Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төртогтохын Наранцогт |
Хэргийн индекс | 182/2019/00082/И |
Дугаар | 182/ШШ2019/00402 |
Огноо | 2019-03-05 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2019/00402
2019 оны 03 сарын 05 өдөр | Дугаар 182/ШШ2019/00402 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Наранцогт даргалж, шүүгч Ж.Байгалмаа, шүүгч Н.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.*******,
Нэхэмжлэгч: Баярболдын ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Отгонбаярын *******д холбогдох
Гэм хороос үүсэх хохиролд 13,097,135 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Б.*******ийн төлөөлөгч Б.*******, өмгөөлөгч Х.*******, хариуцагчийн төлөөлөгч Б.*******, иргэдийн төлөөлөгч Ө.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.*******, Б.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа болон түүний өмгөөлөгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед би цагдаагийн байгууллагад очиж өөрийн биеийн байцаалт өгсөн. Тухайн үед О.******* өрхийн эмнэлэгт жолооч, аав нь өрхийн эмнэлгийн дарга хийдэг байсан бөгөөд нийлж нэг нэгнийгээ уруу татаж байнга архи уудаг байсан. Үүнээс болж гэр бүл сарнихад нөлөөлсөн гэдгийг хэлсэн. Төрсөн ах нь би өөрөө оролцъё гэж Д.Батсайхан гэдэг хүн хэлэхэд нь тэг та өөрөө оролц гэж хэлсэн. Тэд нар Архангай аймгийн Цэцэрлэг суманд байдаг малчин хүмүүс. Хоёр хүүхэд бол үнэхээр энэ хүний хүүхэд гэсэн нотлох баримт байгаа. Тэр талаар юу ч дурдаагүй зөвхөн өөрсдийн зардал 831,000 төгрөг нэхэмжилж авсан байсан. Тухайн үед хадам ээж чи шүүх хурал дээр яагаад очсонгүй вэ? гэж хэлсэн. Шүүхээс надад хэлээгүй учраас би мэдээгүй.
Б.******* нь Даваасамбуугийн Баярболд гэдэг хүнтэй 1999 онд гэр бүл болж гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлж 2000 он, 2006 онд хүү Б.*******, Б.Бямбадорж нарыг төрүүлсэн. Амьдарч байх хугацаанд Б.*******гийн нөхөр, хоёр хүүхдийн эцэг Д.Баярболд 2010 оны 08 сарын 17-ны өдрийн шөнө О.******* нь санаатайгаар алсан. Тухайн үед Б.******* гэнэтийн цочролд орж, бага насны хоёр хүүхэдтэйгээ үлдэж, хэргийн талаар сайн мэдэхгүй байсан. Архангай аймгийн Цэцэрлэг сумаас Д.Баярболд агсны төрсөн ах н.Батсайхан гэдэг хүн төлөөлж ирсэн бөгөөд бүх юмыг зохицуулж байгаа гэж хэлээд явж байгаад дуусгасан. О.******* гэдэг хүн Эрүүгийн хуулийн 91.2-т заасны дагуу 20 жилийн хорих ял шийтгүүлсэн гэдэг мэдээллийг Б.******* авсан. Сүүлд бүрдүүлж өгсөн баримтаас харахад Улсын дээд шүүх Эрүүгийн хуулийн 91.1 болгож 12 жилийн хорих ял болгосон байсан. Тухайн үед хоригдож 20 жилийн яд эдэлж байгаа гэсэн ойлголттой байсан. Ар гэрийн хүмүүс хохирсон талтай холбоо барьдаггүй. Өөрийн үйлдсэн хэргийн хор уршгийг өөрөө хариуцах ёстой гэсний дагуу ар гэр нь холбогдох үүрэг хүлээгээгүй байх. Б.******* нь 2018 оны 07 дугаар сард О.*******тай таарсан ба суллагдаад гараад ирсэн байхад нь таарсан байсан. Гэхдээ нүүрэлдэж уулзаагүй зөрөөд өнгөрсөн. Тэр үед энэ хүн ялаа эдлээд гараад ирсэн гэж мэдсэн. Тухайн үед хуульчид ийм асуудал болсон хоёр хүүхдээ ямар ч тусламж, дэмжлэггүйгээр асарч явж байгаа буруутай талаас гэм хорын хохирол төлбөрийн асуудал авах боломжтой гэсэн зөвлөгөөг аваад нэхэмжлэл гаргасан. 2018 оны 11 сарын 05-ний өдөр эвлэрүүлэн зуучлалд хандсан. Хоёр талаас ярилцаад эвлэрч болох юм гэхэд ар гэрээс нь энд байхгүй, Өмнөговь аймагт том машин барьж байгаа уулзуулах боломжгүй гэсэн хариуг өгсөн.
Арга буюу 2018 оны 12 сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохирлыг 2 хүүхдийн өмнөөс нэхэмжилж байна. Б.******* 18 нас хүрсэн учраас өөрөө бие даасан, бага хүүхэд нь одоо 12 настай 8 дугаар ангид сурч байгаа. Тухайн үед хоёр хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон. Тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоолгоход өрхийн эмнэлгээс цалингийн тодорхойлолтыг авч тогтоосон. Эх хувиас нь сүүлийн 3 сарын цалингийн дунджаас сарын цалингийн дунджийг гаргаж 2 хүүхэддээ хуваахад нэг хүнд 164,878 төгрөг болно. Хоёр хүүхэд гэвэл 329,755 төгрөг болно. Тухайн үеийн ханшаар бодож үзэхэд ийм хэмжээний тэтгэмж, дэмжлэгийг үзүүлж байх ёстой байсан. Том хүүхэд нь 2018 оны 08 сарын 17-ны өдөр 18 нас хүрсэн, 2018 оны 08 сарын 17-ны өдөр хүртэл нийтдээ 97 сар гарч байх тул 97 сарын орлогыг бодож үзэхэд 31,986,000 төгрөг болно. Тэжээгчээ алдсаны тэтгэмжид авсан, хоёр хүүхдэд ирсэн орлого бол 18,888,910 төгрөг бөгөөд үүнийг нас барсан хүний дундаж орлогоос хасаж нийтдээ 13,097,135 төгрөгийг гэм хорын хохиролд нэхэмжилсэн. Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу нас барсан хүний орлогоос өөрт оногдохыг хасаж үлдэх орлогыг тооцож өв залгамжлагч нэхэмжлэх эрхтэй гэсэн заалтын дагуу 13,097,135 төгрөгийг О.Оундалайгаас нас барсан Д.Баярболдын 2 хүүхэд гаргуулж өгөөч гээд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч О.Оундалай шүүхэд гаргасан тайлбартаа болон төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Юуны өмнө энэ хэргийн улмаас харамсалтай үйл явдал болж эрдэнэт хүний амь нас эрстсэн байна. Тийм учраас өмгөөллийн болоод хариуцагчийн нэхэмжлэлийн татгалзлыг хэлэхээс өмнө нэхэмжлэгч талаас хүлцэл өчиж байна. Хэдийгээр хань ижил, эцгээ алдсан харамсалтай үйл явдал болсон боловч өнөөдрийн хурал дээр өмгөөлөгч, хуульчийн хувьд хууль зүйн үндэслэл бүхий гаргалгаа, дүгнэлтийг шүүх хуралдаан дээр хэлнэ. Магадгүй зарим нэг ярьж байгаа зүйл маань хүлээж авах боломжгүй, сэтгэл зүйн хувьд хүнд тусахыг үгүйсгэхгүй. Тийм учраас ярьж байгаа зүйлийг зөвөөр тусгаж аваасай гэж хүсч байна. Нэхэмжлэгч Б.*******, Б.******* нар хариуцагч О.*******д холбогдуулж гэм хорын хохиролд 13,097,135 төгрөгийг хариуцагч О.*******гаас гаргуулахаас нэхэмжилсэн байна. Хэрэгт авагдсан баримтаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 297 тоот тогтоол зэргээс үзэхэд тухайн үед О.******* Д.Баярболд агсны амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад болон шүүн таслах ажиллагааны явцад тухайн үед учирсан шүүхийн болон гэм хорын зардал, хохирлыг төлж барагдуулсан.
Сүүлд шүүхийн шийтгэх тогтоолд дурдсанаар 814,000 төгрөг төлсөн учраас одоо нэхэмжилж байгаа зүйлийг төлөх боломжгүй гэдэг байдлаар шүүхэд тайлбар гаргасан.
Хариуцагчийн өмгөөлөгч болоод төлөөлөгчийн зүгээс оролцож байгаа тул хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж оролцоно. Гэхдээ хууль зүйн гаргалгааны хувьд Иргэний хуулийн 508 дугаар зүйл болоод 509 дүгээр зүйлд заасан хохирогч нас барсантай холбоотой гэм хорын асуудлыг ярьж байгаа учраас хууль зүйн дүгнэлт хэлж байна. Нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо Д.Баярболд агсны сарын дундаж цалинг 494,633 төгрөг гэж тооцож нэхэмжлэлд дурдсанаас ойлгоход талийгаачийн өөрт оногдох хэсэг болох 164,878 төгрөгийг хасаж хоёр хүүхдэд 329,755 төгрөг ногдоно, талийгаач нас барснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд буюу 8 жил 1 сарын хугацааг 97 сараар тооцоход 31,956,235 төгрөг болно үүнээс тэжээгч алдсаны тэтгэмжийг хасаж тооцоход 13,097,135 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байна гэж ойлгож байна.
Хэрэгт авагдсан баримтууд дээр Иргэний хуулийн 508.3 хэсэгт зааснаас үзэхэд нэг талаар нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргаж болох шаардлага гэж ойлгогдож байна. Хэдийгээр хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч хууль зүйн дүгнэлтээ хэлье. Ингэхдээ Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 хэсэгт зааснаар талийгаач Д.Баярболд агсны сарын дундаж цалинг 494,633 төгрөг гэж тооцвол талийгаач болоод хөдөлмөрийн чадвартай эхнэр Б.*******д ногдох хэсгийг хасаж тооцоход, гэр бүлийн 4 гишүүн байна гэж үзэхэд нэг гишүүн дунджаар 123,658 төгрөг, Б.*******ийн хувьд 18 насанд хүрсэн, нөгөө хүүхэд нь насанд хүрээгүй. Хоёр хүүхдийг тооцоход хоёр хүүхдэд ногдох хэмжээ нь 247,316 төгрөг байна гэж тооцсон. Үүнээс Нийгмийн даатгалын сангаас олгодог тэжээгч алдсаны тэтгэмжийг хасаж тооцох байх. Сард дунджаар 194,732 төгрөг авдаг юм болов уу. Нэхэмжлэгч тал задаргааг тодорхой гаргаж ирээгүй учраас хэрэгт авагдсан баримтын хүрээнд хийсэн задаргаа, 247,316 төгрөгийг 97 сард үржүүлэхэд 23,989,652 төгрөг гарч байна. Үүнээс тэжээгч алдсаны тэтгэмж Нийгмийн даатгалын сангаас олгосон 18,889,100 төгрөгийг хасаж тооцоход 5,100,000 төгрөгийн мөнгөн дүн гарч ирж байна. Хэрэв магадгүй шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигч талуудын гаргаж байгаа тайлбарыг үндэслэж гэм хорын хохирлыг тодорхойлбол ийм мөнгөн дүн гарч ирэх магадлал байна. Хэдийгээр хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа боловч хууль зүйн гаргалгааны хувьд шууд татгалзах үндэслэл байхгүй учраас энэ саналыг хэлж байна. Гэхдээ энэ хэмжээнд зөвшөөрч байна гэсэн агуулга биш, шүүх үүнийг дүгнэж шийдэх байх гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******, Б.******* нар нь хариуцагч О.*******д холбогдуулан хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохиролд 13,097,135 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.
О.******* нь 2010 оны 08 сарын 17-18-нд шилжих шөнө Д.Баярболдыг танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгэгдсэн болох нь хэрэгт авагдсан 2011 оны 02 сарын 23-ны өдрийн 59 дугаар шийтгэх тогтоол, 2011 оны 04 сарын 12-ны өдрийн 255 дугаар магадлалаар тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т Хохирогч нас барсан бол ... гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.*******, Б.******* нар хариуцагч О.*******гаас гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй байна.
Гэм хор учруулсны төлбөр гаргуулах хэмжээг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрд тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж заасны дагуу шүүх нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээллийг үндэслэн Д.Баярболдын /нас барахаас өмнө бүтэн цалин авч байсан сүүлийн 3 сар болох 2010.5, 2010.6, 2010.7 сар/ Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасны дагуу тооцход Д.Баярболдын дундаж цалин хөлс 316,600 төгрөг байна.
Хохирогч Д.Баярболд нь эхнэр Б.*******, насанд хүрээгүй хүү Баярболдын ******* /10 нас/, хүү Баярболдын Бямбадорж /4 нас/ хүүхдийн хамт амьдардаг байсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж, хариуцагч үүнд маргаагүй болно.
Иймд Д.Баярболдын дундаж цалин хөлс 316,600 төгрөгийг түүний ам бүлийн 4 гишүүнд хуваахад нэг хүнд 79,150 төгрөг ногдож байна. 316,600 төгрөгөөс нас барсан Д.Баярболд болон хөдөлмөрийн чадвартай түүний эхнэр Б.*******д ногдох хэсэг 158,300 төгрөг /79,150*2/-ийг хасахад нас барагчийн сарын цалин хөлсний дундаж орлого нь 158,300 төгрөг /316,600-158,300/ болно. Улмаар 158,300 төгрөгөөс тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэж тогтоосон хүү Б.*******, Б.Бямбадорж нарын 162,000 төгрөг /81000*2/-ийг хасвал /158,300-162,000/ -3,700 төгрөг буюу зөрүү үлдэгдэлгүй болно.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч О.*******гаас тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү гаргуулах үндэсгүй байх тул хариуцагчаас гэм хорын хохиролд 13,097,135 төгрөг гаргуулахыг хүссэн Б.*******, Б.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан О.*******гаас гэм хорын хохиролд 13,097,135 төгрөг гаргуулахыг хүссэн Б.*******, Б.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.НАРАНЦОГТ
ШҮҮГЧИД Ж.БАЙГАЛМАА
Н.НАРАНГЭРЭЛ