Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2040

 

 

 

 

 

 

 

 

 

 “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/01727 дугаар шийдвэртэй

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “И” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Б” ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “И” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт байрлах Аварга тосон рашаан сувиллын баазын Нийтийн ариун цэврийн өрөөнүүд бүхий барилгын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэрээний нийт төлбөр 60 000 000 төгрөг байхаар тохиролцож урьдчилгаанд 24 000 000 төгрөгийг төлсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасны дагуу ажлын гүйцэтгэл 40 хувьд хүрэхэд гэрээний үнийн дүнгийн 20 хувь буюу 12 000 000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөх байсан хэдий ч төлбөрийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу 12 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ажлын гүйцэтгэл 40 хувь гэж гарснаас хойш ажил хийгээгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б” ХХК нь гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний улмаас манай компанийн “Аварга тосон рашаан сувилал” ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдсан. Манай компанийн зүгээс “Б” ХХК-д гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажлын мэдээлэл, бичиг баримтын бүрдлийг захиалагч талд тухай бүрт гаргаж өгч баталгаажуулаагүй зэрэг зөрчлүүд гарсан. “Аварга тосон рашаан сувилал” ХХК манай компанид 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр №34/2019 дугаартай гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж, гэрээг цуцалсан. Гэрээ цуцалсантай холбогдуулан талууд тус гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн нийт ажлыг нэгтгэн дүгнэж акт үйлдээгүй байгаа ба ажлын гүйцэтгэлийг үр дүнг талууд акт үйлдэн хүлээлцсэний дараа, хийж гүйцэтгэсэн хэмжээгээр нь тохирсон хөлсийг төлөхөд татгалзах зүйлгүй болно. н.Эрдэнэцэцэгтэй ажлын гүйцэтгэл 40 хувь гэж тооцсон байх боловч тэр нь ажлын гүйцэтгэл хүлээн авах эрх бүхий этгээд биш. Нөгөө талаар нэхэмжлэгч 40 хувийн гүйцэтгэлд тохирсон 24 000 000 төгрөгийг авсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан “И” ХХК-аас 12 000 000 төгрөг гаргуулах тухай “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 207 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Талуудын хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-д заасны дагуу ажил гүйцэтгэл 40 хувьд хүрэхэд гэрээний үнийн дүнгийн 12 000 000 төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Анхан шатны шүүхээс урьдчилгаанд авсан төлбөрийг ажил гүйцэтгэлийн хөлс мэтээр дүгнэж дүйцүүлэн тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэрээний заалтыг зөрчсөн шийдвэр болсон. 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “И” ХХК болон “Аваргатосон рашаан сувилал” ХХК-ийн хооронд байгуулсан 19/17 тоот гэрээний дундын санхүүжилтын актыг гаргуулах хүсэлтийг гаргасан хэдий ч анхан шатны шүүхээс хүсэлтийг хангаагүй үлдээсэн. Уг баримтанд “И” ХХК нь 65 хувийн гүйцэтгэлд хүрсэн болохоо тодорхойлж, “Аварга тосон рашаан сувилал” ХХК-руу төлбөрөө нэхэмжилсэн баримт болон ажил хүлээлцсэн актууд байсан. Гэтэл манай компанид 40 хувийн санхүүжилтээ өгөөгүй байсан хэдий ч манай компанийн зүгээс ажлаа гүйцэтгэсээр байсан. Хэргийн 10 дугаар хуудаст хариуцагч компани болох “И” ХХК-г төлөөлж Х.Эрдэнэцэцэг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ажлын гүйцэтгэлийг 40.2 хувьд хуурч гарын үсэг зурж, акт үйлдэж хүлээн авсан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс гэрээ цааш үргэлжлээгүй гэх үндэслэлээр ажлын гүйцэтгэлийн 40 хувийн төлбөрийг гаргуулахгүйгээр гэрээний үнэд дүйцүүлж бодож шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан байна. Хариуцагч талын зүгээс “И” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд байгуулсан ажлын гүйцэтгэл 40 хувьд хүрэхэд “И” ХХК-ийн зүгээс хүлээн авсан Х.Эрдэнэцэцэг гэгч дээр маргасан. Гэтэл “И” ХХК болон “Б” ХХК-н хооронд байгуулсан гэрээнд тус компанийг төлөөлж Х.Эрдэнэцэцэг гарын үсэг зурж, хүлээж авсан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс Х.Эрдэнэцэцэгийн ажил хүлээлцэж авсан актыг үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрт бүхэлд нь өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулсан “гүйцэтгэлийн тайлан” /хх.10/ гэсэн бичгийн баримтыг үндэслэсэн бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны явцад уг тайлангийн эх хувийг гаргуулах хүсэлт гаргасан.

Харин тухайн өдрийн 182/ШЗ2019/08097 тоот шүүгчийн захирамжаар дээрх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дурдсан нотлох баримт байхгүй гэсэн тайлбарыг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь заалтыг зөрчжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасантай нийцэхгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар уг хүсэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/01727 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

                

                               ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Ц.ИЧИНХОРЛОО