Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2019/00984

 

"Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                   

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 134/ШШ2019/00011 дүгээр шийдвэр,

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 216/МА2019/00003 дугаар магадлалтай,                                                                                                                                               

“Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Ш ” ХК-д холбогдох

Гэрээний үлдэгдэл 128,372,697 төгрөг, алданги 25,674,540 төгрөг, банкнаас авсан зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү 38,980,979.23 төгрөг, зээлийн хугацаа сунгасны шимтгэл 1,297,706.90 төгрөг, “Централ капитал” ББСБ-ын зээлийн хүү болон зээлийн хугацаа сунгасны шимтгэл 2,785,212.92 төгрөг, нийт 197,111,135 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа, Б.Ганболор, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баатарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь 2017 онд “Ш ” ХК-иас зарласан СШ.№33.ШОХК.2017 дугаартай Ус шүүрүүлэх D1-D10-р худгийн шаардлагатай сэлбэг материал нийлүүлэх, СШ.№37.ШОХК.2017 дугаартай Ус шүүрүүлэлтийн D шугамын туслах салбар шугамын сэлбэг хэрэгсэл нийлүүлэх тендерт тус тус шалгарч 2017 оны 05 сарын 18-нд ШО17-2/93, 05 сарын 20-нд ШО17-2/90 тоот гэрээ байгуулсан. Дээрх 2 тендерээр зарлагдсан бүх сэлбэг, материалыг 2017 оны 08 сарын 20-ны дотор нийлүүлж дууссан тул 2017 оны 08 сарын 23-нд гэрээгээ 100 хувь гэж дүгнэн, “Ш ” ХК-тай гэрээ дүгнэсэн актаа баталгаажуулсан болно. Тендерийн баримт бичигт зарим сэлбэгийн техникийн тодорхойлолтыг буруу өгснөөс гаалиар оруулж ирсэн сэлбэгийг дахин сольсон, гүний насос, хөдөлгүүр, удирдлагын шитний хүчин чадлыг ус өргөх хоолойн голчтой уялдуулаагүйгээс техникийн тодорхойлолтод заагдсан хөдөлгүүр, удирдлагын шитний хүчин чадал хүрэлцэхгүй, тэжээлийн кабелийн огтлолыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаас болж ихээхэн хэмжээний алданги, хохирлыг манай компанид учруулсан ч бид гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагч тал техникийн тодорхойлолтыг буруу өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Уг техникийн тодорхойлолтод заасан бүх шаардлагыг манай хоолой хангаж байгаа. Насосыг шатсан талаар манай компанид мэдэгдээгүй, мэдэгдсэн бол би тухайн үед нь засварлах байсан. Бид өөрсдийнхөө хийсэн ажилдаа хариуцлага хүлээх байсан. Гэрээний 6.3-т захиалагч нь нийт бараа бүтээгдэхүүнийг бараа хүлээн авсан акт үйлдсэнээс хойш хуанлийн 45-60 хоногийн дотор шилжүүлнэ гэж заасан байхад “Ш ” ХК нь 2017 оны 10 сарын 22-ны дотор дээрх 2 тендерийн гэрээний нийт үнэ болох 1,028,372,697 төгрөгийг бүрэн төлж барагдуулах үүргээ зөрчсөн. 9.7-д захиалагч нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлнө, нийт алдангийн хэмжээ 20 хувиас хэтрэхгүй гэсэн заалт зэргийг үндэслэж нэхэмжилсэн.

Манай компани гэрээний үүргээ хэрэгжүүлэх зорилгоор Централ капитал ББСБ-аас 34,000,000 төгрөг, Улаанбаатар хотын банкнаас 425,000,000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай авч, сэлбэг материалыг нийлүүлэхэд зарцуулсан, мөн 10 сарын 22-нд “Ш ” ХК нь гэрээний 6.3-д заасан үүргээ зөрчиж 748,372,697 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байснаас манай байгууллага авсан зээлээ хугацаанд нь төлж чадаагүй, зээл төлөх хугацаагаа сунгуулж, сунгасан хугацаа дахин дуусах үед иргэн П.Баатарчулуунаас сарын 5 хувийн хүүтэй 100,000,000 төгрөгийг зээлж Улаанбаатар хотын банкны зээлийг хаасан зэргээс хамааран ихээхэн хохирол учраад байна. Иймд гэрээнд заасан дүнгээс төлөгдөөгүй байгаа үлдэгдэл 128,372,697.00 төгрөг, гэрээний 9.1-д зааснаар хугацаа хоцорсон хоногийн алданги 169,346,702.4 төгрөг болсноос төлөгдөөгүй байгаа үлдэгдлийн 20 хувь болох 25,674,540.00 төгрөг, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүйгээс уг сэлбэг материалыг нийлүүлэхийн тулд Улаанбаатар хотын банкнаас авсан зээлийн 2017 оны 10 сарын 22-ноос хойшхи хугацаанд төлсөн зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү 38,980,979.23 төгрөг, зээлийн хугацаа сунгасны шимтгэл 1,297,706.90 төгрөг, Централ капитал ББСБ-ын зээлийн хүү болон зээлийн хугацаа сунгасны шимтгэл 2,785,212.92 төгрөг, нийт 197,111,135 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Ш ” ХК нь “Т ” ХХК-тай 2018 оны 05 сарын 19-ний өдөр ШО17-2/90 дугаар Ус Шүүрүүлэх D1-D10-р худагт шаардлагатай сэлбэг материал худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 05 сарын 18-ны өдөр ШО17-2/93 дугаар Ус шүүрүүлэлтийн D шугамын туслах салбар шугамын сэлбэг хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар тус тус байгуулсан юм. “Ш ” ХК нь “Т ” ХХК-тай байгуулсан ШО17-2/90, ШО17-2/93 дугаар гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн болно. Гэвч ШО17-2/90, ШО17-2/93 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр “Ш ” ХК-ийн өмнө үүрэг хүлээсэн “Т ” ХХК нь чанар стандартын шаардлага хангахгүй сэлбэг, бараа бүтээгдэхүүн нийлүүлж уг доголдлоо өнөөг хүртэл хугацаанд арилгахгүй “Ш ” ХК-ийг хохироосоор байна. ШО17-2/90 дугаар гэрээгээр нийлүүлсэн Ф-90 мм диаметртэй 2090 м өргөх төмөр хоолой холбогч муфьт нь зориулалтын бус чанар стандартын шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй болох нь D шугамын өрөмдлөг, шугам хоолойн угсралтын явцад болон дараа нь холбогч муфьт нь хоолойноос резва нь шувтарсан явдлаас тодорхой болсон. “Т ” ХХК-нд ШО17-2/90 дугаар гэрээгээр нийлүүлэгдсэн ус өргөх хоолой муфьт Ф-90 диаметртэй 2090 м хоолойнууд чанар, стандартын шаардлага хангахгүй байгааг мэдэгдсэн бөгөөд үүний дагуу “Т ” ХХК-иас холбогдох ажилтнууд “Ш ” ХК-ийн уурхайн бүсэд ирж ус шүүрүүлэх D шугамд тавихаар нийлүүлсэн муфьт сольж өгөхөөр тохиролцон 2017 оны 12 сард дахин шинэ муфьт авчирч өгсөн боловч шинээр нийлүүлсэн хоолой, муфьт нь шугам хоолойн угсралтын ажлын явцад чанарын шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон юм. Иймд “Ш ” ХК 2018 оны 01 сарын 04-ний 02 дугаар Техникийн комиссын акт тогтоон ус шүүрүүлэх D1-D10цооногт ашиглах нийт 49,470,476 төгрөгийн үнэ бүхий 2090 м хоолой, 234 ширхэг муфьтууд нь зориулалтын биш, шаардлага хангахгүй байгаа тул “Т ” ХХК-д буцаан олгож, зориулалтын хоолойгоор сольж өгөхийг шаардсан. Гэвч дээрх актыг хүлээн авсан “Т ” ХХК нь “Ш ” ХК-ийн тавьсан шаардлагыг өнөөг хүртэл хугацаанд биелүүлээгүй тул чанар, стандартын шаардлага хангахгүй барааны үнийг ШО17-2/90 дугаар гэрээний үнийн дүнгээс хасч тооцсон болно. Чанар стандартын шаардлага хангахгүй бараа нийлүүлсний улмаас ус шүүрүүлэлтийн D1-D10 шугам ашиглалтанд орохгүй удсан, уг шугамыг ашиглалтад оруулахын тулд төмөр хоолой, муфьт авч тавьсан зэрэг ноцтой хохирлыг “Т ” ХХК “Ш ” ХК-д учруулсан юм. Мөн ШО17-2/90 дугаар гэрээгээр Гүний насос хөдөлгүүрийн хамт нийлүүлсэн “Т ” ХХК-иас нийлүүлсэн 200QJ32-234/18 маркийн хөдөлгүүр насосыг D4, D7, D9 дүгээр худгуудад суурилуулсан боловч дээрх худгуудад суурилуулсан насос, хөдөлгүүрүүдэд гэмтэл гарч ашиглалтын шаардлага хангахгүй болсон. “Т ” ХХК-иас нийлүүлсэн Гүний насос хөдөлгүүр нь 1 жилийн баталгаат хугацаатай боловч ашигласнаас 1-2 сарын дотор эвдэрсэн. Гэмтсэн гүний худгийн насос хөдөлгүүрүүдийг сольж өгөхийг “Т ” ХХК-иас шаардсан боловч өнөөг хүртэл хугацаанд засах болон сольж өгөхгүй “Ш ” ХК-ийг хохироож байна. Иймд ус өргөх хоолой болон муфьтний үнэ болох 49,470,476 төгрөг, 4 ширхэг насосны үнэ болох 1,636,216 төгрөг, нийт 51,101,692 төгрөгийг манай тал хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний үлдэгдэл төлбөрөөс 76,792,003 төгрөг, гэрээнд заасан алданги бодоход 15,358,400 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар санхүүгийн чадавхитай байхыг шаарддаг. “Т ” ХХК нь Улаанбаатар хотын банкнаас 425,000,000 төгрөгийг зээлж сэлбэг авахад зарцуулсан гэдэг нь нотлогдохгүй байна. Мөн “Централ капитал” ББСБ-аас Б.Уянга гэрээ хийж зээл авсан. Б.Уянга нь “Ш ” ХК-тай эрх зүйн харилцаанд ороогүй. Иймд зээлийн төлбөр төлөх, хугацаа сунгасны шимтгэл төлөх зэрэг нь зээлдэгчийн өөрийнх нь асуудал юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас 92,150,403 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 134/ШШ2019/00011 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “Ш ” ХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэл, алдангид 94,682,668 төгрөг гаргуулж, “Т ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 102,428,467 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Т ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,143,505.6 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4.4 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч “Ш ” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 631,363.34 төгрөг гаргуулж, “Т ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 216/МА2019/00003 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 134/ШШ2019/00011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баатарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 134/ШШ2019/00011 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 216/МА2019/00003 дугаар магадлалын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Т ” ХХК болон “Шивээ овоо” ХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 05 сарын 19-ний өдрийн Ус шүүрүүлэх 01-010 дугаар худагт шаардлагатай сэлбэг материал худалдах, худалдан авах Ш017-2/90 дугаар гэрээ, 2017 оны 05 сарын 18-ны өдрийн Ус шүүрүүлэлтийн О шугамын туслах салбар шугамын сэлбэг хэрэгсэл худалдах, худалдан авах Ш017-2/93 дугаар гэрээнүүдийг 2017 оны 08 сарын 23-ны өдөр дүгнэж, гэрээ дүгнэсэн акт үйлджээ. Дээрх хоёр гэрээний үлдэгдэл 128,372,697 төгрөг дээр зохигчид маргаагүй. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2-т гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, хэрвээ гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ заасан. Талууд хооронд байгуулагдсан Ш017-2/90 дугаар гэрээний 5-д нийлүүлэгдэх бараа нь техникийн тодорхойлолтыг хангаагүй тохиолдолд захиалагч тус бараанаас татгалзах эрхтэй ба нийлүүлэгч үнэ төлбөргүй солих, эсхүл техникийн тодорхойлолттой нийцүүлэх бүхий л арга хэмжээ авна гэж, мөн гэрээний 13.1-т сэлбэг хэрэгсэл нь шинэ, чанарын болон зориулалтынх байна гэдгийг нийлүүлэгч баталгаажуулна гэж тус тус заасан. Хэрэгт авагдсан Техникийн тодорхойлолтод үзүүлэлт, хэмжээ, тоо чанар, тайлбар зэргийг тусгасан байх ба мөн зэврэлтэд тэсвэртэй, сайн чанарын стандартад нийцсэн байхыг шаардсан. Энэхүү Техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтийн дагуу сэлбэг материал нийлүүлэгдсэн талаар талууд маргаагүй болно. Гэвч гэрээнд стандартад нийцсэн гэдгийг ямар стандартад нийцсэн байхыг тодорхой тусгаагүй байгаа бөгөөд ус өргөх хоолой, муфьт нь зориулалтын дагуу ашиглаж болохгүй байгаа талаар хариуцагч тайлбарлаж, холбогдох баримтаар Техникийн комиссын 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 02 дугаартай актыг хэрэгт хавсаргажээ. Уг актад D1-D10 дугаар цооног ашиглагдах 2090 метр хоолой, 234 ширхэг муфьт нь зориулалтынх биш, шаар хангахгүй байгаа талаар дурдсан, үүний дагуу нэхэмжлэгч засварлах, муфьтыг сольж талууд доголдлыг арилгахаар хамтран ажиллаж, доголдлыг засварлах ажиллагаа гэрээнд заасан баталгаат хугацааны дотор хийгджээ. Энэ нь Ш017-2/90 гэрээ Ерөнхий нөхцлийн 13.4, 13.5-т зааснаар гэмтэл дахин гарвал дахин засварлах үүрэг нэхэмжлэгч “Т ” ХХК-д байна. Хэдийгээр нэхэмжлэгч нийлүүлсэн сэлбэг материалаа засварлах арга хэмжээ авсан боловч ямар нэг үр дүнд хүрээгүй гэжээ.

“Т ” ХХК болон “Шивээ овоо” ХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 05 сарын 19-ний өдрийн Ус шүүрүүлэх D1-D10 дугаар худагт шаардлагатай сэлбэг материал худалдах, худалдан авах Ш017-2/90 дугаар гэрээний Техникийн тодорхойлолтоо буруу хийснээ хүлээн зөвшөөрч, нэгэнт тендерийн ажил учраас хүн чанар гаргаад муфьт, резьбатай үзүүр хэсгийг нь дахин нийлүүлээд өг, гагнаж угсрах ажлыг манай тал бүрэн хариуцна гэсэн хүсэлтийг 2017 оны 10 сарын сүүлээр тавьсан. Энэ үед энэ 2 тендерийн үнийн дүнгийн 72,8 хувийг аваагүй байсан тул бид ярилцаад үүнийг нь нийлүүлээд мөн хурдан авъя гэж шийдсэний үндсэн дээр 2017 оны 12 сарын эхээр “Т ” ХХК-ийн зүгээс дээрх резьбатай үзүүр, муфьтыг 9,800,000 төгрөгийн зардал гаргаж сольж өгсөн бөгөөд сольсон бараа бүтээгдэхүүн нь ямар нэгэн доголдолгүй байсан. “Шивээ овоо” ХК хүлээж авсан. “Шивээ овоо” ХК-ийн зүгээс 2090 метр трубаг угсрах ажлын технологи зөрчсөн, угсралтын ажилчдын ур чадвар, туршлага, мэдлэг дутмагаас угсарч чадахгүй байгаа бөгөөд 2090 метр труба нь үзүүлэлт, хэмжээ, тоо чанар техникийн тодорхойлолтод заасан биет байдлын доголдолгүй бараа бүтээгдэхүүн сэлбэг хэрэгсэл юм. Гэтэл шүүхээс “Т ” ХХК-ийг нийлүүлсэн сэлбэг хэрэгслийг дахин засварлах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд чанар байдлын доголдолгүй зүйлийг дахин засварлах боломжгүй юм. “Шивээ Овоо” ХК зүгээс техникийн тодорхойлолтоо буруу гаргасан, ажилтнуудынх нь чадваргүй угсарч чадахгүй байгаагийн бурууг олон удаа тайлбарласан, анхан шатны шүүхийн туршилт, үзлэгийн үеэр муфьт, резьбаны алдаагүй болохыг бодитоор харуулаад байхад зөвхөн нэг талыг барьсан шийдвэрүүд гаргаж байгаад гайхаж байна. Техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтийн дагуу сэлбэг материал нийлүүлэгдсэн талаар талууд маргаагүй болно гэж дүгнэчихээд гэрээний салшгүй хэсэг болох техникийн тодорхойлолтод заагдаагүй асуудлаар нийлүүлэгчийн эсрэг шийдвэр гаргаж байна. Мөн шүүх “Шивээ Овоо” ХК-ийн 2018 оны 09 сарын 03-ны өдрийн албан бичгийг үндэслэн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэсэнтэй нийцэж байна дүгнэж нэхэмжлэлийн үнийн дүнгээс 49,470,475 төгрөгийг /түүний 9.894.094 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгон/ хассан нь үндэслэлгүй бөгөөд “Т ” ХХК-ийн зүгээс “Шивээ овоо” ХК-д 2018 оны 3 сард албан бичгээр танай байгууллагаас гаргасан 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 02 дугаар акт нь үндэслэлгүй, актыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байсан болно. Ер нь шүүх хариуцагч талын худал үнэн баримтыг үндэслэн шийдвэр гаргаж байгаагаас нэхэмжлэгч талын нэг ч баримтын талаар шийдвэртээ тусгасангүй, үнэлсэнгүй. Энэ нь нэг талыг баримталж байгааг илэрхийлж байна. Иймд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 134/ШШ2019/00011 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 216/МА2019/00003 дугаар магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасны дагуу өөрчлөлт оруулж, сэлбэг хэрэгслийн төлбөр 49,470,475 төгрөг, түүний алданги 9,894.094 төгрөг, нийт 59,364,569 төгрөгийг “Шивээ овоо” ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.   

Нэхэмжлэгч нь хариуцагч “Шивээ Овоо” ХК–д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 128,372,697.00 төгрөгийг алданги, хохирлын хамт гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь ШО17-2/90 дугаар гэрээний зүйлийн чанарын шаардлага хангаагүй хэсэгт хамаарах төлбөрийг хасуулах, мөн алданги, хохирлыг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Хариуцагч нь ШО17-2/90 дугаартай гэрээний үлдэгдэлд 128,372,697.00 төгрөг төлөхийг зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч “Т ” ХХК нь “Шивээ Овоо” ХК-иас зарласан Ус шүүрүүлэх D1- D10-р худагт шаардлагатай сэлбэг материал худалдах-худалдан авах СШ.№33.ШОХК.2017 дугаар, Ус шүүрүүлэлтийн D шугамын туслах салбар шугамын сэлбэг хэрэгсэл худалдах-худалдан авах СШ.№37.ШОХК.2017 дугаар тендерүүдэд шалгарч, 2017 оны 05 дугаар сарын 18-нд №ШО17-2/93, 2017 оны 05 дугаар сарын 19-нд №ШО17-2/90 дугаартай гэрээ тус тус байгуулжээ.

Нэхэмжлэгч нь сэлбэг материалыг 2017 оны 08 дугаар сарын 20-ны дотор нийлүүлж дууссан байх бөгөөд талууд 2017 оны 08 дугаар сарын 23-нд гэрээ дүгнэсэн акт үйлдэхдээ  100 хувь гэж баталгаажуулжээ.

Зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх үүргийн эрх зүйн зохицуулалтыг хэрэглэсэн нь зөв байна.  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Шивээ Овоо” ХК нь ус өргөх хоолой болон муфьтны доголдлыг ашиглалтын явцад илрүүлсэн, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, “Т ” ХХК нь муфьтыг сольж дахин нийлүүлсэн боловч сольсон муфьт болон ус өргөх хоолойг зориулалтаар нь ашиглах боломжгүй буюу доголдолтой гэж техникийн комиссын акт үйлдэж, худалдагч талд мэдэгдсэн боловч тэрээр доголдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсний  дагуу гэрээний доголдолтой хэсгээр гэрээг цуцалж, тухайн барааны үнийг гэрээний үнийн дүнгээс хасч тооцох тухайгаа “Ш ” ХК нэхэмжлэгч компанид мэдэгджээ.

Талуудын хооронд байгуулагдсан ШО17-2/90 тоот гэрээний 5.5-н ... шаардлага хангахгүй бараа нийлүүлсэн ... сольж нийлүүлнэ, 13.4-н ... мэдэгдлийг хүлээн аваад ... засварлах буюу солино, ШО17-2/90 тоот гэрээний хэсэг болох ерөнхий нөхцлийн 7.3-н ... бараа нь техникийн тодорхойлолтыг хангаагүй тохиолдолд ... солих ... нийцүүлэх бүхий л арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчөөгүй байна.

“Т ” ХХК нь доголдолтой эд зүйлийг сольсон боловч тэдгээр нь зориулалтын шаардлагыг хангахгүй тухай худалдан авагч тал техникийн комиссын акт гаргасан байх тул ШО17-2/90 тоот гэрээний ерөнхий нөхцөлийн 13.5-н ... гэмтэл согогийг арилгаснаас хойш 12 сарын дотор ... гэмтэл согог дахин илэрвэл ... арилгана гэсэн заалтыг нэхэмжлэгч “Т ” ХХК зөрчсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцжээ.

Гэрээний дагуу нийлүүлэгдсэн ус өргөх хоолой болон муфьтыг доголдолтой бараа гэж үзсэн, доголдлыг баталгаат хугацааны дотор илрүүлсэн, зохих ёсоор мэдэгдсэн буюу “Ш ” ХК нь доголдлыг арилгуулах эрхээ алдаагүй, энэ талаарх холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн гэж үзэн доголдолтой барааны үнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Ашиглалтын явцад баталгаат хугацааны дотор эвдэрч гэмтсэн гэх насосны хувьд доголдлын талаар мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, зохих хугацаанд нь мэдэгдсэн болох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэсэн үндэслэлээр тухайн барааг доголдолтой гэж үзэх, үнийг хасах боломжгүй гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

ШО17-2/90 дугаар гэрээний 9.7-д ... төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд ...0.1 хувийн алданги төлнө., 9.8 д ...төлөгдөөгүй үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй гэснийг үндэслэн төлөгдөөгүй үнийн дүн гэж тооцсон хэмжээний 20 хувиар тооцож, хариуцагчаас 15,780,445.00 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6-д заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Улаанбаатар хотын банк болон “Централ капитал” ББСБ-аас авсан зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа сунгасны шимтгэл зэргийг “Ш ” ХК нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс нэхэмжлэгч талд учирсан хохирол гэж үзэн нэхэмжилсэн боловч уг зээлүүдийг “Ш ” ХК-тай байгуулсан гэрээгээр нийлүүлэх сэлбэг хэрэгслийг худалдан авахад зарцуулсан гэдэг нь тогтоогдоогүй, энэ талаарх тэдний тайлбар нотлох баримтаар нотлогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 134/ШШ2019/00011 дүгээр шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 216/МА2019/00003 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.           

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 454,773.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН