Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2019/01003

 

“А-А”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/01501 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 390 дугаар магадлалтай,

“А-А”ХХК-ийн нэхэмжлэлтэй

“ММС П”ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 59 534 673 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Н.Ариунаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч “А-А”ХХК-ийн төлөөлөгч Т.Нандинцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ММС П”ХХК-тай ажил гүйцэтгэх 3 гэрээний үлдэгдэл төлбөр болон гэрэл нийлүүлсний төлбөрт нийт 50 747 430 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан интерьер зураг төслийн ID 10/15 дугаартай гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алданги 8 682 743 төгрөг болон гэрээгээр гүйцэтгэсэн ажлуудыг хүлээлгэн өгсөн актуудыг нотариатаар гэрчлүүлсэн зардал 104 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг дэмжиж, нийт 59 534 673 төгрөгийг шаардаж байна. Зохигчдын хооронд 2017 оны 2сарын 16-ны өдөр Интерьерийн зураг төслийн ажил гүйцэтгэх ID-03/17 тоот гэрээ байгуулагдаж, гэрээгээр манай компаниас Ibis Styles зочид буудлын 2 731.78 м.кв талбай бүхий барилгын тухайлсан хэсгүүдийн интерьер дизайны зургийг зурж өгөх үүрэг хүлээсэн. Гэрээний дагуу манай компаниас дотор зохион байгуулалтын зураг, концепцийн зураг төсөл, ажлын зургийг хүлээлгэн өгсөн. Зураг төслийн ажлын хөлс 160 000 000 төгрөг гэж тохиролцсон боловч талууд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрээний төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулж, НӨАТ-тай дүнгээр 57 884 950 төгрөгийг 4 хувааж авахаар тохиролцсон. Эхний 3 удаагийн төлбөрийг хариуцагч тал төлсөн, харин 4 дэх удаагийн төлбөр буюу 17 365 486 төгрөгийг төлөөгүй. Энэхүү үүргээ гүйцэтгээгүй 516 хоног хугацаа хэтрүүлсэн байх тул алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 50 хувиар тооцон алдангид 8 682 743 төгрөг, нийт 26 048229 төгрөгийг нэхэмжилж байна. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зохигчдын хооронд барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ЗХ/01/17 тоот гэрээ байгуулагдаж, манай компани хариуцагч байгууллагын барьж буй барилгын дотор заслын ажлыг гүйцэтгэх явцад зохиогчийн хяналтын ажлыг 3 сарын хугацаанд гүйцэтгэж, хариуцагч ”ММС П”ХХК-аас гэрээний төлбөрт нийт 27 000 000 төгрөгийг 4 хуваан авахаар тохиролцсон. Гэвч хариуцагч байгууллага нь эхний 2 удаагийн төлбөрийг төлсөн боловч сүүлийн 2 удаагийн төлбөр буюу үлдэгдэл 19 800 000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй. Манайх уг ажлыг туслан гүйцэтгэгчийн хамт хийж гүйцэтгэсэн. Зохиогчийн хяналтын ажлаа хийж дуусгаад интерьерийн ажлын зургийн хяналтын тайланг гаргаж хариуцагч байгууллагад хүлээлгэн өгсөн учир үлдэгдэл төлбөр 19 800 000 төгрөгт гэрээний 5.2-т зааснаар хоног тутамд 0,02 хувийн алданги тооцож, алданги 1 306 800 төгрөгийн хамт 21 106 800 төгрөгийг нэхэмжилж байна. Зохигчдын хооронд 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр интерьерийн зураг төслийн ажил гүйцэтгэх ID-03/17 тоот гэрээ байгуулагдаж, манай компаниас Ibis Styles зочид буудлын 13 давхрын интерьерийн зураг төслийн ажлыг гүйцэтгэж, хариуцагч ”ММС П”ХХК-аас 12 980 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч байгууллага эхний удаагийн төлбөрийг бүрэн төлөөд 2 дахь төлбөр буюу 5 192 000 төгрөгийг төлөөгүй. Уг ажлын хүрээнд эхний 2 ажил буюу дотор зохион байгуулалтын болон концепцийн зураг төслийг хийж гүйцэтгэсэн бөгөөд захиалагчаас үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул дараагийн ажлыг гүйцэтгээгүй. Иймд ажлын хөлсний үлдэгдэл 5 536 000 төгрөгт гэрээний 3.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 50 хувиар тооцож, алданги 2 768 000 төгрөг, нийт 8 304 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч ”ММС П”ХХК нь Азура консалтинг ХХК-аар iGuzzini брэндийн гэрэлтүүлгүүдийг захиалан авчруулж худалдан авсан бөгөөд уг гэрлийнхээ үнийг төлсөн боловч гэрэлтүүлгийг авчрахад зарцуулсан гааль, тээврийн зардлаа төлөөгүй. Азура консалтинг ХХК нь “А-А”ХХК-д энэхүү төлбөрийг шүүхийн журмаар гаргуулан авах итгэмжлэлийг олгосон. Энэхүү зардлын нэхэмжлэлийг хариуцагч байгууллагад тухайн үед явуулсан боловч төлөөгүй. Иймд худалдан авагч нь өөрийнхөө авчруулсан бараа, бүтээгдэхүүний гааль, тээврийн зардлыг төлөөгүй учир 3 971 144 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч “ММС П”ХХК нь бидэнтэй байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөрүүдийг төлөлгүй манай компанид хохирол учруулж, улмаар манай компани шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор гүйцэтгэсэн ажлуудыг тухай бүрт нь хүлээлцэх акт үйлдсэнийг нотариатаар гэрчлүүлэн гаргаж өгөхөд 104 500 төгрөгийн зардал гарсан. Иймд нотариатын зардал 104 500 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Н.Ариунаа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөрманай компани 46 672 630 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаас танай харилцан хамаарал бүхий компани болох “Д П М”ХХК-аас авах авлага 11 828 960 төгрөгийг суутган тооцох хүсэлтэй байх тул хасч өгнө үү гэх гэсэн хүсэлтийг ирүүлсэн.”Д П М”ХХК нь манайхаас тусдаа компани учир бид зөвшөөрөөгүй. Хариуцагч байгууллагаас 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр зохиогчийн хяналтын ажлын эхний төлбөр болох 4 950 000 төгрөгийг манайд шилжүүлсэн. Зохиогчийн хяналтын ажлын гэрээний 2 дахь төлбөр 4 950 000 төгрөгөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2 500 000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр үлдсэн 2 450 000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн интерьерийн зураг төсөл зохиох ID-03/17 тоот гэрээний эхний төлбөр 3 550 000 төгрөгийн хамт шилжүүлсэн. Иймд хариуцагч “ММС П”ХХК-аас нийт 59 534 673 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ММС П”ХХК-ийн төлөөлөгч Ж.Иманмагзам болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах нар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. “А-А”ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ID-10/15 дугаартай интерьерийн зураг төслийн гэрээний зохиогчийн хяналтыг хийхээр 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр болон 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр тус тус барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх тухай 2 гэрээ байгуулсан. Эхний зохиогчийн хяналтын гэрээний төлбөрт 46 200 000 төгрөг, 2 дахь зохиогчийн хяналтын гэрээний төлбөрт гэрээний дагуу 29 700 000 төгрөг, нийт 75 900 000 төгрөг төлөх үүрэг хүлээснээс 46 544 000 төгрөг төлсөн. Зохиогчийн хяналтын гэрээний хувьд гүйцэтгэгч болох “А-А”ХХК нь өөрсдийн хийж гүйцэтгэсэн зураг төслийн хүрээнд барилгын дотор заслын ажил хийгдэж буй эсэхэд хяналт тавих үүрэг хүлээдэг. Энэхүү хяналтыг 7 хоногт 2 удаа хийж гүйцэтгэн, үүргийнхээ биелэлтийг сар бүрийн 15, 30-ны өдрүүдэд дүгнэх үүрэг хүлээсэн. Мөн хийж гүйцэтгэсэн зохиогчийн хяналтынхаа дүгнэлтийг тухай бүр бичгээр үйлдэж захиалагч болох ММС поларисХХК-д хүргүүлэх үүрэгтэй. Харин “А-А”ХХК нь эдгээр гэрээний үүргүүдээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэж байгаагүй, хяналтын ажлаа зохих ёсоор дүгнүүлж байгаагүй, зохиогчийн хяналтын дүгнэлтээ захиалагчид зохих ёсоор хүргүүлж байгаагүй, зохиогчийн хяналтаа гэрээнд заасны дагуу хангалттай гүйцэтгээгүй зэргээр гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Ийнхүү гүйцэтгэгч нь гэрээний үүргээ зөрчиж, ажлаа зохих ёсоор, чанартай гүйцэтгэхгүй байсан тул “ММС П”ХХК нь зохиогчийн хяналтын гэрээний төлбөрийг төлөхөөс татгалзсан. Гэтэл нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн төлбөрийн тооцооллоос харахад “ММС П”ХХК-аас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ID-10/15 дугаартай зураг төслийн гэрээний төлбөрт шилжүүлж байсан төлбөрийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зохиогчийн хяналтын гэрээний төлбөрт тооцон суутгасан байх бөгөөд өөрөөр хэлбэл бидний төлсөн төлбөрийн зориулалтыг өөрчилж өөрийн гүйцэтгээгүй үүргийнхээ төлбөрт шилжүүлэн тооцож 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зохиогчийн хяналтын гэрээний төлбөрийг бүтэн төлсөн болгож тооцооллоо хийсэн байна. Ийнхүү шилжүүлж тооцсоноор зураг төслийн гэрээний үлдэгдэл ихэсч 17 365 486 төгрөг болсон. ”ММС П”ХХК-ийн хувьд ийнхүү шилжүүлж тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд зохиогчийн хяналтын гэрээний дагуу хийгдээгүй ажлын төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зохиогчийн хяналтын гэрээний төлбөрийн үлдэгдэлд 19 800 000 төгрөг, алдангид 1 306 800 төгрөг нэхэмжилсэн байна. Энэхүү гэрээний хувьд гүйцэтгэгч “А-А”ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор, хугацаанд биелүүлээгүй тул МС поларисХХК нь үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа. Гэрээгээр алдангийн хувийг 0.002 хувиар тохирсон. “ММС П”ХХК нь “А-А”ХХК-ийн гүйцэтгэн хүлээлгэж өгсөн зураг төслийн дагуу барилгын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэсэн боловч барилга ашиглалтад орсны дараа ч засалтай холбоотой алдаа, дутагдал их гарч, дахин засварлах, өөрчлөх асуудлууд их гарч байгаагийн улмаас үйл ажиллагаа доголдох, нэмэлт зардал их гарах зэргээр “ММС П”ХХК-д хохирол учирч байна. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэх болон дансны хуулгаас харахад Азура консалтинг ХХК-ийн нэхэмжлэхийн төлбөрийг бүрэн төлсөн нь харагдаж байна. “ММС П”ХХК нь “А-А”ХХК-ийн холбоотой компани болох ”Д П М”ХХК-аас нийт 14 786 200 төгрөгийн будаг худалдан авахаар 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр захиалга өгч төлбөрт нь 11 828 960 төгрөг төлсөн. Гэтэл “Д П М”ХХК нь бараа хүлээлгэн өгөх хугацаа болох 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөртөө багтаан будгаа нийлүүлээгүй. Талууд 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр интерьерын зураг төслийн ID10/15 тоот гэрээнд өөрчлөлт оруулж, төлбөрийн үлдэгдэл дүнг 52 622 680 төгрөг гэж тооцож, 4 хуваан төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу төлбөрүүдийг дараах байдлаар төлж барагдуулсан. Үүнд: 2016 оны 06 дугаар арын 28-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хооронд 7 удаагийн үйлдлээр нийт 53 969 468 төгрөг төлж, 1 646 782 төгрөгийг илүү төлсөн байна. 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ЗХ/01/17 тоот гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас Пи Си Ди Пи гэх компанитай 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан гэрээгээ нотлох баримтаа хэрэгт өгсөн. Манайх нэхэмжлэгч компанийн хийж гүйцэтгэсэн зургийн дагуу хийж байгаа ажилд хяналт тавиулахаар тухайн байгууллагын чанар гүйцэтгэлд нь итгэж гэрээ байгуулсан. Энэ ажлын гүйцэтгэлийн гэрээ нь НӨАТ орж тооцоод 27 700 000 төгрөг болж байгаа. Гэтэл Пи Си Ди Пи компанитай байгуулсан гэрээний үнийн дүн нь 5 650 000 төгрөг бөгөөд уг компани нь манайд уг ажлыг огт хүлээлгэж өгөөгүй. Хавтаст хэрэгт авагдсан хяналтын ажлын тайлан гэх баримтад талуудын хооронд байгуулагдсан ямар ч баримт, гарын үсэг байхгүй, хүлээлгэж өгсөн баримтгүй байгаа. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээгээр 3 сарын хугацаанд нийт 35 удаа явцын хяналт хийхээр тохиролцсон боловч 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 7 хоногт 3 удаа буюу нийт 27 удаа, 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд 7 хоногт 2 удаа буюу 8 удаа, нийт 35 удаагийн зохиогчийн хяналт хийх болгонд акт үйлдэж, талууд оролцож зөрчил дутагдлаа тогтоож явах, гэрээний 3.3, 5.1-д заасныг биелүүлээгүй. Тэгэхээр зохиогчийн хяналт хийх гэрээ нь эхнээсээ хэрэгжээгүй, түүнчлэн байгуулагдсан гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр интерьерийн зураг төслийн ID-03/17 тоот гэрээгээр нэхэмжлэгч тал 3 үе шаттайгаар ажлаа гүйцэтгэх ёстой байсан. Гэвч манайд гэрээний дагуу тодорхой саналууд ирсэн боловч эцэслэн зургаа хэн ч батлаагүй. Энэ зургийг өнөөдрийг хүртэл хэн ч хүлээлгэж өгөөгүй учраас төлбөрийг төлөөгүй. Манайх ID10/15 тоот гэрээний төлбөрийг л төлж байснаас бусад гэрээний төлбөрийг төлөөгүй. Тэгэхээр зохиогчийн хяналтын гэрээ болон сүүлд дурдагдсан 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ID-03/17 тоот гэрээнүүдийн төлбөрийг огт төлөөгүй. Манайх 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ID-10/15 тоот гэрээний зүйлийг авснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг гэрээний төлбөрөө төлсөн. Энэхүү гэрээний төлбөрт төлсөн төлбөрийг бусад гэрээнүүдэд хуваарилж бичилт хийгээд урьдчилан төлж байсан гэх зэрэг үндэслэлгүй тайлбар гаргаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Зохиогчийн хяналтын гэрээний хувьд нэхэмжлэгч тал манайд ажлаа хүлээлгэж өгөөгүй, иймд ажлаа хийсэн гэж үзэхгүй. 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн интерьерын зураг төслийн гэрээний дагуу талуудын хооронд дотор зураг төслийн талаар саналууд явагдаад манайхыг төлбөрөө төлөхийг шаардсан. Бид нар өмнөх асуудлууд маргаантай байсан учраас татгалзсан. Мөн бид ямар ч урьдчилгаа төлбөр төлөөгүй. Азура консалтинг ХХК-тай холбоотой гэрэлтүүлэг нийлүүлэх гэрээг байгуулж, бидний захиалсан гэрэлтүүлгийг хүлээлгэн өгсөн. Манайд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл ирүүлж 6 544 евро 02 цент нэхэмжилснийг манайх Хаан банкнаас Худалдаа хөгжлийн банк руу төгрөгөөр тооцон 17 745 085 төгрөгийг шилжүүлсэн. Захиалгын гэрээний хувьд бид нар НӨАТ-тэй дүн төлсөн. Гэтэл гэнэт талуудын хооронд тохиролцоогүй гааль, тээврийн зардал гэх 3 971 144.19 мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талаас нотлох баримт бүрдүүлсэнтэй холбоотойгоор 104 500 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтууд нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй баримтууд тул уг шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/01501 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ММС П”ХХК-аас 18 154 827 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А-А”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41 379 846 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570 120 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “ММС П”ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 248 724 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А-А”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 390 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/01501 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын ...18 154 827 төгрөг гэснийг ...46 672 630 төгрөг гэж, шийдвэрийн 2 дахь заалтын ..248 724 төгрөг гэснийг ...389 813 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “А-А”ХХК-ийн төлсөн 570 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Ариунаа хяналтын гомдолдоо: Магадлалыг хариуцагч нь дараах үндэслэлүүдээр үл хүлээн зөвшөөрч, хянуулах тухай гомдлыг гаргаж байна.Үүнд: давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлэхдээ журмын дагуу үнэлээгүйн улмаас хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байх тул хянуулах хүсэлтэй байна. Үүнд: 1. Талуудын хооронд 2017 оны 1 сарын 25 өдөр ЗХ/01/07 дугаартай “Барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх гэрээ”-г байгуулсан бөгөөд анхан шатны шүүх нь нэхэмжлэгч “Азура Архитектс” ХХК-ийг энэ үүргээ биелүүлээгүй болохыг тогтоож, зохих баримтуудыг хуулийн хүрээнд зөв үнэлсэн. 2. ЗХ/01/07 дугаартай “Барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх гэрээ”-д хийгдэх ажил, гүйцэтгэх давтамж, хугацаа, оролцогч, хяналт тавих хэлбэр зэргийг тодорхойлсон бөгөөд дараах хуваарийн дагуу хийхээр тусгасан. – 2017 оны 1 сарын 23 өдрөөс 2017 оны 3 сарын 24 өдрийг хүртэлх хугацаанд 7 хоногт 3 удаа буюу нийт 27 удаа (9 долоо хоног) хяналт хийх, - 2017 оны 3 сарын 25 өдрөөс 2017 оны 4 сарын 23 өдрийг хүртэл хугацаанд 7 хоногт 2 удаа буюу нийт 8 удаа хяналт хийх үүргийг нэхэмжлэгч тал хүлээсэн. - Хяналт хийсэн тухай бүр оролцогч талуудыг оролцуулан акт үйлдэж гарын үсэг зуруулан баталгаажуулахаар гэрээнд заасан. - Мөн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтээ сар бүрийн 15 болон 30 өдөр хамтран дүгнэж байх үүргийг хүлээсэн. (Нийт 8 удаагийн дүгнэлт хийгдэх естой.) Дээрх үүргүүдийг нэгтгэн дүгнэвэл Зохиогчийн хяналтыг нийт 35 удаа хийж, тухай бүр хийсэн болон хийгдэх ажлын талаар актын бичгээр үйлдэх, Гэрээний биелэлтийг нийт 8 удаа дүгнэн хэлэлцсэн дүгнэлт зэргээ тухай бүр нь Захиалагчид хүргүүлэх буюу нийт 43 удаагийн дүгнэлт, протокол үйлдэгдэн, хяналт тавих ёстой үүргийг хүлээсэн. Нэхэмжлэгчээс хяналтын ажлыг хийж гүйцэтгэсэн тухай хэзээ, хаана үйлдэгдсэн нь тодорхойгүй, Захиалагчийн төлөөллийг оролцуулалгүй хийгдсэн ажиллагаа эсэх, оролцсон ч гарын үсэг зурахаас татгалзсан эсэх нь тодорхойгүй баримтуудыг шүүхэд ирүүлснийг Давж заалдах шатны шүүхээс үнэлэхдээ хэт нэг талыг барин хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Захиалагч талын Ерөнхий инженер Д.Бумдарь нь барилгын ажлыг хариуцан ажиллаж байсан гол хүн бөгөөд өдөр тутам барилгын талбай дээр ажиллаж байсан тул тухай бүр нь хяналтын ажиллагаанд оролцох бүрэн боломжтой бөгөөд гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан байхад тухайн шүүхэд ирүүлсэн Нэгээс бусад баримтууд нь Захиалагч талын төлөөллийн гарын үсэггүй байгаа нь ажиллагааг бодитоор явагдсан эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна. “ПИ СИ ДИ ПИ” ХХК-ийн төслийн менежер М.Энхтайваны гаргасан гэх хэзээ үйлдэгдсэн нь тодорхойгүй, захиалагчид хүлээлгэж өгсөн баримтгүй, үүнийгээ нотолж чадаагүй, интерьерын ажлын зургийн хяналтын тайлангийн нэгтгэл гэсэн бичиг баримт, энэхүү нэгтгэлтэй салшгүй холбоотой байх ёстой нийт 43 баримт үйлдэгдэх атал нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 10 баримт (Захиалагчийн төлөөллийн гарын үсэггүй 9 ширхэг баримтууд)-уудыг тус хэрэгт ач холбогдолтой нотлох баримтад үнэлэн давж заалдах шатны шүүх үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь “...Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх...” хуулийн шаардлагыг зөрчсөн үйлдэл болжээ гэж дүгнэж байна. Учир нь хяналт тавьсан тухай бүр нь хийгдсэн ажил, илэрсэн зөрчил зэргийг тогтоон, фото зургаар баримтжуулж, цаашид авах арга хэмжээ зэргийг ажиллагаанд оролцогчид зөвлөлдөн энэ талаараа тэмдэглэл үйлдэн, тухайн тэмдэглэлд оролцогсод гарын үсэг зуран баталгаажуулах ёстой бөгөөд дараагийн удаад өмнөх үүссэн алдаа дутагдал, зөрчлийг арилгасан байдалтай биечлэн танилцаж, баримтжуулан сар болгоны 15 болон 30 өдөр захиалагчид хүргүүлэх тайланд хавсаргах ёстой байтал энэ үүргээ огт биелүүлээгүй, захиалагчид дээрх баримтуудаа хүргүүлж байсан эсэх талаарх баримтуудаа шүүхэд гаргаж өгөөгүй нь гэрээгээр хүлээсэн ажлаа хийж гүйцэтгээгүйг нотолж байна. Мөн гэрчээс энэхүү ажлаа бүрэн гүйцэт хийж гүйцэтгээгүй талаар мэдүүлсээр байтал ажлыг бүрэн гүйцэт биелүүлсэн хэмээн үнэлж, нэхэмжлэгчийн шаардсан ажлын хөлсийг олгуулахаар шийдвэрлэж байгаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 болон 343.3 дахь хэсэг. 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсгийг заасныг тус тус зөрчиж байгаад гомдолтой байна. Түүнчлэн 2017 оны 12 сарын 22 өдөр “А-А”” ХХК-д хүргүүлсэн албан бичиг нь төлбөрийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулгагүй бөгөөд талуудын хооронд үүсээд буй өглөг авлагыг шийдвэрлэх зорилгоор Тухайн компаний хамаарал бүхий байгууллагатай үүссэн төлбөрөөс суутгал хийхийг хүссэн хариу бичиг юм. Талуудын хооронд ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор үүссэн өглөг авлагыг тооцоо нийлүүлж тулгасан асуудал огт байхгүй байхад албан бичигт дурдсан үнийн дүнгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэлийг хангасан үндэслэл нь гэрээ тус бүрийн ажлыг гүйцэтгэлийг тооцох, түүнд нийцүүлэн ажлын хөлс төлөх тухай Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дах хэсэгтэй зөрчилдөж байна. 9. Талуудын хооронд 2017 оны 02 сарын 16 өдөр байгуулсан ID-03/17 тоот гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагч руу илгээсэн интерьер, дизайны зургийг урьдчилсан төсөлд санал авахаар хүргүүлсэн цахим шууданг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаа бүрэн хийсэнд тооцон нэхэмжлэлийг хангаж буй нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгтэй зөрчилдөж байгааг анхаарч үзсэнгүй. Анхан шатны шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт зэргийг зохих ёсоор үнэлэн, холбогдох хуулийн заалтуудын зөв хэрэглэж хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэн хариуцагчийн зүгээс энэхүү шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “А-А”ХХК нь хариуцагч “ММС П”ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 55 459 029 төгрөг, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3 971 144 төгрөг, хохирол 104 500 төгрөг нийт 59 543 673 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 18 154 827 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад, хариуцагчаас 46 672 630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд маргааны үйл баримтыг дүгнэсэн, Иргэний  хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болох гэрээний төрлийг зөв тодорхойлсон байх ба Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан зохицуулалтын дагуу давж заалдах шатны шүүх гэрээгээр хүлээсэн хариуцагчийн үүргийн хэмжээг үндэслэлтэй тогтоож, нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийг зөрчөөгүй байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 13-ны гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээ, 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх гэрээ, 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн ibis Styles зочид буудлын 13 давхрын лоунж баарны интерьер, дизайны зураг боловсруулах гэрээ тус тус хүчин төгөлдөр тул гэрээний талууд үүргээ биелүүлэх ёстой байна.

Ажил дүгнэсэн акт, цахим хэлбэрээр ажлын гүйцэтгэлийг шилжүүлсэн байдал, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтаас гадна 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “ММС П”ХХК нь “А-А”ХХК-д хандан “ Манай компаниудын хооронд байгуулсан гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр 46 672 630.57 төгрөг байгаа, танай харилцан хамаарал бүхий компани болох “Д П М”ХХК-аас манай компанийн авах авлага болох 11 828 960 төгрөгийн авлагыг гэрээний үлдэгдэл төлбөрийн дүнгээс шилжүүлж суутган тооцож өгнө үү.” гэсэн албан бичгийг хүргүүлсэн баримтаас дүгнэвэл /2х-109/ ажил гүйцэтгэгч “А-А”ХХК ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, хариуцагч “ММС П”ХХК хөлс төлөх үүрэгтэй болох нь тогтоогдсон, маргааны үйл баримтын талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад тулгуурлажээ.

Мөн анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээний дагуу үүссэн нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан зохицуулалтыг хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулсан нь үндэслэлтэй болжээ. Магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдол үндэслэл муутай байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 390 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмгэлдтийн хураамж 300 540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА