Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00328

 

 Т.Гэрэлт-Одын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01059 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1578 дугаар магадлалтай,

Т.Гэрэлт-Одын нэхэмжлэлтэй,

Төрийн банк ХХК-д холбогдох

Төрийн банктай байгуулсан 2014.12.31-ний өдрийн 517 тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний үүргийг дуусгавар болгох, Төрийн банктай байгуулсан 2014.12.31-ний өдрийн 517 тоот гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, урьдчилгаа төлбөрт төлсөн 216,528,987 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхдэмбэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, М.Батсүх, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Т.Гэрэлт-Од нь 2014 оны 12 сарын 31-ний өдөр Төрийн банктай №517 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нүхтийн зам 4 хаягт байрлах орон сууцны 4 байр, 13 тоотын 150 м.кв талбайтай орон сууц болон 2 ширхэг машины авто зогсоолыг 490,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээг байгуулсан. Тус орон сууцыг худалдан авах гэрээг хийхдээ урьдчилгаа төлбөрт 49,000,000 төгрөг төлж, үлдэх төлбөр болох 441,000,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэйгээр байгуулсан. Энэ мөнгийг миний бие ашиглаагүй. Банкнаас миний нэр дээр данс нээж мөнгийг шилжүүлсэн бичилт хийсэн даруйдаа энэ хэмжээгээр Паркнайн ХХК-ийн авлагыг хаасан бичилт хийсэн. Байр Т.Гэрэлт-Одын өмчлөлд шилжээгүй зэргээс үзэхэд бодит байдал дээрээ Төрийн банкнаас 490,000,000 төгрөг гараагүй байна. Харин тэрхүү мөнгөндөө хүү бодож иргэн Т.Гэрэлт-Одоос их хэмжээний мөнгө авчээ. Тухайн гэрээг Төрийн банкны ажилтны санал болгосны дагуу байгуулсан. Энэ нь Төрийн банк авлагаа барагдуулахын тулд зориуд зохион байгуулсан ажиллагаа байсан. Төрийн банк 2013 онд Паркнайн ХХК-д барилгын угсралтад зориулж их хэмжээний зээл олгосон байна. 2014 онд Төрийн банк, Паркнайн ХХК нь хамтран ажиллах гэрээ байгуулж, орон сууцуудыг худалдан авах иргэдэд зээл олгох нөхцөлтэйгөөр гэрээ байгуулжээ. Паркнайн ХХК-ийн зээлийг төлүүлэхээр Төрийн банкны гүйцэтгэх захирал 2014 оны 08 сарын 15-ны өдрийн А/363 дугаартай Хөтөлбөр батлах тухай тушаал гаргаж Паркнайн ХХК-ийн чанаргүй зээлийн өрийг төлүүлэх маркетингийн хөтөлбөрийг баталжээ. Хөтөлбөрийн дагуу орон сууцны борлуулалт хийсэн банкны ажилтанд гэрээний үнийн дүнгийн 1 хувийн урамшууллыг олгох, Төрийн банкнаас авсан Паркнайн ХХК-ийн чанаргүй зээлийг /Б.Эрдэнэбатхаан/-аар барагдуулахыг Төрийн банкны төв салбарт даалгажээ. Хоёр этгээд нь үгсэн тохирч иргэдэд хөнгөлөлттэй зээл олгосон нэрээр Паркнайн ХХК-ийн өглөгийг Төрийн банкны авлагыг барагдуулах хууль бус тохиролцоо хийж, Паркнайн ХХК-ийн өглөгийг иргэн Т.Гэрэлт-Од руу шилжүүлсэн байна. Т.Гэрэлт-Одод зээлээр авахыг санал болгосон орон сууц гэгч нь Төрийн банкны зээлийн өрийг төлүүлэх хөтөлбөрт багтсан байсан нь баримтуудаар батлагдсан. Өнөөдрийг хүртэл уг орон сууцны барилгын ажил бүрэн дуусаагүй, улсын комисс хүлээж аваагүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарахгүй, Т.Гэрэлт-Од нь байраа аваагүй байна. Энэ талаар Төрийн банканд өмнө нь удаа дараа шаардлага тавьж байгаа боловч үүргээ биелүүлээгүй буруугаа Паркнайн ХХК рүү түлхсэн хариу өгдөг. Т.Гэрэлт-Од орон сууцны зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 38,654,865 төгрөг, хүүнд 128,875,122 төгрөг, урьдчилгаа төлбөрт 49,000,000 төгрөг, нийт 216,528,987 төгрөгийг банканд төлж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх нэмэлт хугацаа тогтоож байсан ч өнөөдрийг хүртэл орон сууцыг түүнд шилжүүлэх үүргээ Төрийн банк, Паркнайн ХХК биелүүлсэнгүй хий төлбөрүүдийг хийлгэж байна. 2014 оны 12 сарын 31-ний №517 дугаартай Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ Төрийн банк, Паркнайн ХХК-иудыг биелүүлэхийг шаардаж 2019 оны 05 сарын 24-ний өдөр тус тус гэрээнээс татгалзсан мэдэгдлийг хүргүүлсэн ч Төрийн банк, Төрийн банкны Тусгай активын албанаас татгалзлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирүүлжээ. Т.Гэрэлт-Од нь 2019 оны 04 сарын 19-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн Төрийн банктай байгуулсан 2014 оны 12 сарын 31-ний №517 дугаартай Орон сууцны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэснийг Орон сууцны зээлийн гэрээнээс Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасан журмын дагуу тус тус татгалзах гэж өөрчлөн Орон сууцны зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, урьдчилгаа төлбөрт төлсөн 216,528,987 төгрөгийн хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэвээр үлдээж байна. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талуудын гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу 216,528,987 төгрөгийг Төрийн банкнаас гаргуулж Т.Гэрэлт-Одод олгоно уу гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Т.Гэрэлт-Од, Т.Мягмарсүрэн нарын орон сууцны зээл авах хүсэлтийн дагуу Төрийн банкны Зээлийн хорооны хурлаар хэлэлцэж 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 517 тоот Зээлийн гэрээ байгуулж 441,000,000 төгрөгийг жилийн 8 /сарын 0.66/ хувийн хүүтэй, 240 сар /20 жил/-ын хугацаатай олгосон. Ингэхдээ зээлдэгч нарын зээлээр худалдан авч байгаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нүхтийн зам-4 хаягт байрлах, 4 байрны 13 тоот, 150 м.кв талбайтай орон сууц, 2 автомашины зогсоолыг 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 517 тоот Батлан даалтын гэрээгээр тухайн орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэгч болох Паркнайн ХХК батлан дааж үүрэг хүлээсэн. Зээлийн гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээний чөлөөт байдлыг хангаж, хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан. Энэхүү зээлийн гэрээг байгуулах үндэслэл зээлдэгч болох Т.Гэрэлт-Од болон батлан даагч этгээд болох Паркнайн ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 12 сарын 08-ны өдрийн Орон сууцны захиалгат ажлын гэрээ юм. Зээлийн гэрээнд заасан талуудын үүрэг бол зээлдүүлэгч тал болох Төрийн банк нь тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг хугацаатай, хүүтэй, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч тал Зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөхтэй холбогдсон байдаг. Тус банк үүргээ гүйцэтгэж мөнгөн хөрөнгийг хугацаанд нь шилжүүлсэн. Зээлдүүлэгч тал болох Төрийн банк зээлийн гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Зээлдэгч талын худалдан авч байгаа орон сууцыг барьж ашиглалтад бүрэн оруулж өгөх үүргийг Орон сууцны захиалгат ажлын гэрээ-ний 1.6, 3.1 заалтаар, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах үүргийг Батлан даалтын гэрээний 2.2.2, 4.2 заалтаар тус тус Паркнайн ХХК хүлээсэн байдаг. Банк үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах үүргийг нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн гэрээгээр хүлээгээгүй, хүлээх ч боломжгүй юм. Төрийн банк нэхэмжлэгч Т.Гэрэлт-Од, Т.Мягмарсүрэн нартай Зээлийн гэрээ байгуулж, бага хувийн хүүтэй, урт хугацаатай Моргэйжийн зээлийг олгохдоо зээлдэгч нарыг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх зэрэг зохисгүй байдлыг гаргаагүй бөгөөд тухайн орон сууцыг гүйцэтгэгч компанитай байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу тэдний санал болгосон боломжит зээлдэгч нарыг судлах, зээл өгөх үүргээ гүйцэтгэсэн. Төрийн банкны зүгээс Паркнайн ХХК-тай байгуулж олгосон зээлийн гэрээнд заасан үүргээ тус компани биелүүлэхгүй гэрээний маргаан үүсээд байгаа билээ. Хамтран ажиллах болон зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг Төрийн банкны зүгээс тус компанид удаа дараа хандаж шаардаж байгаа бөгөөд тэдний зүгээс 2017 оны 06 сарын 09-ний өдрийн №23, 2017 оны 08 сарын 28-ны өдрийн №29, 2017 оны 09 сарын 27-ны өдрийн №34, 2017 оны 10 сарын 31-ний өдрийн №41, 2018 оны 10 сарын 12-ны өдрийн №28 тоот албан бичгүүдээр Барилгын ажлыг 100 хувь гүйцэтгэж дуусгасан тухай, Улсын комисст тухайн орон сууцыг хүлээлгэн өгч байгаа. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар хандаж байгаа тухай мэдээллийг ирүүлж байна. Хамгийн сүүлд газрын маргаантай асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэр гаргуулсан талаар мэдээлэл ирүүлээд байна. Мөн нэхэмжлэгчийн 2018 оны 09 сарын 17-ны өдрийн Төрийн банканд ирүүлсэн хүсэлтийн дагуу үүссэн нөхцөл байдлыг тодорхой дурдаж 2018 оны 09 сарын 18-ны өдрийн 386 тоот албан бичгээр зээлдэгч Т.Гэрэлт-Одод банкны зүгээс хариу хүргүүлж байсан. Төрийн банкны зүгээс зээлдэгчид зээл олгохдоо ямар нэгэн байдлаар хууран мэхэлж төөрөгдүүлэх замаар зээл олгоогүй бөгөөд зөвхөн банкны ажилтан нартай олгодог нөхцөлөөр нэхэмжлэгчид зээл олгосон. Төрийн банк нь Монгол улсын банкны системийн 3 дахь том банкны хувьд харилцагчийг хууран мэхлэх ямарваа нэгэн үйлдлийг гаргахгүйгээр ажилладаг. Төрийн банк нь санхүүгийн зуучлал явуулдаг бизнесийн байгууллагын хувьд үйл ажиллагаа идэвхжүүлэхийн тулд харилцагч болон өөрийн ажилтан нарын дунд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг борлуулах аяныг явуулдаг, урамшуулдаг чиг үүргийг буруугаар ойлгон тайлбарлах, өөрт давуу байдал болгож гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй юм. Мөн нэхэмжлэлийн үндэслэлд өнөөдрийг хүртэл уг орон сууцыг Улсын комисс хүлээж аваагүй, барилгын ажил бүрэн дуусаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаагүй, Т.Гэрэлт-Од байраа аваагүй, энэ талаар удаа дараа шаардлага тавьж байгаа боловч үүргээ биелүүлсэнгүй гэж Төрийн банкийг буруутгаж гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болгосон байна. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 517 тоот Зээлийн гэрээнд гэрээний тал болох Төрийн банк ийм үүрэг хүлээгээгүй, мөн энэхүү үндэслэлээр гэрээнээс татгалзах, зээлийн гэрээний үүрэгт төлсөн мөнгийг буцаан шаардах эрхийг зээлдэгч нарт олгоогүй байна. Зээлдэгч нарын хүсэл зоригийн дагуу хийсэн гэрээг үндэслэн банк зээл олгож, зээлдэгч Т.Гэрэлт-Од тухайн орон сууцны төлбөрийг төлж, байрыг хүлээн авч амьдран оршин сууж байгаа. Мөн Зээлийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгэж зээлийн төлбөр, хүүг буцаан төлж байсан зэргээс үзэхэд ноцтой төөрөгдөж, хууран мэхэлж, хүч хэрэглэн хийсэн хэлцэл гэж үзэж гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл, журам байхгүй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01059 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдох Төрийн банктай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 517 дугаартай Орон сууцны зээлийн гэрээнээс татгалзаж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол болох 216,528,987 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Гэрэлт-Одын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Гэрэлт-Одын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,673,745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1578 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01059 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: 2019.06.05-ны 182/ШШ2019/01059 дугаар шийдвэр, 2019.08.28-ны 1578 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргалаа.

1. Давж заалдах шатны шүүх магадлалдаа Орон сууцны зээлийн гэрээ- ний дагуу хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн дансанд мөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Нэхэмжлэгчтэй байгуулсан 2014.12.08-нд Орон сууц захиалгат ажлын гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ болон түүнтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ Паркнайн ХХК нь биелүүлээгүй гэх үндэслэлээр Төрийн банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнээс нэхэмжлэгч татгалзаж байгаа нь хуульд нийцээгүй гэжээ. Т.Гэрэлт-Од нь Орон сууцны зээлийн гэрээ-г Төрийн банк-ны ажилтны санал болгосны дагуу байгуулсан. Энэ нь Төрийн банк авлагаа барагдуулахын улд зориуд зохион байгуулсан хууль бус ажиллагаа байсан нь сүүлд тодорхой олсон бөгөөд Төрийн банк 2013 онд Паркнайн ХХК-д барилгын угсралтад зориулж олгосон их хэмжээний зээлийг барагдуулахын тулд 2014.08.07-ны өдөр Төрийн банк, Паркнайн ХХК нь Хамтран ажиллах гэрээ байгуулж, банк нь байруудад захиалга өгч орон сууцыг худалдан авах иргэдэд зээл олгох нэрээр авлагаа хаах ажиллагаа хийсэн. Төрийн банк-ны Гүйцэтгэх захирал 2014.08.15-ны өдрийн А/363 дугаартай Хөтөлбөр батлах тухай тушаал гаргаж Паркнайн ХХК-ийн чанаргүй зээлийн өрийг төлүүлэх маркетингийн хөтөлбөр баталсан. Хөтөлбөрийн дагуу орон сууцны борлуулалт хийсэн банкны ажилтанд гэрээний үнийн дүнгийн 1 хувийн урамшууллыг олгох, Төрийн банкнаас авсан Паркнайн ХХК-ийн чанаргүй зээлийг Б.Эрдэнэбатхаанаар барагдуулахыг Төрийн банк-ны төв салбарт даалгажээ. Төрийн банк, Паркнайн ХХК нь үгсэн тохирч иргэдэд хөнгөлөлттэй зээл олгох нэрээр Паркнайн ХХК-ийн өглөг, Төрийн банкны авлагыг барагдуулахаар тохиролцсон. Төрийн банк Т.Гэрэлт-Одтой Орон сууцны зээлийн гэрээ, Паркнайн ХХК нь Т.Гэрэлт-Одтой Орон сууцны захиалгат ажлын гэрээ байгуулсан. Эдгээр гэрээний дагуу Т.Гэрэлт-Одын данс руу Төрийн банкнаас 441,000,000 төгрөгийг шилжүүлсэн даруйдаа, Т.Гэрэлт-Одын урьдчилгаа төлбөр 49,000,000 төгрөгийг нэмээд Паркнайн ХХК-ийн 340004000215 тоот энгийн харилцах данс руу нийт 490,000,000 төгрөгийг орон сууцны үнэ шилжүүлэв гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Төрийн банкны данс руу Паркнайн ХХК зээл, хүүгийн төлбөрт 400,000,000 төгрөгийг шилжүүлсэн бичилт хийгдсэн байна. Харин Т.Гэрэлт-Од орон сууцгүй хоцорсон. Төрийн банк тэрхүү ажиллагаагаа Т.Гэрэлт-Одод 8 хувийн зээл олгосон гэж тайлбарладаг нь үндэслэлгүй юм. Хэрэв 8 хувийн зээл олгосон бол орон сууц Т.Гэрэлт-Одын өмчлөлд шилжиж, Төрийн банканд барьцаалагдана. Өмчлөл, барьцааны эрх үүсээгүй. Төрийн банк үнэхээр Т.Гэрэлт-Одод зээл олгосон бол хэдхэн минутад өөрөө буцаан авсныг шүүх зориуд орхиж, үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд үг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.2. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй гэсэн заалт зөрчигдсөн. Тухайн мөнгийг иргэн Т.Гэрэлт-Од захиран зарцуулах эрх үүсээгүй.

Төрийн банк болон Паркнайн ХХК нар нь Паркнайн ХХК-ийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өглөгийг хаахын тулд анхнаасаа нэг тал болж ажиллаж байсан нь хавтас хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 2013.09.23-ны №300, №301 дугаартай Төрийн банк, Паркнайн ХХК-ийн Зээлийн гэрээ, 2014.08.07-ны өдрийн Төрийн банк, Паркнайн ХХК-ийн Хамтран ажиллах гэрээ, 2014.08.15-ны Паркнайн ХХК-ийн чанаргүй зээлийн өрийг төлүүлэх маркетингийн хөтөлбөрийг баталсан Төрийн банк-ны гүйцэтгэх захирлын А/363-р тушаал, 2014.12.08-ны Паркнайн болон Т.Гэрэлт-Од нарын Орон сууцны захиалгат ажлын гэрээ, 2014.12.31-ний Орон сууцны зээлийн гэрээ зэрэг юм. Т.Гэрэлт-Одын Төрийн банкны 340004049984 дугаартай Депозит дансны 2014.12.31-ний өдрийн гүйлгээг үзвэл 441,000,000 төгрөгийг Паркнайн ХХК-ийн 340004000215 дугаартай дансанд шилжүүлсэн, тэрхүү данснаас Төрийн банкны 340004000516 тоот дансанд зээлийн хүү, үндсэн зээл гэсэн утгаар 400,000,000 төгрөгийг буцааж авсан. ХУД-ийн 8-р хороо, Нүхтийн зам 4 хаягт байрлах орон сууцны 4 байр, 13 тоот орон сууц Т.Гэрэлт-Одын өмчлөлд шилжээгүй 5 жил өнгөрсөн, тухайн орон сууц ашиглалтад ороогүй зэргээс үзэхэд Төрийн банкнаас авсан 490,000,000 төгрөгийг Т.Гэрэлт-Од ашиглаагүй, харин Төрийн банк өөрөө ашиглаж байна. Анхан шатны болон Давж заалдах шатны шүүх бодит баримтуудыг ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүй.

2. Мөн магадлалд нэхэмжлэгч тал орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарч байж барьцааны гэрээ байгуулагдана, банк үүргээ биелүүлээгүйгээс захиалагчийн эрх зөрчигдөж байна гэж тайлбарлаж байх боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэсэн нь үндэслэлгүй. Төрийн банк мөнгөө буцаагаад авчихсан учраас Т.Гэрэлт-Одын өмчлөлд шилжилгүй 6 жил шахмын хугацаа өнгөрсөн, Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 зээлийн хөрөнгөөр худалдан авсан буюу засвар хийсэн орон сууцыг банкны барьцаанд барьцаалан Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, 3.2.2. шинээр баригдах болон баригдаж дуусаагүй байшин, амины орон сууц барих зээлийн хувьд шинээр бий болох хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарч хүчин төгөлдөр барьцаа хөрөнгө болох хүртэлх хугацаанд зээлдэгч өөр төрлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байх, 4 дүгээр зүйлийн 4.1.1. Зээлдэгч нь бизнесийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах бүх зөвшөөрөл, Тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу авсан байх ба хуульд заасан хугацаандаа сунгуулах, гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуустал хүчин төгөлдөр хэвээр байлгах, 4.1.6. зээлээр худалдан авсан орон сууц нь зээлийн барьцаа болох бөгөөд ашиглалтад орж Улсын бүртгэлд бүртгүүлсэн даруйд барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн заалтууд өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй нь Төрийн банктай холбоотой. Энэ бүхэн нь Төрийн банк, Паркнайн ХХК хоёрын ашиг сонирхлоороо нэгдэж, гэрээгээр хүлээсэн үүргээ санаатай зөрчин, Төрийн банк-ны захирлын 1/363 дугаартай Хөтөлбөр батлах тухай тушаал, 2014.08.07-ны өдрийн Төрийн банк, Паркнайн ХХК-ийн Хамтран ажиллах гэрээ-г хэрэгжүүлсний ажиллагаа байсан. Т.Гэрэлт-Од олон удаа Төрийн банк, Паркнайн ХХК руу орон сууцыг олгохыг шаардсан боловч Төрийн банк, Паркнайн ХХК нар бие бие рүүгээ түлхэж 6 жил шахуу хугацааг өнгөрөөсөн. Тэд үүргээ биелүүлээгүй Т.Гэрэлт-Од нь 2019.05.24-ний өдөр Орон сууцны захиалгат ажлын гэрээ, Орон сууцны зээлийн гэрээнээс Иргэний хуулийн 204, 205, 225, 227 дугаар зүйлд заасан журмын дагуу тус тус татгалзсан. Хуулийн агуулгаас үзэхэд гэрээнээс татгалзах нь талуудын эрх юм. Т.Гэрэлт-Од нэгэнт гэрээнээс татгалзсан учраас түүний үр дагаврыг арилгахтай холбоотой маргааныг шүүх шийдвэрлэнэ. Т.Гэрэлт-Одод Орон сууцны зээлийн

гэрээ-гээр олгосон гэх 441,000,000 төгрөгийг Төрийн банк нь Паркнайн" ХХК-ийн хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийг хааж, буцааж авсан учраас тэрээр Төрийн банк-д ямар нэг өглөг байхгүй. Харин Т.Гэрэлт-Од нь ашиглаагүй, аваагүй орон сууцны төлөө 216,528,987 төгрөгийг Төрийн банк-д шилжүүлсэн учраас буцаан авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн Төрийн банк Паркнайн ХХК хоёр Т.Гэрэлт-Одод орон сууц өгөөгүй учраас түүнээс орон сууцыг гаргуулах тухай асуудал байхгүй. Иймээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1. Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 205 дугаар зүйлийн 205.1. Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу 216,528,987 төгрөгийг Төрийн банкнаас гаргуулах эрхтэй. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн энэхүү заалтыг хэрэглэхгүй байна. Орон сууцны зээлийн гэрээ-г Т.Мягмарсүрэн, Т.Гэрэлт-Одтой хамтран Төрийн банктай байгуулсан. Энэхүү гэрээтэй холбоотой асуудлыг хянан шийдвэрлэхэд Т.Мягмарсүрэнгийн хуульд заасан эрх ашиг хөндөгдөж байсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Т.Мягмарсүрэнг хуралд оролцуулаагүй, зөвхөн Т.Гэрэлт-Одын нэхэмжлэлээр маргааныг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил бөгөөд Т.Мягмарсүрэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019.08.28-ны 1578 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.Гэрэлт-Од нь хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдуулан тус банктай байгуулсан 2014.12.31-ний өдрийн 517 тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний үүргийг дуусгавар болгох, энэхүү зээлийн гэрээний дагуу төлсөн үндсэн зээл, зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрт төлсөн 216,528,987 төгрөг гаргуулах шаардлагыг анх гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчтай байгуулсан 2014.12.31-ний өдрийн 517 тоот орон сууцны зээлийн гэрээнээс татгалзаж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 216,528,987 төгрөг гаргуулах гэж өөрчилснийг шүүх шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Төрийн банк ХХК болон Т.Гэрэлт-Од нарын хооронд 2014.12.31-ний өдөр байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээгээр нэхэмжлэгч 441,000,000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авахаар тохиролцсон, энэ гэрээ хэрэгт авагджээ. /хх-7-8/

Нэхэмжлэгч нь ... гэрээ байгуулсан ч мөнгийг ашиглаагүй, банкнаас миний нэр дээр данс нээж мөнгийг шилжүүлсэн бичилт хийсэн даруйдаа энэ хэмжээгээр Паркнайн ХХК-ийн авлагыг хаасан бичилт хийсэн, байр Т.Гэрэлт-Одын өмчлөлд шилжээгүй, ... Төрийн банк авлагаа барагдуулахын тулд зориуд зохион байгуулсан ажиллагаа буюу Төрийн банк, Паркнайн ХХК нь хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу Төрийн банкны ажилтан зээлээр орон сууц авах энэ гэрээг санал болгосон, ... өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарахгүй, Т.Гэрэлт-Од нь байраа аваагүй гээд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасан зохицуулалтыг үндэслэл болгожээ.

Хариуцагч нь ...зээлийн гэрээг талууд ...хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан, банк мөнгөн хөрөнгийг хугацаанд нь шилжүүлэх үүргээ бүрэн гүйцэтгэсэн, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах үүргийг хүлээх боломжгүй, ... хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх зэрэг зохисгүй байдлыг гаргаагүй, ... гүйцэтгэгч компанитай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу боломжит зээлдэгч нарыг судлах, зээл өгөх үүргээ гүйцэтгэсэн, ...банкны ажилтанд олгодог нөхцлөөр нэхэмжлэгчид зээл олгосон, зээлдэгчийн хэлсэн үндэслэлээр гэрээнээс татгалзах, ...төлсөн мөнгийг буцаан шаардах эрхийг зээлдэгчид олгоогүй гэж татгалзлаа тайлбарлажээ.

Талууд 2014.12.31-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй харин энэ гэрээ байгуулагдах үндэслэл, гэрээнээс татгалзах эрх болон гэрээний үүрэг зөрчигдсөн эсэх тухайд маргасан байна.

Хэргийн баримтаас үзэхэд 2013.09.23-ны өдөр Төрийн банк ХХК нь Паркнайн ХХК-д 300, 301 тоот зээлийн гэрээгээр 12 сарын хугацаагаар, барилгын угсралтын зориулалтаар зээл олгосон, 2014.08.07-ны өдөр ...орон сууцнуудыг Банкны зээлээр борлуулах, Банк нь орон сууц худалдан авах иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцны зээл олгох эсэхийг шийдвэрлэх, байгууллагын зээлийг эргүүлэн төлүүлэх зорилготой Хамтран ажиллах гэрээ-г дээрх хоёр компани 1 жилийн хугацаатай байгуулсан байна. /хх-58-65,99-101/

Дээрх Хамтран ажиллах гэрээ-ний 5.4-т Банк, зээлдэгчийн хоорондын байгуулсан орон сууцны зээлийн гэрээг цуцлах болсон тохиолдолд зээлээр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу худалдан борлуулж Банкны зээлийн төлбөрийг барагдуулна гэж тохиролцжээ. /хх-100/ Мөн гэрээний 5.3.2-т Орон сууц худалдах-худалдан авах гэрээ цуцлагдсан тохиолдолд Банкны хэрэгжүүлэх эрхийг тодорхойлсон байна.

Нэхэмжлэгчээс Төрийн банк ХХК-д орон сууцны зээлийн гэрээнээс татгалзаж байгаа тухай мэдэгдэлд хариуцагч албан тоотоор хариу өгсөн, харин Паркнайн ХХК-д Орон сууцны захиалгат ажлын гэрээ-ээс татгалзах хүсэлт хүргүүлснийг нөгөө тал хүлээн авсан тухай тэмдэглэл бүхий баримт хэрэгт авагджээ. Харин Паркнайн ХХК-аас нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай баримтгүй байхад хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргаанд хамааралтай гэрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. /хх-164-171/

Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014.08.15-ны өдөр А/363 Хөтөлбөр батлах тухай тушаалаар Паркнайн ХХК-ийн чанаргүй зээлийн өрийг төлүүлэх маркетингийн хөтөлбөрийг хавсралтын дагуу баталсан байх бөгөөд уг тушаалын 3 дахь заалтад Хөтөлбөрийн дагуу орон сууцны борлуулалт хийсэн банкны ажилтанд гэрээний үнийн дүнгийн 1 хувийн урамшууллыг холбогдох зардлаас гаргуулан олгох нөхцөлийг заажээ. /хх-97/ Нэхэмжлэгчийн ... 13 тоот орон сууц, автомашины 2 зогсоолыг борлуулсан ажилтанд урамшуулал олгосон баримтыг хариуцагчаас гаргуулах хүсэлтийг шүүх хэрэгт хамааралгүй гэсэн үндэслэлээр татгалзсан байна. /хх-37,52/

2013.09.23-ны өдөр Төрийн банк ХХК нь Паркнайн ХХК-тай байгуулсан 300, 301 тоот зээлийн гэрээнд барьцааны гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй байхад Банк орон сууцны борлуулалтад оролцож байгаа нь Банкны тухай хуулийн 6 болон 7 дугаар зүйлд нийцэх эсэх талаар дүгнэх боломжгүй.

Хэрэгт авагдсан 2014.12.08-ны өдрийн Орон сууцны захиалгат ажлын гэрээ, 2014.12.31-ний өдрийн Орон сууцны зээлийн гэрээ №517, 2014.12.31-ний өдрийн Батлан даалтын гэрээний эрх, үүргийн хуваарилалтаас үзэхэд зээлдэгчийн захиалан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Батлан даагч буюу Паркнайн ХХК нь Төрийн банк-д гаргаж өгөх үүргийн талаар Батлан даалтын гэрээний 2.1.1, 2.1.2, 4.2 дахь заалтаар тохиролцсон байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах нь зүйтэй. /хх-12,7,9/

Дээр дурдсан үндэслэлээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй юм.

Талуудын хооронд үүссэн маргааны бодит байдал тогтоогдоогүй, хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01059 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1578 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Т.Гэрэлт-Одын улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 1,240,595 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Д.ЦОЛМОН