Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 272

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Ж.Батхуяг,

шүүгдэгч Б түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Б.Цолмон-Эрдэнэ,

хохирогч Мтүүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр,

бусад оролцогч гэрч Ч.Мижиддорж, М.Заяабат, О.Дэлгэрдалай,

шинжээч М.Золжаргал нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г овогт А-ын Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 201701000136 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 02-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх болон ахын хамт ............аймгийн ..........сум 6 дугаар баг ........тоотод оршин суух,

Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 330 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж  Өршөөл үзүүлэх тухай 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2 дугаар зүйлд зааснаар эдлээгүй үлдсэн 11 сар 29 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн  2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсаныг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Г овогт А-ын Б

 

Шүүгдэгч Б нь БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Баяннуур хотын Урдын дунд хошууны Ганц мод балгасанд үйл ажиллагаа явуулдаг “Жубажи” гэх газарт 2017 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цагийн орчимд хохирогч С.М-гийн толгойн тус газарт цохиж хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ: “2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Мтэй Ганц мод гэх газар уулзсан. Мгийн ярьж байгаа нь худал байна. Мөрдөн байцаалтын шатанд намайг мэдүүлэг өгөхөд миний үгийг сонсоогүй. 5 дугаар сарын 25-ны 19 цагийн үед Ганц мод гэх газар Мтэй уулзаад манай эхнэр Мөнгөнтуул бид гурав “Анд” гэх газар паспортоо барьцаанд тавьж 350 юань аваад Жүбажи гэх газар байдаг шорлогны газарт 0.5 грамм архи авч уусан. Би эхлээд уулзахдаа архи уугаагүй байсан ба Мтэй уулзаад архи уусан. Манай эхнэр архи уугаагүй. М бид хоёр 0.5 граммын архийг ууж дуусгаад дэлгүүрээс нэг шил архи авч манай гэрт орж уусан. Архиа уугаад архи талаасаа доош орж байтал М “би явлаа, машиндаа очиж хонолоо” гээд явсан. Тухайн үед би нилээн согтсон байсан болохоор эхнэртэйгээ хамт унтсан. Гэтэл шөнө 00 цагийн үед хаалга хүчтэй тогшихоор нь би хаалгаа нээсэн. Тэгтэл Мгийн толгой хагарсан байсан. Би түүнээс “юу болсон бэ, хэн зодсон юм бэ” гэж асуухад “мэдэхгүй” гэж хэлсэн. Би түүний толгойг харахад толгой нь 2 см хиртэй хэмжээтэй хагарсан байсан. Тухайн үед М нилээн согтуу байсан ба босоод орон дээр гараад унт гэхэд босохгүй байсан. Би өөрөө архи уусан байсан болохоор эхнэртэйгээ хамт унтсан. Өглөө сэрэхэд М орон дээр гарч унтсан байсан. Бидэнд хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйлгүй. Би Мд гар хүрээгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ммэдүүлэхдээ: “2017 оны 5 дугаар сарын 25-ны орой Ганц модны Гашуун сухайт боомт руу нүүрсний машинтай ороод, машинаа талбайд тавиад угаах хувцсаа үүрээд Анд гэдэг газар явж байсан. Би Бтай урьд найзын холбоотой байсан ба түүнийг Ганц модонд байдаг болохоор залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа утас нь холбогдоод Бтай ярьсан. Тэгээд намайг ирсэн байна гэхэд дуудсан ба би хувцасаа үүрээд очиход Мөнгөнтуул, Б нар гэрийнхээ доод талын караокед сууж байсан. Тэгээд гадаа шорлогны газар намайг дайлна гээд паспортоо тавьж мөнгө аваад архи уугаад сууж байтал Б согтоод гадаа талбай дээр дуулах гээд байхаар нь би “дуулах гээд байгаа бол гэрт чинь оръё” гээд гэрт нь оруулсан. Тэгээд гэрт нь ортол Мөнгөнтуул Б нар хардалтын улмаас маргалдаад хэрэлдэж байгаад хана руу пивоны шил шидэхэд хагархай нь Мөнгөнтуулын толгойд зоогдсон. Тэгэхээр нь би “одоо Б авир гаргаад эхлэх нь зодоон болох юм байна” гэж бодоод “хөгшин нь явъя, машин руугаа очоод унтаж амарлаа” гэж хэлэхэд Б намайг “чи байж бай” гээд ямар ч учир шалтгаангүйгээр толгой руу цохисон. Би ухаан алдаад өглөө сэргэхэд үүдний хөлийн гишгүүрийн хажууд хэвтэж байсан. Хятад байрнууд шалнаасаа халдаг бөгөөд плитан дээр миний толгойн цус гоожоод хатсан байсан. Намайг босоод миний ам цангасан байсан ба “ус өгөөч” гэхэд Б эхнэртэйгээ хамт унтаж байсан. Намайг “ус өгөөч” гэхэд Б босоод ус өгсөн. Миний хүзүү хойшоо гэдийхгүй байсан учраас усаа ууж чадахгүй байсан. Тэгтэл Б босож ирээд үлдсэн архийг уугаад дахин архи авахаар гадагшаа гарсан. Тэр үед Мөнгөнтуул бүлтийгээд сууж байсан ба би түүнд “надад толгойг маань өргөж байгаад ус уулгаад өгөөч” гэхэд хөл дээрээ суугаад толгойг хөл дээрээ тавьж байгаад надад ус уулгасан. Тэр үед би Мөнгөнтуулаас “намайг яачихаа вэ” гэж асуухад “чамайг халуун тогооны тагаар цохисон, чи одоо өөрийгөө аваад явах чадваргүй болсон байна, хэрвээ чи Бд намайг зодсон гэж хэлэх юм бол юу ч болж мэднэ” гэж хэлсэн учраас юу ч хэлээгүй. Намайг өдөржин гэртээ байлгасан ба би “Дэлгэрдалай руу залгаад өгөөч” гэж хэлж байсан. Би тухайн үед ямар ч мөнгөгүй Б ч мөнгөгүй байсан. Гэхдээ Хятад улсад Монгол улсын иргэн өвдлөө гэхэд паспортоо барьцаанд тавьж байгаад эмчилгээ хийлгэж болдог. Тэгтэл ямар ч арга хэмжээ авахгүйгээр байлгасан ба би Дэлгэрдалай руу яриад “найз нь энд маш хүнд өвчтэй байна, надад эмнэлгийн тусламж үзүүлээч” гэж хэлэхэд Дэлгэрдалай цаашаа Өвөрмонгол хүн рүү ярьсан. Тэр нь Б машиныг нь барьдаг Хятад эзэн нь ирж машинтай намайг авч Ганц модны эмнэлэгт аваачсан. Тэр хооронд Хятад эзэн нь “чамайг хэн ийм болгосон бэ” гэж асуухаар нь “Б ийм болгосон” гэж хэлэхэд “муу байна, та хоёр сайн найз байж яагаад ийм зүйл болов” гэж ярьж байсан. Би Ганц модны эмнэлэгт очиход “ийм хүнийг манайх эмчилж чадахгүй, Баяннуур сумын аймгийн эмнэлэг рүү” яаралтай яв гэж хэлсэн учраас такси хөлсөөд Баяннуурын аймгийн эмнэлэгт очсон. Тэндээ 5 дахь өдрийн шөнөөс 1 дэх өдөр хүртэл эмнэлэгт эмчилгээ хийлгэхэд миний биед ямар ч өөрчлөлт гараагүй.

Надад ямар нэгэн байдлаар Монгол улс руугаа орох чухал гэж ойлгосон ба хил онгойход Монгол улсад ирсэн. Тэр болтол би Бд чи намайг зодсон гэж хэлээгүй. Учир нь намайг хүний нутагт алаад нуухад бэлэн байсан. Би эгч рүүгээ утсаар ярьж ямар нөхцөл байдалтай байгаагаа хэлэхэд хоёр эгч маань намайг хил дээрээс аваад Гэмтлийн эмнэлэгт ирсэн. Гэтэл Гэмтлийн эмнэлэгт ор байхгүй байсан учраас үүдэнд байсан. Би маш их өвдөж орилж байсан болохоор Гэмтлийн эмнэлгийн эмч нар надад “энэ гэмтлийг эмчлэх Номун клиник гэдэг сайн эмнэлэг байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Номун эмнэлэгт очиж эмчлүүлсэн. Гэтэл эмнэлэгт байх хугацаанд Б намайг цохисноо мэдсээр байж нэг ч удаа надтай ирж уулзаагүй. Би эмнэлэгт 35 хоног хэвтээд эмнэлгээс гарсан. Эмнэлэгт байх хугацаанд  над руу хүн залгахад эгч маань яриулаагүй. Мөнгөнтуул энэ явдлыг харсан. Бүгдийг мэдэж байх ёстой. Гэхдээ Б түүнийг дарамталдаг учраас хэлэхээс айж байгаа байх. Би Бг надтай ирж уулзаж ярилцах болов уу гэж бодоод өргөдөл гаргахгүйгээр эмнэлэгт хэвтсэн. Гэтэл над дээр нэг ч удаа ирээгүй. Энэ хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж Б олон сар худал ярьж явсан. Би маш их гомдолтой байна. Энэ гэмтлийн улмаас миний хамар юм мэдрэхээ больсон. Хэрэг мөрдөн байцаагч дээр байхад хэд хэдэн удаа дуудсан. Би түрээсийн гэрээтэй машин унадаг бөгөөд эмнэлэгт хэвтээд сар ажиллаагүй учраас гэрээний дагуу хохирол гарсан байсан. Тиймээс би дахин хохирол гаргахгүйн тулд эм тариагаа аваад ажилдаа явсан. Би Бгаас шинжилгээ, компьютер томографийн зураг, эм тарианд 876.040 төгрөг, Номун клиник эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 1.756.590 төгрөг, Улаанбаатараас Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт руу явсан 232.400 төгрөг, өмгөөлөгчид төлсөн 1.500.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд авах ёстой байсан цалин болох 3.616.800 төгрөг нийт 7.972.830 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч Б нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрт С.Мгийн толгойн тус газарт цохиж тархины баруун, зүүн тал бөмбөлгийн  дух,  чамархайн суурь хэсгийг тархины эд дэх цус хуралт, няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун зулайн хуйханд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч С.Мгийн “2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Гашуун сухайтын боомтоор нүүрсний машин унаад Хятадын Ганц модны боомт руу орсон. ... Намайг тэднийд очиход эхнэртэйгээ хоёулаа согтуу угтаж авсан. Шорлогны газарт Б, Бгийн эхнэр Мөнгөө нартай суугаад нэг шил 0,5 литрийн Улаанбаатар нэртэй архи уусан. Б Хятадаар дутуу хагас ойр орчимд байсан хятадуудтай маргалдчих гээд байхаар нь Бг дагуулаад гэрт нь орсон. Гэртээ орох үедээ гэртээ агсам тавиад маргалдаж муудалцаад байсан ба 0,5 литрийн Улаанбаатар архи дахиад 1 шилийг аваад орсон юм. Гэртээ орчихоод хоорондоо хэрэлдээд маргалдаад эхнэр рүүгээ архины шил аваад шидчихээр нь маргалдаад зодолдож магадгүй юм байна гэж бодоод “би явъя” гэж хэлтэл “байж бай” гээд намайг явуулахгүй байсан юм. Би тухайн үед Бгийн гэрт газарт сууж байсан ба хажууд Б өндөр сандал дээр сууж байсан юм. Тэгээд би “явлаа” гэж Бд хэлээд гэрээс нь гарах санаатай сууж байтал юугаар цохисон болохыг нь мэдэхгүй байна, миний толгой руу ямар ч байсан цохиод авахад би ухаан алдаж унасан. Тэгээд өглөө сэрэхэд толгой маш их өвдөөд байсан ба Бгаас “яагаад би хэвтэж байгаа юм бэ” гэж асуухад Б үлдсэн архиа уучихсан согтолтын байдалтай “чи өөрөө гарч яваад ийм болоо биз” гээд тоомжиргүй харьцаж байсан.

Тэгэхээр нь чи намайг зодлоо, цохилоо гэж хэлбэл нэмж зодож магадгүй гэж бодоод “намайг эмнэлэг бараадуулаад өгөөч” гэж гуйсан. ... Халиут гэх газрын эмнэлэг дээр очоод хоёр өдөр тэр эмнэлэгт толгойны зураг авхуулаад дусал залгуулан эмчилгээ хийлгэсэн. Тэр эмчилгээг хийгээд надад гарсан үр дүн байхгүй, тархи толгой өвдөөд байсан учраас Монгол улсад ирээд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэх гэсэн боловч ор байхгүй гэсэн учраас Номун эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

... Тэгэхэд гэртээ ороод Б нь надтай сууж байхдаа “чи түрээсийн машин бариад баяжиж, таргалаад надтай харьцахаа болилоо, барилаа” энэ тэр гээд үг хаяад маргаан үүсгэчих гээд байсан юм. Эхнэр нь юм ярихаар “чи дуугүй бай” энэ тэр гээд л загнаад байхаар нь би машиндаа очиж унтаж амаръя гэж бодоод явах гэтэл Б намайг гаргаж явуулахгүй эхнэртэйгээ маргалдаж байгаад эхнэр лүүгээ архины шил шидсэн. Над руу бас дайрч давшлаад зэрэгцэж сууж байхдаа “чи дуугүй манайд хоноод яв” гэж ярихаар нь би “такси бариад машин дээрээ хоночихъё” гэж хэлтэл толгой руу цохиод аваад би ухаан  алдаад уначихсан юм.

... Би тархиндаа хүнд гэмтэл авч унаж татдаг болсон. Эмчилгээ  хийлгээд үр дүнд огт хүрэхгүй байна. ... Ажлын чадвараа  бүрэн алдчихаад байгаа учраас маш их гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгө, төгрөгөө нэхэмжилмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн  1 дүгээр хавтас 23-24 дүгээр хуудас/

“Надад урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байна. Би өөрт учирсан хохирол болох 13.157.593 төгрөгийг нэхэмжилж байна. ... Миний хувьд гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 26 дугаар хуудас/

“Би анх хохирогчоор мэдүүлэг өгөхдөө  хэрэг болсон сар өдрийг андуурч мэдүүлсэн байна. Одоо санаж байхад 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ганц мод боомтод очоод тэр оройдоо Бтай хамт архи ууж түүнд зодуулсан. Урд өгсөн мэдүүлэгтээ 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэж андуурч мэдүүлсэн байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 238 дугаар хуудас/

 

Гэрч Ч.Мижиддоржийн “Би энэ хоёр хүнийг танина. Манай хүү Заяабаттай хамт ажилладаг найз нар нь байгаа юм. 2017 оны 10 дугаар сарын үед манай гэрт Б, манай дүү Заяабат бэр Зулзаяа бид дөрөв байж байтал манай хүү надад нэг шил архи авч өгсөн юм. Тэгээд тэрийг ууж байтал манай бэр Зулзаяа “чи Мг яасан юм бэ” гэж асуухад Б “анд нь Мг цохичихсон юмаа, тэрнээс болоод цагдаад шалгагдаад байна” гэж ярьж байсан. Энэ талаар манай хүү Заяабат, бэр Зулзаяа нар мэдэж байгаа. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 35 дугаар хуудас/

 

Гэрч М.Заяабатын “Би Б гэх хүнийг танина. Бид хоёр танилцаад 4 жил болж байна. Бид хоёр зүгээр найз нөхдийн харьцаатай. ...  Гэхдээ 2017 оны 06 дугаар сарын сүүлээр санагдаж байна, би Бтай Улаанбаатар хотод уулзаад нэг шил архи хувааж уугаад сууж байхад “таньдаг хүн амьтан байвал миний хэргийг нэг ярих боломж байна уу” гэж асууж байсан. Тухайн үед би хэлэхдээ “надад тийм хүн байхгүй” гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 37 дугаар хуудас/

“Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ зарим нэг зүйлийг орхисон байна лээ. Одоо бүгдийг нь яръя. ... 2017 оны 07 дугаар сарын эхээр намайг Улаанбаатар хотод аав дээрээ очоод байж байхад Б над руу өөрийнхөө утсаар залгаад “найз нь Сансарт буудалд байна чамд зориулаад виски авчихлаа, такси бариад хүрээд ирээч” гээд жаахан халамцуу ярьсан, би Бгийн байгаа буудлыг заалгаад яваад очсон чинь Б буудлын үүдэнд гарч ирээд намайг тосож авсан.

... Намайг өрөөнд ороход Б “суу андаа” гэж хэлээд виски гаргаж задлаад Б бид хоёр хувааж уусан. Вискийг ууж байхдаа би Бгаас “М та хоёрын дунд юу болсон юм бэ” гэж асуухад Б хэлэхдээ “чамд таньдаг хүн байна уу, танай нэг ах чинь шүүгч биз дээ аргалаад яриулаад өгөөч ажлаа алдах гээд байна бас анд нь тэнсэнтэй андыгаа ойлголдоо” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “Мг цохиж зодоогүй юм бол яах гэж хүнээр яриулах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд виски талдаа орж байхад Б нилээд согтоод орон дээр хэвтээд унтсан. Тэгээд би Бгийн эхнэрээс “юу болсон юм бэ” гэж асуусан чинь Бгийн эхнэр нь хуруугаараа Б руу заагаад “наадах чинь Мгийн толгой руу халуун тогооны тагаар цохисон чинь М ухаан алдаад унасан юм” гэж хэлээд удаагүй байж байхад Б гэнэт босч ирээд эхнэрээ 2-3 удаа алгадаад цээж рүү нь цохиод байсан. Тэгээд намайг явах гэсэн чинь Бгийн эхнэр нь “битгий яв чамайг явах юм бол Б намайг ална” гээд уйлаад гуйгаад байсан. Тэгээд би хэсэг хугацаанд байж байгаад гараад явсан. Түүнээс хойш Бтай уулзаагүй.

... 10 дугаар сарын 28-ны өглөө Улаанбаатар хотод манай гэрт Б бид хоёр очсон. Гэрт манай аав, эхнэр хоёр байсан. Тэгээд манай эхнэр Бгаас санамсаргүйгээр “Мг хэн цохисон юм бэ”  гэж асуусан чинь Б манай эхнэрт хэлэхдээ “би цохисон юм” гэж хэлээд хэсэг доошоо харж сууж байгаад “Заяа андаа манай байцаагч чамаас гэрчийн мэдүүлэг авна гэсэн, шоронд явах явахгүй чамаас шалтгаалах гээд байна, мэдүүлгээ зөв өгөөрэй андынхаа эсрэг өгч болохгүй шүү” гэж хэлээд цай уугаад хоол идээд манай гэрээс гараад явсан.

... Би эхэндээ ойлгоогүй. Дараа нь Б унтах гэж хэвтэж байгаад эхнэрийнхээ надад хэлсэн “Мг Б цохисон” гэдэг яриаг сонсоод босож ирээд цохисон байх гэж бодсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 39-40 дүгээр хуудас/

“Миний урьд өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. 2018 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр шиг санаж байна, гэртээ эхнэр Зулзаяа, аав Мижиддорж нарын хамт байж байхад Б 10 цагийн үед ирсэн. Тэгээд надад 0.75 литрийн Монгол стандарт архи авч өгөөд би тэр архийг нь уусан. Б тэр архинаас уугаагүй. Тэгээд намайг архи уугаад сууж байхад Б надаас “урьд өгсөн мэдүүлгээ худлаа гэж хэлээд тэр мэдүүлэгнийхээ эсрэг мэдүүлэг өгөөч” гэж гуйсан. Тэгээд “би ээжийнхээ утсыг аваад ирсэн бичлэг хийчихье чи очих шаардлагагүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бгийн хэл гэснийг нь хэлсэн. Тэр яриандаа М надыг хүчээр мэдүүлэг өгүүлсэн гэж худал ярьсан юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 240 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9343 дугаартай:

“1. С.Мгийн бие тархины баруун, зүүн тал бөмбөлгийн  дух,  чамархайн суурь хэсгийг тархины эд дэх цус хуралт, няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар  амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 51 дүгээр хуудас/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн  Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас. /хэргийн 1 дүгээр 116 дугаар хуудас/

 

Номун эмнэлгийн өвчний түүх. /хэргийн 1 дүгээр хавтас 134-152 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Зулзаяагийн “... 2017 оны 10 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. Хадам аав Мижиддорж бид хоёрыг 32 дугаар тойргийн ойролцоо түрээсийн нийтийн байранд амьдарч байхад нөхөр Заяабат, Б нар Өмнөговиос ажлаасаа ирсэн. Тэгээд гэрт хадам аав Мижиддорж, нөхөр Заяабат, Б нар 0,5 литрийн Хараа архи нэг шилийг хувааж ууцгаасан. Би Бгаас “Мг чи зодчихсон юмуу үнэнээ хэлээч” гэж асуухад Б Заяабат бид хоёр руу харж жуумалзсанаа “анд нь Мг зодох нь зодчихсон юмаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “найз нөхдүүд байж хоорондоо зодоон хийгээд байхдаа яадаг юм” гэж хэлээд өнгөрсөн”

“ ... Тэгээд Бгийн эхнэртэй танилцаад удаагүй байж байтал Б босч ирээд эхнэртэйгээ маргалдаад “чи миний хэргийн талаар яриад байхдаа яадаг юм” гэж хэлээд эхнэрийнхээ толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Эхнэр нь Заяабат бид хоёртой хамт гарах гэтэл Б гаргахгүй аваад үлдсэн. Би нөхөр Заяабатыг аваад гэр лүүгээ харьсан. Тэгээд гэрт очсоны дараа  Заяабат Бгийн эхнэр надад хэлэхдээ “Мг Б тогооны тагаар толгой руу нь цохисон” гэж хэлсэн байсан. Би тэрийг нь сонсоод “чамд тэр хоёрын хэрэг ямар хамаатай юм” гэж хэлээд загнаад өнгөрсөн.

... 2018 оны 01 дүгээр сарын дунд үеэр байх өдрийг нь санахгүй байна. Заяабат, хадам аав бид гурвыг байхад Б ирээд Заяабатад Б 1 шил 0.5 литрийн Монгол стандарт архи авч өгөөд Заяабат, хадам аав хоёр хувааж уусан. Б архи уугаагүй. Тэр архийг уухаас өмнө Заяабат гэрээс гараад архи уугаад орж ирсэн байсан. ... Б “миний хэрэг прокурор руу шилжих гээд байна андаа намайг гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлэг өгчих би утсан дээрээ бичлэг хийж баримтжуулъя” гэж хэлээд утсан дээрээ Заяабатыг яриулж бичлэг хийчихээд Заяабатад үзүүлчихээд гэрээс гараад явчихсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 241-243 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Б нь С.Мгийн толгойн тус газарт цохиж түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь хохирогч, гэрч,  нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

 

Шүүгдэгч Б нь уг хэргийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ ... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн зарчмын дагуу түүнд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэрч Ч.Мижиддорж нь мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэг өгөхдөө “... 2017 оны 10 дугаар сарын үед манай гэрт Б, манай дүү Заяабат бэр Зулзаяа бид дөрөв байж байтал манай хүү надад нэг шил архи авч өгсөн юм. Тэгээд тэрийг ууж байтал манай бэр Зулзаяа чи Мг яасан юм бэ гэж асуухад Б анд нь Мг цохичихсон юмаа, тэрнээс болоод цагдаад шалгагдаад байна гэж ярьж байсан. Энэ талаар манай хүү Заяабат, бэр Зулзаяа нар мэдэж байгаа. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр 34-36 дугаар хуудас/ өгсөн боловч шүүх хуралдаанд тэрээр гэрчийн мэдүүлэг өгөхдөө “би зохиож ярьсан юм” гэж байгаа боловч түүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг нь гэрч М.Заяабат, Ц.Зулзаяа нарын мэдүүлгүүдтэй тохирч байх тул мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг нь нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүхээс нотлох баримтуудыг шалгаж үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 зааснаар “Хэрэгт авагдсан нотлох баримтыг бусад нотлох баримттай харьцуулан” шалгаад дээрх дүгнэлтийг хийсэн болно.

 

Мөн хохирогч Мнь өөрийг нь толгой тус газар нь цохисон хүнийг шууд зааж мэдүүлж байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

 

Шүүхээс хохирогч С.Мгийн мэдүүлгийг шууд, бусад гэрч Ч.Мижиддорж, М.Заяабат, Ц.Зулзаяа нарын мэдүүлгүүдийг дамжмал нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй  байна. 

 

Иймд шүүгдэгч Б нь “Хүний биед хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон тул түүний өмгөөлөгч нараас гаргасан “шүүгдэгч Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Бгийн хохирогч С.Мгийн толгой тус газар цохиж хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас хохирогч С.Мд учруулсан хохирол болох “Номун” эмнэлэгт эмчлүүлсэн 1.756.590 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 26-аас 7 дугаар сарын 1 хүртэл ажил хийж олох байсан орлого 3.616.800 төгрөгийн тус тус гаргуулж хохирогч С.Мд олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Учир нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн “Номун” эмнэлгийн “Самдан овогтой М нь ... хэвтэн эмчлүүлж нийт 1.756.590 төгрөгийн оношлогоо, эмчилгээ хийлгэсэн нь  үнэн болно” гэсэн тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 159 дүгээр хуудас/, төлбөрийн цахим баримт /хэргийн 1 дүгээр хавтас 160 дугаар хуудас/, “Номун” эмнэлгээс ирүүлсэн С.Мгийн өвчний түүх /хэргийн 1 дүгээр хавтас 134-152 дугаар хуудас/ зэрэг баримтууд, “Туушин авто тээвэр” ХХК, Мнарын хооронд байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 06 дугаартай “Тээвэрлэлтийн гэрээ”, /хэргийн 1 дүгээр хавтас 189-196 дугаар хуудас/, “Туушин авто тээвэр” ХХК-ний Санхүүгийн тооцоо /хэргийн 2 дугаар хавтас 28 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг үндэслэн хохирол, хор уршигийг тооцох үндэслэлтэй байна.     

 

Хохирогч Мөмгөөлөгчид төлсөн 1.500.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж нэхэмжилж байгаа боловч энэ мөнгө нь өмгөөлөгч түүний үйлчлүүлэгч нарын хоорондоо хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээний хөлс байх тул өмгөөлөгчийн зардалд тооцох боломжгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарахгүй тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “ ... өмгөөлөгчид төлөх зардал” гэдэг нь өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох явцдаа өөрөөсөө гаргасан зардлыг ойлгох бөгөөд хэрэгт өмгөөлөгч ямар нэгэн зардал гаргасан талаар баримт байхгүй байна.

Өмгөөлөгчийн зардалд түүний үйлчлүүлэгчээс нь түүнд төлсөн хөлс хамаарахгүй юм.

 

Харин хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний 867.040 төгрөг, замын зардал 232.400 төгрөг нь баримтаар тогтоогдоогүй, ирүүлсэн баримтууд нь шаардлага хангахгүй тул тэрээр эдгээр хохирол, хор уршигаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэрч Б.Мөнгөнтуулыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар зэрэг байдлуудыг харгалзан түүнд хорих ял оногдуулж, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Гөрөөчин овогт Аюурзанын Бгийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Бд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдсугай.

 

6. Бд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлаж, хязгаарлалт тогтоох таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7.  Бгаас хохирогчийн “Номун” эмнэлэгт  хэвтэж эмчлүүлсэн төлбөр 1.756.590 төгрөг, олох байсан орлого 3.316.800 төгрөг нийт 5.073.390  /таван сая далан гурван мянга гурван зуун ер/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сум 5 дугаар баг Үйлдвэрийн 2-8 тоотод оршин суух хохирогч Улаан соён овогт Самдангийн Мд олгож, түүнээс өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Хохирогч Мбусад хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.АЛТАНХУЯГ