Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 22

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... дүүргийн 3 дугаар хороонд байрлах “............. ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүрэг, Д.Нацагдоржийн гудамжид байрлах, ............. төвд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 33.388.308 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ч.Ц, нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Б.П-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь

 Нэхэмжлэгч “............. ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .... ХХК нь эм, эмийн хэрэгслийн бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ..... хамтран ажилласаар ирсэн. Тус эмнэлэг нь 2015 онд нийт 76.960.755 төгрөгийн үнэ бүхий эм, бараа бүтээгдэхүүн худалдан авсан байдаг. Барааны үнийг нэхэмжлэхээр эмнэлгийн тухайн үеийн захирал С.Э- манай ажилчид байгууллагын нэрээр танай байгууллагаас бараа захиалан авсан байна. Энэ асуудлыг эрүүгийн журмаар шийдвэрлэгдтэл эхний ээлжинд 18.763.615 төгрөгийг төлье гэсэн. Ингээд ....төвийн нягтлан бодогч Ж.Д-, эм зүйч Ж.О- нарыг эрүүгийн журмаар шалган Ж.Д- нь 7.465.000 төгрөгийн, Ж.О- нь 20.231.589 төгрөг нийт 27.696.589 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон. Тэд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлэн өршөөлд хамрагдан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ хууль бус үйлдлийн улмаас 2 байгууллага дахин тооцоо нийлэх шаардлагатай болж 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлэхэд ........ төв- нь 30.147.369 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гарч төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн баталгаа бичгээр гаргаж өгсөн. Мөн ........ төв-ийн дээрх ажилчид учруулсан хохиролоосоо нийт 24.455.650 төгрөгийг төлсөн үлдэгдэл 3.240.939 төгрөгийг төлөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагаа  нэмэгдүүлж нийт 33.388.308 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “............. ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ч.Ц шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “............. ХХК нь эм, эмнэлгийн хэрэгслийн бөөний худалдаа эрхэлдэг компани юм. 2014 оноос хойш Нийслэлийн Эрүүл мэндийн төвийн ............. төвд тендерт ялж гэрээ байгуулсан. Гэрээний дагуу эм, эмнэлгийн хэрэгслийг захиалгын дагуу нийлүүлж ирсэн. Ингээд 2015 оны эмийн үнийн дүнтэй шаардлагыг гаргасан боловч одоог хүртэл үнэ төлөгдөөгүй байгаа. Энэхүү төлбөр нь ямар учиртай вэ гэхээр 2015 оны 1 сарын байдлаар буюу 2014 оны үлдэгдэл төлбөр 19.000.000 төгрөг байсан. 2015 оны 1 дүгээр сараас 7 дугаар сар хүртэлх ........ төв-өөс нийт 76.960.760 төгрөгний эм, эмнэлгийн хэрэгслийг захиалж авсан. 7 сар хүртэлх хугацаанд 55.176.127 төгрөгийг төлсөн. 2015 оны 7 сар хүртэл 76.960.760 сая төгрөгийн эм бараа нийлүүлсэн. Энэ хугацаанд ............. төвд төлбөрөө төлөөгүй учраас холбогдох төлбөрийн нэхэмжлэлийг явуулж, 2015 онд 76.960.760 төгрөгийн төлөх шаардлагыг тавьж тухайн үед ажиллаж байсан ........ төв-ийн холбогдох хүмүүс болон санхүүгийн албаны даргатай уулзалт хийж байсан. Гэтэл тухайн үед ажиллаж байсан Э- дарга манай данс тооцоо 76.960.760 төгрөгийн үнэ бүхий бараа материалын тооцоо гарахгүй байна. Мөн тухайн үед ажиллаж байсан Д-, О- нягтлан бодогч, эм зүйч нар хувиараа бараа бүтээгдэхүүнийг байгууллагын нэрээр захиалж завшсан асуудлыг эрүүгийн журмаар шалгуулах шаардлагатай байна гэсэн. Ингээд эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахад 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр прокурорын тогтоол гарч нийт 27.696.589 төгрөгийг дээрх хүмүүс хувьдаа завшсаныг тогтоож өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Ийм учраас өршөөлд хамрагдах хүсэлт гаргаж өршөөлийн хуулийн дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн байна. Уг асуудал үүсээд хоёр байгууллага 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлсэн. Тооцоо нийлэхэд 30.147.369 төгрөгийн тооцоотой болохыг хоёр талаасаа харилцан баталгаажуулсан. Үүний 3.321.268 төгрөг нь 2016 оны барааны мөнгө үлдэгдэл 26.826.101 төгрөг нь 2015 оны барааны төлбөрийн үлдэгдэл байсан. Бид 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тооцоо нийлсэн актыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ........ төв- 2016 оны 3.326.000 төгрөгийн төлбөрийг төлсөн юм билээ. Тэгэхээр 2016 оны төлбөрийг хасаад 26.826.469 төгрөг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд санхүүгийн бичиг баримтуудыг үндэслэн тооцоо нийлэхэд энэ тооцооллын дагуу 26.826.469 төгрөгийн дүн мөн адил гарсан. Ингээд ........ төв-өөс нийт 26.826.469 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна. Нийтдээ талууд харилцан тооцоо нийлж санхүүгийн баримтуудыг баталгаажуулаад энэхүү мөнгөн дүн гарч байгаа тул 26.826.469 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж  нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

            Хариуцагч ........ төв-өөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр   30.147.369 төгрөгийн тооцоо нийлж үйлдсэн баримт нь тухайн үеийн МЭИКонцерний нягтлан бодогч Хонгорзул нь өөрийн биеэр манай байгууллага дээр ирж манай концерн “Бишрэлт холдинг” группийн харъяа юм. Ийм их авлагатай байгааг холдингруу хувь хүмүүс хөрөнгө завшсан, хуулийн байгууллагаар шийдүүлнэ гэж мэдээлж болохгүй байна, та арай өөрөөр бичиж өгөөч гэхээр нь ......... нягтлан бодогчтой ярилцаж байгаад уг баталгааг бичсэн болно. Үүнээс манай  байгууллагын 2016 оны төлбөрийн үлдэгдэл       3.321.268 төгрөг байсныг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлсөн. Энэ үед Сүхбаатар дүүргийн цагдаа болон прокурор манайд ажиллаж байсан тооцооны нягтлан бодогч Ж.Д-, эм зүйч Ж.О- нарт холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад Ж.Д- 7.465.000 төгрөгийг, эм зүйч Ж.О- 20.231.589 төгрөгийг хариуцах ёстой болох нь тогтоогдсон юм. Тийм учраас 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар дахин тооцоо нийлж  манай байгууллага төлбөрийн үлдэгдэлгүй болохыг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан. Тиймээс энэ төлбөрийг манай байгууллага биш Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Прокурорын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1658 дугаар тогтоолд Ж.О-, Ж.Д- нар нь өөрсдийн хэрэг үйлдсэнээ хуулийн байгууллагад хүлээн зөвшөөрч “............. ХХК-д учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн мөн гэрч “............. ХХК-ийн ажилтан Н.Мөнхтуяагийн мэдүүлэг зэргээс тогтоогдож байгаа тул Ж.Д-, Ж.О- нар төлөх ёстой гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 Нэхэмжлэгч “............. ХХК нь харицагч ........ төв-өөс худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 30.147.369 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018.11.01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 3.240.939 төгрөгөөр нэмэгдүүлж 33.388.308 төгрөг нэхэмжилжээ. /хх-43-44/

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  тооцоо нийлсэн актын үнийн дүнг үндэслэж 26.826.469 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.

Хариуцагч ........ төв- нь “хариуцагчийн борлуулалтын үнийн дүн зөрүүтэй, манай байгууллагад ажиллаж байсан Ж.Д-, Ж.О- нар гэм буруутай үйлдлээр “............. ХХК-д хохирол учруулсан тул Ж.Д-, Ж.О- нар хохирлыг хариуцана, 2016.12.31-ний байдлаар манайх тооцоо нийлсэн актаар ямар ч төлбөргүй байсан болно” гэсэн хариу тайлбарыг ирүүлж маргаж байна. /хх-22-24/

   Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.  

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч  ............. төвд нэхэмжлэгч “............. ХХК нь эм, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх үүргийг хүлээж, худалдан авагч нь төлбөрийг төлөх үүргийг  тус тус хүлээсэн байна.

Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн нягтлан бодогч Ж.Д-, эм зүйч Ж.О- нар нь бүлэглэн 2015.01.01-ний өдрөөс 2015.05.01-ний өдрийг хүртэлж хугацаанд ........ төв-ийн нэрээр хямдралтай худалдаа хийж Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, улмаар Өршөөл үзүүлэх тухай 2015.08.11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн талаарх Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол хэрэгт авагдсан байна. /хх-9/

    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгө нь дээрх 2 этгээдийн гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирол бус талуудын  хооронд үүссэн эм, бараа материал худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардсан байна гэж үзэхээр байна.

    Иймд шүүх талуудын хооронд үүссэн гэрээний маргааныг шийдвэрлэж байгаа учраас нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хавтаст хэргийн 37-42 дугаар хуудсанд авагдсан гэрчийг байцаасан тэмдэглэл, нэхэмжлэгч талын хүсэлтээр нотлох баримтаар шаардан гаргуулсан хавтаст хэргийн 56-73 хуудсанд авагдсан Ж.Д-, Ж.О- нарт холбогдох эрүүгийн хэрэгт бүрдүүлсэн, хэргийн материалиаас авсан баримтуудыг гэрээний үүргийн маргаанд хамааралгүй гэсэн үндэслэлээр нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

   Хариуцагч  нь өөрийн татгалзлыг нотолж 2018  оны 10  сарын 24 ний өдөр 2016 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар талуудын хооронд ямар нэгэн өр авлагагүй гэх “Тооцооны үлдэгдлийн баталгааг” гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн атлаа  2018 оны 11 сарын 23-ны өдөр нэхэмжлэгч болон хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нягтлан бодогч нар уулзаж анхан шатны баримтаа тооцож тулган 26.826.469 төгрөгийг  хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцжээ. /хх-80-83/

Шүүх үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой хэмжээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болохоор байх бөгөөд санхүүгийн эрх бүхий этгээд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тооцоо нийлсэн актыг үндэслэн 26.826.469 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

         Хариуцагч байгууллага нь 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 514 тоот албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ээс татгалзаж, Нийслэлийн эрүүл мэндын газрын захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б- О-ийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэв гэсний дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг болон нөлөөллийн мэдүүлэг танилцуулахаар шүүхээс удаа дараа дуудсан боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй.

        Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, Б.Одгэрэл нарт 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цагт болох шүүх хуралдааны товыг 2019 оны 01 сарын 8-ны өдөр утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагчийг оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 , 71.2 дахь хэсэгт зааснаар шүүх иргэний хэрэг үүсгэснээс хойш 60 хоног, дээрх хугацааг шүүгчдийн зөвлөлгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болохоор заасан байна.

Энэ хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2018.10.10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш бүтэн 3 сар гаруй хугацаанд явагджээ.

Дээрх хугацаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр өмгөөлөгч авах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч солих, хэргийн материалтай танилцах, эмнэлгийн акттай гэх үндэслэлээр 3 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Иймээс хариуцагчийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх нь цаг хугацааны хувьд хангалттай байсан боловч энэ эрхээ өөрсдөө хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

   Хариуцагч байгууллагаас ирүүлсэн бараа материалын борлуулалт гэсэн нэр бүхий 26 хуудас баримт нь зөвхөн нэхэмжлэгч байгууллагын гарын үсэг, тэмдэгтэй хүлээж авсан талаар гарын үсэг, тэмдэг дарагдаагүй баримтыг тухайн эм, бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн баримт гэж үзэх боломжгүй /хх-106-132/, мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийн гэрээ нь 2015 оын 5 сарын 8-аас 2016 оны 5 сарын 8, 2015 оны 7 сарын 1-ээс 2016 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх гэрээнүүд /хх-133-140/ цаг хугацааны хувьд нэхэмжлэлийн шаардлагын үйл баримтад хамаарахгүй гэсэн үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй болно.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 26.826.469 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 292.082 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ........ төв-өөс 26.826.469 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “............. ХХК-д олгосугай.

    2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 375.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........ төв-өөс 26.826.469 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 292.082 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “............. ХХК-д олгосугай. 

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

    4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ