өгнө гэж хэлээд авсан. Гэтэл зээлээ 2014 оны 06, 07 дугаар сард өгөх, зээлийн хүү 10.000.000 төгрөгөө тохиролцсон хугацаандаа өгч чадаагүй. М.Тод зээлсэн мөнгөөр 7 дугаар сард мах бэлтгэх байсан юм. Энэ ажлыг гүйцэтгэх мөнгө хэрэгтэй болсон учир арга буюу Хас банкнаас 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр сарын 1,7 хувийн, жилийн 20.4 хувийн хүүтэй 80.000.000 төгрөг зээлж зээл, зээлийн хүүгийн дарамтанд орсон. Зээлсэн мөнгөө нэхэж М.Т дээр очих бүрт ...хуурсаар зээлээсээ 30.000.000 төгрөгийг цувуулан төлж хугаслан 70.000.000 төгрөгийн авлага дээр бичгээр гэрээ хэлцэл хийж, баталгаажуулан төлж барагдуулах хоног хугацаа, зээлийн хэмжээ, хүү зэргийг тохирсон боловч бас л төлбөрөө төлөөгүй юм. Энэ үед С.Саранчимэгийн нүдний хараа муудаж мөнгө бүтэхээр Солонгос руу эмчилгээнд явах гэж хүлээсээр нүдний хараа тэглэх эмчилгээ оройтож, эмчилгээгүй болж эрүүл мэнд, ахуй амьдрал, сэтгэл санаагаар маш их хохирлоо. 2016.10.28-ны өдөр дахин уулзаж, мөнгөө нэхэхэд 2016 оны 01 дүгээр сараас эхлэн зээлсэн мөнгөнөөс төлөгдөөгүй үлдсэн 70.000.000 төгрөгийн хүүнд сар бүр 2.000.000 төгрөг өгч байхаар болж, зөвхөн хүүнд нь 2017 онд 24.000.000 төгрөг, 2018 оны эхний 04 дүгээр сард 8.000.000 төгрөг, үндсэн зээлтэйгээ 141.300.000 төгрөг өгнө гэж эхний 04 сарын байдлаар тохирч, бичиг үйлдүүлж, гарын үсэг зурсан байдаг. Энэ тохиролцоогоо биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн учир дээрх бичгээр хийсэн удаа дараагийн гэрээнүүдийг үндэслэн М.Тын зээлсэн зээлээс төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийн 70.000.000 төгрөгийг анх эхэлсэн өдрөөс нь орон нутгийн банкны зээлийн ханшинд нийцүүлэн Хас банкны зээлийн гэрээний дагуу сарын 1.7 хувь, жилийн 20.4 хувийн хүү тооцон өнөөдрийг хүртэл төлөөгүй зээлийн алдангийг тус банкны жишгээр бодож хохирлоо гаргуулах нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.3-д нийцнэ гэж үзэж байна. Манай гэр бүл Хас банкнаас 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 80.000.000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй тус тус зээлж авч байсан учраас М.Тод зээлүүлсэн мөнгийг энэ банкны ханшаар тооцох болно. Хаан банк дахь 5055277687 тоот данс эзэмшигч С.С нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгат гарсан М.Тын эзэмшдэг 5073055823 тоот данс руу 2014 оны 05 дугаар сард удаа дараа шилжүүлсэн 20.000.000 төгрөг, 60.000.000 төгрөг, 13.000.000 төгрөг, 70.000.000 төгрөгийн хамгийн сүүлийн өдөр хийсэн шилжүүлгийн он сар өдрөөр нэхэмжлэх мөнгөний анх зээлээр өгсөн өдөр гэж тооцон зээлийн бодолтыг Хас банкны зээлийн гэрээний аргачлалаар бодож М.Тоос зээл, зээлийн хүү 136.000.986 төгрөг, алданги 13.200.197 төгрөг бүгд 149.201.183 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Сээс өөрийн дансаараа дамжуулан ...нийт 105.000.000 төгрөг хүлээн авсан. Гэтэл надаас 110.000.000 төгрөг болгож, илүү 5.000.000 төгрөг нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би С.Ст эхний удаа 30.000.000 сая төгрөг төлсөн ба үүнийг С.С нь хүлээн зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ энэ талаар дурдсан нь үндэслэлтэй юм. Би дээрх мөнгөнөөс гадна нэмж бэлнээр 50.000.000 төгрөг төлж барагдуулсан ба С.С нь тэмдэглэлдээ 110.000.000 төгрөгөөс хасах нь 50.000.000 төгрөг, үлдэгдэл 60.000.000 төгрөг гэж бичсэнээр батлагдаж байгаа бөгөөд гараар бичсэн энэ тэмдэглэл нь хавтаст хэрэгт байгаа. С.Сээс зээлсэн мөнгөнөөс үлдсэн мөнгөө төлөхөөр 2015 оны эхээр иргэн Равдандорж овогтой Ганхуягаас 20.000.000 төгрөг зээлж, өөрөө энэ мөнгийг авалгүйгээр С.Ст иргэн Р.Ганхуягаар өөрөөр нь өгүүлсэн юм. Би С.Сээс 6 удаагийн үйлдлээр нийт 105.000.000 төгрөг дансаар шилжүүлж авсан байхад үндэслэлгүйгээр 5.000.000 төгрөг нэмж 110.000.000 төгрөг мөн хүү, алданги тооцож мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. С.Ст 30.000.000 төгрөг, 50.000.000 төгрөг, 20.000.000 төгрөг, дансаар 12.000.000 төгрөг нийт 112.000.000 сая төгрөг төлж барагдуулсан тул одоо ямар нэг мөнгө төгрөг төлөх ёсгүй. Мөн бидний хооронд хүү, алданги тооцсон тухай гэрээг хууль ёсны дагуу бичгээр байгуулаагүй тул С.С нь үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 141 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч М.Тоос 65.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ст олгож, 33.604.972 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 904.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Тоос 482.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 40 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 141 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Тын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч М.Тоос давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Т хяналтын гомдолдоо: Миний гомдож буй учир нь С.Ст би 50 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн байхад С.С нь надад өөрийнхөө хөтөлдөг хар дэвтэр тэмдэглэл хийж, дараа нь тухайн бичилтээ канондож өгснийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөхөд шүүгчийн туслах нь нотлох баримтын шаардлага хангахгүй гээд хүлээн аваагүй. ...Нэхэмжлэгч С.Сийн нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох “Хас  банкны гэрээг баталсан байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй маргаанд намайг төлөөлөн оролцож миний нотлох баримтаар гаргаж өгсөн баримтыг шалгуулахгүйгээр тухайн хэргийг шийдвэрлүүлсний улмаас миний бие С.Ст дахин 50 сая төгрөг төлөх болж хохирч байна. 2.Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан Энхбатад 10 сая төгрөг зээлүүлснийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь би С.Сээс Энхбатаар дамжуулан мөнгө аваагүй ба С.С надад Энхбат надаас зээлээд чамд өгөөрэй гэсэн мөнгө төгрөг өгч авч байгаагүй. Харин Энхбат надтай хамтарч ажиллаж байхдаа хөрөнгө оруулалтын 10 сая төгрөгөө С.Сээс авч өгснийг надыг Энхбатаар дамжуулан зээлсэн гэсэн дүгнэлтэнд шүүх хийсвэрээр хүрсэн байна. Хэрвээ С.Сээс Энхбат мөнгө зээлэн авсан бол Энхбат өөрөө тэр мөнгөө төлөх үүрэг нь хуульд тодорхой байхад шүүх С.Сийн өмнө Энхбатын хүлээсэн үүргийг ямар гэрээний үндсэн дээр надад хүлээлгэсэн нь тодорхой бус байгаа нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Иймд миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Энхболд нь ашиг сонирхлын хувьд зөрчилтэй буйг шүүх мэдсээр байж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан тус хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь хуулийг илт зөрчсөн байна гэж үзэж байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. Хэрэв энэ үйлдэл нь хууль зөрчөөгүй гэж үзвэл нэхэмжлэгч С.Сийн гэрч Энхбатад зээлдүүлсэн гэх 10 сая төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Сийг төлөөлөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбат хариуцагч М.Тод холбогдуулж үндсэн зээл 70 000 000 төгрөг, хүү 66 000 986 төгрөг, алданги 13 200 197 төгрөг нийт 149 201 183 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлээ багасгаж үндсэн зээл 65 000 000 төгрөг, хохирол 33 604 972 төгрөг нийт 98 604 972 төгрөгийг нэхэмжилжээ. Хариуцагч М.Т нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 2014 оны 05 дугаар сард нийт 115 000 000 төгрөг зээлээд 2014 оны 08-09 саруудад 118 000 000 төгрөгийг буцааж төлж барагдуулсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагчаас 65 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хянаад, хэвээр үлдээжээ.

Хариуцагч М.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...шүүх мэтгэлцэх эрхийг хангаагүйгээс бэлнээр төлсөн 50 000 000 төгрөгийг нэхэмжлэлээс хасаагүй, дахин төлөхөөр хохирч байна, ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ маргаанд ашиг сонирхлын зөрчилтэй байсан, ...10 сая төгрөгийг Энхбатаар дамжуулж зээлж аваагүй, ...10 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, хэрэгт байгаа баримт, зохигчдын тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв. Хариуцагч нь 115 000 000 төгрөгийг зээлж авснаа хүлээн зөвшөөрсөн атлаа 10 000 000 төгрөгийг нь аваагүй гэсэн гомдол үндэслэлгүй юм. Түүнчлэн хариуцагч үүргээ бүрэн биелүүлснээ баримтаар нотлоогүй тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Иргэний хэрэг үүсгэсний дараа зохигч талууд зээлсэн мөнгөний хэмжээ, эргэн төлөлтийн талаар маргаж байсан боловч мэтгэлцээний явцад С.С нь М.Тод 2014 оны 03-05 дугаар саруудад 6 удаагийн гэрээгээр 105 000 000 төгрөг, Ш.Энхбатаар дамжуулж 10 000 000 төгрөг нийт 115 000 000 төгрөгийг зээлдүүлсэн, М.Т нь 2014 оны 06-09 дүгээр сард дансаар 14 970 000 төгрөг, бэлнээр 15 030 000 төгрөг, Р.Ганхуягаар дамжуулж 20 000 000 төгрөг нийт 50 000 000 төгрөгийг буцаан төлсөн талаар маргаангүй болжээ.

Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна. Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм. Зээлийн гэрээг амаар байгуулсан тул зээлдэгч нь хүү төлөх үүрэггүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч зээлийг хугацаандаа буцааж төлөөгүйгээс банкнаас зээл авч, хүү төлж хохирсон гэсэн үндэслэлээр, үндсэн зээлээс гадна хохирол 33 604 972 төгрөгийг гаргуулах  шаардлага гаргаж, Хас банктай байгуулсан 2014 оны 06 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн гэрээг шүүхэд өгсөн боловч гэрээ хэрэгжсэн эсэх, уг гэрээний дагуу зээл төлснөө нотлоогүй тул хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн боловч  зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд бүрэн буцаан өгөөгүй учир С.С нь М.Тоос үндсэн зээлийн үлдэгдэл 65 000 000 төгрөгийг шаардах эрхтэй.

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 141 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 40 дүгээр  магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 482 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

                     ШҮҮГЧ                                                                       П.ЗОЛЗАЯА