Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                О.Угийн нэхэмжлэлтэй иргэний

                                                       хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2019/00038 дугаар шийдвэртэй

О.Угийн нэхэмжлэлтэй

Ч.Чд холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 29 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгч О.Угийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.У, хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие хариуцагч Ч.Чд дараах байдлаар мөнгө зээлдүүлсэн. Үүнд:

- 2015.07.10-ны өдөр 3 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлээд 1 жил хүү төлж одоог хүртэл үндсэн мөнгө болох 3 000 000 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу хоногт 0,5 хувиар, үнийн дүнгийн 50 хувиар тооцон алданги 1 500 000 төгрөг, үндсэн зээл 3 000 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөгийг, 

- 2015.08.03-ны өдөр мөн 3 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлээд 1 жил хүү төлж үндсэн мөнгийг төлөөгүй тул гэрээнд зааснаар төлөгдөөгүй нийт дүнгийн  50 хувиар алданги  тооцон үндсэн зээл 3 000 000 төгрөг, алданги 1 500 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөгийг,

- 2015.08.24-ний өдөр 10 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж 1 жилийн хүүг бүрэн төлсөн боловч одоог хүртэл үндсэн  зээл 10 000 000 төгрөгийг төлөөгүй тул алданги 5 000 000 төгрөг, үндсэн мөнгө 10 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг,

- 2018.01.18-ны өдөр 2 500 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 2018.08.24-ний өдрийг хүртэл хугацаатай зээлж хүүнд 200 000 төгрөг төлсөн. Би 2 500 000 төгрөгийг 2018.01.18-ны өдөр түүний данс руу шилжүүлсэн бөгөөд өөрийг нь хотоос ирэхээр нь 2018.01.25-ны өдөр бичгээр гэрээ хийсэн. Энэ мөнгөний хүүнд 2018.01.25-2018.08.25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1 750 000 төгрөг өгөх байснаас 200 000 төгрөг өгч, 1 550 000 төгрөг өгөөгүй. Мөн үндсэн зээлийг төлөөгүй тул хүү 1 550 000 төгрөг, алданги 1 250 000 төгрөг, үндсэн зээл 2 500 000 төгрөг, нийт 5 300 000 төгрөгийг тус тус хариуцагч Ч.Чаас гаргуулахаар нэхэмжилж байна. Миний бие нь Ч.Чтай найз нөхдийн холбоотой байсан бөгөөд тэрээр цагаан идээний дэлгүүр ажиллуулдаг байсан ба тухайн үед үйл ажиллагаа нь жигд сайн явагдаж байсан тул түүнд удаа дараа мөнгө зээлдүүлж байсан. Ч.Ч нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний хүүд 3 600 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний хүүд 3 600 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний хүүд 12 000 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний хүүд 200 000 төгрөг, нийт 19 400 000 төгрөгийг надад өгсөн. Миний бие дэлгүүр ажиллуулдаг бөгөөд зээлийн үйл ажиллагааг аж ахуйн түвшинд тогтмол эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй. Иймд дээрх 4 зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, алдангид нийт 29 300 000 төгрөгийг хариуцагч Ч.Чаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Миний бие О.Угийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би О.Угаас зээлсэн мөнгөө буцааж өгсөн ба хүү, алданги төлөхгүй. Учир нь О.У бусдад хүүтэй мөнгө зээлдүүлж зүгээр сууж байгаад мөнгөө өсгөж авдаг. Харин би бол өдөр шөнийг харгалзалгүйгээр нойр хоолгүй ажиллаж байж л О.Угийн мөнгийг төлж байсан. О.У нь зүгээр л хувиараа мөнгө зээлдүүлж түүгээрээ амьдралын эх үүсвэр хийдэг. Энэ нь байнгын ажиллагаа, амьдралынх нь эх үүсвэр болсон бөгөөд гэрээрээ мөнгө өгч авалцдаг хүн байгаа юм. Би О.Угаас мөнгө зээлдэг бусад бүх хүмүүсийн адил л мөнгө зээлж буцааж өгч байсан. Миний бие О.Уд дараах байдлаар бүх мөнгийг төлж дуусгасан. Үүнд:

- 2015.07.10-ны өдөр авсан 3 000 000 төгрөгийн хүүнд сар бүр 300 000 төгрөг өгч байсан ба жилд 3 600 000 төгрөг,

- 2015.08.03-ны өдөр авсан 3 000 000 төгрөгт мөн 3 600 000 төгрөг,

- 2015.08.24-ний өдөр авсан 10 000 000 төгрөгт 12 000 000 төгрөг,

- 2018 онд авсан 2 500 000 төгрөгөөс 200 000 төгрөгийг тус тус өгсөн.

Миний бие О.Уд төлбөрийг бэлэн мөнгө болон цагаан идээ, хүнсний ногоогоор төлсөн. Ингээд О.У нийтдээ 18 500 000 төгрөг надад зээлдүүлснээс би түүнд 19 400 000 төгрөг төлсөн. О.У нь надаас 19 400 000 төгрөг аваагүй гэж маргахгүй байх. Би О.Уд төлсөн 19 400 000 төгрөгийг түүнээс зээлсэн мөнгөний төлбөрт тооцуулах хүсэлттэй байна. Миний бие өмнө нь О.Угаас удаа дараа мөнгө зээлж байсан ба 2014 онд 5 000 000 төгрөг, 10 000 000 төгрөг, 15 000 000 төгрөгийг тус бүрт нь сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж аваад төлж барагдуулсан. Иймд миний бие О.Уд үндсэн мөнгийг төлсөн учир хүү, алданги төлөхгүй. Зээлсэн мөнгөө өгч дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2019/00038 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Ч.Чаас 29 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Угийн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч О.Угийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2019/00038 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. О.У би хариуцагч Ч.Чын удаа дараагийн гуйлт хүсэлтийн дагуу 2015.07.10, 2015.08.03, 2015.08.24, 2018.01.18-ны өдрүүдэд дөрвөн удаагийн зээлийн гэрээгээр нийт 18 500 000 төгрөгийг сард 10%-ийн хүүтэй ямар ч барьцаагүйгээр зээлдүүлсэн. Тухайн үед хариуцагч Ч.Ч нь цагаан идээний дэлгүүр ажиллуулдаг байсан ба 2015.07-08 дугаар саруудад ид цагаан идээний худалдан авалт өндөр байсан тул энэ үед идээгээ авах шаардлагатай байна гээд гуйж тэр саруудад дэлгүүрийн худалдан авалт багасаж эргэлтийн мөнгөтэй байсан тул гурван удаа мөнгө зээлдүүлсэн. Харин 2018.01.18-нд “Улаанбаатар хотоос яаралтай бараа ачуулах шаардлагатай боллоо, очингуут гэрээ хийнэ” гэж зогсоо зайгүй утасдаж гуйгаад байхаар нь 2 500 000 төгрөгийг шилжүүлж өгөөд хотоос ирсэн өдөр нь буюу 2018.01.25-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан. Би 2000 оноос өөрийн хашаа байшинд дэлгүүр ажиллуулж унтах нойр, идэх хоолоо хасан хөдөлмөрлөж байж үйл ажиллагааг нь тогтмолжуулж үүнийхээ үр шимээр амьдарч өдий хүрсэн. Түүнээс биш зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлж зүгээр сууж мөнгө олдог, мөнгө хүүлдэг хүн биш. Үүнийг нутгийн олон мэднэ. Гэтэл намайг шүүгч Т.Бадрах нь “зээлийн үйл ажиллагааг аж ахуйн түвшинд тогтмол эрхэлж байгаа нь зөвхөн Ч.Чд дөрвөн удаагийн үйлдлээр 18 500 000 төгрөг зээлдүүлсэн. Энэ дөрвөн удаагийн зээлийн гэрээний нөхцөл, үргэлжлэл, гэрээ хоорондын хугацаа, гэрээний загвар зэргээр нотлогдож байна” гэж дүгнэж миний дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой байна. Энэ хэрэгт Ч.Чаас өөр хүмүүстэй байнгын шинжтэй зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа талаархи баримт огт байхгүй бөгөөд шүүгч Т.Бадрах нь ч энэ талаар шийдвэрийн гуравдугаар хуудсанд бичсэн байгаа. Гэтэл яагаад би цагаан идээний дэлгүүртэй, энэ төрлийн бизнес эрхэлдэг Ч.Чд ид оргил ачааллын үед нь 7, 8 дугаар сард гурван удаа мөнгө зээлснээрээ зээлийн үйл ажиллагааг байнгын орлого олох хэлбэрээр эрхэлдэг хүн болчихов оо. Нэг хүнд хэдэн удаа мөнгө зээлбэл байнгын аж ахуй эрхэлдэг болчихдгийг ойлгохгүй байна. Зээлийн гэрээний нөхцөл, үргэлжлэх хугацааг хариуцагч бид хоёр харилцан тохиролцож хэн хэнийхээ хүсэл зоригийн үндсэн дээр хийсэн. Харин гэрээний загварыг Ч.Ч өөрөө хүнээр хувилуулж авчирч өгдөг байсан. Гэрээний загварыг дөрвөн хувь хувилж авснаараа би байнгын зээлийн үйл ажиллагаа эрхлэгч болчихов уу. Зөвхөн Ч.Чын хүсэлт гуйлт саналаар дөрвөн удаагийн гэрээгээр 20 хүрэхгүй сая төгрөг зээлснийхээ төлөө “зээлийн үйл ажиллагаа байнга эрхлэгч О.У” болж дүгнэгдэж байгаа нь хачирхалтай. /шийдвэрийн 3 дугаар хуудас/ Би дэлгүүрийнхээ эргэлтийн мөнгөнөөс ямар ч барьцаагүйгээр хэдэн сарын хугацаанд нэг хүнд мөнгө зээлдүүлэхийн төлөө зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах шаардлагагүй. Тогтмол зээлийн үйл ажиллагаа эрхлэх их хэмжээний мөнгөгүй, ийм үйл ажиллагаа явуулах цаг завгүй учир би тусгай зөвшөөрлийг авахгүй. Би иргэн хүнийхээ хувьд өөрийн дэлгүүрийн эргэлтийн хөрөнгөнөөс Монгол Улсын Иргэний хуулийн 281, 282, 283 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангаж Ч.Чд 18 500 000 төгрөгийг зээлдүүлсэн нь үнэн. Харин байнгын зээлийн үйл ажиллагаа эрхлээгүй, барьцаа шаардаагүй тул миний дөрвөн удаагийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. Иймд хариуцагч Ч.Чаас 2015.07.10-ны өдөр зээлсэн 3 000 000 төгрөг, алданги 1 500 000 төгрөг, 2015.08.03-ны өдөр зээлсэн 3 000 000 төгрөг, алданги 1 500 000 төгрөг, 2015.08.24-ний өдөр зээлсэн 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, 2018.01.18-ны өдөр зээлсэн 2 500 000 төгрөгийн хүү 1 550 000 төгрөг, алданги 1 250 000 төгрөг, үндсэн зээл 2 500 000 төгрөг, нийт 29 300 000 /хорин есөн сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан олгож дээрх шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Би Ч.Чд дээрх мөнгөнүүдийг тухай бүр нь шилжүүлж байсан ба түүний үлдэгдэл дээр ижил гэрээ хийх, өгөөгүй мөнгөн дээр хүү, алданги тооцохоор тохиролцох зэргээр хууль зөрчиж байгаагүй. Тухай бүрд нь мөнгийг шилжүүлсэн баримт байгаа болно. Дээрх мөнгөө өгч чадахгүй байхдаа манайхыг Улаанбаатар хотод байдаг байраа зарсан мөнгөтэй байгааг мэдээд нөхрийн хамт гэрт ирж “дөрвөн удаагийн зээлсэн мөнгөө 30 сая болгож тооцоод нэмж 70 сая төгрөг зээлчих, нийт 100 сая төгрөгөөр тооцож гэрээ хийе” гэж гуйхад нь манай нөхөр Ганбаатар “эхлээд 30 сая төгрөгөө бэлэн авчирч өгөөд нэмж 70 сая төгрөг аваарай” гэж хэлж гаргачихаад “энэ хүн чинь ер нь залилан хийгээд байгаа юм биш үү” гэж надад хэлж байсан нь үнэн байжээ. Энэ мэтчилэн Ч.Ч нь олон хүн залилж байгаа бөгөөд фейсбүүкийн Архангайн нэгдсэн зард Ч.Чыг өрөө төлөөч гэж хэд хэдэн хүн зар тавьсан байсныг хүмүүс уншсан байхаа. Шүүгч Т.Бадрах нь хэт нэг талыг барьж зөвхөн /түүний шийдвэртээ бичснээр/ Ч.Чын талд үйлчилж иргэн миний тайлбарыг ч бүрэн сонсохгүй дундаас нь тасалж яриулахгүй тэгш бус хандаж байсанд гомдолтой байгааг дурьдая.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч О.У нь хариуцагч Ч.Чд холбогдуулан шаардлага гаргахдаа хариуцагчийн хүсэлтээр 2015.07.10-ны өдөр 3 000 000 төгрөг, 2015.08.03-ны өдөр 3 000 000 төгрөг, 2015.08.24-ний өдөр 10 000 000 төгрөг, 2018.01.18-ны өдөр 2 500 000 төгрөг тус тус сарын 10 хувийн хүүтэй зээлүүлснийг төлөөгүй тул гэрээний үүрэгт 29 300 000 төгрөг гаргуулна гэсэн ба 2015 оны 07 дугаар сарын 10, 2015 оны 08 дугаар сарын 03, 2015 оны 08 дугаар сарын 24, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгожээ.

 

Хариуцагч 2015.07.10-ны өдөр 3 000 000 төгрөгийг, 2015.08.03-ны өдөр 3 000 000 төгрөгийг, 2015.08.24-ний өдөр 10 000 000 төгрөгийг, 2018.01.18-ны өдөр 2 500 000 төгрөгийг О.Угаас зээлсэн, 19 400 000 төгрөг буцааж төлсөн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргажээ.

 

2015.07.10-ны өдөр 3 000 000 төгрөг, 2015.08.03-ны өдөр 3 000 000 төгрөг, 2015.08.24-ний өдөр 10 000 000 төгрөг, 2018.01.18-ны өдөр 2 500 000 төгрөг, нийт 18 500 000 төгрөг хариуцагч Ч.Ч хүлээн авсан талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч өмнө нь хариуцагчид хүүтэй мөнгө зээлүүлдэг байсан тухай хариуцагчийн тайлбар, 2015 оны 07 дугаар сарын 10, 2015 оны 08 дугаар сарын 03, 2015 оны 08 дугаар сарын 24, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнүүд зэргээс нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагааг байнгын орлого олох хэлбэрээр эрхэлдэг бөгөөд уг үйл ажиллагааны явцад Ч.Чд дээрх дөрвөн удаагийн зээлийн гэрээгээр нийт 18 500 000 төгрөг зээлүүлсэн гэж үзэхээр байна.    

 

Хэрэгт О.У нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй гэж үзэх баримт байхгүй тул дээрх зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр гэж үзэхгүй.  

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д нийцсэн, шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

Нэхэмжлэгчид нийт 19 400 000 төгрөгийг төлсөн гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, тэрээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т заасан тусгай зөвшөөрөлгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар зээлийн хүү болон алдангийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

          Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн хүчин төгөлдөр бус хэлцлийн эрх зүйн зохицуулалтыг үндэслэл бүхий хэрэглэсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн гэж үзнэ.

 

          Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2019/00038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

 

            2. Нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 304 450 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

 

                             ШҮҮГЧИД                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                    Д.БЯМБАСҮРЭН