Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 41

 

Б.Ч-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хэргийн индекс: 135/2018/01059/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 135 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Ч-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч  С.А-д холбогдох

“Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 39.253.716 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай, “зээлийн үүрэгт илүү төлөгдсөн 15.938.424 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Б.Ч-аас:

           ...2017 оны 06 дугаар сарын 02-нд нөхөр Б.Г- бид хоёр Худалдаа хөгжлийн банкнаас хүүгээ Солонгос явж эмчлүүлэх зорилгоор 30 сая төгрөг зээлснийг С.А- мэдэж байсан тул та хоёр Солонгос явах болоогүй байгаа болохоор надад 30.000.000 төгрөгөө хүүтэй зээлчих гэж гуйгаад байхаар нь нөхөртэйгөө ярилцаад 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ хийж нотариатаар гэрчлүүлж маргааш өдөр нь буюу 2017 оны 11 сарын 07-ны өдөр нөхөр Б.Г- бид хоёрын хамтран эзэмшдэг Худалдаа хөгжлийн банкны 403105479 тоот данснаас С.А-гийн Худалдаа хөгжлийн банк дахь 403135189 тоот данс руу 29.997.860 төгрөг шилжүүлсэн юм. ...Эцсийн байдлаар тооцож үзвэл хариуцагч С.А-гаас авах авлага 39.253.716 төгрөг болж байна. Ингээд урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж С.А-гаас нийтдээ 39.253.716 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагаас:

Нэхэмжлэгч Б.Ч- нь С.А-д холбогдуулж 2017 оны 11 дүгээр сарын 06 өдөр зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 30.000.000 төгрөг 2018 оны 7, 8 дугаар сарын хүү 6.000.000 төгрөг 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс хойш алданги 5.100.000 төгрөг нийт 41.100.000 төгрөг анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжилсэн байдаг. Анх нэхэмжлэл гаргахад хүүхдийнх нь бие муудаад яарч сандраад үндэслэл муутай нэхэмжлэл гаргасан. Хоёрдугаарт хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбартай танилцахад хариуцагч С.А- нь зээлийн гэрээнээс гадуур болон Б.Ч-аас зээлсэн мөнгө, мөн Б.Ч-аар дамжуулан БолорЧ- гэх эмэгтэйгээс зээлсэн мөнгөө бүгдийг нь Б.Ч-ы эзэмшлийн Хаан банкны дансаар буцааж увуулж цувуулан төлж байснаа бүгдийг нь базаад зээлийн гэрээний дагуу авсан мөнгөө төлж дуусгасан мэтээр үндэслэлгүй тайлбар гаргасан байсан тул Б.Ч- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хэмжээгээ өөрчилсөн. Үүнд: Гэрээ байгуулснаар хойш С.А- зээлийн хүүд 9.000.000 төгрөг үндсэн зээлд 574.000 төгрөг, нийт 9.574.020 төгрөг төлсөн байдаг. Гэрээт хугацаа дууссанаас хойш хамгийн сүүлд 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 60.000 төгрөг төлснөөс хойш төлбөр төлөөгүй. С.А- нь гэрээний дагуу үндсэн зээлд 30.000.000 төгрөг, хүү 9.000.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөг нийт 54.000.000 төгрөг төлөх ёстой гэж нэхэмжлэгч үзсэн байгаа. Зээлийг төлөхгүй 186 хоногоор хэтрүүлсэн гэж үзээд үндсэн зээл 30.000.000 төгрөгөөс төлсөн  574.000 төгрөгийг хасаад үлдэх 29.425.980 төгрөгөөс 0,5 хувиар алданги тооцоход өдрийн 147.129 төгрөг ногдож байгаа. Үүнийг 186 хоногоор үржүүлбэл 27.366.161 төгрөг болсныг хуульд нийцүүлэн алдангийг гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрүүлж болохгүй тул 15.000.000 төгрөгөөр тооцсон.

Нэхэмжлэгч Б.Ч- мөнгө зээлье гэж хүссэний дагуу хариуцагч С.А-д 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр  20.000.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний  өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 380.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 12-ны  өдөр 1.800.000 төгрөг тус тус шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснөөс хойш хариуцагч нь хариу тайлбар хийгээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна гэж тайлбар гаргажээ.

            Хариуцагч С.А-гаас:

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, 30.000.000 төгрөгийг ХААН банкны 5045619331 тоот дансаар дамжуулан авахаар гэрээний 2.5-д тусгасан. Гэтэл Б.Ч-д мөнгө байхгүй байсан учир тухайн өдрөө данс руу маань мөнгө шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан хэмээн тооцох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулагдаагүй хэмээн уулзахад нөхөр Б.Г- нь 10.500 евро байна, түүнийг хэрэглүүлж болно гэсэн тул Худалдаа хөгжлийн банкны тухайн өдрийн ханшаар тооцон 29.997.860 төгрөгийг хүлээн авсан ба уг мөнгийг түүнийг эхнэр рүү шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Нийтдээ 45 сая гаруй төгрөг төлсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ба илүү төлсөн мөнгөө сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжлэх болно гэж тайлбарлажээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие Б.Ч-аас 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж мөн өдрөө уг мөнгийг ХААН банкны 5045619331 тоот дансаар дамжуулан авахаар болсон боловч Б.Ч-д мөнгө байхгүй байсан учир тухайн өдрөө данс руу мөнгө шилжээгүй тул зээлийн гэрээ байгуулагдаагүй. Харин түүний дараа түүний нөхөр Б.Г-тай уулзахад 10.500 евро буюу 29.997.860 төгрөгийг хэрэглүүлж болно гэсэн тул дээрх мөнгийг хүлээн авсан ба уг мөнгийг түүний эхнэр рүү шилжүүлж өгөхөөр тохиролцсон ба эргүүлэн өгөхдөө түүнд 15.938.424 төгрөгийг илүү өгсөн байна. Иймд уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх:

Нэхэмжлэгч хариуцагч нар нь хоорондоо найзууд байсан. С.А- нь 1 өдрийн хугацаатай 30.000.000 төгрөг өгөөч гэж хүсэхэд Б.Ч- зээлийн гэрээ байгуулж байж өгнө гээд ярьсан боловч тухайн өдөр ирээгүй, зээлийн гэрээ байгуулагдаагүй байдаг. Тэгээд маргааш нь Б.Ч-ы нөхөр Г-тай уулзаад 29.997.860 төгрөгийг С.А- зээлсэн боловч хугацаандаа өгөөгүй. Гэтэл Б.Ч- нь зээлийн гэрээ байгуулагдсан гэж хүү шаардаж эхэлсэн байдаг. С.А- Г-аас зээлсэн мөнгийг Б.Ч-ы дансаар шилжүүлж өгсөн байдаг. Б.Г-, С.А- нарын хооронд мөнгө зээлэхэд хүү тооцсон зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Эдгээр мөнгийг бүрэн төлж дууссан. Анх Б.Ч-аас 30.000.000 төгрөг авахаар тохироод зээлийн гэрээ байгуулахаар болсон боловч Б.Ч- өөрөө ирээгүй учир гэрээ байгуулаагүй гэж үзэж байгаа. Гэрээнд загвар болгоод С.А- гарын үсэг зурсан байсныг маргааш нь Б.Ч- очоод гарын үсгээ зурсан байдаг. Тэгээд Б.Ч-ы нөхөр Б.Г-аас түр хэрэглүүлээч гээд 29.997.860 төгрөг авсан. Одоо Б.Г-аас зээлсэн төлбөрөө бүрэн төлсөн, харин илүү төлсөн 15.938.424 төгрөгийг Б.Ч-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 135 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар 22.673.716 төгрөгийг хариуцагч С.А-гаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Ч-д олгож, 6.580.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч С.А-гийн 15.938.424 төгрөг нэхэмжлэгч Д.Ч-аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар С.А-гаас 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Төрийн сан 100190000958 тоот дансанд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 363.450 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237.643 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-гаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 271.319 төгрөг, төрийн сангийн орлогоос 174.950 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Ч-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх давж заалдсан гомдолдоо:

1. Зээлийн гэрээ байгуулагдаагүй тул шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Харин маргааш нь Б.Ч-ы нөхөр Б.Г-тай уулзахад 10.500 евро байна, түүнийг хэрэглүүлж болно гэсэн тул Худалдаа хөгжлийн банкны тухайн өдрийн ханшаар тооцон 29.997.860 төгрөгийг хүлээн авсан ба уг мөнгийг түүний эхнэр руу шилжүүлж өгөхөөр тохиролцсон.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт ...Хариуцагч нь хариу төлбөр хийж байснаас үзвэл гэрээний зүйл болсон мөнгийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн, иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв хэмээжээ... гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийн нөхөр Б.Г-тай түүний эхнэрийн Хаан банкны данс руу хийхээр тохирсон тул түүний данс руу сард 2-3 удаа боломжоороо мөнгө шилжүүлж байсан ба сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Ч- нь хариуцагч С.А-д холбогдуулж анх гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх явцад өөрчилж зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 39.253.716 төгрөг гаргуулахаар, хариуцагч С.А- нэхэмжлэгч Д.Ч-д 15.938.424 төгрөгийг илүү төлсөн гэж түүнээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээгээр мөнгө шилжүүлэн өгөөгүй, гэрээнд гарын үсэг зураагүй тул гэрээний дагуу үүрэг үүсэхгүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгч тал зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан тул сөрөг  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч С.А- 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний зүйл болсон 30.000.000 төгрөгийг гэрээгээр тохирсон ХААН банк 5045619331 тоот дансанд аваагүй тул Б.Г-аас авсан 29.997.860 төгрөгийг Б.Ч-ы дансаар эргүүлэн төлөхдөө 15.938.424 төгрөг илүү төлсөн гэж гаргасан сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх  хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж давж заалдах гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.Ч- нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр С.А-тай 30.000.000 төгрөг зээлдүүлэх гэрээ байгуулж, нөхөр  Б.Г-тай хамтран эзэмшдэг Худалдаа хөгжлийн банкны 403105479 тоот данснаас 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр С.А- 403135189 тоот дансандаа 29.997.860 төгрөгийг хүлээн авсан байна.

Өөрөөр хэлбэл 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний зүйл болох 30.000.000 төгрөгийг шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч Б.Ч- биелүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар хариуцагч гэрээний дагуу зээлийг төлсөн гэж үзнэ.

Дээрх байдлаас дүгнэхэд зохигчдын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Ингэснээрээ нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрх, хариуцагчид зээлийг төлөх хүлээх үүрэг бий болжээ.

Мөн нэхэмжлэгч Б.Ч- хариуцагч С.А-д 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 20.000.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний  өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 380.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 12-ны  өдөр 1.800.000 төгрөг тус тус зээлүүлж шилжүүлсэн талаар хариуцагч тал тайлбар гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцээгүй байдаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлын үндэслэлээ ...талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан гэрээнд нэхэмжлэгч Б.Ч- гарын үсэг зураагүй, гэрээний дагуу хариуцагчийн дансанд гэрээ байгуулсан өдөр мөнгө шилжээгүй зэргээс энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус гэж... тайлбарлаж байгаа боловч гэрээг хүчин төгөлдөр бус талаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болно.

Нөгөөтэйгүүр гэрч Д.БолорЧ-ы мэдүүлгээр гэрээнд нэхэмжлэгч Б.Ч- гарын үсэг зураагүй гэсэн нь үгүйсгэгдсэн байна.

Мөн зээлийн гэрээгээр 30.000.000 төгрөг шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч нь биелүүлээгүй гэх үндэслэл нь дээр дурдсан дүгнэлтээр няцаагдаж байгаа юм.

Иймээс Б.Ч-, С.А- нарын хооронд гэрээ хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээр илүү төлсөн 15.938.424 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангах мөн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдлийг  буруутгах эрх зүйн үндэслэлгүй,  хэрэглэвэл зохих хуулийн зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдол хангагдаагүй тул түүний гомдол гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлого болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 135 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271.319 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                     С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                      С.ОЮУНЦЭЦЭГ