Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2020/00803

 

 Д.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00555 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 808 дугаар магадлалтай,

Д.Н-ийн нэхэмжлэлтэй,

З.У, Т.Д нарт холбогдох,

 46 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: хариуцагч З.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.У нь Сингапур улсаас утсаар ярьж мөнгө зээлэхийг хүссэн тул дүүгээсээ мөнгө зээлж өгөхөөр тохирсон.

Тухайн үед уран зургийн галерейн түрээс төлөх шаардлагатай, мөн тэд уран зураг зарж байсан үе учраас З.У, Т.Д нар нь бизнестээ хэрэглэх гэж байгаа юм байна гэж бодоод мөнгө зээлж туслахаар болсон. Ингээд 3.Ундрам 2019 оны 01 сарын 30-ны өдрийн огноотой зээлийн гэрээг өөрийн гараар бичсэн бөгөөд тус гэрээндээ 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, зээлээ төлж чадахгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр зөвшөөрч тус гэрээгээ цахим шуудан болох фэйсбүүк мессенжерээр илгээсэн тул 20 000 000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн.

З.Уаас мөнгөө шаардахад Т.Дгийн газрыг зараад мөнгийг чинь өгнө гэсэн ч өгөөгүй. Иргэний Хуулийн 196 дугаар зүйлд гэрээ байгуулагдсанд тооцох зарчмыг зааж өгсөн байх бөгөөд Д.Н З.Уын гарын үсэгтэй зээлийн гэрээ ирснээр түүний саналыг хүлээн авч, зээлийн гэрээнд заагдсан 20 000 000 төгрөгийг түүний дансанд шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. З.У нь зээлийн гэрээний эх хувийг Монголд ирээд өгнө гэсэн боловч өгөөгүй, гоё сайхан амлаж байгаад дүүгийн мөнгийг дамжуулж зээлж авчихаад 2019 оны 5 сар хүртэл сураггүй алга болсон.

З.Уын 99114209 гэсэн дугаарт 2 дугаар сараас хойш тасралтгүй залгасан бөгөөд тэрээр утсаа зарсан байсан ба 6 сараас хаяг, утсыг олж авснаар зээл, зээлийн хүүг нэхүүлэн байж 300 000 төгрөг, 700 000 төгрөгийг өгсөн. Удаа дараа мөнгөө шаардаад өгөхгүй байх тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахад хүрлээ.

Мөн Т.Дгийн 88110177 дугаартай утас руу залгахаар гар утсаа авахаа больсон. Нэгэнт миний мөнгийг З.У, Т.Д нар нь хамтран гэр бүлдээ зарцуулсан учир зээлийн төлбөрийг З.У, Т.Д нар тэнцүү хуваан төлөх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 11 000 000 төгрөг, алданги 15 500 000 төгрөг, нийт 46 500 000 төгрөгийг З.У, Т.Д нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдохгүй, хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан гэрээ зэрэг зүйлс байхгүй байна. Мөн Т.Д нь зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд энэ хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлгүй гэж үзэж байгаа болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00555 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч З.Уаас 39 990 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 6 510 000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Т.Дд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 09 сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 391 000 төгрөгийн 390 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 550 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч З.Уаас 357 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 808 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00555 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч З.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00555 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 808 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул дээрх шүүхийн шийдвэрүүд нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 болон 172.2.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байгаа болно.

Нэхэмжлэгч Д.Н 20 000 000 төгрөгийг хариуцагч З.Уын Хаан банк болон Голомт банкны дансанд хоёр хувааж шилжүүлсэн. Мөнгө зээлэх хэлцлийг утсаар ярилцаж тохиролцсон. Энэ нь зээлийн гэрээ биш бөгөөд талуудын хооронд цаасаар хийгдсэн бичгэн гэрээ байдаггүй. Гэтэл нэхэмжлэгч Д.Н 10 хувийн хүү нэмж 46 500 000 төгрөгийг шүүхэд нэхэмжилсэн байна.

1. Шүүхээс Д.Н нь фэйсбүүк /Dona kira/ гэх хаягт үзлэг хийж хавтаст хэргийн 72 дугаар талд авагдсан баримтыг бэхжүүлж авсан гэх бөгөөд үүн дээр үндэслэж талуудын хооронд бичгийн хэлбэртэй зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Энэ үзлэгээр З.Утай /Undram Zandraa/ фэйсбүүк чатаар харилцсан юм шиг, зээлийн гэрээний санал гаргасан юм шиг удаа дараагийн мессежүүдийг зохион хавтаст хэрэгт бэхжүүлсэн. Гэтэл хариуцагч З.Уын / Undram Zandraa / гэх фэйсбүүк хаяг нь үнэхээр өөрийнх нь мөн эсэх, үнэхээр харилцсан эсэхийг олж тогтоогоогүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүхээс эх баримтыг эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримт гэж үнэлдэг. Үзлэг гэдэг нь бодит байдлыг тоочин бэхжүүлж авч буй ажиллагаа байна. Үзлэгийн тэмдэглэл нь нотлох баримтаар үнэлэгдэх боломжтой хэдий ч үзлэг хийсэн эх баримт нь шууд нотлох баримт болохгүй. Үзлэгийн объект нь үнэн зөв эсэхийг дүгнэж байгаа бус ердөө ийм объект байна гэдгийг л цаасан дээр буулгаж байгаа явдал юм.

Тухайн фэйсбүүк хаяг нь З.Уынх мөн эсэх, тухайн бичгийг З.У бичиж, илгээсэн эсэх, тухайн фэйсбүүк хаягаар З.У нь Д.Нтэй харьцсан эсэх зэргийг тодруулаагүй атал шууд нотлох баримтын хэмжээнд үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шинжээчийн ажлыг шүүгч хийжээ.

Энэ нөхцөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.” гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан. Өөрөөр хэлбэл хүү тогтоосон зээлийн гэрээ нь бичгийн хэлбэртэй байх хуулийн шаардлага тавигдана. Гэтэл Д.Н, З.У нарын хооронд байгуулсан “бичгийн хэлбэр” бүхий зээлийн гэрээ гэж зүйл байхгүй.

Шүүхээс Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн байна.

Мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцно”, 43 дугаар зүйлийн 43.2.2-т “Бичгээр хийх хэлцлийг хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан тохиолдолд хийсэн гэж үзнэ” гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалт нь гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал буюу хүлээн зөвшөөрөх саналын үед хэрэглэгдэх ёстой. Мөнгө зээлэхээр гэрээ байгуулах санал гаргахад хүлээн зөвшөөрөх саналыг хуулийн дээрх зохицуулалтын дагуу бичгийн хэлбэрээр, гарын үсгээ зурж, захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах аргаар гаргах учиртай.

Гэрээ байгуулах санал гэдэг нь нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг хэлнэ. Харин хүлээн зөвшөөрөх санал нь тухайн гэрээ байгуулах саналтай яг ижил утгатай хариу байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “...зээлсэн З.У, зээлдүүлсэн Д.Н гэж бичиж, зээлсэн З.У гэсэн хэсэгт гарын үсэг зурсан гэрээний саналыг өөрийн гараар бичиж Ундрам Зандраа нэртэй фэйсбүүк хуудаснаас илгээснийг Д.Н хүлээн авч, уг гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн нь тогтоогджээ” гэжээ. Өөрөөр хэлбэл шүүх З.Уын бичиж явуулсан гэх бичиг нь гэрээний санал болохыг дүгнэсэн атлаа хуульд “...саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал” гэж заасан байхад буруугаар хэрэглэжээ. Энэ нь хууль хэрэглээний илэрхий алдаа болсон байна. Хэрэв Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь заалтыг хэрэглэх гэж байгаа бол Д.Н нь мөн цахим хэлбэрээр хүлээн зөвшөөрсөн болохоо илэрхийлэн бичиж “гарын үсэг” зурж илгээх ёстой байсан. Гэтэл тийм үйл баримт байхгүй.

Иймд шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хүү тогтоосон зээлийн гэрээ хуульд заасны дагуу бичгээр байгуулагдаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Д.Н нь З.У, Т.Д нарт холбогдуулан 46 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч З.Уаас 39 990 000 төгрөгийг гаргуулж, үлдэх 6 510 000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Т.Дд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргасан боловч хяналтын шатны шүүхэд хэрэг хянагдах явцад буюу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийг батлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр хариуцагч З.У нь энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулахдаа 35 000 000 төгрөгийг бэлнээр эсхүл дансаар нэхэмжлэгч Д.Нд хүлээлгэн өгснөөр, Д.Н нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00555 тоот шийдвэрээр хангагдсан 39 990 000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 357 900 төгрөг, нийт 40 347 900 төгрөгөөс 35 000 000 төгрөгийг хасаж, үлдэх хэсэг болох 5 347 900 төгрөгөөс татгалзахаар харилцан тохиролцсон байна.

Гэрээний дагуу З.У 35 000 000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлсөн нь мөнгө хүлээлцсэн баримтаар тогтоогджээ.

Зохигчийн эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг батлах үндэстэй байна.

Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар Д.Нийн нэхэмжлэлтэй З.У, Т.Д нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00555 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 808 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч З.Уаас 35 000 000 төгрөг авч, үлдэх 5 347 900 төгрөгөөс татгалзаж, хариуцагч З.У нь 35 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, Д.Нийн нэхэмжлэлтэй З.У, Т.Д нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                            ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД