Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2019/01852

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2019/01852

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Наранцогт би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ө.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Т ХК-д холбогдох, 

 

Хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд үндсэн ажилтнаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, удаан жил ажилласны нэмэгдэл олгуулах, 2019 оны 02 сарын 02-ны өдрийн Б/87 дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, тус тушаалын дагуу хасагдсан үр дүнгийн урамшууллуудыг нөхөн олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.*******, өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн төлөөлөгч Д.*******, Ц.*******, Э.*******, гэрч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.*******, өмгөөлөгч Б.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэг. Өлзийбатын ******* миний бие *******-д 2010 оны 10 дугаар сард диспетчер албан тушаалтайгаар ажилд орсон. 2013 оны 5 дугаар сараас *******-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэст мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн.

Ажиллаж байх хугацаанд уурхайд гарсан осолд хэдийгээр миний бие шууд хамааралгүй боловч ёс зүйн хариуцлага хүлээж, тус ажлаа хүлээлгэн өгсөн. Ингээд 2018 оны 07 сарын 03-ны өдрийн *******-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар тус компанийн Ачилт экспортын хэлтэст Пүүлэгчийн ажилд орсон.

Миний бие тус компанид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр нийтдээ 6 жил ажилласан туршлагатай байх тул цаашид энэ чиглэлээр ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж 2018 оны 10 сарын 17-ны өдөр *******-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Г.Дэлгэрбаярт хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийн минь дагуу тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн 2018 оны 12 сарын 13-ны өдрийн Б/702 тоот тушаалаар намайг Пүүлэгчийн албан тушаалаас чөлөөлж тус өдрийн Б/703 тоот тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтнээр туршилтын хугацаагүйгээр үндсэн ажилтнаар томилсон. 

Гэвч 2019 оны 03 сарын 20-ны өдөр намайг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах *******-ийн уурхайдаа ажлаа хийж байхад тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн 2019 оны 02 сарын 04-ний өдрийн Б/135 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсгийг үндэслэн пүүлэгчийн албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, мөн тус өдрийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн Б/136 тоот тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтнээр 2019 оны 02 сарын 04-ний өдрөөс 3 сарын туршилтын хугацаагаар томилон ажиллуулахаар болсныг мэдэгдсэн.

Миний бие 2019 оны 02 сарын 04-ний өдрийн дээрхи Б/135, Б/136 дугаар тушаал гарахаас өмнө Хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтнээр ажиллаж, хөдөлмөрийн гэрээ байгуулан цалин хөлсөө авч байсан. Дээрхи Б/135 тоот тушаалаар намайг пүүлэгчийн албан тушаалаас чөлөөлсөн байдаг. Мөн дээрхи тушаал нь хууль зүйн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсгийг үндэслэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор дуусгавар болгох тухай зохицуулсан байдаг. Гэтэл надтай харилцан тохиролцох нь битгий хэл миний ажил, албан тушаалыг надаас асуулгүй, мэдэгдэлгүйгээр ямар ч тохиролцоогүйгээр өөрчилж, түүгээр барахгүй 2019 оны 03 сарын 20-нд буюу тушаалаа гаргаснаас хойш 45 хоногийн дараа Өмнөговь аймагт уурхай дээрээ ажиллаж байхад амаар мэдэгдсэн байдаг. 

Үндсэн ажилтнаа ажил үүргээ гүйцэтгэн цалин хөлсөө аваад даруй 3 cap өнгөрөөд байхад дахин тушаал гаргаж, туршилтын хугацаа эхлүүлэх зохицуулалт хөдөлмөрийн хуульд байхгүй. Мөн тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн 2019 оны 02 сарын 04-ний өдрийн Б/102 тоот тушаалын 1 дэх хэсгээр Гүйцэтгэх захирлын 2018 оны 12 сарын 13-ны өдрийн Б/702 дугаар тушаалын холбогдох хэсгийн нэгдүгээр хавсралтад заасны дагуу, 2018 оны 12 сарын 13-ны өдрийн Б/703 дугаар тушаалын холбогдох хэсгийг хоёрдугаар хавсралтад заасны дагуу хүчингүй болгосугай гэж шийдвэрлэснийг 2019 оны 05 сарын 29-ний өдөр мэдсэн.

2018 оны 12 сарын 13-ны өдрийн Б/702 дугаар тушаалын холбогдох хэсгийн нэгдүгээр хавсралтаар намайг пүүлэгчийн албан тушаалаас чөлөөлж, 2018 оны 12 сарын 13-ны өдрийн Б/703 дугаар тушаалын холбогдох хэсгийг хоёрдугаар хавсралтаар намайг Хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтнээр томилсон байдаг. Гэтэл мөн л адил надад мэдэгдэлгүй миний ажил амьдрал болох хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн ямар ч зүйл хэсгийг удирдлага болголгүй, давуу эрхээ ашиглан дуусгавар болголгүйгээр тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй юм.

Хоёр. Мөн тус компанийн гүйцэтгэх захирлын Б/85 дугаар Ажилтнуудад удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаалын 3 дахь хэсэгт заасны дагуу надад байгууллагын журам болон хөдөлмөрийн гэрээний дагуу олгогдож байсан удаан жилийн нэмэгдлийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Гэтэл миний бие 2010 оны 10 дугаар сараас эхлэн тус компанид тасралтгүй ажиллаж байсан ба өөр байгууллагад ажиллаж байсан удаа байхгүй. Гэтэл ямар шалтгааны улмаас надад удаан жилийн нэмэгдлийг өгөхгүй болсноо ч тайлбарлалгүй дээрхи шийдвэрийг гаргасан нь миний эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.

Гурав. Ажилтнуудад үр дүнгийн урамшууллын зөрүүг нөхөн олгох, илүү олгогдсон урамшууллыг суутгах тухай *******-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн 2019 оны 02 сарын 02-ны өдрийн Б/87 тоот тушаалын хавсралтаар надад олгосон урамшууллыг суутган тооцохоор шийдвэрлэж, мөн надад олгосон 500,000 төгрөгийн урамшууллыг суутган тооцохоор шийдэрлэсэн.

Энэ тухай мөн адил надад мэдэгдэлгүйгээр миний цалингаас суутган тооцож байна. Уг тушаал нь *******-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны А/462 тоот тушаалаар батлагдсан *******-ийн Ажилтны ажил дүгнэх, шагнал, урамшуулал олгох журмын 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсгийг удирдлага болгосон байна. Гэвч миний бие 2018 онд тус компанид ажилласан ба өөр байгуулагт ажиллаагүй байх тул хууль бусаар надад олгогдсон дээрхи 2 урамшууллыг суутган тооцохоор шийдвэрлэснийг мөн адил хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймээс миний бие Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу *******-ийн дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комисстоо албан бичгээр хандаж, энэхүү асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч өдийг хүртэл надад ямар нэгэн хариуг ирүүлээгүй, албан ёсоор тушаалуудыг танилцуулаагүй. Өөрөө шаардаж байж хүний нөөцийн хэлтсээс 2019 оны 05 сарын 29-ний өдөр надад холбогдох тушаалтай албан ёсоор танилцсан.

Тиймээс миний бие арга буюу шүүхийн байгууллагат хандсан болно. Дээрхи үндэслэлүүдийг харгалзан үзэж миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

Өөрчилсөн шаардлагдаа: Ө.******* нь *******-д 2010 оны 10 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2013 оноос хойш нийтдээ 6 жилийн хугацаанд тус компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, байгаль орчны хэлтэст ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа уурхайд гарсан осолд ёс зүйн хариуцлага хүлээж, 2018 оны 6 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн ба 2018 оны 07 сарын 03-ны өдрийн *******-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар Ачилт экспортын хэлтэст Пүүлэгчийн ажилд орсон.

2018 оны 10 сарын 17-ны өдөр *******-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Г.Дэлгэрбаярт "өөрийн дадлага туршлагын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр" ажиллах хүсэлтээ илэрхийлж, уг хүсэлтийн дагуу 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 6/703 тоот *******-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн албан тушаалд үндсэн ажилтнаар томилсон.

Гэвч 2019 оны 03 сарын 20-ны өдөр намайг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах *******-д уурхайдаа ажиллаж байхад тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 02 сарын 04-ний өдрийн Б/135 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1 дэх хэсгийг үндэслэн пүүлэгчийн албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосны мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1 дэх хэсэгт заасны дагуу надтай огт тохиролцолгүйгээр, мөн надад мэдэгдэлгүйгээр дээрхи тушаалуудыг гаргасан тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Өмнө гаргасан Өмнө эрхэлж байсан Хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 12 сарын 13-ны өдрийн Б/703 дугаар тушаалын дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд үндсэн ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах болгон өөрчилж байна гэв. 

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.*******, Ц.*******, Э.******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Ө.*******ын гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын ...өмнө нь эрхэлж байсан Хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах тухай...-д: Ө.Батогтохыг Гүйцэтгэх захирлын 2019 оны 02 сарын 04-ний өдрөөс 3 сарын хугацаатай туршилтын хугацаагаар томилон ажиллуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл Б.******* нь Эрдэнэ тавантолгой ХК-ийн Өмнөговь аймаг Цогтцэций сум дахь Салбарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэст Ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын ...удаан жилийн нэмэгдлийг олгуулах... тухайд: Эрдэнэс тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны А/241 дүгээр тушаалаар батлагдсан Ажилтанд цалин хөлс тооцож олгох журам-ын 2.1-д ...ажилтанд хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгоно. Ажилтны цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ..., 3.3.1-д ...удаан жил ажилласны нэмэгдлийг компанид тасралтгүй ажилласан хугацааг харгалзан үндсэн цалингаас нь ...гэж заасан. Гүйцэтгэх захирлын 2019 оны 06 сарын 12-ны өдрийн А/327 дугаар Журамд өөрчлөлт оруулах тухай тушаалаар 3.3.1. удаан жил ажилласны нэмэгдлийг компанид тасралтгүй ажилласан хугацааг харгалзан үндсэн цалингаас ...Компанид тасралтгүй ажилласан хугацаа гэдэгт өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас сахилгын зөрчил гаргаж ажлаас халагдсан болон өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтан дахин ажилд томилогдсоноос бусад тохиолдолд компанид 1 хөдөлмөрийн гэрээгээр ажилласан нийт хугацааг тооцох бөгөөд тасарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь нөхөн төлөх үүрэгтэй... гэж тодотгосон.

Ө.*******ын өөрийн гаргасан хүсэлтийг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2018 оны 06 сарын 27-ны өдрийн Б/250 дугаар тушаалаар уурхайн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн. Үүний дараа Гүйцэтгэх захирлын 2018 оны 08 сарын 03-ны өдрийн Б/342 дугаар тушаалаар Ачилт экспортын албанд Пүүлэгчээр 2019 оны 09 сарын 03-ны өдрөөс түр томилогдон ажилласан. 

Иймд Ө.******* нь 2019 оны 06 сарын 27-ны өдрөөс 2019 оны 09 сарын 02-ны өдрийг хүртэл Эрдэнэс тавантолгой" ХК-д тасралтгүй ажиллаагүй тул Ажилтанд цалин хөлс тооцож олгох журам-ын 3.3.1-д заасан удаан жилийн нэмэгдлийг олгох боломжгүй юм.

Гурав. Нэхэмжлэлийн шаардлагын Ажилтнуудад үр дүнгийн урамшууллын зөрүүг нөхөн олгох, илүү олгогдсон урамшууллыг суутгах тухай Гүйцэтгэх захирлын 2019 оны 02 сарын 02-ны өдрийн Б/87 дугаар тушаалын Ө.*******од холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, тус тушаалын дагуу хасагдсан үр дүнгийн урамшууллуудыг нөхөн олгуулах тухайд: 2019 оны 07 сарын 04-ний өдрийн Б/266 дугаар тушаалаар Ажилтнуудад урамшуулал олгох тухай тушаал гарч ******* нь 40 сая дахь тонн нүүрс олборлосонтой холбогдуулан ажилтнуудад бүтээмжийн урамшуулал 500,000 төгрөг олгосон.

Манай компани зөвхөн ажилтнууддаа бүтээмжийн урамшуулал олгосон тул урамшуулал олгох хугацаанд Ө.******* нь манай компанийн ажилтан биш байсан гэтэл Хүний нөөцийн албаны ажилтнуудын алдаатай боловсруулалтаас шалтгаалан Ө.*******од 500,000 төгрөгийн урамшууллыг олгосон байсан.

Мөн Гүйцэтгэх захирлын 2019 оны 01 сарын 11-ний өдрийн Ажилтнуудад үр дүнгийн урамшуулал олгох тухай Гүйцэтгэх захирлын Б/02 дугаар тушаалаар 2018 оны 08 сарын 03-ны өдөр ажилд орсон Хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн Ө.*******од 10,929,128 төгрөгийн 2018 оны үр дүнгийн урамшуулал олгосон байсан.

Ө.******* өөрийн хүсэлтээр Гүйцэтгэх захирлын 2018 оны 06 сарын 27-ны өдрийн Б/250 дугаар тушаалаар уурхайн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Гүйцэтгэх захирлын 2018 оны 08 сарын 03-ны өдрийн Б/342 дугаар тушаалаар Ачилт экспортын албанд Пүүлэгчээр 2018 оны 09 сарын 03-ны өдрөөс түр томилогдон ажилласан. 2018 оны 06 сарын 27-ны өдрөөс 09 сарын 03-ны өдрийг хүртэл Ө.******* нь *******-д ажиллаагүй бөгөөд манай компанийн ажилтан биш байсан.

Мөн Гүйцэтгэх захирлын 2019 оны 02 сарын 02-ны өдрийн Б/87 дугаар Ажилтнуудад үр дүнгийн урамшууллын зөрүүг нөхөн олгох, илүү олгосон урамшууллыг суутгах тухай тушаалаар Ө.*******од илүү олгогдсон 500,000, 10,929,128 төгрөгийн урамшууллыг суутган тооцон буцаан татсан.

Иймд Ө.*******ын Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч *******-д холбогдуулан 

- хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд үндсэн ажилтнаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, 

- Удаан жил ажилласны нэмэгдэл олгуулах,

        - 2019 оны 02 сарын 02-ны өдрийн Б/87 дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, тус тушаалын дагуу хасагдсан үр дүнгийн урамшууллуудыг нөхөн олгуулах шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.   

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараахи үндэслэлээр зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

******* нь 2010 оны 10 сараас Ө.*******ыг диспетчерээр, 2013 оны 5 сараас *******-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэст мэргэжилтнээр тус тус ажиллаж байгаад өөрийн хүсэлтийг нь үндэслэн 2018 оны 06 сарын 27-ны өдрийн Б/250 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байна. 

Улмаар ******* нь 2018 оны 07 сарын 03-ны өдрийн Б/342 тоот тушаалаар Ө.*******ыг ачилт, экспортын албанд пүүлэгчээр 2018 оны 09 сарын 03-ны өдрөөс түр томилж, 2018 оны 12 сарын 13-ны Б/702 тоот ажилтнуудыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар тус өдрөөс тасалбар болгон Ө.*******ыг пүүлэгчийн албан тушаалаас чөлөөлж, 

Тус өдрийн Б/703 тоот ажилтнуудыг ажилд томилох тухай тушаалаар Ө.Боттогтохыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэст хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд томилж, 2019 оны 02 сарын 04-ний өдрийн Б/135 тоот тушаалаар Ө.Боттогтохтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, тус өдөр Б/136 тоот ажилд томилох тухай тушаалаар Ө.*******ыг Салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэст хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтнээр 3 сарын туршилтын хугацаагаар томилсон байна.

Мөн 2019 оны 01 сарын 11-ний өдрийн Б/02 тоот ажилтнуудад үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаалаар 10,429,128 төгрөгийн урамшуулал олгож,  2019 оны 02 сарын 02-ны өдрийн Б/85 тоот ажилтнуудын удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаалаар Ө.Боттогтоход удаан жилийн нэмэгдэл олгоогүй, 2019 оны 02 сарын 02-ны өдрийн Б/87 тоот ажилтнуудад үр дүнгийн урамшууллын зөрүүг нөхөн олгох илүү олгогдсон урамшууллыг суутгах тухай тушаалаар 2019 оны 7 сарын 04 ны өдрийн ажилтнуудад урамшуулал олгох тухай тушаалаар 500,000 төгрөг, 2019 оны 01 сарын 11-ний өдрийн Б/02 тоот ажилтнуудад үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаалаар 10,429,128 төгрөг тус тус Ө.Боттогтоход олгогдсон байсныг цалингаас нь илүү олгогдсон үндэслэлээр суутган тооцсон байна.  

 

Талуудын хэн аль нь дээрх үйл баримтад маргаагүй болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд үндсэн ажилтнаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, Удаан жил ажилласны нэмэгдэл олгуулах шаардлага нь үндэслэлтэй, харин 2019 оны 02 сарын 02-ны өдрийн Б/87 дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, тус тушаалын дагуу хасагдсан үр дүнгийн урамшууллуудыг нөхөн олгуулах шаардлага нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэх үндэсгүй гэж үзлээ.

 

Тодруулбал, 

Нэг. Хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд үндсэн ажилтнаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухайд: 

Нэхэмжлэгч Ө.*******ыг 2018 оны 12 сарын 13-ны Б/702 тоот ажилтнуудыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар тус өдрөөс тасалбар болгон Ө.*******ыг пүүлэгчийн албан тушаалаас чөлөөлж, тус өдрийн Б/703 тоот ажилтнуудыг ажилд томилох тухай тушаалаар Ө.Боттогтохыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэст хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд үндсэн ажилтнаар томилсон боловч 2019 оны 02 сарын 04-ний өдрийн Б/135 тоот тушаалаар Ө.Боттогтохтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэст хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтнээр 2019 оны 02 сарын 04-ний өдрийн Б/136 тоот тушаалаар 2019 оны 02 сарын 04-ний өдрөөс 3 сарын туршилтын хугацаатай томилсон байна. 

 

Хариуцагч алдаа гаргаж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэст хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд үндсэн ажилтнаар томилсон тул туршилтын хугацаагаар ажиллуулах болсон гэж тайлбарлаж байгааг зөвтгөх үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1-т Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэйгэж, 24.2-т Ажил олгогч нэг ажлын байранд хэд хэдэн ажилтан ажиллуулах тохиолдолд ажилтан бүртэй хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж, 24.3-т Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж тус тус заажээ. 

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 231.2 т Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна гэж туршилтын хугацааг 3 сараас дээш байж болохгүйг, 231.3-т Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно гэж, 23.3-т Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэжээ. 

 

Үүнээс үзвэл туршилтын 3 сарын хугацаа 2019 оны 05 сарын 04-ний өдөр дууссан, мөн туршилтын хугацааг сунгах боломжгүй, Ө.******* өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа зэргээс үзвэл хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахыг ажил олгогч буюу хариуцагчид даалгах үндэстэй байна. 

 

Мөн уг шаардлагын хөөн хэлэлцэх хугацааны тухайд Ө.******* нь өнөөдрийг хүртэл Хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд ажиллаж байгаа, мөн 2019 оны 05 сарын 04-ний өдөр туршилтын хугацаа дууссанаас үзвэл хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 08 сарын 04-ний өдөр дууссанд тооцох тул хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзлээ.

  

Хоёр. Удаан жил ажилласны нэмэгдэл олгуулах тухайд:

Ө.******* нь 2010 оны 10 сараас *******-д ажилд орж 2018 оны 06 сарын 27-ны өдөр ажлаас гарч, улмаар буцаж 2018 оны 07 сарын 03-ны өдөр ажиллажээ. Үүнээс үзвэл өнөөдрийг хүртэл Ө.******* *******-д 9 жил ажилласан гэж үзэхээр байна. 

Удаан ажил ажилласан харилцаатай холбоотойгоор *******-д 2019 оны 05 сарын 03-ны өдрийн А/241 тушаалын хавсралт Ажилтанд цалин хөлс тооцож олгох журам болон 2018 оны 05 сарын 25-ны өдрийн хамтын гэрээ мөрдөгдөж байна. Гэсэн хэдий боловч энэхүү хоёр эрх зүйн баримт бичгийн зохицуулалтууд зөрчилтэй, өөр өөр агуулга буюу эрх зүйн үр дагаварыг үүсгэж байгаа буюу эрх зүйн хэм хэмжээний зөрчилдөөнтэй байна. 

Тухайлбал,

Ажилтанд цалин хөлс тооцож олгох журмын 3.3.1-д удаан жил ажилласан нэмэгдлийг компанид тасралтгүй ажилласан хугацааг харгалзан үндсэн цалингаас энэхүү журмын нэгдүгээр хавсралтад заасан хувиар бодож... олгоно гэж,

Хамтын гэрээний 3.2.6-д Удаан жил ажилласан нэмэгдлийг тус компанид ажилласан хугацааг харгалзан ажилтны үндсэн цалингаас ... хувиар бодож олгоно гэж тус тус заажээ.

 

Эрх зүйн эх сурвалж хоорондоо зөрчилдвөл дээд эрэмбийн эх сурвалжийг баримталдаг тул хамтын гэрээний зохицуулалтыг баримтлах нь зүйтэй байна.

Иймээс .... Удаан жил ажилласан нэмэгдлийг тус компанид ажилласан хугацааг харгалзан ... удаан жил ажилласанг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Ө.******* нь *******-д 9 жил ажилласан тул 15 хувийн удаан жил ажилласны нэмэгдэл авах үндэстэй байна.  

 

Гурав. 2019 оны 02 сарын 02-ны өдрийн Б/87 дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, тус тушаалын дагуу хасагдсан үр дүнгийн урамшууллуудыг нөхөн олгуулах тухайд:

 

Ө.******* нь дээрх гомдлоо 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. 

 

Нэхэмжлэгч ...хөдөлмөрийн маргаан таслах комисстоо албан бичгээр хандаж, энэхүү асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч өдийг хүртэл надад ямар нэгэн хариуг илүүлээгүй... гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Мөн 2019 оны 02 сарын 02-ны өдрийн Б/87 дугаар тушаал гарсантай холбоотойгоор Ө.*******ын цалингаас тухайн хугацаанд суутгал хийсэн талаар талууд тайлбарлаж байна. Мөн энэ нь Ө.*******ын цалингийн 2019 оны цалингийн хүснэгтээр тогтоогдож байна. 

 

Иймээс нэхэмжлэгч Ө.*******той хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд үндсэн ажилтнаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг, мөн удаан жил ажилласны нэмэгдэл болох ...15 хувийн... нэмэгдэл олгохыг хариуцагч *******-д даалгаж, үлдэх 2019 оны 02 сарын 02-ны өдрийн Б/87 дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, тус тушаалын дагуу хасагдсан үр дүнгийн урамшууллуудыг нөхөн олгуулах холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-т заасныг баримтлан Ө.*******той хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд үндсэн ажилтнаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг, удаан жил ажилласны нэмэгдэл болох ...15 хувийн... нэмэгдэл олгохыг хариуцагч *******-д даалгаж, үлдэх 2019 оны 02 сарын 02-ны өдрийн Б/87 дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, тус тушаалын дагуу хасагдсан үр дүнгийн урамшууллуудыг нөхөн олгуулах холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, түүнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /70,200+70,200/ төгрөгийг улсын төсвөөс нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 





ДАРГАЛАГЧ                                 Т.НАРАНЦОГТ