Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 808

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00555 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Н-ийн хариуцагч З.У-, Т.Д- нарт холбогдуулан гаргасан 46 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч З.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч нарын өмгөөлөгч П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

З.У- нь Сингапур улсаас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 22 цаг 47 минутын үед фэйсбүүк мессенжерээр холбогдож Нараа надад нэг туслаач, 15 000 000 төгрөг яаралтай хэрэг болоод байна. 1 сарын хугацаатай чиний хэлсэн хүүтэй авъя гэж гуйсан. Хаана байгааг асуухад З.У- нь Сингад байна гэж хариу өгсөн. З.У-д дүүгээсээ мөнгө асууж өгье гэж цахимаар хариу бичсэн. Тухайн үед уран зургийн галерейн түрээс төлөх шаардлагатай мөн тэд уран зураг зарж байсан үе учраас З.У-, Т.Д- нар нь бизнестээ хэрэглэх гэж байгаа юм байна гэж бодоод мөнгө зээлж туслахаар болсон. 3.Ундрам 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн огноотой зээлийн гэрээг өөрийн гараар бичсэн бөгөөд тус гэрээндээ 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, зээлээ төлж чадахгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр зөвшөөрч тус гэрээгээ цахим шуудан болох фэйсбүүк мессенжерээр илгээсэн тул 20 000 000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн. З.У-аас мөнгөө шаардахад Т.Д-гийн газрыг зараад мөнгийг чинь өгнө гэсэн боловч өгөөгүй. Иргэний хуулийн 196 дугаар зүйлд гэрээ байгуулагдсанд тооцох зарчмыг зааж өгсөн байх бөгөөд Д.Н-, З.У-ын гарын үсэгтэй зээлийн гэрээ ирснээр түүний саналыг хүлээн авч, зээлийн гэрээнд заагдсан 20 000 000 төгрөгийг түүний дансанд шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. З.У- нь зээлийн гэрээний эх хувийг Монголд ирээд өгнө гэсэн боловч өгөөгүй, гоё сайхан амлаж байгаад дүүгийн мөнгийг дамжуулж зээлж авчихаад 2019 оны 5 дугаар сар хүртэл сураггүй алга болсон. З.У-ын 99114209 гэсэн дугаар луу 2 дугаар сараас хойш тасралтгүй залгасан бөгөөд тэрээр утсаа зарсан байсан ба 6 сараас хаяг, утсыг олж авснаар зээл, зээлийн хүүг нэхүүлэн байж 300 000 төгрөг, 700 000 төгрөгийг өгсөн. Нэгэнт миний мөнгийг З.У-, Т.Д- нар нь хамтран гэр бүлдээ зарцуулсан учир зээлийн төлбөрийг тэднээс тэнцүү хуваан төлөх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 11 000 000 төгрөг, алданги 15 500 000 төгрөг, нийт 46 500 000 төгрөгийг З.У-, Т.Д- нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар, тэдгээрийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг гардан авч, нэхэмжлэлтэй танилцан хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн төлбөрт 46 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдохгүй, хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан гэрээ зэрэг зүйлс байхгүй байна. Мөн Т.Д- нь зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд энэ хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлгүй гэж үзэж байгаа болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч З.У-аас 39 990 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 6 510 000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Т.Д-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 09 сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 391 000 төгрөгийн 390 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 550 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч З.У-аас 357 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч З.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:

... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан. Өөрөөр хэлбэл хүү тогтоосон зээлийн гэрээ нь бичгийн хэлбэртэй байх хуулийн шаардлага тавигдана. Гэтэл Д.Н-, З.У- нарын хооронд байгуулсан “бичгийн хэлбэр” бүхий зээлийн гэрээ гэж зүйл байхгүй.

Шүүхээс Д.Н-ийн фэйсбүүк хаягт үзлэг хийж хавтаст хэргийн 72 дугаар талд авагдсан баримтыг бэхжүүлж авсан гэх бөгөөд үүн дээр үндэслэж талуудын хооронд бичгийн хэлбэртэй зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс эх баримтыг эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримт гэж үнэлдэг. Үзлэг гэдэг нь бодит байдлыг тоочин бэхжүүлж авч буй ажиллагаа байна. Үзлэгийн тэмдэглэл нь нотлох баримтаар үнэлэгдэх боломжтой хэдий ч үзлэг хийсэн эх баримт нь шууд нотлох баримт болохгүй. Үзлэгийн объект нь үнэн зөв эсэхийг дүгнэж байгаа бус ердөө ийм объект байна гэдгийг л цаасан дээр буулгаж байгаа юм. Гэтэл шүүхээс үүнийг нотлох баримт гэж үнэлээд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн байна.

Тухайн фэйсбүүк хаяг нь З.У-ынх мөн эсэх, тухайн бичгийг З.У- бичиж, илгээсэн эсэх, тухайн фэйсбүүк хаягаар З.У- нь Д.Н-тэй харьцсан эсэх зэргийг тодруулаагүй атал шууд нотлох баримтын хэмжээнд үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал буюу хүлээн зөвшөөрөх саналын үед хэрэглэгдэх ёстой. Мөнгө зээлэхээр гэрээ байгуулах санал гаргахад хүлээн зөвшөөрөх саналыг хуулийн дээрх зохицуулалтын дагуу бичгийн хэлбэрээр, гарын үсгээ зурж, захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах аргаар гаргах учиртай. Гэрээ байгуулах санал гэдэг нь Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг хэлнэ. Харин хүлээн зөвшөөрөх санал нь тухайн гэрээ байгуулах саналтай яг ижил утгатай хариу байна.

Шүүхээс Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасан. Хэрэв шүүхээс талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бол 10 хувийн хүү тооцож байгаа нь зээлдэгчийн эрх ашигт илт хохиролтой, амьдралд тогтсон зах зээлийн ердийн хэм хэмжээнээс хэт өндөр байгаа тул шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд багасгах боломжтой байсан. Иймд хүү тогтоосон зээлийн гэрээ хуульд заасны дагуу бичгээр байгуулагдаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Д.Н- нь хариуцагч З.У-, Т.Д- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч “...зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хариуцагч Т.Д- нь зээлийн гэрээ байгуулаагүй, энэ хэрэгт хамааралгүй” гэж маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр Д.Н-ийн гэх Дона кира /Dona kira/ нэртэй фэйсбүүк хуудсанд хийсэн үзлэгээр хариуцагч З.У- нь Д.Н-ээс 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж, хүүг сар бүр төлнө, хугацаа хэтэрсэн тохиолдолд (барьцаа хөрөнгө аваагүй болно) төлөгдөөгүй үнийн дүнгийн хоногт тутамд 0.5 хувийн алданги төлнө. Гэрээг Сингапурт CAIRN HILL ROAD 106-д хийсэн болно. Зээлийг Д.Н- нь З.У-ын Хаан банк 5130010887 Голомт банк 5501604272121635 картын дугаар данснуудаар 10 000 000 төгрөгөөр 2 хувааж нийт 20 000 000 төгрөгийг авсан болно. Зээлсэн З.У-, зээлдүүлсэн Д.Н- гэж бичиж, зээлсэн З.У- гэсэн хэсэгт гарын үсэг зурсан гэрээний саналыг өөрийн гараар бичиж Ундрам Зандраа /Undram Zandraa/ нэртэй фэйсбүүк хуудаснаас илгээснийг Д.Н- хүлээн авч, уг гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн нь тогтоогджээ. /хх-49, 51, 55-64, 72 тал/

 

Д.Н-, З.У- нарын хооронд зээлийн гэрээг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар байгуулагдсанд тооцох үндэслэлтэй байх бөгөөд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа талуудад үүссэн байна. Мөн гэрээгээр алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцнэ.

 

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр З.У- нь Д.Н-ээс өөрийн Хаан банкны 5130010887 тоот дансаар 10 000 000 төгрөг, мөн өдөр өөрийн Голомт банкны 5501604272121635 тоот кредит картын дансаар 10 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгийг шилжүүлэн авснаас зээлдүүлэгчид 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 300 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 700 000 төгрөг, нийт 1 000 000 төгрөгийг буцаан төлсөн нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Д.Н-ийн Хаан банкны 5133039214 тоот дансны хуулгаар тогтоогдсон, зээлийг хүүгийн хамт буцаан төлөөгүй байх тул Д.Н- нь З.У-аас зээл, зээлийн хүү болон анз шаардах эрхтэй. /хх-205,206 тал/

 

Зээлийн үүргийг гэрээнд заасны дагуу тооцвол /2 000 000*6 сар/ 12 000 000 төгрөгийн хүүг зээлийн хамт буцаан төлөхөөс төлөгдсөн 1 000 000 төгрөгийг хасаж, нийт 31 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Уг дүнд гэрээний дагуу 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх 58 хоногт 0.5 хувиар алданги тооцоход 8 990 000 төгрөгийг төлөх үүрэг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүссэн, хариуцагч З.У-аас нийт 39 990 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн хамтран хариуцагчаар татсан Т.Д- нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Т.Д-г хамтран зээлдэгч гэж үзэх үндэслэлгүй.

 

Иймд шүүх нэхэмжлэлийг 39 990 000 төгрөгөөр хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 6 510 000 төгрөг, хариуцагч Т.Д-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад нийцжээ.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч З.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00555 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч З.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                           ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ