Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2019/00350

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 25 өдөр Дугаар 142/ШШ2019/00350 Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүухийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг ******* тоотод оршин суух, /регистрийн дугаар: ФА68112602/, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид холбогдох,

Албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сарын хугацаагаар хойшлуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 22ы өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 29ий өдөр 142/2019/00148/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний өмч болох Орхон аймгийн Баян-өндөр сумын Хүрэнбулаг баг 4-р хороолол 7-р байр 36 тоот Ү-2101001450 улсын бүртгэлийн дугаартай 4 өрөө орон сууцыг Улаанбаатар хотын Мөнхийн эрхи ББСБ-ийн 55,4 сая төгрөгний зээлийн барьцаанд өр төлбөр барагдуулахаар Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01-р сарын 19-ний албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдэлийг ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгч утсаар холбогдож өгсөн. Гэвч би дараахь үндэслэлээр дуудлага худалдаа явуулахыг үл зөвшөөрч, дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сарын хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна. Үүнд: Анх Орхон аймгийн Баян-өндөр сумын Хүрэнбулаг баг 4-р хороолол 7-р байр 36 тоот 4 өрөө орон сууцыг бид 115 сая төгрөгөөр үнэлснийг мөн Улаанбаатар хотын Мөнхийн эрхи ББСБ-ын үнэлгээтэй тохирч байгаа гэж ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгч надад хэлж зөвшөөрсөн боловч одоо дуудлага худалдаанд 115 сая төгрөгний 80 хувь буюу 80,5 сая төгрөгөөр дуудах гэж байгааг үл зөвшөөрч байгаа тул мэргэжлийн шинжээчээр үнэлүүлж өгнө үү. Орхон аймгийн Баян-өндөр сумын Хүрэнбулаг баг 4-р хороолол 7-р байр 36 тоот 4 өрөө орон сууцыг өмчлөгч нь ******* миний бие, хамтран эзэмшигч нь миний охин 1997 онд төрсөн Намжилсүрэнгийн юм. Тэрээр одоо АНУ-ын Өмнөд Миссипигийн Их сургуульд суралцаж байгаа, түүний эрх ашиг хөндөгдөнө. Мөн холбогдож санал авах боломжгүй хугацаанд дуудлага худалдаа явуулах болоод байна. Орхон Аймгийн Баян-өндөр сумын Хүрэнбулаг баг 4-р хороолол 7-р байр 36 тоот 4 өрөө орон сууцыг хэт багаар үнэлж албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг хийх нь миний болон надтай хамт амьдардаг том охин 27 настай Н.Бямба-Эрдэнэ, 22 настай Н., 17 настай Н.Нинжбадгар нарын эрх ашиг хөндөгдөж 55,4 сая төгрөгний өрөнд дор хаяж 115 сая төгрөгний үнэтэй 4 өрөө орон сууцаа өгөх, бид орон гэргүй хоцрох болоод байна. Ийм иргэний хуулийн 176.2.1, 176.2.3-д зааснаар албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 /зургаан/ сарын хугацаагаар хойшлуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний өмч болох Орхон аймгийн Баян-өндөр сумын Хүрэнбулаг баг 4-р хороолол 7-р байр 36 тоот Ү-2101001450 улсын бүртгэлийн дугаартай 4 өрөө орон сууцыг Улаанбаатар хотын Мөнхийн эрхи ББСБ-ийн 55,4 сая төгрөгний зээлийн барьцаанд өр төлбөр барагдуулахаар Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01-р сарын 19-нд албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгч утсаар холбогдож хэлсэн. Би шүүхийн шийдвэр дээр 200 гаран сая төгрөгийн өр барагдуулахаар ажиллагаа хийгдэж байгаа. Би газар тариалан эрхэлдэг. Санхүүгийн хувьд хүнд байдалд байгаа. Хамтран зээлдэгчээр охин маань орсон. Охин маань гадаадад байгаа. Компаний нэр дээр газар тариалан эрхэлдэг газрууд байгаа. Тэр газар дээр тариалалт хийгээд зарим нэг аж ахуйн нэгжүүд надад туслахаар болсон. Тариалалт хийгээд ургац хураачихвал өрөө төлж барагдуулна. Тиймээс дуудлага худалдаа явуулахыг үл зөвшөөрч, дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сарын хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрх зүйн талаас нь дүгнэлт хэлье. Амаржаргалд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн төлбөрийг төлөх талаар мэтгэлцэх зүйл байхгүй гэдэг. Хамтран өмчлөгч байхгүй байсан болохоор зээл авч чадахгүй, үнийн санал хэлээгүй гэж тайлбарлаж байгаа. Орон сууцыг дуудлага худалдаанд оруулснаар хамтран өмчлөгч гаас гадна Амаржаргалтай хамт амьдардаг 17 настай хүүхдийн эрх бас зөрчигдөх гээд байдаг. Хэдийгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр ажиллагаа хийгдэж байгаа нотлох баримт ирээгүй боловч Амаржаргал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 200 гаран сая төгрөгийн ажиллагаа хийгдэж байгаа гэдэг. Орон сууцны хамтран өмчлөгчөөр байгаа. гаас зөвшөөрөл авах гэсэн боловч тэр хүртэл элчин сайдын яам байхгүй гээд бичиг явуулах боломжгүй өдий хүрсэн юм байна. Бичиг ирэх хугацааны хувьд бол нилээн удаж байж ирэх байх. Амаржаргал бол эхний ээлжинд газар тариалан эрхлээд Мөнхийн Эрх ББСБ-ын өрийг төлнө гэдгээ илэрхийлдэг. Яагаад заавал Мөнхийн эрх ББСБ-ын өрийг нэн тэргүүнд төлье гэж байгаа вэ? гэхээр 2 хүүхдийн эрх ашиг хөндөгдөх гээд байгаа учраас эхэнд нь төлнө гэдэг. Хаврын тариалалт хийгээд намрын ургац хураавал 180 сая төгрөгийн өр төлөх боломжтой болох юм байна. Нийт өр нь шинж чанарын хувьд ижил боловч миний орон гэртэй холбоотой асуудал учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 6 сарын хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч шийдвэр гүйцэтгэгч боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд төлбөр авагч хүсэлт гаргаснаар 6 сарын хугацаа олгох боломжтой гэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.2 дах заалтыг баримталж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 6 сарын хугацаагаар түр хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.2-т Шүүх өмчлөгчийн хүсэлтийг үндэслэн, эд хөрөнгийн эрх бүхий талуудын саналыг харгалзан дараахь тохиолдолд дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сар хүртэл хугацаагаар түр хойшлуулж болно гэсэн байдаг. Энэ бол шүүхийн эрх хэмжээний асуудал. Эрх зүйн талаас нь дүгнэлт өгөхөд банк бус санхүүгийн байгууллага хоёр хүүхдийн санал аваагүй байсан. 200 гаран сая төгрөгийн өртэй боловч орон сууцыг дуудлага худалдаанд оруулахаар өөрөө орон гэргүй болохоос гадна 2 хүүхдийн эрх ашиг хөндөгдөх гэж байна. Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 2.1-т үүрэг гүйцэтгэгчийн төлбөл зохих өрийн шинж чанараас шалтгаалан дуудлага худалдааг түр хойшлуулах боломжтой бол гэж заасан. Мөн тус хуулийн 176.2.2 өмчлөгчийн хувийн болон эдийн засгийн харилцаа холбоог харгалзан үзэх шаардлагатай бол гэж байгаа. Энэ зүйл заалтуудыг баримтлаад нэг удаад хугацааг хойшлуулж өгнө үү гэж хүсч байна. ******* нэр дээр Эрх ХХК-н байдаг. Эрх компани нь ганцхан гишүүнтэй. Нэхэмжлэгчийн өөрийнх нь компани байгаа. Энэ компани нь газар тариалан эрхлэх зориулалттай юм байна. Эдийн засгийн харилцаа холбоо, улирлын чанараас шалтгаалаад намар ургацаа авдаг. Ургацаа авбал өрөө бөөд нь төлөх бодолтой байгаа. Гол нь шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд төлбөр авагчийн саналыг авах ёстой юм байна. Тэгэхээр төлбөр авагчаас албан ёсны санал авсан зүйл бол байхгүй. Хамгийн гол нь орон гэргүй болж, 2 хүүхдийнх нь эрх ашиг хөндөгдөх гэж байгаа учраас Иргэний хуулийн 176 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн хүсэлт нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1108 дугаар шийдвэрээр *******аас 55.270.140 төгрөг гаргуулж Мөнхийн эрхи ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2018 оны 11 дүгээр сарын 12-нд тус газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу барьцаалбартай үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө бие даан худалдан борлуулах сарын хугацааг олгох хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг хүлээн авч хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгсөн. Төлбөр төлөгч ******* нь уг хугацаанд төлбөрийг барагдуулаагүй болно. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасны дагуу дур мэдэн, эсхүл хууль бусаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэхийг хориглосон байх тул төлбөр төлөгч Б.******* гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайхаас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1509 дугаартай мэдэгдлийг шуудангаар хүргүүлж өөрт нь танилцуулсан байдаг. Иргэний хуулийн 171.1-т Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож үнэ тогтооно гэж заасан. Тэрний дагуу талууд 115 сая төгрөг дээр тохиролцсон. Манайх 115 сая төгрөгийн 70 хувиар тооцож 80500000 төгрөгөөр анхны дуудлага худалдаа явуулсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу мэдэгдлийг хүлээн авснаас хойш өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай санал ирүүлж болно гэж заасан. Гэтэл ямар нэгэн үнийн санал ирүүлээгүй. 2018 оны 11 дүгээр сарын 12-нд тус газарт хүсэлт гаргасан байдаг. Миний бие -2101001450 улсын бүртгэлийн дугаартай 4 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цаг орчим хүлээн авсан. Тус эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу өөрийн биеэр худалдан борлуулах хүсэлттэй байгаа тул 1 сарын хугацаа олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу манай байгууллага хүсэлтийг хангаж дуудлага худалдааг 1 сараар хойшлуулж өгсөн. Манай байгууллагаас хугацаа олгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч буюу төлбөр авагч нь хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлтийг хүлээн авч төлбөр төлөгчид 6 сарын хугацаа олгох боломжтой. Энэ заалт нь төлбөр төлөгчид хамаарахгүй. Төлбөр авагчийн эрх нь нээлттэй байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2018 оны 11 дүгээр сарын 12-нд тус газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу барьцаалбартай үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө бие даан худалдан борлуулах сарын хугацааг олгох хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг хүлээн авч хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгсөн. Төлбөр төлөгч ******* нь уг хугацаанд төлбөрийг барагдуулаагүй болно. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасны дагуу дур мэдэн, эсхүл хууль бусаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэхийг хориглосон байх тул төлбөр төлөгч Б.******* гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Орхон аймаг дахь ******* дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сарын хугацаагаар хойшлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

Зохигчийн тайлбараас дүгнэхэд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1108 дугаар шийдвэрээр *******аас 55270140 төгрөг гаргуулж Мөнхийн эрхи ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Уг төлбөрийг барагдуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа ба төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Б.******* өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 4-р хороолол, 7-р байр, 36 тоот Ү-2101001450 улсын бүртгэлийн дугаартай, 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдахаар талуудаас үнийн санал авч, өгсөн үнийн саналын дагуу нэхэмжлэгч ******* уг эд хөрөнгийг өөрөө бие даан борлуулах нэг сарын хугацаа олгох хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргаж хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн үйл баримтанд талууд маргахгүй байна.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Би шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад 200 гаран сая төгрөгийн өр барагдуулахаар ажиллагаа хийгдэж байгаа. Би газар тариалан эрхэлдэг. Санхүүгийн хувьд хүнд байдалд байгаа. Хамтран зээлдэгчээр охин маань орсон. Охин маань гадаадад байгаа. Компаний нэр дээр газар тариалан эрхэлдэг газрууд байгаа. Тэр газар дээр тариалалт хийгээд зарим нэг аж ахуйн нэгжүүд надад туслахаар болсон. Тариалалт хийгээд ургац хураачихвал өрөө төлж барагдуулна. Тиймээс дуудлага худалдаа явуулахыг үл зөвшөөрч, дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сарын хугацаагаар хойшлуулж өгнө үү... гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлосон нотлох баримтыг шүүхэд бүрдүүлж, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй ба Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.2-т шүүх өмчлөгчийн хүсэлтийг үндэслэн, эд хөрөнгийн эрх бүхий талуудын саналыг харгалзан дараахь тохиолдолд дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сар хүртэл хугацаагаар түр хойшлуулж болно гэж, 176.2.1-д үүрэг гүйцэтгэгчийн төлбөл зохих өрийн шинж чанараас шалтгаалан дуудлага худалдааг түр хойшлуулах боломжтой бол, 176.2.3-т хуульд заасан бусад үндэслэл гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу дуудлага худалдаа явуулах ажиллагааг ямар үндэслэлээр хойшлуулах талаарх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч ******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр 200 сая төгрөгийн өр төлбөрийн асуудлыг барагдуулахаар ажиллаж байгаа байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх ба мөн түүний хувийн болон санхүүгийн байдалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна.

Нөгөөтэйгүүр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны нэг оролцогч болох төлбөр авагч тал шүүхэд саналаа гаргаагүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч Б.******* Орхон аймаг дахь ******* дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сарын хугацаагаар хойшлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.2, 176.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* хариуцагч Орхон аймаг дахь ******* дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сарын хугацаагаар хойшлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ