Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00427

 

Б.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2019/00681 дүгээр шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 223/МА2019/00023 дугаар магадлалтай,

Б.Гын нэхэмжлэлтэй

Төв аймгийн Борнуур сумынЕБСд холбогдох

Төв аймгийн Борнуур сумын ЕБСийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрүүл мэндийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 2.082.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дагиймаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дагиймаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Очирдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 онд Монгол улсын Багшийн ир сургуулийг биеийн тамир, эрүүл мэндийн багш мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Борнуур сумынЕБСд биеийн тамирын багшаар ажилд орсон. Ингээд биеийн тамирын багшаар ажиллаж байгаад 2017 онд 6 настангуудын багш-аар, 2018 оны 9 дүгээр сараас эрүүл мэндийн багш-аар 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл ажилласан. Гэвч тус сургуулийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн тушаалаар намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан. Үүнийг тус өдөр тушаал гарснаар мэдсэн. Уг тушаалд ажлаас халсан үндэслэлдээ ... химийн багш В.Нансалмаа ажилдаа орох болсон тул түр ажиллаж байсан эрүүл мэндийн багш Б.Гыг ажлаас чөлөөлсүгэй гэсэн байх бөгөөд миний бие Борнуур сумынЕБСд багш мэргэжлээр ажилд ороод 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 2 жил 7 сар ажиллаж байна. Хөдөлмөрийн тухай хуулинд туршилтын хугацаа болон дагалдан ажиллуулах хугацаа нь 3 сар хүртэл хугацаагаар ажиллуулахыг зөвшөөрсөн байдаг. Хэрэв түр ажилтан гэж үзэж байсан бол өнөөдрийг хүртэл ажиллуулах шаардлага байгаагүй. В.Нансалмаа нь манай гэр бүлийн хүн бөгөөд тэрээр 2017 оны 9 дүгээр сарын 1-нээс тус сургуульд химийн багш мэргэжлээр ажиллаж байсан. Үүний дараа 2018 онд В.Нансалмаа жирэмсний амралтаа авсан бөгөөд энэ хугацаанд би өөрийн мэргэжлийн дагуу биеийн тамир, эрүүл мэндийн багшаар ажилласаар байсан. Дээрх нөхцөл байдлуудаас харахад В.Нансалмаагийн оронд түр ажиллаж байсан гэх ямар ч үндэслэлгүй болно. Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалсан захирлын Б/18 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, намайг хуучин ажлын байр болох эрүүл мэндийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 694,000 төгрөг, Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд биеийн тамирын багшийн орон тоо гарсан. Ингээд сонгон шалгаруулалтаар 4 хүний хамт Б.Г нь орсон. Тухайн үед Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын 305 дугаар тушаалаар багшлах эрхтэй байх ёстой гэсэн шаардлага байсан. Сонгон шалгаруулалтанд орсон 4 багш нь бүгд багшлах эрхгүй байсан. Тухайн үедээ Б.Гыг өмнө нь манай сургуульд дадлага хийж байсан, их итгэл зүтгэлтэйг бодоод Б.Гыг биеийн тамирын багшаар ажиллуулсан. Тухайн үед хөдөлмөрийн тухай хуулинд туршилтын хугацаа 6 сар байсан. 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлээд туршилтын хугацаа 3 сар болсон. Тэр үедээ Б.Гын туршилтын хугацааг 6 сараар авсан. Б.Гад өөрт нь чи багшлах эрхгүй тул 3 сард багшлах эрхийн шалгалтанд ороорой гэж хэлж байсан, хоёр удаа багшлах эрхийн шалгалт болоход нэг нь дээр нь Б.Г орж амжаагүй байсан, 8 сард болсон багшлах эрхийнхээ шалгалтанд тэнцээгүй. Тухайн үед зургаан настангийн багшийн сул орон тоо байсан учраас Б.Гын зүтгэлийн үнэлээд, өөртөй нь зөвшилцөөд, өөрийн эрх үүргийн дагуу, энэ хүнийг ажилгүй байлгахгүйн тулд зургаан настны багшаар томилон ажилуулсан. Ингээд ажиллаж байх хугацаандаа Б.Г нь багшлах эрхийнхээ шалгалтанд ороод тэнцсэн. 8 сард манай сургууль дээр дахин биеийн тамирын багшийн сонгон шалгаруулалт зарлагдсан. Сонгон шалгаруулалтанд орох хүн нь заавал өмнөх ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой учраас Б.Г нь өөрийн хүсэлтээр өгөөд зургаан настаны багшийн ажлаас чөлөөлөгдөөд биеийн тамирын багшийн сонгон шалгаруулалтанд орсон. Сонгон шалгаруулалтанд 5 хүний хамт ороод Б.Г нь 69,3 оноотойгоор 3 байранд жагсаад, Түмэнбаяр багш 79,6 оноотойгоор 1 дүгээр байранд орсноор Б.Г нь ажилгүй болсон. В.Нансалмаа нь мөн багшлах эрхгүй байж байгаад 2017 онд ажилд орсон. Миний хувьд залуу хүмүүсийг дэмжиж ажилд оруулсан. В.Нансалмаа жирэмсний амралтаа аваад, 2018 оны 09 дүгээр сард химийн багшгүй болоод түр ажилтан авахаар хэд хэдэн удаа зар өгсөн боловч хүн ирээгүй. Ингээд боловсролын газрын мэргэжилтэн Цэцэгээд хандаж манай сургууль химийн багшгүй байхгүй байна, ажиллах хүн байна уу гэхэд цэцэнээ мэргэжилтэн ажилуулах хүн байхгүй байгаа учраас сургууль дотроо зохицуулалт хий, өмнө нь химийн багшаар ажиллаж байсан Оюун-Эрдэнэ багшийг ажилуулж болно гэж зөвлөсөн. Ингээд бид нар 09 сарын эхээр сургууль дотроо зохицуулалт хийхээр шийдвэр гаргасан. Химийн багшаар өмнө нь ажиллаж байсан Оюун-Эрдэнэ багшаар В.Нансалмаагийн оронд хими заалгаж, эрүүл мэндийн багш Хашчулуунаар биологийн хичээл заалгаж, эрүүл мэндийн багшаар Б.Гыг түр ажиллуулахаар өөртэй нь тохиролцоод ажиллуулсан. Өөрөө мөн хүсэлт бичиж өгсөн, мөн түр хугацаагаар ажиллуулъя гэсэн цохолтыг сургалтын менежерт хийж өгсөн. Ингээд сургалтыг менежер Б.Галбалрахын хичээл заах цагийн зохицуулалтыг хийгээд 4 цаг дутаж байна гэдгийг мэдэгдсэн, ингээд сургалтын менежер Хишигбаяр бид хоорондоо харилцан тохиролцож, ярилцаад Б.Гын14 цагийг 19 цаг болгохын тулд бага ангийн эрүүл мэндийн цагийг авч 19 цаг болгож өгсөн. Энэ үедээ Б.Гад хэдийгээр чи эрүүл мэндийн багшаар түр ажиллаж байгаа ч гэсэн үндсэн нөхцөл шалтгаан бол В.Нансалмаа ажилдаа буцаж орох юм бол чи ажлаасаа чөлөөлөгдөнө гэдгийг тайлбарлаж ярилцаж байсан, өөрөө ч маш сайн ойлгож байгаа. 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би эрүүл мэндийн багш түр ажилд авах тушаалаа гаргасан. Б.Гыг эрүүл мэндийн багшаар түр ажилд авсан гэдгийн шат шатандаа бүх хүмүүс мэдэж байгаа. Хими зааж байсан Оюун-Эрдэнэ багш нь би одоо химийн хичээл заах боломжгүй байна гэхээр нь В.Нансалмааг буцаад ажилд нь дуудсан. 04 дүгээр 01-ний өдөр В.Нансалмаа ажилдаа орсон учраас яалтчгүй химийн багш Оюун-Эрдэнэ нь буцаж биологийн хичээлээ зааж, биологи зааж байсан Хашчулуун багш нь буцаад эрүүл мэндийн хичээлээ зааж, Б.Гыг ажлаас нь чөлөөлөх болсон. Харин ч Б.Гыг 2 жил 7 сар залуу хүнийг дэмжиж, урамшуулах ёстой гэдэг үүднээс өдийг хүртэл ажиллуулсан, Б.Г, В.Нансалмаа нар нь хоёулаа ажиллах эрхгүй байсан, залуу гэр бүлийг дэмжсэн нь ийм байдалд хүргэлээ гэж үзэж байна гэжээ.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2019/00681 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Төгсийн Боржигон овогт Батмөнхийн Б.Гыг Төв аймгийн Борнуур сумын ЕБСийн эрүүл мэндийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Төв аймгийн Борнуур сумын ЕБСиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.082.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчид олгох 2.082.000 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох байгууллагад төлж нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 223/МА2019/00023 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2019/00681 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-д заасныг баримтлан Төв аймгийн Борнуур сумын ЕБСийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрүүл мэндийн багш-ийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 2.082.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Б.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дагиймаа хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дахь хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь Б.Гын ажлаас халах тушаалд хуульд заасан үндэслэлийг зааж өгөөгүй байдаг бөгөөд энэ “Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй” шийдвэр юм. Харин Давж заалдах шатны шүүхээс гарсан “Магадлал”-ын хянах хэсэгт “Ажил олгогчоос хөдөлмөрийн харилцаа дуусгавар болж байгаа үндэслэлээ, маргаан бүхий акт болох 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/18 тоот тушаалдаа тодорхой заасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөрчсөн, хууль бус халалт гэж үзэхгүй...” гэж тайлбарлаж гол үндэслэлээ болгон шийдвэрээ гаргасан. Үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь: 1. Ажлаас халах тушаалыг эрх зүйн акт гэдгийг шүүх тодорхойлсон боловч уг эрх зүйн актад тавигдах шаардлагыг хангасан эсэхийг нягтлан шалгаагүй. Эрх зүйн акт гэдэг нь өөрөө хууль зүйн ямар нэгэн үр дагавар үүсгэж байгаа болон түүний үр дагаварт нөлөөлж байгаа, заавал биелэгдэх, шинжтэй мэдээллийг агуулсан байдаг. Хууль зүйн үр дагавар үүсгэж байгаа тул заавал хуульд үндэслэсэн байх шаардлагатай. Гэвч маргаан бүхий акт нь “Ажлаас халах үр” дагавар үүсгэж байгаа боловч ямар хууль тогтоомжийг үндэслэн халж байгаа нь тодорхой бус байх тул эрх зүйн актанд тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл баримталсан хуулийн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар заасан атлаа мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан яг ямар үндэслэл байгааг тодорхойлоогүй буюу тушаалын агуулга болон тушаалын хууль зүйн үндэслэл зөрүүтэй байдаг. 2. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал”-тай холбогдуулан гаргасан “Зөвлөмж”-ийн 3 дугаар зүйл 3.1 дэх хэсэгт “Ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Дээрхээс үзэхэд давж заалдах шатны шүүх нь “Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Г нь Төв аймгийн Борнуур сумын ЕБСийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, эрүүл мэндийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 2.082.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна.

Төв аймгийн Борнуур сумын ЕБСийн захирал 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар Б.Гыг эрүүл мэндийн багшаар ажилд авахдаа “жирэмсний амралттай” ажилтны оронд авсан тул хөдөлмөрийн гэрээний хугацаа үйл явдлаар буюу жирэмсний амралтаа авсан ажилтан ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар тодорхойлогдсон, ажилтан ажилдаа орох болсноор ажил олгогч 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар Б.Гыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримтыг давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлан дүгнэжээ.

Б.Гыг эрүүл мэндийн багшаар ажилд авахдаа жирэмсний амралтаа авсан химийн багшийн оронд гэж тушаалд заасан ба химийн багшийн орон тоонд тухайн сургуульд ажиллаж байгаа багш Г.Оюун-Эрдэнийг, Г.Оюун-Эрдэний оронд эрүүл мэндийн багш П.Хашчулууныг оруулж, эрүүл мэндийн багшаар Б.Гыг түр ажиллуулжээ. Ажил олгогчийн тушаалд Б.Гыг тодорхой хугацаагаар ажилд авсан агуулга тусгагдсан, энэ нь дээрх үйл баримтаар давхар тогтоогдсон байна.

Нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д заасан “ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг эргэж орох хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулах...” тухай зохицуулалтыг давж заалдах шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэжээ. Ажил олгогчийн тушаал үндэслэлгүй хуульд заасан шаардлагыг хангаагүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т  заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1.Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 223/МА2019/00023 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дагиймаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА