Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00631

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/01852 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2183 дугаар магадлалтай,

*******ын нэхэмжлэлтэй,

*******-д холбогдох 

Хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд үндсэн ажилтнаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, удаан жил ажилласны нэмэгдэл олгуулах, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/87 дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, тус тушаалын дагуу хасагдсан үр дүнгийн урамшууллуудыг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа, Д.Санжидмаа, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ******* нь *******-д 2010 оны 10 дугаар сард диспетчер албан тушаалтайгаар ажилд орсон. 2013 оны 05 дугаар сараас *******-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэст мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаанд уурхайд гарсан осолд хэдийгээр миний бие шууд хамааралгүй боловч ёс зүйн хариуцлага хүлээж, тус ажлаа хүлээлгэн өгсөн. 2018.07.03-ны өдрийн *******-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар тус компанийн ачилт экспортын хэлтэст пүүлэгчийн ажилд орсон. Тус компанид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр нийтдээ 6 жил ажилласан туршлагатай байх тул цаашид энэ чиглэлээр ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж 2018.10.17-ны өдөр *******-ийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Г.Дэлгэрбаярт хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийн минь дагуу тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн 2018.12.13-ны өдрийн Б/702 тоот тушаалаар намайг пүүлэгчийн албан тушаалаас чөлөөлж, тус өдрийн Б/703 тоот тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтнээр туршилтын хугацаагүйгээр үндсэн ажилтнаар томилсон. Гэвч 2019.03.20-ны өдөр намайг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах *******-ийн уурхайдаа ажлаа хийж байхад тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн 2019.02.04-ний өдрийн Б/135 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсгийг үндэслэн пүүлэгчийн албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, мөн тус өдрийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн Б/136 тоот тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтнээр 2019.02.04-ний өдрөөс 3 сарын туршилтын хугацаагаар томилон ажиллуулахаар болсныг мэдэгдсэн. 2019.02.04-ний өдрийн дээрх Б/135, Б/136 дугаар тушаал гарахаас өмнө Хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтнээр ажиллаж, хөдөлмөрийн гэрээ байгуулан цалин хөлсөө авч байсан. Б/135 тоот тушаалаар намайг пүүлэгчийн албан тушаалаас чөлөөлсөн. Мөн дээрх тушаал нь хууль зүйн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсгийг үндэслэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т хэсэгт хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсноор дуусгавар болгох тухай зохицуулсан байдаг. Гэтэл надтай харилцан тохиролцох нь битгий хэл миний ажил, албан тушаалыг надаас асуулгүй, мэдэгдэлгүйгээр ямар ч тохиролцоогүйгээр өөрчилж, түүгээр барахгүй 2019.03.20-ны өдөр буюу тушаалаа гаргаснаас хойш 45 хоногийн дараа Өмнөговь аймагт уурхай дээрээ ажиллаж байхад амаар мэдэгдсэн байдаг. Үндсэн ажилтнаа ажил үүргээ гүйцэтгэн цалин хөлсөө аваад даруй 3 cap өнгөрөөд байхад дахин тушаал гаргаж, туршилтын хугацаа эхлүүлэх зохицуулалт хөдөлмөрийн хуульд байхгүй. 2018.12.13-ны өдрийн Б/702 дугаар тушаалын холбогдох хэсгийн нэгдүгээр хавсралтаар намайг пүүлэгчийн албан тушаалаас чөлөөлж, 2018.12.13-ны өдрийн Б/703 дугаар тушаалын холбогдох хэсгийг хоёрдугаар хавсралтаар намайг хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтнээр томилсон байдаг. Гэтэл мөн л адил надад мэдэгдэлгүй миний ажил амьдрал болох хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн ямар ч зүйл хэсгийг удирдлага болголгүй, давуу эрхээ ашиглан дуусгавар болголгүйгээр тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Мөн тус компанийн гүйцэтгэх захирлын Б/85 дугаар Ажилтнуудад удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаалын 3 дахь хэсэгт заасны дагуу надад байгууллагын журам болон хөдөлмөрийн гэрээний дагуу олгогдож байсан удаан жилийн нэмэгдлийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Гэтэл 2010 оны 10 дугаар сараас эхлэн тус компанид тасралтгүй ажиллаж байсан ба өөр байгууллагад ажиллаж байсан удаа байхгүй. Гэтэл ямар шалтгааны улмаас надад удаан жилийн нэмэгдлийг өгөхгүй болсноо ч тайлбарлалгүй дээрх шийдвэрийг гаргасан нь миний эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Ажилтнуудад үр дүнгийн урамшууллын зөрүүг нөхөн олгох, илүү олгогдсон урамшууллыг суутгах тухай *******-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн 2019.02.02-ны өдрийн Б/87 тоот тушаалын хавсралтаар надад олгосон урамшууллыг суутган тооцохоор шийдвэрлэж, мөн надад олгосон 500,000 төгрөгийн урамшууллыг суутган тооцохоор шийдэрлэсэн. Энэ тухай мөн адил надад мэдэгдэлгүйгээр миний цалингаас суутган тооцож байна. Уг тушаал нь *******-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны А/462 тоот тушаалаар батлагдсан *******-ийн Ажилтны ажил дүгнэх, шагнал, урамшуулал олгох журмын 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсгийг удирдлага болгосон байна. Гэвч 2018 онд тус компанид ажилласан ба өөр байгууллагад ажиллаагүй байх тул хууль бусаар надад олгогдсон дээрх 2 урамшууллыг суутган тооцохоор шийдвэрлэснийг мөн адил хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу *******-ийн дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комисстоо албан бичгээр хандаж, энэхүү асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч өдийг хүртэл надад ямар нэгэн хариуг ирүүлээгүй, албан ёсоор тушаалуудыг танилцуулаагүй. Өөрөө шаардаж байж хүний нөөцийн хэлтсээс 2019.05.29-ний өдөр надад холбогдох тушаалтай албан ёсоор танилцсан. Тиймээс арга буюу шүүхийн байгууллагад хандсан болно. Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад: ******* нь *******-д 2010 оны 10 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2013 оноос хойш нийтдээ 6 жилийн хугацаанд тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, байгаль орчны хэлтэст ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа уурхайд гарсан осолд ёс зүйн хариуцлага хүлээж, 2018 оны 6 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн ба 2018.07.03-ны өдрийн *******-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар ачилт экспортын хэлтэст пүүлэгчийн ажилд орсон. 2018.10.17-ны өдөр *******-ийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Г.Дэлгэрбаярт өөрийн дадлага туршлагын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр ажиллах хүсэлтээ илэрхийлж, уг хүсэлтийн дагуу 2018.12.13-ны өдрийн 6/703 тоот *******-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн албан тушаалд үндсэн ажилтнаар томилсон. Гэвч 2019.03.20-ны өдөр намайг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах *******-д уурхайдаа ажиллаж байхад тус компанийн гүйцэтгэх захирлын 2019.02.04-ний өдрийн Б/135 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсгийг үндэслэн пүүлэгчийн албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасны дагуу надтай огт тохиролцолгүйгээр, мөн надад мэдэгдэлгүйгээр дээрх тушаалуудыг гаргасан тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өмнө гаргасан урьд эрхэлж байсан хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2018.12.13-ны өдрийн Б/703 дугаар тушаалын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд үндсэн ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах болгон өөрчилж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус шүүхэд *******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын өмнө нь эрхэлж байсан хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах тухай Ө.Батогтохыг гүйцэтгэх захирлын 2019.02.04-ний өдрөөс 3 сарын хугацаатай туршилтын хугацаагаар томилон ажиллуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл Б.Баттогтох нь *******-ийн Өмнөговь аймаг Цогтцэций сум дахь салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын удаан жилийн нэмэгдлийг олгуулах тухайд *******-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны А/241 дүгээр тушаалаар батлагдсан ажилтанд цалин хөлс тооцож олгох журмын 2.1 дэх хэсэгт ажилтанд хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгоно. Ажилтны цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ, 3.3.1 дэх хэсэгт удаан жил ажилласны нэмэгдлийг компанид тасралтгүй ажилласан хугацааг харгалзан үндсэн цалингаас нь гэж заасан. Гүйцэтгэх захирлын 2019.06.12-ны өдрийн А/327 дугаар Журамд өөрчлөлт оруулах тухай тушаалаар 3.3.1 дэх хэсэгт удаан жил ажилласны нэмэгдлийг компанид тасралтгүй ажилласан хугацааг харгалзан үндсэн цалингаас компанид тасралтгүй ажилласан хугацаа гэдэгт өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас сахилгын зөрчил гаргаж ажлаас халагдсан болон өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтан дахин ажилд томилогдсоноос бусад тохиолдолд компанид 1 хөдөлмөрийн гэрээгээр ажилласан нийт хугацааг тооцох бөгөөд тасарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь нөхөн төлөх үүрэгтэй гэж тодотгосон. *******ын өөрийн гаргасан хүсэлтийг үндэслэн гүйцэтгэх захирлын 2018.06.27-ны өдрийн Б/250 дугаар тушаалаар уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн. Үүний дараа гүйцэтгэх захирлын 2018.08.03-ны өдрийн Б/342 дугаар тушаалаар ачилт экспортын албанд пүүлэгчээр 2019.09.03-ны өдрөөс түр томилогдон ажилласан. Иймд ******* нь 2019.06.27-ны өдрөөс 2019.09.02-ны өдрийг хүртэл *******-д тасралтгүй ажиллаагүй тул Ажилтанд цалин хөлс тооцож олгох журмын 3.3.1-д заасан удаан жилийн нэмэгдлийг олгох боломжгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагын ажилтнуудад үр дүнгийн урамшууллын зөрүүг нөхөн олгох, илүү олгогдсон урамшууллыг суутгах тухай гүйцэтгэх захирлын 2019.02.02-ны өдрийн Б/87 дугаар тушаалын *******од холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, тус тушаалын дагуу хасагдсан үр дүнгийн урамшууллуудыг нөхөн олгуулах тухайд 2019.07.04-ний өдрийн Б/266 дугаар тушаалаар ажилтнуудад урамшуулал олгох тухай тушаал гарч ******* нь 40,000,000 дахь тонн нүүрс олборлосонтой холбогдуулан ажилтнуудад бүтээмжийн урамшуулал 500,000 төгрөг олгосон. Манай компани зөвхөн ажилтнууддаа бүтээмжийн урамшуулал олгосон тул урамшуулал олгох хугацаанд ******* нь манай компанийн ажилтан биш байсан. Гэтэл хүний нөөцийн албаны ажилтнуудын алдаатай боловсруулалтаас шалтгаалан *******од 500,000 төгрөгийн урамшууллыг олгосон байсан. Мөн гүйцэтгэх захирлын 2019.01.11-ний өдрийн ажилтнуудад үр дүнгийн урамшуулал олгох тухай гүйцэтгэх захирлын Б/02 дугаар тушаалаар 2018.08.03-ны өдөр ажилд орсон хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн *******од 10,929,128 төгрөгийн 2018 оны үр дүнгийн урамшуулал олгосон байсан. ******* өөрийн хүсэлтээр гүйцэтгэх захирлын 2018.06.27-ны өдрийн Б/250 дугаар тушаалаар уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Гүйцэтгэх захирлын 2018.08.03-ны өдрийн Б/342 дугаар тушаалаар Ачилт экспортын албанд пүүлэгчээр 2018.09.03-ны өдрөөс түр томилогдон ажилласан. 2018.06.27-ны өдрөөс 2018.09.03-ны өдрийг хүртэл ******* нь *******-д ажиллаагүй бөгөөд манай компанийн ажилтан биш байсан. Мөн гүйцэтгэх захирлын 2019.02.02-ны өдрийн Б/87 дугаар ажилтнуудад үр дүнгийн урамшууллын зөрүүг нөхөн олгох, илүү олгосон урамшууллыг суутгах тухай тушаалаар *******од илүү олгогдсон 500,000, 10,929,128 төгрөгийн урамшууллыг суутган тооцон буцаан татсан. Иймд *******ын Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/01852 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-т заасныг баримтлан *******той хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд үндсэн ажилтнаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг, удаан жил ажилласны нэмэгдэл болох ...15 хувийн... нэмэгдэл олгохыг хариуцагч *******-д даалгаж, үлдэх 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/87 дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, тус тушаалын дагуу хасагдсан үр дүнгийн урамшууллуудыг нөхөн олгуулах холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, түүнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /70,200+70,200/ төгрөгийг улсын төсвөөс нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2183 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/01852 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын даалгаж гэснийг даалгасугай гэж өөрчлөн, үлдэх 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Б/87 дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, тус тушаалын дагуу хасагдсан үр дүнгийн урамшууллуудыг нөхөн олгуулах холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг, 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг баримтлан 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/87 дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, тус тушаалын дагуу хасагдсан үр дүнгийн урамшууллуудыг нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн дугаарын 2 гэснийг 3 гэж, 3 гэснийг 4 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлиин Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.20-ны өдрийн 2183 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан щийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх ...Нэхэмжлэгч нь хуульд зааснаар маргаан таслах байгууллагад харъяаллын дагуу шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан гэж тайлбарласан нөхцөлд маргаан таслах комисс өргөдлийг хүлээн авсан эсэх, хэрхэн шийдвэрлэснийг тогтоолгүйгээр шүүх шууд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1-д заасанд нийцэхгүй юм. Иймд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэх боломжтой гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй... гэж хянасан. Давж заалдах шатны шүүхийн 2183 дугаар магадлалын тогтоох хэсгийн 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг, 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг баримтлан 2019.02.02-ны өдрийн Б/87 дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, тус тушаалын дагуу хасагдсан үр дүнгийн урамшууллуудыг нөхөн олгуулах нэхэмжлэлиин шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай... гэж өөрчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх ...харин 2019.02.02-ны өдрийн Б/87 дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, тус тушаалын дагуу хасагдсан үр дүнгийн урамшууллуудыг нөхөн олгуулах шаардлага нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үндэслэлтэй эсэхийг хянан үзэх үндэсгүй гэж үзлээ...", ...нэхэмжлэгч ...хөдөлмөрийн маргаан таслах комисстоо албан бичгээр хандаж, энэхүү асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй... гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна. Мөн 2019.02.02-ны өдрийн Б/87 дугаар тушаал гарсантай холбоотойгоор *******ын цалингаас тухайн хугацаанд суутгал хийсэн талаар талууд тайлбарлаж байна. Мөн энэ нь *******ын 2019 оны цалингийн хүснэгтээр тогтоогдож байна... гэж үндэслэн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...үлдэх 2019.02.02-ны өдрийн Б/87 дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, тус тушаалын дагуу хасагдсан үр дүнгийн урамшууллуудыг нөхөн олгуулах холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...хууль бусаар надад олгосон дээрх 2 урамшууллыг суутган тооцохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. *******-ийн Ерөнхий нягтлан бодогч Д.Алтанцэцэг, Цалингийн нягтлан бодогч Г.Батмөнх нар нь 2019 оны 01 дүгээр сард илүү олгогдсон урамшууллыг суутгах талаар *******од мэдэгдэн харилцан тохиролцсон, нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн тул 2019 оны 01 сараас тооцож эхэлсэн нь *******ын цалингийн тодорхойлолтоос тодорхой харагдана. Манай компанийн Хүний нөөцийн албаны ажилтнуудын алдаатай боловсруулалтаас шалтгаалан *******од дээрх 2 урамшууллыг олгосон тул Гүйцэтгэх захирлын 2019.02.02-ны өдрийн Б/87 дугаар Ажилтнуудад үр дүнгийн урамшууллын зөрүүг нөхөн олгох, илүү олгосон урамшууллыг суутгах тухай тушаалаар *******од илүү олгогдсон 500,000, 10,929,128 төгрөгийн урамшууллыг суутган тооцох тушаал гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д ...эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй... гэж зааснаас үзэхэд үр дүнгийн урамшуулал суутган тооцсон 2019 оны 01 дүгээр сараас хөөн хэлэлцэх хугацаа тоологдсон байтал давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1, 129.3-т заалтыг зөрчсөн тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдал болон Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.20-ны өдрийн *******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцсэн хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат нь ...иргэний хэрэгт хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж байсан талаарх баримт хэрэгт байхгүй... гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч хэлсэн, мөн ...******* нь би ажиллагсдын үйлдвэрчний эвлэлд өргөдөл өгсөн, Үйлдвэрчний эвлэл надад хариу өгөөгүй тул шүүхэд хандсан... гэж хэлсэн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байтал давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4 дэх заалтыг зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн *******ын Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д зааснаар "... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан хугацаа нь 2019 оны 01 сар буюу цалингаас суутгал хийж эхэлсэн тэр хугацаанаас 3 сарын дотор Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ...Нэхэмжлэгч нь хуульд зааснаар маргаан таслах байгууллагад харъяаллын дагуу шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан гэж тайлбарласан нөхцөлд маргаан таслах комисс өргөдлийг хүлээн авсан эсэх, хэрхэн шийдвэрлэснийг тогтоолгүйгээр шүүх шууд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөдмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1-д заасанд нийцэхгүй юм. Иймд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэх боломжтой гэж үзэж хянасан нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.29-ний өдрийн 182/ШШ2019/01852 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.20-ны өдрийн 2183 дугаар магадлалыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний ажлын байранд үндсэн ажилтнаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, удаан жил ажилласны нэмэгдэл олгуулах, 2019.02.02-ны өдрийн Б/87 дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, тус тушаалын дагуу хассан үр дүнгийн урамшууллуудыг нөхөн олгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Дээрх шаардлагаас анхан шатны шүүх *******той хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд үндсэн ажилтнаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг, удаан жил ажилласны нэмэгдэл болох ...15 хувийн... нэмэгдэл олгохыг хариуцагч *******-д даалгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх энэ шийдвэрт найруулгын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

Анхан шатны шүүх хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах болон удаан жил ажилласны нэмэгдэл олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв, хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

*******-ийн Гүйцэтгэх захирлын 2018.12.13-ны өдрийн Б/702 дугаар тушаалаар /1 дүгээр хавсралтын 478/ *******ыг пүүлэгч /түр/-ийн ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/703 дугаар тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хэлтэст хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд үндсэн ажилтнаар томилсон бөгөөд нэхэмжлэгч томилогдсон албан тушаалд шилжиж, ажил үүргээ гүйцэтгэн, цалин хөлс авч байгаа нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Ажил олгогч нь 2019.02.04-ний өдрийн 102 дугаар тушаалаар өмнөх Б/702, Б/703 тоот тушаалын *******од холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн өдрийн Б/135 дугаар тушаалаар Уурхайн Ачилт, экспортын хэлтсийн пүүлэгчээр 2018.08.03-нд түр томилогдох үед талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг 2019.02.04-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болгохоор, мөн өдрийн Б/136 дугаар тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтнээр 3 сарын туршилтын хугацаагаар томилсон байна.

Дээрх тушаалуудыг 2019.03.20-ны өдөр хүний нөөцийн мэргэжилтнээс мэдсэн, өөрөө хүсэлт гаргаж 5 сарын 29-нд бичгээр хүлээн авсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна.

Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн 2019.04.03-ны болон 5 сарын 07-ны өдрийн цахим шуудангийн мэдээллээс үзэхэд нэхэмжлэгчийг туршилтын хугацаагаар томилсон тушаал болон хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг тэрээр хүлээн зөвшөөрөөгүй, гомдол гаргаж шийдвэрлүүлэхээ илэрхийлж байжээ.

Хэргийн баримтаас үзвэл аюулгүй байдлын ахлах мэргэжилтний байнгын ажлын байранд 2018.12.13-ны өдрөөс хойш ажиллаж байгаа *******ыг ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд нь ажил олгогч туршилтын хугацаа тогтоож, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулахыг шаардаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт нийцэхгүй байх тул шүүх хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулахыг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Түүнчлэн удаан жил ажилласан нэмэгдлийг тус компанид ажилласан хугацааг харгалзан ажилтны үндсэн цалингаас ... хувиар бодож олгоно гэсэн хамтын гэрээний 3.2.6 дахь заалтыг үндэслэн 15 хувийн нэмэгдэл олгох үндэслэлтэй гэж дүгнэн, *******ын *******-д ажилласан хугацааг 2010 оны 10 сараас хойш тооцож нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д нийцсэн, шүүх хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлжээ.

Нэхэмжлэлийн үлдэх хэсэг буюу үр дүнгийн урамшууллуудыг нөхөн олгуулах талаарх шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосныг үндэслэлтэй гэж үзэхгүй гэж дүгнэн, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэх боломжтой гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчсөн гэж үзэхгүй.

Маргаан таслах байгууллагад харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан гэж нэхэмжлэгч нь тайлбарласан нөхцөлд комисс өргөдлийг хүлээн авсан эсэх, хэрхэн шийдвэрлэснийг тогтоолгүйгээр шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1-д заасанд нийцэхгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс ...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2183 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

Х.СОНИНБАЯР

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД