Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2020/00770

 

Б.Чы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 135 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр магадлалтай,

Б.Чы нэхэмжлэлтэй

С.Ад холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 39.253.716 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн үүрэгт илүү төлөгдсөн 15.938.424 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тайлбартаа: ...2017 оны 06 дугаар сарын 02-нд нөхөр Б.Ганбаатар бид хоёр Худалдаа хөгжлийн банкнаас хүүгээ Солонгос явж эмчлүүлэх зорилгоор 30 сая төгрөг зээлснийг С.А мэдэж байсан тул та хоёр Солонгос явах болоогүй байгаа болохоор надад 30.000.000 төгрөгөө хүүтэй зээлчих гэж гуйгаад байхаар нь нөхөртэйгөө ярилцаад 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ хийж нотариатаар гэрчлүүлж маргааш өдөр нь буюу 2017 оны 11 сарын 07-ны өдөр нөхөр Б.Ганбаатар бид хоёрын хамтран эзэмшдэг Худалдаа хөгжлийн банкны 403105479 тоот данснаас С.Агийн Худалдаа хөгжлийн банк дахь 403135189 тоот данс руу 29.997.860 төгрөг шилжүүлсэн юм. ...Эцсийн байдлаар тооцож үзвэл хариуцагч С.Агаас авах авлага 39.253.716 төгрөг болж байна. Ингээд урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж С.Агаас нийтдээ 39.253.716 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тайлбартаа: Б.Ч нь С.Ад холбогдуулж 2017 оны 11 дүгээр сарын 06 өдөр зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 30.000.000 төгрөг 2018 оны 7, 8 дугаар сарын хүү 6.000.000 төгрөг 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс хойш алданги 5.100.000 төгрөг нийт 41.100.000 төгрөг анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжилсэн байдаг. Анх нэхэмжлэл гаргахад хүүхдийнх нь бие муудаад яарч сандраад үндэслэл муутай нэхэмжлэл гаргасан. Хоёрдугаарт хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбартай танилцахад хариуцагч С.А нь зээлийн гэрээнээс гадуур болон Б.Чаас зээлсэн мөнгө, мөн Б.Чаар дамжуулан БолорБ.Ч гэх эмэгтэйгээс зээлсэн мөнгөө бүгдийг нь Б.Чы эзэмшлийн Хаан банкны дансаар буцааж увуулж цувуулан төлж байснаа бүгдийг нь базаад зээлийн гэрээний дагуу авсан мөнгөө төлж дуусгасан мэтээр үндэслэлгүй тайлбар гаргасан байсан тул Б.Ч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хэмжээгээ өөрчилсөн. Үүнд: Гэрээ байгуулснаар хойш С.А зээлийн хүүд 9.000.000 төгрөг үндсэн зээлд 574.000 төгрөг, нийт 9.574.020 төгрөг төлсөн байдаг. Гэрээт хугацаа дууссанаас хойш хамгийн сүүлд 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 60.000 төгрөг төлснөөс хойш төлбөр төлөөгүй. С.А нь гэрээний дагуу үндсэн зээлд 30.000.000 төгрөг, хүү 9.000.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөг нийт 54.000.000 төгрөг төлөх ёстой гэж нэхэмжлэгч үзсэн байгаа. Зээлийг төлөхгүй 186 хоногоор хэтрүүлсэн гэж үзээд үндсэн зээл 30.000.000 төгрөгөөс төлсөн 574.000 төгрөгийг хасаад үлдэх 29.425.980 төгрөгөөс 0,5 хувиар алданги тооцоход өдрийн 147.129 төгрөг ногдож байгаа. Үүнийг 186 хоногоор үржүүлбэл 27.366.161 төгрөг болсныг хуульд нийцүүлэн алдангийг гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрүүлж болохгүй тул 15.000.000 төгрөгөөр тооцсон. Нэхэмжлэгч Б.Ч мөнгө зээлье гэж хүссэний дагуу хариуцагч С.Ад 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 20.000.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 380.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 1.800.000 төгрөг тус тус шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснөөс хойш хариуцагч нь хариу тайлбар хийгээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна гэж тайлбар гаргажээ.

Хариуцагч С.А шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, 30.000.000 төгрөгийг Хаан банкны 5045619331 тоот дансаар дамжуулан авахаар гэрээний 2.5-д тусгасан. Гэтэл Б.Чд мөнгө байхгүй байсан учир тухайн өдрөө данс руу маань мөнгө шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан хэмээн тооцох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулагдаагүй хэмээн уулзахад нөхөр Б.Ганбаатар нь 10.500 евро байна, түүнийг хэрэглүүлж болно гэсэн тул Худалдаа хөгжлийн банкны тухайн өдрийн ханшаар тооцон 29.997.860 төгрөгийг хүлээн авсан ба уг мөнгийг түүнийг эхнэр рүү шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Нийтдээ 45 сая гаруй төгрөг төлсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ба илүү төлсөн мөнгөө сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжлэх болно гэж тайлбарлажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж мөн өдрөө уг мөнгийг ХААН банкны 5045619331 тоот дансаар дамжуулан авахаар болсон боловч Б.Чд мөнгө байхгүй байсан учир тухайн өдрөө данс руу мөнгө шилжээгүй тул зээлийн гэрээ байгуулагдаагүй. Харин түүний дараа түүний нөхөр Б.Ганбаатартай уулзахад 10.500 евро буюу 29.997.860 төгрөгийг хэрэглүүлж болно гэсэн тул дээрх мөнгийг хүлээн авсан ба уг мөнгийг түүний эхнэр рүү шилжүүлж өгөхөөр тохиролцсон ба эргүүлэн өгөхдөө түүнд 15.938.424 төгрөгийг илүү өгсөн байна. Иймд уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч хариуцагч нар нь хоорондоо найзууд байсан. С.А нь 1 өдрийн хугацаатай 30.000.000 төгрөг өгөөч гэж хүсэхэд Б.Ч зээлийн гэрээ байгуулж байж өгнө гээд ярьсан боловч тухайн өдөр ирээгүй, зээлийн гэрээ байгуулагдаагүй байдаг. Тэгээд маргааш нь Б.Чы нөхөр Ганбаатартай уулзаад 29.997.860 төгрөгийг С.А зээлсэн боловч хугацаандаа өгөөгүй. Гэтэл Б.Ч нь зээлийн гэрээ байгуулагдсан гэж хүү шаардаж эхэлсэн байдаг. С.А Ганбаатараас зээлсэн мөнгийг Б.Чы дансаар шилжүүлж өгсөн байдаг. Б.Ганбаатар, С.А нарын хооронд мөнгө зээлэхэд хүү тооцсон зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Эдгээр мөнгийг бүрэн төлж дууссан. Анх Б.Чаас 30.000.000 төгрөг авахаар тохироод зээлийн гэрээ байгуулахаар болсон боловч Б.Ч өөрөө ирээгүй учир гэрээ байгуулаагүй гэж үзэж байгаа. Гэрээнд загвар болгоод С.А гарын үсэг зурсан байсныг маргааш нь Б.Ч очоод гарын үсгээ зурсан байдаг. Тэгээд Б.Чы нөхөр Б.Ганбаатараас түр хэрэглүүлээч гээд 29.997.860 төгрөг авсан. Одоо Б.Ганбаатараас зээлсэн төлбөрөө бүрэн төлсөн, харин илүү төлсөн 15.938.424 төгрөгийг Б.Чаас гаргуулж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 135 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар 22.673.716 төгрөгийг хариуцагч С.Агаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Б.Чд олгож, 6.580.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч С.Агийн 15.938.424 төгрөг нэхэмжлэгч Д.Б.Чаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар С.Агаас 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Төрийн сан 100190000958 тоот дансанд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 363.450 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237.643 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Агаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 271.319 төгрөг, төрийн сангийн орлогоос 174.950 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Чд олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 135 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271.319 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх хяналтын гомдолдоо: Магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Магадлалд ..., хариуцагч нь өөрийн эзэмшлийн худалдаа хөгжлийн дансаар шилжүүлэн авч хариу төлбөр хийж байснаас үзвэл гэжээ. Хариуцагч нь Б.Чтай гэрээ байгуулаагүй болохыг гэрч гэрчилсэн. Тэгэхээр Б.Ч нь байгуулаагүй гэрээний үүргийн гүйцэтгэлийг бусдаас шаардах эрхгүй юм. 2. Б.Ганбаатараас мөнгө авсан ба түүний зөвшөөрлийн дагуу уг мөнгийг эхнэрийнх нь данс руу шилжүүлсэн. 3.Дээрхээс дүгнэж үзвэл сөрөг нэхэмжлэлийг хангаж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжтой. Иймд шийдвэр, магадлалд сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч С.Ад холбогдуулж зээлийн үүрэгт 39.253.716 төгрөгийг гаргуулах, хариуцагч С.А илүү төлсөн 15.938.424 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 22 673 716 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

Нэхэмжлэгч Б.Ч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулж,  2017 оны 11 сарын 06-ны өдрийн гэрээний дагуу 30.000.000 төгрөг, 2018 оны 4 сарын 04-ний гэрээгээр 10 000 000 төгрөг, 2017 оны 6 сарын 16-ны гэрээгээр 15 000 000 төгрөг, 2018 оны 1 сарын 10-ны өдрийн гэрээний дагуу 5 000 000 төгрөг, 1 800 000 төгрөг, 2018 оны 3 сарын 18-ны өдөр 380 000 төгрөгийг тус тус С.Ад зээлдүүлсэн боловч зээлийг буцааж төлөөгүй, мөн заруулахаар өгсөн куртикны үнэ 350 000 төгрөг, пүүзний үнэ 300 000 төгрөгийг  өгөөгүй тул нийт 39 253 716 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн хооронд куртик, пүүз заруулах талаар үүрэг үүсээгүй болохыг дүгнэж, харин зээлийн гэрээний үүрэг үүссэн, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т нийцсэн байна. Нэхэмжлэгч Б.Ч нь зээлдүүлэгч биш тул 2018 оны 4 сарын 04-ний өдрийн гэрээний дагуу шаардах эрхгүй болохыг шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Зээлдүүлэгч мөнгө шилжүүлэх үүргээ, хариуцагч мөнгийг буцааж төлөх үүргээ тус тус биелүүлсэн эсэхийг шүүх зээлийн гэрээ, талуудын эзэмшдэг данс, дансны гүйлгээний баримтад тулгуурлан дүгнэсэн нь бодитой болжээ.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд С.А нь 30 000 000 төгрөгийг буцааж төлөхдөө хугацаа хэтрүүлсэн тул алданги төлөх үүрэгтэй, үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүүд 9 574 020 төгрөг төлж 3 126 284 төгрөгийг илүү төлсөн тул алданги 15 000 000 төгрөгөөс хасч үлдэх 11 873 760 төгрөгийг, 15 000 000 төгрөгийн зээлээс 11 000 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 4 000 000 төгрөг, 6 800 000 төгрөгийг аваад буцааж төлөөгүй тул нийт 22 673 716 төгрөгийг гаргуулж Б.Чд олгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцсэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж тус тус заасан, 2017 оны 6 сарын 16-ны гэрээгээр 15 000 000 төгрөг, 2018 оны 1 сарын 10-ны өдрийн гэрээний дагуу 6 800 000 төгрөгийг зээлдүүлэхдээ зээлийг хүүг бичгээр тохироогүй тул хүүг гаргуулах үндэслэлгүй талаар шүүх хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна.

Хоёр шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул “сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах”-ыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 135 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                                 П.ЗОЛЗАЯА