Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 134/ШШ2019/00011

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Ө.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.ОХК-д холбогдох 

 

Гэрээний үлдэгдэл 128,372,697 төгрөг, алданги 25,674,540 төгрөг, банкнаас авсан зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү 38,980,979.23 төгрөг, зээлийн хугацаа сунгасны шимтгэл 1,297,706.90 төгрөг, Централ капитал ББСБ-ын зээлийн хүү болон зээлийн хугацаа сунгасны шимтгэл 2,785,212.92 төгрөг, нийт 197,111,135 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Б.Г, Д.А, нарийн бичгийн дарга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Ө.Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь 2017 онд “Шивээ-Овоо” ХК-иас зарласан СШ.№33.ШОХК.2017 дугаартай “Ус шүүрүүлэх D1-D10-р худгийн шаардлагатай сэлбэг материал нийлүүлэх”, СШ.№37.ШОХК.2017 дугаартай “Ус шүүрүүлэлтийн D шугамын туслах салбар шугамын сэлбэг хэрэгсэл нийлүүлэх” тендерт тус тус шалгарч 2017 оны 05 дугаар сарын 18-нд ШО17-2/93, 05 дугаар сарын 20-нд ШО17-2/90 тоот гэрээ байгуулсан. Дээрх 2 тендерээр зарлагдсан бүх сэлбэг, материалыг 2017 оны 08 дугаар сарын 20-ны дотор нийлүүлж дууссан тул 2017 оны 08 дугаар сарын 23-нд гэрээгээ 100 хувь гэж дүгнэн, “Ш.О” ХК-тай “Гэрээ дүгнэсэн акт”-аа баталгаажуулсан болно.

Тендерийн баримт бичигт зарим сэлбэгийн техникийн тодорхойлолтыг буруу өгсөнөөс гаалиар оруулж ирсэн сэлбэгийг дахин сольсон, гүний насос, хөдөлгүүр, удирдлагын шитний хүчин чадлыг ус өргөх хоолойн голчтой уялдуулаагүйгээс техникийн тодорхойлолтод заагдсан хөдөлгүүр, удирдлагын шитний хүчин чадал хүрэлцэхгүй, тэжээлийн кабелийн огтлолыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаас болж ихээхэн хэмжээний алданги, хохирлыг манай компанид учруулсан ч бид гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагч тал техникийн тодорхойлолтыг буруу өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Уг техникийн тодорхойлолтод заасан бүх шаардлагыг манай хоолой хангаж байгаа. Насосыг шатсан талаар манай компанид мэдэгдээгүй, мэдэгдсэн бол би тухайн үед нь засварлах байсан. Бид өөрсдийнхөө хийсэн ажилдаа хариуцлага хүлээх байсан.

Гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т захиалагч нь нийт бараа бүтээгдэхүүнийг бараа хүлээн авсан акт үйлдсэнээс хойш хуанлийн 45-60 хоногийн дотор шилжүүлнэ гэж заасан байхад “Ш.О” ХК нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны дотор дээрх 2 тендерийн гэрээний нийт үнэ болох 1,028,372,697 төгрөгийг бүрэн төлж барагдуулах үүргээ зөрчсөн. 9 дүгээр зүйлийн 9.7-д захиалагч нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлнө, нийт алдангийн хэмжээ 20 хувиас хэтрэхгүй гэсэн заалт зэргийг үндэслэж нэхэмжилсэн.

Манай компани гэрээний үүргээ хэрэгжүүлэх зорилгоор Централ капитал ББСБ-аас 34,000,000 төгрөг, Улаанбаатар хотын банкнаас 425,000,000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай авч, сэлбэг материалыг нийлүүлэхэд зарцуулсан, мөн 10 дугаар сарын 22-нд “Ш.О” ХК нь гэрээний 6.3-д заасан үүргээ зөрчиж 748,372,697 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байснаас манай байгууллага авсан зээлээ хугацаанд нь төлж чадаагүй, зээл төлөх хугацаагаа сунгуулж, сунгасан хугацаа дахин дуусах үед иргэн П.Б-с сарын 5 хувийн хүүтэй 100,000,000 төгрөгийг зээлж Улаанбаатар хотын банкны зээлийг хаасан зэргээс хамааран ихээхэн хохирол учраад байна.

Иймд гэрээнд заасан дүнгээс төлөгдөөгүй байгаа үлдэгдэл 128,372,697.00 төгрөг, гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хугацаа хоцорсон хоногийн алданги 169,346,702.4 төгрөг болсоноос төлөгдөөгүй байгаа үлдэгдлийн 20 хувь болох 25,674,540.00 төгрөг, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүйгээс уг сэлбэг материалыг нийлүүлэхийн тулд Улаанбаатар хотын банкнаас авсан зээлийн 2017 оны 10 дугаар сарын 22-ноос хойшхи хугацаанд төлсөн зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү 38,980,979.23 төгрөг, зээлийн хугацаа сунгасны шимтгэл 1,297,706.90 төгрөг, Централ капитал ББСБ-ын зээлийн хүү болон зээлийн хугацаа сунгасны шимтгэл 2,785,212.92 төгрөг, нийт 197,111,135 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Ш.О” ХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ш.О” ХК нь “Т.Ө.Б” ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ШО17-2/90 дугаар “Ус Шүүрүүлэх D1-D10-р худагт шаардлагатай сэлбэг материал худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ШО17-2/93 дугаар “Ус шүүрүүлэлтийн D шугамын туслах салбар шугамын сэлбэг хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар тус тус байгуулсан юм.

“Ш.О” ХК нь “Т.Ө.Б” ХХК-тай байгуулсан ШО17-2/90, ШО17-2/93 дугаар гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн болно. Гэвч ШО17-2/90, ШО17-2/93 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр “Ш.О” ХК-ийн өмнө үүрэг хүлээсэн “Т.Ө.Б” ХХК нь чанар стандартын шаардлага хангахгүй сэлбэг, бараа бүтээгдэхүүн нийлүүлж уг доголдлоо өнөөг хүртэл хугацаанд арилгахгүй “Ш.О” ХК-ийг хохироосоор байна.

ШО17-2/90 дугаар гэрээгээр нийлүүлсэн Ф-90 мм диаметртэй 2090 м өргөх төмөр хоолой холбогч муфьт нь зориулалтын бус чанар стандартын шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй болох нь D шугамын өрөмдлөг, шугам хоолойн угсралтын явцад болон дараа нь холбогч муфьт нь хоолойноос резва нь шувтарсан явдлаар тодорхой болсон байна. “Т.Ө.Б” ХХК-нд ШО17-2/90 дугаар гэрээгээр нийлүүлэгдсэн ус өргөх хоолой муфьт Ф-90 диаметртэй 2090 м хоолойнууд чанар, стандартын шаардлага хангахгүй байгааг мэдэгдсэн бөгөөд үүний дагуу “Т.Ө.Б” ХХК-иас холбогдох ажилтнууд “Ш.О” ХК-ийн уурхайн бүсэд ирж ус шүүрүүлэх D шугамд тавихаар нийлүүлсэн муфьт сольж өгөхөөр тохиролцон 2017 оны 12 дугаар сард дахин шинэ муфьт авчирч өгсөн боловч шинээр нийлүүлсэн хоолой, муфьт нь шугам хоолойн угсралтын ажлын явцад чанарын шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон юм.

Иймд “Ш.О” ХК 2018 оны 01 дүгээр сарын 04-ний № 02 дугаар “Техникийн комиссын акт” тогтоон ус шүүрүүлэх D1-D10 цооногт ашиглах нийт 49,470,476 төгрөгийн үнэ бүхий 2090 м хоолой, 234 ширхэг муфьтууд нь зориулалтын биш, шаардлага хангахгүй байгаа тул “Т.Ө.Б” ХХК-д буцаан олгож, зориулалтын хоолойгоор сольж өгөхийг шаардсан. Гэвч дээрх актыг хүлээн авсан “Т.Ө.Б” ХХК нь “Ш.О” ХК-ийн тавьсан шаардлагыг өнөөг хүртэл хугацаанд биелүүлээгүй тул чанар, стандартын шаардлага хангахгүй барааны үнийг ШО17-2/90 дугаар гэрээний үнийн дүнгээс хасч тооцсон болно. Чанар стандартын шаардлага хангахгүй бараа нийлүүлсний улмаас ус шүүрүүлэлтийн D1-D10 шугам ашиглалтанд орохгүй удсан, уг шугамыг ашиглалтанд оруулахын тулд төмөр хоолой, муфьт авч тавьсан зэрэг ноцтой хохирлыг “Т.Ө.Б” ХХК “Ш.О” ХК-д учруулсан юм.

Мөн ШО17-2/90 дугаар гэрээгээр “Гүний насос хөдөлгүүрийн хамт” нийлүүлсэн “Т.Ө.Б” ХХК-иас нийлүүлсэн 200QJ32-234/18 маркын хөдөлгүүр насосыг D4, D7, D9 дүгээр худгуудад суурилуулсан боловч дээрх худгуудад суурилуулсан насос, хөдөлгүүрүүдэд гэмтэл гарч ашиглалтын шаардлага хангахгүй болсон. ““Т.Ө.Б”” ХХК-иас нийлүүлсэн “Гүний насос хөдөлгүүр” нь 1 жилийн баталгаат хугацаатай боловч ашигласнаас 1-2 сарын дотор эвдэрсэн. Гэмтсэн гүний худгийн насос хөдөлгүүрүүдийг сольж өгөхийг “Т.Ө.Б” ХХК-иас шаардсан боловч өнөөг хүртэл хугацаанд засах болон сольж өгөхгүй “Ш.О” ХК-ийг хохироож байна. Иймд ус өргөх хоолой болон муфьтний үнэ болох 49,470,476 төгрөг, 4 ширхэг насосны үнэ болох 1,636,216 төгрөг, нийт 51,101,692 төгрөгийг манай тал хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний үлдэгдэл төлбөрөөс 76,792,003 төгрөг, гэрээнд заасан алданги бодоход 15,358,400 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар санхүүгийн чадавхитай байхыг шаарддаг. “Т.Ө.Б” ХХК нь Улаанбаатар хотын банкнаас 425,000,000 төгрөгийг зээлж сэлбэг авахад зарцуулсан гэдэг нь нотлогдохгүй байна. Мөн Централ капитал ББСБ-аас Б.Уянга гэрээ хийж зээл авсан. Б.Уянга нь “Ш.О” ХК-тай эрх зүйн харилцаанд ороогүй. Иймд зээлийн төлбөр төлөх, хугацаа сунгасны шимтгэл төлөх зэрэг нь зээлдэгчийн өөрийнх нь асуудал юм. 

Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас 92,150,403 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч “Т.Ө.Б” ХХК нь хариуцагч “Ш.О” ХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл 128,372,697 төгрөг, алданги 25,674,540 төгрөг, банкнаас авсан зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү 38,980,979.23 төгрөг, зээлийн хугацаа сунгасны шимтгэл 1,297,706.90 төгрөг, Централ капитал ББСБ-ын зээлийн хүү болон зээлийн хугацаа сунгасны шимтгэл 2,785,212.92 төгрөг, нийт 197,111,135 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч тал үлдэгдэл төлбөрт 76,792,003 төгрөг болон 15,358,400 төгрөгийн алданги, нийт 92,150,403 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж маргаж байна.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.Гэрээний үлдэгдэл төлбөр 128,372,697 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

“Т.Ө.Б” ХХК, “Ш.О” ХК-ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Ус шүүрүүлэх D1-D10 дугаар худагт шаардлагатай сэлбэг материал худалдах, худалдан авах ШО17-2/90 дугаартай гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Ус шүүрүүлэлтийн D шугамын туслах салбар шугамын сэлбэг хэрэгсэл худалдах, худалдан авах ШО17-2/93 дугаартай гэрээ тус тус байгуулагджээ /хх9--61/. 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан дээрх 2 гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан сэлбэг материал нийлүүлсэн, харин “Ш.О” ХК техникийн тодорхойлолтоо буруу гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулна гэж,

хариуцагч тал ШО17-2/90 дугаартай гэрээний зүйл болох ус өргөх хоолой, муфьт, насосыг чанарын шаардлага хангаагүй, доголдолтой тул гэрээний энэ хэсгээс татгалзаж, төлбөрийг хасаж тооцно гэж тус тус тайлбарлаж, талууд ШО17-2/93 дугаартай гэрээний талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч тал гэрээнд заасан сэлбэг материалыг хариуцагч талд нийлүүлж, ШО17-2/90, ШО17-2/93 дугаартай гэрээг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дүгнэж, гэрээ дүгнэсэн акт үйлджээ. /хх32, 59/. 2 гэрээний нийт дүн 1,028,372,697 төгрөг бөгөөд хариуцагч нийт 900,000,000 төгрөг төлсөн, одоо 128,372,697 төгрөгийн үлдэгдэлтэй байгаад зохигч маргаагүй.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2-т гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан.

Талуудын хооронд байгуулагдсан ШО17-2/90 дугаар гэрээний 5-д нийлүүлэгдэх бараа нь техникийн тодорхойлолтыг хангаагүй тохиолдолд захиалагч тус бараанаас татгалзах эрхтэй ба нийлүүлэгч үнэ төлбөргүй солих, эсхүл техникийн тодорхойлолттой нийцүүлэх бүхий л арга хэмжээ авна гэж, мөн гэрээний 13.1-т сэлбэг хэрэгсэл нь шинэ, сайн чанарын болон зориулалтынх байна гэдгийг нийлүүлэгч баталгаажуулна гэж тус тус заасан. Хэрэгт авагдсан Техникийн тодорхойлолтод /хх28-30/ үзүүлэлт, хэмжээ, тоо чанар, тайлбар зэргийг тусгасан байх ба мөн зэврэлтэд тэсвэртэй, сайн чанарын стандартад нийцсэн байхыг шаардсан. Энэхүү Техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтийн дагуу сэлбэг материал нийлүүлэгдсэн талаар талууд маргаагүй болно. Гэвч гэрээнд стандартад нийцсэн гэдгийг ямар стандартад нийцсэн байхыг тодорхой тусгаагүй бөгөөд ус өргөх хоолой, муфьт нь зориулалтын дагуу ашиглаж болохгүй байгаа талаар хариуцагч тайлбарлаж, холбогдох баримтаар Техникийн комиссын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай актыг хэрэгт хавсаргажээ /хх-143/.

Уг актад D01-D10 дугаар цооногт ашиглагдах 2090 метр хоолой, 234 ширхэг муфьт нь зориулалтынх биш, шаардлага хангахгүй байгаа талаар дурдсан, үүний дагуу нэхэмжлэгч засварлах, муфьтыг сольж, талууд доголдлыг арилгахаар  хамтран ажиллаж, доголдлыг засварлах ажиллагаа нь гэрээнд заасан баталгаат хугацааны дотор хийгджээ. Энэ нь ШО17-2/90 гэрээний Ерөнхий нөхцлийн 13.4-т зааснаар “Т.Ө.Б”  ХХК нь нийлүүлсэн эд хөрөнгийг засварлах арга хэмжээ авсан гэж үзэхээр байна. Мөн гэрээний 13.5-д зааснаар гэмтэл дахин илэрвэл засварлах үүрэг нь нэхэмжлэгч “Т.Ө.Б” ХХК-д байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь нийлүүлсэн сэлбэг материалаа засварлах арга хэмжээ авсан боловч ямар нэг үр дүнд хүрээгүй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. Үүний дагуу эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар шаардаж, үр дүнд хүрээгүй учраас гэрээний хэсэг болох ус өргөх хоолой, муфьт нийлүүлэх хэсгээс татгалзаж, нэхэмжлэлийн үнийн дүнгээс дээрх сэлбэг материалын үнэ 49,470,476 төгрөгийг хасуулах талаар тайлбарлаж, үүнийгээ нотлохын тулд “Ш.О” ХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2б/789 тоот албан бичгийг хавсаргасан /хх-157/.

Уг албан бичигт “Тус компани нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай техникийн комиссын акт гарган 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ШО17-2/90 дугаар тендерийн гэрээний дагуу нийлүүлэгдсэн 49,470,475 төгрөгийн үнэ бүхий ф90-ийн 2090 м хоолойг зориулалтын биш доголдолтой бараа хэмээн тогтоосон. Иймд доголдолтой барааг буцаан авч, тус компани доголдолтой барааны үнийг гэрээний үнийн дүнгээс хасч тооцох болохыг мэдэгдэж байна” гэжээ.

Иймд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэсэнтэй нийцэж байна гэж дүгнэж, гэрээнд заасны дагуу 2090 метр ус өргөх хоолой, муфьтны үнэ 49,470,474 төгрөгийг гэрээний үлдэгдэл төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

2090 метр ус өргөх хоолой, муфьтны үнийг талуудын хооронд байгуулагдсан ШО17-2/90 дугаартай гэрээний хавсралт, D1-D10 дугаар худгийн шаардлагатай сэлбэг материал нийлүүлэх гэх баримтын 3-т зааснаар тооцсон болно /хх-14/.

Харин баталгаат хугацааны дотор 4 ширхэг насос шатсан гэж 1,631,216 төгрөгийг хасуулах тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Учир нь, 4 ширхэг насос шатсан талаар гэрээний 13.3-т “захиалагч энэхүү баталгааны дагуу гаргах гомдлыг нийлүүлэгчид бичгээр шуурхай мэдэгдэнэ” гэж заасны дагуу “Ш.О” ХК нь “Т.Ө.Б” ХХК-д мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаар холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч “Т.Ө.Б” ХХК-ийг доголдолтой эд хөрөнгө нийлүүлсэн, баталгаат хугацааны дотор доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр гэрээний үлдэгдэл төлбөр болох 128,372,697 төгрөгөөс ус өргөх хоолой, муфьтны үнэ болох 49,470,474 төгрөгийг хасаж, “Ш.О” ХК-иас 78,902,223 төгрөгийг гаргуулж, “Т.Ө.Б” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв. 

2.Алдангид 25,674,540 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Зохигчийн хооронд байгуулагдсан ШО17-2/90 тоот гэрээний 9.7-д захиалагч нь гэрээнд заасан хугацаанд нийлүүлсэн барааны төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлнө, гэрээний 9.8-д зааснаар алдангийн нийт хэмжээ нь нийлүүлээгүй бараа болон төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж, гэрээний Тусгай нөхцлийн 14.2-т захиалагч төлбөрийг нэхэмжлэх хүлээн авсанаас хойш 45-60 хоногийн дотор шуурхай хийнэ гэж тус тус заасан.

Хариуцагч “Ш.О” ХК нь 78,902,223 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэсэн тул дээрх заалтуудыг үндэслэн алдангийг төлөгдөөгүй төлбөрийн 20 хувиар тооцож, 15,780,445 төгрөгийг “Ш.О” ХК-иас гаргуулж, “Т.Ө.Б” ХХК-д олгохоор шийдвэрлэв.   

3. Улаанбаатар хотын банкнаас авсан зээлийн 2017 оны 10 дугаар сарын 22-ноос хойшхи хугацаанд төлсөн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү 38,980,979.23 төгрөг, зээлийн хугацаа сунгасны шимтгэл 1,297,706.90 төгрөг, Централ капитал ББСБ-ын зээлийн хүү болон зээлийн хугацаа сунгасны шимтгэл 2,785,212.92 төгрөг, нийт 43,063,698.05 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч тал “Ш.О” ХК-тай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхийн тулд банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан, хариуцагч байгууллага төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн учраас үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа сунгасны шимтгэл зэргийг гаргуулна гэж энэ шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

Гэвч Улаанбаатар хотын банкнаас “Т.Ө.Б” ХХК-ийн авсан 425,000,000 төгрөгийг ”Ш.О” ХК-тай байгуулсан гэрээний зүйл болох сэлбэг материал худалдаж авсан гэдэг нь холбогдох нотлох баримтаар нотлогдсонгүй гэж дүгнэлээ. Хэдийгээр гадаад руу мөнгө шилжүүлж, сэлбэг материал авсан гэж нэхэмжлэгч тал тайлбарласан боловч 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ0301/170614 тоот зээлийн гэрээний 4.4-т зээлийн зориулалтыг бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээл гэсэн /хх85/, уг зээлд орон сууц болон “Т.Ө.Б” ХХК-ийн харилцах дансны орлого зэргийг барьцаалсан, депозит дансны харилцагчийн монгол хуулга гэх баримтад /хх95-98/ гадаад гуйвуулга гэж мөнгө шилжүүлсэн боловч энэ нь зохигчийн хооронд байгуулсан ШО17-2/90, ШО17-2/93 дугаартай гэрээний зүйлийг худалдан авахад зарцуулсан гэдэг нь тогтоогдохгүй байна. 

Мөн “Централ капитал ББСБ” ХХК-иас авсан зээлийн гэрээгээр /хх99-101/ 34,000,000 төгрөгийг иргэн Б.Уянга нь орон сууц барьцаалсан зээлийн зориулалтаар зээлсэн, зээлийн дансны хуулгад /хх102/ зээл төлөлтийг тусгасан байгаагаас дүгнэхэд нэхэмжлэгчийн тайлбарласан “Ш.О” ХК-тай байгуулсан гэрээний зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан гэх тайлбар нотлогдсонгүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд 43,063,698.05 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.   

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “Т.Ө.Б” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч “Ш.О” ХК-иас зээлийн үлдэгдэл болон алдангид 94,682,668 төгрөг гаргуулж, “Т.Ө.Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 102,428,467 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,143,505.6 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4.4 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 631,363.64 төгрөгийг хариуцагч “Ш.О” ХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “Т.Ө.Б” ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “Ш.О” ХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэл, алдангид 94,682,668 төгрөг гаргуулж, “Т.Ө.Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 102,428,467 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Т.Ө.Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,143,505.6 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4.4 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч “Ш.О” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 631,363.34 төгрөг гаргуулж, “Т.Ө.Б” ХХК-д олгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.НАРАНЧИМЭГ