Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2018/01059/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............. аймаг, ........... сум, ......... баг, ......  хороолол, .... байр, .... тоотод оршин суух ........ овгийн Б.Ч- /РД: ......./ -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............ аймаг, ......... сум, ..... дүгээр баг, .... хороолол, ... байр, ... тоотод оршин суух ......... овгийн С.А-  /РД: .............. /-д холбогдох

 

“39,253,716 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай,

“15,938,424 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Б.Ч-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...2017 оны 06 сарын 02-нд нөхөр Б.Г-бид хоёр Худалдаа хөгжлийн банкнаас хүүгээ Солонгос явж эмчлүүлэх зорилгоор 30 сая төгрөг зээлснийг А- мэдэж байсан тул та хоёр Солонгос явах болоогүй байгаа болохоор надад 30 сая төгрөгөө хүүтэй зээлчих гэж гуйгаад байхаар нь нөхөртэйгээ ярилцаад 2017 оны 11 сарын 06-ны өдөр зээлийн гэрээ хийж нотариатаар гэрчлүүлж маргааш өдөр нь буюу 2017 оны 11 сарын 07-ны өдөр нөхөр Б.Г-бид хоёрын хамтран эзэмшдэг ХХБ-ны 403105479 тоот данснаас С.А-гийн ХХБ дахь 403135189 тоот данс руу 29,997,860 төгрөг шилжүүлсэн юм. ...Эцсийн байдлаар тооцож үзвэл хариуцагч С.А-гаас авах авлага 35,253,716+4,000,000=39,253,716 төгрөг болж байна. Ингээд урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж С.А-гаас нийтдээ 39,253,716 төгрөг нэхэмжилж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч Б.Ч-нь С.А-д холбогдуулж 2017 оны 11 сарын 06 өдөр зохигчдийн хооронд байгуулсан Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 30,000,000 төгрөг 2018 оны 7, 8 дугаар сарын хүү 6,000,000 төгрөг 2018 оны 8 сарын 6-ны өдрөөс хойш алданги 5,100,000 төгрөг нийт 41,100,000 төгрөг анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжилсэн байдаг. Анх нэхэмжлэл гаргахад хүүхдийнх нь бие муудаад яарч сандраад үндэслэл муутай нэхэмжлэл гаргасан. Хоёрдугаарт хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбартай танилцахад хариуцагч А- нь зээлийн гэрээнээс гадуур болон Ч-аас зээлсэн мөнгө, мөн Ч-аар дамжуулан БолорЧ- гэх эмэгтэйгээс зээлсэн мөнгөө бүгдийг нь Ч-ы эзэмшлийн Хаан банкны дансаар буцааж увуулж цувуулан төлж байснаа бүгдийг нь базаад Зээлийн гэрээний дагуу авсан мөнгөө төлж дуусгасан мэтээр үндэслэлгүй тайлбар  гаргасан байсан тул Ч- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хэмжээгээ өөрчилсөн. Үүнд: А- нь 2013 оноос эхлэн найз нөхдийн холбоотой болоод Ч-ы нөхөр Ганбаатар Оюу толгой ХК-д олон жил ажиллаж байгаа байнга мөнгөтэй байдгийг нь мэдэж байсан тул олон удаа Ч-аас мөнгө зээлж байсан бөгөөд эхэндээ хүүгүй авч өгөөд явж байсан байгаа юм. 2017 оны 06 сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Ч-ы нөхөр Ганбаатар Ч- хоёр Худалдаа хөгжлийн банкнаас хүүхдээ Солонгос авч явж эмчлүүлэх зорилгоор 30 сая төгрөг зээлсэн. Мөнгө зээлснийг А- мэдэж байсан. Ингээд Солонгос явах асуудал хойшлогдсоныг мэдээд А- Ч-аас 30 сая төгрөгөө хүүтэй зээлээч гэж гуйгаад байсан. Ч-  энэ талаар нөхөртэйгээр ярилцаад  2017 оны 11 сарын 06-ны өдөр Зээлийн гэрээг А-тай байгуулж нотариатаар гэрчлүүлээд, зээлийн гэрээ хийсний маргааш өдөр буюу 2017 оны 11 сарын 07 өдөр Ганбаатартай хамтран эзэмшдэг Худалдаа хөгжлийн банкны данснаас А-гийн Худалдаа хөгжлийн банкны 403835189 дугаартай дансруу 29,997,860 төгрөг шилжүүлсэн. Үүнийг тоймлоод 30,000,000 төгрөг гэж яриад явъя. Зээлийг гэрээг 2017 оны 11 сарын 06-ны өдрөөс 2018 оны 02 сарын 6-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд эргүүлж төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувиар алданги төлөхөөр тохирч байгуулсан. Гэрээ байгуулснаар хойш А- зээлийн хүүд 9 сая төгрөг үндсэн зээлд 574,000 төгрөг, нийт 9,574,020 төгрөг төлсөн байдаг. Гэрээт хугацаа дууссанаас хойш увуулж цувуулан бага багаар мөнгө төлж байсан. Хамгийн  сүүлд 2018 оны 8 сарын 9 өдөр 60,000 төгрөг төлснөөс хойш төлбөр төлөөгүй. А- нь гэрээний дагуу үндсэн зээлд 30,000,000 төгрөг, гэрээт хугацааны хүү 9 сая төгрөг, алданги 15 сая төгрөг нийт гэрээний дагуу 54,000,000 төгрөг төлөх ёстой гэж нэхэмжлэгч үзсэн байгаа. Яагаад гэвэл үндсэн зээлийг 186 хоногоор хэтрүүлсэн гэж үзээд үндсэн зээл 30 сая төгрөгөөс төлөлт 574,000 төгрөгийг хасаад үлдэх 29425980 төгрөгөөс 0,5 хувиар алданги тооцоход өдрийн 147129 төгрөг ногдож байгаа. Үүнийг 186 хоногоор үржүүлбэл 27,366,161 төгрөг болж байна. Хуульд нийцүүлэн алдангийг гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрүүлж болохгүй тул 15 сая төгрөгөөр тооцсон.

Хариуцагч А- БолорЧ- гэх хүнтэй ойр дотно гэдгийг Ч- мэдэж байсан юм байна лээ. А- Ч-д хандаад “БолорЧ- намайг өөр хүмүүст өртэйг мэдэж байгаа учир надад мөнгө зээлэхгүй байна. Чи надад гэрээ хийгээд хүүтэй мөнгө зээлээд өгөөч би гэрээний дагуу хүүтэй нь төлье” гэж хүссэний дагуу Ч- 2017 оны 4 сарын 17 өдөр БолорЧ-тай 20 сая төгрөгийг зээлийн гэрээ хийж 5 саяыг өөртөө үлдээж 15 сая төгрөгийг А-д БолорЧ-ы Хаан банкны 5099050030 данснаас шилжүүлсэн байдаг. Б.Ч-ы Худалдаа хөгжлийн банкны 467003912 тоот дансаас А-г Худалдаа хөгжлийн банкны  403135189 тоот 2017 оны 6 сарын 16 өдөр бэлэн бусаар 15 сая төгрөг шилжүүлсэн байдаг. Үүнээс гадна 2018 оны 1 сарын 10 өдөр Ч-ы эзэмшлийг Худалдаа хөгжлийн банкны 467003912 данснаас 5 сая төгрөгийг А-д шилжүүлсэн байдаг.

2018 оны 4 сарын 4 өдөр А- нэмж мөнгө зээлэх хүсэлт тавьсны дагуу Ч- нөхөр Г-тай хамтран эзэмшдэг Худалдаа хөгжлийн банкны 403105479 тоот данснаас хариуцагч А-гийн 403135189 тоот данс руу 10 сая төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ 10 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлье гэж тохирсныг бичлэг хийх СИДИ-д буулгасан байгаа. 2018 оны 3 сарын 18 өдөр Ч-ы эзэмшлийн Хаан банкны 5055203494 данснаас А-гийн 5045619331 тоот данс руу 380,000 төгрөг шилжүүлсэн байдаг. 2018 оны 7 сарын 12 өдөр Хаан банкны данснаас А-гийн Хаан банкны данс руу 1,800,000 төгрөг шилжүүлсэн баримт мөн байгаа. А- нь “Номин” худалдааны төвийн 2 давхарт брэнд хувцасны дэлгүүр ажиллуулдаг юм байна лээ. Тус лангуунд Ч- 350,000 төгрөгийн үнэтэй куртик, 300,000 төгрөгийн үнэтэй пүүз тавьж заруулсан байдаг. Дээр дурдсан бүх зээлийг А- буцааж төлөхдөө Ч-ы хаан банкны дансаар дамжуулж төлдөг байсан бөгөөд зээлийн гэрээгээр авсан 30 сая төгрөгөө хүүтэй нь төлсөн гэдэг тайлбарыг тодорхойгүй гаргасан нь худал юм. Урд нь авсан мөнгөний тооцоо дууссан. Сүүлийн зээлийн гэрээгээр  аваагүй байна гэж үзээд Ч- нэхэмжлэл гаргасан. Ч- нь А-гаас дор дурдсан авлагыг авах ёстой гэж үзэж байгаа. Үүнд:  2017 оны 11 сарын 6 өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 30 сая төгрөг, хүү 9 сая төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 15 сая төгрөг нийт 54 сая төгрөг авах ёстой гэж үзэж байгаа. Үүнээс гадна 2018 оны 1 сарын 10 өдөр Худалдаа хөгжлийн банкаар дамжуулж бэлэн бусаар шилжүүлсэн 5 сая төгрөг, 2018 оны 4 сарын 4-ны өдөр Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан шилжүүлсэн 10 сая төгрөг, 2018 оны 3 сарын 18 өдөр хаан банкаар шилжүүлсэн 380,000 төгрөг, 2018 оны 7 сарын 12 өдөр Хаан банкаар шилжүүлсэн 1,800,000 төгрөг, А-д заруулахаар өгсөн куртикны үнэ 350,000 төгрөг, пүүзний үнэ 300,000 төгрөг, Б-аас дамжуулж зээлсэн 15 сая төгрөг түүний нэг жилийн хүү 18,000,000 төгрөг нийт 104,830,000 төгрөг болж байгаа. А-гийн тайлбартай танилцаад зээлийн гэрээ хийснээс хойш 2017 оны 11 сарын 7-ноос хойш А-гаас Ч-ы эзэмшлийн Хаан банкны 5055204493 данс руу  59,076,284 төгрөгийг орлого орсон байдаг. Энэ орлогод БолорЧ-аас дамжуулж зээлсэн мөнгө хүүгийн хамт 2017 оны 11 сарын 7 өдрөөс хойш цувуулаад 22,500,000 төгрөг төлөгдсөнийг Б-д Ч- шилжүүлж өгсөн байдаг. Үүнийг хасаад 59,076,284-22,500,000 төгрөгийг хасвал 36,576,284 төгрөг үлдэж байгаа. Иймд А-гаас Ч-д өгөх ёстой 71,830,000 төгрөгөөс 36,576,284 хасаад 35,253,716 төгрөг үлдэж байгаа. Үүнд 2018 оны 4 сарын 4 өдөр зээлсэн 10 сая төгрөг, сарын хүү 10 хувийг  4 сараар тооцож 4 сая төгрөг нэмж нэхэмжилж байгаа.  Түрүүнд нь үлдсэн 35,253,716  төгрөг дээр 2018 оны 4 сарын 4 өдөр зээлсэн 10 сая төгрөгийн 4 сая төгрөгийг нэмээд 39,253,716 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд гаргаснаас хойш хариуцагч нь хариу талбараа тухайлан тайлбар хийгээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна.” гэв.

 

Хариуцагч С.А- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“30,000,000 төгрөгийг нэг хоногийн хугацаатай зээлж авахаар Б.Ч-тай ярилцахад тэрээр заавал гэрээ байгуулж байж уг мөнгийг өгнө гэсэн тул 2017.11.06-ны өдөр гэрээ байгуулж, мөн өдрөө уг мөнгийг ХААН банкны 5045619331 тоот дансаар дамжуулан авахаар гэрээний 2.5-д тусгасан. Гэтэл Б.Ч-д мөнгө байхгүй байсан учир тухайн өдрөө данс руу маань мөнгө шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 282.4-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан хэмээн тооцох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулагдаагүй хэмээн уулзахад 10,500 евро байна, түүнийг хэрэглүүлж болно гэсэн тул ХХБ-ны тухайн өдрийн ханшаар тооцон 29,997,860 төгрөгийг хүлээн авсан ба уг мөнгийг түүнийг эхнэр рүү шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Гэвч наймаа амжилтгүй болсон тул уг мөнгийг богино хугацаанд эгүүлэн өгч чадаагүй ба уван цуван байдлаар төлж эхлэхэд Б.Ч-уурлаж хүү шаардаж эхэлсэн. Нийтдээ 45 сая гаруй төгрөг төлсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ба илүү төлсөн мөнгөө сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжлэх болно.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Миний бие Б.Ч-аас 2017.11.06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж мөн өдрөө уг мөнгийг ХААН банкны 5045619331 тоот дансаар дамжуулан авахаар болсон боловч Б.Ч-д мөнгө байхгүй байсан учир тухайн өдрөө данс руу мөнгө шилжээгүй тул зээлийн гэрээ байгуулагдаагүй. Харин түүний дараа түүний нөхөр Ганбаатартай уулзахад 10,500 евро буюу 29,997,860 төгрөгийг хэрэглүүлж болно гэсэн тул дээрх мөнгийг хүлээн авсан ба уг мөнгийг түүний эхнэр рүү шилжүүлж өгөхөөр тохиролцсон ба эргүүлэн өгөхдөө түүнд 15,938,424 төгрөгийг илүү өгсөн байна. Иймд уг мөнгийг гаргуулж өгнө үү.” гэжээ

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч хариуцагч нар нь хоорондоо найзууд байсан. А- нь 1 өдрийн хугацаатай 30 сая төгрөг өгөөч гэж хүсэхэд Ч- зээлийн гэрээ байгуулж байж өгнө гээд ярьсан боловч тухайн өдөр ирээгүй, зээлийн гэрээ байгуулагдаагүй байдаг. Тэгээд маргааш нь Ч-ы нөхөр Ганбаатартай уулзаад 29,997,860 төгрөгийг А- зээлсэн боловч хугацаандаа өгөөгүй. Гэтэл Ч- нь зээлийн гэрээ байгуулагдсан гэж хүү шаардаж эхэлсэн байдаг. С.А- Ганбаатараас зээлсэн мөнгийг Ч-ы дансаар шилжүүлж өгсөн байдаг. Ганбаатар А- нарын хооронд мөнгө зээлэхэд хүү тооцсон зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Эдгээр мөнгийг бүрэн төлж дууссан.

Анх Ч-аас 30 сая төгрөг авахаар тохироод Зээлийн гэрээ байгуулахаар болсон боловч Ч- өөрөө ирээгүй учир гэрээ байгуулаагүй гэж үзэж байгаа. Гэрээнд загвар болгоод А- гарын үсэг зурсан байсныг маргааш нь Ч- очоод гарын үсгээ зурсан байдаг. Тэгээд Ч-ы нөхөр Ганбаатараас түр хэрэглүүлээч гээд 29,997,860 төгрөг авсан. Одоо Ганбаатараас зээлсэн төлбөрөө бүрэн төлсөн, харин илүү төлсөн 15,938,424 төгрөгийг Ч-аас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ч-нь хариуцагч С.А-гаас 39,253,716 төгрөг гаргуулах /хэргийн 1 дүгээр хавтас 46-47 дугаар хуудас/, хариуцагч С.А- 15,938,424 төгрөг     нэхэмжлэгч Д.Ч-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ./хэргийн 1 дүгээр хавтас 133-134 дүгээр хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2,107.3-д зохигч тэдгээрийн төлөөлөгч  хэргийн үйл баримт, гэм буруу болон өөрийн шаардлага, татгалзлаа нотлох үүрэгтэй гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч Б.Ч-ы хариуцагч С.А-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй .

Нэхэмжлэгч Б.Ч-нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр С.А-тай 30,000,000 төгрөг зээлдүүлэх гэрээ /хэргийн 1 дүгээр хавтас 4 дүгээр хуудас/ байгуулжээ.

Нэхэмжлэгч Б.Ч-...гэрээний зүйл болсон 30,000,000 төгрөгийг гэр бүл Б.Г-ын Худалдаа хөгжлийн банкны 403105479 тоот данснаас 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ганбаатараас евро гэсэн утгатайгаар С.А-гийн 403135189 тоот дансанд шилжүүлэн, гэрээний үүргээ биелүүлсэн... гэж,  хариуцагч С.А- ...2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ байгуулж мөн өдрөө ХААН банкны 5045619331 тоот дансаар дамжуулан авахаар гэрээний 2.5-д тусгасан. Б.Ч-д мөнгө байхгүй байсан учир тухайн өдрөө данс руу мөнгө шилжүүлээгүй учир гэрээ байгуулагдсанд тооцох боломжгүй. Маргааш нь түүний нөхөр Ганбаатартай уулзахад 10,500 евро байна, үүнийг хэрэглүүлж болно гэсэн тул Худалдаа хөгжлийн банкны тухайн өдрийн ханшаар тооцон 29,997,860 төгрөгийг хүлээн авсан, уг мөнгийг эхнэр лүү нь шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Мөнгийг богино хугацаанд эгүүлэн төлж чадаагүй, уван цуван төлж эхлэхэд Б.Ч-уурлаж хүү шаардаж эхэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Илүү төлсөн мөнгөө сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжлэх болно... гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гэрээгээр мөнгө шилжүүлэн өгөөгүй тул гэрээний дагуу үүрэг үүсэхгүй гэж маргаж байна.

С.А-гийн 403135189 тоот дансанд шилжин ирсэн 29,997,860 төгрөгийг Б.Ч-ы нөхөр Б.Г-аас авсан, хариу төлбөрийг С.Ч-ы дансаар шилжүүлж байсан талаар С.А- тайлбартаа дурдсан, Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 7/410/2483 тоотод ...Б.Г-, Б.Ч-нар тус банкинд ХХБанкны 403105479 тоот дансыг 2002 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн эзэмшиж байгаа... гэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар гэрлэгчид дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, зарцуулах тэгш эрхтэй байна. Хамтран данс эзэмшигч Б.Ч-, Б.Г-нар гэр бүл болох нь гэрлэгчдийн гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 71 дүгээр хуудас/-аар тогтоогдож байгаа, хариуцагч тайлбартаа ...нөхөр Г-аас мөнгө хүлээн авсан... гэжээ.

Хариуцагч С.А- гэрээний хугацаа дуусах 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө 01 дүгээр сарын 16 гэхэд өөрийн ХААН банкны 5045619331 тоот данснаас Б.Ч-ы ХААН банкны 5055204493 тоот дансанд Chuka ewro гэсэн утгаар 2017 оны 11 дүгээр сарын 08-нд 574,020 төгрөг, 1,500,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 08-нд 1,500,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 15-нд 3,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15-нд 1,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 9,574,020 төгрөг төлсөн давтамж, дүн зэргээс үзвэл тухайн зээлийн үүргээ биелүүлж /сарын хүү 3,000,000 төгрөг/ хүү төлж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний зүйл 30,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч Б.Ч-биелүүлсэн, мөн хариуцагч С.А- хүү төлөх үүргээ биелүүлж байсан тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээсэн зээлийн гэрээ байгуулагдсан, хүү анзын талаархи тохиролцоо нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Талуудын байгуулсан гэрээний 2.6-д зээлийн хүүг сар бүрийн 06-ны өдөр төлж байх бөгөөд үндсэн зээлийг хугацааны эцэст бөөнд нь төлж барагдуулна гэжээ.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар зээлийг буцааж төлөх хугацааг талууд 2018 оны 02 дугаар сарын 06 гэж тогтоосон, хариуцагч С.А- гэрээний зүйл 30,000,000 төгрөг, хүү 9,000,000 төгрөгийн хамт буцаан төлөх үүрэгтэй байснаас хүү 9,000,000 төгрөг төлж, үндсэн зээлээс 574,020 төгрөг төлжээ.

 Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон  хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт хүүгээс илүү төлөгдсөн 574,020 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 01-нээс 2018 оны 08 дугаар сарын 19 Chukaewro, Chukaewro-ны үнэ, Chuka-д гэсэн утгаар 87 удаагийн шилжүүлгээр нийт 33,126,284 төгрөгийг төлж үндсэн төлбөрөөс 3,126,284 төгрөгийг илүү төлж төлбөрийг дуусгасан гэж үзэв.

Талуудын байгуулсан гэрээний 2.7-д зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар гэрээг бичгээр байгуулсан, алданги шаардах эрхтэй тул алданги 15,000,000 төгрөгийг хариуцагч С.А-гаас гаргуулж нэхэмжлэгч Б.Ч-д олгож шийдвэрлэв.

2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Худалдаа хөгжлийн банк 403105479 тоот данснаас Б.Г-аас 10,000,000 төгрөг С.А-гийн 403135189 тоот дансанд  шилжсэн, хүлээн авсан нь Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт /хэргийн 1 дүгээр хавтас 28 дугаар хуудас/, С.А-гийн Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 40 дүгээр хуудас/-ын 2018.04.04. 10,000,000 403105479 Ганбаатар Бадарч гэснээр тогтоогдож байгаа, 403105479 тоот дансыг Б.Ч-хамтран эзэмшигч боловч Б.Г-шаардан авах эрхийг шилжүүлснийг нотлоогүй тул шаардах эрхгүй.

Худалдаа хөгжлийн банкны 467003912 тоот данснаас С.А-гийн Худалдаа хөгжлийн банкны 403135189 тоот данс руу 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Ч- нь Д.БолорЧ-тай байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-ний нөхцөлөөр 15,000,000 төгрөгийг хүүтэй төлөхөөр шилжүүлсэн, дамжуулсан төлсөн мөнгийг хүүд тооцон хассан гэж байгаа боловч дээрх нөхцөлөөр талууд гэрээ байгуулаагүй тул С.А-гаас хүү шаардах эрхгүй, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр  Chukad zeel tolov boloriin mongo гэсэн утгаар шилжүүлсэн 1,100,000 төгрөг, 9,900,000 төгрөгийг хасаж  4,000,000 төгрөгийг С.А-гаас гаргуулан Д.Ч-д олгож шийдвэрлэв.

 Б.Ч-ы Худалдаа хөгжлийн банкны 467003912 тоот данснаас С.А-гийн Худалдаа хөгжлийн банкны 403135189 тоот дансанд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг, Б.Ч-ы ХААН банкны 5055204493 тоот данснаас С.А-гийн ХААН банк 5045619331 тоот дансанд 1,800,000 төгрөг шилжсэн нь банкны хуулгаар нотлогдож байгаа, С.А-гаас 2018 оны 04 дүгээр сарын 01-нээс 2018 оны 08 дугаар сарын 19 Chukaewro, Chukaewro-ны үнэ, Chuka-д гэсэн утгаар 87 удаагийн шилжүүлгээр нийт 33,126,284 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Chukad zeel tolov boloriin mongo гэсэн утгаар шилжүүлсэн 1,100,000 төгрөг, 9,900,000 төгрөгийг шүүх 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний болон 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 15,000,000 төгрөгийн үүрэгт тооцсон, өөрийнх нь дансанд шилжин орсон 5,000,000 төгрөг, 1,800,000 төгрөгийг эгүүлэн төлсөн талаархи баримт, тайлбар ирүүлээгүй, хариуцагчийн ирүүлсэн ХААН, Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулгад төлөлт хийсэн талаар утга бүхий шилжүүлэг байхгүй байна гэж үзсэн тул 6,800,000 төгрөгийг С.А-гаас гаргуулан Д.Ч-д олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Ч-хариуцагчид С.А-д заруулахаар куртик, пүүз өгсөн талаархи нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй, энэ талаархи нотлох баримтыг ирүүлээгүй тул куртикний үнэ 350,000 төгрөг, пүүзний үнэ 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүх хариуцагч С.А-гаас 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний 2.7-д зааснаар алданги 15,000,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны 467003912 тоот данснаас С.А-гийн Худалдаа хөгжлийн банкны 403135189 тоот данс руу 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 15,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөг,  Б.Ч-ы Худалдаа хөгжлийн банкны 467003912 тоот данснаас С.А-гийн Худалдаа хөгжлийн банкны 403135189 тоот дансанд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг, Б.Ч-ы ХААН банкны 5055204493 тоот данснаас С.А-гийн ХААН банк 5045619331 тоот дансанд 1,800,000 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний үүрэгт 3,126,284 төгрөг илүү төлөгдсөн учир харилцан тооцон хасаж нийт 22,673,716 төгрөгийг хариуцагч С.А-гаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Ч-д олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч С.А- 15,938,424 төгрөг илүү төлсөн гэж нэхэмжлэгч Б.Ч-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хэргийн 133-134 дугаар хуудас/

Хариуцагч С.А- 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний зүйл болсон 30,000,000 төгрөгийг гэрээгээр тохирсон ХААН банк 5045619331 тоот дансанд аваагүй тул Б.Г-аас авсан 29,997,860 төгрөгийг Б.Ч-ы дансаар эргүүлэн төлөхдөө 15,938,424 төгрөг илүү төлсөн байна гэснийг нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч С.А- 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний зүйл болсон 30,000,000 төгрөгийг гэрээгээр тохирсон ХААН 5045619331 тоот дансанд шилжүүлэн аваагүй өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк 403135189 тоот дансанд шилжүүлэн авч, хариу төлбөр хийж байснаас үзвэл гэрээний зүйл болсон мөнгийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар үүргийг гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгсөн гэж үзнэ.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2017 оны 06 сарын 16, 2017 оны 07 сарын 08-нд Б.Ч-аас С.А-гийн Худалдаа хөгжлийн банк 403135189 тоот дансанд ...Ч--с евро, Sanaad... гэсэн утгаар 22,000,000 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 38 дугаар хуудас/ болон С.А-гаас 2017 оны 11 сарын 03-ны өдөр 14,000,000 төгрөг, 8,000,000 төгрөг ...chukad ewro... гэсэн утгаар Б.Ч-ы шилжсэн шилжүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 143 дугаар хуудас/ нь гэрээ байгуулахаас өмнөх тооцоо гэх бөгөөд талууд шүүх хуралдаанд энэ талаар маргаагүй, маргааны зүйлийн тооцоонд ороогүй гэж тайлбарласныг дурдав.

Хувь хүний нууцын тухай хуулийн 2 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар “харилцагчийн банкин дахь дансны мэдээлэл” хувь хүний хөрөнгийн нууц, Байгууллагын нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “байгууллага нь эрхэлж буй үйл ажиллагааныхаа дагуу олж мэдсэн хувь нууцыг байгууллагын нууцын нэгэн адил хамгаална... гэж хуульчилсан.

Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцагчийн банкин дахь дансны хуулгыг нотлох баримттай танилцах явцдаа мэдсэн тул бусдад мэдээлэх, сөрөг байдлаар ашиглахгүй байх үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар /хэргийн 1 дүгээр хавтас 5-9, 30-31, 34-37, 142, 147-157, 159-161, 163-176, 178-195, 198, 206, 210, 217, 228-231, 233, 237-238, 241, 247-249 хуудас, 2 дугаар хавтас 9, 12, 15-18 дугаар хуудас/ хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасаж, зохигчдод нэрлэн буцааж олгохыг шүүгчийн туслах Дэлгэрнаранд даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Ариг банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 363,450 төгрөг, хариуцагчаас 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Худалдаа хөгжлийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд төлсөн 237,643 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-гаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн 22,673,716 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 271,319 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, төрийн сангийн орлогоос хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн 10,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар 22,673,716 төгрөгийг хариуцагч С.А-гаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Ч-д олгож, 6,580,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч С.А-гийн 15,938,424 төгрөг нэхэмжлэгч Д.Ч-аас гаргуулах тухай  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар С.А-гаас 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Төрийн сан 100190000958 тоот дансанд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 363,450 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,643 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-гаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 271,319 төгрөг, төрийн сангийн орлогоос 174,950 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Ч-д олгосугай.

4. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ