Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 216/МА2019/00003

 

“Т Ө Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 134/ШШ2019/00011 дугаар шийдвэртэй, “Т Ө Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ш-О” ХК-д холбогдох гэрээний үлдэгдэл 128,372,697 төгрөг, алданги 25,674,540 төгрөг, банкнаас авсан зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү 38,980,979.23 төгрөг, зээлийн хугацаа сунгасны шимтгэл 1,297,706.90 төгрөг, Ц К ББСБ-ын зээлийн хүү болон зээлийн хугацаа сунгасны шимтгэл 2,785,212.92 төгрөг, нийт 197,111,135 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч “Т Ө Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нарийн бичгийн дарга Х.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Т Ө Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2017 онд “Ш-О” ХК-иас зарласан СШ.№33.ШОХК.2017 дугаартай Ус шүүрүүлэх D1-D10-р худгийн шаардлагатай сэлбэг материал нийлүүлэх, СШ.№37.ШОХК.2017 дугаартай Ус шүүрүүлэлтийн D шугамын туслах салбар шугамын сэлбэг хэрэгсэл нийлүүлэх тендерт тус тус шалгарч 2017 оны 05 дугаар сарын 18-нд ШО17-2/93, 05 дугаар сарын 20-нд ШО17-2/90 тоот гэрээ байгуулсан. Дээрх 2 тендерээр зарлагдсан бүх сэлбэг, материалыг 2017 оны 08 дугаар сарын 20-ны дотор нийлүүлж дууссан тул 2017 оны 08 дугаар сарын 23-нд гэрээгээ 100 хувь гэж дүгнэн, “Ш-О” ХК-тай “Гэрээ дүгнэсэн акт”-аа баталгаажуулсан болно.

Тендерийн баримт бичигт зарим сэлбэгийн техникийн тодорхойлолтыг буруу өгсөнөөс гаалиар оруулж ирсэн сэлбэгийг дахин сольсон, гүний насос, хөдөлгүүр, удирдлагын шитний хүчин чадлыг ус өргөх хоолойн голчтой уялдуулаагүйгээс техникийн тодорхойлолтод заагдсан хөдөлгүүр, удирдлагын шитний хүчин чадал хүрэлцэхгүй, тэжээлийн кабелийн огтлолыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаас болж ихээхэн хэмжээний алданги, хохирлыг манай компанид учруулсан ч бид гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагч тал техникийн тодорхойлолтыг буруу өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Уг техникийн тодорхойлолтод заасан бүх шаардлагыг манай хоолой хангаж байгаа. Насосыг шатсан талаар манай компанид мэдэгдээгүй, мэдэгдсэн бол би тухайн үед нь засварлах байсан. Бид өөрсдийнхөө хийсэн ажилдаа хариуцлага хүлээх байсан.

Гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т захиалагч нь нийт бараа бүтээгдэхүүнийг бараа хүлээн авсан акт үйлдсэнээс хойш хуанлийн 45-60 хоногийн дотор шилжүүлнэ гэж заасан байхад “Ш-О” ХК нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны дотор дээрх 2 тендерийн гэрээний нийт үнэ болох 1,028,372,697 төгрөгийг бүрэн төлж барагдуулах үүргээ зөрчсөн. 9 дүгээр зүйлийн 9.7-д захиалагч нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлнө, нийт алдангийн хэмжээ 20 хувиас хэтрэхгүй гэсэн заалт зэргийг үндэслэж нэхэмжилсэн.

Манай компани гэрээний үүргээ хэрэгжүүлэх зорилгоор Ц К ББСБ-аас 34,000,000 төгрөг, Улаанбаатар хотын банкнаас 425,000,000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай авч, сэлбэг материалыг нийлүүлэхэд зарцуулсан, мөн 10 дугаар сарын 22-нд “Ш-О” ХК нь гэрээний 6.3-д заасан үүргээ зөрчиж 748,372,697 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байснаас манай байгууллага авсан зээлээ хугацаанд нь төлж чадаагүй, зээл төлөх хугацаагаа сунгуулж, сунгасан хугацаа дахин дуусах үед иргэн П.Б сарын 5 хувийн хүүтэй 100,000,000 төгрөгийг зээлж Улаанбаатар хотын банкны зээлийг хаасан зэргээс хамааран ихээхэн хохирол учраад байна.

Иймд гэрээнд заасан дүнгээс төлөгдөөгүй байгаа үлдэгдэл 128,372,697.00 төгрөг, гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хугацаа хоцорсон хоногийн алданги 169,346,702.4 төгрөг болсоноос төлөгдөөгүй байгаа үлдэгдлийн 20 хувь болох 25,674,540.00 төгрөг, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүйгээс уг сэлбэг материалыг нийлүүлэхийн тулд Улаанбаатар хотын банкнаас авсан зээлийн 2017 оны 10 дугаар сарын 22-ноос хойшхи хугацаанд төлсөн зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү 38,980,979.23 төгрөг, зээлийн хугацаа сунгасны шимтгэл 1,297,706.90 төгрөг, Ц К ББСБ-ын зээлийн хүү болон зээлийн хугацаа сунгасны шимтгэл 2,785,212.92 төгрөг, нийт 197,111,135 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч “Ш-О” ХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ш-О” ХК нь “Т Ө Б” ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ШО17-2/90 дугаар “Ус Шүүрүүлэх D1-D10-р худагт шаардлагатай сэлбэг материал худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ШО17-2/93 дугаар “Ус шүүрүүлэлтийн D шугамын туслах салбар шугамын сэлбэг хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар тус тус байгуулсан юм.

“Ш-О” ХК нь “Т Ө Б” ХХК-тай байгуулсан ШО17-2/90, ШО17-2/93 дугаар гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн болно. Гэвч ШО17-2/90, ШО17-2/93 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр “Ш-О” ХК-ийн өмнө үүрэг хүлээсэн “Т Ө Б” ХХК нь чанар стандартын шаардлага хангахгүй сэлбэг, бараа бүтээгдэхүүн нийлүүлж уг доголдлоо өнөөг хүртэл хугацаанд арилгахгүй “Ш-О” ХК-ийг хохироосоор байна.

ШО17-2/90 дугаар гэрээгээр нийлүүлсэн Ф-90 мм диаметртэй 2090 м өргөх төмөр хоолой холбогч муфьт нь зориулалтын бус чанар стандартын шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй болох нь D шугамын өрөмдлөг, шугам хоолойн угсралтын явцад болон дараа нь холбогч муфьт нь хоолойноос резва нь шувтарсан явдлаар тодорхой болсон байна. “Т Ө Б” ХХК-нд ШО17-2/90 дугаар гэрээгээр нийлүүлэгдсэн ус өргөх хоолой муфьт Ф-90 диаметртэй 2090 м хоолойнууд чанар, стандартын шаардлага хангахгүй байгааг мэдэгдсэн бөгөөд үүний дагуу “Т Ө Б” ХХК-иас холбогдох ажилтнууд “Ш-О” ХК-ийн уурхайн бүсэд ирж ус шүүрүүлэх D шугамд тавихаар нийлүүлсэн муфьт сольж өгөхөөр тохиролцон 2017 оны 12 дугаар сард дахин шинэ муфьт авчирч өгсөн боловч шинээр нийлүүлсэн хоолой, муфьт нь шугам хоолойн угсралтын ажлын явцад чанарын шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон юм.

Иймд “Ш-О” ХК 2018 оны 01 дүгээр сарын 04-ний № 02 дугаар “Техникийн комиссын акт” тогтоон ус шүүрүүлэх D1-D10 цооногт ашиглах нийт 49,470,476 төгрөгийн үнэ бүхий 2090 м хоолой, 234 ширхэг муфьтууд нь зориулалтын биш, шаардлага хангахгүй байгаа тул “Т Ө Б” ХХК-д буцаан олгож, зориулалтын хоолойгоор сольж өгөхийг шаардсан. Гэвч дээрх актыг хүлээн авсан “Т Ө Б” ХХК нь “Ш-О” ХК-ийн тавьсан шаардлагыг өнөөг хүртэл хугацаанд биелүүлээгүй тул чанар, стандартын шаардлага хангахгүй барааны үнийг ШО17-2/90 дугаар гэрээний үнийн дүнгээс хасч тооцсон болно. Чанар стандартын шаардлага хангахгүй бараа нийлүүлсний улмаас ус шүүрүүлэлтийн D1-D10 шугам ашиглалтанд орохгүй удсан, уг шугамыг ашиглалтанд оруулахын тулд төмөр хоолой, муфьт авч тавьсан зэрэг ноцтой хохирлыг “Т Ө Б” ХХК Ш-О ХК-д учруулсан юм.

Мөн ШО17-2/90 дугаар гэрээгээр “Гүний насос хөдөлгүүрийн хамт” нийлүүлсэн “Т Ө Б” ХХК-иас нийлүүлсэн 200QJ32-234/18 маркын хөдөлгүүр насосыг D4, D7, D9 дүгээр худгуудад суурилуулсан боловч дээрх худгуудад суурилуулсан насос, хөдөлгүүрүүдэд гэмтэл гарч ашиглалтын шаардлага хангахгүй болсон. “Т Ө Б” ХХК-иас нийлүүлсэн “Гүний насос хөдөлгүүр” нь 1 жилийн баталгаат хугацаатай боловч ашигласнаас 1-2 сарын дотор эвдэрсэн. Гэмтсэн гүний худгийн насос хөдөлгүүрүүдийг сольж өгөхийг “Т Ө Б” ХХК-иас шаардсан боловч өнөөг хүртэл хугацаанд засах болон сольж өгөхгүй “Ш-О” ХК-ийг хохироож байна. Иймд ус өргөх хоолой болон муфьтний үнэ болох 49,470,476 төгрөг, 4 ширхэг насосны үнэ болох 1,636,216 төгрөг, нийт 51,101,692 төгрөгийг манай тал хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний үлдэгдэл төлбөрөөс 76,792,003 төгрөг, гэрээнд заасан алданги бодоход 15,358,400 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар санхүүгийн чадавхитай байхыг шаарддаг. “Т Ө Б” ХХК нь Улаанбаатар хотын банкнаас 425,000,000 төгрөгийг зээлж сэлбэг авахад зарцуулсан гэдэг нь нотлогдохгүй байна. Мөн Ц к ББСБ-аас Б.У гэрээ хийж зээл авсан. Б.У нь “Ш-О” ХК-тай эрх зүйн харилцаанд ороогүй. Иймд зээлийн төлбөр төлөх, хугацаа сунгасны шимтгэл төлөх зэрэг нь зээлдэгчийн өөрийнх нь асуудал юм.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас 92,150,403 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэв.

Анхан шатны шүүх : Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “Ш-О” ХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэл, алдангид 94,682,668 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т Ө Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 102,428,467 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Т Ө Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,143,505.6 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4.4 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч “Ш-О” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 631,363.34 төгрөг гаргуулж, “Т Ө Б” ХХК-д олгож, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б давж заалдах гомдолдоо:  Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 134/ШШ2019/00011 дугаар шийдвэрийг зарим хэсийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: “Т Ө Б” ХХК болон “Ш-О” ХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Ус шүүрүүлэх D1-D10 дугаар худагт шаардлагатай сэлбэг материал худалдах, худалдан авах ШО17-2/90 дугаар гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Ус шүүрүүлэлтийн D шугамын туслах салбар шугамын сэлбэг хэрэгсэл худалдах, худалдан авах ШО17-2/93 дугаар гэрээнүүдийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дүгнэж, гэрээ дүгнэсэн акт үйлджээ. Дээрх хоёр гэрээний үлдэгдэл 128.372.697 төгрөг дээр зохигчид маргаагүй. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2-т заасан гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Хэрвээ гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан ШО17-2/90 дугаар гэрээний 5-д Нийлүүлэгдэх бараа нь техникийн тодорхойлолтыг хангаагүй тохиолдолд захиалагч тус бараанаас татгалзах эрхтэй ба нийлүүлэгч үнэ төлбөргүй солих, эсхүл техникийн тодорхойлолттой нийцүүлэх бүхий л арга хэмжээ авна гэж, мөн гэрээний 13 дугаар зүйлийг 13.1-т сэлбэг хэрэгсэл нь шинэ, чанарын болон зориулалтынх байна гэдгийг нийлүүлэгч баталгаажуулна гэж тус тус заасан. Хэрэгт авагдсан Техникийн тодорхойлолтод үзүүлэлт, хэмжээ, тоо чанар, тайлбар зэргийг тусгасан байх ба мөн зэврэлтэд тэсвэртэй, сайн чанарын стандартад нийцсэн байхыг шаардсан. Энэхүү Техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтийн дагуу сэлбэг материал нийлүүлэгдсэн талаар талууд маргаагүй болно. Гэвч гэрээнд стандартанд нийцсэн гэдгийг ямар стандартанд нийцсэн байхыг тодорхой тусгаагүй байгаа бөгөөд ус өргөх хоолой, муфьт нь зориулалтын дагуу ашиглаж болохгүй байгаа талаар хариуцагч тайлбарлаж, холбогдох баримтаар Техникийн комиссын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай актыг хэрэгт хавсаргажээ. Уг актад D1-D10 дугаар цооногт ашиглагдах 2090 метр хоолой, 234 ширхэг муфьт нь зориулалтынх биш, шаардлага хангахгүй байгаа талаар дурьдсан, үүний дагуу нэхэмжлэгч засварлах, муфьтыг сольж, талууд доголдлыг арилгахаар хамтран ажиллаж, доголдлыг засварлах ажиллагаа нь гэрээнд  заасан баталгаат хугацааны дотор хийгджээ. Энэ нь ШО17-2/90 гэрээний Ерөнхий нөхцөлийн 13 дугаар зүйлийн 13.4, 13.5-т зааснаар гэмтэл дахин гарвал дахин засварлах үүрэг нэхэмжлэгч Т Ө Б ХХК-д байна гэжээ.

“Т Ө Б” ХХК болон “Ш-О” ХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Ус шүүрүүлэх D1-D10 дугаар худагт шаардлагатай сэлбэг материал худалдах, худалдан авах ШО17-2/90 дугаар гэрээний Техникийн тодорхойлолтоо буруу, дутуу гаргасны улмаас “Т Ө Б” ХХК-ийн зүгээс нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгсэл болох ф90 мм-ийн 2090 метр турба болон муфьтны резьбаны таарамж муу байсан. Энэ тухай 2 байгууллагын албан тушаалтнууд хэлэлцээд “Ш-О” ХК-ийн Технологийн бодлогын хэлтсийн дарга Ц, Ус шүүрүүлэх хэсгийн дарга Ш нар “Бид энэ тендерийн техникийн тодорхойлолтыг буруу, дутуу гаргаснаас болж ийм асуудал үүсчээ. Иймд та бүхэн хүн чанар гаргаад хоолойн резьбатай үзүүр, муфьтыг дахин хийлгэж өгөөч. Бид трубайтай нийлүүлж гагнах, угсрах ажлыг өөрсдөө хийнэ” гэсэн хүсэлт тавьсны дагуу 2017 оны 12 дугаар сарын эхээр “Т Ө Б” ХХК-ийн зүгээс резьбатай үзүүр, муфьтыг 9.800.000 төгрөгний зардал гаргаж бэлтгэж өгсөн. Дээрх сольсон бараа бүтээгдэхүүн нь ямар нэгэн доголдолгүй болсон талаар хэсгийн мастер А шүүхээс хийсэн үзлэг туршилтын үеэр хүлээн зөвшөөрч байсан. “Ш-О” ХК-ийн зүгээс үзүүр муфьтыг гагнаж угсрахдаа ажлын арга барил, технологи алдагдснаас угсарч чадахгүй байгаа бөгөөд 2090 метр труба нь үзүүлэлт, хэмжээ, тоо чанар, техникийн тодорхойлолтод заасан биет байдлын доголдолгүй бараа бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгслийг дахин засварлах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд биет байдлын доголдолгүй зүйлийг дахин засварлах боломжгүй юм.

Мөн шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар доголдол арилгуулах, солиулах, гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэлийн үнийн дүнгээс 49.470.475 төгрөгийг хасч, /түүний 9.894.094 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгон/ 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн байна гэж гэрээний холбогдох хэсгийг цуцласан нь үндэслэлгүй бөгөөд “Т Ө Б” ХХК-ийн зүгээс “Ш-О” ХК-д “Танай байгууллагаас гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар акт нь үндэслэлгүй бөгөөд актыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ албан бичгээр мэдэгдэж байсан болно.

Иймд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 134/ШШ2019/00011 дугаар шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу өөрчлөлт оруулж, сэлбэг хэрэгслийн төлбөр 49.470.474 төгрөг, түүний алданги 9.894.095 төгрөг, нийт 59.364.569 төгрөгийг Шивээ-Овоо ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

                 ХЯНАВАЛ :

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбар зэргийг  тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

ИХШХШТХуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэв.

 

 Хэргээс үзэхэд :нэхэмжлэгч “Т Ө Б“ ХХК нь “Ш-О” ХК-иас зарласан “Ус шүүрүүлэх D1- D10-р худагт шаардлагатай сэлбэг материал худалдах, худалдан авах” СШ.№33.ШОХК.2017 дугаар,“Ус шүүрүүлэлтийн D шугамын туслах салбар шугамын сэлбэг хэрэгсэл худалдах, худалдан авах” СШ.№37.ШОХК.2017 дугаар тендерүүдэд шалгарч улмаар 2017 оны 05 дугаар сарын 18-нд №ШО17-2/93, 2017 оны 05 дугаар сарын 19-нд №ШО17-2/90 дугаартай гэрээнүүдийг байгуулжээ.

 

Гэрээний дагуу бүх сэлбэг материалыг 2017 оны 08 дугаар сарын 20-ны дотор нийлүүлж дууссан байх ба  2017 оны 08 дугаар сарын 23-нд гэрээгээ 100 хувь гэж дүгнэн, “ гэрээ дүгнэсэн акт “ – аар баталгаажуулжээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний үлдэгдэл төлбөр 128372697 төгрөгийг алданги, хохирлын хамт гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч нь ШО17-2/90 дугаар гэрээний зүйл болох ус өргөх хоолой /муфьтны хамт/, насосыг чанарын шаардлага хангаагүй, чанарын доголдолтой тул гэрээний энэ хэсгээс татгалзаж, энэ үндэслэлээр дээрх хэсэгт хамаарах төлбөрийг нэхэмжлэлээс хасуулах, мөн алданги, хохирлыг төлөх үндэслэлгүй гэж маргаж, харин ШО17-2/93 дугаар гэрээний үүргийн гүйцэтгэл  болон ШО17-2/90 дугаартай гэрээний үлдэгдэл  нь 128372697 төгрөг болох талаар талууд маргаагүй байна.

 

Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах тухай хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэн, уг гэрээний талаарх иргэний хуулийн болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний зохицуулалтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “ Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу ... солиулах ...эрхтэй “ гэж заасан. 

 

Хариуцагч буюу худалдан авагч Ш-О ХК нь гэрээний дагуу нийлүүлэгдсэн бараа болох ус өргөх хоолой болон муфьтны доголдлыг түүнийг ашиглах явцад илрүүлсэн, энэ талаар нэхэмжлэгч буюу худалдагч Т Ө Б ХХК-д  мэдэгдсэн, худалдагч буюу нэхэмжлэгч Т Ө Б ХХК  нь доголдлыг арилгах арга хэмжээ авсны үр дүнд доголдолтой бараа гэж үзэн муфьтыг солихоор тохиролцож,  муфьтыг сольж  дахин нийлүүлсэн боловч сольсон  муфьт болон ус өргөх хоолойг  зориулалтаар нь ашиглах боломжгүй буюу доголдолтой гэж техникийн комиссийн акт үйлдэж худалдагч буюу нэхэмжлэгч Т Ө Б ХХК-д мэдэгдсэн, тэрээр  доголдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу ирүүлсний дараа гэрээний доголдолтой хэсгээр гэрээг цуцалж, тухайн барааны үнийг гэрээний үнийн дүнгээс хасч тооцохоо хариуцагч Ш-О ХК мэдэгдсэн байна.

Энэ нь  Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-н  “худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шүаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэсэн,

   мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.2-н “ хэд хэдэн эд хөрөнгийг худалдсан тохиолдолд тэдгээрийн зарим хэсэг нь доголдолтой бол гэрээг зөвхөн доголдолтой хэсгээр, ... гэрээг цуцалж болно” гэсэн,

хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-н “худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, ... сольж өгөх үүрэгтэй”  гэсэн,

Талуудын хооронд байгуулагдсан ШО17-2/90 тоот гэрээний 5.5-н “ ... шаардлага хангахгүй бараа нийлүүсэн ... сольж нийлүүлнэ”, 13.4-н “ ... мэдэглийг хүлээн аваад ... засварлах буюу солино “,ШО17-2/90 тоот гэрээний хэсэг болох ерөнхий нөхцлийн  7.3-н “ ... бараа нь техникийн тодорхойлолтыг хангаагүй тохиолдолд ... солих ... нийцүүлэх бүхий л арга хэмжээ авна” гэсэн  заалтуудыг тус тус зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7-д зааснаар ...худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ.

 

Мөн  нэхэмжлэгч буюу худалдагч Т Ө Б ХХК нь доголдолтой эд зүйлийг сольж өгсөн гэх боловч уг сольсон гэх эд зүйл нь зориулалтын шаардлагыг хангахгүй хэмээн хариуцагч буюу худалдан авагч тал техникийн комиссын акт гаргасан байх тул  ШО17-2/90 тоот гэрээний ерөнхий нөхцөлийн 13.5-н “... гэмтэл согогийг арилгаснаас хойш 12 сарын дотор ... гэмтэл согог дахин илэрвэл ... арилгана” гэсэн заалтыг нэхэмжлэгч буюу худалдагч Т Ө Б ХХК зөрчсөн гэж үзэхээр байна.

 

 Иймд анхан шатны шүүхээс  гэрээний дагуу нийлүүлэгдсэн ус өргөх хоолой болон муфьтыг доголдолтой бараа гэж үзсэн, доголдлыг баталгаат хугацааны дотор илрүүлсэн, зохих ёсоор мэдэгдсэн өөрөөр хэлбэл Ш-О ХК нь доголдлыг арилгуулах эрхээ ямар нэгэн байдлаар алдаагүй, энэ талаарх холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн гэж үзэн доголдолтой барааны үнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Харин ашиглалтын явцад баталгаат хугацааны дотор эвдэрч гэмтсэн гэх насосны хувьд доголдлын талаар мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, зохих хугацаанд нь мэдэгдсэн болох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэсэн үндэслэлээр тухайн барааг доголдолтой гэж үзэх, үнийг хасах боломжгүй гэсэн нь үндэслэлтэй байна. 

 

Алдангийн хувьд ШО17-2/90 дугаар гэрээний 9.7-д “ ... төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд ...0.1 хувийн алданги төлнө.”, 9.8 –д  “ ...төлөгдөөгүй үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй гэснийг үндэслэн шүүхээс төлөгдөөгүй үнийн дүн гэж тооцсон хэмжээний 20 хувиар  тооцож 15780445 төгрөгний алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан “ гэрээг бичгээр хийнэ”, 232.4-т заасан “ ...үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6-т заасан  “ ...0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ” гэсэн хуулийн заалтуудтай нийцсэн үндэслэлтэй  байна.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Улаанбаатар хотын банк болон Ц капитал ББСБ-аас авсан зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа сунгасны шимтгэл зэргийг Ш-ОХК нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс нэхэмжлэгч талд учирсан хохирол гэж үзэн нэхэмжилсэн боловч уг зээлүүдийг Ш-О ХК-тай байгуулсан гэрээгээр нийлүүлэх сэлбэг хэрэгслийг худалдан авахад зарцуулсан гэдэг нь тогтоогдоогүй, энэ талаарх тэдний тайлбар нотлох баримтаар нотлогдсонгүй гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын  давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 134/ШШ2019/00011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454,772.85 төгрөгийг  орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.БАЙГАЛМАА

                             ШҮҮГЧИД                                О.ОДНЯМАА

                                                                              Г.ТЭГШСУУРЬ