Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 223/МА2019/00023

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 151/ШШ2019/00681 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч*******ийн захиралд холбогдох,

Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрүүл мэндийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 2.082.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Очирдоржийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 08 сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дагиймаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Очирдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр нар оролцов.

            Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2016 онд Монгол улсын Багшийн ир сургуулийг биеийн тамир, эрүүл мэндийн багш мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр*******ьд биеийн тамирын багшаар ажилд орсон. Ингээд биеийн тамирын багшаар ажиллаж байгаад 2017 онд “6 настангуудын багш”-аар, 2018 оны 9 дүгээр сараас “эрүүл мэндийн багш”-аар 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл ажилласан. Гэвч тус сургуулийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн тушаалаар намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан. Үүнийг тус өдөр тушаал гарснаар мэдсэн. Уг тушаалд ажлаас халсан үндэслэлдээ “... химийн багш В.Нансалмаа ажилдаа орох болсон тул түр ажиллаж байсан эрүүл мэндийн багш *******ыг ажлаас чөлөөлсүгэй” гэсэн байх бөгөөд миний бие Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд багш мэргэжлээр ажилд ороод 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 2 жил 7 сар ажиллаж байна. Хөдөлмөрийн тухай хуулинд туршилтын хугацаа болон дагалдан ажиллуулах хугацаа нь 3 сар хүртэл хугацаагаар ажиллуулахыг зөвшөөрсөн байдаг. Хэрэв түр ажилтан гэж үзэж байсан бол өнөөдрийг хүртэл ажиллуулах шаардлага байгаагүй. В.Нансалмаа нь манай гэр бүлийн хүн бөгөөд тэрээр 2017 оны 9 дүгээр сарын 1-нээс тус сургуульд химийн багш мэргэжлээр ажиллаж байсан. Үүний дараа 2018 онд В.Нансалмаа жирэмсний амралтаа авсан бөгөөд энэ хугацаанд би өөрийн мэргэжлийн дагуу биеийн тамир, эрүүл мэндийн багшаар ажилласаар байсан. Дээрх нөхцөл байдлуудаас харахад В.Нансалмаагийн оронд түр ажиллаж байсан гэх ямар ч үндэслэлгүй болно. Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалсан захирлын Б/18 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, намайг хуучин ажлын байр болох эрүүл мэндийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 694,000 төгрөг, Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Төгсийн Боржигон овогт Батмөнхийн Галбадрахыг*******ийн эрүүл мэндийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч*******иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.082.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчид олгох 2.082.000 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох байгууллагад төлж нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Очирдорж давж заалдах гомдолдоо: “*******ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий Боловсрольн сургуульд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 00681 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхээс "Ажил олгогч санаачлан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/18 дугаар тушаалыг гаргаж ажитанг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйлдэл, үйл явдал нь хэрэгт авагдсан болон зохигчдын шүүх хуралдаанд тайлбарласан тайлбараар тогтоогдож байх хэдий ч ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилтанг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө хуульд заасан үндэслэлийг тушаалдаа заагаагүй байна" гэсэн ба шүүхийн энэ дүгнэлт нь Ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх үндэслэл тогтоогдож байх боловч ажлаас чөлөөлөх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг бичээгүй учир Б/18 тоот тушаал нь Хөдөлмөрийн хуульд нийцээгүй гэх агуулгатай шийдвэр гаргаад байна.

Ажил олгогч нь Б/18 тоот тушаалд ажлаас чөлөөлөх үндэслэлээ "Жирэмсний амралттай байсан химийн багш Вандан-Очир овогтой Нансалмаа 2019 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн ажилдаа орох болсон тул түр ажиллаж байсан Батмөнх овогтой Галбадрахыг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эрүүл мэндийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй" гэж маш тодорхой, дэлгэрэнгүй заасан ба энэ нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй юм.

Өөрөөр хэлбэл 2018 оны 09 сарын 03-ны өдрийн Б/29 дугаартай тушаалд "Химийн багш жирэмсний амралттай тул биеийн тамирын багш Батмөнх овогтой Галбадрахыг 2018 оны 09 сарын 03-ны өдрөөс эхчэн эрүүл мэндийн багшаар түр ажлуулсугай" гэж заасан ба ажилтан ******* нь өөрийн эхнэр В.Нансалмааг жирэмсний амралттай байх хугацаанд нь түр ажил эрхэлж байснаа хүлээн зөвшөөрч, түүнийг ажилдаа эргэж орох үед ажлаас чөлөөлөгдөхөө мэдэж байсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3-т зааснаар *******тай тохиролцсоны дагуу түүнийг ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа хүнийг ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд ажлуулж байгаагаа Б/29 дугаартай тушаалд дурьдсан байна.

Хариуцагч тал Б/18 тоот тушаалд тушаал гаргахад шаардлагатай Хуулийн холбогдох заалтуудыг удирдлага болгосон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2-т заасныг дурьдсан зорилгоо "Хөдөлмөрийн хуулийн 23.2.3-т заасан хугацаа дууссан учир ажил олгогч санаачлага гарган хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох учиртай гэж ойлгон *******ыг ажлаас чөлөөлөх тушаалдаа уг заалтыг бичсэн" тухайгаа шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой тайлбарласан.

Ажилтныг ажлаас чөлөөлөх аливаа тушаалд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буй үндэслэлээ тодорхой дурьдсан байхыг шаарддаг ба Б/18 дугаартай тушаалд түр ажлуулж байсан хугацаа нь дуусч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлж байгаа үндэслэлийг маш тодорхой заасан гэж үзэж байна. Харин Хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй учир шүүхийн дүгнэж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-д заасан үндэслэлийн аль нэгийг дурьдах боломжгүй юм.

Нэгэнт хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэлээ тушаалдаа дэлгэрэнгүй дурьдсан байгаа, энэ тушаал нь тухайн ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй учир уг тушаалыг Хөдөлмөрийн хуульд нийцээгүй гэж дүгнэх нь буруу юм.

Шүүхийн шийдвэрийн дагуу *******ыг ажил эргүүлэн тогтоовол Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий Боловсрольш Сургуульд эрүүл мэндийн 1 багшийн орон тоонд 2 багш ажиллах хүндрэлтэй нөхцөл үүсэх ба Эрүүл мэндийн багшаар ажиллаж буй П.Хашчулуун багшийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөх нөхцөл үүсч болох юм.

Тиймээс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/18 дугаар тушаал нь ажилтны болон бусад этгээдийн эрх ашгийг хохироогоогүй, ажлаас чөлөөлж буй үндэслэл нь тодорхой бичигдсэн байх тул анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 00681 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан  үзлээ.

Анхан шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримтыг буруу тогтоосон, нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хуульд заасны дагуу бүрэн хэрэгжүүлж чадаагүй, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг  хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь *******ийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, “эрүүл мэндийн багш”-ийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 2.082.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл*******ийн захирал Х.Энхтуяа нь 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн Б/29 дүгээр тушаалд “..химийн багш жирэмсний амралттай тул ...*******ыг  2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн “эрүүл мэндийн багш”-аар түр  ажилуулсугай” гэсэн үндэслэл зааж *******ыг  ажилд авсан, уг тушаалын  4 дэх заалтын дагуу    мөн  өдөр талууд хөдөлмөрийн гэрээ  хугацаа заагаагүй  байгуулсан байна.   /хх-27-29, 110/,

Ажил олгогчийн  ажилтантай байгуулсан хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгосон  үндэслэлээ  2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/18 дугаар тушаалд “ Жирэмсний  амралттай байсан химийн багш ...2019 оны 4 дүгээр сарын 1-ээс эхлэн ажилдаа эргэн орох болсон тул түр ажиллаж байсан ...*******ыг эрүүл мэндийн багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй ” гэж тодорхойлжээ.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д  ажил, албан тушаал нь  хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг эргэж орох хүртэл хугацаагаар  хөдөлмөрийн гэрээ байгуулахаар заасан байна.

Үүнээс үзвэл ******* нь ажил олгогчийн “түр ажиллуулах тухай “2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн Б/29 дүгээр тушаалын дагуу ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан түр жирэмсний амралттай байгаа багшийн орон тоон дээр түүнийг ажилдаа эргэж орох  хүртэл хугацаагаар эрүүл мэндийн багшаар ажилласан, өөрөөр хэлбэл *******ын хувьд түр ажлын байранд ажилд орсон болох нь тогтоогдсон, байна.

Иймээс эзгүй байгаа ажилтан эргэн ажилдаа орсноор нэхэмжлэгч *******ын  түр ажиллах хугацаа дуусгавар болох ба хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдахгүй тул энэхүү нөхцөлд нэхэмжлэгчийг өмнөх ажил, ажил албан тушаалд эгүүлэн томилох хууль зүйн үндэслэлгүй болно.

Ажил олгогчоос хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгож байгаа үндэслэлээ ,маргаан бүхий акт болох 2019 оны 4 дүгээр сарын 1-ний  өдрийн Б/18 тоот тушаалдаа тодорхой заасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөрчсөн, хууль бус халалт гэж үзэхгүй бөгөөд анхан шатны шүүх “... ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажилтанг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө хуульд заасан үндэслэлийг тушаалдаа заагаагүй” гэж  хэлбэрийн талаас нь дүгнэсэн  нь үндэслэлгүй байна.  

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийг хангасан хэсгийг  хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулж,  хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь  зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4,  168 дугаар зүйлийн 168.1.1 –д заасныг баримтлан ТОГТООХ НЬ

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2019/00681 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-д заасныг баримтлан*******ийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, “эрүүл мэндийн багш”-ийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 2.082.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг  дурьдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.ӨРНӨДЭЛГЭР

 

 ШҮҮГЧИД                                                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                 Т.ЭНХМАА