Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 72

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 207/МА2019/00072

 

 

*******ын нэхэмжлэлтэй хариуцагч

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр

гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих

ангид холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00350 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид холбогдох,

Албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сарын хугацаагаар хойшлуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд, Г.Гүррагчаа, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч: ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний өмч болох Орхон аймгийн Баян-өндөр сумын Хүрэнбулаг баг 4-р хороолол 7-р байр 36 тоот Ү-2101001450 улсын бүртгэлийн дугаартай 4 өрөө орон сууцыг Улаанбаатар хотын Мөнхийн эрхи ББСБ-ийн 55,4 сая төгрөгийн зээлийн барьцаанд өр төлбөр барагдуулахаар Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01-р сарын 19-ний албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгч Г.Гүррагчаа утсаар холбогдож өгсөн. Гэвч би дуудлага худалдаа явуулахыг үл зөвшөөрч, дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сарын хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна. Үүнд: Анх Орхон аймгийн Баян-өндөр сумын Хүрэнбулаг баг 4-р хороолол 7-р байр 36 тоот 4 өрөө орон сууцыг бид 115 сая төгрөгөөр үнэлснийг мөн Улаанбаатар хотын Мөнхийн эрхи ББСБ-ын үнэлгээтэй тохирч байгаа гэж ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгч Г.Гүррагчаа надад хэлж зөвшөөрсөн боловч одоо дуудлага худалдаанд 115 сая төгрөгийн 80 хувь буюу 80,5 сая төгрөгөөр дуудах гэж байгааг үл зөвшөөрч байгаа тул мэргэжлийн шинжээчээр үнэлүүлж өгнө үү. Орхон аймгийн Баян-өндөр сумын Хүрэнбулаг баг 4-р хороолол 7-р байр 36 тоот 4 өрөө орон сууцыг өмчлөгч нь ******* миний бие, хамтран эзэмшигч нь миний охин Н.Санчирмаа юм. Тэрээр одоо АНУ-ын Өмнөд Миссипигийн Их сургуульд суралцаж байгаа, түүний эрх ашиг хөндөгдөнө. Орхон Аймгийн Баян-өндөр сумын Хүрэнбулаг баг 4-р хороолол 7-р байр 36 тоот 4 өрөө орон сууцыг хэт багаар үнэлж албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг хийх нь миний болон надтай хамт амьдардаг том охин 27 настай Н.Бямба-Эрдэнэ, 22 настай Н.Санчирмаа, 17 настай Н.Нинжбадгар нарын эрх ашиг хөндөгдөж 55,4 сая төгрөгийн өрөнд дор хаяж 115 сая төгрөгийн үнэтэй 4 өрөө орон сууцаа өгөх, бид орон гэргүй хоцрох болоод байна. Иймд иргэний хуулийн 176.2.1, 176.2.3-д зааснаар албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 /зургаан/ сарын хугацаагаар хойшлуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гүррагчаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1108 дугаар шийдвэрээр *******аас 55.270.140 төгрөг гаргуулж Мөнхийн эрхи ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2018 оны 11 дүгээр сарын 12-нд тус газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу барьцаалбартай үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө бие даан худалдан борлуулах сарын хугацааг олгох хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг хүлээн авч хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгсөн. Төлбөр төлөгч ******* нь уг хугацаанд төлбөрийг барагдуулаагүй болно.Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасны дагуу дур мэдэн, эсхүл хууль бусаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэхийг хориглосон байх тул төлбөр төлөгч *******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00350 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.2, 176.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сарын хугацаагаар хойшлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдсан гомдолдоо:

Орхон аймгийн ШШГ газар-437-р нээлттэй хорих ангид холбогдуулан дуудлага худалдааг 6 сараар хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан.

Гэтэл анхан шатны шүүхээр Иргэний хуулийн 176.2.1-д үүрэг гүйцэтгэгчийн төлбөл зохих өрийн шинж чанараас шалтгаалан дуудлага худалдааг түр хойшлуулах боломжтой бол, 176.2.3-т хуульд заасан бусад үндэслэл гэдгийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, дуудлага худалдаа явуулах ажиллагааг ямар үндэслэлээр хойшлуулах талаарх нөхцөл байдал нь тогтоогдохгүй байна гэж үзжээ. Шүүх хуралдааны явцад ШШГГ-н 437-р нээлттэй хорих ангид албан үүргээ гүйцэтгэж байгаа ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Эрдэнэболд, дэслэгч Г.Гүррагчаа нар өөрийн байгууллага дээр гүйцэтгэх үйл ажиллагаа хийгдэж байгаа иргэн Б. Амаржаргалд холбогдох 200 гаруй сая төгрөгийн асуудал байгааг нотолсоор байтал нотлох баримт хангалтгүй гэж үзжээ. Миний бие өр төлбөрийг барагдуулж 2 сая, 3,7 сая ,4 сая төгрөгийн 3 хүний төлбөрийг барагдуулсан боловч 2015 оноос 3 жил дараалан байгалийн гамшигт өртөж санхүүгийн ямар ч чадамжгүй болоод байна. 2019 онд бусад компаний тусламжаар тариалалт хийх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа болон цаг хугацааны эрхээр тариалалт хийх хугацаа, санхүүгийн тооцоо, төлөх боломжийг анхан шатны шүүх хурал дээр тооцоогоор нягтлан бичиж тайлбарласан болно. Иймд хэргийг хянан үзэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 6 сараар хойшлуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан албадан дуудлага худалдаа явуулах хугацааг 6 сараар хойшлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ миний өмч болох Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-7-36 тоот 4 өрөө орон сууцыг Улаанбаатар хотын Мөнхийн эрхи ББСБ-н 55.400.000 төгрөгийн зээлийн барьцаанд өр төлбөр барагдуулахаар Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгч Г.Гүррагчаа утсаар мэдэгдсэн. Уг байрыг 115.000.000 төгрөгөөр үнэлж түүний 80 хувь буюу 80.500.000 төгрөгөөр дуудах гэж байгааг үл зөвшөөрч байгаа тул мэргэжлийн шинжээчээр үнэлүүлж өгнө үү. Миний охин тухайн орон сууцыг хамтран эзэмшдэг бөгөөд одоо АНУ-д суралцдаг түүний эрх ашиг хөндөгдөнө. Иймд иргэний хуулийн 176.2.1., 176.2.3.-д зааснаар албадан дуудлага худалдаа явуулах хугацааг 6 сараар хойшлуулах тухай шаарджээ.

Шүүх *******ыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр 200 гаран сая төгрөгийн өр төлбөрийн асуудлыг барагдуулахаар ажиллаж байгаа байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, түүний хувийн болон санхүүгийн холбогдолтой баримт хэрэгт авагдаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 176 дугаар зүйлд заасанд нийцээгүй байна.

Мөн нэхэмжлэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг материалыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулах тухай хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан байхад 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1113 дугаар захирамжаар ямар шүүхийн хэзээний ямар дугаартай шийдвэр, хэнд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ямар огноо дугаартай хувийн хэрэг материал гаргуулахыг хүссэнээ тодорхой заагаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь зохигчдын хуульд заасан эрхийг хязгаарласан гэж үзэхээр байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлийг зөрчсөн байна. Хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариуцагчийн хүсэлтийг хангаж төлбөр төлөх хугацааг 1 сараар хойшлуулсан энэ хугацаанд төлбөрөө барагдуулаагүй гэсэн тайлбар гаргаж мэтгэлцэж буй боловч энэ талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын талаарх татгалзал, тайлбараа нотлоогүй байна.

Хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын талаарх ач холбогдолтой нотлох баримтууд авагдаагүй учраас *******ын хэдэн төгрөгийн өр төлбөрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох, хамтран өмчлөгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэхийг тогтоох боломжгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага түүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй учраас Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэж болох эсэхийг шийдвэрлэх боломжгүй болжээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00350 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ