Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2183

 

Ө.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/01852 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ө.Б-ын хариуцагч “Э” ХК-д холбогдуулан гаргасан xөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд үндсэн ажилтнаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, удаан жил ажилласны нэмэгдэл олгуулах, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/87 дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, тус тушаалын дагуу хасагдсан үр дүнгийн урамшууллуудыг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, өмгөөлөгч Б.Н  нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ө.Б нь “Э” ХК-д 2010 оны 10 дугаар сард диспетчер албан тушаалтайгаар ажилд орсон. 2013 оны 5 дугаар сараас “Э” ХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэст мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаанд уурхайд гарсан осолд хэдийгээр миний бие шууд хамааралгүй боловч ёс зүйн хариуцлага хүлээж, тус ажлаа хүлээлгэн өгсөн. 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар тус компанийн ачилт экспортын хэлтэст пүүлэгчийн ажилд орсон. Тус компанид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр нийтдээ 6 жил ажилласан туршлагатай байх тул цаашид энэ чиглэлээр ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Э” ХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Г.Д-т хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийн минь дагуу тус компанийн гүйцэтгэх захирал Б.Г-ийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/702 тоот тушаалаар намайг пүүлэгчийн албан тушаалаас чөлөөлж тус өдрийн Б/703 тоот тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтнээр туршилтын хугацаагүйгээр үндсэн ажилтнаар томилсон. Гэвч 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр намайг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Э” ХК-ийн уурхайдаа ажлаа хийж байхад тус компанийн гүйцэтгэх захирал Б.Г-ийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/135 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсгийг үндэслэн пүүлэгчийн албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, мөн тус өдрийн гүйцэтгэх захирал Б.Г-ийн Б/136 тоот тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтнээр 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 3 сарын туршилтын хугацаагаар томилон ажиллуулахаар болсныг мэдэгдсэн. 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дээрх Б/135, Б/136 дугаар тушаал гарахаас өмнө Хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтнээр ажиллаж, хөдөлмөрийн гэрээ байгуулан цалин хөлсөө авч байсан. Б/135 тоот тушаалаар намайг пүүлэгчийн албан тушаалаас чөлөөлсөн. Мөн дээрх тушаал нь хууль зүйн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсгийг үндэслэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т хэсэгт хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор дуусгавар болгох тухай зохицуулсан байдаг. Гэтэл надтай харилцан тохиролцох нь битгий хэл миний ажил, албан тушаалыг надаас асуулгүй, мэдэгдэлгүйгээр ямар ч тохиролцоогүйгээр өөрчилж, түүгээр барахгүй 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр буюу тушаалаа гаргаснаас хойш 45 хоногийн дараа Өмнөговь аймагт уурхай дээрээ ажиллаж байхад амаар мэдэгдсэн байдаг. Үндсэн ажилтнаа ажил үүргээ гүйцэтгэн цалин хөлсөө аваад даруй 3 cap өнгөрөөд байхад дахин тушаал гаргаж, туршилтын хугацаа эхлүүлэх зохицуулалт хөдөлмөрийн хуульд байхгүй. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/702 дугаар тушаалын холбогдох хэсгийн нэгдүгээр хавсралтаар намайг пүүлэгчийн албан тушаалаас чөлөөлж, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/703 дугаар тушаалын холбогдох хэсгийг хоёрдугаар хавсралтаар намайг хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтнээр томилсон байдаг. Гэтэл мөн л адил надад мэдэгдэлгүй миний ажил амьдрал болох хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн ямар ч зүйл хэсгийг удирдлага болголгүй, давуу эрхээ ашиглан дуусгавар болголгүйгээр тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Мөн тус компанийн гүйцэтгэх захирлын Б/85 дугаар Ажилтнуудад удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаалын 3 дахь хэсэгт заасны дагуу надад байгууллагын журам болон хөдөлмөрийн гэрээний дагуу олгогдож байсан удаан жилийн нэмэгдлийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Гэтэл 2010 оны 10 дугаар сараас эхлэн тус компанид тасралтгүй ажиллаж байсан ба өөр байгууллагад ажиллаж байсан удаа байхгүй. Гэтэл ямар шалтгааны улмаас надад удаан жилийн нэмэгдлийг өгөхгүй болсноо ч тайлбарлалгүй дээрх шийдвэрийг гаргасан нь миний эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Ажилтнуудад үр дүнгийн урамшууллын зөрүүг нөхөн олгох, илүү олгогдсон урамшууллыг суутгах тухай “Э” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г-ийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/87 тоот тушаалын хавсралтаар надад олгосон урамшууллыг суутган тооцохоор шийдвэрлэж, мөн надад олгосон 500 000 төгрөгийн урамшууллыг суутган тооцохоор шийдэрлэсэн. Энэ тухай мөн адил надад мэдэгдэлгүйгээр миний цалингаас суутган тооцож байна. Уг тушаал нь “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны А/462 тоот тушаалаар батлагдсан “Э” ХК-ийн Ажилтны ажил дүгнэх, шагнал, урамшуулал олгох журмын 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсгийг удирдлага болгосон байна. Гэвч 2018 онд тус компанид ажилласан ба өөр байгуулагт ажиллаагүй байх тул хууль бусаар надад олгогдсон дээрх 2 урамшууллыг суутган тооцохоор шийдвэрлэснийг мөн адил хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу “Э” ХК-ийн дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комисстоо албан бичгээр хандаж, энэхүү асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч өдийг хүртэл надад ямар нэгэн хариуг ирүүлээгүй, албан ёсоор тушаалуудыг танилцуулаагүй. Өөрөө шаардаж байж хүний нөөцийн хэлтсээс 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр надад холбогдох тушаалтай албан ёсоор танилцсан. Тиймээс арга буюу шүүхийн байгууллагад хандсан болно. Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Өөрчилсөн шаардлагадаа: Ө.Б нь “Э” ХК-д 2010 оны 10 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2013 оноос хойш нийтдээ 6 жилийн хугацаанд тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, байгаль орчны хэлтэст ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа уурхайд гарсан осолд ёс зүйн хариуцлага хүлээж, 2018 оны 6 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн ба 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар ачилт экспортын хэлтэст пүүлэгчийн ажилд орсон. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Э” ХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Г.Дэлгэрбаярт “өөрийн дадлага туршлагын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр” ажиллах хүсэлтээ илэрхийлж, уг хүсэлтийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6/703 тоот “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн албан тушаалд үндсэн ажилтнаар томилсон. Гэвч 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр намайг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Э” ХК-д уурхайдаа ажиллаж байхад тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/135 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсгийг үндэслэн пүүлэгчийн албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосны мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасны дагуу надтай огт тохиролцолгүйгээр, мөн надад мэдэгдэлгүйгээр дээрх тушаалуудыг гаргасан тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өмнө гаргасан өмнө эрхэлж байсан хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/703 дугаар тушаалын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд үндсэн ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах болгон өөрчилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Ц.С , Э.У нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд Ө.Б-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын өмнө нь эрхэлж байсан хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах тухай Ө.Б-ыг гүйцэтгэх захирлын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 3 сарын хугацаатай туршилтын хугацаагаар томилон ажиллуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл Б.Б нь “Э” ХК-ийн Өмнөговь аймаг Цогтцэций сум дахь салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын удаан жилийн нэмэгдлийг олгуулах тухайд “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны А/241 дүгээр тушаалаар батлагдсан ажилтанд цалин хөлс тооцож олгох журмын 2.1 дэх хэсэгт ажилтанд хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгоно. Ажилтны цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ, 3.3.1 дэх хэсэгт удаан жил ажилласны нэмэгдлийг компанид тасралтгүй ажилласан хугацааг харгалзан үндсэн цалингаас нь гэж заасан. Гүйцэтгэх захирлын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/327 дугаар Журамд өөрчлөлт оруулах тухай тушаалаар 3.3.1 дэх хэсэгт удаан жил ажилласны нэмэгдлийг компанид тасралтгүй ажилласан хугацааг харгалзан үндсэн цалингаас компанид тасралтгүй ажилласан хугацаа гэдэгт өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас сахилгын зөрчил гаргаж ажлаас халагдсан болон өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтан дахин ажилд томилогдсоноос бусад тохиолдолд компанид 1 хөдөлмөрийн гэрээгээр ажилласан нийт хугацааг тооцох бөгөөд тасарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь нөхөн төлөх үүрэгтэй гэж тодотгосон.

Ө.Б-ын өөрийн гаргасан хүсэлтийг үндэслэн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/250 дугаар тушаалаар уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн. Үүний дараа гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/342 дугаар тушаалаар ачилт экспортын албанд пүүлэгчээр 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс түр томилогдон ажилласан. Иймд Ө.Б нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл “Э” ХК-д тасралтгүй ажиллаагүй тул Ажилтанд цалин хөлс тооцож олгох журмын 3.3.1-д заасан удаан жилийн нэмэгдлийг олгох боломжгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлагын ажилтнуудад үр дүнгийн урамшууллын зөрүүг нөхөн олгох, илүү олгогдсон урамшууллыг суутгах тухай гүйцэтгэх захирлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/87 дугаар тушаалын Ө.Б-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, тус тушаалын дагуу хасагдсан үр дүнгийн урамшууллуудыг нөхөн олгуулах тухайд 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/266 дугаар тушаалаар ажилтнуудад урамшуулал олгох тухай тушаал гарч “Э” ХК нь 40 000 000 дахь тонн нүүрс олборлосонтой холбогдуулан ажилтнуудад бүтээмжийн урамшуулал 500 000 төгрөг олгосон. Манай компани зөвхөн ажилтнууддаа бүтээмжийн урамшуулал олгосон тул урамшуулал олгох хугацаанд Ө.Б нь манай компанийн ажилтан биш байсан гэтэл хүний нөөцийн албаны ажилтнуудын алдаатай боловсруулалтаас шалтгаалан Ө.Б-д 500 000 төгрөгийн урамшууллыг олгосон байсан. Мөн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ажилтнуудад үр дүнгийн урамшуулал олгох тухай гүйцэтгэх захирлын Б/02 дугаар тушаалаар 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ажилд орсон хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн Ө.Б-д 10 929 128 төгрөгийн 2018 оны үр дүнгийн урамшуулал олгосон байсан. Ө.Б өөрийн хүсэлтээр гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/250 дугаар тушаалаар уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/342 дугаар тушаалаар Ачилт экспортын албанд пүүлэгчээр 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс түр томилогдон ажилласан. 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Ө.Б нь “Э” ХК-д ажиллаагүй бөгөөд манай компанийн ажилтан биш байсан. Мөн гүйцэтгэх захирлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/87 дугаар ажилтнуудад үр дүнгийн урамшууллын зөрүүг нөхөн олгох, илүү олгосон урамшууллыг суутгах тухай тушаалаар Ө.Баттогтоход илүү олгогдсон 500 000, 10 929 128 төгрөгийн урамшууллыг суутган тооцон буцаан татсан.

Иймд Ө.Б-ын Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-т заасныг баримтлан Ө.Б-той хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд үндсэн ажилтнаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг, удаан жил ажилласны нэмэгдэл болох ...15 хувийн... нэмэгдэл олгохыг хариуцагч “Э” ХК-д даалгаж, үлдэх 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/87 дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, тус тушаалын дагуу хасагдсан үр дүнгийн урамшууллуудыг нөхөн олгуулах холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, түүнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 /70 200+70 200/ төгрөгийг улсын төсвөөс нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н  давж заалдах гомдолдоо:

… Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5 дахь хэсэгт ажил олгогч ажилтны цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийсэн бол уг суутгасан мөнгийг эгүүлэн олгох тухай гомдлыг хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргана гэж заасанчлан маргаан таслах комисст хандсаныг хариуцагч үгүйсгээгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/87 дугаар тушаалаараа Ө.Б-ын цалин хөлснөөс нийтдээ 10 929 128 төгрөгийг суутгахаар шийдвэрлэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/87 дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, тус тушаалын дагуу хасагдсан үр дүнгийн урамшууллуудыг нөхөн олгуулах холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэснийг тус нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар өөрчилж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч “Э” ХК-д холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний ажлын байранд үндсэн ажилтнаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, удаан жил ажилласны нэмэгдэл олгуулах, 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Б/87 дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, тус тушаалын дагуу хассан үр дүнгийн урамшууллуудыг нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Шүүх нэхэмжлэгчийн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг болон удаан жил ажилласны нэмэгдэл олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

            “Э” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/702 дугаар тушаалаар /1 дүгээр хавсралтын 478/ Ө.Б-ыг пүүлэгч /түр/-ийн ажлаас чөлөөлж  /хх1-68/, мөн өдрийн Б/703 дугаар тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хэлтэст хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд үндсэн ажилтнаар томилсон,  ажилтан томилогдсон албан тушаалд шилжиж, ажил үүргээ гүйцэтгэн, цалин хөлс авч байгаа нь зохигчдын тайлбар, бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

            Ажил олгогч 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 102 дугаар тушаалаар өмнөх  Б/702, Б/703 тоот тушаалын Ө.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн өдрийн Б/135 дугаар тушаалаар Уурхайн Ачилт, экспортын хэлтсийн пүүлэгчээр 2018 оны 8 дугаар сарын 3-нд түр томилогдох үед талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болгохоор, мөн өдрийн  Б/136 дугаар тушаалаар  Хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтнээр 3 сарын туршилтын хугацаагаар томилж шийдвэрлэжээ.

 

Дурдсан шийдвэрүүдийн талаар 2019 оны 3 дугаар сарын 20-нд  хүний нөөцийн мэргэжилтнээс амаар хэлснээр мэдсэн, өөрөө хүсэлт гаргаж 5 дугаар сарын 29-нд бичгээр хүлээн авсан гэж нэхэмжлэгч тайлбарласан, хариуцагч үүнийг үгүйсгээгүй байна.

 

Хариуцагч талаас шүүхэд баримтаар гаргасан 2019 оны 4 дүгээр сарын 3, 5 дугаар сарын 7-ны өдрийн цахим шуудангийн мэдээлэлд туршилтын хугацаагаар томилсон тушаалыг болон хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй, гомдол гаргаж шийдвэрлүүлэхээ илэрхийлж байсан талаар тусгагджээ.                                                                                                                                         /хх1-139, 140/

 

Дээрх бичгийн баримтууд, хэргийн нөхцөл байдлаас үзвэл хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний байнгын ажлын байранд  2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш ажиллаж байгаа Ө.Б-ыг ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд нь туршилтын хугацаа тогтоож, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулахыг шаардаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт нийцэхгүй.

 

Шүүх Хөдөлмөрийн гэрээг хуулийн дагуу байгуулахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулахыг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3 дахь хэсэгт заасанд нийцнэ.

 

 Нэхэмжлэгч Ө.Б-ын “Э” ХК-д ажилласан хугацааг тооцвол 2010 оны 10 дугаар сараас хойш 9 жил байх бөгөөд үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс зэргийг хамтын гэрээгээр зохицуулах харилцаа болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан тул шүүх “удаан жил ажилласан нэмэгдлийг тус компанид ажилласан хугацааг харгалзан ажилтны үндсэн цалингаас ... хувиар бодож олгоно” гэсэн хамтын гэрээний 3.2.6 дахь заалтыг үндэслэн 15 хувийн нэмэгдэл олгох үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан нь үндэслэл бүхий болжээ.

 

            Харин “хөдөлмөрийн маргаан таслах комисст бичгээр хандаж асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч хариу ирүүлээгүй” гэх тайлбараа баримтаар нотлоогүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэн нэхэмжлэлийн үлдэх хэсэг буюу “үр дүнгийн урамшууллуудыг нөхөн олгуулах” талаарх шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосныг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар ажлаас буруу халагдсан, өөр ажилд буруу шилжүүлснээс бусад тохиолдолд зөрчигдсөн эрхээ мэдсэнээс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзан, ажил олгогчийн өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийг тайлбар татгалзлаа нотолно гэж баримтаар гаргасныг маргаж буй үйл баримтад шууд хамааралтай гэж үзэх боломжгүй.

 

            Нэхэмжлэгч нь хуульд зааснаар маргаан таслах байгууллагад харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан гэж тайлбарласан нөхцөлд маргаан таслах комисс өргөдлийг хүлээн авсан эсэх, хэрхэн шийдвэрлэснийг тогтоолгүйгээр шүүх шууд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1-д заасанд нийцэхгүй юм.

 

Иймд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэх боломжтой гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Б/87 дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, тус тушаалын дагуу хассан үр дүнгийн урамшууллуудыг нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/01852 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “даалгаж” гэснийг “даалгасугай” гэж өөрчлөн “үлдэх 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Б/87 дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, тус тушаалын дагуу хасагдсан үр дүнгийн урамшууллуудыг нөхөн олгуулах холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг, 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг баримтлан 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Б/87 дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, тус тушаалын дагуу хасагдсан үр дүнгийн урамшууллуудыг нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн дугаарын “2” гэснийг “3” гэж, “3” гэснийг “4” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ