Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 06

 

 2019           03           12                                         06

 

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 136/ШШ2019/00031 дүгээр шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: 9016001018 улсын бүртгэлийн дугаартай, 5341469 регистрийн дугаартай, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Гурван баян төвийн 1 дүгээр давхарт орших, Төрийн банк ХХК-ийн Дорноговь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Хатанбулаг сумын 6 дугаар  баг, ....... гэх газар оршин суух, 1987 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, Мижид овогт Б-ийн А /РД:ЕЭ8.......66/,

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Нарлаг шанд хороолол, ..... дугаар байрны ........ тоотод оршин суух, 1993 онд төрсөн, 25 настай, эмэгтэй, Боржигин овогт О-ын С /РД:ЕЛ......808/ нарт холбогдох,

Гэм хорын хохиролд Б.А-гаас 6 449 348 төгрөг, О.С-с 15 744 885 төгрөг, нийт 22 194 233 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч О.С, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Прокурор Ж.Айжуу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг, хариуцагч О.С, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн банк ХХК-ийн Дорноговь салбарын харъяа Сулинхээр тооцооны төв нь Хилийн цэргийн 0168 дугаар тусгай ангитай хамтран ажиллах гэрээг 2011 онос эхлэн байгуулан ажиллаж, цэргийн ангийн бие бүрэлдэхүүн, ажилтан, албан хаагч нарт банкны үйлчилгээ үзүүлэхээс гадна гэрээт цэргийн албан хаагч нарын цалингаас 30 хувиар хадгаламж байршуулж ажилладаг. Гэтэл тус тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байсан Б.А, теллерээр ажиллаж байсан О.С нар нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд ажиллаж байх хугацаандаа албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн нэр бүхий 46 харилцагчийн хадгаламжийн данснаас харилцагийн зөвшөөрөлгүй бэлэн болон бэлэн бус гүйлгээ гаргаж, нийт 22 194 233 45 төгрөгийг /А 6 449 348 05 төгрөг, О.С 15 744 855 40 төгрөг/ хувьдаа авч ашигласан нь харилцагчийн гомдол болон Төрийн банкны дотоод хяналт шалгалтаар илэрч, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад олж авсан баримт сэлт, мэдээлэл, яллагдагчаар татагдсан Б.А, О.С нарын тайлбар, мэдүүлгээр баталгаажиж Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 05/04 дугаар тогтоол зэргээр тогтоогдоод байна.

Төрийн банк ХХК нь Б.А болон О.С нарын харилцагчийн данснаас хувьдаа ашигласан нийт 22 194 233 45 төгрөгийг нэр бүхий 46 харилцагчид буцаан олгосон бөгөөд Б.А, О.С нарын хууль бус үйлдлийн улмаас банк 22 194 233 45 төгрөгийн бодит хохирлыг хүлээгээд байна.

Дорноговь аймгийн Прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Прокурорын 5/04 дүгээр тогтоолд /...Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 205 дугаартай дүгнэлтэд “...Төрийн банкны хяналт шалгалтын газрын 2017.03.23-с 2017.04.15-ны өдөр хүртэл хугацаанд Дорноговь салбарын харъяа Сулинхээр тооцооны төвд хийгдсэн ээлжит иж бүрэн шалгалтын тайлангийн 2.1.1, 2.1.2-т дурдсан тооцооны төвд ажиллаж байсан тооцооны төвийн ахлах теллер Б.А, теллер О.С ... нарын талаар дүгнэх хэсэг нь үндэслэлтэй байна. Шинжилгээгээр Төрийн банкны Дорноговь салбарын харъяа Сулинхээр тооцооны төвд 22 194 233 45 төгрөгийн зөрчил дутагдлын үлдэгдэлтэй байна. Энэ нь Төрийн банкны 2819001822010001 тоот авлагын болзошгүй эрсдлийн сангийн үлдэгдэл, харилцагчдын хуулга, харилцагчийн хохирол барагдуулсан дүнтэй тохирч байна....” гэсэн дүгнэлт, яллагдагч Б.Агийн: /...Тогтоол дээр намайг 6 449 348,05 төгрөг авсан гэсэн байна. Энэ мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа/ гэсэн мэдүүлэг, яллагдагч О.С-ийн:/..Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Б.А, О.С нар Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэсний дагуу хариуцагч Б.А, О.С нарын гэм буруутай хууль бус үйлдлийн улмаас Төрийн банк ХХК-д 22 194 233,45 төгрөгийн бодит хохирол учирсан нь хангалттай тогтоогдож  байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хохирлыг барагдуулаагүй байгаа болно. Иймд хариуцагч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн дагуу хариуцагч иргэн Б.А-гаас 6 449 348,05 төгрөг,  О.С-с 15 744 885,40 төгрөгийг гаргуулж Төрийн банкны Дорноговь салбарын 281500000018 тоот дансанд гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: Би анхнаасаа харилцагчийн данснаас 6 543 348 төгрөг авч завшсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин банк нэхэмжлэлдээ 6 449 348 төгрөг нэхэмжилснийг ойлгохгүй  байна. Дээрх нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Цагдаа, Авлигатай тэмцэх газраас шалгаад эрүүгийн журмаар хянан шийдвэрлэсэн. Би дээрх байгууллагаас болон аймгийн Прокуророос гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин О.С-с гаргуулахаар нэхэмжилж байгаа 15 744 885 40 төгрөгийг хариуцан төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байна. Тус банкны нэхэмжилсэн 5 449 348 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Одоогоор би ажилгүй байгаа учраас хугацаа өгөөд бага, бага хэмжээгээр төлж барагдуулж банкийг хохиролгүй болгоно гэжээ.

Хариуцагч О.С шүүхэд гаргасан тайлбартаа: Банкнаас нэхэмжилж байгаа 15 744 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие ийм их мөнгийг хувьдаа завших нөхцөл, шаардлага ч байхгүй. Би 2014 оны 6 сард их сургуулиа төгсөөд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 6 дугаар багт орших аав ээж дээрээ очсон. Би олон улсын гадаад харилцааны мэргэжлийн хүн учир надад тэр газар хийх мэргэжлийн ажил байхгүй байсан. Төрийн банкны ахлах теллер А манайд ажилд ор гэсэн гуйлтын дагуу 2014 оны 08 дугаар сард тус Төрийн банкинд теллерээр орж ажиллаад 2015 оны 06 дугаар сарын эхээр өөрийн хүсэлтээр халагдсан. Төрийн банкинд 10 сар ажиллахад эхний 6 сар туршилтын ажилтан, дараагийн 4 сард нь үндсэн ажилтан болж ажилласан. Эхний 6 сард ахлах теллер  Агаар бүх ажиллах зүйлээ заалгаж ажилласан. Би ажлаа хүлээлгэн өгөхдөө ямар нэгэн дутагдал, гомдол санал байхгүйгээр гарсан. Ахлах теллер Ад өөрийн бүх ажлыг бүрэн дүүрэн хүлээлгэж өгсөн. Ажлаас гарсаны дараа 4 сар гаруйн дараа Улаанбаатар хотын Төрийн банкнаас шалгалт ирж байгаа, би бичиг баримтаа янзалж байтал чиний гарын үсэг зурагдаагүй хэд хэдэн баримт байна, ирээд гарын үсэг зураад өгөөч гэж надруу А утсаар ярьсан. Ажлаас гарахад чамд би бүх юмаа зохих ёсоор нь хүлээлгэн өгсөн, надад гарын үсэг зураагүй үлдсэн баримт байх учиргүй гээд 3 хоног очоогүй байтал А өөрийн биеэр манайд ирээд чи гарын үсэг зураад өгчих, шальтай юм бишээ гээд суугаад байхаар нь би очоод нэлээн хэд хэдэн баримт үдэж хүлээлцсэн, баримт дундаас авчраад гарын үсэг зуруулсан. 2016 оны 02 сарын үед А чиний теллер эрхээр нэг гэрээтийн хугацаатай /2 жилийн/ хадгаламжнаас 1 сая гаруй төгрөгийн зарлага гараад дансыг нь хаачихсан байна. Гэрээт нь бие нь муу байна гээд ах нь хотоос дансыг нь шалгаад өгөөч гэж Отрядын дарга руу ярьсан байна. Гэтэл А-тай хамт ажиллаж байгаа Чинзул гэгч шалгаад үзээд тэр гэрээтийн дансанд мөнгө алга, данс нь хаагдсан байна гэсэн. Хариуг нь зохих хүнд нь хэлсэн байдаг юм. Тэгээд А аймгаас дахиж шалгалт ирнэ гэнээ, асуудал гарвал ч би ажилгүй болох байхдаа гэж манай гэрт ирээд ярьж байсан тэгээд шалгалт нь ирээд намайг дуудсан. Хүний хадгаламжийн данснаас 5 сая гаруй төгрөг миний теллер эрхээр гарсан байна гэж харилцааны менежер Бат-Эрдэнэ хэлсэн. Банктайгаа тохиролцоод төлчих юм бол цаашид асуудал үүсэхгүй гэж хэлсэн. Би энэ мөнгийг аваагүй, учрыг нь ч мэдэхгүй, надад ийм мөнгөтэй холбогдох асуудал гарах ч учиргүй. Би ажлаа ямар ч алдаа дутагдалгүй хүлээлгэж өгсөн. Би цагдаа шүүхээр явж шалгуулна. Надад айх зүйл байхгүй гэсэн. Цагдаагаас эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн байцаагч Тэгшжаргал утсаар ярьсан. Төрийн банкнаас гомдол ирсэн, ирж уулз гэсэн. Ингээд шалгагдан явж байгаад прокурорт шилжсэн. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэмт хэргийн шинжтэй биш гээд хэрэгсэхгүй болсон. Үүнээс хойш жил гаруйн дараа Төрийн банкнаас дахин ярьж 15 744 885 төгрөгийн асуудал байна, цагдаад өгсөн байгаа гэж хэлсэн. Ямар ч учир нь олдохгүй, дуудах болгондоо мөнгө нь өссөн байдаг. Энэ мөнгө болон энэ хэрэг бол хэдэн этгээдүүдийн хадгаламжийн дансан дахь мөнгө юм. Түүнээс гадна хадгаламжийг 2 жилээр битүүмжилдэг бөгөөд битүүмж хугацаа дууссан бол автоматаар битүүмж тайлагдана. Эсхүл ахлах теллерт битүүмжлэлийг тайлах эрх нь байдаг. А надад ажлаа зааж сургаж байхдаа миний нууц кодыг ашигласан байх гэж би ойлгож байна. Энэ 15 гаруй сая төгрөгийг албадан хүлээлгэх гээд байгаа Төрийн банкны шаардлагыг би хэрхэвч зөвшөөрөхгүй. Энэ мөнгийг төлөх үндэслэл надад өчүүхэн ч байхгүй, энэ төлбөрийг хэзээ ч зөвшөөрөхгүй гэжээ.

            Прокурор Ж.Айжуу шүүхэд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавч нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б.А нь Төрийн банкны Дорноговь салбарын харъяа Сулинхээр тооцооны төвд ахлах теллерээр 2014.10.14-ний өдрөөс 2015.09.29-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байхдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн банкны хадгаламж эзэмшигч нарын данснааас 6 453 348 төгрөгийг хувьдаа авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар,

2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр О.С нь Төрийн банкны Дорноговь салбарын харъяа Сулинхээр тооцооны төвд ахлах теллерээр 2014.10.14-2015.09.29-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байхдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн банкны хадгаламж эзэмшигч нарын данснаас 15 744 885 төгрөгийг хувьдаа авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч комиссар Н.Наранбат хэргийг шалгасан юм.

Эрүүгийн 1719000520046 дугаартай мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан хэрэгт цугларсан нотлох баримтууд болох гэрч Б.Б, Ж.Б, Н.Б нарын өгсөн мэдүүлэг, яллагдагч Б.А, О.С нарын мэдүүлэг, Төрийн банкны Дорноговь салбарын 2017.09.12-ны өдрийн 482 дугаартай албан бичгээр аймгийн Цагдаагийн газарт ирүүлсэн хэргийн талаар мэдээлэл, Төрийн банкны Дорноговь салбарын Сулинхээр тооцооны төвд 2017.03.29-ний өдрөөс 2017.04.15-ны хооронд 2015.10.16-ны өдрөөс 2017.03.17-ны өдрийн хоорондох хугацааг хамруулан хийсэн шалгалтын тайлан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.12.07-ны өдрийн 205 дугаартай дүгнэлт, Дорноговь салбарын Сулинхээр тооцооны төвд гарсан дутагдлын тооцоо, Төрийн банкнаас харилцагчдын хохирлыг барагдуулсан жагсаалт, Төрийн банкинд хадгаламж эзэмшигч нарын бичгээр гаргасан тайлбар, депозит харилцагчийн монгол хуулга, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018.12.18-ны өдрийн 6312 дугаартай дүгнэлт, бусад нотлох баримтуудаар яллагдагч Б.А, О.С нар албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж 46 иргэний данснаас удаа дараагийн үйлдлээр 22 194 233 төгрөгийг авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон байна.

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавч нь 2018.06.04-ний өдөр 5/04 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн 1719000520046 дугаартай яллагдагч О.С, Б.А нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Төрийн банкны Дорноговь салбар нь Сулинхээр тооцооны төвийн ахлах теллер Б.А, теллер О.С нарын албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж 46 иргэнд учруулсан 22 194 233 төгрөгийг төлж нэр бүхий иргэдийг хохирол төлбөргүй болгож, хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.

Төрийн банкны Дорноговь салбарын Сулинхээр тооцооны төвд ахлах теллер Б.А, теллер О.С нар нь Төрийн банкны дүрмийн Арав. Банкны ажилтан: 10.3. Банкны ажилтнууд дараах шаардлагыг хангаж ажиллана,

10.3.2-д заасан албан үүрэгтээ үнэнч шударга хандаж, банкны үйл ажиллагаа, тогтоосон горимд харш байдлаар өөртөө, гэр бүл, төрөл төрөгсөд, ажил төрлийн болон хувийн харьцаатай хүмүүст хуулиар гадуур давуу байдал олгохгүй байх,

10.3.3-д заасан харилцагчийн данс, зээл, төлбөр, тооцоо, бизнесийн ажиллагаатай холбоотой, албан материал, тоон үзүүлэлт, дотоод дүрэм, журам, заавар нөхцлүүдийг хууль тогтоомж, дотоод заавар, журамд зааснаас бусад тохиолдолд бусдад танилцуулах, ашиглуулах, нууцлалыг алдагдуулах, хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх, Төрийн банкны теллерийн системийн багц журам 9.1.20-д заасан харилцагч өөрийн биеэр банкинд ирээгүй байхад харилцагчийн данснаас дараахаас бусад гүйлгээг хийхийг хориглоно гэсан заалтыг удаа дараа зөрчиж, үүний улмаас банкинд хохирол учруулсан байна.

Төрийн банкны теллерийн системийн багц журам 9.2.11-д зааснаар харилцагчийг өөрийн биеэр ирээгүй байхад харилцагчийн дансыг удаа дараа лавлах, олж авсан мэдээллийг хувийн ашиг сонирхолд нийцүүлэн ашигласан нь хяналт шалгалтаар илэрсэн тохиолдолд тухайн ажилтанд холбогдох хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу арга хэмжээ авна гэж заасны дагуу тус банкнаас Б.А, О.С нараас хохирлыг нэхэмжилж байгаа юм.

Төрийн банкнаас Төрийн банкны Дорноговь салбарын харъяа Сулинхээр тооцооны төвд 2017.03.29-нөөс 2017.04.15-ны өдөр, 2015.10.16ны өдрөөс 2017.03.27-ны өдрийн хоорондох хугацааг хамруулан хийсэн иж бүрэн шалгалтын тайланд ахлах теллер Б.А, теллер О.С нар тус банкинд хадгаламж эзэмшигч нэр бүхий 46 иргэний нэр дээр 22 194 233,45 төгрөг авч ашигласан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байна. Тухайлбал: Нэг: ... Ахлах теллерээр ажиллаж байсан Б.А нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн, шүүхийн шатанд нэхэмжилсэн төлбөрөөсөө 500000 төгрөг төлсөн байх тул түүнийг нэхэмжлэлээс хасч тооцохыг зөвшөөрч байна. Иймд Төрийн банкны Дорноговь салбар нь Сулинхээр тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байсан Б.А-гаас 5 949 348 төгрөг нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү. Хоёр. Теллерээр ажиллаж байсан О.С-с 15744 885 төгрөг нэхэмжилж байгаа тул мөнгийг гаргуулж Төрийн банкны Дорноговь салбарт олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Б.А-гаас 5 949 348 төгрөг, хариуцагч О.С-с 15 744 885 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Дорноговь салбарт олгохоор,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268921 төгрөгийг Төрийн банкны Дорноговь салбарт буцаан олгохоор,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.А-гаас 110140 төгрөг, хариуцагч О.С-с 236674 төгрөг тус тус гаргуулж, улсын орлогод оруулахаар,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, гардаж аваагүй нь хуульд зааснаар давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагч О.С, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нар давж заалдсан гомдолдоо: Уг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэж чадаагүй ба өөрөөр хэлбэл ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчиж зөвхөн гэм хорын хохирол гэдэг ухагдахуунаар хэт нэг талын өрөөсгөл байдлаар хандсан гэж үзэж байна.

Үүнд: Төрийн банкнаас С-д холбогдуулан 46 харилцагчид холбогдох нийт 15 744 885 төгрөгийг нэхэмжилдэг боловч энэ нь уг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдох боломжгүй байдаг болохыг шүүхээс бодитойгоор шинжлэн судалж харьцуулж үзээгүй болно. Тухайлбал хавтаст хэргийн 16-р хуудсанд авагдсан 2018.04.20-ны өдрийн прокурорын тогтоол нь гэм буруутай болохыг нотлоогүй, гагцхүү уг хэргийг шалгах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болох хуулийн заалтыг үндэслэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нотлох баримт учраас энэхүү тогтоолоор түүний гэм буруу нотлогдсон хэмээн үзэх хууль зүйн үндэслэл байхгүй юм. Тиймээс анхан шатны шүүхээс хариуцагч нар бусдын хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан буюу хохирлын хоорондын шалтгаант холбоотой байна гэсэн дүгнэлтээр нэхэмжлэгч талын ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах үүргийг халхавчилж харилцагч нарын гарын үсгийг теллерийн хэн нь яаж зурсан, хичнээн харилцагчдын гарын үсгийг дуурайлган зурсан болохыг албан ёсны эрх зүйн үндэслэл буюу шинжээчийн дүгнэлтээр нотолж гол нотолгоог гаргаж өгч чадаагүй болоход огт дүгнэлт хийгээгүй болохыг анхаарна уу.

2. Хэргийн 40 дүгээр хуудсанд авагдсан 2017.12.07-ны өдрийн 205 тоот шинжээчийн дүгнэлтэд Сулинхээр тооцооны төвийн ахлах теллер А, теллер С нар нь хувьдаа хэд хэдэн төгрөг завшсан эсэх үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна гэх дүгнэлттэй уялдуулж уг хэргийг мөрдөн шалгах явцад энэхүү үнийн дүн нь тодорхойлогдож чадаагүй атал шүүхээс зөвхөн Агийн эхнээсээ учруулсан хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн болох үндэслэлээр бүхнийг дүгнэж, энэ бүгдэд бодитой дүгнэлтийг хийж чадаагүй болохыг анхаарна уу. Өөрөөр хэлбэл эдийн засгийн шинжилгээгээр болон мөрдөн шалгах ажиллагааны явцад А, С нарт холбогдож болзошгүй хохирлын дүн тус бүрээрээ тодорхой тогтоогдож чадаагүй, үүнтэй холбогдуулан Төрийн банкнаас нотлох баримтуудыг бүрэн гаргаж өгч чадаагүй байхад энэхүү үнийн дүнг А-гийн мэдүүлэг, Төрийн банкны хяналт шалгалтын ажлын тайлан зэргээр тодорхойлоод дүгнээд байгааг нь ойлгомжгүй, учир дутагдалтай юм.

3. 2-р хавтаст хэргийн 21-47 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн 2018.12.18-ны өдрийн дүгнэлтээр С-ийн 29 ширхэг гарын үсэг тохирч, 35 тохирохгүй байна гэсэн нотлох баримтыг шүүхээс нийт нэхэмжилж буй хохирлын үнийн дүнг тодорхойлсон нотолгоонд хамруулж нийтлэг хэм хэмжээгээр дүгнээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд өөрөөр хэлбэл энэхүү шинжээчийн дүгнэлт нь теллер гэх албан тушаалтай холбогдуулан түүний үйл ажиллагаанд хэрэгжүүлж зурсан гарын үсэг мөн эсэхийг нотолсон нотолгоо болохоос биш Төрийн банкны мэдүүлээд байгааг нотолсон харилцагчдын гарын үсгийг дуурайлган зурсан бичгийн хэв маяг нь С-ийнх мөн эсэхийг нотлоогүй болохыг анхаарч энэ бүгдийг зөв бодитой дүгнэх нь зүйтэй юм. Мөн энэхүү шинжээчийн дүгнэлтээр С-д хамаарал бүхий гарын үсэг 29 ширхэг гэсэн ба тэгвэл үлдэх хэсэг нь хэнд хамааралтай болох улмаар эдгээр баримтуудад түүний харилцагчдын хүсэлтээр хийгдсэн баримтууд байгаа болохыг ч үгүйсгэх аргагүй үндэслэлүүдийг шүүх ялгаж зааглаж үнэлж дүгнээгүй болохыг анхаарна уу. Энэхүү үндэслэлүүдээр уг хэргийг дахин хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч О.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А надад ажил зааж зааварлаж байхдаа нууц үгийг харсан байх магадлалтай, би нууц үгээ алдсан гэж үзэж байгаа. Мөнгийг хувааж авсан гэж яриад байгаа, би хувааж авъя гэж хэлээгүй. 29 гарын үсэг таарсан байж гэж байгаа. Тухайн харилцагч нар өөрөө очоод мөнгөө авсан байж болно гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлын гол шалтгаан нь уг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэж чадаагүй.  Төрийн банкнаас С-д холбогдуулан 46 харилцагчид холбогдох нийт 15744885 төгрөгийг нэхэмжилдэг боловч энэ нь уг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдох боломжгүй байдгийг шүүхээс бодитойгоор шинжлэн судалж харьцуулж үзээгүй болно. Харилцагч нарын гарын үсгийг теллерийн хэн нь яаж зурсан, хичнээн харилцагчдын гарын үсгийг дуурайлган зурсан болохыг албан ёсны эрх зүйн үндэслэл буюу шинжээчийн дүгнэлтээр нотолж гол нотолгоог гаргаж өгч чадаагүй болоход огт дүгнэлт хийгээгүй.  Эдийн засгийн шинжилгээгээр болон мөрдөн шалгах ажиллагааны явцад А, С нарт холбогдож болзошгүй хохирлын дүн тус бүрээрээ тодорхой тогтоогдож чадаагүй, үүнтэй холбогдуулан Төрийн банкнаас нотлох баримтуудыг бүрэн гаргаж өгч чадаагүй байхад энэхүү үнийн дүнг Агийн мэдүүлэг, Төрийн банкны хяналт шалгалтын ажлын тайлан зэргээр тодорхойлоод дүгнээд байгаа нь ойлгомжгүй. 2 дугаар хавтаст хэргийн 21-47 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн 2018.12.18-ны өдрийн дүгнэлтээр С-ийн 29 ширхэг гарын үсэг тохирч, 35 гарын үсэг тохирохгүй байна гэсэн нотлох баримтыг шүүхээс нийт нэхэмжилж буй хохирлын үнийн дүнг тодорхойлсон нотолгоонд хамруулж нийтлэг хэм хэмжээгээр дүгнээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд өөрөөр хэлбэл энэхүү шинжээчийн дүгнэлт нь теллер гэх албан тушаалтай холбогдуулан түүний үйл ажиллагаанд хэрэгжүүлж зурсан гарын үсэг мөн эсэхийг нотолсон нотолгоо болохоос биш Төрийн банкны мэдүүлээд байгааг нотолсон харилцагчдын гарын үсгийг дуурайлган зурсан бичгийн хэв маяг нь С-ийнх мөн эсэхийг нотлоогүй болохыг анхаарч энэ бүгдийг зөв бодитой дүгнэх нь зүйтэй юм. 29 баримт нь С-ийн гарын үсэгтэй тохирч өөрөөр хэлбэл теллерийн үйл ажиллагаатай холбогдуулаад С-ийнх мөн үү, биш үү гэдгийг тогтоосон. 67-оос 29-ийг хасахаар үлдэх 38 нь хэнийх вэ гэдэг дээр шүүх харьцуулж дүгнэлт хийгээгүй. Энэ нь теллер гэсэн албан тушаалыг гүйцэтгэж байхдаа үйл ажиллагаатай холбоотой гарын үсэг байгаа болохоос биш С гэж зурсан гарын үсэг болгон магадгүй бусад харилцагч нарын хүсэлтээр хийгдсэн гарын үсгүүд байхыг үгүйсгэхгүй. Энэ бүхнийг ялгаж салгах ёстой. Үүн дээр дутуу дулимаг хандсан тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй. Иймээс энэ үндэслэлээр хэргийг дахин хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Прокурорын газрын 2018.06.04-ний өдрийн 05/04 дүгээр тогтоол дээр С, А нарын хийсэн хэргийг тогтоогоогүй боловч тухайн тогтоол дээр маш тодорхой бичсэн байгаа. Сулин хээр тооцооны төв дээр хийгдсэн шалгалтаар 2014-2015 онуудад нийт 46 харилцагчийн данснаас 22194233 төгрөгийг гаргасан зөрчил илэрсэн. Сулин хээр тооцооны төв дээр хяналтын камер байхгүй бөгөөд теллерийн санхүүгийн болон санхүүгийн бус гүйлгээний хуулгаар эдгээрийг тогтоосон байгаа. Санхүүгийн бус хуулга гэдэг нь хандсан, лавласан хандалтыг харуулж байгаа юм. Гүйлгээний программ дээр теллер бүр давтагдашгүй өөрийн нууц үгтэй. Тэр нууц үгээр хийгдсэн гүйлгээ нь бааз дээр тухайн теллерийн нэр дугаараар бүртгэгддэг. Нууц үгийг сар бүр солиулдаг. Теллер ажлын байрыг түр орхихдоо ажлын программаас гарахгүй нээлттэй орхихгүй, нууц үгийг бусдад дамжуулахгүй байх заалт байгаа. Тухайн заалтууд нь ажилтан ажилд ороход ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж, тухайн ажилтнаар гарын үсэг зуруулж, уг заалтуудыг хүлээн зөвшөөрүүлсэн байдаг. Энэ заалтан дээр Сувд-Эрдэнийг анх ажилд ороход буюу 2014.07.07-ны өдөр гарын үсэг зуруулж, танилцуулсан байгаа. Мөн шинжээчийн 2017.12.07-ны өдрийн 205 дугаар Төрийн банкны хяналт шалгалтын газрын 2017.03.29-ний өдрөөс 2017.04.15-ны өдөр хүртэл Сулин хээр тооцооны төвд хийгдсэн иж бүрэн шалгалтаар теллерээр ажиллаж байсан С, А нарын талаар дүгнэсэн хэсэг нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Сулин хээр тооцооны төвд 22194233 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Авлагын болзошгүй эрсдэлийн сан буюу харилцагчдын хохирол барагдуулсан дүнтэй тохирч байна гэсэнтэй тохирч байна гэсэн дүгнэлтийг үндэслэсэн. Хариуцагч А 2011.06 сард Сулин хээр тооцооны төв нээгдээд энд ажиллах болсон. Энд ажиллаж байх хугацаандаа “мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна, хохирол мөнгөө хурдан шуурхай барагдуулна” гэсэн мэдүүлэг байгаа. Мөн хариуцагч С-ийн “надад сонсгож байгаа зүйл ангийг зөвшөөрч байна. Энэ журмыг мэднэ. Намайг ажилд ороход гэрээ байгуулж гарын үсэг зуруулсан. Нууц үгийг мэднэ. Нууц үгээ хадгалж явах бөгөөд хариуцах ёстой” гэсэн мэдүүлэг ба хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар яллагдагч С, А нар нь албан тушаалаа хэтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэсэн прокурорын тогтоол байгаа. Уг хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийг хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үйлдэгдсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын хэрэг тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заасан ба дээрх хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон. 2017.12.07-ны өдрийн шинжээч Оюунтуулын дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтэн дээр мөн тус тооцооны төвд ажиллаж байсан ахлах А, С нар нь үгсэн тохиролцож эсхүл дангаар харилцагчийн гүйлгээний хуулгыг урт хугацаагаар удаа дараа гүйлгээг лавлан гүйлгээ хийхгүй удсан, тухайн сум орон нутгаас явсан харилцагчдын данснаас харилцагч өөрөө ирээгүй байхад өөрийн теллерийн эрхийг ашиглан бэлэн болон бус зарлагын гүйлгээг хийх, гүйлгээний баримт дээр гарын үсгийг дуурайлган зурах замаар 46 харилцагчийн данснаас нийт 22194233 төгрөгийг хувьдаа завшсан нь тухайн банкны санхүүгийн бус гүйлгээний хуулга, зарлагын баримт дээр зурагдсан гарын үсэг, харилцагчдын баталгаат гарын үсгээс зөрүүтэй зурагдсан харилцагчдын утсаар болон биечлэн өгсөн тайлбараар нотлогддог боловч харилцагчийг хохироосон үйлдлийг А, С нар нь хүлээн зөвшөөрөхгүй асуудал гаргадаг тул хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгах, баримт гүйлгээгээр тухайн ажилчдын ашиглалтын үйлдэл нотлогдсон учир 22194233 төгрөгийн хохирлыг хуулийн байгууллагаар шалгуулъя гэсний дагуу дүгнэлт гаргасан байгаа. Энэ дүгнэлтээр Сулин хээр тооцооны төвийн иж бүрэн шалгалт нь үнэн зөв явагдсан эсэхэд Төрийн банкны хяналт шалгалтын газрын 2017.03.29-ний өдрөөс 2017.04.15-ны өдөр хүртэлх хугацаанд Сулин хээр тооцооны төвд хийсэн иж бүрэн шалгалтын тайлангийн 2.1.1, 2.1.2 дахь хэсэгт дурдсан тооцооны төвд ажиллаж байсан ахлах теллер А, С нарын талаар хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэсэн байгаа. А, С нарын учруулсан 22194233 төгрөгийн дутагдалтай байна. Төрийн банкны болзошгүй эрсдлийн үлдэгдэл, хохирлыг барагдуулсан дүнтэй таарч байна. Үүн дээр Жаргалсайхан өмгөөлөгч хэн хэн нь хувьдаа хэдэн төгрөг завшсан нь тодорхойгүй байна гэсэн, энэ нь тухайн эрүүгийн хэрэг шалгагдаж байх явцад нотлогдсон үйлдэл. Мөн тухайн өдрийн дүгнэлтээр хэн хэдэн төгрөгийн гүйлгээ хийсэн гэдгийг хавсралтаар тогтоосон байгаа. Энэ нь эрсдлийн дүнтэй тохирч байгаа. Хавтаст хэргийн 21-47 дугаар хуудсанд авагдсан 2018.12.18-ны өдрийн кримналистикийн шинжилгээгээр 29 гарын үсэг нь С-ийн гарын үсэг мөн, үлдсэн нь биш гэж гарсан боловч тухайн нийт гүйлгээн дээр теллер С гарын үсэг зурсан гэдэг нь харагдаж байгаа болно. Төрийн банкны ажлын байрны тодорхойлолт, гэрээний дагуу тухайн ажилтан теллерийн нууц үгээ бүрэн хариуцна. Бүрэн хариуцаагүйгээс шалтгаалан ямар нэгэн асуудал гарвал теллер хариуцна гэж гарын үсэг зурсан учраас С бүрэн хариуцах ёстой. С өөрөө мэдэж байгаа. Ахлах теллер А гэдэг хүн нь тухайн тооцооныхоо бүх кассыг хариуцаад өглөө ажил эхлэхэд Сд тодорхой хэмжээний цүнхтэй мөнгийг тасалж өгөөд, С тухайн өдөр эрхээрээ гүйлгээ хийгээд, өөрийнхөө гүйлгээний хуулгыг аваад тухайн өдрийн эцсийн үлдэгдлээр гарсан цүнхтэй мөнгөтэй таарч байх ёстой. Тэгтэл юу яриад байна вэ гэхээр С-ийн эрхээр А гүйлгээ хийгээд цүнхнээс нь мөнгийг авчихсан юм шиг зүйлийг яриад байгаа. Тухайн цүнхтэй мөнгөний түлхүүрийг ажлын 8 цагт хариуцаад тухайн гүйлгээ хийгдсэн баримтуудыг хуулгынхаа дагуу үдээд хуулгынхаа эцсийн дүнтэй, цүнхтэй мөнгөтэй тааруулаад орой нь ахлах теллертээ өгөөд, маргааш нь цүнхтэй мөнгөө авах асуудал эхэлнэ. Нэг өдрийн гүйлгээ биш. Олон удаагийн үйлдэл байгаа учраас С хариуцах ёстой. Монгол банкны тухай хууль болон ажлын байрны тодорхойлолт, теллерийн системийн багц журам, Төрийн банкны дүрэм журмын дагуу С хариуцлагаа хүлээнэ гэж уг нэхэмжлэлээ гаргасан гэв. 

Прокурор Ж.Айжуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн банкнаас Сулин хээр тоооцооны төвд хохирол учирсан талаар Цагдаагийн байгууллагад хандаж Дорноговь аймгийн Прокурорын газраас яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдаж хууль тогтоомжийн дагуу прокурор эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Улсын ерөнхий прокурорын газраас прокуроруудад үүрэг даалгавар өгсөн байгаа. Анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлээд хариуцагч А-гаас 5949348, төгрөг О.Сэс 15744885 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтыг тодорхой хэмжээгээр гаргаж өгсөн. Төрийн банкны улсын бүртгэлийн гэрчилгээ, Төрийн банкны итгэмжлэл, С-ийн 2018.04.23-ны өдөр өгсөн мэдүүлэг, 2018.04.23-ны өдөр А-гаас авсан мэдүүлэг, гэрч Батчимэг, Билэгт нарын мэдүүлэг, Төрийн банкны Сулин хээр тооцооны төвд хийсэн иж бүрэн шалгалтын тайлан байгаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.12.07-ны өдрийн Оюунтуул шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судалж дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Жаргалсайхан өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу нэмэлт ажиллагаа буюу шаардлагатай гэж үзсэн бусад нотлох баримтыг бүрэн гаргаж шүүхэд хүргүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судалсан. Үүнээс үзэхэд хариуцагч А, С нар нь Төрийн банкинд 22194233 төгрөгийн хохирол учруулсан байна гэж дүгнэлт хийгээд мөн хэрэгт авагдсан Төрийн банкны харилцагч Б, Б, Х, У, Г, Г гэх мэт хүмүүсийн тайлбар зэргийг бичгээр өгөөд эдгээр хүмүүс данснаас мөнгөө аваагүй, миний гарын үсэг зөрүүтэй байна, буцаж банкинд очоогүй. Мөнгө төгрөг шилжүүлээгүй, аваагүй гэсэн ийм нотлох баримтыг хавтаст хэрэгт өгч, шинжлэн судлагдсан. Хариуцагч нар нь Монгол банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэг, Теллерийн багц журмын 9.14, 9.20 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн. Мөн Төрийн банкны дүрэмд заасан харилцагчийн хувийн хэрэг зэргийг ашиглахгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь Төрийн банкны Сулин хээр тооцооны төвд хийсэн иж бүрэн шалгалтын тайлан зэргээр давхар нотлогдож байна. Хариуцагч нар нь албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж, өөрсдийн теллерийн эрхээр харилцагч нарын мэдээлэлд удаа дараа хандалт хийж, эдгээр харилцагчдын данснаас мөнгө авч завшсан болох нь нотлогдож, эдгээрээс учирсан гэм хорыг Төрийн банкнаас барагдуулж харилцагчдыг хохиролгүй болгосон нотлох баримтыг хэрэгт хавсаргасныг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалж, эдгээрт хууль зүйн дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийгээд хариуцагч С болон өмгөөлөгч Жаргалсайхан нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагч О.С болон түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарын давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн тэдний гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад түүнийг тодруулалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэснээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж дүгнэв.

Учир нь нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Дорноговь салбар нь хариуцагч Б.А, О.С нарт холбогдуулан тэдгээрийг тус байгууллагад ахлах теллер, теллерээр ажиллаж байхдаа харилцагчдын мөнгөн хөрөнгөнөөс хувьдаа завшиж, хохирол учруулсан гэж  Б.Агаас 6449348,05 төгрөг, О.Сэс 15744885,40 төгрөг, нийт 22194233,45 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээ “Дорноговь салбарын харъяа “Сулинхээр” тооцооны төвд хийсэн ээлжит, иж бүрэн шалгалтын тайлан /1-р хх 28-41/, Дорноговь аймгийн Прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 5/04 дугаартай Прокурорын тогтоол /1-р хх 13-14/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 205 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 40-43/, Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэрчүүдийн мэдүүлэг /1-р хх 22-25, 26-27/ болон зохигчдын мэдүүлгийг /1-р хх 17-18, 20-21/ үндэслэсэн байх ба хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 500000 төгрөг төлсөн бол хариуцагч О.С нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжилсэн мөнгийг авч ашиглаагүй тул төлбөр, хохирлыг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Төрийн банк ХХК-ийн Дорноговь салбарын харъяа Сулинхээр тооцооны төвд хариуцагч Б.А нь ахлах теллер, хариуцагч О.С нь теллерээр ажиллаж байх хугацаандаа нэр бүхий 46 харилцагчийн хадгаламжийн данснаас харилцагчийн зөвшөөрөлгүй бэлэн болон бэлэн бус гүйлгээ хийж хохирол учруулсан буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар гэм хор учруулснаас үүсэх үүрэг гэж тодорхойлсон байх боловч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон бусад нотлох баримтаар ямар үндэслэлээр Б.А-гаас 6440348.05 төгрөг, О.С-с 15744885,40 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч бүрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тэдний тус бүрийн өөрийн теллерийн эрхээр хийсэн зарлагын гүйлгээг үндэслэсэн гэх боловч энэхүү үйл баримтаар хариуцагч тус бүрд холбогдох нэхэмжлэлийн шаардлага, түүний үнийг тодорхойлох нөхцөл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

            Тухайлбал нэхэмжлэгч тал шалгалтын тайланд дурдагдсан нэр бүхий 46 харилцагчаас хэнд холбогдох хэсгийг хариуцагч тус бүр хэрхэн яаж, ямар үндэслэлээр хариуцах талаар нэхэмжлэл болон тайлбартаа тодруулаагүйгээс хариуцагч нарын гэм буруугийн хэр хэмжээг үнэлж дүгнэх боломжгүй байх ба шалгалтын тайлан/ 1-р хх 28-41, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 205 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 40-43/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6312 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх 21-28/ зэрэг нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэхэд хариуцагч тус бүрд холбогдох нэхэмжлэлийн шаардлага, түүний үнийн дүнгийн хэмжээ нь хариуцагч нарын өөрийн теллерийн эрхээр зарлагын гүйлгээ  хийсэн үйлдлээр тогтоосон гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ийнхүү нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг хариуцагч тус бүрээр гаргасан тооцоолол, нэхэмжлэл, баримтыг шүүхэд шүүгчийн туслахад гаргаж өгсөн гэх боловч тухайн баримт нь хэрэгт хавсаргагдаагүй, тухайн баримттай хариуцагч тал танилцаагүй байгааг магадлалд тэмдэглэв.

            Түүнчлэн нэхэмжлэгч нэгэнт нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд үндэслэсэн гэж үзвэл хариуцагч нарын гэм буруугийн хэр хэмжээг тэдний зөвхөн зарлагын гүйлгээ хийсэн үйл баримтаар тогтоох нь дээрх хуулийн агуулга зарчимд хэрхэн нийцэж байгаа талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна.

            Энэ нь хэрэгт авагдсан “Төрийн банкны теллерийн системийн багц журам”-ын /хх-44/ 3.6.15-д зааснаар данс битүүмжлэх, битүүмжээс чөлөөлөх эрх нь ахлах теллерт олгогдсон байх ба шалгалтын тайланд дурдсанаас үзэхэд харилцагч О.Б, Г.Б, Б.О, Э.Л, Б.Е, Г.Б, У.Ч нарын дансны битүүмжлэлийг хариуцагч Б.А цуцалж, хариуцагч О.Сувд-Эрдэнийг зарлагын гүйлгээ хийсний дараа дахин битүүмжилсэн, мөн харилцагч Д.Э-ын дансанд хариуцагч О.С зарлагын гүйлгээ хийсэн боловч шалгалтын тайланд дурдагдсанаар хариуцагч Б.А мөнгийг хувааж авсан тухайгаа бичгээр тайлбар өгсөн, зарим харилцагчийн хувьд буюу тухайлбал харилцагч Р.Б-ийн дансанд хариуцагч Б.А зарлагын гүйлгээ хийж, баримтанд гарын үсгийг хариуцагч О.С зурсан гэж шалгалтын тайланд дурдагдаж, улмаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6312 дугаартай шинжээчийн дүгнэлтээр зарлагын баримтанд зурсан теллерийн гарын үсгийг хариуцагч О.С-ийнх болох нь тус тус тогтоогдсон байх ба гэх мэтчилэн тогтоогдсон нөхцөл байдлын тухайд болон нэхэмжлэгч нь хариуцагч нарын гэм буруугийн хэр хэмжээг хэрхэн дүгнэж нэхэмжлэлийн шаардлага, түүний үнийн дүнг хариуцагч тус бүрээр тодорхойлсон нь тогтоогдсонгүй.

            Иймд хариуцагч О.С болон түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарын гаргасан “...А, С нарт холбогдох ... хохирлын дүн тус бүрээрээ тодорхой тогтоогдож чадаагүй ...” тухай давж заалдсан гомдол үндэслэлтэй тул гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 136/ШШ2019/00031 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.С-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236674 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                           ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                             Н.БАТЧИМЭГ