Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 134/ШШ2020/00095

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч П.Цогзолмаа, Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Т.Б ХХК-ийн Днэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  О.С 

 

Хариуцагч: 1987 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 6 дугаар баг Замын шанд гэх газар оршин суух, Мижид овогт Б.А /РД:ЕЭ87082466, утас 99944322/ нарт холбогдох

 

гэм хорын хохирол болох Э.О.Сэс 15 744 885 төгрөг 40 мөнгө, Б.Агаас 6 449 348 төгрөг 05 мөнгө нийт 22 194 233 төгрөг 45 мөнгө гаргуулах тухай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, прокурор Ж.А, хариуцагч О.С, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, хариуцагч Б.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, иргэдийн төлөөлөгч Ч.Б, нарийн бичгийн дарга Б.А нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б ХХК-ийн Дорноговь салбарын харъяа Сулинхээр тооцооны төв нь Хилийн цэргийн 0168 дугаар тусгай ангитай хамтран ажиллах гэрээг 2011 оноос эхлэн байгуулан ажиллаж цэргийн ангийн бие бүрэлдэхүүн, ажилтан албан хаагч нарт банкны үйлчилгээ үзүүлэхээс гадна гэрээт цэргийн албан хаагч нарын цалингаас 30 хувиар хадгаламж байршуулан ажилладаг. Гэтэл тус тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байсан Б.А, теллерээр ажиллаж байсан                       О.С нар нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд банкны итгэл алдан, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн нэр бүхий 46 харилцагчийн хадгаламжийн данснаас харилцагчийн зөвшөөрөлгүй бэлэн болон бэлэн бус гүйлгээ гаргаж нийт 22,194,233.45 төгрөгийг үгсэн тохиролцож хамтаар болон ганцаараа хувьдаа авч ашигласан нь харилцагчийн гомдол болон Төрийн банкны дотоодын хяналт шалгалтаар илэрч, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад олж авсан баримт сэлт, мэдээлэл, яллагдагчаар татсан Б.А, О.С нарын тайлбар, мэдүүлгээр баталгаажиж, Дорноговь аймгийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 05/04 тоот тогтоол, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүссэн нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэг хаагдсан. Тиймээс бид иргэний журмаар хэргээ шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан. Яагаад энэ мөнгийг хариуцагч Б.А, О.С нарыг авсан гэж үзсэн гэхээр, хариуцагч нар нь нэр бүхий иргэдийн хадгаламжийн дансанд 2014-2015 оны хооронд удаа дараа халдаж, урт хугацаагаар гарын үсгийг нь лавлаж, үлдэгдлийг нь шалгаж санхүүгийн болон санхүүгийн бус гүйлгээ хийсэн байдаг. Санхүүгийн бус гүйлгээ гэдэг нь тухайн харилцагчийн дансыг удаа дараа, шалтгаангүй лавлаж шалгахыг хэлдэг. Жишээ нь нэг хүний дансыг өдөрт 20-30 удаа лавласан байдаг. Энэ үйлдлүүд нь Төрийн банкны хяналт шалгалтын ажлын тайлан, шинжээчийн дүгнэлт, бусад гэрч нарын мэдүүлгүүдээр батлагдан тогтоогдож байна. Т.Б ХХК нь Б.А болон О.С нарын харилцагчийн данснаас хувьдаа авч ашигласан нийт 22,194,233.45 төгрөгийг нэр бүхий 46 харилцагчид буцаан олгосон бөгөөд хууль бус үйлдлийн улмаас энэ хэмжээний бодит хохирлыг хүлээгээд байна. Тухайлбал харилцагч өөрийн биеэр банкинд ирээгүй байхад гарын үсгийг дуурайлган зурж, бэлэн болон бэлэн бус байдлаар харилцагчийг хохироосон. Хариуцагч О.С тайлбарлахдаа би нэг ч төгрөг аваагүй, шинэ ажилтан байсан учир ахлах теллерээс юм асуух хооронд миний эрхийг ахлах теллер Б.А мэдэж аваад ашиглан эдгээр гүйлгээг хийсэн гэж тайлбарладаг. Гэтэл банкны өдөр тутмын үйл ажиллагаа нь ахлах теллерт нэгдсэн касс өдөр бүр нэгтгэгдэж хоноод маргааш өглөө нь теллер ирээд, ахлах теллерээс цүнхтэй мөнгөө тусгаарлаж аваад хэдэн төгрөг авсан дүнгээрээ гүйлгээ хийгээд өдрийн гүйлгээнийхээ хуулгын дагуу баримт бүрээ үдээд эцсийн үлдэгдлээр баримтын хуулга, бэлэн мөнгө хэд байна тулгаад буцаагаад оройдоо ахлах теллертээ цүнхтэй мөнгө болох кассаа хүлээлгэж өгч байгаа. Тийм учраас сар бүр, сард олон удаа, өдөр тутамд Б.А, О.Сувд-Эрдэнийн цүнхтэй мөнгө рүү гараа хийгээд, программынх нь эрхээр нэвтрээд гүйлгээ хийгээд байх төдийлөн боломжгүй. Банкны ажилтан сар бүр программын эрхээ  сольдог байгаа. Мөн бүх ажилтныг ажилд ороход нь ажлын байрны тодорхойлолтын дагуу Теллерийн системийн багц журамтай танилцуулан гарын үсэг зуруулсан байдаг. Нууцлалын эрхээ хамгаалж чадаагүйтэй холбоотой хариуцлагаа бид өөрсдөө хүлээнэ гэж гарын үсэг зурсан байдаг. Манай зүгээс нэхэмжлэлийн дүнгээ теллерийн гарын үсгэнд тулгуурлаагүй, теллерийн программд нэвтрэх эрх болон хэрэгт байгаа шинжээчийн дүгнэлт, Төрийн банкны хяналт шалгалтын тайланд үндэслэсэн. Анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нарын теллер эрх буюу программд нэвтэрсэн эрхэд тулгуурлаж гаргаж байсан боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг үндэслээд нотлох баримтад авагдсан Төрийн банкны хяналт шалгалтын тайланд тусгагдсан тайлбарын дагуу нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулж  хариуцагч Б.Агаас дангаар үйлдсэн 11 харилцагчийн 17 удаагийн үйлдлийн 2 731 950 төгрөг, хариуцагч О.Сэс дангаар үйлдсэн 10 харилцагчийн 12 үйлдлийн 1 548 000 төгрөг, хамтран үйлдсэн 29 харилцагчийн 39 үйлдлийн 17 914 283 төгрөг 45 мөнгөний хохирлыг тэнцүү хуваахад нэгэнд нь 8 957 141 төгрөг 73 мөнгө оногдож байгаа. Ингээд Б.Агаас нийт 11 689 091 төгрөг 73 мөнгө гаргуулахаас урьдчилан төлсөн 500 000 төгрөгийг хасч 11 189 091 төгрөг 73 мөнгө, хариуцагч О.Сэс нийт 10 505 141 төгрөг 72 мөнгө гаргуулж Төрийн банкны Дорноговь салбарын 281500000018 тоот дансанд гаргуулж өгнө үү гэв.

Прокурор Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх дээр Б.А, О.С нарын хэргийг 5 дахь удаагаа хэлэлцэж байна. Хариуцагч нар нь Төрийн банкны Дорноговь салбарын Сулинхээр тооцооны төвд ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа хэтрүүлж нийт 46 харилцагчид 68 удаагийн үйлдлээр 22 194 233 төгрөг 45 мөнгөний гэм хорын хохирлыг учруулсан. Үүнийг өмнөх шүүх хуралдаанууд болон шүүхийн шийдвэрт заасны дагуу Төрийн банк анхаарч үзээд дахин тооцож, тухайн хоёр теллерийн  дангаар ямар, ямар гүйлгээг, хэн хэнд хэдэн төгрөгийн гүйлгээ хийснийг тооцож, мөн хамтарч хэдэн төгрөгийн гүйлгээ хийсэн бэ гэдгийг Төрийн банкны хяналт шалгалтын газрын тайлан, мөн теллерийн программын эрхээр нь  бүх тооцоог дүгнэж гаргаад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх нь зүйтэй байна гэж үзсэн. Иймд прокурор, иргэний хэрэгт авагдсан бусад нотлох баримт, гэрчийн тайлбарууд, шинжээчийн 3 удаагийн дүгнэлт зэрэг нотлох баримт дээр үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагч О.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үнийн дүн болох 10 505 141 төгрөг 73 мөнгийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэхээр Б.Агийн хохирол учруулсан гэх М.Мөнхбаярын 100 000 төгрөгийг Б.Ад оруулж тооцсон хэрнээ миний хохирлын дүнд бас давхар тооцсон байгаа. Мөн Ж.Түмэнбаярт холбогдох 3 удаагийн үйлдэл 1 700 000 төгрөгийн хохирлын дүнг хамтдаа хариуцна гээд теллер гарын үсгийг Б.А зурсан, харилцагчийн гарын үсгийг намайг зурсан гэсэн тайлбар байгаа. Мөн харилцагч Д.Эрдэнэбатын 2 800 000 төгрөгийг миний теллер эрхээр гарсан хэрнээ харилцагчийн гарын үсгийг тогтоох боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Энэ мэтчилэн зөрүүтэй олон тайлбар байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би шинжээчийн дүгнэлтээр, миний гарын үсэг, харилцагчийн гарын үсэг хоёр таарсан 11 харилцагчийн 4 915 847 төгрөгийн хохирлыг түрүүчийн шүүх хуралдаанд ч хүлээн зөвшөөрч байгаагаа хэлсэн. Гэхдээ сая прокурор 10 харилцагч гэж хэлсэн учраас нийт 10 харилцагчийн 4 435 885 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл миний теллер гарын үсэг таарсан гүйлгээг Б.А бас би хариуцна гээд зөвшөөрч байгаан байна. Жишээлбэл Д.Б дээр гэхэд миний теллер гарын үсэг таарч байгаа. Гэтэл Б.А сая энийг авсан гэж зөвшөөрч байгаа гэлээ. Тэгэхээр л би маргаад байгаа юм. Яагаад гэвэл ажлаас гарсны дараа надаар зарим баримтан дээр гарын үсэг зуруулсан. Тэр дотор байсан байж магадгүй. Яалт ч үгүй би теллер гарын үсэг таарсан болохоор зөвшөөрөөд байгаа болохоос аваад идсэндээ зөвшөөрөөд байгаа юм биш гэв.

Хариуцагч О.Сувд-Эрдэнийн өмгөөлөгч Ж.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн банкнаас нэхэмжлэлийн нийт үнийн дүнг хамтарсан үйлдэл гэдгээр өөрчилж, өөрөөр хэлбэл теллерийн программын эрхэнд тулгуурлан гүйлгээ хийснийг үндэслэн тус бүрээс нь нэхэмжилсэн тайлбарыг өмнөх шүүх хуралдаанд гаргаж байсан. Одоо энэ үндэслэлээ өөрчилж хамтарсан үйлдэл, хамтын оролцоотой хэм хэмжээ гэсэн зүйл гаргасан байна. Үүнээс үзэхэд хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн тодорхой бус бодит байдалд нийцэхгүй. Тухайлбал манай зүгээс 11 харилцагчид холбогдох 4 915 847 төгрөгийг хүлээн зөвшөөрөхөд болно гэж өмнөх шүүх хуралдаануудад ярьж байсан. Гэтэл үүнийг өөрчлөөд хамтран оролцооны хэр хэмжээгээр оруулаад ирсэн хэрнээ энэ үнийн дүнгээс хасахгүй хэн хэн нь ямар оролцоотойг яаж дүгнээд байгаа гэдэг нь тодорхой бус учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний ойлгож байгаагаар теллерийн гарын үсэг, харилцагчийн гарын үсэг дуурайлгасан гэсэн, энэ 2 зүйлээс шинжээчийн удаа дараагийн гаргасан дүгнэлтэд тулгуурлаад оролцооны хэр хэмжээгээр хуваарилаад тодорхойлж гэсэн ойлголтыг олж авсан байгаа. Ийм учраас О.С харилцагчийн гарын үсгийг дуурайлган зурсан гэж үзээд хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй юм байна гэж бодож байсан боловч  сүүлд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбогдуулаад хүлээн зөвшөөрөх боломжгүй болсон. Хамгийн гол нь нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нотлох баримтаа бүрэн хангаж чадаагүй гэсэн асуудлаар давж заалдах шатны шүүхээс буцсан байгаа. Гэтэл нотлох баримтаа хангалттай бүрдүүлж ирээгүй. Жагсаалтаар үнийг дүнг тодорхойлоод өмнөх анхан шатны шүүхийн шийдвэрийн үнийн дүнд тулгуурлаад, өөрөөр хэлбэл О.С 10 505 000 төгрөгийг хариуцах үндэслэлтэй байна гэж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Үүнд тулгуурлаад үнийн дүнг тодорхойлж гаргаж ирж байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн саналыг гаргаж байна. Шинжээчийн дүгнэлт бол давхар нотлох баримтанд тулгуурлах ёстой. 46 харилцагчтай нэг бүрчлэн уулзах боломж байхад тодруулж асуугаагүй. 16-г нь асуусан. Энэ талаар нэхэмжлэгч тал нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Тэгэхээр одоо цугларсан баримтын хүрээнд саналаа хэлж байна. Шинжээчийн дүгнэлтэнд тулгуурлаж байгаа юм бол манайх зөвшөөрлийнхөө хэмжээнд 10 харилцагчийн 4 435 885 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр нотлогдоогүй, шалгах боломжгүй гэсэн хэсгийг  орсон байгаа учраас 1 906 780 төгрөгийг хасаад 2 529 105 төгрөгийг гаргуулах боломжтой гэж үзэж байгаа. Бусдыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Төрийн банкнаас “нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би дангаараа харилцагчийн дансанд гүйлгээ хийж авсан 2.731.141,73 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин О.Стэй  хамтран гүйлгээ хийсэн 8,957,141.73 төгрөгнөөс 4,050,347 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Үлдэх 4,906,794.73 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй маргана. Учир нь би аваагүй бөгөөд мөн хариуцагч нараас мөнгөө авсан эсэхийг нэхэмжлэгчийн зүгээс тогтоогоогүй байна. Мөн Б.А миний гарын үсэг мөн болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт гаргаагүй бөгөөд О.С гарын үсэг биш гэсэн хэсгийг Б.Агийнх байх боломжтой гэсэн нь нотлох баримтаар үнэлж үзэхэд эргэлзээтэй байна. Гэтэл харилцагч өөрөө гарын үсэг зураад авсан эсэхийг тогтоогоогүй, шалгаагүй байхад надаар төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.       

Хариуцагч Б.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд татгалзсан зүйл байхгүй. Хамгийн сүүлд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээж аваад Б.А өөрөө 04 дүгээр сарын 16-ны өдөр тайлбар гаргасан.  Өмнөх тайлбаруудыг би итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдэг үүднээс гаргаж байсан. Нэхэмжлэлийн шаардлага 11 689 091 төгрөгийг бүхэлд нь татгалзсан зүйл байхгүй. Б.Агийн дангаар авч ашигласан 2 731 950 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа.  8 957 141 төгрөг 73 мөнгөнөөс 4 050 347 төгрөг нийт 6 780 000 орчим төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин 4 906 794 төгрөг 73 мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь би энэ мөнгийг О.Стэй хамтарч аваагүй. Мөн нэхэмжлэлийн шаардлага бодитой биш байна. Энэ мөнгийг намайг О.Стэй хамтран авсан гэдгийг юугаар нотлох вэ? гэдэг. Нэхэмжлэгч тал үүнийг шинжээчийн дүгнэлт болон шалгалтын дүнгээр нотолж байна гэдэг ч шалгалтын хэмжээнд гарсан программын дүн чинь өөрөө дангаараа нотлох баримт болохгүй. Өөр ямар нэгэн баримттай харьцуулсан баримт гаргаж ирэх ёстой. Шинжээчийн дүгнэлтээр гарын үсэг О.С биш бол Б.Агийнх гэсэн байдлаар гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл эхний шинжээчийн дүгнэлт нь хариуцагч О.С талаас энэ гарын үсэг нь О.С мөн үү? гэдэг байдлаар гаргуулсан дүгнэлт. Дараагийн шинжээчийн дүгнэлт нь О.С, Б.А нарынх уу? гэдэг байдлаар харьцуулалт хийлгэхээр гаргуулсан. Үүний зорилго нь эдгээр мөнгийг харилцагч нар нь авсан уу? гэдэг байдлаар харьцуулалт хийхгүйгээр дүгнэлт гаргаж байгаа нь шинжилгээний хууль тогтоомжийг зөрчиж байна. Харьцуулалт хийхдээ буруу харьцуулалт хийсэн байна. Жишээ нь, Дорж гэдэг хүний мөнгийг Б.А авсан уу? О.С авсан уу? гэдгийг тогтоож байж хэн нь хэдэн төгрөгийг авсан гэдэг нь тодорхой болно гэж манай талаас үзэж байна. Ийм шинжээчийн дүгнэлт байхгүй. Сая нэхэмжлэгч, албан тушаалын байдлаа ашиглах замаар гэмт хэрэг үйлдсэн гээд шалгаад үзэхэд гэмт хэрэг биш байсан учраас мөнгөө олж замаар шүүхэд хандсан гэж гэсэн. Тэгэхдээ хариуцагч нар нь албан тушаалтан мөн үү? албан тушаалтан мөн болохыг юугаар нотлох вэ? хариуцагч Б.А нь дээрээ Чинзул гэдэг даргатай. Тэр дарга нь ямар эрх хэмжээ эдэлж, ямар үүрэг хүлээдэг хүн бэ? Чинзул гэдэг хүн яагаад хариуцлага хүлээхгүй байгаа вэ? мөн энэ хүний ажлын байрны тодорхойлолт, бусад гэрээ хэлэлцээр нь яагаад хэрэгт авагдахгүй байгаа вэ? эдгээр үндэслэлээр тайлбар гаргаж байна. Мөн татгалзаж байгаа үнийн дүнг нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна. Энэ нь хэргийг, энэ баримтаар дангаараа шийдвэрлэх боломжгүй байна гэсэн агуулгатай хууль зүйн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт байдаг. Банк харилцагч нарыг хохиролгүй болгосон гээд өөрт учирсан хохирлоо нэхээд байгаа. Гэтэл энэ хоёр хүнийг хамтран хариуцах хохирлыг шууд хуваагаад тавьсан нь учир дутагдалтай. Харилцагч нарыг бүрэн асуугаагүй. Тэгэхээр банк бас хариуцлага хүлээх ёстой. Харилцагч нар мөнгөө өөрсдөө авсан байвал яах юм бэ? Иймд хүлээн зөвшөөрч байгаа хэмжээгээр хариуцна гэв.

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн Дорноговь салбар нь хариуцагч Э.О.Сэс 15 744 885 төгрөг 40 мөнгө, Б.Агаас 6 449 348 төгрөг 05 мөнгө нийт 22 194 233 төгрөг 45 мөнгөний гэм хорын хохирол гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Агаас дангаараа гүйлгээ хийж авсан 2 731 950 төгрөг, теллер О.Стэй хамтран хийсэн гүйлгээ хийж авсан 8 957 141 төгрөг 73 мөнгө нийт 11 689 091 төгрөг 73 мөнгөнөөс төлсөн 500 000 төгрөгийг хасч нийт 11 189 091 төгрөг 73 мөнгийг гаргуулахаар, мөн хариуцагч  О.Сэс дангаараа гүйлгээ хийж авсан 1 548 000 төгрөг, ахлах теллер Б.Атай хамтран гүйлгээ хийж авсан 8 957 141 төгрөг 72 мөнгө нийт 10 505 141 төгрөг 72 мөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагаас дангаараа гүйлгээ хийж авсан 2 731 950 төгрөг, теллер О.Стэй хамтран хийсэн гүйлгээ хийж авсан хохирлоос 4 050 347 төгрөг нийт 6 782 297 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн, үлдэх 4 406 794 төгрөг 73 мөнгийг,

хариуцагч О.С нь нэхэмжлэлийн шаардлагаас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2 529 105 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн, үлдэх хэсгийг талууд ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотлох баримтаар нотолж чадаагүй үндэслэлээр тус тус хүлээн зөвшөөрөөгүй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:

Хариуцагч Б.А нь Т.Б ХХК-ийн Дорноговь салбарын харъяа Сулинхээр тооцооны төвд ахлах теллерээр 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл, хариуцагч О.С нь мөн төвд теллерээр 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажиллаж байхдаа төрийн албан тушаалтны хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж 2002 оны Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, уг гэмт хэргийн улмаас Т.Б ХХК-д нийт 22 194 233 төгрөг 45 мөнгөний хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 5/04 дугаар прокурорын тогтоол, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1719000520046 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол, Төрийн банкны Дорноговь салбарын харъяа Сулинхээр тооцооны төвд хийсэн ээлжит, иж бүрэн шалгалтын 2017 оны тайлан, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 205 дугаартай дүгнэлт, банкны зарлагын мэдүүлэг болон мөнгөн шилжүүлгийн баримтууд зэргээр тогтоогдож байна.

Тодруулбал хариуцагч нар нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын дагуу өөрт олгогдсон банкны программд нэвтрэх эрхээ урвуулан ашиглаж Төрийн банкны теллерийн системийн багц журмын 9.1.20, 9.2.11-д  заасныг зөрчиж харилцагч өөрийн биеэр банкинд ирээгүй байхад гүйлгээ хийгээгүй удсан дансыг удаа дараа, урт хугацаагаар лавлан мөнгөн дүн болон баталгаат гарын үсгийн мэдээллийг олж авч, зарим хадгаламжийн дансны битүүмжлэлийг цуцалж, тэдний гарын үсгийг дуурайлган зурж хуурамч баримт бүрдүүлж бэлэн болон бэлэн бусаар 68 удаагийн үйлдлээр санхүүгийн болон санхүүгийн бус гүйлгээ хийж нийт 22 194 233 төгрөг 45 мөнгийг хувьдаа авч ашигласан байна.

Өөрөөр хэлбэл ахлах теллер Б.А нь Төрийн банкны теллерийн системийн багц журмын 3.6.1-д зааснаар теллерийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, хяналт тавих, 3.6.11-д зааснаар харилцагчийг бүртгэх, данс нээх, хаах, гүйлгээ хийхэд холбогдох журамд заасан бичиг баримтын бүрдүүлбэрийг  хангасан тохиолдолд гүйлгээ хийсэн эсэхийг хянах, 3.6.15-д зааснаар данс битүүмжлэх, битүүмжээс чөлөөлөх, зогсоох, хэвийн төлөвт оруулах үйлдлийг бүртгэлийн программд үнэн зөв гүйцэтгэсэн байдалд хяналт тавих, 3.6.22-д зааснаар өдрийн гүйлгээний эцэст теллерийн бэлэн ба бэлэн бус гүйлгээний жагсаалтыг үндсэн баримттай тулгаж шалгах, баталгаажуулах, өдрийн баримт багцлан үдэж хянуулах, теллер О.С нь мөн журмын 3.7.3-д зааснаар харилцагчийн бичиг баримт, төлбөрийн баримтын бүрдүүлбэрийг шалгаж, зөрчилгүй тохиолдолд гүйлгээ хийх, 3.7.14-д заасан  өдрийн гүйлгээний эцэст бэлэн ба бэлэн бус гүйлгээний жагсаалтыг үндсэн баримтаар баталгаажуулан үдэж, дугаарлан ахлах теллерт хүлээлгэн өгөх зэрэг тус тусын үүргээ биелүүлэлгүй зарим гүйлгээнд харилцан тохиролцож, мөнгийг хувьдаа завшсан гэж үзэхээр байна.

1.Дээрх 68 үйлдлийн 39 үйлдэлд хариуцагч Б.А, О.С нар нь хамтран оролцсон, хохирлыг хамтран хариуцуулахаар нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулж ирүүлсэн нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4413 дугаартай:

  1. Харилцагч Х.У 1,430,560.85 төгрөгийн 2014.10.14-ний өдрийн хадгаламжийн данс хаах гүйлгээг Б.А хийж, харилцагчийн гарын үсгийг О.С дуурайлган зурсан,
  2. Харилцагч Ж.Б 1,310,896.08 төгрөгийн 2014.10.16-ны өдрийн хадгаламжийн данс хаах гүйлгээг О.С хийж, харилцагчийн гарын үсгийг Б.А дуурайлган зурсан,
  3. Харилцагч Д.Б-ын 813,787.20 төгрөгийн 2014.12.09-ний өдрийн хадгаламжийн данс хаах гүйлгээг Б.А хийж, харилцагчийн гарын үсгийг О.С дуурайлган зурсан,
  4. Харилцагч Б.З-ийн 675,946.40 төгрөгийн 2014.12.09-ний өдрийн данс хаах гүйлгээг О.С хийж, харилцагчийн гарын үсгийг Б.А дуурайлган зурсан,
  5. Харилцагч О.Б-ийн 500,000 төгрөгийн 2014.11.06-ны өдрийн хадгаламжийн зарлагын гүйлгээг О.С хийж, харилцагчийн гарын үсгийг Б.А дуурайлган зурсан,
  6. Харилцагч Б.Э-ны 300,000 төгрөгийн 2015.04.22-ны өдрийн Б.Х-ийн дансанд шилжүүлсэн гүйлгээг О.С хийж, харилцагчийн гарын үсгийг О.С дуурайлган зурсан,
  7. Харилцагч Б.О-ын 203,000 төгрөгийн 2015.02.17-ны өдрийн бэлэн зарлагын гүйлгээг О.С хийж, харилцагчийн гарын үсгийг Б.А дуурайлган зурсан,
  8. Харилцагч Б.Э-ын 203,000 төгрөгийн 2015.02.17-ны өдрийн бэлэн зарлагын гүйлгээг О.С хийж, харилцагчийн гарын үсгийг Б.А дуурайлган зурсан,
  9. Харилцагч Б.Б-ийн 183,000 төгрөгийн 2014.12.23-ны өдрийн бэлэн зарлагын гүйлгээг О.С хийж, харилцагчийн гарын үсгийг Б.А дуурайлган зурсан,
  10. Харилцагч Ж.М-ы 183,000 төгрөгийн 2014.12.23-ны өдрийн бэлэн зарлагын гүйлгээг О.С хийж, харилцагчийн гарын үсгийг О.С дуурайлган зурсан,
  11. Харилцагч Т.С-ийн 160,000 төгрөгийн 2015.02.27-ны өдрийн Ц.Т-ын дансанд шилжүүлсэн гүйлгээг Б.А хийж, харилцагчийн гарын үсгийг Б.А дуурайлган зурсан,
  12. Харилцагч Б.-ын 140,000 төгрөгийн 2015.02.11-ний өдрийн бэлэн зарлагын гүйлгээг О.С хийж, харилцагчийн гарын үсгийг Б.А дуурайлган зурсан,
  13. Харилцагч Ө.Ш-ын 70,000 төгрөгийн 2015.02.05-ны өдрийн бэлэн зарлагын гүйлгээг Б.А хийж, харилцагчийн гарын үсгийг Б.А дуурайлган зурсан,
  14. Харилцагч А.М-ын 203,000 төгрөгийн 2015.02.17-ны өдрийн бэлэн зарлагын гүйлгээг О.С хийж, харилцагчийн гарын үсгийг Б.А дуурайлган зурсан,
  15. Харилцагч А.М-ын 200,000 төгрөгийн 2015.03.04-ний өдрийн бэлэн зарлагын гүйлгээг О.С хийж, харилцагчийн гарын үсгийг Б.А дуурайлган зурсан,
  16. Харилцагч Б.О-ын 300,000 төгрөгийн 2015.02.27-ны өдрийн бэлэн зарлагын гүйлгээг Б.А хийж, харилцагчийн гарын үсгийг Б.А дуурайлган зурсан,
  17. Харилцагч Ч.Т-ын 1300,000 төгрөгийн 2014.10.28-ны өдрийн бэлэн зарлагын гүйлгээг О.С хийж, харилцагчийн гарын үсгийг О.С дуурайлган зурсан,
  18. Харилцагч Ч.Т-ын 300,000 төгрөгийн 2014.10.30-ны өдрийн бэлэн зарлагын гүйлгээг О.С хийж, харилцагчийн гарын үсгийг О.С дуурайлган зурсан,
  19. Харилцагч Ч.Т-ын 100,000 төгрөгийн 2015.01.22-ны өдрийн бэлэн зарлагын гүйлгээг Б.А хийж, харилцагчийн гарын үсгийг О.С дуурайлган зурсан,
  20. Харилцагч Э.Л-ийн 300,000 төгрөгийн 2015.04.02-ны өдрийн бэлэн зарлагын гүйлгээг О.С хийж, харилцагчийн гарын үсгийг Б.А дуурайлган зурсан,
  21. Харилцагч Э.Л-ийн 295,000 төгрөгийн 2015.04.02-ны өдрийн бэлэн зарлагын гүйлгээг О.С хийж, харилцагчийн гарын үсгийг Б.А дуурайлган зурсан,
  22. Харилцагч Б.Х-ын 150,000 төгрөгийн 2015.05.11-ний өдрийн Ц-ын дансанд шилжүүлсэн гүйлгээг О.С хийж, харилцагчийн гарын үсгийг Б.А дуурайлган зурсан гэсэн нийт 9 321 190 төгрөг 53 мөнгөний хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Учир нь нэг нь гүйлгээ хийж нөгөө нь харилцагчийн гарын үсгийг дуурайлган зурж байгаа үйлдэл нь тэднийг тухайн хууль бус ажиллагаанд хамтран оролцсон болохыг нотолж байна.

Мөн дээрх шинжээчийн дүгнэлтээс гадна Дорноговь аймгийн Сулинхээр тооцооны төвд 2017 онд хийсэн ээлжит, иж бүрэн шалгалтын тайланд ...Б.А дансны үлдэгдэл, гарын үсгийг лавлаж, О.С гүйлгээ хийсэн, эсвэл О.С дансыг лавлаж, Б.А гүйлгээг хийсэн, Б.А дансны битүүмжийг цуцалж, О.С гүйлгээ хийсэн гэж дурдсан нь давхар нотолж байна.

Шинжээчийн дүгнэлтийн зарим хэсэгт гүйлгээ хийсэн теллер өөрөө харилцагчийн гарын үсгийг дуурайлган зурснаар ганцаараа мөнгийг авсан мэт харагдах боловч энэ нь дээрх шалгалтын явцад хариуцагч Б.А нь ...харилцагч Н.Ууган-Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарын данснаас гүйлгээ хийсэн мөнгийг О.Стэй хувааж авсан талаар бичгээр тайлбарласан, мөн санхүүгийн болон санхүүгийн бус гүйлгээнд аль аль нь оролцсон болохыг тогтоосон үйл баримтуудаар хамтран хариуцах болох нь харагддаг. Тухайлбал:

...харилцагч Б.Э-ны 300,000 төгрөгийн 2015.04.22-ны өдрийн Б.Х-ийн дансанд шилжүүлсэн гүйлгээг О.С хийж, харилцагчийн гарын үсгийг О.С дуурайлган зурсан шинжээчийн дүгнэлт гарсан боловч Б.А дансны битүүмжийг цуцалсан,

 харилцагч Ж.М-ны 183,000 төгрөгийн 2014.12.23-ны өдрийн бэлэн зарлагын гүйлгээг О.С хийж, харилцагчийн гарын үсгийг О.С дуурайлган зурсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан боловч дансны үлдэгдлийг Б.А 2 удаа, О.С 3 удаа лавласан,

харилцагч Т.С-ийн 160,000 төгрөгийн 2015.02.27-ны өдрийн Ц.Т-ын дансанд шилжүүлсэн гүйлгээг Б.А хийж, харилцагчийн гарын үсгийг Б.А дуурайлган зурсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан боловч О.С дансыг 4 удаа лавлаж, Ц.Т-ын дансанд байсан 140 000 төгрөгтэй хамтад нь зарлагадсан гүйлгээг О.С хийсэн,

харилцагч Ө.Ш-ын 70,000 төгрөгийн 2015.02.05-ны өдрийн бэлэн зарлагын гүйлгээг Б.А хийж, харилцагчийн гарын үсгийг Б.А дуурайлган зурсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан боловч О.С дансыг 2 удаа лавласан,

харилцагч Б.О-ын 300,000 төгрөгийн 2015.02.27-ны өдрийн бэлэн зарлагын гүйлгээг Б.А хийж, харилцагчийн гарын үсгийг Б.А дуурайлган зурсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан боловч Б.А, О.С нар нь хоёулаа дансыг лавлаж, Б.А дансны битүүмжийг цуцалсан,

харилцагч Ч.Т-ын 1300,000 төгрөгийн 2014.10.28-ны өдрийн бэлэн зарлагын гүйлгээг О.С хийж, харилцагчийн гарын үсгийг О.С дуурайлган зурсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан боловч гүйлгээ хийхээс өмнө Б.А 10 удаа дансны үлдэгдлийг, 7 удаа гарын үсгийг лавласан зэргээс тодорхой байна.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр харилцагчийн гарын үсгийг шалгах боломжгүй гэж үзсэн 8 593 092 төгрөг 92 мөнгөний гүйлгээ  байгаа боловч гүйлгээ хийсэн теллер нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, уг гүйлгээнүүдэд гарын үсэг зураагүй теллер нь санхүүгийн бус гүйлгээ буюу программд нэвтэрч гарын үсэг, үлдэгдэл мөнгөн дүнг лавласан болох нь шалгалтын тайлангаар тогтоогдож байна.

Жишээлбэл Д.Э-ын 2,814,092.92 төгрөгийн гүйлгээг хариуцагч Б.А хийсэн, харилцагчийн гарын үсгийг шинжлэх боломжгүй байсан боловч санхүүгийн бус гүйлгээ хариуцагч О.С хийсэн,

Ө.Ш-ын 800,000 төгрөгийн гүйлгээг хариуцагч Б.А хийсэн, харилцагчийн гарын үсгийг шинжлэх боломжгүй байсан боловч санхүүгийн бус гүйлгээ хариуцагч О.С хийж, дансны гарын үсгийг 2 удаа лавласан гэх мэт.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т зааснаар гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэснээр хэн алинд нь үүрэг үүссэн.

Харин хариуцагч нар нь дээрх гэмт хэрэгт хамтран оролцсон хэдий ч хэн нь хичнээн төгрөгийг хувьдаа завшсан болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, үүнийг дээрх баримтуудаар ялгамжтай тооцож, тогтоох боломжгүй юм.

Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар тэдний хамтран хүлээх үүрэг хуульд зааснаар үүсэж байгаа бөгөөд мөн хуулийн 497.3-т зааснаар ...гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил үүрэг хүлээх тул гэм хорыг учруулахад нөлөөлсөн тэдний оролцоог үл харгалзан хоёр хариуцагчид хамтран хариуцуулахаар жагсаалтаар үйлдсэн 17 914 283 төгрөг 45 мөнгөний гэм хорын хохирлыг хариуцагч нарт тэнцүү хэмжээгээр хариуцуулах үндэслэлтэй.

2. Хариуцагч Б.А нь түүнд дангаар хариуцуулахаар нэхэмжилсэн 17 гүйлгээний 2 731 950 төгрөгийн гэм хорын хохирлыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнд  хариуцагч О.С нь 2015 оны 06 дугаар сарын 08-ний өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдснөөс хойш хийгдсэн:

1. Харилцагч М.М-ын данснаас 2015.06.09-ний өдөр бэлнээр зарлагын гүйлгээ хийсэн 100 000 төгрөг, 

2. Харилцагч Х.Ө-ийн 349,950 төгрөгийн 2015.07.09-ний өдрийн данс хаах гүйлгээг Б.А хийж, харилцагчийн гарын үсгийг Б.А дуурайлган зурсан,

3.Харилцагч Б.О-ын данснаас 2015.09.29-ний өдөр бэлнээр зарлагын гүйлгээ хийсэн 180 000 төгрөг,

4.Харилцагч М.Х-ын данснаас 2015.06.25-ны өдөр бэлнээр зарлагын гүйлгээ хийсэн 127 000 төгрөг,

5.Харилцагч Ц.О-ын данснаас 2015.12.03-ны өдөр Х.Мөнхжаргалын данс руу шилжүүлсэн 20 000 төгрөг,

6.Харилцагч О.Г-ын данснаас 2015.09.24-ний өдөр Ш.Нямхүүгийн данс руу шилжүүлсэн 200 000 төгрөг,

7.Харилцагч О.Г-ын данснаас 2015.11.23-ны өдөр бэлнээр зарлагын гүйлгээ хийсэн 64 000 төгрөг,

8.Харилцагч Х.М-ын данснаас 2015.12.04-ний өдөр бэлэн зарлагын гүйлгээ хийсэн 70 000 төгрөг,

9.Харилцагч Б.Б-ны данснаас 2015.06.04-ний өдөр П.Очирхүүгийн  данс руу шилжүүлсэн 16 000 төгрөг,

10.Харилцагч Э.Г-ын данснаас 2015.06.24-ний өдөр П.Очирхүүгийн  данс руу шилжүүлсэн 15 000 төгрөг нийт 1 141 950 төгрөгийн гүйлгээ хамаарна.

Улмаар дээрх 10 гүйлгээнээс гадна Э.М-ийн 2, Х.М-ын 2, Б.Б-ны 2, Ц.Г-ийн 1, нийт 4 харилцагчид хамааралтай 1 590 000 төгрөгийн 7 гүйлгээг хариуцагч Б.А нь маргаангүй хүлээн зөвшөөрсөн нь түүнийг дээрх хохирлыг дангаараа учруулсан болохыг нотолж байхаас гадна ...харилцагч Х.Магнайбаатарын 240,000 төгрөгийн 2014.11.26-ны өдрийн бэлэн зарлагын гүйлгээг Б.А хийж, харилцагчийн гарын үсгийг Б.А дуурайлган зурсан, харилцагч Б.Батцагааны 100,000 төгрөгийн 2015.04.21-ний өдрийн бэлэн зарлагын гүйлгээг Б.А хийж, харилцагчийн гарын үсгийг Б.А дуурайлган зурсан, харилцагч Б.Б-ны 30,000 төгрөгийн 2015.04.21-ний өдрийн бэлэн зарлагын гүйлгээг Б.А хийж, харилцагчийн гарын үсгийг Б.А дуурайлган зурсан болох нь 4413 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба Төрийн банкны хяналт шалгалтын тайлангаас харахад хариуцагч О.С нь уг гүйлгээнүүдэд санхүүгийн болон санхүүгийн бус гүйлгээ хийж оролцоогүй байна.

3. Хариуцагч О.Сэс дангаараа үйлдсэн 12 гүйлгээний хохирол нийт 1 548 000 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй байна.   

Учир нь нэхэмжлэгч уг шаардлагаа шинжээчийн 4413 дугаартай дүгнэлт болон Дорноговь аймгийн Сулинхээр тооцооны төвд 2017 онд хийсэн ээлжит, иж бүрэн шалгалтын тайланд үндэслэсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр доорх 4 харилцагчийн 487 500 төгрөгийн гүйлгээнд:

1.Харилцагч Г.Б-ын 180,000 төгрөгийн 2015.02.11-ний өдрийн бэлэн зарлагын гүйлгээг О.С хийж, харилцагчийн гарын үсгийг О.С дуурайлган зурсан,

2.Харилцагч Л.Е-ны 120,000 төгрөгийн 2015.02.17-ны өдрийн бэлэн зарлагын гүйлгээг О.С хийж, харилцагчийн гарын үсгийг О.С дуурайлган зурсан,

3.Харилцагч Ц.Л-ийн 60,000 төгрөгийн 2015.05.12-ны өдрийн бэлэн зарлагын гүйлгээг О.С хийж, харилцагчийн гарын үсгийг О.С дуурайлган зурсан,

4.Харилцагч Б.С-ийн 127,500 төгрөгийн 2015.05.26-ны өдрийн бэлэн зарлагын гүйлгээг О.С хийж, харилцагчийн гарын үсгийг О.С дуурайлган зурж оролцсон нь тогтоогдсон.

Бусад  8 гүйлгээ буюу 1 060 500 төгрөгийн гүйлгээний харилцагчийн гарын үсгийг хэн нь дуурайлган зурсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоох боломжгүй байсан боловч уг гүйлгээнүүдэд хариуцагч Б.А хамтран оролцсон болох нь тогтоогдоогүй, харин хариуцагч О.С нь дангаараа санхүүгийн болон санхүүгийн бус гүйлгээнд оролцсон болох нь шалгалтаар тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэснээр нэхэмжлэгч Т.Б ХХК нь дээрх гэмт хэргийн улмаас банкны нэр бүхий 46 харилцагчид учирсан 22 194 233 төгрөг 45 мөнгөний хохирлыг төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан Төрийн банкнаас харилцагчдын хохирлыг барагдуулсан тухай Дотоодын дансны болон депозит дансны харилцагчийн монгол хуулгуудаар /1 дүгээр хх-ийн 151-225/ нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээд болох хариуцагч Б.А, О.С нараас шаардах эрхтэй.  

Хариуцагч талуудаас дээрх нэр бүхий 46 харилцагчийн, 31 харилцагчаас хууль бус гүйлгээтэй холбоотой болон Төрийн банк хохирол нөхөн төлсөн талаар тайлбар, мэдүүлэг хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч хүсэлтээ гаргаж, шүүхээр шийдвэрлүүлээгүй хэмээн тайлбарлах боловч энэ нь Төрийн банкнаас харилцагчдын хохирлыг барагдуулсан тухай баримтаар үгүйсгэгдэж байна.

Мөн хариуцагч О.С нь “...шинжээчийн дүгнэлтээр миний гарын үсэг болох нь тогтоогдсон 4 435 885 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ би авсан гэдгээр хүлээн зөвшөөрч байгаа юм биш.” гэж, хариуцагч Б.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...нийт 6 780 000 орчим төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ аль алиныг нь зөвшөөрөөд байгааг би одоо хэлж мэдэхгүй байна” гэж тус тус тайлбарласан бөгөөд тэдний тайлбарыг үндэслэн хариуцагч тус бүрд хувааж хариуцуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгчийн гаргасан хохирлын хэмжээг өөрчлөх боломжгүй байна.

Учир нь хэдийгээр  хариуцагч нар ийнхүү тайлбарлаж байгаа боловч тус бүрдээ харилцагч хэн, хэний хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа нь тодорхойгүй, улмаар нэг харилцагчийн гүйлгээг хоёулаа нэгэн зэрэг хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлаас үзвэл тэдний хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр хохирлыг хувааж хариуцуулах боломжгүй тул нэхэмжлэгчийн, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон хэмжээгээр хэрэгт авагдсан жагсаалтын хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн. 

  Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгчийн захирамжийн дагуу хуулбарлаж ирүүлсэн гэх /1 дүгээр хх-ийн 94-111/ нотлох баримтууд нь эрүүгийн хэрэгт байхгүй, мөн 114-122 дугаар хуудсанд авагдсан харилцагч нарын тайлбаруудыг эрүүгийн хэрэгт авагдсантай /эрүүгийн 1 дүгээр хх-ийн 74-85/ тулгаж үзэхэд нотлох баримтын шаардлага хангаагүй, канондсон хуулбар хэлбэрээр авагдсан байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болголгүй, бусад баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.     

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 377 007 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч О.Сэс 183 032 төгрөг, хариуцагч Б.Агаас 193 975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5,  510 дугаар зүйлийн 510.1, 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар гэм хорын хохиролд хариуцагч О.Сэс 10 505 141 төгрөг 72 мөнгө, хариуцагч Б.Агаас  11 189 091 төгрөг 73 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн Дорноговь салбарт .........281500000018 тоот данс/ олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 377 0007 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч О.Сэс 183 032 төгрөг, хариуцагч Б.Агаас 193 975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Б.НАРАНЧИМЭГ

               ШҮҮГЧИД                           П.ЦОГЗОЛМАА

                                                     Р.БАТБАЯР