Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1501

 

 

 

 

 

      2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2018/01501

                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 116 тоотод байрлах “А”ХХК /РД: /-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нандинцэцэгийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-81, өөрийн байранд байрлах “М”ХХК /РД: /-нд холбогдох

            худалдах-худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 59.534.673 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Зулбаяр, Т.Нандинцэцэг, хариуцагчийн төлөөлөгч А.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч “А”ХХК-ийн төлөөлөгч Т.Нандинцэцэг шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: “А” ХХК нь анх “М” ХХК-тай ажил гүйцэтгэх 3 гэрээний  үлдэгдэл төлбөр болон гэрэл нийлүүлсний төлбөрт нийт 50.747.430 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан интерьер зураг төслийн ID 10/15 дугаартай гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алданги 8.682.743 төгрөг болон гэрээгээр гүйцэтгэсэн ажлуудыг хүлээлгэн өгсөн актуудыг нотариатаар гэрчлүүлсэн  зардал 104.500  төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг дэмжиж, нийт 59.534.673 төгрөгийг дараах үндэслэлээр хариуцагч “М”ХХК-иас шаардаж байна.  Нэгдүгээрт, зохигчдын хооронд 2017.02.16-ны өдөр Интерьерийн зураг төслийн ажил гүйцэтгэх ID-03/17 тоот гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээний дагуу манай компаниас Ibis Styles зочид буудлын 2731.78 м.кв талбай бүхий барилгын тухайлсан хэсгүүдийн интерьер дизайны зургийг зурж өгөх үүрэг хүлээсэн. Гэрээний дагуу манай компаниас дотор зохион байгуулалтын зураг, концепцийн зураг төсөл, ажлын зургийг хүлээлгэн өгсөн. Зураг төслийн ажлын хөлс 160.000.000 төгрөг гэж тохиролцсон боловч талууд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрээний төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулж, НӨАТ-тай дүнгээр 57.884.950 төгрөгийг 4 хувааж авахаар тохиролцсон. Эхний 3 удаагийн төлбөрийг  хариуцагч тал төлсөн, харин 4 дэх удаагийн төлбөр буюу 17.365.486 төгрөгийг төлөөгүй. Энэхүү үүргээ гүйцэтгээгүй 516 хоног хугацаа хэтрүүлсэн байх тул алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 50 хувиар тооцон алдангид 8.682.743 төгрөг, нийт 26.048.229 төгрөгийг нэхэмжилж байна. Хоёрдугаарт, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зохигчдын хооронд барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ЗХ/01/17 тоот гэрээ байгуулагдаж, манай компани хариуцагч байгууллагын барьж буй барилгын дотор заслын ажлыг гүйцэтгэх явцад зохиогчийн хяналтын ажлыг 3 сарын хугацаанд гүйцэтгэж, хариуцагч “М”ХХК-иас гэрээний төлбөрт нийт 27.000.000 төгрөгийг 4 хуваан авахаар тохиролцсон. Гэвч хариуцагч байгууллага нь эхний 2 удаагийн төлбөрийг төлсөн боловч сүүлийн 2 удаагийн төлбөр буюу үлдэгдэл 19.800.000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй. Манайх уг ажлыг туслан гүйцэтгэгчийн хамт хийж гүйцэтгэсэн. Туслан гүйцэтгэгч авсан нь хууль зөрчсөн асуудал байхгүй. Зохиогчийн хяналтын ажлыг эхлээд 7 хоногт 3 удаа очиж хийж байгаад дараа нь 2 удаа очих гэрээтэй боловч манай зүгээс өдөр болгон очдог байсан. Ингээд зохиогчийн хяналтын ажлаа хийж дуусгаад интерьерийн ажлын зургийн хяналтын тайланг гаргаж хариуцагч байгууллагад хүлээлгэн өгсөн учир үлдэгдэл төлбөр 19.800.000 төгрөгт  гэрээний 5.2-т зааснаар хоног тутамд 0.02 хувийн алданги тооцож, алданги 1.306.800 төгрөгийн хамт 21.106.800 төгрөгийг нэхэмжилж байна. Гуравдугаарт, Зохигчдын хооронд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр интерьерийн зураг төслийн ажил гүйцэтгэх ID-03/17 тоот гэрээ байгуулагдаж, манай компаниас Ibis Styles зочид буудлын 13 давхрын интерьерийн зураг төслийн ажлыг гүйцэтгэж, хариуцагч М ХХК-иас 12.980.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч байгууллага эхний удаагийн төлбөрийг бүрэн төлөөд 2 дахь төлбөр буюу 5.192.000 төгрөгийг төлөөгүй. Манай уг ажлын хүрээнд эхний 2 ажил буюу дотор зохион байгуулалтын болон концепцийн зураг төслийг хийж гүйцэтгэсэн бөгөөд захиалагчаас үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул  дараагийн ажлыг гүйцэтгээгүй. Учир нь хариуцагч тал 2 дахь төлбөрөө төлөөгүй тул бид гэрээнд зааснаар дараагийн ажлаа эхлэхгүй байх эрхтэй. Иймд ажлын хөлсний үлдэгдэл 5.536.000 төгрөгт гэрээний 3.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алдангийг 50 хувиар тооцож, алданги 2.768.000 төгрөгийн хамт, нийт 8.304.000 төгрөгийг нэхэмжилж байна. Дөрөвдүгээрт, хариуцагч М ХХК нь Азура консалтинг ХХК-иар iGuzzini брэндийн гэрэлтүүлгүүдийг захиалан авчруулж худалдан авсан бөгөөд уг гэрлийнхээ үнийг төлсөн боловч гэрэлтүүлгийн авчирахад зарцуулсан гааль, тээврийн зардлаа төлөөгүй. Азура консалтинг ХХК нь “А”ХХК-нд энэхүү төлбөрийг шүүхийн журмаар гаргуулан авах итгэмжлэлийг манай компанид олгосон. Энэхүү зардлын нэхэмжлэлийг хариуцагч байгууллагад тухайн үед явуулсан боловч төлөөгүй. Иймд худалдан авагч нь өөрийнхөө авчируулсан бараа, бүтээгдэхүүний гааль, тээврийн зардлыг төлөөгүй учир 3.971.144 төгрөгийг нэхэмжилж байна. Тавдугаарт, хариуцагч “М”ХХК нь бидэнтэй байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөрүүдийг төлөлгүй манай компанид хохирол учруулж, улмаар манай компани шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор гүйцэтгэсэн ажлуудыг тухай бүрт нь хүлээлцэх акт үйлдсэнийг нотариатаар гэрчлүүлэн гаргаж өгөхөд 104.500 төгрөгийн зардал гарсан. Хэрэв хариуцагч гэрээний үүргээ биелүүлж байсан бол  манай компани ийнхүү  зардал чирэгдэл гаргахгүй байсан. Иймд нотариатын зардал 104.500 төгрөгийг нэхэмжилж байна. Бид шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө хариуцагч байгууллагад боломж олгон албан мэдэгдэл хүргүүлэхэд хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Н.Ариунаа гэх хүн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай компанид манай компани 46.672.630 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаас танай харилцан хамаарал бүхий компани болох Данило  пейнтинг монгол ХХК-иас авах авлага 11.828.960 төгрөгийг суутган тооцох хүсэлтэй байх тул хасч өгнө гэж гэсэн хүсэлт ирүүлсэн. Данило  пейнтинг монгол ХХК нь манайхаас тусдаа компани учир бид зөвшөөрөөгүй. Хариуцагч байгууллага манай байгууллагаас гаргасан нэхэмжлэхийн дагуу төлбөрөө төлөөд байсан учир аль гэрээний төлбөр төлсөн гэдгийг мэдэх боломжтой. Хариуцагч талаас 6 хуудас мөнгө шилжүүлсэн баримт гаргаж өгсөн нь манай талаас гаргаж өгсөн баримттай таарч байгаа. Хариуцагч тал манайхыг зохиогчийн хяналтын ажлаа хийгээгүй гэж үзэж байгаа юм бол яагаад гэрээний дагуу төлбөрөө төлсөн байх вэ. Хариуцагч байгууллагаас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зохиогчийн хяналтын ажлын эхний төлбөр болох 4.950.000 төгрөгийг манайд шилжүүлсэн. Зохиогчийн хяналтын ажлын гэрээний 2 дахь төлбөр бас 4.950.000 төгрөг байснаас 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 2.450.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн  интерьерийн зураг төсөл зохиох ID-03/17 тоот гэрээний эхний төлбөр 3.550.000 төгрөгийн хамт шилжүүлсэн. Манайх хариуцагч М  ХХК-тай байгуулсан гэрээнүүдийн төлбөрийг нэхэмжлэхийн дагуу ялгаж салгаад нэхэмжилсэн. Иймд хариуцагч М  ХХК-иас нийт 59.534.673 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Иманмагзам шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: “А”ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ID-10/15 дугаартай IBIS Styles зочид буудлын  интерьерийн  зураг төслийн гэрээний төлбөрт  17.365.486 төгрөг, алданги 8.682.743 төгрөгийг, тус интерьерийн зураг төслийн гэрээний  зохиогчийн хяналтын гэрээ болох 2017 оны 01 дүгээр сарын 25-ны  өдрийн ЗХ/01/17 дугаартай гэрээний төлбөрт 19.800.000 төгрөг, алдангил 1.306.800 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 16-ны  өдрийн ID-03/17 дугаартай интерьрийн зураг төслийн гэрээний төлбөрт 5.536.000 төгрөг, алдангид 2.768.000 төгрөгийг тус тус, нийт 55.459.029 төгрөг, Азура консалтинг ХХК-иас нийлүүлсэн  гэрлийн үлдэгдэл төлбөрт 3.971.144 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг “М”ХХК нь дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. А ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ID-10/15 дугаартай интерьерийн  зураг төслийн гэрээний зохиогчийн хяналтыг хийхээр 2016 оны 06 дугаар сарын 08 болон 2017 оны 01 дүгээр сарын 25-нд тус тус барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх тухай 2 гэрээг байгуулсан. Эхний зохиогчийн хяналтын гэрээний төлбөрт гэрээний дагуу 46.200.000 төгрөг, 2 дахь зохиогчийн хяналтын гэрээний төлбөрт гэрээний дагуу 29.700.000 төгрөг, нийт 75.900.000 төгрөг төлөх үүрэг хүлээснээс 46.544.000 төгрөгийн  төлбөрийг “М”ХХК төлсөн. Зохиогчийн хяналтын гэрээний хувьд гүйцэтгэгч болох “А”ХХК нь өөрсдийн хийж гүйцэтгэсэн  зураг төслийн хүрээнд барилгын дотор заслын ажил хийгдэж буй эсэхэд хяналт тавих үүрэг хүлээдэг. Энэхүү хяналтыг 7 хоногт 2 удаа хийж гүйцэтгэн, үүргийнхээ биелэлтийг сар бүрийн 15, 30-ны өдрүүдэд дүгнэх үүрэг хүлээсэн. Мөн хийж гүйцэтгэсэн зохиогчийн хяналтынхаа дүгнэлтийг тухай бүр бичгээр үйлдэж захиалагч болох “М”ХХК-д хүргүүлэх үүрэгтэй. Харин “А”ХХК нь эдгээр гэрээний үүргүүдээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэж байгаагүй, хяналтын ажлаа зохих ёсоор дүгнүүлж байгаагүй, зохиогчийн хяналтын дүгнэлтээ захиалагчид зохих ёсоор хүргүүлж байгаагүй, зохиогчийн хяналтаа гэрээнд заасны дагуу хангалттай гүйцэтгээгүй зэргээр гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Ийнхүү гүйцэтгэгч нь гэрээний үүргээ зөрчиж, ажлаа зохих ёсоор, чанартай гүйцэтгэхгүй байсан тул “М”ХХК нь зохиогчийн хяналтын гэрээний төлбөрийг төлөхөөс татгалзсан. Гэтэл нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн төлбөрийн тооцооллоос харахад “М”ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ID-10/15 дугаартай зураг төслийн гэрээний төлбөрт шилжүүлж байсан төлбөрийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зохиогчийн хяналтын гэрээний төлбөрт тооцон суутгасан байх бөгөөд өөрөөр хэлбэл бидний төлсөн төлбөрийн зориулалтыг өөрчилж өөрийн гүйцэтгээгүй үүргийнхээ төлбөрт шилжүүлэн тооцож 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зохиогчийн хяналтын  гэрээний төлбөрийг бүтэн төлсөн болгож тооцооллоо хийсэн байна. Ийнхүү шилжүүлж тооцсоноор зураг төслийн гэрээний үлдэгдэл ихэсч 17.365.486 төгрөг болсон байна. “М”ХХК-ийн хувьд ийнхүү шилжүүлж тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд зохиогчийн хяналтын гэрээний дагуу хийгдээгүй  ажлын төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зохиогчийн хяналтын гэрээний төлбөрийн үлдэгдэлд 19.800.000 төгрөг, алдангид 1.306.800 төгрөг нэхэмжилсэн байна. Энэхүү гэрээний хувьд гүйцэтгэгч “А”ХХК нь мөн гэрээний үүргээ зохих ёсоор, хугацаанд биелүүлээгүй тул “М”ХХК нь үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа. Мөн гэрээний алдангийг 0.02 хувиар тооцсон байна. Харин гэрээгээр алдангийн хувийг 0.002 хувирар тохирсон байгаа. “М”ХХК нь “А”ХХК-ийн гүйцэтгэн хүлээлгэж өгсөн зураг төслийн дагуу барилгын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэсэн боловч барилга ашиглалтанд орсоны дараа ч засалтай холбоотой алдаа, дутагдал их гарч, дахин засварлах, өөрчлөх асуудлууд их гарч байгаагийн улмаас үйл ажиллагаа доголдох, нэмэлт зардал их гарах зэргээр “М”ХХК-д хохирол учирч байна. Эдгээр нь “А”ХХК-ийн зураг төслийн болон зохиогчийн хяналтын ажлын гүйцэтгэлээс шууд хамааралтай үүсч байгаа асуудлууд юм. “Азура консалтинг”ХХК нь “А”ХХК-д итгэмжлэл олгосны дагуу “М”ХХК-иас 3.971.144 төгрөгийг нэхэмжилжээ. “М”ХХК-ийн хувьд “Азура консалтинг”ХХК-д төлөх ямар нэгэн төлбөрийн үлдэгдэл, өглөг байхгүй. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэх болон дансны хуулгаас харахад “Азура консалтинг”ХХК-ийн нэхэмжлэхийн төлбөрийг бүрэн төлсөн нь харагдаж байна. “М”ХХК нь “А”ХХК-ийн холбоотой компани болох “Данило Пейнтинг монгол”ХХК-иас нийт 14.786.200 төгрөгийн будаг худалдан авахар 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр захиалга өгч төлбөрт нь 11.828.960 төгрөг төлсөн. Тухайн захиалсан будгуудыг “М”ХХК нь IBIS Styles зочид буудлын дотор засалд ашиглах байсан. Гэтэл “Данило Пейнтинг монгол”ХХК нь бараа хүлээлгэн өгөх хугацаа болох 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөртөө багтаан будгаа нийлүүлээгүй бөгөөд зочид буудлыг ашиглалтанд оруулах хугацаа тулсан байсан учир “М”ХХК Япон улсаас үнэтэй ханын цаас өндөр зардлаар худалдан авч зочид буудлын дотор засалд хэрэглэсэн. Ийнхүү “А”ХХК-ийн холбоотой компани болох “Данило Пейнтинг монгол”ХХК нь “М”ХХК-д ноцто хохирол учруулсан, мөн нийлүүлээгүй будагныхаа мөнгийг буцааж төлөөгүй байгаа учраас “М”ХХК нь “А”ХХК-ийн гэрээний төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа болно гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Мандах шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн интерьерын зураг төслийн ID10/15 тоот гэрээний хувьд хариуцагчийн хувьд төлбөрөө бүрэн барагдуулсан гэж үзэж байгаа. Талууд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр интерьерын зураг төслийн ID10/15 тоот гэрээнд өөрчлөлт оруулж, төлбөрийн үлдэгдэл дүнг 52.622.680 төгрөг гэж тооцож, 4 хуваан төлөхөөр  тохиролцсон. Үүний дагуу төлбөрүүдийг дараах байдлаар төлж барагдуулсан. Үүнд: 2016 оны 06 дугаар арын 28-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хооронд 7 удаагийн үйлдлээр нийт 53.969.468 мөнгийг төлсөн. Тэгэхээр талуудын харилцсан тохиролцсон үнэ болох 52.622.680 төгрөгөөс 1.646.782 төгрөгийг илүү төлсөн байна. Иймд энэхүү гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн учраас тус гэрээний дагуу шаардаж байгаа шаардлага нь үндэслэлгүй. Мөн нэмэгдүүлэн нэхэмжилж байгаа алданги  8.682.743 төгрөгийг үндэслэлгүй гэж байна. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ЗХ/01/17 тоот гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас Пи Си Ди Пи гэх компанитай 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан гэрээгээ нотлох баримтаа хэрэгт өгсөн. Үүнээс өмнө барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх гэрээг бид нар мэдээгүй байсан. Манайх нэхэмжлэгч компанийн хийж гүйцэтгэсэн зургынх нь дагуу хийж байгаа ажилд хяналт тавиулахаар тухайн байгууллагын чанар гүйцэтгэлд нь итгэж гэрээ байгуулсан. Энэ ажлын гүйцэтгэлийн гэрээ нь НӨАТ орж тооцоод 27.700.000 болж байгаа. Гэтэл Пи Си Ди Пи компанитай байгуулсан гэрээний үнийн дүн нь 5.650.000 төгрөг байгаа. Тэгтэл Иргэний хуулийн 59 дүгээр зүйл болон 202.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөлөө зөрчсөн, ашиг олох зорилготой хийгдсэн гэрээ байна гэж үзэж тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж нэхэмжлэгч талын гаргаж буй шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Түүнчлэн уг ажиллагаанд өөрсдөө оролцоогүй нь дараах байдлаар тогтоогдоно. Пи Си Ди Пи гэх компани нь манайд уг ажлыг огт хүлээлгэж өгөөгүй. Хавтаст хэрэгт авагдсан хяналтын ажлын тайлан гэх баримтад талуудын хооронд байгуулагдсан ямар ч баримт байхгүй, гарын үсэг байхгүй, хүлээлгэж өгсөн баримт байхгүй байгаа. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээгээр 3 сарын хугацаанд нийт 35 удаа явцын хяналт хийхээр тохиролцсон боловч 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 7 хоногт 3 удаа буюу нийт 27 удаа, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд 7 хоногт 2 удаа буюу 8 удаа, нийт 35 удаагийн зохиогчийн хяналт хийх болгонд акт үйлдэж, талууд оролцож зөрчил дутагдлаа тогтоож явах,  гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар зохиогчийн хяналтын дүгнэлтийг бичгээр үйлдэж захиалагч гүйцэтгэгчид албан ёсоор хүргүүлнэ, мөн тухайн гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг сар болгоны 15, 30-нд хамтран гүйцэтгэнэ гэснийг биелүүлээгүй. Тэгэхээр зохиогчийн хяналт хийх гэрээ нь эхнээсээ хэрэгжээгүй, түүнчлэн байгуулагдсан гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр интерьерын зураг төслийн ID-03/17 тоот гэрээгээр нэхэмжлэгч тал 3 үе шаттайгаар ажлаа гүйцэтгэх ёстой байсан. Гэвч манайд гэрээний дагуу тодорхой саналууд ирсэн боловч эцэслэн зургаа хэн ч батлаагүй. Энэ зургийг өнөөдрийг хүртэл хэн ч хүлээлгэж өгөөгүй учраас төлбөрийг төлөөгүй. Нэхэмжлэгч бид нараас авсан төлбөрөө өөрт ашигтай байдлаар хувиарлаж шинээр хийсэн байна. Манайх ID10/15 тоот гэрээний төлбөрийг л төлж байснаас бусад гэрээний төлбөрийг төлөөгүй. Тэгэхээр зохиогчийн хяналтын гэрээ болон сүүлд дурдагдсан 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ID-03/17 тоот гэрээнүүдийн төлбөрийг бид нар огт төлөөгүй. Манайх 2015 оны 11 дүгээр сарын 13-нгы өдрийн ID-10/15 тоот гэрээний зүйлийг хүлээж авснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг гэрээний төлбөрөө төлсөн. Энэхүү гэрээний төлбөрт төлсөн төлбөрийг бусад гэрээнүүдэд хувиарлаж бичилт хийгээд урьдчилан төлж байсан гэх зэрэг үндэслэлгүй тайлбар гаргаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Зохиогчийн хяналтын гэрээний хувьд нэхэмжлэгч тал манайд ажлаа хүлээлгэж өгөөгүй, иймд ажлаа хийсэн гэж үзэхгүй. 2017 оны 02 дугаар сарын 16-ны  өдрийн интерьерын зураг төслийн гэрээний дагуу талуудын хооронд дотор зураг төслийн талаар саналууд явагдаад манайхыг төлбөрөө төлөхийг шаардсан. Бид нар өмнөх асуудлууд маргаантай байсан учраас татгалзсан. Мөн бид ямар ч урьдчилгаа төлбөр төлөөгүй. Тэгэхээр гаргаж буй шаардлага нь үндэслэлгүй учраас төлөх ёсгүй гэж үзэж байгаа. Манай компани Азура консалтинг ХХК-тай холбоотой гэрэлтүүлэг нийлүүлэх гэрээг байгуулж, бидний захиалсан гэрэлтүүлгийг хүлээлгэн өгсөн. Манайд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл ирүүлж 6,544 евро 02 центыг нэхэмжилсэнийг манайх Хаан банкнаас Худалдаа хөгжлийн банк руу төгрөгөөр тооцон 17.745.085 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэхэд дурдсан мөнгийг шилжүүлсэн. Захиалгын гэрээний хувьд бид нар НӨАТ-тэй дүн төлсөн байгаа. НӨАТ-тэй дүн гэдэг нь нэмэн өртөгийн бүтээгдэхүүн учраас гааль тээврийн зардлыг тухайн компани хариуцах ёстой гэж бид үзэж байгаа. Талуудын хооронд бичгээр байгуулсан ямарваа нэгэн гэрээ хэлцэл байхгүй. Гэтэл гэнэт талуудын хооронд тохиролцоогүй гааль, тээврийн зардал гэх 3.971.144.19 мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талаас нотлох баримт бүрдүүлсэнтэй холбоотойгоор 104.500 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтууд нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй баримтууд байна. Жишээ нь 1-130 хүртлэх хуудас баримт нь энэ гэрээ маргаанд хамааралгүй буюу БА01/16 дугаартай тусдаа өөр гэрээний материалуудыг хэрэгт хавсрагсан байгаа. Эдгээр баримтууд нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй. Тэгэхээр 104.500 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тогтоогдохгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “А”ХХК нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “М”ХХК-иас ажил гүйцэтгэх болон худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 50.747.430 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 55.459.029 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3.971.144 төгрөг, нотариатын зардал 104.500 төгрөг, нийт 59.534.673 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 18.154.827 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 41.379.846 төгрөгийн төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэрлэлээ.

 

            2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн интерьерийн зураг төслийн ID-10/15 тоот гэрээний үүрэгт 26.048.229 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

            Зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр интерьерийн зураг төслийн ID-10/15 тоот гэрээ байгуулагдаж,  нэхэмжлэгч “А”ХХК нь хариуцагч байгууллагын Ibis Styles зочид буудлын 2731.78 м.кв талбай бүхий тухайлсан хэсгүүдийн интерьер дизайны зургийг хийж гүйцэтгэх, хариуцагч “М”ХХК нь ажлын хөлсөнд 160.000.000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байна.

            Талууд 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Ibis Styles зочид буудлын 1402.89 м.кв талбай бүхий тухайлсан хэсгүүдийн дотор зохион байгуулалтын зургийг 7.000.000 төгрөгөөр нэмж гүйцэтгэхээр тохиролцож, дээрх гэрээнд нэмэлт оруулжээ.

            Дээрх интерьерийн зураг төслийн гэрээ болон нэмэлт гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх ба  гэрээний гол болон ердийн нөхцлүүд, хөлс төлөх хугацаа зэрэгт дүгнэлт хийвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байх ба мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар ажил гүйцэтгэгч нь ямар нэг эд зүйл хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

          Нэхэмжлэгч “А”ХХК нь “М”ХХК-нд дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу гэрээний зүйл болох Ibis Styles зочид буудлын барилгын тухайлсан хэсгүүдийн интерьер дизайны, дотор зохион байгуулалтын зургуудийг хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх ба энэ талаар  талууд маргаагүй болно.

            Харин хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн болон дутуу төлсөн эсэх талаар мэтгэлцэж байна.

            Нэхэмжлэгч “А”ХХК нь хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл 17.365.486 төгрөг болон гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алданги 8.682.743 төгрөг, нийт 26.048.229 төгрөгийг шаардаж байх ба харин хариуцагч байгууллага дээрх 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн интерьерийн зураг төслийн ID-10/15 тоот гэрээ болон нэмэлт гэрээний үүргээр хүлээсэн үүргээ бүхэлд нь биелүүлж, гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

Учир нь талууд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр интерьер зураг төслийн ID-10/15 тоот гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээний үлдэгдэл төлбөрийн үнийн дүнг 52.622.686 төгрөгөөр тооцон, дээрх төлбөрийг ажлын гүйцэтгэлээс хамааран 4 хуваан төлж барагдуулахаар тохиролцсон байна.

Нэхэмжлэгч “А”ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хамгийн сүүлийн интерьер дизайны ажлын зургийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн боловч хариуцагч “М”ХХК-иас дээрх гэрээний үүрэгт 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 11.576.990 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 11.516.990 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 7.425.488 төгрөг, нийт 40.519.468 төлж, үлдэгдэл 12.103.218 төгрөгийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч “А”ХХК-иас уг гэрээний дагуу хариуцагч “М”ХХК-ийн гүйцэтгээгүй үүрэгт нэмэгдсэн өртгийн албан татвар орж тооцогдсоноор 17.365.486 төгрөг шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2-т захиалагчийн төлөх төлбөр бүрт гүйцэтгэгч нь нэмүү өртгийн албан татварын тухай Монгол Улсын хуульд нийцэх төлбөрийн нэхэмжлэгийг тухай бүрт нь хүргүүлнэ гэж заасныг хариуцагч “М”ХХК нь “А”ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн ажлын үнийн дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч “А”ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан тохиолдолд борлуулсан ажил, үйлчилгээний үнийн дүнгээс тооцон албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй.

Гэвч нэхэмжлэгч “А”ХХК нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн болох нь тогтоогдохгүй байх тул гүйцэтгэсэн ажилд хуульд заасан хэмжээгээр нэмэгдсэн өртгийн албан татвар тооцон нэхэмжлэх эрхгүй юм.

Хариуцагч “М”ХХК-иас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн 4.950.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн 2.500.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 6.000.000 төгрөг, нийт 13.450.000 төгрөгийг талуудын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан интерьерийн зураг төслийн ID-10/15 тоот гэрээний үүрэгт төлсөн тул гэрээгээр хүлээсэн 52.622.686 төгрөгийн төлбөр төлөх үүрэг биелэгдсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч “М”ХХК-иас дээрх төлбөрүүдийг шилжүүлэхдээ нэхэмжлэгч байгууллагатай байгуулсан аль гэрээний төлбөр шилжүүлсэн болохыг тодорхойлоогүйгээс гадна нэхэмжлэгчтэй 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ЗХ/01/17 тоот  гэрээний 4.3-т зааснаар эхний төлбөр болох 4.500.000 /НӨАТ-гүй/ төгрөгийг гэрээнд гарын үсэг зурсанаас хойш ажлын 3 хоногийн дотор, нэхэмжлэгчтэй 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан интерьерийн зураг төслийн ID-03/17 тоот гэрээний 5.3-т зааснаар эхний төлбөр болох 3.894.000 /НӨАТ-тай/ төгрөгийг гэрээнд гарын үсэг зурсанаас хойш ажлын 3 хоногийн дотор тус тус төлөх үүрэг хүлээсэн байжээ.

Үүний дагуу хариуцагч “М”ХХК-иас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн 4.950.000 төгрөгийг талуудын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ЗХ/01/17 тоот гэрээний эхний төлбөрт, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 6.000.000 төгрөгийн 3.550.000 төгрөгийг талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан интерьерийн зураг төслийн ID-03/17 тоот гэрээний эхний төлбөрт, үлдсэн 2.450.000 төгрөгийг талуудын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ЗХ/01/17 тоот гэрээний төлбөрт  тус тус тооцон авсан нь үндэслэлтэй байна.

Харин хариуцагчаас 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн 2.500.000 төгрөгийг талуудын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ЗХ/01/17 тоот гэрээний төлбөрт тооцон авсан нь үндэслэлгүй бөгөөд захиалагч 2 дахь төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлэх үүрэгтэй байсан.

Гэвч хариуцагч байгууллагаас ийнхүү тооцон авсаныг тухайн үед эсэргүүцээгүй, улмаар 2 дахь төлбөрийн үлдэгдэл 2.450.000 төгрөгийг интерьерийн зураг төслийн ID-03/17 тоот гэрээний эхний төлбөрийн хамт шилжүүлсэн байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн интерьерийн зураг төслийн ID-10/15 тоот гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрийг бусад гэрээний төлбөрт шилжүүлэн тооцсон гэх татгалзал үндэслэлгүй байх тул хариуцагч “М”ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн интерьерийн зураг төслийн ID-10/15 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 12.103.218 төгрөгийг нэхэмжлэгчид “А”ХХК-д төлөх үндэслэлтэй гэж үзэв.

 

            2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ЗХ/01/17 тоот гэрээний үүрэгт 21.106.800 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

            Зохигчдын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ЗХ/01/17 тоот гэрээ байгуулагдаж,   нэхэмжлэгч “А”ХХК нь хариуцагч байгууллагын Ibis Styles зочид буудлын 1 дүгээр давхрын цонх, буудлын лобби, ариун цэврийн өрөө, 6 дугаар давхрын зочид буудлын ресторан, лобби, хурлын өрөөнүүд, 7 дугаар давхрын  зочид буудлын оффис, 8 дугаар давхрын лифт, 2 ширхэг стандарт өрөө, 1 ширхэг сьют өрөө, дотор зохион байгуулалтын 01/16 тоот гэрээний 1402.89 м.кв талбайд, зочид буудлын хэсэгт тус тус барилгын дотор заслын ажлыг гүйцэтгэх явцад зохиогчийн хяналт хийх, хариуцагч “М”ХХК нь ажлын хөлсөнд 27.000.000 +НӨАТ /10%/ төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байна.

            Дээрх барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх ба  гэрээний гол болон ердийн нөхцлүүд, хөлс төлөх хугацаа зэрэгт дүгнэлт хийвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байна.

            Хариуцагч “М”ХХК-иас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 4.950.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2.500.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 6.000.000 төгрөг шилжүүлсний 2.450.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид шилжүүлснийг дээрх гэрээний төлбөрт тооцон авсан нь гэрээний 4.3-т нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “А”ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналтыг хийж, интерьерийн ажлын зургийн хяналтын тайланг хариуцагчид хүлээлгэн өгсөн тул хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл 19.800.000 төгрөг болон гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алданги 1.306.800 төгрөг, нийт 21.106.800 төгрөгийг шаардаж байх ба харин хариуцагч байгууллага дээрх 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ЗХ/01/17 тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус бөгөөд ажлыг хийж гүйцэтгэхэд “Пи Си Ди Пи”ХХК-ийг оролцуулсныг бидэнд мэдэгдээгүй хууран мэхэлсэн, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т заасан стандарт нөхцөлөө зөрчсөн, ашиг олох зорилготой гэрээ байгуулсан байна. Мөн гүйцэтгэсэн ажлын тайлангаа хүлээлгэн өгсөн зүйл байхгүй, 3 сарын хугацаанд нийт 35 удаа явцын хяналт хийхээр тохиролцсон боловч ганц нэг удаа хяналт хийснээс хэтрээгүй. Иймд зохиогчийн хяналт хийх гэрээ нь эхнээсээ хэрэгжээгүй, байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзлын зарим хэсэг үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Учир нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд буюу туслан гүйцэтгэгчийг оролцуулж болох тул нэхэмжлэгч А”ХХК нь хариуцагч “М”ХХК-тай байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ЗХ/01/17 тоот гэрээгээр хүлээсэн ажлыг гүйцэтгэхдээ “Пи Си Ди Пи”ХХК-тай дотор заслын ажлын гүйцэтгэлийн хяналтын гэрээ байгуулж туслан гүйцэтгэгчээр оролцуулсан нь хуульд нийцсэн, талуудын хооронд байгуулсан гэрээг зөрчөөгүй байна.

            Мөн талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан стандарт нөхцөлтэй гэрээ байх ба энэхүү стандарт нөхцөл нь нөгөө талдаа хохиролтой,  Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар  хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн гэх байдал тус тус тогтоогдохгүй байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.

            Харин нэхэмжлэгч “А”ХХК нь гэрээний 1.3-т заасан зохиогчийн хяналтыг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 7 хоногт 3 удаа, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд 7 хоногт 2 удаа хийж гүйцэтгэх үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар биелүүлээгүй байна.

            Нэхэмжлэгч “А”ХХК 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тус тус барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналтын ажлыг гүйцэтгэж, хяналт хийхэд оролцогчид уулзалтын протокол үйлдэн баталгаажуулсан байна.

            Нэхэмжлэгч “А”ХХК-иас 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр, 2017 оны 04 дүгээр сарын 20, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрүүдэд зохиогчийн хяналтын ажил гүйцэтгэсэн гэж талбайн хяналтанд оролцогчдын уулзалтын протоколыг гаргаж  боловч хяналтад оролцогчид гэх хүмүүс гарын үсэг зуран баталгаажуулаагүй байна.

            Түүнчлэн туслан гүйцэтгэгч “Пи Си Ди Пи”ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн интерьерийн ажлын зургийн хяналтын тайлангийн нэгтгэл гэх баримтаас үзэхэд зохиогчийн хяналт гүйцэтгэгч нь нийт 13 удаа зохиогчийн хяналтын ажил гүйцэтгэсэн гэж тайлагнажээ.

            Гэвч энэхүү зохиогчийн хяналт гүйцэтгэсэн ажлын 7 удаагийн ажлыг уулзалтын протокол үйлдэн баталгаажуулснаас өөр ажлын үр дүн тогтоогдохгүй байхаас гадна туслан гүйцэтгэгч “Пи Си Ди Пи”ХХК-ийн инженер Ш.Энхтайван шүүхэд өгсөн мэдүүлэгтээ зохиогчийн хяналтын ажлыг 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн боловч бүрэн гүйцэд хийгээгүй дуусгаагүй талаар гэрчилсэн бөгөөд энэхүү интерьерийн ажлын зургийн хяналтын тайлан гэх баримтыг захиалагчид хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдохгүй байна.

             Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2-т зааснаар ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг  захиалагчийн өмнө хариуцах тул гүйцэтгэгч “А”ХХК-ийг барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналтын ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүн болох зохиогчийн хяналтын дүгнэлтийг захиалагчид хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй.

            Иймд нэхэмжлэгч “А”ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 19.800.000 төгрөгийг төлөх үүрэггүй бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэнд буруугүй тул алданги тооцох боломжгүй юм.

            Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар дээрх гэрээний үүрэг дуусгавар болоогүй байх тул талууд барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, эсхүл гэрээг цуцалсаны дараа гэрээний үүргийн биелэлтийг шаардах боломжтой тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

           

            2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн интерьерийн зураг төслийн ID-03/17 тоот гэрээний үүрэгт 8.304.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

            Зохигчдын хооронд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр интерьерийн зураг төслийн ID-03/17 тоот гэрээ байгуулагдаж,  нэхэмжлэгч “А”ХХК нь хариуцагч байгууллагын Ibis Styles зочид буудлын 203 м.кв талбай бүхий 13 давхрын лоунж барны интерьер дизайны зураг төслийн ажлын хүрээнд дотор зохион байгуулалтын зураг, концепцийн зураг төсөл, ажлын зургийг тус тус хийж гүйцэтгэх, хариуцагч “М”ХХК нь ажлын хөлсөнд 11.800.000+НӨАТ 10% төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байна.

            Дээрх интерьерийн зураг төслийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх ба  гэрээний гол болон ердийн нөхцлүүд, хөлс төлөх хугацаа зэрэгт дүгнэлт хийвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байх ба мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар ажил гүйцэтгэгч нь ямар нэг эд зүйл хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

            Хариуцагч “М”ХХК-иас нэхэмжлэгч “А”ХХК-д 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 6.000.000 төгрөг шилжүүлсний 3.550.000 төгрөгийг дээрх гэрээний төлбөрт тооцон авсан нь гэрээний 5.3-т нийцсэн байна.

            Учир нь захиалагч нь гэрээнд гарын үсэг зурсанаас хойш ажлын 3 хоногийн дотор эхний төлбөр болох 3.894.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ.

          Нэхэмжлэгч “А”ХХК нь “М”ХХК-нд дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу гэрээний зүйл болох Ibis Styles зочид буудлын  13 давхрын лоунж барны зохион байгуулалтын зураг болон концепцийн зураг төслийг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн бөгөөд хариуцагчаас гэрээний 3.8-д зааснаар хөлсийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тул уг хөлсийг төлөх хүртэл ажлыг эхлэхгүй байх эрхийн хүрээнд ажлыг зогсоосон гэсэн үндэслэлээр хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл 5.536.000 төгрөг болон гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алданги 2.768.000 төгрөг, нийт 8.304.000 төгрөгийг шаардаж байх харин хариуцагч байгууллага дээрх 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн интерьерийн зураг төслийн ID-03/17 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэгч бүхэлд нь биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Захиалагч “М”ХХК нь гүйцэтгэгч “Азура архтектс”ХХК-ийн ажлын үр дүн болох Ibis Styles зочид буудлын 203 м.кв талбай бүхий 13 давхрын лоунж барны зохион байгуулалтын зураг, концепцийн зураг төсөл, ажлын зургийг тус тус хүлээн аваагүй тул хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг үүсээгүй байна.

            Учир нь нэхэмжлэгч “Азура архтектс”ХХК-иас Ibis Styles зочид буудлын 203 м.кв талбай бүхий 13 давхрын лоунж барны зохион байгуулалтын зураг, концепцийн зургийн төслийг тус тус гүйцэтгэн захиалагч “М”ХХК-иар хянуулахаар цахим шуудангаар илгээсэн болох нь шүүхээс 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч байгууллагын захирал [email protected] хаягтай цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байх ийнхүү зургийн төсөл болон төлөвлөлтийн зургийг төсөл хэлбэрээр хянуулахаар гүйцэтгэснийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэхгүй бөгөөд зургийн төслийг захиалагчаар хянуулсаны дараа албан ёсоор хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдохгүй байна.

            Иймд нэхэмжлэгч “А”ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл гэх 5.536.000 төгрөгийг төлөх үүрэггүй бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэнд буруугүй тул алданги тооцох боломжгүй юм.

            Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар дээрх гэрээний үүрэг дуусгавар болоогүй байх тул талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, эсхүл гэрээг цуцалсаны дараа гэрээний үүргийн биелэлтийг шаардах боломжтой тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

           

            Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3.971.144 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

            Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “М”ХХК болон “Азура консалтинг”ХХК нарын хооронд 2016 онд захиалгаар гэрэлтүүлэг нийлүүлэх гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, хариуцагч “М”ХХК нь “Азура консалтинг”ХХК-ийн захиалан авчирсан iGuzzini фирмийн гэрэлтүүлгийг худалдан авч, төлбөрийг гэрэлтүүлгийг хүлээн авсны дараа

шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

            Энэхүү гэрээг талууд худалдагч нь бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь түүний үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах нөхцөлтэйгээр байгуулсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

           “Азура консалтинг”ХХК нь “М”ХХК-нд дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу iGuzzini фирмийн гэрэлтүүлгийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээлгэн өгсөн байх ба уг барааны үнэ болох 6544.02 еврогийн нэхэмжлэхийг  худалдан авагчид явуулсныг “М”ХХК-иас хүлээн авч 6544.02 еврог монгол төгрөгт шилжүүлэн 17.475.085 төгрөгөөр төлж барагдуулсан болох нь зохигчдын тайлбар, эд зүйл хүлээлцсэн акт, төлбөрийн нэхэмжлэх, дансны хуулга зэргээр нотлогдож байх ба талууд энэ талаар маргаагүй байна.

            Харин уг барааг авчрахад гааль болон тээврийн зардалд төлсөн 3.971.144 төгрөгийг нэхэмжлэх эрхийг  “А”ХХК нь   “Азура консалтинг”ХХК-иас шилжүүлэн авсан, хариуцагч нь дээрх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 3.971.144 төгрөгийг шаардсан бол хариуцагчаас бид захиалгын гэрээний дагуу НӨАТ-тай төлсөн байгаа, НӨАТ-тай дүн гэдэг нь нэмүү өртөг шингэсэн байдаг тул гааль, тээврийн зардлыг тухайн компани өөрөө хариуцах ёстой. Мөн талууд уг зардлыг худалдан авагч төлөхөөр тохиролцсон гэрээ, хэлцэл байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Учир нь худалдагч нь гэрээний зүйл болсон гэрэлтүүлгийг гадаад улсаас авчирсан бөгөөд талууд уг барааг авчирахтай холбоотой гааль, тээврийн зардлыг хэн нь төлөх талаар тохиролцоогүй байна.

            Энэхүү зардал нь Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1-т заасан эд хөрөнгийг хүлээн авахтай холбоотой худалдан авагчийн төлөх зардалд хамаарахгүй байх бөгөөд харин худалдан авагчийн захиалсан барааг авчирах, улсын хилээр нэвтрүүлэхтэй холбоотой худалдагчийн хариуцах зардалд хамаарч байна.

            Түүнчлэн нэхэмжлэгч “А”ХХК нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар “Азура консалтинг”ХХК-ийн “М”ХХК-тай холбоотой дээрх зардлыг нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авсан байдал тогтоогдохгүй, “Азура консалтинг”ХХК-иас “А”ХХК-нд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосон итгэмжлэлийг шаардах эрх шилжүүлсэн үндэслэл гэж үзэхгүй.

            Иймд нэхэмжлэгч “А”ХХК-ийн хариуцагч “М”ХХК-иас гэрэлтүүлэг худалдсантай холбогдон гарсан гааль, тээврийн зардал 3.971.144 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

            Нотариатын зардал 104.500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

           

            Нэхэмжлэгч “А”ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нотлохтой холбоотойгоор төлбөр төлсөн баримтууд, төлбөрийн нэхэмжлэхүүд, зохиогчийн хяналтын ажлыг гүйцэтгэх явцад талбайн хяналтад оролцогчдын уулзалтын протоколууд зэргийг нотариатаар гэрчлүүлэхэд 104.500 төгрөг төлсөнийг хариуцагч “М”ХХК-иас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

            Учир нь  нэхэмжлэлийн шаардлагыг нотлохтой холбогдон гарсан нотариатын  үйлчилгээний хөлс нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд хамаарахгүй байх бөгөөд энэхүү нотариатын үйлчилгээний хөлсийг үүрэг гүйцэтгэгчээр төлүүлэхээр талууд гэрээндээ тохиролцоогүй байх тул  нотариатын үйлчилгээний төлбөр 104.500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 18.154.827 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570.120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 248.724 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон          

ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4,  232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М”ХХК-иас 18.154.827 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А”ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41.379.846  төгрөгийн төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

     2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 570.120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 248.724 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-нд  олгосугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

               4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР