Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 507

 

 

 

 

 

 

 

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/02460 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Т  ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч АМГТГт холбогдох

 

Цацраг идэвхт ашигт малтмал болох ураны хайгуулын тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хураамжид төлсөн 5 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрт урьдилан төлсөн 14 942 718.25 төгрөг, гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг, нийт 29 942 718.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамгарав, Р.Оюунаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК-аас 2011 оны 4 дүгээр сард Цөмийн энергийн газарт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Аргалант уул, Бүрдэнгийн хөндий, Ухаа толгой зэрэг газруудад цацраг идэвхт ашигт малтмал болох ураны хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн өргөдөл гаргаж 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тус бүр 5 000 000 төгрөгөөр нийт 3 өргөдөлд буюу үйлчилгээний хураамжид 15 000 000 төгрөг төлж, мөн жилийн төлбөрт 14 942 718.26 төгрөг, нийт 29 942 718.25 төгрөг урьдчилан төлсөн. Гэтэл Цөмийн энергийн газраас манай тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9 дэх хэсэгт заасан 1-3 сарын дотор шийдвэрлээгүй тул зохих захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн дагуу Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэр гарч, Цөмийн энергийн газрын эс үйлдэхүй буюу гэм бурууг тогтоон, манай компанийн өргөдлийг хүлээн авч зохих захиргааны акт гаргахыг Цөмийн энергийн газарт даалгасан. Ийнхүү 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 07 тоот Цөмийн энергийн газрын даргын шийдвэрээр Дорноговь аймгийн Эрдэнэ, Улаанбадрах сумын Аргалант уул нэртэй газарт, Бүрдэнгийн хөндийн нэртэй газарт буюу нийт тусгай зөвшөөрөл хүсэж төлбөр төлсөн 3 газрын 2-т нь тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн ч шийдвэрээ буцаагаад цуцалсан. Тусгай зөвшөөрөл олгоогүй үлдсэн нэг газарт холбогдуулан гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй, мөн төлсөн 5 000 000 төгрөгийг олгоогүй. Ингээд шат дараалан шүүхэд хандсанаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 207 дугаар шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 9563 дугаар захирамж, тус шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19 өдрийн 528 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 638 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 441 дүгээр тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6414 дүгээр захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 793 дугаар тогтоол тус тус гарч эцэст нь Т ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэж шийдсэн. Нэгэнт Ашигт малтмал, газрын тосны газраас манай компанийн дээрх өргөдлийг шийдвэрлэхгүй, уг тусгай зөвшөөрлүүдийг сэргээхгүй болгосон, мөн манай компанийн зүгээс уг үйлчилгээг авахгүй болсон, тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй тул цацраг идэвхт ашигт малтмал болох ураны хайгуулын тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хураамжид урьдчилан төлсөн 15 000 000 төгрөг болон тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрт мөн урьдчилан төлсөн 14 942 718.25 төгрөг, нийт 29 942 718.25 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч АМГТГ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т ХХК нь 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Цөмийн энергийн газарт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан бөгөөд Цөмийн энергийн газрыг хуулийн хугацаанд асуудлыг шийдвэрлэсэнгүй гэж үзэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэрээр "Цацраг идэвхт ашигт малтмал хайх үйл ажиллагаа явуулахаар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Цөмийн энергийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон уг өргөдлийг хууль тогтоомжид нийцүүлэн зохих ёсоор шийдвэрлэхийг Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтэст" даалгасан. Цөмийн энергийн газар шүүхийн шийдвэрийг биелүүлж тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүлээн авч, бүртгэсэн бөгөөд улмаар Цөмийн энергийн газрын дарга /Д.Энхбат/-ын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар тушаалаар Т ХХК-д Ц-020Х, Ц-021Х дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181 дүгээр зарлиг гарсантай холбогдуулан Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Манлайжав Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Н/35 дугаар чиглэл өгөх тухай албан бичгийг үндэслэн Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/26, А/27, А/28, А/29, А/30 дугаар тушаалуудаар 5 компанийн буюу Т ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Энэхүү тушаалыг эс зөвшөөрч нэр бүхий 5 компани шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хянаад хэвээр үлдээж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Цөмийн энергийн тухай хууль /2009 онд батлагдсан/-ийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 15.1.5-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хууль /2009 онд батлагдсан/-ийн 32.2 дахь хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлнө", 20.4-д "энэ хуулийн 20.2, 20.3.1-д заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хууль /2009 онд батлагдсан/-ийн 34 дүгээр зүйлд заасны дагуу төлнө", 20.5 дахь хэсэгт энэ хуулийн 20.2, 20.3.1-д заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хууль /2009 онд батлагдсан/-ийн 59 дүгээр зүйлд заасны дагуу хуваарилна" гэж заасан байна. 2009 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу тус компанийн төлсөн ээлжит жилийн төлбөр нь улсын төсөвт хуваарилагдсан. Т ХХК-д Цөмийн энергийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.5, 11.6.8, 15 дугаар зүйлийн 15.1.5-д заасныг тус тус үндэслэн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн дагуу төрийн захиргааны байгууллагаас Т ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэснээр тус компанид үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнчлэн Цөмийн энергийн тухай хуулиар нэгэнт олгосон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийн дагуу энэ хууль болон Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлж ажиллаж ёстой бөгөөд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хураамж, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлж ажиллах ёстой. Гэтэл дээрх хуульд заасан тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй, мөн түүний эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэлээр цуцалсан байтал төлбөр хураамжийг буцаан төрөөс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Харин улсын тэмдэгтийн хураамжид 5 000 000 төгрөг төлсөн болохыг зөвшөөрч байна. Иймд Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 19 942 718.25 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Том зам ХХК-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 307 664 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 257 663 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч АМГТГ давж заалдах гомдолдоо: Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ холбогдох хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болохыг дараах үндэслэлүүдээр тодорхойлж байна. Тухайлбал, нэхэмжлэгч компанид хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын гэм буруутай үйлдлийн улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлж хохирсон гэх үйл баримт тогтоогдоогүй, эдгээрийн хооронд ямар нэгэн шалтгаант холбоо байхгүй байна. Нэхэмжлэгчээс хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл авахад шаардагдах баримтыг бүрдүүлэх, бүрдүүлбэрийг хангах, тусгай зөвшөөрөл авах зорилгоор Цөмийн энергийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд тус тус заасны дагуу төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгох боломжтой тухай шийдвэрээ мэдэгдсэн мэдэгдлийг хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх эсэх нь тухайн компанийн эрхийн асуудал бөгөөд төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгогддог тул төрийн захиргааны байгууллагын зүгээс хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх заалтуудыг хамааруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 75.2.4-д заасан хугацаа хэтрүүлсэн байна. Гэтэл дээрх хуульд заасан тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй, мөн түүний эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэлээр цуцалсан байтал төлбөр хураамжийг буцаан төрөөс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Т ХХК нь шүүхэд хандан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 29 942 718.25 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Т ХХК, Цөмийн энергийн газар /хуучин нэрээр/-аас Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт болох Аргалант уул, Бүрдэнгийн хөндий, Ухаа толгой зэрэг газар тус бүрт ураны хайгуулын тусгай зөвшөөрөл авах зорилгоор 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 25, Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу баримт бүрдүүлж өгөхдөө 3 тусгай зөвшөөрөлд ногдох улсын тэмдэгтийн хураамжид нийт 15 000 000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна. /хх 21-22 дахь тал/

Т ХХК 3 газар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн бөгөөд Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр Дорноговь аймгийн Эрдэнэ, Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт орших Аргалант уул, Өргөн, Эрдэнэ сумын Бүрдэнгийн хөндий гэдэг газруудад тусгай зөвшөөрөл олгож, Ухаа толгойд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл шийдвэрлэгдээгүй байжээ. /хх 10-18 дахь тал/ Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181 дүгээр зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” Н/35 тоот албан бичиг зэргийг үндэслэн Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Т ХХК-д олгогдсон 2 хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон үйл баримт нь хэрэгт авагдсан Цөмийн энергийн газрын 2012 оны 1/290 тоот албан бичиг, А/29 дүгээр тушаал, мөн уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон үйлдэлтэй холбогдох маргааныг шийдвэрлэсэн захиргааны хэргийн 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон байна. /хх 37-52, 126-127 дахь тал/

Талууд дээрх үйл баримтад маргаагүй, харин улсын тэмдэгтийн хураамж болон хайгуулын тусгай зөвшөөрлийн тухайн жилийн төлбөрт төлсөн төлбөрийг буцаан шаардах үндэслэл нь тэдгээрийн маргааны зүйл болжээ. 

Хэргийн баримтаас үзвэл Цөмийн энергийн газар нь “Том зам ХХК-д олгосон 2 хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон хэдий ч анх нэхэмжлэгчийн өргөдлийг үндэслэн 2 газарт тусгай зөвшөөрөл олгосныг төрийн байгууллагаас үйлчилгээ үзүүлсэн гэж үзэх тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй. Харин хариуцагч тал,  нэхэмжлэгчийн 1 газарт тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг учир үйлчилгээний хөлсөнд төлсөн 5 000 000 төгрөгийг буцаан олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3-т заасанд нийцнэ. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв дүгнэсэн боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Т ХХК-д Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар тушаалаар нэр бүхий 2 газар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулийн тусгай зөвшөөрөл олгосон, тэрээр мөн оны 02 дугаар сарын 05-ны өдөр хайгуулийн тусгай зөвшөөрлийн тухайн жилийн төлбөрт нийт 14 942 718.25 төгрөг төлсөн гэдэг нь хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдсон. /хх 19-20 дахь тал/ Мөн хариуцагч тал дээрх 2 тусгай зөвшөөрлийг 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар хүчингүй болгосон үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй. /хх 126, 137 дахь тал/

Дээрхээс дүгнэхэд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч компанид олгосон тусгай зөвшөөрлүүдээ 2 сарын дараа хүчингүй болгосноор тус компани хайгуулийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж үзэх тул нэхэмжлэгчийн, хариуцагчаас тухайн жилийн хайгуулийн тусгай зөвшөөрлийн төлбөрт төлсөн 14 942 718.25 төгрөгөө гаргуулахаар шаардаж буй нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлд хамаарна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг 19 942 718.25 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагч тал шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

Иргэний хуульд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой шаардах эрхэд тусгайлан хугацаа заагаагүй тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасанд хамаарах тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/02460 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 19 942 718.25 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Хариуцагч АМГТГ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Ч.ЦЭНД