Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2020/00555

 

 

 

 

 

 

 

 

 

2020оны 02сарын 27өдөр

181/ШШ2020/00555

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Н /РД:щ/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: З.У/РД:/,

 

Хариуцагч: Т.Д /РД:/ нарт холбогдох,

 

46,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.*******, А.*******,хариуцагч нарын төлөөлөгч Б.*******, хариуцагч нарын өмгөөлөгч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Унь Сингапур улсаас 2019 оны 01 сарын 29-ний өдрийн 22 цаг 47 минутын үед фэйсбүүк мессенжерээр холбогдож Нараа надад нэг туслаач тэгэх үү. 15,000,000 төгрөг яаралтай хэрэг болоод байна. 1 сарын хугацаатай хүүтэй авъя тэгэх үү. Чиний хэлсэн хүүгээр. Мөнгө орж ирэх хугацаа хойшлоод би энд балрах дөхөөд байна тэгж надаа туслаач гуйя гэсэн мессеж ирэхэд нь маргааш өглөө нь Хаана байгаа юм бэ найзаа гэхэд З.Унь Сингад байна гэж хариу өгсөн. Д.Н нь *******д дүүгээсээ мөнгө асууж өгье гэж цахимаар хариу бичсэн бөгөөд манай дүү гэрээ хийгээд 10 хувийн хүүтэй зээлнэ гэнэ чи яах юм бэ гэхэд Би гэрээ хийгээд явуулах уу, нэмээд 5,000,000 төгрөг авчихъя, даварсан юм болж байна уу гэж З.Усанал гаргаснаар тохиролцсон. Тухайн үед уран зургийн галерейн түрээс төлөх шаардлагатай мөн тэд уран зураг зарж байсан үе учраас *******, Т.Д нар нь бизнестээ хэрэглэх гэж байгаа юм байна гэж бодоод мөнгө зээлж туслахаар болсон. Ингээд 3.Ундрам 2019 оны 01 сарын 30-ны өдрийн огноотой зээлийн гэрээг өөрийн гараар бичсэн бөгөөд тус гэрээндээ 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, зээлээ төлж чадахгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр зөвшөөрч тус гэрээгээ цахим шуудан болох фэйсбүүк мессенжерээр илгээсэн тул 20,000,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн. *******аас мөнгөө шаардахад Т.Дгийн газрыг зараад мөнгийг чинь өгнө гэсэн ч өгөөгүй. Иргэний Хуулийн 196 дугаар зүйлд гэрээ байгуулагдсанд тооцох зарчмыг зааж өгсөн байх бөгөөд Д.Н *******ын гарын үсэгтэй зээлийн гэрээ ирснээр түүний саналыг хүлээн авч, зээлийн гэрээнд заагдсан 20,000,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. З.Унь зээлийн гэрээний эх хувийг Монголд ирээд өгнө гэсэн боловч өгөөгүй, гоё сайхан амлаж байгаад дүүгийн мөнгийг дамжуулж зээлж авчихаад 2019 оны 5 сар хүртэл сураггүй алга болсон. *******ын 99114209 гэсэн дугаар луу 2 дугаар сараас хойш тасралтгүй залгасан бөгөөд тэрээр утсаа зарсан байсан ба 6 сараас хаяг, утсыг олж авснаар зээл, зээлийн хүүг нэхүүлэн байж 300,000 төгрөг, 700,000 төгрөгийг өгсөн. Удаа дараа мөнгөө шаардаад өгөхгүй байх тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахад хүрлээ. Мөн Т.Дгийн 88110177 дугаартай утас руу залгахаар гар утсаа авахаа больсон. Нэгэнт миний мөнгийг *******, Т.Д нар нь хамтран гэр бүлдээ зарцуулсан учир зээлийн төлбөрийг *******, Т.Д нар тэнцүү хуваан төлөх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 11,000,000 төгрөг, алданги 15,500,000 төгрөг, нийт 46,500,000 төгрөгийг *******, Т.Д нараас гаргуулж өгнө үү. гэв.

Хариуцагч нар, тэдгээрийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг гардан авч, нэхэмжлэлтэй танилцан хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн төлбөрт 46,500,000 төгрөг гаргуулах тухай байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдохгүй, хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан гэрээ зэрэг зүйлс байхгүй байна. Мөн Т.Д нь зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд энэ хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлгүй гэж үзэж байгаа болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч *******, Т.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан бол хариуцагч нарын төлөөлөгч нь шүүх хуралдаанд хариуцагч З.Унь нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөгийн зээл авснаас 1,000,000 төгрөгийг буцаан төлсөн тул 19,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх шаардлагыг зөвшөөрөхгүй, хариуцагч Т.Дгийн хувьд зээлийн гэрээний харилцаанд оролцоогүй тул түүнд холбогдох шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

З.Унь Д.Нээс 2019 оны 01 сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкны 5130010887 тоот дансаар 10,000,000 төгрөг, мөн өдөр өөрийн Голомт банкны 5501604272121635 тоот кредит картын дансаар 10,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулгууд /хх-49, 51 тал/-аар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр Д.Нийн гэх Дона кира /Dona kira/ нэртэй фэйсбүүк хуудсанд хийсэн үзлэгийн ажиллагаагаар Ундрам Зандраа /Undram Zandraa/ нэртэй фэйсбүүк хуудаснаас 2019 оны 01 сарын 03-ны өдөр хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд авагдсан баримтыг бэхжүүлэн авсан бөгөөд уг баримтад З.Унь Д.Нээс хорин сая төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж авлаа. Хүүг сар бүр төлнө. Хугацаа хэтэрсэн тохиолдолд (барьцаа хөрөнгө аваагүй болно) төлөгдөөгүй үнийн дүнгийн хоногт тутамд 0.5 хувийн алданги төлнө. Гэрээг Сингэпурт CAIRN HILL ROAD 106-д хийсэн болно. Зээлийг Д.Н нь *******ын Хаан банк 5130010887 Голомт банк 5501604272121635 картын дугаар дансуудаар 10 саяар 2 хувааж нийт 20 сая төгрөгийг авсан болно. Зээлсэн *******, Зээлдүүлсэн Д.Н гэж бичиж, Зээлсэн З.Угэсэн хэсэгт гарын үсэг зурсан байна.

Хариуцагч нарын төлөөлөгч нь уг баримтыг З.Уөөрийн гараар бичсэн болон уг баримтыг фэйсбүүк хуудсаар Д.Нд илгээсэн гэдэгт болон Д.Нээс *******ын дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтад маргахгүй байна.

Д.Н болон З.Унарын хооронд дээрх харилцаанаас үүдэлтэйгээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу Д.Н нь *******аас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар Т.Дг татсан байх боловч уг зээлийн гэрээний харилцаанд Т.Д хамтран зээлдэгчээр оролцсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь Т.Дг хамтран хариуцагчаар татсан үндэслэлээ шүүх хуралдаанд Т.Д, З.Унар нь нэг гэр бүлийн хүмүүс буюу эхнэр, нөхөр, З.Унь уг зээлийг Т.Дгийн орлогоор буцаан төлнө гэсэн, мөн Т.Дгийн эзэмшлийн газрыг зарвал мөнгийг төлнө гэсэн, мөн уг зээлийг авах үед Т.Дгийн гаргаж байсан үзэсгэлэнгийн түрээсийн мөнгөний төлбөрийн асуудал яригдаж байсан гэх үндэслэлээр тайлбарлаж байх боловч дээрх үндэслэл нь Т.Дг хамтран зээлдэгч гэж үзэх үндэслэл болохгүй байна.

З.Унь Д.Нээс 20,000,000 төгрөгийг зээлж авснаас хойш Д.Нд 2019 оны 06 сарын 28-ны өдөр 300,000 төгрөгийг, 2019 оны 08 сарын 21-ний өдөр 700,000 төгрөгийг, нийт 1,000,000 төгрөгийг төлсөн болох нь зохигч талуудын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Д.Нийн Хаан банкны 5133039214 тоот дансны хуулга /хх-205,206 тал/ зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нарын төлөөлөгч нь дээр дурдсан 1,000,000 төгрөгийн үндсэн зээл болох 20,000,000 төгрөгөөс хасаж тооцон 19,000,000 төгрөгийг *******ын зүгээс Д.Нд төлөхөд татгалзах зүйлгүй, харин талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтад Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан тул нэхэмжлэгч зээлийн хүү болон алданги шаардах эрхгүй, нэхэмжлэгчийн зээлийн хүү болон алданги шаардсан шаардлага үндэслэлгүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтад зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийсэн байхыг шаардах ба мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтад зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага тавигдана.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь заалтад гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байна.

З.Унь 20,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох агуулга бүхий зээлийн гэрээг өөрийн гараар бичиж, түүнийг Д.Нийн фэйсбүүк хуудсанд илгээснийг Д.Н хүлээн авсан, улмаар Д.Н нь зээлийн 20,000,000 төгрөгийг *******ын дансанд шилжүүлсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон тул З.УД.Н нарын хооронд бичгээр байгуулах хуулийн шаардлага бүхий хүү, анз тогтоосон зээлийн гэрээ Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь заалтад зааснаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй, Д.Н нь З.Ундармаас зээлийн хүү болон анз шаардах эрхтэй байна.

Зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн дүн болох 20,000,000 төгрөгт гэрээнд заасан нөхцлийн дагуу сарын 10 хувиар хүү тооцоход сард 2,000,000 төгрөгийн хүү тооцогдож байх ба үүнийг зээлийн гэрээний хугацаа болох 6 сараар тооцоход нийт хүүгийн хэмжээ нь 12,000,000 төгрөг болж байна.

Үүнээс *******ын төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж тооцоход *******аас төлөх үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 20,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдэл нь 11,000,000 төгрөг, нийт 31,000,000 төгрөг болж байх бөгөөд үүнээс зээлийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 07 сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 09 сарын 26-ны өдрийг хүртэлх 58 хоногт зээлийн гэрээнд заасан 0,5 хувиар алданги тооцоход алдангийн хэмжээ нь 8,990,000 төгрөг болж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч *******аас үндсэн зээлийн төлбөр 20,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11,000,000 төгрөг, алданги 8,990,000 төгрөг, нийт 39,990,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон хариуцагч Т.Дд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч *******аас 39,990,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 6,510,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Т.Дд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 09 сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 391,000 төгрөгийн 390,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 550 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч *******аас 357,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд   гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР