Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 771

 

 

 

 

 

 

 

 

       Д.Оюунтуяад холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Б.Уранчимэг,

            цагаатгагдсан этгээд Д.Оюунтуяа, түүний өмгөөлөгч Г.Батбаяр,   

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Н.Баярхүүгийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Б.Уранчимэгийн бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 26 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Д.Оюунтуяад холбогдох 201625030484 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Чой овгийн Данжингийн Оюунтуяа, 1969 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Төв аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн эрүүл мэндийн арга зүйч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байсан, ам бүл 1; Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Сансар хотхон”, Глоб-32-7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: НТ69050503/

 

Д.Оюунтуяа нь 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн эрхийг хамгаалах холбооны байранд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдавааг “2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Соёмбо” танхимд жирэмсэн эмэгтэй Н.Эрдэнийг зодсон” гэсэн гүтгэлгийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Д.Оюунтуяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Оюунтуяад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 3 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Д.Пүрэвдаваагийн өмгөөлөгч Н.Баярхүү давж заалдах гомдолдоо: “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолыг хохирогчийн зүгээс эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар Д.Оюунтуяа нь хохирогч болох Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдавааг 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын “Соёмбо” танхимд жирэмсэн Н.Эрдэнийг зодсон гэж гүтгэлгийг телевизэд ярилцлага өгч олон нийтэд тараасан. Энэхүү гүтгэлгээс болж Д.Пүрэвдаваагийн нэр хүнд олны дунд буурч ажил хэргээ хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон. Д.Пүрэвдаваа нь сонгуульт ажил эрхэлдэг бөгөөд энэхүү илт худал гүжирдлэг тарснаас хойш сэтгэл санааны хүнд дарамтанд орсон. Н.Эрдэнэ нь Засаг дарга Д.Пүрэвдаваатай ажил хэргийн шугамаар уулзахаар ороход нь Д.Пүрэвдаваа хэл амаар доромжилж, зодсон эсэх асуудлыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаад “... Н.Эрдэнэ нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нь 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр бусдад зодуулсан тухай гомдолтой шалтгаант холбоогүй, бусдад зодуулсан болох нь тогтоогдоогүй...” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гаргасан байдаг. Мөн шүүгдэгч Д.Оюунтуяагийн мэдүүлэгт “Н.Эрдэнэ уйлаад намайг зод гэхэд нь би Н.Эрдэнэтэй маргалдаад, зодсон байна” гэж шууд ойлгосон гэсэн байдаг. Хохирогч Д.Пүрэвдавааг бусдыг зодож байгааг өөрөө хараагүй байж бусдын нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор Д.Пүрэвдавааг “2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Соёмбо” танхимд жирэмсэн Н.Эрдэнийг зодсон” гэсэн илт худал гүжирдлэгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан байдаг. Гэтэл шүүх шүүгдэгч Д.Оюунтуяагийн тараасан мэдээлэл нь бодит байдлаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн зан төлөв, үйл ажиллагаанд илэрсэн, илт худал гүжирдлэг гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь эрүүгийн хуулийн зарчмыг зөрчсөн. Д.Оюунтуяа нь Д.Пүрэвдаваа бусдыг зодож байхыг хараагүй, бусдыг зодож гэмтэл учруулсан талаар нотлогдоогүй байхад түүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр илт худал гүжирдлэгийн чанартай мэдээлэл хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлд заасан гүтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж хохирогчийн зүгээс үзэж байна. Мөн шүүхээс Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь хэсэгт “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхийг баталгаатай эдлэх талаар хуульчлан заасан гэсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улсын иргэнд итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг олгосон болохоос биш бусдын нэр хүнд, алдар хүндийг гутаах, доромжлох эрх, эрх чөлөөг олгоогүй болно. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 138 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэжээ.

 

Прокурор Б.Уранчимэг бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураасан “СД”, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.Оюунтуяа нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн эрхийг хамгаалах холбооны байранд 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдавааг “2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Соёмбо” танхимд жирэмсэн Н.Эрдэнийг зодсон” гэж гүтгэлгийг телевизэд ярилцлага өгч олон нийтэд тараасан болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Н.Эрдэнэ нь Засаг дарга Д.Пүрэвдаваатай ажил хэргийн шугамаар уулзахаар ороход нь Д.Пүрэвдаваа нь хэл амаар доромжилж, түүнийг зодсон талаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасны дагуу цагдаагийн хэлтсээс хойшлуулашгүй ажиллагаа явуулж, дүүргийн хяналтын прокурор С.Алтанцэцэг нь “Н.Эрдэнэ 2016 оны 2 дугаар сарын 22-ноос 26-ныг хүртлэх хугацаанд... эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр бусдад зодуулсан тухай гомдолтой шалтгаант холбоогүй, бусдад зодуулсан болох нь тогтоогдоогүй...” үндэслэлээр 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2748 дугаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэрийг гаргасан. Уг шийдвэр хүчин төгөлдөр байгаа болох нь хавтаст хэргийн 141 дүгээр талд авагдсан нотлох баримтаар тогтоогдсон болно. Гэтэл шүүх Н.Эрдэнээс цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, шинжээчийн дүгнэлт, Д.Оюунтуяа нь гэмтэл авч, хохирсон талаараа цагдаагийн байгууллагад хандан, шүүх эмнэлэгт үзүүлж, дүгнэлт гаргуулж байсан нь Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн зан төлөв, үйл ажиллагаанд илэрсэн, Д.Оюунтуяагийн тараасан мэдээлэл нь бодит байдлаар илт худал гүжирдлэг гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь эрүүгийн хуулийн зарчмыг зөрчиж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч... нэр төрийг нь доромжилж болохгүй” гэж заасан. Гэтэл Д.Оюунтуяа нь Д.Пүрэвдаваа бусдыг зодож гэмтэл учруулсан талаар нотлогдоогүй байхад түүнийг гүтгэж, нэр төр, алдар хүндийг гутаах зорилготой хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэл хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж дүгнэж байна.

Шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд зааснаар хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлд зааснаар шүүхийн тогтоол нь шийтгэх буюу цагаатгах хэлбэртэй байна гэж заасан.  Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 138 дугаар тогтоол нь “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол” гэсэн тэргүүтэй атал тогтоох хэсэгт Д.Оюунтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь ойлгомжгүй, иргэний нэхэмжлэлийн талаар дурдаагүй орхигдуулсан байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 138 дугаар тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Д.Оюунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр “Соёмбо” танхимд болсон үйл явдлыг харсан зүйлийнхээ төлөө яллах дүгнэлт үйлдүүлж, сэтгэл санааны хүнд хохирол амсаж байгаад харамсалтай байна. Н.Эрдэнийг Д.Пүрэвдаваа заамдаад, сэгсрээд, Н.Эрдэнэ зодуулаад уйлаад зогсч байхад нь би гүйж орсон. Мөн Д.Пүрэвдаваа миний биед хүрч гар хурууг самардсан. Үүнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлэхэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Д.Пүрэвдаваагийн үйлдлийг илрүүлэхэд хамгийн гол гэрч нь би байсан. Албан тушаалтан, эрх мэдэлтэй хүнтэй заргалдана гэдэг маш хүнд гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрч байна. Д.Пүрэвдаваа нэг ч удаа “би хохирчихлоо” гэж гомдол гаргаагүй байхад түүний өмнөөс Б.Амартүвшин дарга гомдол гаргаад, прокурор Б.Уранчимэг, мөрдөн байцаагч Э.Уянга нар өмнөөс нь гүйгээд байдагт гайхаж байна. Н.Эрдэнийг зодож байсныг гэрчилсэн гэрч нь би байна. Д.Пүрэвдавааг гүтгэх, доромжлох ямар нэг шаардлага надад байхгүй” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Д.Оюунтуяагийн өмгөөлөгч Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт хуулийг ижил төсөөтэй тайлбарлахыг хориглоно гэж заасан. Д.Оюунтуяаг 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр телевизээр ярилцага өгөхдөө Д.Пүрэвдавааг гүтгэсэн гэж буруутгадаг. 1 дүгээр сарын 28-ны өдөр болсон зодоон ямар ч хамааралгүй зөвхөн телевизээр “Н.Эрдэнэ үнэхээр зодолдсон” гэж хэлсэн нь буруу болсон гээд байна. 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зодоон болсон нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Мөн Н.Эрдэнэ одоог хүртэл зодуулсан гээд гомдлоо гаргаад явж байгаа. Гэрч Д.Оюунтуяа очоод “зодсон” гээд гэрчлэх гэж байсныг шүүхээс бусдыг гүтгэсэн байна гэсэн шийтгэх тогтоол гарвал гэрчлэх боломжгүй болно гээд ганц байгаа гэрчийг алга болгохын тулд ийм хууль бус үйлдэл хийсэн. Хэрвээ гутаан доромжилсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлээр зүйлчлэх ёстой. Гэтэл гүтгэсэн гэж хэлээгүй. Харин Засаг даргын нэр хүндийг гутаан доромжилсон гээд Д.Пүрэвдаваагийн өмнөөс Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар гомдол гаргасан. Ингэсэн тохиолдолд Иргэний хуулиар явах уу, Эрүүгийн хуулиар шийдвэрлэх үү гэдэг асуудал яригдана. Алдар хүндийг гутаан доромжилсон бол иргэний журмаар шийдвэрлэгдэнэ. Хувь хүний нэр төрийн асуудал бол эрүүгийн журмаар шийдвэрлэнэ. Хэргийн газар байсан 2 эмэгтэйн биед халдсан ч гэмтлийн зэрэг тогтоох хэмжээнд хүрэхгүй байна. Харин хөхрөл, няцрал тогтоогдож байна гэсэн. Хохирогч гэх этгээд “Би бол бусдын биед хүрч болно. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэсэн хууль ёсны зарчим үйлчлэхгүй. Тэр хүн хөнгөн зэргийн гэмтэл учиртал зодоогүй л бол би тэр хүнд халдаж болно” гэдэг байдлаар яриад байдаг. Болж байгаа үйл явдалд Д.Оюунтуяа буруу дүгнэлт хийсэн байж болно. “Үнэхээр тэр эмэгтэйг зодоод гэмтээсэн байна” гэж бодоод орсон нь нотлогддог. Бичлэгт “Чи намайг дахиад зод. Оюунаа эгчээ энэ хүн намайг дахиад зодчихлоо” гэж уйлаад коридорт гарч ирэхэд нь сандал руу түлхээд унагааж байгаа бичлэг нь үнэхээр зодоон болсныг нотолно. Улсын Дээд шүүхийн 41 дүгээр тогтоолоор “тухайн этгээдийн зан араншин үйл ажиллагаанд тухайн үйлдэл нь илэрсэн бол гүтгэх гэмт хэрэг гэж үзэхгүй” гээд тайлбарласан байдаг. Ийм учраас цагаатгах тогтоол үндэслэл бүхий гарсан. Прокурор эсэргүүцэлдээ юуг үндэслэл бүхий болж чадаагүй вэ гэдгээ тайлбарлаагүй” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн тогтоохын зэрэгцээ, зөвхөн гомдол, эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Шүүхийн тогтоолоос үзэхэд хэргийн бүрдэл хангагдсан, хийвэл зохих ажиллагаанууд хийгдсэн гэж шүүх үзсэн /хх-199/ атлаа “гэмт хэргийн сэдэлт санаа, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотлон тогтоогоогүй” хэмээн илт зөрчилтэй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.3 дахь хэсэгт “цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт... шүүгдэгчийг гэм буруугүй болоход эргэлзээ төрүүлэх зүйлийг оруулж болохгүй” гэснийг зөрчсөн.

 

Түүнчлэн Д.Оюунтуяагийн гэм буруугийн асуудлаар шүүх дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой байж болох дараах нөхцөл байдлуудыг тодруулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Үүнд: 

 

1. 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Тамгын газрын байрны “Соёмбо” танхимд Д.Пүрэвдаваа болон Н.Эрдэнэ нарын хооронд болсон асуудлын талаар гэрч Ш.Батхишиг, Х.Ган-Ялалт, М.Ширэндэв нар зөрүүтэй мэдүүлсэн байна. Тухайлбал: гэрч Ш.Батхишиг, М.Ширэндэв нар Д.Пүрэвдаваа, Н.Эрдэнэ нарын хооронд үүссэн маргааныг харсан мэтээр мэдүүлсэн /хх-39/ бол гэрч Х.Ган-Ялалт, Н.Эрдэнийг орж ирэх үед Д.Пүрэвдаваа болон өөрөөс нь гадна хүн байгаагүй /хх-40/ тухай зөрүүтэй өгсөн мэдүүлгүүдийг үндэслэн Д.Оюунтуяагийн олон нийтэд тараасан мэдээлэл бодитой юу, эсхүл худал гүжирдлэг үү гэдэгт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй. Иймээс “Соёмбо” танхимд болсон Д.Пүрэвдаваа, Н.Эрдэнэ нарын маргааныг харсан хүмүүсээс дахин мэдүүлэг авч, мэдүүлгийг зөрүүг арилгах нь хэргийн үйл баримтыг зөв тогтооход чухал ач холбогдолтой гэж үзэв. 

 

2. Д.Оюунтуяагийн телевизэд өгсөн “Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа жирэмсэн эмэгтэй Н.Эрдэнийг зодсон” гэх ярилцлага нь үнэн бодитой эсэхийг тогтоохын тулд Н.Эрдэнийг зайлшгүй гэрчээр байцаах шаардлагатай. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Н.Эрдэнийг цагдаагийн байгууллагаас удаа дараа дуудахад хүрэлцэн ирээгүй тухай мөрдөн байцаагч тэмдэглэл үйлджээ. Гэрч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсанаар ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэгт заасны дагуу түүнийг албадан ирүүлж мэдүүлэг авах нь зүйтэй.

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3288 дугаар дүгнэлтэд “... Амбулаторийн картаас: 2016.01.29-ний мэдрэлийн эмчийн үзлэгт: ...нистагм анизокори /-/, регидность 1 хуруу, Ромбергийн сорилд гуйвна. Онош: гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, тархины хаван гэжээ... дүгнэлт Эрдэнийн биед тухайн үед тархи доргилт гэмтэл учирсан байх боломжтой байна.” /хх-133/ гэсэн байх бөгөөд уг дүгнэлтийг баталж шинжээч эмч Б.Ундармаа мэдүүлэг өгсөн байна. /хх 134/

 

Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзвэл хэрэг явдал болсны маргааш буюу 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Н.Эрдэнийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдсон байж болзошгүй байхад үүнийг нягталж шалгаагүй нь буруу байна. Иймээс Н.Эрдэнийн тухайн гэмтэлтэй холбоотой өвчний түүх, эмнэлгийн баримт, бичгийг холбогдох этгээдээс шаардан авч, үзлэг хийсэн эмчийг байцааж, шаардлагатай бол дахин шинжилгээ хийх нь зүйтэй. 

 

            Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх асуудлуудыг шалгуулахаар Д.Оюунтуяад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

Анхан шатны шүүх Д.Оюунтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоол гаргаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн болохыг цаашид онцгой анхаарч ажиллавал зохино.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Оюунтуяад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тус шүүхээр дамжуулан Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

 

            2. Хэрэг прокурорт очтол Д.Оюунтуяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ОЧ

 

ШҮҮГЧИД                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

М.ПҮРЭВСҮРЭН