Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 369

 

А.Б-холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, хохирогчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 558 дугаар магадлалтай А.Б холбогдох 201701000136 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 330 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийн журамлан, тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2000 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 419 дүгээр тогтоолоор эдлээгүй үлдсэн 11 сар 29 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Г овогт А-ын Б.

Шүүгдэгч А.Б нь БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Баяннуур хотын Урдын дунд хошууны “Жубажи” гэх газарт 2017 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө хохирогч С.М-гийн толгойн тус газарт цохиж хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.А хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Б.А-аас хохирогчийн “Номун” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн төлбөр 1.756.590 төгрөг, олох байсан орлого 3.316.800 төгрөг нийт 5.073.390  төгрөг гаргуулж С.М-д олгож, түүнээс өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч С.М бусад хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Б.А, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.А гаргасан гомдолдоо “...Хуулийг зөв хэрэглээгүйгээс би шоронд хоригдож хохирч байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж хуульчилсан байх тул хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгоно уу. 2015 оны Эрүүгийн хуулиар би ял эдлэх болж 2002 оны Эрүүгийн хуулиар би ялгүй болж байгаа юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Б.Цолмон-Эрдэнэ нар хамтран гаргасан гомдолдоо “...А.Б холбогдох хэрэгт Ч.М, М.З нар нь гэрчийн мэдүүлэг өгсөн ба гэрчүүд хохирогч С.М-гийн хууль бус үйлдэл буюу дарамт шахалтад орж худал мэдүүлэг өгсөн гэх бодит үндэслэл бүхий нотлох баримтыг хавтаст хэрэгт өгсөн.  Гэрч нар шүүхийн хэлэлцүүлэг өгөхдөө  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг худал байсан талаар тодорхой мэдүүлдэг. Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гэрч Ч.М, М.З, гэрчээр асуулгах, хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн дискийг нотлох баримтаар шинжлэн судлуулах хүсэлтийг гаргасан ба шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч дискийг шинжлэн судлалгүй, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь илт хууль бус болсон гэж үзнэ. Гэрч Ч.М, М.З нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн байцаалтын ажиллагаанд Б.А- хохирогч С.М-г цохисон гэж худал мэдүүлэг өгсөн. С.М- нь тэгж хэл гэж хэлсэн” гэх мэдүүлэг нь бичлэгт дурдсан үйл баримтыг нотолдог ба гэрч нарын мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасны дагуу эх сурвалжаар буюу бусад нотлох баримтаар нотлогдсон гэж үзнэ. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй бөгөөд шүүгдэгч Б.А уг гэмт хэргийг үйлдсэн эсэх, уг гэмт хэрэг хэзээ болсон нь илт зөрүүтэй болох нь тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэзээ, яаж үйлдсэн талаар тогтоогоогүй байна. Хэрэг болсон гэх цаг хугацааг гурван өөр байдлаар тогтоож тодорхойлсон гэж үзэх хангалттай бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт цугларсан байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүрэгтэй ба улсын яллагчийн ажлыг хийж яллах чиг барьж, шүүгдэгчид ял оногдуулж хэргийг эцэслэн шийдвэрлэж буй үйлдлийг илт хууль бус гэж үзнэ. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.А гэм буруутай талаар бичгийн нотлох баримтаар тогтоож чадаагүй ба яллах дүгнэлтийн гол үндэслэл болж буй гэрч нарын мэдүүлэг худал байсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг ба мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгч буй гэрч нарын мэдүүлэг илт зөрүүтэй байдал буюу эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ гарч байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх эрх зүйн бүрэн боломжтой байна. Мөрдөгчийн шинжээч томилох тогтоол дахь хэрэг учрал болсон гэх огноо, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7531 дугаар шинжээчийн дүгнэлтийн гэмтэл үүссэн байх боломжтой огноо, мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гэмт хэрэг гарсан гэж тогтоосон огноо зэрэг зөрүүтэй баримтаас харахад давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад хууль ёсны дүгнэлтийг хийж чадаагүй. Мөн шүүх гэрч Ч.М, М.Знар нь хохирогчийн хууль бус үйлдэл буюу дарамт шахалтын үндсэн дээр мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шүүгдэгч Б.А-ийн эсрэг худал мэдүүлэг өгсөн талаар тодорхой мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүйн улмаас шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож. шүүгдэгч Б.А- цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр хэлсэн саналдаа “...Хяналтын шатны шүүх шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Прокурор Ц.Насанбат хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Хэргийн үйл баримтын талаар шийтгэх тогтоолд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судлаад хохирогч С.М болон бусад гэрчүүдийн мэдүүлгийг дамжмал нотлох баримтуудаар үнэлсэн нь үндэслэлтэй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.4-т заасан заалттай нийцэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан үндэслэн А.Б холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.А нь БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Баяннуур хотын Урдын дунд хошууны “Жубажи” гэх газарт 2017 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө хохирогч С.М-гийн толгойд цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн агуулга, ял шийтгэлийн төрөлд орж буй өөрчлөлт төдийгүй тухайн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтана гэж ойлгоно.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байгаа бол 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Тодруулбал, хууль тогтоогчийн зүгээс дээрх зүйлд тодорхойлсон шинжийг агуулсан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээг багасган хөнгөрүүлж тогтоосон байх тул Б.А-ийн үйлдсэн гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.     

Өөрөөр хэлбэл, шүүх А.Б холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчид 4 жил хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нийцсэн байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 558 дугаар магадлал тус тусыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Б.Цолмон-Эрдэнэ нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосгуай.

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН