Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2019/01727

 

201оны 10 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2019/01727

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: ”Б Б Ф” ХХК

 

Хариуцагч: “И К” ХХК

ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 12.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Б Б Ф” ХХКнь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ”И К” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт байрлах Аварга тосон рашаан сувилал-ын баазын Нийтийн ариун цэврийн өрөөнүүд бүхий барилгын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэрээний нийт төлбөр 60.000.000 төгрөг байхаар тохиролцож урьдчилгаанд 24.000.000 төгрөгийг төлсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйл 2.4-д заасны дагуу ажил гүйцэтгэл 40 хувьд хүрэхэд гэрээний үнийн дүнгийн 20 хувь буюу 12.000.000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөх байсан хэдий ч төлбөрийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу 12.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ажлын гүйцэтгэл 40 хувь гэж гарснаас хойш ажил хийгээгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И К” ХХКнь “Б Б Ф” ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба тус гэрээний дагуу Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт байрлах Аварга тосон рашаан сувилал-ын баазын Нийтийн ариун цэврийн өрөөнүүдийн барилгын ажлын зөвхөн барилга угсралтын ажлыг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх ёстой байсан. Манайх Аварга тосон рашаан сувилал ХХК-тай Нийтийн ариун цэврийн өрөөнүүдийн барилгын ажлын үндсэн гэрээтэй байсан.

 

Гэтэл “Б Б Ф” ХХКнь гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний улмаас манай компанийн Аварга тосон рашаан сувилал ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдсан. Манай компанийн зүгээс “Б Б Ф” ХХК-д гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажлын мэдээлэл, бичиг баримтын бүрдлийг захиалагч талд тухай бүрт гаргаж өгч баталгаажуулаагүй зэрэг зөрчлүүд гаргасан, дээрх зөрчлүүдийн улмаас Аварга тосон рашаан сувилал ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдсан зэргийг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 34/2019 дугаартай гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж, гэрээг цуцалсан. Иймд ”И К” ХХКболон “Б Б Ф” ХХК-ийн хооронд 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан гэрээний дундын санхүүжилт болох 12.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээ цуцалсантай холбогдуулан талууд тус гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн нийт ажлыг нэгтгэн дүгнэж акт үйлдээгүй байгаа ба ажлын гүйцэтгэлийг үр дүнг талууд акт үйлдэн хүлээлцсэний дараа, хийж гүйцэтгэсэн хэмжээгээр нь тохирсон хөлсийг төлөхөд татгалзах зүйлгүй болно. Эрдэнэцэцэг гэгч хүнтэй ажлын гүйцэтгэл 40 хувь гэж тооцсон байх боловч тэр нь ажлын гүйцэтгэл хүлээн авах эрх бүхий этгээд биш. Нөгөө талаар нэхэмжлэгч 40 хувийн гүйцэтгэлд тохирсон 24.000.000 төгрөгийг авсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх ажил гүйцэтгэх гэрээ, ажлын гүйцэтгэлийн тайлан, ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай мэдэгдэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 12.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргахдаа гэрээ цуцлагдсан, нэхэмжлэгч ажлаа хүлээлгэн өгөөгүй ба ажил 40 хувийн гүйцэтгэлтэй гэж үзэж буй бол түүндээ тохирох хөлсөө авсан гэж марган мэтгэлцэж байна.

“Б Б Ф” ХХК, “И К” ХХКнар 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба гэрээгээр “Б Б Ф” ХХКХэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт байрлах Аварга тосон рашаан сувилал-ын баазын Нийтийн ариун цэврийн өрөөнүүдийн барилга угсралтын (карказ босгох) ажлыг гүйцэтгэх, ажлын хөлсөнд ”И К” ХХК60.000.000 төгрөг төлөх, ингэхдээ гэрээний үнийн дүнгийн 40 хувь буюу 24.000.000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурахад, 20 хувь буюу 12.000.000 төгрөгийг ажлын гүйцэтгэл 40 хувьд хүрч акт үйлдэж баталгаажсанаар, 20 хувь буюу 12.000.000 төгрөгийг ажлын гүйцэтгэл 60 хувьд хүрч акт үйлдэж баталгаажсанаар, сүүлийн 20 хувь буюу 12.000.000 төгрөгийг ажлын гүйцэтгэл 100 хувьд хүрч акт үйлдэж баталгаажсанаар олгох, гэрээний хугацаа 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 45 хоног байхаар тохиролцожэхний удаагийн 24.000.000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлсөн байна.

 

Ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ажлын гүйцэтгэл 40 хувьтай байгаа тухай гүйцэтгэлийн тайлан гаргаж, “И К” ХХК-ийн талаас Х.Э гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Хариуцагч Х.Эийг эрх бүхий этгээд биш гэх боловч Ажил гүйцэтгэх гэрээг ажил гүйцэтгэгчтэй Х.Э байгуулж, захирал М.А баталж байсан байх тул түүнийг ажлын гүйцэтгэлийг тооцох эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй байна.

 

Аварга тосон рашаан сувилал-ын баазын Нийтийн ариун цэврийн өрөөнүүдийн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч нь “И К” ХХКбайсан ба ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүйн улмаас захиалагч “И К” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан, цаашид ерөнхий болон туслан гүйцэтгэгч нарын гэрээ үргэлжлэх боломжгүй болсон гэсэн үндэслэлээр гэрээ цуцлах тухай албан бичгийг хариуцагч нэхэмжлэгчид 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлж байсан байна. Түүнээс хойш ажил хийгдээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Гэрээ цуцалсан асуудал дээр нэхэмжлэгч маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчийг ажлын гүйцэтгэл 40 хувьд хүрэхэд гэрээний үнийн дүнгийн 20 хувь буюу 12.000.000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөх байснаа төлөөгүй гэж нэхэмжилж буй боловч энэ нь гэрээний дундын санхүүжилт байх ба гэрээ цааш үргэлжлээгүй тул энэ мөнгийг шаардсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил нийт ажлын 40 хувь байх ба үүндээ тохирсон хөлс болох 24.000.000 төгрөгйиг авсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.  Иргэний хуулийн 343 угаар зүйлийн 343.1-ийг баримтлан ”И К” ХХК-иас 12.000.000 төгрөг гаргуулах тухай “Б Б Ф” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 207.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ С. БУД