Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00456

 

 

 

Би Би фалкон ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/01727 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2040 дүгээр магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Би Би фалкон ХХК

Хариуцагч: Ийсү констракшн ХХК

 

нэхэмжлэл: 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хяналтын журмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадралын 2019.12. 25-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би Би фалкон ХХК нь 2019.05.19-ний өдөр Ийсү констракшн ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт байрлах Аварга тосон рашаан сувиллын баазын Нийтийн ариун цэврийн өрөөнүүд бүхий барилгын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэрээний нийт төлбөр 60,000,000 төгрөг байхаар тохиролцож урьдчилгаанд 24,000,000 төгрөгийг төлсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4-т заасны дагуу ажлын гүйцэтгэл 40 хувьд хүрэхэд гэрээний үнийн дүнгийн 20 хувь буюу 12,000,000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөх байсан хэдий ч төлбөрийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ажлын гүйцэтгэл 40 хувь гэж гарснаас хойш ажил хийгээгүй гэжээ.

Хариуцагч тайлбартаа: нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний улмаас манай компанийн Аварга тосон рашаан сувилалтай байгуулсан гэрээ цуцлагдсан. Манай компанийн зүгээс Би Би фалкон ХХК-д гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажлын мэдээлэл, бичиг баримтын бүрдлийг захиалагч талд тухай бүрт гаргаж өгч баталгаажуулаагүй зэрэг зөрчлүүд гарсан. Аварга тосон рашаан сувилал манай компанид 2019.08.15-ны өдөр №34/2019 дугаартай гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж, гэрээг цуцалсан. Гэрээ цуцалсантай холбогдуулан талууд тус гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн нийт ажлыг нэгтгэн дүгнэж акт үйлдээгүй байгаа ба ажлын гүйцэтгэлийн үр дүнг талууд акт үйлдэн хүлээлцсэний дараа, хийж гүйцэтгэсэн хэмжээгээр нь тохирсон хөлсийг төлөхөд татгалзах зүйлгүй болно. н.Эрдэнэцэцэгтэй ажлын гүйцэтгэл 40 хувь гэж тооцсон байх боловч тэр нь ажлын гүйцэтгэл хүлээн авах эрх бүхий этгээд биш. Нөгөө талаар нэхэмжлэгч 40 хувийн гүйцэтгэлд тохирсон 24,000,000 төгрөгийг авсан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 182/ШШ2019/01727 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 343 угаар зүйлийн 343.1-ийг баримтлан Ийсү констракшн ХХК-иас 12,000,000 төгрөг гаргуулах тухай Би Би фалкон ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 207,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2040 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/01727 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн агуулгын хувьд төөрөгдөж, хэргийн 10 дугаар талд байгаа гүйцэтгэлийн тайлан гэх баримтыг нэхэмжлэгч хариуцагчаас гаргуулахаар ИХШХШТХ-н 38.3-т зааснаар хүсэлт гаргасан гэж буруу дүгнэсэн нь магадлалд хэрэглэх ёсгүй хуулийн хэрэглэх гол үндэслэл болсон байна. 2019.10.08-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэгийн зүгээс хэргийн 10 дугаар талд байгаа гүйцэтгэлийн тайлан гэх баримтыг хариуцагчаас гаргуулах хүсэлт гаргаагүй бөгөөд тус баримтыг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгөхдөө эх хувь баримтууд гэж гарган өгсөн байдаг. Хариуцагчийн зүгээс тус баримтад компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан, Х.Эрдэнэцэцэг нь нэхэмжлэгчтэй үгсэн тохиролцож зориуд хуурамч актыг нөхөн гүйцэтгэсэн гэж маргадаг. Харин шүүхэд гаргасан хүсэлтийн агуулгын хувьд: Аврага Тосон Рашаан Сувилал ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох ариун цэврийн барилгыг бариулахаар Ийсү констракшн ХХК-тай гэрээ байгуулсан. Ийсү констракшн ХХК нь туслан гүйцэтгэгчээр нэхэмжлэгч Би Би Фалкон ХХК-тай гэрээ байгуулсан. Ийсү констракшн ХХК болон Аврага Тосон Рашаан Сувилал ХХК нь өөрсдийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний ажлын гүйцэтгэлийг дүгнэж акт үйлдсэн тул тус актыг нотлох баримтаар гаргуулна гэх хүсэлтийг шүүхэд гаргасан. Гэтэл хариуцагч Ийсү констракшн ХХК-ийн зүгээс Аврага Тосон Рашаан Сувилал ХХК-тай нэхэмжлэгчийн шүүхэд хүсэлт гаргаад байгаа тухайн ажил гүйцэтгэлийн актыг, үйлдсэн, баталгаажуулж гарын үсэг зурагдсан асуудал байхгүй тул шүүхэд үнэн зөв тайлбарыг гаргасан. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргуулна гэх хүсэлт өгсөн баримтын хуулбарыг авчирсан гэх боловч тус хуулбар нь нотлох баримтын шаардлага хангаагүй, талуудын хооронд ажил гүйцэтгэсэн акт гэх боловч зөвхөн нэг талын гарын үсэгтэй, нөгөө тал гарын үсэг зурж баталгаажуулаагүй канондсон баримт байсан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд хүсэлт гаргахдаа өөрийн авч ирсэн баримтаас өөр баримтыг хариуцагчаас гаргуулна гэж утга агуулгын хувьд илт зөрүүтэй хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүхээс хариуцагчийн шүүхэд гаргасан хүсэлт нь ойлгомжгүй, мөн хариуцагч талаас гаргуулах хүсэлтэд дурдагдсан баримт нь хариуцагчид байхгүй гэх тайлбарыг гаргаж байх тул хүсэлтийг ханган шийдвэрлэх нь үндэслэлгүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн. Үнэхээр шүүхээс тус хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ гэхэд хариуцагч Ийсү Констракшн ХХК-иас манай компани нь Аврага Тосон Рашаан Сувилал ХХК-тай ямар нэгэн ажил хүлээлцэх тухай акт үйлдээгүй болно гэх албан бичиг шүүхэд ирүүлэхээс өөр ач холбогдолгүй юм. 2. 2019.10.08-ны өдрийн Анхан шатны шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал миний бие болон шүүх хуралдаан даргалагчийн зүгээс удаа дараа асуултаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийн 40 хувьд тэнцэх хэмжээний ажлыг хийж гүйцэтгэсэн, ажлын гүйцэтгэл 40 хувьд хүрснээс хойш нэмэлт ямар ч ажил хийгээгүй гэдгийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулагдсан 2019.05.19-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Дундын санхүүжилт 12,000,000 төгрөгийг шаардаж байгаа гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсон ба энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс маргаагүй юм. Ингээд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэж, талуудын хооронд гэрээ дуусгавар болсон, нэхэмжлэгч Би Би Фалкон ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу 40 хувийн ажлын гүйцэтгэлийг хийсэн, үүндээ тохирсон хэмжээний хөлс болох 24,000,000 төгрөгийг гэрээний урьдчилгаанд авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо хариуцагч Ийсү констракшн ХХК нь гэрээний дундын санхүүжилтийг төлөхгүй байсан хэдий ч Би Би Фалкон ХХК нь ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж, ажлын гүйцэтгэлийн 80 хувьд хүргэсэн гэх гомдлыг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж байсан тайлбаруудыг үгүйсгэж, ажлын гүйцэтгэл 40 хувьд хүрснээс хойш нэмэлт ажлууд хийгдсэн гэх худал тайлбарыг гаргасан. Давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтийн агуулгын хувьд төөрөгдөж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс гадна, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан худал тайлбарт тусгагдсан нэмэлт ажил хийж гүйцэтгэсэн эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй үйл баримтыг дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Би Би фалкон ХХК 2019.08.05-ны өдөр Ийсү констракшн ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 12,000,000 төгрөг шаардахдаа ... барилгын ажлыг 60,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцож урьдчилгаанд 24,000,000 төгрөг авсан... ажлын гүйцэтгэл 40 хувийг хийгээд 12,000,000 төгрөг авах ёстой ч өгөхгүй байна.. гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

 

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно.

 

Хариуцагч нь захиалагчийн өмнө ямар ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн тухай мэдээлэл хэрэгт байхгүйгээс Ийсү констракшн ХХК-ийг ерөнхий гүйцэтгэгч гэж үзэх эсэх, туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцах эрх бүхий этгээд мөн эсэх, гэрээ цуцлах болсон үндэслэл зэргийн талаар зохигч мэтгэлцээгүй байна.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343, 347 дугаар зүйлийн зохицуулалтыг анхаарч үзээгүй байна.

 

2. Шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийгээгүй нь дутагдалтай болжээ.

 

Гэрээнээс татгалзах, цуцлах асуудал нь хүчин төгөлдөр гэрээнд хамаарах бөгөөд хэлцлийг ...хуульд зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байгаа эсэх..-г дүгнэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

 

Шүүх талууд гэрээ цуцалсан үйл баримтын талаар маргаагүй.. гэсэн дүгнэлт хийхдээ гэрээг хуульд зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байгаа эсэхийг тогтоогоогүй тул шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйл, Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийг буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн эсэх талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2040 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 207,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД, Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ