Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 390

 

 “А А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/01501дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “А А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “М П” ХХК-д холбогдох 

 

Худалдах-худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 59 534 673 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                   Д.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                      А.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                     Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч “А А” ХХК-ийн төлөөлөгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“М П” ХХК-тай ажил гүйцэтгэх 3 гэрээний үлдэгдэл төлбөр болон гэрэл нийлүүлсний төлбөрт нийт 50 747 430 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан интерьер зураг төслийн ID 10/15 дугаартай гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алданги 8 682 743 төгрөг болон гэрээгээр гүйцэтгэсэн ажлуудыг хүлээлгэн өгсөн актуудыг нотариатаар гэрчлүүлсэн зардал 104 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг дэмжиж, нийт 59 534 673 төгрөгийг шаардаж байна. Зохигчдын хооронд 2017 оны 2 сарын 16-ны өдөр Интерьерийн зураг төслийн ажил гүйцэтгэх ID-03/17 тоот гэрээ байгуулагдаж, гэрээгээр манай компаниас Ibis Styles зочид буудлын 2 731.78 м.кв талбай бүхий барилгын тухайлсан хэсгүүдийн интерьер дизайны зургийг зурж өгөх үүрэг хүлээсэн. Гэрээний дагуу манай компаниас дотор зохион байгуулалтын зураг, концепцийн зураг төсөл, ажлын зургийг хүлээлгэн өгсөн. Зураг төслийн ажлын хөлс 160 000 000 төгрөг гэж тохиролцсон боловч талууд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрээний төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулж, НӨАТ-тай дүнгээр 57 884 950 төгрөгийг 4 хувааж авахаар тохиролцсон. Эхний 3 удаагийн төлбөрийг хариуцагч тал төлсөн, харин 4 дэх удаагийн төлбөр буюу 17 365 486 төгрөгийг төлөөгүй. Энэхүү үүргээ гүйцэтгээгүй 516 хоног хугацаа хэтрүүлсэн байх тул алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 50 хувиар тооцон алдангид 8 682 743 төгрөг, нийт 26 048229 төгрөгийг нэхэмжилж байна. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зохигчдын хооронд барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ЗХ/01/17 тоот гэрээ байгуулагдаж, манай компани хариуцагч байгууллагын барьж буй барилгын дотор заслын ажлыг гүйцэтгэх явцад зохиогчийн хяналтын ажлыг 3 сарын хугацаанд гүйцэтгэж, хариуцагч “М П” ХХК-аас гэрээний төлбөрт нийт 27 000 000 төгрөгийг 4 хуваан авахаар тохиролцсон. Гэвч хариуцагч байгууллага нь эхний 2 удаагийн төлбөрийг төлсөн боловч сүүлийн 2 удаагийн төлбөр буюу үлдэгдэл 19 800 000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй. Манайх уг ажлыг туслан гүйцэтгэгчийн хамт хийж гүйцэтгэсэн. Зохиогчийн хяналтын ажлаа хийж дуусгаад интерьерийн ажлын зургийн хяналтын тайланг гаргаж хариуцагч байгууллагад хүлээлгэн өгсөн учир үлдэгдэл төлбөр 19 800 000 төгрөгт гэрээний 5.2-т зааснаар хоног тутамд 0,02 хувийн алданги тооцож, алданги 1 306 800 төгрөгийн хамт 21 106 800 төгрөгийг нэхэмжилж байна. Зохигчдын хооронд 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр интерьерийн зураг төслийн ажил гүйцэтгэх ID-03/17 тоот гэрээ байгуулагдаж, манай компаниас Ibis Styles зочид буудлын 13 давхрын интерьерийн зураг төслийн ажлыг гүйцэтгэж, хариуцагч “М П” ХХК-аас 12 980 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч байгууллага эхний удаагийн төлбөрийг бүрэн төлөөд 2 дахь төлбөр буюу 5 192 000 төгрөгийг төлөөгүй. Уг ажлын хүрээнд эхний 2 ажил буюу дотор зохион байгуулалтын болон концепцийн зураг төслийг хийж гүйцэтгэсэн бөгөөд захиалагчаас үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул дараагийн ажлыг гүйцэтгээгүй. Иймд ажлын хөлсний үлдэгдэл 5 536 000 төгрөгт гэрээний 3.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 50 хувиар тооцож, алданги 2 768 000 төгрөг, нийт 8 304 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч “М П” ХХК нь “А К” ХХК-аар iGuzzini брэндийн гэрэлтүүлгүүдийг захиалан авчруулж худалдан авсан бөгөөд уг гэрлийнхээ үнийг төлсөн боловч гэрэлтүүлгийг авчрахад зарцуулсан гааль, тээврийн зардлаа төлөөгүй. “А К” ХХК нь “А А” ХХК-д энэхүү төлбөрийг шүүхийн журмаар гаргуулан авах итгэмжлэлийг олгосон. Энэхүү зардлын нэхэмжлэлийг хариуцагч байгууллагад тухайн үед явуулсан боловч төлөөгүй. Иймд худалдан авагч нь өөрийнхөө авчруулсан бараа, бүтээгдэхүүний гааль, тээврийн зардлыг төлөөгүй учир 3 971 144 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч “ММС поларис”ХХК нь бидэнтэй байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөрүүдийг төлөлгүй манай компанид хохирол учруулж, улмаар манай компани шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор гүйцэтгэсэн ажлуудыг тухай бүрт нь хүлээлцэх акт үйлдсэнийг нотариатаар гэрчлүүлэн гаргаж өгөхөд 104 500 төгрөгийн зардал гарсан. Иймд нотариатын зардал 104 500 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Н.А 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай компани 46 672 630 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаас танай харилцан хамаарал бүхий компани болох “Д П М” ХХК-аас авах авлага 11 828 960 төгрөгийг суутган тооцох хүсэлтэй байх тул хасч өгнө үү гэх гэсэн хүсэлтийг ирүүлсэн. “Д П М” ХХК нь манайхаас тусдаа компани учир бид зөвшөөрөөгүй. Хариуцагч байгууллагаас 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр зохиогчийн хяналтын ажлын эхний төлбөр болох 4 950 000 төгрөгийг манайд шилжүүлсэн. Зохиогчийн хяналтын ажлын гэрээний 2 дахь төлбөр 4 950 000 төгрөгөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2 500 000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр үлдсэн 2 450 000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн интерьерийн зураг төсөл зохиох ID-03/17 тоот гэрээний эхний төлбөр 3 550 000 төгрөгийн хамт шилжүүлсэн. Иймд хариуцагч “М П” ХХК-аас нийт 59 534 673 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч “М П” ХХК-ийн төлөөлөгч Ж.И болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. “А А” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ID-10/15 дугаартай интерьерийн зураг төслийн гэрээний зохиогчийн хяналтыг хийхээр 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр болон 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр тус тус барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх тухай 2 гэрээ байгуулсан. Эхний зохиогчийн хяналтын гэрээний төлбөрт 46 200 000 төгрөг, 2 дахь зохиогчийн хяналтын гэрээний төлбөрт гэрээний дагуу 29 700 000 төгрөг, нийт 75 900 000 төгрөг төлөх үүрэг хүлээснээс 46 544 000 төгрөг төлсөн. Зохиогчийн хяналтын гэрээний хувьд гүйцэтгэгч болох “А А” ХХК нь өөрсдийн хийж гүйцэтгэсэн зураг төслийн хүрээнд барилгын дотор заслын ажил хийгдэж буй эсэхэд хяналт тавих үүрэг хүлээдэг. Энэхүү хяналтыг 7 хоногт 2 удаа хийж гүйцэтгэн, үүргийнхээ биелэлтийг сар бүрийн 15, 30-ны өдрүүдэд дүгнэх үүрэг хүлээсэн. Мөн хийж гүйцэтгэсэн зохиогчийн хяналтынхаа дүгнэлтийг тухай бүр бичгээр үйлдэж захиалагч болох “ММС поларис”ХХК-д хүргүүлэх үүрэгтэй. Харин “А А” ХХК нь эдгээр гэрээний үүргүүдээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэж байгаагүй, хяналтын ажлаа зохих ёсоор дүгнүүлж байгаагүй, зохиогчийн хяналтын дүгнэлтээ захиалагчид зохих ёсоор хүргүүлж байгаагүй, зохиогчийн хяналтаа гэрээнд заасны дагуу хангалттай гүйцэтгээгүй зэргээр гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Ийнхүү гүйцэтгэгч нь гэрээний үүргээ зөрчиж, ажлаа зохих ёсоор, чанартай гүйцэтгэхгүй байсан тул “М П” ХХК нь зохиогчийн хяналтын гэрээний төлбөрийг төлөхөөс татгалзсан. Гэтэл нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн төлбөрийн тооцооллоос харахад “М П” ХХК-аас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ID-10/15 дугаартай зураг төслийн гэрээний төлбөрт шилжүүлж байсан төлбөрийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зохиогчийн хяналтын гэрээний төлбөрт тооцон суутгасан байх бөгөөд өөрөөр хэлбэл бидний төлсөн төлбөрийн зориулалтыг өөрчилж өөрийн гүйцэтгээгүй үүргийнхээ төлбөрт шилжүүлэн тооцож 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зохиогчийн хяналтын гэрээний төлбөрийг бүтэн төлсөн болгож тооцооллоо хийсэн байна. Ийнхүү шилжүүлж тооцсоноор зураг төслийн гэрээний үлдэгдэл ихэсч 17 365 486 төгрөг болсон. “М П” ХХК-ийн хувьд ийнхүү шилжүүлж тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд зохиогчийн хяналтын гэрээний дагуу хийгдээгүй ажлын төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зохиогчийн хяналтын гэрээний төлбөрийн үлдэгдэлд 19 800 000 төгрөг, алдангид 1 306 800 төгрөг нэхэмжилсэн байна. Энэхүү гэрээний хувьд гүйцэтгэгч “А А” ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор, хугацаанд биелүүлээгүй тул “МС поларис” ХХК нь үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа. Гэрээгээр алдангийн хувийг 0.002 хувиар тохирсон. “М П” ХХК нь “А А” ХХК-ийн гүйцэтгэн хүлээлгэж өгсөн зураг төслийн дагуу барилгын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэсэн боловч барилга ашиглалтад орсны дараа ч засалтай холбоотой алдаа, дутагдал их гарч, дахин засварлах, өөрчлөх асуудлууд их гарч байгаагийн улмаас үйл ажиллагаа доголдох, нэмэлт зардал их гарах зэргээр “М П” ХХК-д хохирол учирч байна. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэх болон дансны хуулгаас харахад “А К” ХХК-ийн нэхэмжлэхийн төлбөрийг бүрэн төлсөн нь харагдаж байна. “М П” ХХК нь “А А” ХХК-ийн холбоотой компани болох “Д П М” ХХК-аас нийт 14 786 200 төгрөгийн будаг худалдан авахаар 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр захиалга өгч төлбөрт нь 11 828 960 төгрөг төлсөн. Гэтэл “Д П М” ХХК нь бараа хүлээлгэн өгөх хугацаа болох 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөртөө багтаан будгаа нийлүүлээгүй. Талууд 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр интерьерын зураг төслийн ID10/15 тоот гэрээнд өөрчлөлт оруулж, төлбөрийн үлдэгдэл дүнг 52 622 680 төгрөг гэж тооцож, 4 хуваан төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу төлбөрүүдийг дараах байдлаар төлж барагдуулсан. Үүнд: 2016 оны 06 дугаар арын 28-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хооронд 7 удаагийн үйлдлээр нийт 53 969 468 төгрөг төлж, 1 646 782 төгрөгийг илүү төлсөн байна. 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ЗХ/01/17 тоот гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас ““П С Д П” ” гэх компанитай 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан гэрээгээ нотлох баримтаа хэрэгт өгсөн. Манайх нэхэмжлэгч компанийн хийж гүйцэтгэсэн зургийн дагуу хийж байгаа ажилд хяналт тавиулахаар тухайн байгууллагын чанар гүйцэтгэлд нь итгэж гэрээ байгуулсан. Энэ ажлын гүйцэтгэлийн гэрээ нь НӨАТ орж тооцоод 27 700 000 төгрөг болж байгаа. Гэтэл ”П С Д П”  компанитай байгуулсан гэрээний үнийн дүн нь 5 650 000 төгрөг бөгөөд уг компани нь манайд уг ажлыг огт хүлээлгэж өгөөгүй. Хавтаст хэрэгт авагдсан хяналтын ажлын тайлан гэх баримтад талуудын хооронд байгуулагдсан ямар ч баримт, гарын үсэг байхгүй, хүлээлгэж өгсөн баримтгүй байгаа. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээгээр 3 сарын хугацаанд нийт 35 удаа явцын хяналт хийхээр тохиролцсон боловч 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 7 хоногт 3 удаа буюу нийт 27 удаа, 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд 7 хоногт 2 удаа буюу 8 удаа, нийт 35 удаагийн зохиогчийн хяналт хийх болгонд акт үйлдэж, талууд оролцож зөрчил дутагдлаа тогтоож явах, гэрээний 3.3, 5.1-д заасныг биелүүлээгүй. Тэгэхээр зохиогчийн хяналт хийх гэрээ нь эхнээсээ хэрэгжээгүй, түүнчлэн байгуулагдсан гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр интерьерийн зураг төслийн ID-03/17 тоот гэрээгээр нэхэмжлэгч тал 3 үе шаттайгаар ажлаа гүйцэтгэх ёстой байсан. Гэвч манайд гэрээний дагуу тодорхой саналууд ирсэн боловч эцэслэн зургаа хэн ч батлаагүй. Энэ зургийг өнөөдрийг хүртэл хэн ч хүлээлгэж өгөөгүй учраас төлбөрийг төлөөгүй. Манайх ID10/15 тоот гэрээний төлбөрийг л төлж байснаас бусад гэрээний төлбөрийг төлөөгүй. Тэгэхээр зохиогчийн хяналтын гэрээ болон сүүлд дурдагдсан 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ID-03/17 тоот гэрээнүүдийн төлбөрийг огт төлөөгүй. Манайх 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ID-10/15 тоот гэрээний зүйлийг авснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг гэрээний төлбөрөө төлсөн. Энэхүү гэрээний төлбөрт төлсөн төлбөрийг бусад гэрээнүүдэд хуваарилж бичилт хийгээд урьдчилан төлж байсан гэх зэрэг үндэслэлгүй тайлбар гаргаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Зохиогчийн хяналтын гэрээний хувьд нэхэмжлэгч тал манайд ажлаа хүлээлгэж өгөөгүй, иймд ажлаа хийсэн гэж үзэхгүй. 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн интерьерын зураг төслийн гэрээний дагуу талуудын хооронд дотор зураг төслийн талаар саналууд явагдаад манайхыг төлбөрөө төлөхийг шаардсан. Бид нар өмнөх асуудлууд маргаантай байсан учраас татгалзсан. Мөн бид ямар ч урьдчилгаа төлбөр төлөөгүй. “А К” ХХК-тай холбоотой гэрэлтүүлэг нийлүүлэх гэрээг байгуулж, бидний захиалсан гэрэлтүүлгийг хүлээлгэн өгсөн. Манайд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл ирүүлж 6 544 евро 02 цент нэхэмжилснийг манайх Хаан банкнаас Худалдаа хөгжлийн банк руу төгрөгөөр тооцон 17 745 085 төгрөгийг шилжүүлсэн. Захиалгын гэрээний хувьд бид нар НӨАТ-тэй дүн төлсөн. Гэтэл гэнэт талуудын хооронд тохиролцоогүй гааль, тээврийн зардал гэх 3 971 144.19 мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талаас нотлох баримт бүрдүүлсэнтэй холбоотойгоор 104 500 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтууд нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй баримтууд тул уг шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М П” ХХК-аас 18 154 827 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41 379 846 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570 120 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “М П” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 248 724 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А А” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н давж заалдах гомдолдоо:

... 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр интерьерийн зураг төслийн 10/15 тоот гэрээг байгуулж, 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 01/16 тоот гэрээгээр нэмэлт оруулсан ба 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр үлдэгдэл төлбөр НӨАТ-гүй дүнгээр 52 622 686 төгрөг, НӨАТ-тай 57 884 955 төгрөгийг 4 хувааж төлөхөөр тохирсон. Энэ үүргийн дагуу НӨАТ-тай төлбөрийн эхний 3 удаагийн төлбөрийг төлсөн байхад шүүх нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр НӨАТ-гүй дүнгээр төлөх ёстой хэмээн 18 154 827 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Хариуцагч нь дээрх гэрээний үүрэгт 17 365 486 төгрөг, алданги 8 682 743 төгрөг, нийт 26 048 229 төгрөгийг төлөх ёстой. 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх гэрээ байгуулан гэрээний дагуу зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн боловч захиалагч “М П” ХХК 19 800 000 төгрөгийг төлөөгүй. Улмаар гэрээний 5.2-т зааснаар 0,02 хувийн алданги 1 306 800 төгрөг төлөх үүрэгтэй. Шүүх уг үйл баримтад хамааралтай баримтуудыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. 2017 оны 02 сарын 16-ны өдөр интерьерийн зураг төслийн гэрээ байгуулж, манай компаниас дотор зохион байгуулалтын концепцийн зураг төсөл болон ажлыг зургийг гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн боловч хариуцагч нь 5 536 000 төгрөгийг төлөөгүй. Гэрээний 3.2-т зааснаар алдангид 2 768 000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Талууд гэрээгээр ажлыг 3 үе шаттай хийж үе шат бүрт төлбөр төлөх, төлбөр төлөөгүй бол гүйцэтгэгч дараагийн ажлыг хийхгүй байхаар тохиролцсон байхад Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг дуусгавар болоогүй гэж үзэж хуулийг буруу тайлбарласан. Мөн концепцийн зураг явуулсан үйл баримт тогтоогдсон, уг зургийг хариуцагчийн зүгээс концепцийн зураг биш гэж маргаагүй атал шүүх өөрийн дураар гүйцэтгэгчээр захиалагч руу явуулсан зургийг концепцийн зураг биш гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрэлтүүлгийг захиалгаар худалдан авсан бөгөөд 3 971 144 төгрөгийг төлөөгүй. Шүүх “А К” ХХК нь “А А” ХХК-д энэхүү төлбөрийг шүүхийн журмаар гаргуулах авах итгэмжлэлийг манай компанид олгосныг эрх олгогдоогүй мэтээр дүгнэсэн. Хариуцагч нь нийт 46 776 286 төгрөгийг манай компанид төлөх тухай хүлээн зөвшөөрсөн албан бичгийг ирүүлснийг шүүх анхаараагүй. Хариуцагч үүргээ биелүүлж төлбөрөө төлсөн бол бид нотариатын зардалд 104 500 төгрөг төлөхгүй байсан. Иймд шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна үзлээ.

 

Нэхэмжлэгч “А А” ХХК нь хариуцагч “М П” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 55 459 029 төгрөг, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3 971 144 төгрөг , нотариатын зардалд 104 500 төгрөг нийт 59 543 673 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргасан байна.

 

Талуудын хооронд “Интерьерийн зураг төслийн гэрээ” ID-03/17 тоот гэрээ, “Барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх 3/Х/01/17 тоот гэрээ”, “Интерьерийн зураг төслийн гэрээ” ID-10/15 гэрээнүүд байгуулагдсан үйл баримт тогтоогдсон, анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг заалттай нийцжээ. /1хх-ийн 9-26 талд/

 

Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Интерьрийн зураг төслийн ID-10/15 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “А А” ХХК нь хариуцагч байгууллагын  гаргасан “IBIS Styles” зочид буудлын 2731.78 мкв талбай бүхий тухайлсан хэсгүүдийн интерьер дизайны зургийг хийж гүйцэтгэх, хариуцагч “М П” ХХК нь ажлын хөлсөнд 160 000 000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон байна. Талууд 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан “IBIS Styles” зочид буудлын 1402,89 м кв талбай бүхий тухайлсан хэсгүүдийн дотор зохион байгуулалтын зургийг 7 000 000 төгрөгөөр нэмж гүйцэтгүүлэхээр тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулсан байна. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж интерьер дизайны ажлын зургийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн, хариуцагч байгууллагаас дээрх гэрээний дагуу ажлын хөлсөнд 40 519 468 төгрөг төлсөн асуудлаар зохигчид маргаагүй байна. Анхан шатны шүүх дээрх гэрээний үүрэгт 12 103 218 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.

 

Талууд 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх 3Х/01/17 гэрээгээр нэхэмжлэгч нь “IBIS Styles” зочид буудлын 1 дүгээр давхрын цонх, буудлын лобби, ариун цэврийн өрөө, 6 дугаар давхрын зочид буудлын ресторан, лобби, хурлын өрөөнүүд, 7 давхрын зочид буудлын оффис, 8 дугаар давхрын лифт, 2 ширхэг стандарт өрөө, 1 ширхэг өрөө, дотор зохион байгуулалтын 01/16 тоот гэрээний 1402,89 мкв талбайд, зочид буудлын хэсэгт тус тус барилгын дотор заслын ажлыг гүйцэтгэх явцад зохиогчийн хяналт хийхээр тохиролцсон байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч энэ гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар журмын дагуу үнэлээгүй байна гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “А А” ХХК нь 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр, 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр, 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр, 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр тус тус барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналтын ажлыг гүйцэтгэж, хяналт хийхэд оролцсон хүмүүс протокол үйлдэн баталгаажуулсан байна. /1хх-ийн 215-246 талд/

 

Мөн “А А” ХХК-аас 2017 оны 4 дүгээр сарын 13, 2017 оны 4 дүгээр сарын 20, 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрүүдэд зохиогчийн хяналтын ажил гүйцэтгэсэн талбайн хяналтын оролцогчдын уулзалтын протоколыг гаргаж байгаа боловч хяналтад оролцогчид гэх хүмүүс гарын үсэг зуран баталгаажуулаагүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч талаас “П С Д П” ХХК-ийн төслийн менежер М.Э-ы гаргасан “IBIS Styles Hotel” -ын интерьерийн ажлын зургийн хяналтын тайлангийн нэгтгэл гэсэн бичгийн баримтыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байна. /нотлох баримт 1 хавтас 170 хуудас/

 

Анхан шатны шүүх зохиогчийн хяналт гүйцэтгэсэн 7 удаагийн ажлыг уулзалтын протокол үйлдэн баталгаажуулснаас өөр ажлын үр дүн тогтоогдохгүй, туслан гүйцэтгэгч “П С Д П” ХХК-ийн инженер Ш.Энхтайван зохиогчийн хяналтын ажлыг 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн боловч бүрэн гүйцэд дуусгаагүй, интерьерийн ажлын зургийн хяналтын тайлан гэх баримтыг захиалагчид хүлээлгэн өгсөн нь тогтоогдоогүй гэж дүгнэн дээрх гэрээний ажлын хөлсийг төлөх үүрэггүй гэж дүгнэсэн нь буруу болсон байна.

 

Учир нь нэхэмжлэгч “А А” ХХХ нь 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 7 удаа барилгын дотор заслын явцад зохиогчийн хяналтын ажлыг гүйцэтгэж, уулзалтын протокол үйлдэн баталгаажуулсан, 2017 оны 4 дүгээр сарын 3, 13, 20-ны өдрүүдэд зохиогчийн ажлын хяналт гүйцэтгэсэн гэж уулзалтын протоколд талбайн хяналтад оролцогчид гэх хүмүүс гарын үсэг зураагүй байна. Гэвч нэхэмжлэгч талаас зохиогчийн хяналтын хийсэн явцыг баталгаажуулсан тэмдэглэл өгсөн байна. 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан гэрээнээс хойш үйлдэгдсэн уг протоколуудад хариуцагчийн ерөнхий инженер Д.Б гэх хүний гарын үсэг байхгүй байх боловч тухайн барилгын талбайд ажил гүйцэтгэж байсан гэх хүмүүсийн төлөөлөл буюу ажил гүйцэтгэгчийг байцуулан зөвлөгөө өгсөн талаар тэмдэглэлээр баталгаажуулжээ.

 

Дээрх нотлох баримтуудыг талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэгтэй харьцуулж үзэхэд нэхэмжлэгч байгууллага зохиогчийн хяналт тавих ажлыг гүйцэтгээгүй гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. Хэдийгээр зарим тайланд хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Б-ийн гарын үсэггүй байгаа боловч тухайн үед тэмдэглэл хөтөлсөн, нэхэмжлэгч талаас гадна бусад этгээдүүд оролцож, зохиогчийн хяналт тавих үйл ажиллагаа явагдсаныг гэрчлэх тэмдэглэл авагдсан байна.

 

Түүнчлэн, туслан гүйцэтгэгч “П С Д П” ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн интерьер ажлын зургийн хяналтын тайлангийн нэгтгэлд зохиогчийн хяналт гүйцэтгэгч 13 удаа зохиогчийн хяналтын ажлыг гүйцэтгэсэн гэж тайлбарлажээ. /2хх-ийн 144 талд/

 

Мөн зохигчид 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн ID-03/17 тоот гэрээгээр “ibis Styles” зочид буудлын 13 давхрын лоунж барны интерьер, дизайны зургийг хийхээр тохиролцсон байна. Анхан шатны шүүх дээрх гэрээний үүргийг хариуцагч байгууллага хүлээн аваагүй байх тул хөлс төлөх үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн нь  учир дутагдалтай болсон байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “А А” ХХК гэрээгээр тохирсон ажил болох ibis Styles зочид буудлын 13 давхрын лоунж барны интерьер дизайны зураг болон концепцийн зургийн төсөл, ажлын зургийг хийж гүйцэтгэн цахим шуудангаар илгээсэн үйл баримтууд тогтоогдсон байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.В-ийн [email protected] хаягтай цахим шууданд үзлэг хийлгэх хүсэлтийг хүлээн авч шүүхээс 2018 оны 16-ны өдөр хийсэн үзлэгээр “А А” ХХК-ийн байранд тус байгууллагын захирал Ц.В-ийн хувийн нөүтбүүк компютерээс [email protected] хаягтай цахим шууданд нэвтрэн үзлэг хийсэн байх бөгөөд уг үзлэгээр “М П” ХХК-ийн захирал Ч.Б руу илгээсэн мэйлүүдээс төлбөрийн нэхэмжлэх, ажлын зураг, концепцийн зураг, 13 давхрын концепцийн зураг, 1 давхрын ресепшний зураг, хариуцагчаас ирүүлсэн 6 давхрын нэмэлт өөрчлөлтийн зураг гэсэн мэйлүүдийг шүүлт хийн үзэж, танилцан үзлэг хийсэн тэмдэглэл, зургийг хавсаргасан байна. /2хх-ийн 61-82 талд/ Иймд Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасны дагуу дээрх гэрээний үүргийг нэхэмжлэгч байгууллага хийж гүйцэтгэсэн гэж үзнэ.

 

Мөн анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх төлбөрийн хувьд үүргийн харилцаа үүссэнтэй холбоотой нэхэмжлэгч компанид энэ төлбөрийг нэхэмжилж авах эрхийг олгосон байх тул анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй муутай байна.  

 

Нэхэмжлэгч байгууллага нотариатын үйлчилгээ авсныхаа төлөө төлсөн зардлыг тухайн байгууллагаас нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, Иргэний хуулийн 219 дүгээр 219.1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэжээ.

 

Түүнчлэн, хэрэгт “М П” ХХК-аас “А А” ХХК -д 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 17/247 тоот албан бичиг ирүүлсэн, уг бичигт ... компаниудын хооронд байгуулсан гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр 46 672 630.57 төгрөг байгаа, танай харилцан хамаарал бүхий компани болох “Д П М” ХХК-аас манай компанийн авах авлага болох 11 828 960 төгрөгийн авлагыг гэрээний үлдэгдэл төлбөрийн дүнгээс шилжүүлэн суутган тооцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн агуулгатай байна. /2хх-ийн 132 талд/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр дээрх албан бичгийг ирүүлсэн мэйлд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр уг албан бичгийг ирүүлсэн болохыг тогтоосон байна. /2хх-ийн 130-131 талд/

 

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт нотлох баримаар гаргасан бичгийн баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг 46 672 630 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Хариуцагч буюу захиалагч талд мөнгө төлөх үүрэг үүссэн байх бөгөөд уг үүргийг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хугацаандаа биелүүлсэн гэдгээ нотлоогүй. Гэвч хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч зарим хяналт тавих үйл ажиллагаанд хариуцагч буюу захиалагчийг оролцуулж байсан гэх байдал эргэлзээтэй байх тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар ажлын хөлс төлөх нөхцөлийг бүрдүүлээгүй гэж үзнэ.

 

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 46 672 630.57 төгрөгийн хэмжээнд хангаж, энэ талаар дурдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/01501 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “...18 154 827 төгрөг” гэснийг “...46 672 630 төгрөг” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтын “..248 724 төгрөг” гэснийг “...389 813 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “А А” ХХК-ийн төлсөн 570 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                          Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Ц.ИЧИНХОРЛОО