Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 558

 

106

 

 

 

 

 

 

 

А.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Батхуяг,

шүүгдэгч А.Бгийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Б.Цолмон-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн А.Бд холбогдох 201701000136 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Гөрөөчин овгийн А-н Б, 1981 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт Дархан-Уул аймгийн ................... тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ......................../,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2000 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 419 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 11 сар 29 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн.

- Өмнөговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

А.Б нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошуу, “Ганц мод” балгаст үйл ажиллагаа явуулдаг “Жубажи” гэх газарт 2017 оны 5 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө 00.00 цагийн орчимд хохирогч С.Мгийн толгойн тус газарт цохиж хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: А.Бгийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Гөрөөчин овогт А-н Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бг 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Бд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдаж,

А.Бд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

А.Бгаас хохирогчийн “Номун” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн төлбөр 1.756.590 төгрөг, олох байсан орлого 3.316.800 төгрөг нийт 5.073.390 төгрөг гаргуулж хохирогч С.Мд олгож, түүний өмгөөлөгчид төлсөн 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

хохирогч С.М бусад хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хийгээгүй хэргийнхээ төлөө олон жилийн хорих ял шийтгүүлсэндээ гомдолтой байна. Надад Мягмарсүрэнг зодож цохисон үйлдэл байхгүй бөгөөд тухайн үед Улаанбаатар хотод байсан. Хохирогчийн найзууд болох Ч.Мижиддорж, М.Заяабат, Ц.Зулзаяа нарын мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, хоорондоо зөрүүтэй, тогтвортой бус эргэж буцсан мэдүүлгүүдэд ач холбогдол өгч намайг ялласан явдлыг эсэргүүцэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч нар худал мэдүүлэг өгсөн талаараа хүлээн зөвшөөрсөн байхад шүүхээс зөвхөн намайг яллах талыг баримталсанд гомдолтой байна. Хохирогч С.М Хятад Улсын хилээр тээвэр хийдэг автомашиндаа нууц бараа тээвэрлэх нэмэгдэл сав хийсэн байсныг би харсан юм. Үүнийгээ намайг илчилж магадгүй гэсэндээ намайг хилс хэрэгт гүтгэсэн гэдэгт эргэлзэхгүй байна. С.М нь улсын хилээр “хар өвс” гэх хориотой зүйл тээвэрлэхийг завдсан үйлдэлдээ Өмнөговь аймгийн цагдаад шалгагдаж байгаа. Хууль бус үйлдлээ нуун дарагдуулахын тулд намайг гүтгэн хэрэгт оруулсан байдлыг хянан үзэж, шударга шийдвэр гарган намайг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Хохирогч С.М тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Шүүгдэгч А.Бгийн хувьд нэг ч удаа уучлалт гуйгаагүй, хохирол төлөөгүй атлаа гэрч Ч.Мижиддорж, түүний хүү гэрч М.Заяабат нартай хувилдаж тэднийг миний эсрэг худал мэдүүлэг өгүүлж, ор үндэслэлгүй, худал зүйл ярьж гүтгэн дайрч доромжилж, өөрийн үйлдсэн хэргийг үйлдээгүй болгох гэж улайран зүтгэж байгаад маш их гомдолтой байна. А.Б 2017 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 00 цагт миний толгойн тус газарт цохиж, хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг санаатай үйлдсэн нь тогтоогдсон, надад А.Бг гүтгэх үндэслэл, шаардлага байхгүй байхад шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэрэг гарсан цаг хугацаа зөрүүтэй, гэмт хэргийг хэзээ, хэн яаж үйлдсэн талаар тогтоогоогүй гэж шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдээгүй болгох гэж ор үндэслэлгүй зүйл ярьж, хэргийг цагаатгуулах гээд байгааг үнэхээр гайхаж, харамсаж сууна. Шүүгдэгч миний толгой руу цохих тэр цаг хугацаанд шүүгдэгч А.Б түүний хамтран амьдрагч Мөнгөнтуул бид гурваас өөр хүн байгаагүй. Би Батаагийн гэрт орсноосоо хойш зодуулах хүртэл хугацаанд гэрээс нэг ч удаа гараагүй. Батаагийн зүгээс надад гэрээс гарч явах боломж олгоогүй бөгөөд Батаа намайг тонгойгоод сууж байхад толгой руу хүчтэй цохисноос би шал мөргөж хамартай, толгой руу цохисноос тархиндаа гэмтэл авсан, энэ гэмтлүүдийг А.Б миний толгой руу цохиж учруулсан нь үнэн. А.Бгийн хамтран амьдрагч Мөнгөнтуул 2017 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө гэрт нь болсон үйл явдлыг маш сайн мэдэж байгаа боловч Батаагаас айгаад үнэн зөвөөр нь мэдүүлж чадахгүй, надад болон гэрчүүдэд үнэнийг ярьсан болох нь гэрч Ц.Зулзаяагийн мэдүүлгээс харагдаж байна. Иймд шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч А.Бгийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийтгэх тогтоол дурдагдсан үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг хэрэгт тогтоогдоогүй байна. Гэмт хэрэгт хэрэг гарсан цаг хугацаа нь тогтоогдохгүй байна. Учир нь 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн мөрдөгчийн шинжээч томилох тухай тогтоолын асуух хэсэгт “...3-т: Самдангийн Мягмарсүрэнгийн биед учирсан гэмтэл нь 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр учирсан байх боломжтой эсэх, цаг хугацааг тогтоох”, мөн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 7531 дугаар шинжээчийн дүгнэлт “5-д дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх шүүх шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын 7 дугаар талын 3 дугаар догол мөрөнд дүгнэхдээ “шүүгдэгч А.Бгийн үйлдсэн гэх гэмт хэрэг нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн байна” гэж тогтоож байна. Тэгэхээр хохирогчид учир ч байгаа тархи тус газрын гэмтэл нь 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр буюу дараа өдөр нь учирсан. Хавтаст хэрэг цугларсан нотлох баримтаар энэ гэмтлийг А.Б нь учруулсан байх боломжгүй гэж харагдаж байгаа юм. Мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч болон хохирогчийн мэдүүлгээр халуун тогооны тагаар цохисон гэсэн үйл баримт харагддаг. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийг яаж үйлдсэн. Энэ гэмтлийг яаж учруулсан” гэдэг нь тогтоогдоогүй. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулж асуусан. Гэтэл шинжээч асуултад тодорхой хариулт өгч чаддаггүй. Энэ гэмтэл нь яаж үүссэн, хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэдэгт тодорхой хариулт өгдөггүй. Мөн хамар яс болон нүүрэнд нь гэмтэл учирсан. Шинжээч эмч нь энэ гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүсэн байх боломжтой эсэхэд тодорхой хариулт өгөөгүй. Тэгэхээр энэ гэмтлийг хэн яаж, хэрхэн үүсгэсэн гэдэг нь тогтоогдоогүй гэж үзэж байна.

Энэ хэрэгт гэрчээр Мичиддорж, Заяабат, Золзаяа нар мэдүүлэг өгдөг. Прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд дээрх гэрч нарын мэдүүлгийг иш үндэс болгон А.Бд ял оногдуулсан. Эдгээр гэрч нь мөрдөн байцаалтын шатанд 2 удаа мэдүүлэг өгсөн. Заяабат нь анх мэдүүлэг өгөхдөө “энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй” гэж мэдүүлэг өгдөг боловч дахин мэдүүлэг өгөхдөө “А.Б нь хохирогчийн цохисон талаар өөрөө мэдүүлсэн” гэсэн зүйл ярьдаг. Энэ талаар Мичиддорж, Золзаяа нар нь дахин мэдүүлсэн. Гэтэл эдгээр гэрч нь шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөхдөө “өмнө өгсөн эдгээр мэдүүлэг маань худлаа байсан юм. Хохирогчийн шахалт дарамтын үндсэн дээр энэ мэдүүлгийг өгсөн” гэдгээ мэдүүлсэн. Энэ мэдүүлгийг худал мэдүүлэг гэж үзэх үндэслэл байхгүй. Гэтэл энэ мэдүүлгийг худлаа мэдүүлэг байна гэж анхан шатны шүүх үнэлээгүй. Мөн энэ гэрч нарын мэдүүлэг нь Мөнгөнтуулын мэдүүлэгтэй болон шүүгдэгчийн мэдүүлэгтэй зөрж байгаа юм. Хэрэг гарсан цаг хугацаанд байсан 3 хүн нь шүүгдэгч А.Б, хохирогч С.М, гэрч Мөнгөнтуул нар байсан. Гэрч Мөнгөнтуул нь 2-3 удаа тогтвортой нэг мэдүүлгийг удаа дараа давтан өгсөн. Энэ нотлох баримтыг үгүйсгэж буй нотлох баримт байхгүй. Харин Мөнгөнтуулын өгсөн мэдүүлэг нь гэрч Заяабат, Мичиддорж, Золзаяа нарын гаргасан мэдүүлгийг үгүйсгэж байдаг. Гэтэл эдгээр нотлох баримтыг анхан шатны шүүх шинжлэн судлаагүй орхигдуулсан. Яагаад энэ талаар дурдаж байна гэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс дээрх нотлох баримтыг шинжлэн судлуулах хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх энэ хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл уг баримтыг шинжлэн судлаагүй орхигдуулан шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн цагаатгах талын нотлох баримтыг дутуу судалсан, шүүх шинжлэн судлаагүй гэсэн үндэслэлийг гаргаж ирч байгаа юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан байдаг. Гэрч нарын мэдүүлэгт А.Б нь энэ үйл баримтыг өөрөө хэлсэн гэж тайлбарладаг. Тэгэхээр А.Б энэ үйл баримтыг гэрч нарт хэлсэн байлаа гэж бодоход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллагдагч шүүгдэгчийн өгсөн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглаж болохгүй гэсэн зохицуулалттай зөрчилдөж байна гэж харагдаж байна. Энэ байдал нь өөрийнх нь хэлсэн зүйлээр өөрийг нь яллаж байна гэсэн ойлголт байгаа юм. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч А.Бгийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчийн мэдүүлгийг шууд нотлох баримтаар, гэрч нарын мэдүүлгийг дамжмал нотлох баримтаар үнэлсэн гэж дурдсан. Энэ хэрэгт С.Мгийн мэдүүлгийг нотолж байгаа зүйл байдаггүй. Гэрч гэх хүмүүс нь “С.Мгийн автомашиныг барьж яваад барьцаанд орчихсон байхад С.М нь А.Бгийн эсрэг мэдүүлэг өгвөл гаргъя” гэсэн зүйлийг анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлт болон шийтгэх тогтоол дурдаж байгаа гэрчийн мэдүүлгийг тухайн гэрч нар нь өөрсдөө үгүйсгэсэн. Нөгөө талаар энэ гэрчийн мэдүүлэг нь А.Бгийн хамтран амьдрагч буюу эхнэр Мөнгөнтуул нь ярьж байсан гэдэг талаар мэдүүлсэн. Тэр нь Мөнгөнтуулын гэрчээр авсан мэдүүлэгт тийм зүйл болоогүй гэж үгүйсгэгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй. Гэрч нарын мэдүүлгийг өөрсдөө үгүйсгэж эх сурвалжаа байхгүй болгож байгаа учраас эргэлзээтэй нотлох баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Ийм нөхцөл байхад шүүх үнэлсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлд хуульчлагдсан нотлох баримтыг судлах явцад эргэлзэх үндэслэл байвал шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй заасан. Үүнийг зөрчиж анхан шатны шүүх А.Бд ял оногдуулсан. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү.” гэв. 

Прокурор Ж.Батхуяг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Заяабат, Золзаяа нараас гэрчийн мэдүүлэг авсан. Хавтаст хэрэгт авагдсан эдгээр гэрч нарын мэдүүлгээр хоорондоо зөрүүтэй асуудал байхгүй. Мөн хэрэгт гэрч нар нь хохирогчтой үгсэн тохиролцож ямар нэгэн байдлаар худлаа мэдүүлэг өгсөн гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Заяабат ингэж ярьсан гэдэг байдлаар гомдол гаргасан. Түүнтэй танилцаж энэ хэргийг шалгах шаардлагатай юм байна гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Хэргийг буцаагаад мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Заяабат нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө А.Бгийн хүсэлтээр тухайн бичлэгийг хийлгэсэн. Түүнээс биш яг болсон явдал нь миний өмнө өгч байсан мэдүүлэг мөн гэсэн байдлаар дахин гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөн гомдол хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна. Энэ нь гэмт хэргийг хүлээж авах шалгах, шинжээч томилох, прокурор, мөрдөгчийн тогтоол шийдвэр гарахад хэргийн утгад бичигдсэн зүйлийг шүүгдэгчийн өмгөөлөгч нотлох баримт болгож байна. Анх хохирогчийн эгчийн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг аваад үүнд үндэслэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Энэ байдалд анх гэмт хэргийг бүртгэж авсан утгаар шинжээчийн дүгнэлт прокурор, мөрдөгчийн санал шийдвэр гарсан. Эцсийн дүндээ шүүхэд шилжихэд гэмт хэрэг хаана, хэзээ үйлдэгдсэн болох нь тодорхой болсон. Үүнийг шүүх шийтгэх тогтоолдоо дурдсан байсан. Мөн гэрч Мичиддорж, Заяабат нар нь мэдүүлгээсээ буцсан учраас хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь байхгүй болсон гэдэг байдлаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хуралдаанд энэ асуудлын талаар яригдсан. Энэ байдалд хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэгт нь үндэслэж тухайн шийдвэрийг гаргасан. Яагаад гэвэл шүүх хуралдааны явцад тухайн гэрч нараас мэдүүлэг авахад наад захын зөрүүтэй асуудал гарсан. Мижиддоржоос мэдүүлэг авахад буюу “Та А.Бтай уулзаж байсан уу” гэхэд “Ерөөсөө уулзаж байгаагүй” гэж хариулсан байдаг. Гэтэл А.Б нь “Би Заяабаттай хамт Мичиддоржийн гэрт очиж архи ууж байсан” гэсэн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн. Ийм нөхцөл байдал байсан учир шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны шийдвэр байх тул хэвээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 5 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө 00.00 цагийн орчимд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошууны “Ганц мод” балгасанд үйл ажиллагаа явуулдаг “Жубажи” гэх газарт архи ууж согтуурсан үедээ хохирогч С.Мгийн толгойн тус газарт цохиж хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би “явлаа” гэж А.Бд хэлээд гэрээс нь гарах санаатай сууж байтал юугаар цохисон болохыг нь мэдэхгүй байна, миний толгой руу ямар ч байсан цохиод авахад би ухаан алдаж унасан. Тэгээд өглөө сэрэхэд толгой маш их өвдөөд байсан... Би тархиндаа хүнд гэмтэл авч унаж татдаг болсон. Эмчилгээ хийлгээд үр дүнд огт хүрэхгүй байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

гэрч Ч.Мижиддоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...А.Б “анд нь Мягмарсүрэнг цохичихсон юм аа, тэрнээс болоод цагдаад шалгагдаад байна” гэж ярьж байсан. Энэ талаар манай хүү Заяабат, бэр Зулзаяа нар мэдэж байгаа.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

гэрч М.Заяабатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би А.Бгийн эхнэрээс “юу болсон юм бэ” гэж асуусан чинь А.Бгийн эхнэр нь хуруугаараа А.Б руу заагаад “наадах чинь Мягмарсүрэнгийн толгой руу халуун тогооны тагаар цохисон чинь Мягмарсүрэн ухаан алдаад унасан юм” гэж хэлээд удаагүй байж байхад А.Б гэнэт босч ирээд эхнэрээ 2-3 удаа алгадаад цээж рүү нь цохиод байсан. ...Манай эхнэр А.Бгаас санамсаргүйгээр “Мягмарсүрэнг хэн цохисон юм бэ” гэж асуусан чинь А.Б “би цохисон юм” гэж хэлээд хэсэг доошоо харж сууж байгаад “Заяа андаа манай байцаагч чамаас гэрчийн мэдүүлэг авна гэсэн, шоронд явах явахгүй чамаас шалтгаалах гээд байна, мэдүүлгээ зөв өгөөрэй, андынхаа эсрэг өгч болохгүй шүү” гэж хэлээд явсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 240 дүгээр хуудас/,

гэрч Ц.Зулзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би А.Бгаас “Мягмарсүрэнг чи зодчихсон юм уу үнэнээ хэлээч” гэж асуухад А.Б нь М.Заяабат бид хоёр руу харж жуумалзсанаа “анд нь Мягмарсүрэнг зодох нь зодчихсон юм аа” гэж хэлсэн. А.Бгийн эхнэр надад “Мягмарсүрэнг А.Б тогооны тагаар толгой руу нь цохисон” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 241-243 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...С.Мгийн бие тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, чамархайн суурь хэсгийг тархины эд дэх цус хуралт, няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх 9343 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар хуудас/,

Номун эмнэлгийн өвчний түүх /1 дүгээр хавтаст хэргийн 134-152 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр А.Бгийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Мөн анхан шатны шүүх Монгол Улсын хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гадаад улсад Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн зарчмын заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Шүүгдэгч А.Бгийн гаргасан “...би энэ хэргийг хийгээгүй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, хоорондоо зөрүүтэй, тогтвортой бус эргэж буцсан мэдүүлгүүдэд ач холбогдол өгч намайг ялласан” гэх, өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан “...гэрч нарын мэдүүлэг болон гэмт хэрэг гарсан цаг хугацааны талаар маргасан” давж заалдах гомдлуудыг хангах үндэслэл тогтоогдохгүй, хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь, гэрч Ч.Мижиддорж нь анхан шатны шүүх хуралдааны үеэр “би зохиож ярьсан юм” гэж мэдүүлсэн боловч түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг нь гэрч М.Заяабат, Ц.Зулзаяа нарын мэдүүлэгтэй тохирч байна. Гэрч М.Заяабат, Ц.Зулзаяа нарын мэдүүлэг нь А.Бгийн хэлсэн зүйлийн талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэднийг хохирогчтой үгсэн тохирч худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин А.Б нь гэрч нарт нөлөөлж “Шоронд явах явахгүй чамаас шалтгаалах гээд байна, мэдүүлгээ зөв өгөөрэй, андынхаа эсрэг өгч болохгүй шүү, урьд өгсөн мэдүүлгээ худлаа гэж хэлээд тэр мэдүүлгийнхээ эсрэг мэдүүлэг өгөөч, би ээжийнхээ утсыг аваад ирсэн бичлэг хийе, намайг гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлэг өгчих би утсан дээрээ бичлэг хийе” зэрэг байдлаар өөрт ашигтай мэдүүлэг өгүүлэхээр гэрч нарыг ятгаж байсныг дурдах нь зүйтэй.

Мөн гэмт хэргийн талаар өргөдөл, гомдол, мөрдөгчийн тогтоол, санал, прокурорын тогтоол, хохирогчийн өгсөн мэдүүлэг, гэрчийн өгсөн мэдүүлэг, шүүгчийн захирамж зэрэгт гэмт хэрэг гарсан цаг хугацааг “2017 оны 5 дугаар сарын 26-30-ны хооронд” гэж зөрүүтэй бичигдсэн байгаа боловч Эрүүгийн хууль сануулан авсан хохирогч С.Мгийн удаа дараагийн мэдүүлэгт энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдийг нэрлэн зааж, гэмт хэрэг гарсан цаг хугацаа, үйлдлийн талаар тогтвортой мэдүүлсэн, эдгээр мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон төдийгүй эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна. Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг дахин шалгах шаардлагагүй, ач холбогдолгүй юм.

Харин шүүгдэгч А.Б нь давж заалдах гомдолдоо дурдсан “Хохирогч С.М нь улсын хилээр тээвэр хийхдээ автомашиндаа “Хар өвс” гэх хориотой зүйл тээвэрлэхийг завдсан” гэх асуудлыг эрх бүхий прокурорын байгууллага энэхүү мэдээллийн дагуу шалгах шаардлагатай болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч А.Б, өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

                                                                                       Ц. ОЧ