Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 105

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Б.Уранчимэг,

хохирогч Д.Пүрэвдаваа,

хохирогчийн өмгөөлөгч П.Цолмонбаатар, Н.Баярхүү,

шүүгдэгч Д.Оюунтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр,

гэрч Н.Эрдэнэ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Данжингийн Оюунтуяад холбогдох эрүүгийн 201625030484 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Чой овгийн Данжингийн Оюунтуяа, 1969 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Төв аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн эрүүл мэндийн арга зүйч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны засаг дарга ажилтай байсан, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхон, Глоб-32 дугаар байрны 7 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар НТ69050503.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Яллагдагч Д.Оюунтуяа нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн эрхийг хамгаалах холбоон дээр 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдавааг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Соёмбо танхимд жирэмсэн эмэгтэй Н.Эрдэнийг зодсон гэж гүтгэлгийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Оюунтуяа мэдүүлэхдээ: “...2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах Соёмбо танхимд дүүргийн засаг даргатай уулзахаар очсон. Засаг дарга Пүрэвдаваатай хэд хэдэн үндэслэлээр уулзах шалтгаан байсан. Пүрэвдаваа 2 удаа хурал дээр намайг үндэслэл шалтгаангүйгээр хөөж гаргаж, хүмүүсийн хажууд намайг эвгүй байдалд оруулж байсан. Иймд би хурлаас хөөгдөж гарсан шалтгаанаа мэдэх гэж, мөн надтай яагаад зүй бус харьцаад байгааг асуух гэж очсон. Би Пүрэвдаваа даргын нарийн бичиг Оюумаатай уулзахад дарга Соёмбо танхимд иргэдтэй уулзаж байгаа талаар хэлсэн. Тэгээд би Пүрэвдаваа даргыг коридорт суугаад хүлээж байтал гаднаас Эрдэнэ орж ирээд надтай мэндлээд та хэнтэй уулзах гэж байгаа гэхээр нь би даргатай уулзах гэж байна гэж хэлсэн. Эрдэнэ бас даргатай уулзах гэж байгаагаа надад хэлсэн. Тэгээд Эрдэнэ нарийн бичгийн дарга Оюумаагийн өрөөнд орчихоод Соёмбо танхим руу орсон. Эрдэнэ танхим руу ороход зөрөөд Батхишиг дарга гарч ирсэн. Удалгүй Ширэндэв мөн тэр хаалгаар гарч ирсэн. Тэгтэл танхимаас Эрдэнийн уйлах чимээ гараад “зод чи, зод чи” гэж хэлээд байсан. Тэгээд би танхимын хаалгыг нээгээд ороход Пүрэвдаваа, Эрдэнийг заамдаж авсан, Эрдэнийн үс нь сэгсийсэн байдалтай байсан. Пүрэвдаваа намайг ороход Эрдэнийг заамдаж байснаа тавьсан. Надад шууд л эмэгтэй хүнийг Пүрэвдаваа зодсон юм байна гэж харагдсан. Тэгээд Пүрэвдаваа танхимаас гараад араас нь Эрдэнэ тэгээд би гарсан. Зодоон болсон танхимын бичлэг байдаггүй, коридорт Пүрэвдаваа, Эрдэнийг сандал дээр хүчтэй түлхээд суулгасан бичлэг байдаг. Би Пүрэвдаваа даргын нэр хүндэд халдаж гүтгэсэн зүйл байхгүй. ТВ8 сувгийн сэтгүүлч эрэн сурвалжлах сэтгэл зүйн үүднээс надаас ярилцлага авсан. Би Пүрэвдаваа даргын нэр хүндийг гутаах, худал хуурмаг мэдээлэл тараах зорилгоор мөнгө төгрөг өгч, ярилцлага өгөөгүй. Эрдэнэ, Пүрэвдаваа хоёрын болсон асуудлыг харсан ганц гэрч би, намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлд заасан зүйл ангиар ял сонсгож байгаад харамсаж байна. Би нэг жилийн хугацаанд сэтгэл санаа, эрүүл мэндийн хувьд маш их хохирлоо...” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Д.Пүрэвдаваа мэдүүлэхдээ: “...Би 14 хоног тутам Баянзүрх дүүргийн иргэдтэй уулздаг. Тухайн хэрэг гардаг өдөр “Соёмбо” танхимд 14-16 цагийн хооронд иргэдтэй уулзаж байсан. Тэгээд иргэдтэй уулзаж дууссаны дараа уулзалтанд оролцох ёстой байсан бөгөөд Нийслэлийн засаг даргын тамгийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Ган-Ялалт, засаг даргын зөвлөх Батхишиг нар уулзалт дээр хамт байсан. Уулзалт дуусч байхад 5-р хорооны Засаг дарга Ширэндэв дүүргийн холбогдолтой асуудлаар ирж уулзсан. Уулзалтаа өндөрлөөд би баримт бичгээ бүрдүүлээд гарах гэтэл Эрдэнэ, Оюунтуяа нар хамт орж ирсэн. Миний бодлоор дээрх хоёр хүн хаалганы цаана чагнаж зогсож байгаад уулзалт дууссах үед орж ирсэн гэж бодсон. Хэрэв иргэдтэй уулзаж байсан бол энэ хоёр хүн орж ирэхгүй байсан. Намайг хаалгаар гарах гэтэл Эрдэнэ, Оюунтуяа нар дайрч давшилсан. Эрдэнэ тухайн үед дарга албан тушаалаасаа бууж ахлах мэргэжилтэн болсон байсан. Бууруулсан шалтгаан нь дээд шатны байгууллагын шалгалтаар Эрдэнэ гэдэг хүн тухайн байгууллагыг удирдаж явах чадамжгүй нь тодорхой болсон учраас дүүргийн засаг даргаас захирамж гаргаж зэрэг дэв бууруулсан.  Үүнд ундууцсан Эрдэнэ орж ирээд чи миний амьдралыг яаж байгаа юм бэ гэх утга бүхий үгээр танхай байдлаар илэрхийлсэн. Би Эрдэнийг орж ирэхэд зөрөөд гарсан. Тэгтэл Эрдэнэ миний хойноос дагаж ирээд миний урд саад хийсэн. Тухайн үед болсон асуудал камерын бичлэгт тодорхой бичигдсэн байдаг. Эрдэнэ миний цамцнаас зуурахаар нь хажуу тийш нь сандал дээр суулгаж би өөрөө өрөөндөө ороод хаалгаа түгжсэн. Би өрөөндөө ороод энэ хүмүүсийн асуудлыг зохицуулах талаар жижүүрт хандсан. Шүүгдэгчийн мэдүүлсэн зүйл 100 хувь өөрчлөгдсөн байна. Камерын бичлэгт энэ хүмүүс 16 цагийн үед коридорт хүлээж байгаа болон Эрдэнэ, Оюунтуяа хоёр танхимын үүдэнд ярилцаж байгаа бичлэг тодорхой байдаг. Миний санаж байгаагаар Эрдэнэ нь тухайн өдөр болсон үйл явдлыг олон хоногийн дараа нэг биш удаа хэвлэлээр болон 20 гаруй сайтаар нэг дор цацагдсан учраас миний талаар үгсэн хувилдаж улс төрийн зорилгоор ийм асуудал үүсгэсэн гэж бодож байна...” гэв.

Шүүх хуралдаанд гэрч Н.Эрдэнэ мэдүүлэхдээ: “...2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Соёмбо танхимд “Пүрэвдаваатай уулзах гэж очсон. Тэгтэл танхимын үүдэнд Оюунтуяа сууж байхаар нь мэндлээд явсан. Миний хувьд Оюунтуяаг ажил хэргийн журмаар таньдаг бөгөөд хорооны засаг дарга гэдгээр нь мэднэ. Намайг Пүрэвдаваа даргатай ажил хэргийн журмаар уулзах гэж орсон. Танхимд ороод намайг ажилтнууддаа мөнгө тараахаа зогсоо, тэдгээр ажилтнууд хууль бус зүйл хийгээд байна гэхэд миний өөдөөс Пүрэвдаваа дарга зүй бусаар харьцаж, намайг шууд гараас барьж аваад чамтай ярих зүйл байхгүй гээд намайг боосон. Мөн миний гэдэс рүү хүчтэй түлхээд өөрийн тэмдэглэлийн дэвтэр болох жижиг шар дэвтрээ над руу шидсэн. Тухайн үед би жирэмсэн байсан. Энэ үед  Ширэндэв, Ган-Ялалт нар байсан. Харин Батхишиг байгаагүй. Зодоон болсны дараа надаас өдрийн сонины сурвалжлагч ирж ярилцлага авсан. Тухайн маргаан болсны дараа миний уруул хавдсан байсан. Харин хурлын танхимаас гарч явж байхад Пүрэвдаваа дарга намайг сандал дээр хүчтэй суулгасан явдал нь бүх зүйл дууссаны дараа буюу хурлын танхимаас гараад Пүрэвдаваа даргын өрөөний үүдэнд болсон явдал юм. Би ямар нэгэн байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мөнгө төлж ярилцлага өгсөн зүйл байхгүй. Пүрэвдаваа дарга ер нь их ёс суртахуунгүй, хүнийг хэл амаар их доромжилдог. Миний нэр төр болон гэр бүлийг дайрч доромжилсон. Зурагтын 100 асуулт гэх нэвтрүүлэгт орохдоо намайг мөн доромжилсон. Энэ асуудлаас болж миний сэтгэл санаа тавгүй, гэр бүл маань байнгын дарамтад байгаа…” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өмгөөлөх болон яллах талуудын санал болгосноор мөрдөн байцаалтын шатанд цугларч, хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. 

2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Д.Оюунтуяа нь шүүгдэгчээр мэдүүлэхдээ: “...Энэ үйл явдал 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр болсон. Би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны засаг дарга, мөн Ардчилсан намын 4 дүгээр үүрийн дарга байсан. Өглөө нь намайг үүрийн хуралд оролцох гэж очиход Пүрэвдаваа дарга намайг үгийн зөрөөгүй хурлаас хөөж гаргасан. Ийм доромжлолыг аваад би ажил дээрээ эргэж ирээд сууж байгаад буцаж дүүрэг рүү очиж хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөнгөө Засаг дарга Пүравдаваатай учраа ололцох гэж очоод нарийн бичгээс нь асуухад “Засаг дарга иргэдтэй уулзаж байгаа” гэсэн. Намайг хүлээгээд сууж байхад Эрдэнэ орж ирээд “бас засаг даргатай уулзах гэж ирсэн” гэж байсан. Намайг хүлээгээд сууж байхад Батхишиг дарга гарч ирэхээр нь би “хурал дуусч байна уу” гэж асуухад “ерөнхийдөө дуусч байна” гэж байсан. Тэгээд Эрдэнэ “Соёмбо” танхимд даргатай уулзах гэж ороход Ширэндэв дарга зөрөөд гарч ирсэн. Түүнээс дотор хэн байгааг асуухад “Эрдэнэ болон Засаг дарга хоёр л байна. Иргэд байхгүй гэж хариулсан нь миний гар утасны бичлэг дээр байгаа. Тэгээд хүлээгээд сууж байхад Соёмбо танхимаас Эрдэнийн орилох дуу гарсан. Би тэгээд Соёмбо танхимд яваад ороход Пүрэвдаваа дарга Эрдэнийг заамдаад сэгсчээд зогсож байсан, харин Эрдэнэ “зод чи, зод” гээд орилоод байсан. Энэ үйлдэл одоо ч миний нүдэнд тодхон харагдаж байна. Тэр Соёмбо танхимд Эрдэнэ, Пүрэвдаваа, Ган-Ялалт гурав байсан. Өөр ямар ч хүн байгаагүй. Бие томтой дарга хүн эмэгтэй хүнийг заамдаад сэгсчиж байхыг хараад би шооконд орсон. Эрдэнэ уйлаад “намайг зод” гэхэд нь би “Эрдэнэтэй маргалдаад, зодсон байна” гэж шууд ойлгосон. Тэгэхэд Пүрэвдаваа дарга Ган-Ялалтыг “бичлэг хий” гэж байсан. Бүх зүйл тодорхой байсан. Би тэр үед шооконд орсон учир утсаараа дүрстэй бичлэг хийж чадаагүй. Энэ хэрэгт намайг ганц Пүрэвдаваагийн ярьж байгаа зүйл болон коридорт болсон бичлэгийг үндэслэж буруутгаж байгаа. Гэтэл яг маргаан болсон газрын бичлэг байхгүй, түүнийг гаргаж өгөхгүй байгааг гайхаж байна. Баянзүрх дүүргийн байр бүхэлдээ гадна, доторгүй камертай. Миний хувьд яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гол маргааны эх үүсвэр нь Соёмбо танхимд болсон. Тэнд гуравхан хүн байсан байтал тэнд байгаагүй хүмүүсээс гэрч нарын мэдүүлэг аваад намайг буруутгаж байна. Эрдэнэ тэр үед “миний гэдэс рүү хоёр гурван удаа цохиж, зодлоо” гэж надад хэлж байсан. Би тэр зүйлийг хараад “зодсон” байна гэж ойлгосон. Дарга хүн байж тэнд уурласан жирэмсэн эмэгтэйг тайвшруулж болох байсан. Би хүн гүтгээгүй, гүтгэх шаардлага байхгүй. Пүрэвдаваа зүй бус үйлдэл гаргаагүй бол би тэнд очихгүй байсан. Хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Сумъяасүрэн болон Амартүвшин, Оюумаа, Ширэндэв нар нь тэр Соёмбо танхимд байгаагүй. Тэд нар Эрдэнийг сэгсчин зодож байхыг хараагүй. Энэ талаар Пүрэвдаваа дарга худал мэдүүлэг өгсөн байдаг. Эрдэнэ бид хоёр цуг түүн дээр ороогүй. Мөн Батхишиг худал мэдүүлэг өгсөн. Учир нь тэд даргадаа тал засч өмгөөлж юу гэж ч хэлж болно. Мөн Ган-Ялалт нь худал мэдүүлэг өгсөн. Эрдэнэ нь Пүрэвдаваагийн эсрэг дайраагүй юм. Пүрэвдаваа дарга өөрөө ёс зүйгүй, ажлынхаа хамт олонг бусдын эсрэг турхирдаг. Эрдэнэ бид хоёр нэгдээд Пүрэвдавааг гүтгэе гэсэн ямар ч зорилго байхгүй. Гэтэл Эрдэнэ бид хоёрыг төлбөр төлж захиалга өгч нэр хүндэд нь халдсан, санхүүжүүлэгч байна гэж ярьж эхэлсэн. Тийм шаардлага байхгүй. Би хүн зодож байгаа үйлдлийг харчихаад нуун далдлах эрхгүй. Хэлэх ёстой нь иргэн хүний үүрэг байтал намайг санаатайгаар бусдыг гүтгэсэн гэж байна. Хэрэв би “Соёмбо” танхимд байгаагүй байсан байж зодоон харсан гэж хэлсэн бол харин гүтгэсэн болж таарах юм. Би “Пүрэвдаваа нь Эрдэнийг зодсон” гэж хэлээгүй. Үзсэн харсан зүйлээ ярьсан. Тэр нь бичлэг дээр байгаа. Мөн Эрдэнэ нь өөрөө зодуулсан талаараа гомдол гаргаж, эмнэлгээр үйлчлүүлсэн юм. Харин Пүрэвдаваа миний гарыг самардахаар нь би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Мөн Ган-Ялалт мэдүүлэг өгөхдөө “Эрдэнэ болон Оюунтуяа нар зэрэг орж ирээд Засаг дарга руу орилж хашгирсан” гэж байдаг. Би тэгээгүй. Дүүргийн байр тэр чигээрээ камертай байж хамгийн чухал Соёмбо” танхимыг камергүй гэж байгааг ойлгохгүй байна. Байгаа камераа зөвхөн видео хурлын камер гэж байгаа юм. Би бүх бичлэгийг авах хүсэлт гаргаж байсан боловч авагдаагүй. Пүрэвдаваа дарга өөрт хэрэгтэй бичлэгээ гаргаж өгөөд хэрэггүй нь устгасан байж магадгүй гэж би хардаж байна. Бичлэгийн цаг хугацаа нь эргэлзээ төрүүлдэг. Мөн Пүрэвдаваа дарга Эрдэнэ бид хоёрыг хоёуланг нь холбогдуулан цагдаад гомдол гаргаж өгсөн байдаг. Тэгэхэд Эрдэнэд холбогдох гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Чингэлтэй дүүргээс над дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөрдөн байцаагч Уянгад би туйлын гомдолтой байдаг. Надаас тулгаж байцаалт авч байсан учир би гомдол гаргаж, байцаагчийг сольж өгөөч гэж байсан. Гэтэл миний хүсэлтийг хангаагүйд гомдолтой байгаа. Миний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт байгаа нь тэнд зодоон болсон гэдгийг нотолж байгаа юм. Энэ хэргээс болж би Пүрэвдаваа даргын эсрэг цагдаад гомдол гаргасан. Намайг Пүрэвдаваа засаг дарга олон нийтийн өмнө доромжилж, “хулгайч” гэж нэр хүндийг маань гутаан доромжилж байсан. Мөн миний биед халдсан гэдгээр гомдол гаргаж байсан боловч хэрэгсэхгүй болгосон. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэсэн үг байдаг. Пүрэвдаваа ёс зүй, ухамсартай байсан бол бид энэ хохироод суухгүй байсан. Эцэст нь яллах дүгнэлтэд намайг хүн гүтгэсэн гэх нотлох баримт огт байхгүй, Батхишигийн мэдүүлэг худлаа. Худлаа болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Бусад гэрч нар хараагүй гэдгээ бүгд мэдүүлсэн...” гэжээ /1-р хх 194-196/.

Хохирогч Д.Пүрэвдаваа мэдүүлэхдээ: “…2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хуваарийн дагуу дүүргийн иргэдтэй 14 цагаас 16 цаг 30 минут хүртэл Тамгын газрын Соёмбо танхим дотор хүлээн авч уулзалт хийсэн. Тухайн уулзалт дуусаад танхим дотор би зөвлөх Батхишиг хэвлэл мэдээллийн албаны дарга Ган-Ялалт, Ширэндэв бид нар сууж байгаад танхимаас гарахаар бүгд босоод хаалгаар гарах гээд би хаалга онгойлгоход Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн дарга асан Н.Эрдэнэ, 4 дүгээр хороон засаг дарга Д.Оюунтуяа нар өөдөөс орж ирээд надад хандан Н.Эрдэнэ яасан гэж намайг ингэж байгаа юм гэсэн утгатай зүйл яриад уурлаж уцаарлаад орилоод байсан. Энэ үед нь би дээрх 2 хүний хажуугаар зөрөөд өөрийнхөө өрөө рүү орохоор алахтал миний араас дагаад коридорт намайг Н.Эрдэнэ хоргоогоод хэрүүл өдөөд, хэл амаар доромжилсон үг хэлээд дагаад байхаар нь би коридорт байсан сандал дээр Н.Эрдэнийг суулгаад өрөө рүүгээ орох гэтэл миний араас Д.Оюунтуяа ирээд уулзъя гэхээр нь би шууд өрөө рүүгээ ороод хаалгаа дотроос нь түгжээд суусан ийм л зүйл болсон юм. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 4 дүгээр хороон засаг дарга Д.Оюунтуяа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл буюу телевизээр 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа нь хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн дарга асан Н.Эрдэнийг зодсон гэж худал мэдээллийг тараасан юм. Үүний дагуу бид гомдол гаргасан юм. …Н.Эрдэнэ, Д.Оюунтуяа нар худал ярьж байна. Ийм зүйл огт болоогүй. Хэрвээ би Н.Эрдэнийн гэдэс рүү 2-3 удаа цохиж зодон бол Д.Оюунтуяа телевизээр энэ талаараа ярих л байсан ш дээ... ” гэжээ /хх-35-36/.

Гэрч Н.Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр би ажлын шугамаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваатай уулзахаар Засаг даргын тамгын газар дээр очиход түүний туслах Оюумаа Пүрэвдаваа дарга Соёмбо танхим дотор уулзалттай байгаа өрөөндөө байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Соёмбо танхим руу шагайсан чинь Хэвлэл мэдээллийн албаны дарга Ган-Ялалт, Баянзүрх дүүргийн 5-р хорооны засаг дарга Ширэндэв, Пүрэвдаваа гурав хамт сууж байхаар нь би танхим дотор яваад ортол Ширэндэв дарга надтай зөрөөд танхимаас гарсан. Үүний дараагаар би Пүрэвдаваа даргад хандаж миний хариуцсан ажилчид хууль бусаар иргэдээс мөнгө хураагаад байна. Энэ асуудлаар хандах газарт нь хандана. Та намайг Баянзүрх дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн ахлахаар тавьж миний албан тушаалыг бууруулсан хүн. Одоо яг би юу хийх юм бэ. Надад тайлбарлаад өгөөч ээ гэж хэлсэн чинь Пүрэвдаваа дарга надад хэлэхдээ чи удахгүй зайлна, чамайг би дуусгана, чи намайг шүүхэд өгсөн байна лээ. Хоёулаа хэн нь дийлэхээ үзье гэж хэлсэн Тэгээд намайг танхимаас зайл гэж хэлээд заамдаж сэгсэрсэн. Мөн танхим дотор сандал дээр намайг хүчтэй түлхэж суулгасан энэ үед нь би өөрийнхөө гар утсаараа бичлэг хийсэн чинь Пүрэвдаваа Ган-Ялалтад хандаж адилхан бичлэг хийгээдэх гэж хэлсэн ба Ган-Ялалт камер ч юм уу юу ч юм нэг зүйл авчрах гээд танхимаас гарсан. Энэ хооронд хоёулханаа байх үедээ Пүрэвдаваа миний хувцаснаас угзарч, мөн сандал руу хүчтэй суулгаж миний гэдэс рүү гараараа цохьсон. Хэдэн удаа гэдэс рүү цохьсон талаар мэдэхгүй байна. Намайг заамдах явцдаа гараараа нүүр рүү цохьсон. Энэ үед би толгойгоороо ханаруу мөргөсөн юм. Энэ үед гаднаас Баянзүрх дүүргийн 4-р хороон засаг дарга Д.Оюунтуяа орж ирээд Пүрэвдаваа даргад хандаж болиоч гэж хэлсэн. Гэтэл Пүрэвдаваа миний Самсунг нөүт-1 маркийн гар утсыг, өөрийнхөө жижиг шөр өнгийн тэмдэглэлийн дэвтэртэй хамт надруу шидчихээд танхимаас гараад явсан юм. Би араас нь танхимаас гараад чи яасан гэж намайг зодож байгаа юм бэ. Энэ хүмүүсийн нүдэн дээр дахиад намайг зодоодох би чамайг цагдаад өгнө гэж хэлтэл намайг кордиорын сандал дээр мөн хүчтэй суулгаад өрөө рүүгээ яваад орчихсон юм. ...Тухайн үед би Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсиин даргатай орж уулзаад Пүрэвдаваад зодуулсан талаараа гомдол гаргах гэтэл миний гомдлыг хүлээн аваагүй. Үүний дараагаар Пүрэвдаваа олон нийтийн хэрэгслээр ярихдаа Эрдэнэ надад зодуулсан гээд байгаа юм бол гомдлоо гаргаад шалгуулна биздээ гэж ярьж байсан. Тэгэхээр нь би 2016 оны 02 дугаар сарын сүүлээр санаж байна. Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Пүрэвдаваад 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зодуулсан талаараа өргөдөл гаргаж шалгуулсан. Гэтэл Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс болоод Прокурорын газраас миний өргөдөлийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж хаасан юм. Одоо энэ асуудлаар би Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргах бодолтой байгаа юм. ...Танхим дотор Батхишиг бол байгаагүй. Маргаан муудалцаан болохоос өмнө Ширэндэв танхимаас гараад явсан. Дээрх хүмүүс яагаад зөрүүтэй мэдүүлэг өгсөн талаар мэдэхгүй байна. ...2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Пүрэвдаваа дарга намайг Соёмбо танхим дотор зодох үедээ дээрх гэмтлийг надад учруулсан. ...Би зөрүүтэй мэдүүлэг өгсөн юм огт алга нэг утгатай л зүйлийг ярьж хэлсэн байна. Би болсон бүх зүйлийн талаар үнэн зөв л ярьж байна. ...Эмнэлэгт үзүүлсэн баримт гэх зүйл надад байгаа. Уг баримтуудаа би өөрөө гаргаж өгнөө. ... Пүрэвдаваад зодуулснаас болж байнгын толгой өвдөж, дотор муухай оргиж
бөөлжиж байгаа. Мөн эрүү байнгын мултардаг, хатуу зүйл идэж чаддаггүй, нялх
хүүхэдтэй болохоор эм ууж чаддаггүй, өвчин намдаах лаа хийдэг. Пүрэвдаваа намайг заамдах үед би өөрөө толгойгоороо хана мөргөсөн юм биш. Намайг заамдаад сэгсрэх үед миний толгой хананд цохигдсон. Пүрэвдаваа намайг Соёмбо танхим дотор саамдах сандал дээр хүчтэй суулгах үедээ нүүр рүү гараараа цохьсон гэж би мэдүүлсэн. Энэ үед миний уруул хавдсан байсан. Пүрэвдаваад би
2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зодуулах үедээ жирэмсэн байсан ба би 2016 оны 7 дугаар сард төрсөн. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн байнга бөөлжиж, уйлагнах, өндөр халуурдаг, хөхөө идэх дургүй байдалтай болсон учраас би хүүхдээ шүүх эмнэлэгт үзүүлмээрбайна. Миний энэ хүүхдийн байдал би Пүрэвдаваад зодуулснаас үүдэлтэй гэж бодож байна. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүүхдээ Тод дэлгэцэнд харуулахад 2 талын бөмбөлөгийн хоорондох зай харагдахгүй, тархины эхо ойлт буурсан,тархины 3-рховдол өргөссөн байна гэж хэлсэн Өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан бүгд үнэн зөв...” гэжээ /хх-256-257/.

Гэрч Б.Амартүвшин мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ТВ-8, МN25, NBS, C1 зэрэг телевизүүдээр Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа нь Хүүхэд гэр бүл хөгжлийн дарга Н.Эрдэнийг ажлын байран дээр зодоод энэ явдлыг харж байсан намайг хүртэл зодсон гэж 14-р хорооны засаг дарга Д.Оюунтуяа нь дээрх телевизүүдээр мэдээлэл хийсэн. Иймд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу засаг даргын тамгын газар нь тухайн шатны засаг даргын ажлын алба болно. Мөн тухайн шатны тамгын газрын байртай холбоотой асуудлыг би буюу засаг даргын тамгын газрын дарга хариуцдаг юм. Үүний дагуу би дээрх асуудал үнэн худлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад бүх гомдлыг би гаргасан юм. Хууль хяналтын байгууллагаас хэн буруутай, хэнийг хэн хохироосон энэ асуудлыг тогтоож шалгах нь зүйтэй байх...” гэжээ /хх-37/. 

Гэрч П.Сумъяасүрэн мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би 2 давхарт байх ажлын өрөөнөөсөө гараад 3 давхарт байдаг эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс рүү орох гээд шатаар гараад иртэл Соёмбо хурлын заалнаас хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Н.Эрдэнэ Д.Пүрэвдавааг хаалгаар түлхээд гараад ирж байсан. Гарч ирээд Н.Эрдэнэ Д.Пүрэвдаваа даргад хандан би чиний амьдралд ямар гай болсон юм гээд засаг даргын хувцаснаас зулгаагаад орилоод зогсож байсан ба би энэ үед хажуугаар нь зөрөөд эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс рүү яваад орсон юм...” гэжээ /хх-38/.

Гэрч Ш.Батхишиг мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр засаг дарга Д.Пүрэвдаваа хэвлэл мэдээллийн албаны дарга Ган-Ялалт, Ширэндэв бид 4 уг өдөр иргэдээ хүлээн аваад соёмбо танхим дотор уулзаж дуусаад бид 3 танхимаас гарах гэтэл танхимын хаалгаар хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Н.Эрдэнэ ганцаараа ороод ирсэн. Орж ирээд учир зүггүй Д.Пүрэвдаваа дарга руу дайраад чи намайг ажлаас халлаа, намайг гадуурхлаа гэж хэлээд орилоод хувцаснаас нь зулгаагаад байсан. Энэ үед Д.Пүрэвдаваа дарга шууд танхимаас гараад явчихаар нь Ган-Ялалт бид 2 араас нь дагаад гартал танхимын үүдэнд мөн Д.Пүрэвдаваа даргыг барьж аваад явуулахгүй зулгаагаад байсан ба Д.Пүрэвдаваа дарга энэ үед түүнийг сандал дээр суулгаад өрөө рүүгээ алхаад явтал мөн л араас нь дагаад хэрүүл хийгээд яваад байсан юм. Д.Оюунтуяаг тухайн үед хаана байсныг би анзаарч хараагүй, би мэдэхгүй байна. Ямар ч байсан Д.Пүрэвдаваа дарга Н.Эрдэнийг заамдаж сэгсрээд, зодож цохиж байхад Д.Оюунтуяа салгасан зүйл огт байхгүй. Д.Пүрэвдаваа дарга түүнийг цохиж зодсон зүйл огт байхгүй...” гэжээ /хх-39/. 

Гэрч Х.Ган-Ялалт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр засаг дарга Д.Пүрэвдаваа болон, засаг даргын зөвлөх Батхишиг бид гурав Соёмбо танхим дотор иргэдийг хүлээн авч уулзаж байсан. Хамгийн сүүлд 16.00 цагт нэг иргэн хүлээн авч уулзчихаад Батхишиг танхимаас гараад явсан ба Д.Пүрэвдаваа дарга бид хоёр 05.00 цагт ирж уулзах иргэнийг хүлээгээд танхим дотор сууж байтал ирэхгүй байхаар нь бид 2 танхимаас гарах гээд байж байтал гаднаас Н.Эрдэнэ танхим дотор орж ирээд Д.Пүрэвдаваа дарга руу орилоод хашгираад байсан. Юу гэж орилоод байсныг нь одоо санахгүй байна. Н.Эрдэнийг танхим дотор орж ирсний дараа удалгүй араас нь 4-р хорооны засаг дарга Д.Оюунтуяа орж ирээд Д.Пүрэвдаваа дарга руу орилоод дайраад байсан. Энэ үед Д.Пүрэвдаваа дарга намайг бичлэг хий гэж хэлэхээр нь камерын батарей авчрахаар өрөө рүүгээ орчихоод батарей аваад буцаад танхим руу орох гэтэл соёмбо танхим дотроос Эрдэнэ, Оюунтуяа болон Пүрэвдаваа нар коридорт гараад ирчихсэн шуугилдаад байсан юм. Н.Эрдэнийг заамдаж сэгсэрсэн, ямар нэгэн байдлаар цохиж зодсон асуудал намайг байх үед болоогүй. Намайг танхимаас гарсны дараа юу болсныг мэдэхгүй байна...” гэжээ /хх-40/.

Гэрч Н.Ширэндэв мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр засаг дарга Д.Пүрэвдаваа иргэд хүлээн авч уулзаж байсан. Энэ үед би болон засаг даргын зөвлөх Батхишиг, хэвлэл мэдээллийн ажилтан Ган-Ялалт бид нар соёмбо танхим дотор байж байхад гаднаас Н.Эрдэнэ соёмбо танхим дотор орж ирээд Д.Пүрэвдаваа даргад хандан намайг яагаад ажлаас халж байгаа юм гээд орилоод дайраад байхаар нь засаг дарга Д.Пүрэвдаваа танхим дотор сандал дээр сууж байгаад босоод иртэл Н.Эрдэнэ Д.Пүрэвдаваа даргатай зууралдаад байсан чинь дарга Н.Эрдэнийг барьж аваад сандал дээр суулгаж байсан. Энэ үед би соёмбо танхимын нөгөө талын хаалгаар гараад явсан. Өөр зүйл мэдэхгүй байна…” гэжээ /хх-41/.

Гэрч Б.Оюунмаа мэдүүлэхдээ: “…Энэ өдөр 14 цагаас эхлэн засаг дарга Д.Пүрэвдаваа соёмбо танхим дотор иргэдийг хүлээн авч уулзаж байсан. Даргыг иргэдийг хүлээн авч уулзаж байх үед Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн дарга байсан Н.Эрдэнэ, мөн 4-р хорооны засаг дарга Д.Оюунтуяа нар ээлжлэн орж ирээд даргыг асуугаад байсан. 16.00 цаг өнгөрч байхад намайг өрөөндөө сууж байхад коридорт шуугилдаад Н.Эрдэнэ орилоод байхаар нь гараад хартал Н.Эрдэнэ Д.Пүрэвдаваа даргаас зуурчихсан коридорт зогсоод орилоод байхаар нь би очоод Н.Эрдэнийг  даргаас холдуулах гээд голоор нь ортол намайг түлхээд би Н.Эрдэнийг дийлээгүй. Н.Эрдэнэ Д.Пүрэвдаваа даргаас зуураад орилоод байсан чинь дарга түүнийг коридорт сандал дээр суулгаад өрөө рүүгээ алхаад явтал даргын араас Д.Оюунтуяа эгч уулзах гээд алхаад байсан ба дарга Д.Оюунтуяатай уулзахгүй гээд өрөөндөө ороод хаалгаа дотроос нь түгжсэн чинь Д.Оюунтуяа хаалгыг нь татаж чангаагаад байсан. Ийм зүйл болсон…” гэжээ /хх-42/.

Э.Баатарын бичиж нийтлүүлсэн Өдрийн сонины 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 036 дугаарын 7 дугаар талд хэвлэгдсэн “Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа жирэмсэн эмэгтэйг зоджээ” гэсэн гарчиг бүхий нийтлэл /эд мөрийн баримтаар эх хувиар/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэл: “Цагаан өнгийн Banana Digital нэртэй сидийг компьютерт уншуулахад бичлэг 2016.01.28-ны өдрийн 15:19:45 секунтэнд Соёмбо танхимаас Д.Пүрэвдаваа өрөө рүүгээ явж байх үед Н.Эрдэнэ цамцнаас нь татаж байгаа, бие бие түлхэж байгаад Д.Пүрэвдаваа Н.Эрдэнийг түлхэж сандал дээр суулгаад цааш өрөө рүүгээ 15:20:04 секунтэнд орж байгаа, Д.Оюунтуяа 15:20:04 секунтэнд Д.Пүрэвдаваагийн араас ороод 15:20:54 секунтэнд өрөөнөөс гараад коридорт байрлах сандал дээр сууж байгаад 15:22:41 секунтэнд цааш явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байсныг тэмдэглэн авав” гэжээ /хх-29/.

Камерын бичлэгт үзлэг хийсэн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн тэмдэглэл: “NТV телевизийн мэдээний нэвтрүүлэгч: Д.Пүрэвдаваа өнгөрсөн оны 11 дүгээр сард ажлын байран дээрээ өөрийн ажилтан болох жирэмсэн эмэгтэйг зодож танхайрсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэллээ. Мөн дүүргийн хорооны засаг дарга нар болон тамгын газрын алба хаагчдынхаа биед хүрсэн гэх мэдээллийг тус дүүргийн 4 дүгээр болон 15 дугаар хорооны засаг дарга нар өгсөн юм.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны засаг дарга Д.Оюунтуяа: Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга Эрдэнээтэй муудалцаад, зодоод, заамдаж аваад сэгсчээд зогсож байхыг бид нүдээрээ харсан, гэрчлэх хүмүүс бий, өөрийнх нь зөвлөх Батхишиг, нарийн бичиг Оюумаа, жолооч, 5 дугаар хорооны засаг дарга Ширэндэв, миний бие байж байна. Маш олон гэрч байна. Мөн дээрээс нь нэмээд бас миний биед “Тантай уулзахгүй гээд биед минь халдаж, намайг түлхсэн” гэсэн ярилцлага байсанд үзлэг хийж хэрэгт хавсаргав” гэжээ /хх-33/.  

Д.Оюунтуяагийн гар утсанд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл: “1. Самсунг эс-3 маркийн улаан хүрэн өнгөтэй гар утас байх ба түүний гар утасны яриа бичсэн буюу рекорд руу орж VOICE 036, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэсэн он сартай 10:54 секундийн бичлэг байх ба түүнийг нээж үзэхэд “...нэг эмэгтэй хүн дарга байна уу гэж хэн нэгнээс асуув. Тухайн эмэгтэй нэг эрэгтэй хүнээс дарга дээр хүн байна уу, дотор иргэд байна уу гэж асуухад тухайн эрэгтэй хүн дотор иргэд байхгүй байна гэж хэлсэн ба 05:10 минутад хүний явж байгаа гутлын чимээ гарах ба энэ үед нэг эмэгтэй хүн чи намайг цохиод авчих, зодоодох, би яагаад юм ярьж болдоггүй юм, яагаад миний амьдралаар тоглоод байгаа юм, арай дэндүү байгаа шүү гэж орилж, бичлэг хий гэж хэлэх ба ямар учраас намайг ингээд байгаа юм. Батхишиг ахаа та хэлдээ гэж хэлээд 07:02 минутад зод за чи зодчих, би тайван баймаар байна ш дээ гэж хэлээд орилж хашгирч байх ба 07:43 минутад би тантай уулзмаар байна. Тантай уулзах ёстой, яагаад уулзахгүй байгаа юм гэхэд нэг эрэгтэй хүн журмынхаа дагуу уулз гэж хэлэх ба тухайн эмэгтэй хүн ТВ-8 дуудна гэж хэлэх ба нэг эмэгтэй орилоод байгаа /үг яриа нь сайн сонсогдохгүй / яриаг хураасан байсанд үзлэг хийж хэрэг эд мөрийн баримтаар хавсаргахаар сидийн дээр буулган авснаар үзлэгийг дуусгав.

2. Дээрх яриаг Д.Оюунтуяа тайлбарлахдаа “дотор иргэд байна уу гэж би Ширэндэвээс асуухад иргэд дотор байхгүй байна гэж хэлж байна. Энэ орилоод байгаа нь Н.Эрдэнэ байгаа юм. 07:02 минутаас өмнөх зүйл нь Соёмбо танхим дотор болж байгаа яриаг хураасан, 07.02 минут гэхэд Соёмбо танхим дотроос гарч ирээд коридорт болж байгаа яриа байгаа юм. 07.43 минутад тантай уулзмаар байна гэж би Пүрэвдаваад хэлж байгаа юм гэж тайлбарлав” гэжээ /хх-31/.

Шүүгдэгч Д.Оюунтуяагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-69/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-70/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-82/, Өдрийн сонины 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 036 дугаар эх хувь, Сиди бичлэг, Н.Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол/хх144/, Шүүх эмнэлгийн 3288 тоот Н.Эрдэнийн биед үзлэг хийсэн дүгнэлт/хх133/зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Прокуророос шүүгдэгч Д.Оюунтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, хянан хэлэлцэхэд Д.Оюунтуяагийн үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулаагүй, түүнийг “Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэгийг олон нийтэд тараасан” болох нь нотлогдон тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл Д.Оюунтуяагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдохгүй буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэж болох гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй байна.

Тухайлбал хууль зүйн үүднээс гүтгэх гэдэгт бодит байдалд нийцээгүй, илт худал мэдээлэл, гүжирдлэгийг бусдын нэр төр алдар хүндийг гутаах зорилгоор тараасан байхыг ойлгохоос гадна уг мэдээлэл нь илт худал гэдгийг ухамсарлаж мэдсээр байхыг шаардана.

Гэтэл 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт иргэн Н.Эрдэнэ нь Засаг дарга Д.Пүрэвдаваатай ажил хэргийн шугамаар уулзахаар ороход нь Д.Пүрэвдаваа нь хэл амаар доромжилж, түүнийг зодсон талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргаж/хх-110-111/ тухайн үед өөрт учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулж/хх-134/ байсан бөгөөд дээрх үйл явдал болох үед мөн Д.Оюунтуяа нь гэмтэл авч, хохирсон талаараа цагдаагийн байгууллагад хандан, шүүх эмнэлэгт үзүүлж, дүгнэлт/хх-60/ гаргуулж байжээ. Дээрх баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.Оюунтуяагийн тараасан мэдээлэл нь бодит байдлаар Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваагийн зан төлөв, үйл ажиллагаанд илэрсэн болохыг нотлохоос гадна илт худал гүжирдлэг гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “...Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхийг баталгаатай эдлэх талаар хуульчлан заажээ.

Иймд шүүгдэгч Д.Оюунтуяагийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн талаар тараасан мэдээлэл нь түүнийг гүтгэж, илт худал гүжирдлэгийг тараасан, энэ нь Д.Пүрэвдаваагийн нэр төр, алдар хүндийг гутаах зорилготой байсан гэж үзэхээргүй байх тул Д.Оюунтуяад холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Д.Оюунтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625030484 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Цагаатгагдсан этгээд нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 3 ширхэг сиди-г хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

5. Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих, цагаатгагдсан этгээд цагаатгасан шалтгаан үндэслэлд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН