Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2019/00681

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Г

 

Хариуцагч: Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох

 

Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралын 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрүүл мэндийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 2.082.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.”““, түүний өмгөөлөгч Б.”““, хариуцагчийн төлөөлөгч Х.”““, түүний өмгөөлөгч Д.”““, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.”““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 онд Монгол улсын Багшийн ир сургуулийг биеийн тамир, эрүүл мэндийн багш мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшаар ажилд орсон. Ингээд биеийн тамирын багшаар ажиллаж байгаад 2017 онд 6 настайчуудын багш-аар, 2018 оны 9 дүгээр сараас эрүүл мэндийн багш-аар 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл ажилласан. Гэвч тус сургуулийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн тушаалаар намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан. Үүнийг тус өдөр тушаал гарснаар мэдсэн. Уг тушаалд ажлаас халсан үндэслэлдээ ... химийн багш В.”““ ажилдаа орох болсон тул түр ажиллаж байсан эрүүл мэндийн багш Б.”““ыг ажлаас чөлөөлсүгэй гэсэн байх бөгөөд миний бие Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд багш мэргэжлээр ажилд ороод 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 2 жил 7 сар ажиллаж байна. Хөдөлмөрийн тухай хуульд туршилтын хугацаа болон дагалдан ажиллуулах хугацаа нь 3 сар хүртэл хугацаагаар ажиллуулахыг зөвшөөрсөн байдаг. Хэрэв түр ажилтан гэж үзэж байсан бол өнөөдрийг хүртэл ажиллуулах шаардлага байгаагүй. В.”““ нь манай гэр бүлийн хүн бөгөөд тэрээр 2017 оны 9 дүгээр сарын 1-нээс тус сургуульд химийн багш мэргэжлээр ажиллаж байсан. Үүний дараа 2018 онд В.”““ жирэмсний амралтаа авсан бөгөөд энэ хугацаанд би өөрийн мэргэжлийн дагуу биеийн тамир, эрүүл мэндийн багшаар ажилласаар байсан. Дээрх нөхцөл байдлуудаас харахад В.”““гийн оронд түр ажиллаж байсан гэх ямар ч үндэслэлгүй болно. Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалсан захирлын Б/18 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, намайг хуучин ажлын байр болох эрүүл мэндийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 694,000 төгрөг, Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.”““ыг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байгаа тул Борнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын Б/18 тушаалыг хүчингүйд тооцуулж, биеийн тамирын багшаар нь эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байна

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.”““ нь Монгол улсын боловсролын их сургуулийг 2016 онд төгссөн. 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Борнуур сумын ерөнхий боловсролын сургуульд бие тамирын багшаар орсон. Ажилд орсноосоо хойш багш хүний ёс зүй болоод хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагаа зөрчиж байгаагүй. 2017 онд зургаан настангуудын багшаар ажилласан. Үүний дараагаар 2018 оны 09 дүгээр сараас эрүүл мэндийн багшаар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Гэвч 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гарсан тус сургуулийн захирал Б.”““гийн Б/18 тушаалаар үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гарсан Б/18 тушаалыг тухайн өдрөө мэдсэн. Уг тушаалд ажлаас халах үндэслэлээ химийн багш В.”““ нь ажилдаа эргэн орох болсон тул түр ажиллаж байсан эрүүл мэндийн багш Б.”““ыг ажлаас чөлөөлсүгэй гэсэн байдаг. Б.”““ нь Борнуур сумын ерөнхий боловсролын сургуульд багш мэргэжлээрээ ажилд ороод 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 2 жил 7 сарын хугацаанд ажилласан байдаг. Хөдөлмөрийн хуулинд зааснаар туршилтын хугацааг 3 сар хүртэл заасан байдаг. Б.”““ нь уг сургуульд ажилласнаас хойш 2 жил гаруй хугацаа өнгөрөөд байхад үндсэн ажилтнаар аваагүй, түр ажилтнаар ажилуулсаар өнөөдрийг хүрсэн. В.”““ нь Б.”““ын эхнэр бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тус сургуулийн химийн багшаар ажиллаж эхлээд 2018 онд жирэмсний амралтаа авсан. В.”““ нь ажилдаа эргэн орсон гэсэн үндэслэлээр халсан нь хууль бус тушаал гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ажилгүй байсан хугацааны цалин 2,082,000 төгрөгийг гаргуулж, Б.”““ захирлын Б/18 тушаалыг хүчингүй болгож, хуучин ажлын байр болох эрүүл мэндийн багшийн ажилд эгүлэн тогтоож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байгаа

 

Хариуцагчийн төлөөлөгч Х.”““ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд биеийн тамирын багшийн орон тоо гарсан. Ингээд сонгон шалгаруулалтаар 4 хүний хамт Б.”““ нь орсон. Тухайн үед Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын 305 дугаар тушаалаар багшлах эрхтэй байх ёстой гэсэн шаардлага байсан. Сонгон шалгаруулалтад орсон 4 багш нь бүгд багшлах эрхгүй байсан. Тухайн үедээ Б.”““ыг өмнө нь манай сургуульд дадлага хийж байсан, их итгэл зүтгэлтэйг бодоод Б.”““ыг биеийн тамирын багшаар ажилуулсан. Тухайн үед хөдөлмөрийн тухай хуулинд туршилтын хугацаа 6 сар байсан. 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлээд туршилтын хугацаа 3 сар болсон. Тэр үедээ Б.”““ын туршилтын хугацааг 6 сараар авсан. Б.”““ад өөрт нь чи багшлах эрхгүй тул 3 сард багшлах эрхийн шалгалтад ороорой гэж хэлж байсан, хоёр удаа багшлах эрхийн шалгалт болоход нэг нь дээр нь Б.”““ орж амжаагүй байсан, 8 сард болсон багшлах эрхийнхээ шалгалтанд тэнцээгүй. Тухайн үед зургаан настангийн багшийн сул орон тоо байсан учраас Б.”““ын зүтгэлийн үнэлээд, өөртөй нь зөвшилцөөд, өөрийн эрх үүргийн дагуу, энэ хүнийг ажилгүй байлгахгүйн тулд зургаан настны багшаар томилон ажилуулсан. Ингээд ажиллаж байх хугацаандаа Б.”““ нь багшлах эрхийнхээ шалгалтанд ороод тэнцсэн. 8 сард манай сургууль дээр дахин биеийн тамирын багшийн сонгон шалгаруулалт зарлагдсан. Сонгон шалгаруулалтанд орох хүн нь заавал өмнөх ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой учраас Б.”““ нь өөрийн хүсэлтээр өгөөд зургаан настаны багшийн ажлаас чөлөөлөгдөөд биеийн тамирын багшийн сонгон шалгаруулалтанд орсон. Сонгон шалгаруулалтанд 5 хүний хамт ороод Б.”““ нь 69,3 оноотойгоор 3 байранд жагсаад, Түмэнбаяр багш 79,6 оноотойгоор 1 дүгээр байранд орсноор Б.”““ нь ажилгүй болсон. В.”““ нь мөн багшлах эрхгүй байж байгаад 2017 онд ажилд орсон. Миний хувьд залуу хүмүүсийг дэмжиж ажилд оруулсан. В.”““ жирэмсний амралтаа аваад, 2018 оны 09 дүгээр сард химийн багшгүй болоод түр ажилтан авахаар хэд хэдэн удаа зар өгсөн боловч хүн ирээгүй. Ингээд боловсролын газрын мэргэжилтэн “““д хандаж манай сургууль химийн багшгүй байхгүй байна, ажиллах хүн байна уу гэхэд  “““ мэргэжилтэн ажилуулах хүн байхгүй байгаа учраас сургууль дотроо зохицуулалт хий, өмнө нь химийн багшаар ажиллаж байсан Оюун-Эрдэнэ багшийг ажилуулж болно гэж зөвлөсөн. Ингээд бид нар 09 сарын эхээр сургууль дотроо зохицуулалт хийхээр шийдвэр гаргасан. Химийн багшаар өмнө нь ажиллаж байсан Оюун-Эрдэнэ багшаар В.”““гийн оронд хими заалгаж, эрүүл мэндийн багш Хашчулуунаар биологийн хичээл заалгаж, эрүүл мэндийн багшаар Б.”““ыг түр ажилуулахаар өөртөй нь тохиролцоод ажилуулсан. Өөрөө мөн хүсэлт бичиж өгсөн, мөн түр хугацаагаар ажилуулъя гэсэн цохолтыг сургалтын менежерт хийж өгсөн. Ингээд сургалтыг менежер Б.”““ын хичээл заах цагийн зохицуулалтыг хийгээд 4 цаг дутаж байна гэдгийг мэдэгдсэн, ингээд сургалтын менежер Хишигбаяр бид хоорондоо харилцан тохиролцож, ярилцаад Б.”““ын14 цагийг 19 цаг болгохын тулд бага ангийн эрүүл мэндийн цагийг авч 19 цаг болгож өгсөн. Энэ үедээ Б.”““ад хэдиигээр чи эрүүл мэндийн багшаар түр ажиллаж байгаа ч гэсэн үндсэн нөхцөл шалтгаан бол В.”““ ажилдаа буцаж орох юм бол чи ажлаасаа чөлөөлөгдөнө гэдгийг тайлбарлаж ярилцаж байсан, өөрөө ч маш сайн ойлгож байгаа. 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би эрүүл мэндийн багш түр ажилд авах тушаалаа гаргасан. Б.”““ыг эрүүл мэндийн багшаар түр ажилд авсан гэдгийн шат шатандаа бүх хүмүүс мэдэж байгаа. Хими зааж байсан Оюун-Эрдэнэ багш нь би одоо химийн хичээл заах боломжгүй байна гэхээр нь В.”““г буцаад ажилд нь дуудсан. 04 дүгээр 01-ний өдөр В.”““ ажилдаа орсон учраас яалтчгүй химийн багш Оюун-Эрдэнэ нь буцаж биологийн хичээлээ зааж, биологи зааж байсан Хашчулуун багш нь буцаад эрүүл мэндийн хичэлээ зааж, Б.”““ыг ажлаас нь чөлөөлөх болсон. Харин ч Б.”““ыг 2 жил 7 сар залуу хүнийг дэмжиж, урамшуулах ёстой гэдэг үүднээс өдийг хүртэл ажилуулсан, Б.”““, В.”““ нар нь хоёулаа ажиллах эрхгүй байсан, залуу гэр бүлийг дэмжсэн нь ийм байдалд хүргэлээ гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч 2 жил гаруй ажилласан байхад түр ажилтнаар ажилуулаалсаар байсан гэсэн зүйлийг ярьж байна. энэ асуудал нь яригдах боломжгүй зүйл гэж үзэж байна. 2018 оны 08 дугаар сарын 22-ний өдөр өөрийн хүсэлтээрээ зургаан настангийн ажлаасаа чөлөөлөгдсөн, тэнд хөдөлмөрийн харилцаа дууссан. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дахин шинэ хөдөлмөрийн харилцаа эхэлж эрүүл мэндийн багшаар түр хугацаанд ажилд авсан. 2018 оны 08 дугаар сарын 22-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нь энд яригдах асуудал биш юм, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр түр ажилд авсан болон 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр түр ажлаас чөлөөлсөн гэх асуудлыг л ярих нь зүйтэй юм. Үүнд үндэслэлгүйгээр ажлаас халсан гэх зүйл харагдахгүй байгаа. Б.”““ захирлын гаргасан түр ажилд авсан тушаал болон ажлаас чөлөөлсөн тушаал нь ч хууль зүйн үндэслэл нь маш тодорхой байсан. Түр ажилд орсон гэдгээ Б.”““ өөрөө мэдэж байсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.3-д зааснаар Б.”““ыг түр хугацаагаар ажилуулсан нь ямар нэг байдлаар хууль зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.”““ нь Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрүүл мэндийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 694.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэхээр шаарджээ. /хх 1-2/,

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1.388.000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. /хх68-69/

 

Нэхэмжлэгч Б.”““ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 2.-д зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор, мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардах эрхтэй болно.

 

Б.”““ нь Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/18 дугаар тушаалыг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр мэдсэн, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гомдлоо шүүхэд ирүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гаргасан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтан 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж, энэ хугацааны цалин олговроо зохих журмаар авсан, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх 6, 12-14, 27-29/,

 

Ажил олгогч буюу Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.”““ нь 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/18 дугаар захирлын тушаалаар Жирэмсний амралттай байсан химийн багш “““ын “““ 2019 оны 4 дүгээр сарын 1-ээс эхлэн ажилдаа орох болсон гэсэн үндэслэлээр,

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн

Б.”““ыг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эрүүл мэндийн багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх 5/,

 

Нэхэмжлэгч Б.”““ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...миний бие Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд багш мэргэжлээр ажилд ороод 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 2 жил 7 сар ажиллаж байна. ...2018 онд В.”““ жирэмсний амралтаа авсан бөгөөд энэ хугацаанд би өөрийн мэргэжлийн дагуу биеийн тамир, эрүүл мэндийн багшаар ажилласаар байсан. ...В.”““гийн оронд түр ажиллаж байсан гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй,

 

Хариуцагч Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.”““ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ Миний хувьд залуу хүмүүсийг дэмжиж ажилд оруулсан. ...2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн Б/29 тоот Б.”““ыг түр ажиллуулах тухай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар үндэслэсэн байгаа. Уг тушаалыг гаргаж ажиллуулж эхлэх үед Б.”““ нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Б/14 дүгээр тушаалаар 6 настны туслах багшийн ажлаас чөлөөлөгдчихсөн байсан болно. Б.”““ нь өөрийн эхнэр химийн багш В.”““г жирэмсний амралттай байх хугацаанд эрүүл мэнд болон биологийн багш нар хими болон биологийн багшийн ажлыг орлон гүйцэтгэх хугацаанд эрүүл мэндийн багшийн ажлыг түр хийж байгаа гэдгээ мэдэж байсан ...үндсэн нөхцөл шалтгаан бол В.”““ ажилдаа буцаж орох юм бол чи ажлаасаа чөлөөлөгдөнө гэдгийг тайлбарлаж ярилцаж байсан, өөрөө ч маш сайн ойлгож байсан. Б.”““ыг эрүүл мэндийн багшаар түр ажилд авсан гэдгийн шат шатандаа бүх хүмүүс мэдэж байгаа. Хими зааж байсан Оюун-Эрдэнэ багш нь би одоо химийн хичээл заах боломжгүй байна гэхээр нь В.”““г буцаад ажилд нь дуудсан. 04 дүгээр 01-ний өдөр В.”““ ажилдаа орсон учраас яалтчгүй химийн багш Оюун-Эрдэнэ нь буцаж биологийн хичээлээ зааж, биологи зааж байсан Хашчулуун багш нь буцаад эрүүл мэндийн хичээл зааж, Б.”““ыг ажлаас нь чөлөөлөх болсон. Харин ч Б.”““ыг 2 жил 7 сар залуу хүнийг дэмжиж, урамшуулах ёстой гэдэг үүднээс өдийг хүртэл ажилуулсан, Б.”““, В.”““ нар нь хоёулаа ажиллах эрхгүй байсан, залуу гэр бүлийг дэмжсэн нь ийм байдалд хүргэлээ гэж үзэж байна. гэж тайлбарлаж маргаж байна.

 

Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.”““ нь /цаашид ажил олгогч гэх/ 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/18 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байна.

 

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачлагаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зохицуулсан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл, -ийн 38.1.2.-д ажил олгогч санаачилсан, 40 дүгээр зүйл Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах,-ийн 40.1.-д Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж тус тус заасан.

 

Ажил олгогч санаачлан 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/18 дугаар тушаалыг гаргаж ажилтанг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйлдэл, үйл явдал нь хэрэгт авагдсан болон зохигчдын шүүх хуралдаанд тайлбарласан тайлбараар тогтоогдож байх хэдий ч ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажилтанг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө хуульд заасан үндэслэлийг тушаалдаа заагаагүй байна.

Өөрөөр хэлбэл: Ажил олгогч санаачилгаараа хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажилтанг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д заасан үндэслэлийг баримталсан атлаа ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж буйгаа буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээс тохирох үндэслэлийг баримтлалгүйгээр ажилтанг чөлөөлсөн 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/18 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

 

Нэгэнт ажил олгогчоос гаргасан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэгч Б.”““ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Б.”““ыг Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн багшийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд: Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул дээрх захирамжийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

 

Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагын хувьд: Нэхэмжлэгч Б.”““ нь ажилгүй байсан хугацааны олговорт нийт 2.082.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг...-ыг олгоно гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан Б.”““ын 01249945 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт бичигдсэн байдал, Нийгмийн хамгаалалхөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү-д зааснаар тооцсон болно.

 

Түүний сарын дундаж цалинг тооцохдоо 01249945 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт бичигдсэн байдлыг үндэслэн хариуцагчаас 2.082.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох 2.082.000 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох байгууллагад төлж нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагын санхүүд үүрэг болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, мөн хариуцагч талаар татгалзлаа нотолж гаргаж өгсөн хх-4, 9-1438-39, 41-64 зэрэг талд авагдсан бичгийн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангахгүй байх тул эдгээр нотлох баримтыг үнэлээгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Төгсийн Боржигон овогт Батмөнхийн “““ыг Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.082.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.”““ад олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчид олгох 2.082.000 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох байгууллагад төлж нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ