Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00026

 

 “М Э И КХХК-ний

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 103/ШШ2019/00022 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 509 дүгээр магадлалтай,

“М Э И КХХК-ний нэхэмжлэлтэй

БД-ийн ЭМТд холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 33 388 308 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбатын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсамбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М Э И КХХК нь эм, эмийн хэрэгслийн бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд БД-ийн ЭМТтэй хамтран ажилласаар ирсэн. Тус эмнэлэг нь 2015 онд нийт 76 960 755 төгрөгийн үнэ бүхий эм, бараа бүтээгдэхүүн худалдан авсан байдаг. Барааны үнийг нэхэмжлэхээр эмнэлгийн тухайн үеийн захирал С.Энхбаяр манай ажилчид байгууллагын нэрээр танай байгууллагаас бараа захиалан авсан байна. Энэ асуудлыг эрүүгийн журмаар шийдвэрлэгдтэл эхний ээлжинд 18 763 615 төгрөгийг төлье гэсэн. Ингээд БД-ийн ЭМТийн нягтлан бодогч Ж.Д, эм зүйч Ж.О нарыг эрүүгийн журмаар шалган Ж.Д нь 7 465 000 төгрөгийн, Ж.О нь 20 231 589 төгрөг, нийт 27 696 589 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон. Тэд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлэн өршөөлд хамрагдан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ хууль бус үйлдлийн улмаас 2 байгууллага дахин тооцоо нийлэх шаардлагатай болж 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлэхэд БД-ийн ЭМТ нь 30 147 369 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гарч төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн баталгаа бичгээр гаргаж өгсөн. Мөн БД-ийн ЭМТийн дээрх ажилчид учруулсан хохирлоосоо нийт 24 455 650 төгрөгийг төлсөн үлдэгдэл 3 240 939 төгрөгийг төлөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 33 388 308 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2015 оны эмийн үнийн дүнтэй шаардлагыг гаргасан боловч одоог хүртэл үнэ төлөгдөөгүй байгаа. Энэхүү төлбөр нь ямар учиртай вэ гэхээр 2015 оны 01 сарын байдлаар буюу 2014 оны үлдэгдэл төлбөр 19 000 000 төгрөг байсан. 2015 оны 01 дүгээр сараас 7 дугаар сар хүртэлх БД-ийн ЭМТөөс нийт 76 960 760 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг захиалж авсан. 7 сар хүртэлх хугацаанд 55 176 127 төгрөгийг төлсөн. 2015 оны 7 сар хүртэл 76 960 760 төгрөгийн эм бараа нийлүүлсэн. Энэ хугацаанд БД-ийн ЭМТд төлбөрөө төлөөгүй учраас холбогдох төлбөрийн нэхэмжлэлийг явуулж, 2015 онд 76 960 760 төгрөгийн төлөх шаардлагыг тавьж тухайн үед ажиллаж байсан БД-ийн ЭМТийн холбогдох хүмүүс болон санхүүгийн албаны даргатай уулзалт хийж байсан. Гэтэл тухайн үед ажиллаж байсан С.Энхбаяр дарга манай данс тооцоо 76 960 760 төгрөгийн үнэ бүхий бараа материалын тооцоо гарахгүй байна. Мөн тухайн үед ажиллаж байсан Ж.Д, Ж.О нягтлан бодогч, эм зүйч нар хувиараа бараа бүтээгдэхүүнийг байгууллагын нэрээр захиалж завшсан асуудлыг эрүүгийн журмаар шалгуулах шаардлагатай байна гэсэн. Ингээд эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахад 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр прокурорын тогтоол гарч нийт 27 696 589 төгрөгийг дээрх хүмүүс хувьдаа завшсаныг тогтоож өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Ийм учраас өршөөлд хамрагдах хүсэлт гаргаж өршөөлийн хуулийн дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн байна. Уг асуудал үүсээд хоёр байгууллага 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлсэн. Тооцоо нийлэхэд 30 147 369 төгрөгийн тооцоотой болохыг хоёр талаасаа харилцан баталгаажуулсан. Үүний 3.321.268 төгрөг нь 2016 оны барааны мөнгө үлдэгдэл 26 826 101 төгрөг нь 2015 оны барааны төлбөрийн үлдэгдэл байсан. Бид 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тооцоо нийлсэн актыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад БД-ийн ЭМТ 2016 оны 3 326 000 төгрөгийн төлбөрийг төлсөн юм билээ. Тэгэхээр 2016 оны төлбөрийг хасаад 26 826 469 төгрөг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд санхүүгийн бичиг баримтуудыг үндэслэн тооцоо нийлэхэд энэ тооцооллын дагуу 26 826 469 төгрөгийн дүн мөн адил гарсан. Ингээд БД-ийн ЭМТөөс нийт 26 826 469 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна. Нийтдээ талууд харилцан тооцоо нийлж санхүүгийн баримтуудыг баталгаажуулаад энэхүү мөнгөн дүн гарч байгаа тул 26 826 469 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 30 147 369 төгрөгийн тооцоо нийлж үйлдсэн баримт нь тухайн үеийн “М Э И КХХК-ийн нягтлан бодогч н.Хонгорзул нь өөрийн биеэр манай байгууллага дээр ирж манай концерн Бишрэлт холдинг группийн харъяа юм. Ийм их авлагатай байгааг холдингруу хувь хүмүүс хөрөнгө завшсан, хуулийн байгууллагаар шийдүүлнэ гэж мэдээлж болохгүй байна, та арай өөрөөр бичиж өгөөч гэхээр нь “М Э И КХХК-ийн нягтлан бодогчтой ярилцаж байгаад уг баталгааг бичсэн болно. Үүнээс манай байгууллагын 2016 оны төлбөрийн үлдэгдэл 3 321 268 төгрөг байсныг 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төлсөн. Энэ үед Сүхбаатар дүүргийн цагдаа болон прокурор манайд ажиллаж байсан тооцооны нягтлан бодогч Ж.Д, эм зүйч Ж.О нарт холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад Ж.Д 7 465 000 төгрөгийг, эм зүйч Ж.О 20 231 589 төгрөгийг хариуцах ёстой болох нь тогтоогдсон юм. Тийм учраас 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар дахин тооцоо нийлж манай байгууллага төлбөрийн үлдэгдэлгүй болохыг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан. Тиймээс энэ төлбөрийг манай байгууллага биш Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Прокурорын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1658 дугаар тогтоолд Ж.О, Ж.Д нар нь өөрсдийн хэрэг үйлдсэнээ хуулийн байгууллагад хүлээн зөвшөөрч “М Э И КХХК-д учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн мөн гэрч “М Э И КХХК-ийн ажилтан Н.Мөнхтуяагийн мэдүүлэг зэргээс тогтоогдож байгаа тул Ж.Д, Ж.О нар төлөх ёстой гэжээ.

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 103/ШШ2019/00022 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БД-ийн ЭМТөөс 26 826 469 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М Э И КХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 375 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БД-ийн ЭМТөөс 26 826 469 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 292 082 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М Э И КХХК-д олгон шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 509 дүгээр магадлалаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 103/ШШ2019/00022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч БД-ийн ЭМТ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат хяналтын гомдолдоо: Шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан магадлалыг эс зөвшөөрч тус хэргийн нэхэмжлэгч талаас дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс “Зохигчид тооцооны дүн дээр маргадаг бөгөөд хэрэгт 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 26 826 469 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг дуустал 30 147 369 төгрөг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 0 төгрөгийн тооцсны үлдэгдлийн баталгааны баримтууд авагдсан. Уг баримтуудтай холбогдуулан хариуцагч нь тус байгууллагад ажиллаж байсан нягтлан бодогч, эм зүйч Ж.О, “М Э И К” ХХК-ийн ажилтан Н.Мөнхтуяа нараас гэрчийн мэдүүлэг авахуулах, мөн нэхэмжлэгчээс борлуулалтын падаан, тооцооны баталгаа, шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулахыг хүссэн. Гэтэл шүүх хариуцагчийн уг хүсэлтийг “...нэхэмжлэгч, хариуцагч байгууллагын нягтлан бодогч, төлөөлөгч нар хамтран тооцоо нийлсэн баримт болон тус шүүхэд уулзсан тэмдэглэл зэргийг шүүхэд ирүүлсэн...” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.3-т заасан зарчимд нийцэхгүйн гадна мөн хуулийн 168.1.3-д заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь хариуцагч талаас хэрэгт авагдсан нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг анхаараагүй, хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд оролцсон байдал, удаа дараагийн илэрхийлсэн тайлбар, байр суурь нь зөрчилддөг зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хариуцагчийн 2015 оны төлбөрийн 26 826 461 төгрөг болох нь тогтоогдож байхад хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлсэнгүй, үндэслэлтэй шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Үүнд: Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эрхээ хэрэгжүүлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, сунжруулах байдлаар оролцсон. Тухайлбал, өмгөөлөгчөөс мэргэжлийн хууль зүйн туслалцаа авна гэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргадаг ч үнэн хэрэгтээ өмгөөлөгч авдаггүй, давж заалдах шатны шүүх дээр ч энэ байдал давтагдсан. Хоёр төлөөлөгч томилчихоод нэгнээс нь татгалзаж, нөгөөг нь БНД-ийн эрүүл мэндийн төв өөрсдөө өвчтэй гэсэн тодорхойлолт гарган шүүх хуралдааныг хүртэл хойшлуулж ирсэн. Өмнө нь шүүх хуралдаан болж дээрх байдлаар удаа дараа хойшлоход нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаагүй, шинээр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаан заагаагүй, энэхүү хүсэлтээ ч дэмжиж шүүх хуралдаан ирээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.1-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаан”-гүй байсан тул хүлээн авах үндэслэл байгаагүй юм. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих үүргээ биелүүлээгүй явдлыг “хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн” зөрчил гэж үзэх үндэслэл болохгүй атал давж заалдах шатны шүүх ийм алдаатай дүгнэлт хийсэн. 2. Хэргийн 57-59, 64-65, 66 дугаар талуудад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад Ж:Ж.Оээс авсан 2015.09.09-ний өдрийн, 2015.09.24-ний өдрийн, 2015.12.10-ны өдрийн тайлбар мэдүүлэг, хэргийн 60-61, 64-65, 67-68 талуудад Ж.Даас авсан 2015.09.09-ний өдрийн, 2015.09.28-ны өдрийн, 2015.10.15-ны өдрийн 2015.11.10-ны өдрийн тайлбар, мэдүүлэгүүд авагдсан. Эдгээр нотлох баримтууд нь тухайн цаг хугацаанд, хууль тогтоомжийн дагуу авагдсан нотлох баримтын шаардлага хангахуйц баримт байхад заавал эдгээр хүмүүсийг шүүх гэрчээр дуудаж мэдүүлэг авах үндэслэл байгаагүй, энэхүү хүсэлтээ ч дэмжиж шүүх хуралдаанд ирээгүй. 3. “М Э И КХХК нь БД-ийн ЭМТийн ерөнхий нягтлан бодогч буюу энэхүү хэрэгт төлөөлөгчөөр оролцож буй Б.Наранцэцэгтэй 2016.05.13-ны өдөр 2015, 2016 онуудын төлбөр тооцоог нийлж Багануур дүүргийн эрүүл мэндийн нэгдэл нийт 30 147 369 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болохыг тооцоо нийлж актаар баталгаажуулсан. (Хэргийн 7 дугаар тал). Энэхүү 30 147 369 төгрөгний, 26 826 101 төгрөг нь 2015 оны тооцооны үлдэгдэл, 3 321 268 төгрөг нь 2016 оны тооцооны үлдэгдэл болохыг баталгаажуулж төлөх хугацааг баталгаажуулсан байдаг. (Хэргийн 8 дугаар тал.) Энэ нь ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018.11.23-ны өдөр талуудын нягтлан бодогч нарын хийсэн тооцоогоор 2015 оны үлдэгдэл 26 826 461 төгрөг төлөгдөөгүй болохыг хүлээн зөвшөөрсөн. Дээрх байдлаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн үндэслэлтэй  байна.

Магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч “М Э И КХХК нь хариуцагч БД-ийн ЭМТд холбогдуулан анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “...хариуцагч нь 2015 онд нийт 76 960 755 төгрөгийн эм, бараа бүтээгдэхүүн худалдаж авсан... тус байгууллагын 2 ажилтан 27 696 589 төгрөгийн бараа завшсан асуудал эрүүгийн журмаар хянагдаж байсан бөгөөд үүний улмаас 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлэхэд 30 147 693 төгрөг болсон, уг төлбөрийг гаргуулж өгнө үү...” гэсэн нэхэмжлэлийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...хариуцагч байгууллагын ажилчид эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа 24 455 650 төгрөгийг төлж, үлдэх 3 240 939 төгрөгийг төлөөгүй тул нэмж 33 388 308 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ багасгаж,  “...дахин тооцоо нийлэхэд хариуцагч 2016 оны 3 326 000 төгрөгийг төлсөн байх тул хасч 26 826 469 төгрөгийг гаргуулж өгнө үү .” гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээ багасгасан, нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдсөн байгааг анхаараагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах баримт буюу 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацааны үлдэгдэл 30 147 369 төгрөг, 2015 оны 01 сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны үлдэгдэл 26 826 469 төгрөг гэсэн хоёр байгууллагын хоорондын тооцоо нийлсэн баримтаар тодорхойлсон боловч хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар төлбөрийн үлдэгдэлгүй болохыг баталгаажуулж, үүрэг дуусгавар болсон, харин 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацааны үлдэгдэл 30 147 369 төгрөг гэх тооцоог нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогчийн гуйлтаар хийсэн гэж маргажээ.

БД-ийн ЭМТийн тооцооны нягтлан бодогч Ж.Д, эм зүйч Ж.О нар 27 696 589 төгрөгийг завшсан гэмт хэрэгт эрүүгийн журмаар шалгагдсан, 24 455 650 төгрөгийг “М Э И КХХК-д төлсөн байх ба уг төлбөрийг тооцоо нийлсэн баримтад хамруулах эсэх, эсвэл тооцооноос гадна гэж үзэх эсэх нь тодорхой бусаас гадна “...хоёр байгууллагын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар төлбөрийн үлдэгдэлгүй болохыг баталгаажуулсан...” баримт, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүх дээр дахин тооцоо нийлсэн гэх баримтыг харьцуулан дүгнэлт хийх боломжгүй байна.

Энэ талаар дүгнэхийн тулд 2 байгууллага нь нийлүүлсэн бүх барааны тооцоо, барааны үнийн төлөлтийг тулгах шаардлагатай бөгөөд энэ талаарх нотлох баримт бүрдүүлэх тухай хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн ажиллагаа оновчтой болоогүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Хэргийн нөхцөл байдал тодорхой бус нөхцөлд шүүх хууль хэрэглээний асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 509 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар 2019 оны 04 сарын 09-ний өдөр нэхэмжлэгчээс төлсөн 292 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                          ШҮҮГЧ                                                   П.ЗОЛЗАЯА