Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 509

 

 

 

 

 

 

 

 

 

М ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 103/ШШ2019/00022 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч БТд

 

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 33 388 308 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Пүрэвхүү

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэл, Б.Наранцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь эм, эмийн хэрэгслийн бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд БТтэй хамтран ажилласаар ирсэн. Тус эмнэлэг нь 2015 онд нийт 76 960 755 төгрөгийн үнэ бүхий эм, бараа бүтээгдэхүүн худалдан авсан байдаг. Барааны үнийг нэхэмжлэхээр эмнэлгийн тухайн үеийн захирал С.Энхбаяр манай ажилчид байгууллагын нэрээр танай байгууллагаас бараа захиалан авсан байна. Энэ асуудлыг эрүүгийн журмаар шийдвэрлэгдтэл эхний ээлжинд 18 763 615 төгрөгийг төлье гэсэн. Ингээд БТийн нягтлан бодогч Ж.Долгорханд, эм зүйч Ж.Оюунцэцэг нарыг эрүүгийн журмаар шалган Ж.Долгорханд нь 7 465 000 төгрөгийн, Ж.Оюунцэцэг нь 20 231 589 төгрөг, нийт 27 696 589 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон. Тэд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлэн өршөөлд хамрагдан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ хууль бус үйлдлийн улмаас 2 байгууллага дахин тооцоо нийлэх шаардлагатай болж 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлэхэд БТ нь 30 147 369 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гарч төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн баталгаа бичгээр гаргаж өгсөн. Мөн БТийн дээрх ажилчид учруулсан хохиролоосоо нийт 24 455 650 төгрөгийг төлсөн үлдэгдэл 3 240 939 төгрөгийг төлөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 33 388 308 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2015 оны эмийн үнийн дүнтэй шаардлагыг гаргасан боловч одоог хүртэл үнэ төлөгдөөгүй байгаа. Энэхүү төлбөр нь ямар учиртай вэ гэхээр 2015 оны 01 сарын байдлаар буюу 2014 оны үлдэгдэл төлбөр 19 000 000 төгрөг байсан. 2015 оны 01 дүгээр сараас 7 дугаар сар хүртэлх БТөөс нийт 76 960 760 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг захиалж авсан. 7 сар хүртэлх хугацаанд 55 176 127 төгрөгийг төлсөн. 2015 оны 7 сар хүртэл 76 960 760 төгрөгийн эм бараа нийлүүлсэн. Энэ хугацаанд БТд төлбөрөө төлөөгүй учраас холбогдох төлбөрийн нэхэмжлэлийг явуулж, 2015 онд 76 960 760 төгрөгийн төлөх шаардлагыг тавьж тухайн үед ажиллаж байсан БТийн холбогдох хүмүүс болон санхүүгийн албаны даргатай уулзалт хийж байсан. Гэтэл тухайн үед ажиллаж байсан С.Энхбаяр дарга манай данс тооцоо 76 960 760 төгрөгийн үнэ бүхий бараа материалын тооцоо гарахгүй байна. Мөн тухайн үед ажиллаж байсан Ж.Долгорханд, Ж.Оюунцэцэг нягтлан бодогч, эм зүйч нар хувиараа бараа бүтээгдэхүүнийг байгууллагын нэрээр захиалж завшсан асуудлыг эрүүгийн журмаар шалгуулах шаардлагатай байна гэсэн. Ингээд эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахад 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр прокурорын тогтоол гарч нийт 27 696 589 төгрөгийг дээрх хүмүүс хувьдаа завшсаныг тогтоож өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Ийм учраас өршөөлд хамрагдах хүсэлт гаргаж өршөөлийн хуулийн дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн байна. Уг асуудал үүсээд хоёр байгууллага 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлсэн. Тооцоо нийлэхэд 30 147 369 төгрөгийн тооцоотой болохыг хоёр талаасаа харилцан баталгаажуулсан. Үүний 3.321.268 төгрөг нь 2016 оны барааны мөнгө үлдэгдэл 26 826 101 төгрөг нь 2015 оны барааны төлбөрийн үлдэгдэл байсан. Бид 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тооцоо нийлсэн актыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад БТ 2016 оны 3 326 000 төгрөгийн төлбөрийг төлсөн юм билээ. Тэгэхээр 2016 оны төлбөрийг хасаад 26 826 469 төгрөг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд санхүүгийн бичиг баримтуудыг үндэслэн тооцоо нийлэхэд энэ тооцооллын дагуу 26 826 469 төгрөгийн дүн мөн адил гарсан. Ингээд БТөөс нийт 26 826 469 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна. Нийтдээ талууд харилцан тооцоо нийлж санхүүгийн баримтуудыг баталгаажуулаад энэхүү мөнгөн дүн гарч байгаа тул 26 826 469 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 30 147 369 төгрөгийн тооцоо нийлж үйлдсэн баримт нь тухайн үеийн М ХХК-ийн нягтлан бодогч н.Хонгорзул нь өөрийн биеэр манай байгууллага дээр ирж манай концерн Бишрэлт холдинг группийн харъяа юм. Ийм их авлагатай байгааг холдингруу хувь хүмүүс хөрөнгө завшсан, хуулийн байгууллагаар шийдүүлнэ гэж мэдээлж болохгүй байна, та арай өөрөөр бичиж өгөөч гэхээр нь М ХХК-ийн нягтлан бодогчтой ярилцаж байгаад уг баталгааг бичсэн болно. Үүнээс манай байгууллагын 2016 оны төлбөрийн үлдэгдэл 3 321 268 төгрөг байсныг 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төлсөн. Энэ үед Сүхбаатар дүүргийн цагдаа болон прокурор манайд ажиллаж байсан тооцооны нягтлан бодогч Ж.Долгорханд, эм зүйч Ж.Оюунцэцэг нарт холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад Ж.Долгорханд 7 465 000 төгрөгийг, эм зүйч Ж.Оюунцэцэг 20 231 589 төгрөгийг хариуцах ёстой болох нь тогтоогдсон юм. Тийм учраас 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар дахин тооцоо нийлж манай байгууллага төлбөрийн үлдэгдэлгүй болохыг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан. Тиймээс энэ төлбөрийг манай байгууллага биш Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Прокурорын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1658 дугаар тогтоолд Ж.Оюунцэцэг, Ж.Долгорханд нар нь өөрсдийн хэрэг үйлдсэнээ хуулийн байгууллагад хүлээн зөвшөөрч М ХХК-д учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн мөн гэрч М ХХК-ийн ажилтан Н.Мөнхтуяагийн мэдүүлэг зэргээс тогтоогдож байгаа тул Ж.Долгорханд, Ж.Оюунцэцэг нар төлөх ёстой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БТөөс 26 826 469 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 375 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БТөөс 26 826 469 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 292 082 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгон шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: М ХХК-ийн нэхэмжлэлтэй БТ хариуцагчтай 2 байгууллагын хоорондох худалдах худалдан авах гэрээний дагуу үүссэн 33 388 308 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 11-нд шүүх шийдвэрлэхдээ хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг хүндэтгэн үзэх шалтгаантай Улаанбаатар хотын Өргөө амаржих газарт хүндрэлтэй төрсөн хүүхдээ сахин асарч байх үеэр 1 тал буюу нэхзмжлэгч талыг байлцуулан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр миний охин төрөхөөр өвдлөө гэхээр нь Улаанбаатар луу таксигаар явж байхад шүүгчийн туслах манай бичиг хэрэг н.Долгорсүрэнгийн утсаар шүүх хурал болох тухай хэлэхэд би Улаанбаатарт явж байна охин төрөх гээд гэж хэлэхэд таны наад хувийн асуудал яасан дуусдаггүй юм, хувийн асуудлаа  зохицуулаач гэж хэлээд утсаа тасалсан, тэр өдөр охин  маань хүндрэлтэй төрөөд 1 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн 7 хоног эмнэлэгт охиноо сахисан тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан. Хэргийг хянан шийдвэрлэхдээ зөвхөн М ХХК-ийн борлуулалтын журналыг үндэслэн шийдвэрлэсэн, анхан шатны баримт болох борлуулатын падаан нь манай байгууллагын нэр дээр бичигдэж гарсан, уг баримтыг манай байгуулага хүлээн авч баталгаажсан эсэхийг хянан шалгаагүй, тухайн компанийн борлуулалтын ажилтаны бичсэн падаан журнал зэрэг нь хоорондоо таарч байгаа эсэхийг хянан үзээгүй, манай байгуулагад ирсэн бараа олгосон зарлагын падаануудын үнийн дүн зөрүүтэй байгаа зэргийг хянаж үзээгүй, 2016 оны 5 дугаар сард тооцоо нийлсэн актыг нотлох баримт болгосон боловч жилийн эцсээр 2 байгууллагын нягтлан бодогч нарын тооцоо нийлсэн актыг баримт болголгүй нэг талыг барин шийдвэрлэсэн байна. М ХХК-ийн анх нэхэмжилсэн үнийн дүн 33 000 000 төгрөг байсан. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тооцоо нийлсэн бөгөөд тооцоо нийлэхэд /манай байгууллагад тухайн үед эмийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.Долгорхандын авч ирж өгсөн М ХХК-тай хийсэн тооцоо нийлсэн акт гэх баримтаар/ 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд зөрүү гарсан. Ийнхүү зөрүүг тогтоон үзээд 2015 оны эмийн баримтыг шүүн үзхэд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд нийт 26 удаагийн татан авалтаар 36 148 440 төгрөгийн эмийг хүлээн авч эмчилгээ үйлчилгээндээ ашигласан байна. Харин эм импекс концерний борлуулалтын журналд дээрхи хугацаанд 35 удаа тус БТийн нэрээр борлуулалт хийсэн байх бөгөөд нийт үнийн 76 960 764 төгрөг байна. Энэ бүгдийг нягтлан харвал М ХХК-аас гарсан 9 удаагийн борлуулалт манай БТд ирээгүй мөн манай 8 удаагийн /2015.01.08, 2015.01.26, 2015.02.02, 2015.02.26, 2015.03.13, 2015.03.25, 2015.04.01, 2015.04.30, 2015.06.29-ний өдрүүдийн татан авалтын үнийн дүн/ татан авалтын үнийн дүнгээр М ХХК-аас ижил үнийн дүнгээр эмийн борлуулалт гараагүй байсан. М ХХК-ийн борлуулалтын журнал буюу түүвэр хүснэгтээс өөр баримт байхгүй тулган шалгах боломжгүй байсан тул удаа дараа нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангахаас татгалзсан. М ХХК-аас гарсан зарлагын баримтыг манайд ирүүлсэн /архивын эмийн баримтанд байгаа/ зарлагын баримттай тулган үзэх нэн шаардлагатай байсан. Иймд 2016 оны 08 сарын 23-ны өдрийн прокурорын тогтоосон төлбөрийн дүн, 2015 оны М ХХК -ийн нэхэмжилж буй төлбөр, манай ажилчдын завшсан хөрөнгийн дүн бүгд хоорондоо таарахгүй бөгөөд манай байгуулагад тухайн үед ирүүлсэн нийт 26 удаагийн зарлагын баримтаас өөр баримт байхгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг шүүх тодруулаагүй хариуцагч талд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй хариуцагчийн эрхийг эдлүүлээгүй шүүх хурал дээр мэтгэлцэх боломж олгоогүй гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэх хүсэлтийг хянан шийдвэрлэж өгнө үү. Тус БТ нь төрийн байгууллага учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

            Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч БТд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 33 388 308 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч тал “...манайд ажиллаж байсан тооцооны нягтлан бодогч Ж.Долгорханд, эм зүйч Ж.Оюунцэцэг нар 27 696 589 төгрөгийг завшсан болох нь эрүүгийн журмаар шалгахад тогтоогдсон учир байгууллага хариуцахгүй, ...2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар төлбөрийн үлдэгдэлгүй болохыг баталгаажуулсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ. /хх 22 дахь тал/

            Зохигчид тооцооны дүн дээр маргадаг бөгөөд хэрэгт 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 26 826 469 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг дуустал 30 147 369 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 0 төгрөгийн тооцооны үлдэгдлийн баталгааны баримтууд авагдсан байна. /хх 7, 24, 89 дэх тал / Уг баримтуудтай холбогдуулан хариуцагч нь тус байгууллагад ажиллаж байсан нягтлан бодогч Ж.Долгорханд, эм зүйч Ж.Оюунцэцэг, М ХХК-ийн ажилтан Н.Мөнхтуяа нараас гэрчийн мэдүүлэг авахуулах, мөн нэхэмжлэгчээс борлуулалтын падаан, тооцооны баталгаа, шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулахыг хүссэн. /хх 74-74, 144, 154 дэх тал/

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт хэргийн оролцогч гэрчээс мэдүүлэг авах тухай хүсэлт гаргах, зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь уг хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, өөрөө гаргах боломжгүй тохиолдолд нотлох баримт шүүхээр бүрдүүлүүлэх хүсэлт гаргах, хүсэлтийг үндэслэн шүүх мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлдэг.

            Гэтэл шүүх хариуцагчийн уг хүсэлтийг “...нэхэмжлэгч, хариуцагч байгууллагын нягтлан бодогч, төлөөлөгч нар хамтран тооцоо нийлсэн баримт болон тус шүүхэд уулзсан тэмдэглэл зэргийг шүүхэд ирүүлсэн...” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан зарчимд нийцээгүйн гадна мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. /хх 155 дахь тал/

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 103/ШШ2019/00022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч БТ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

           

                                      ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                 Ч.ЦЭНД